Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 06 сарын 24 өдөр

Дугаар 001/ХТ2021/00839

 

Д.Оюунхүүгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч П.Золзаяа даргалж, шүүгч С.Соёмбо-Эрдэнэ, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 594 дүгээр шийдвэр,

Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 71 дүгээр магадлалтай,

Д.Оюунхүүгийн нэхэмжлэлтэй,

С.Батбаатарт холбогдох 

Гэрлэлт цуцлуулах, хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс өөрт ногдох хэсэг 72,745,000 төгрөгийг гаргуулах үндсэн нэхэмжлэл,

Хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгохыг хүссэн сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.Оюунхүү, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Төгсбаяр, хариуцагч С.Батбаатар, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цэдэнбал, нарийн бичгийн дарга Х.Билгүүн нар оролцов.

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд: Миний бие С.Батбаатартай 1997 онд танилцаж, 1998 онд гэрлэлтээ бүртгүүлсэн. 1998.09.11-ний өдөр том хүү Б.Замилан төрсөн, одоо 21 настай, 2001.11.14-ний өдөр хүү Б.Балдандорж төрсөн, одоо 17 нас 10 сартай. Бид гэр бүл болоод эхний жилүүдэд бусдын адил сайхан амьдарч байсан. Хамтын хөдөлмөр, хичээл зүтгэлийн хүчээр Баянзүрх дүүрэг, Шархадны 50-1б тоот хашаа байшинг газрын хамт, Дархан-Уул аймаг, Дархан сум, Өргөө баг, 11-4 тоот 2 өрөө байр, Дархан сум, 4-р баг, 14-р байрны 139 тоот 1 өрөө байр, банканд 35,000,000 төгрөгийн хадгаламжийн хуримтлал бий болгосон. Хамтын амьдралын хугацаанд С.Батбаатарын ааш нь хувирч надад үе үе гар хүрдэг болсон. Сүүлийн жилүүдэд хоорондоо тохирохгүй байнга муудалцдаг болсон. Муудалцах бүртээ надад гар хүрч зоддог, миний сахарын өвчтэй хүүхдийн минь дэргэд намайг зоддог. Сүүлд 2019 оны 6 сард миний гэрт дайрч орж ирэн учир зүггүй намайг балбаж зодсон бөгөөд энэ талаар цагдаагийн байгууллагад гомдол гаргасан талаарх бүртгэл байгаа тул тэрхүү бүртгэлийг нотлох баримтаар дараа нь гаргуулж өгөх болно. Бид тусдаа амьдраад 3 дахь жилдээ болж байгаа, мөн өмнө нь шүүхэд гэрлэлт цуцлуулах талаар нэхэмжлэл өгч байсан боловч хүүхэд насанд хүрээгүй эсхүл эхнэр нь жирэмсэн гэдэг үндэслэлээр миний гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож байсан бол одоо хүүхэд маань нэг нас хүрсэн тул цаашид С.Батбаатартай амьдрах ямар ч хүсэл эрмэлзэл байхгүй мөн амь нас, эрүүл мэндээрээ хохирохоос айж байгаа тул гэрлэлтийг цуцалж, бидний хөрөнгөөс надад ногдох хувийг гаргуулж өгнө үү. Хүүхдийн асрамжийн хувьд том хүү маань насанд хүрсэн 20 настай, дунд маань 2019.11.16-ны өдөр 18 нас хүрнэ, бага хүүхэд маань С.Батбаатарын хүүхэд биш тул асрамж, тэтгэлгийн асуудалд маргаан байхгүй болно гэжээ.  

Хариуцагчийн шүүхэд ирүүлсэн хариу тайлбарт: Миний бие 1997-2017 он хүртэл иргэн Д.Оюунхүүтэй гэр бүл болон 2 хүүгийн хамт сайхан амьдарч байсан нь үнэн болно. Гэтэл Д.Оюунхүү нь бидний энэ амьдралд сэтгэл ханаагүй юм уу, эсвэл өөрийн бага хүүг эдгэшгүй өвчтэй гэдгээр шалтгаалан биднийг голж хаяад 2 хүүгийнхээ амьдралд болон сэтгэлд нь арилшгүй том хар толбо суулган өөрийн биеийн зугаа цэнгэлийг хөөж, өөр хүнтэй амьдрал зохиож үр хүүхэд гарган амьдарч байгаа мөртлөө ямар эрхтэй гэж биднээс 72,745,000 төгрөг нэхэмжилж буйг ойлгохгүй байна. Нэгэнт өөр хүнтэй амьдрал зохион үр хүүхдийг нь гаргаад цугтаа амьдарч байгаа тул гэрлэлт цуцлах хүсэлтийг нь хүлээн зөвшөөрч байна. Иймд миний бие эдгэшгүй өвчтэй хүүхдийн асрамжийг өөр дээрээ авч, хүүхдийн тэтгэмж гаргуулж, 2 хүүгийнхээ ирээдүйн амьдралынх нь баталгаа болох эд хөрөнгийг нь хамгаалж, сөрөг нэхэмжлэл гаргаж өөрсдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах болно гэжээ.

Хариуцагчийн шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагад: Миний бие Д.Оюунхүүтэй 1997 оны 05 дугаар сард танилцан мөн оны 11 сард гэр бүл болж 2 сайхан хүүтэй болж амьдарч байтал Д.Оюунхүү нь 2017 оноос миний бие С.Батбаатар болон том хүү Б.Замиланг 18 настай байхад, бага хүү Б.Балдандоржийг 15 настай байхад нь ямар ч тодорхой шалтгаангүйгээр нэг өдөр эр нөхөр, үр хүүхдээ хаяж, 2017 оноос хойш хууль ёсны эр нөхрөөсөө салаагүй байж өөр хүнтэй гэр бүл болж үр хүүхдийг нь төрүүлж өнөөг хүртэл тусдаа амьдарч байгаа бөгөөд бид гурвыг гэсэн сэтгэлгүй мөртлөө ямар эрхтэй гэж бидний дундын үл хөдлөх хөрөнгөөс өөрт ногдох хөрөнгөө авна гэж бусдыг илтэд үл хүндэтгэн хэрүүл маргаан үүсгэж байгаад маш их гомдолтой байна. Миний бие 2 хүүдээ орон сууц авч өгөх зорилгоор өөрийн цуглуулсан мөнгөөрөө буюу 2006.02.24-ний өдөр Дархан-Уул аймаг, Дархан сум, Өргөө баг, 11-р байрны 4 тоот 29 м.кв 38,000,000 төгрөгийн үнэ бүхий 2 өрөө орон сууцны байрыг том хүү Б.Замиланд өгөхөөр худалдан авч, үүнийг том хүүдээ өгөхөөр ярилцаж байсан ба одоо хүү Б.Замилангийн эхнэр нь Орос Улсын Москва хотын их сургуульд сурдаг, 8 сартай жирэмсэн удахгүй Монголд ирж төрөх юм. Дархан сум, 4-р баг, 14-р байрны 139 тоот 18 м.кв 28,000,000 төгрөгийн үнэ бүхий 1 өрөө орон сууцны байрыг бага хүү Б.Балдандоржид өгөхөөр 2012.05.03-ны өдөр худалдан авсан. Одоо энэ байранд миний бие С.Батбаатар насанд хүрээгүй группт байдаг бага хүү Б.Балдандоржийн хамт амьдарч байна. Иргэн Д.Оюунхүү нь бидний энэхүү амьдралыг мэдсээр байж заавал том хүүгийнхээ амьдарч байгаа байрыг авна гэж төрсөн хүүгийнхээ эсрэг хэрүүл маргаан үүсгэж байгаа тул миний бие үүнийг зохицуулахын тулд иргэн Д.Оюунхүүтэй 19 жил нэг гэрт толгой холбон амьдарсан. Мөн 2 хүүгийн минь ээж байсан гэдэг үүднээс Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, Шар хадны 50-р гудамжны 1б тоот 25,200,000 төгрөгийн үнэ бүхий 0,7 га газартай хувийн өвлийн хашаа байшинг өгөх гэсэн боловч Д.Оюунхүү нь заавал том хүү Б.Замилангийн орон сууцыг авна гэж янз бүрийн арга заль хэрэглэн сүүлд суусан цагдаа нөхрийнхөө найз цагдаа нартай үгсэн хуйвалдаж цагдаа дуудаж байгаа дүр эсгэж төрсөн хүү Б.Замиланг ... би энэ залууг танихгүй, миний байрны түлхүүр авчхаад өгөхгүй байна гэж хүү Б.Замиланг айлган сүрдүүлдэг, эсхүл хууль ёсны нөхөр С.Батбаатар надтай ямар ч үндэслэлгүй шалтгаанаар хэрүүл маргаан үүсгэж, байдаг тул миний бие хууль ёсны нөхрөөсөө салаагүй байж өөр хүнтэй гэр бүл, үр хүүхэдтэй болж одоог хүртэл тусдаа амьдарч байгаа бөгөөд иргэн Д.Оюунхүү нь эхнэр хүний хайр халамжгүй, эх хүний үрээ гэсэн сэтгэлгүй зөвхөн өөрийнхөө хар амиа бодсон зугаа цэнгэл хөөж, эдгэшгүй өвчтэй, группт байдаг төрсөн бага хүүгээ голоод хаяад явсан хүнд гэр бүлийн дундын хөрөнгөөсөө бид нэг ч төгрөг, үл хөдлөх эд хөрөнгө өгөхгүй гэж бид дундын шийдвэрийг гаргасан болно. Д.Оюунхүү нь албан ёсны эх нөхрөөсөө салаагүй байж өөр хүнтэй гэр бүл болж үр хүүхэдтэй болсон нь Гэр бүлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3 дахь заалтыг ноцтой зөрчин ямар ч үндэслэлгүй, ямар ч шалтгаангүй хууль ёсны эр нөхөр, 2 хүүгийн үр хүүхэд, хүүгийн нэг нь эдгэшгүй өвчтэй буюу группт байдаг бага хүүгээ голж, хаяж явсан гэм буруутай гэж үзэж байгаа. Иймд Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т заасны дагуу С.Батбаатар, Д.Оюунхүү нарын гэрлэлтийг цуцлуулах хүсэлтэй байна. Мөн хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4-т Хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2-т хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх , 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т 11 хүртэлх насны хүүхдэд тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 40.1.2. 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдэд амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр буюу 2017.06.10-ны өдрөөс 2019.11.14-ний өдөр хүртэл 5 жил 5 сарын тэтгэмжийг нөхөн олгуулах, мөн насанд хүрээгүй бага хүү Б.Балдандоржийг асрамжийг тус тус тогтоолгох хүсэлтэй байна. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д гэрлэгчид энэ хуулийн 14.5-д заасны дагуу тохиролцоогүй бол хүүхдийн нас, эцэг, эхийн халамж, ахуйн нөхцөл, бололцоо, ёс суртахууны байдал, хүчирхийлэл үйлдсэн эсэхийг нь харгалзан хүүхдийг эцэг, эхийн хэн нэгний асрамжид үлдээх, тэтгэлгийн хэмжээг тогтоох, хамтран өмчлөх дундын эд хөрөнгийг хуваах асуудлыг шүүх шийдвэрлэнэ, Иргэний хуулийн 130 дугаар зүйлийн 130.3-т заасны дагуу гэр орон, хууль ёсны эр нөхөр, төрсөн үр хүүхдээ хаяад явсан иргэн Д.Оюунхүүд нэг ч төгрөг, үл хөдлөх эд хөрөнгө өгөхгүй. Мөн ёс зүйн хувьд биднээс үл хөдлөх эд хөрөнгө нэхэх, авах эрхгүй гэж үзэж байна гэжээ.

Нэхэмжлэгчийн сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбарт: Намайг 3 жил эхийнхээ үүргийг биелүүлээгүй гэж байна. Би эхийнхээ үүргийг биелүүлсэн. Инсулин гэдэг тариа Дархан-Уул аймгийн хэмжээнд байдаггүй, би тэр тариаг байнга олж өгдөг, би чадлынхаа хэмжээгээр хүүдээ туслаад явж байсан. Миний хүүхэд асаргааны хүүхэд гэдэг нь үнэн, би хүүхдээ хаяхгүй, харж хандаад явна. Инсулин тариаг нь би өөрөө олж өгдөг. Хүү маань Путиний тэтгэлэгт хамрагдах болсон, одоо 12 дугаар ангиа төгсөөд явчихна асаргаа хэрэггүй гэжээ.

Гуравдагч этгээд Б.Балдандорж, Б.Замилан нарын шүүхэд гаргасан бие даасан шаардлага болон тайлбарт: Аав, ээж хоёр маань гэр бүлээ цуцлуулж байгаа тул гэр бүлийн үл хөдлөх дундын эд хөрөнгөөс гэр бүлийн 4 гишүүнд хувааж нэг гишүүнд ногдох 23,884,500 төгрөгийн эд хөрөнгөө хуваарилуулан тодорхой болгох хүсэлтэй байна. Миний бие одоогоор хугацаат цэргийн алба хааж байгаа, удахгүй би хугацаат албаа дуусгаад өрх гэр тусгаарлан тусдаа амьдрах мөн сургуульдаа үргэлжлүүлэн суралцах тул өөрт ногдох 23,884,500 төгрөгийн эд хөрөнгөө гаргуулан авах нь миний хойшдын амьдралд эдийн засгийн эх суурь болно. 95 сая төгрөгийн асуудал яригдана, мөнгөний асуудлыг Батбаатар ярьсан, дансанд нь нэг ч төгрөг байхгүй. 130 сая төгрөгийг өөрөө нотлох ёстой. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.2.2-т заасан байгаа, нэхэмжлэлээ өөрөө нотлох ёстой. 5 хүнд хуваана гэж яриад байна, энэ бол 4 хүний эд хөрөнгө, 5 дахь нь өөр эцэгтэй хүн. Өөрөө гэр бүлээсээ явсан, Гэр бүлийн тухай хуулийн 10.13-р зүйлийг зөрчсөн. 95 сая төгрөгийн 4/1 гэж ярина, өөр ямар ч хувилбар байхгүй. Б.Балдандоржид 23,884,500 төгрөг, Б.Замиланд 23,884,500 төгрөгийг тус тус шаардаж байна, энэ дундын хөрөнгөөс өөр хэн нэгэнд өгөх ёсгүй гэжээ.

Нэхэмжлэгчийн бие даасан шаардлагад гаргасан хариу тайлбарт: Хоёр хүүдээ хуульд заасан ногдох хэмжээний хөрөнгийг хуваахад татгалзах зүйл байхгүй болно гэжээ.

Хариуцагчийн бие даасан шаардлагад гаргасан хариу тайлбарт: Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Б.Замилан, Б.Балдандорж нарын шаардсан гэр бүлийн дундын эд хөрөнгө болох  95,538,000 төгрөгийн эд хөрөнгөөс гэр бүлийн 4 гишүүнд хуваан нэг хүнд ногдох хувь болох 23,884,500 төгрөгийг тус тусын хувийг хуваарилуулж тодорхой болгоход татгалзах зүйлгүй болно гэжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 594 дүгээр шийдвэрээр: Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасныг баримтлан Урьд овогт Содномбалжирын Батбаатар, Боржигон овогт Дашпунцагийн Оюунхүү нарын гэрлэлтийг цуцалж,

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5, 40 дүгээр зүйлийн 40.1.2-т зааснаар 2001 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр төрсөн Б.Балдандорж нь насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй Б.Балдандоржийг эцэг С.Батбаатарын асрамжид үлдээж, амьжиргааны баталгаажих доод түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулж эх Д.Оюунхүүгээр тэжээн тэтгүүлж,

Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.3, 130 дугаар зүйлийн 130.1-д зааснаар Дархан-Уул аймаг, Дархан сум, 4 дүгээр баг, 21-р хороолол, 11-р байрны 4 тоот 29.0 м.кв талбайтай, 2 өрөө орон сууц, Дархан-Уул аймаг, Дархан сум, 4-р баг, 14 дүгээр байр, 139 тоот 18.0 м.кв талбайтай, 1 өрөө орон сууц /УБД Ү-2003002058/, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 9-р хороо, Шар хадны 50 дугаар гудамжны 1б тоотод байрлах 52.0 м.кв талбайтай, 25 200 000 төгрөгийн үнэ бүхий Хувийн сууцны байшин /УБД Ү-2204039182/, 482 м.кв талбайтай, 4 338 000 төгрөгийн үнэ бүхий Гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг тус тус хариуцагч С.Батбаатар, гуравдагч этгээд Б.Замилан, Б.Балдандорж нарын өмчлөлд үлдээж, хариуцагч С.Батбаатараас 38,215,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.Оюунхүүд олгож, 13,979,316 төгрөг гаргуулах, 38,000,000 төгрөгт тооцож 2 өрөө байр гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.4-т зааснаар Дархан-Уул аймаг, Дархан сум, 4 дүгээр баг, 21-р хороолол, 11-р байрны 4 тоот 29.0 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг хариуцагч С.Батбаатар, Б.Замилан, Б.Балдандорж нарын нэр дээр бүртгэж, нэхэмжлэгч Д.Оюунхүүгийн нэрийг бүртгэлээс хасч бүртгэлд өөрчлөлт оруулах, Дархан-Уул аймаг, Дархан сум, 4-р баг, 14 дүгээр байр, 139 тоот 18.0 м.кв талбайтай, 1 өрөө орон сууц /УБД Ү-2003002058/-ын бүртгэлээс Д.Оюунхүүгийн нэрийг хасч С.Батбаатар, Б.Замилан, Б.Балдандорж нарын нэр дээр бүртгэж бүртгэлд өөрчлөлт оруулах, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 9-р хороо, Шар хадны 50 дугаар гудамжны 1б тоотод байрлах 52.0 м.кв талбайтай, 25,200,000 төгрөгийн үнэ бүхий Хувийн сууцны байшин /УБД Ү-2204039182/, 482 м.кв талбайтай, 4,338,000 төгрөгийн үнэ бүхий Гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар зэргийг С.Батбаатар, Б.Замилан, Б.Балдандорж нарыг бүртгэж /УБД Г-2204015459/ дээрх үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөс нэхэмжлэгч Д.Оюунхүүгийн нэрийг хасч бүртгэлд өөрчлөлт оруулахыг Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс болон Баянзүрх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн тасагт тус тус даалгаж,

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасан хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах үүргээ хэрэгжүүлж байхыг эцэг С.Батбаатар, эх Д.Оюунхүү нарт даалгаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 418,150 төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөг, гуравдагч этгээд Б.Замилангийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 277,373 төгрөг, гуравдагч этгээд Б.Балдандоржийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 277,373 төгрөгийг тус тус Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид дутуу төлсөн 173,725 төгрөгийг гаргуулж Төрийн сангийн орлогод, хариуцагчаас 349,026 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид, нэхэмжлэгчээс нэг жилийн хугацаанд төлөгдвөл зохих хүүхдийн тэтгэлгийн хэмжээнд улсын тэмдэгтийн хураамж тооцож 31,492 төгрөг гаргуулж төрийн сангийн орлогод оруулж шийдвэрлэжээ.

Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 71 дүгээр магадлалаар: Хариуцагч С.Батбаатарын давж заалдсан гомдлыг хангаж, Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 594 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дүгээр заалтын хариуцагч С.Батбаатараас 38,215,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.Оюунхүүд олгож гэснийг хариуцагч С.Батбаатараас 23,884,500 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Д.Оюунхүүд олгож гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдолд: Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.06.29-ний өдрийн 71 дугаартай магадлалыг нэхэмжлэгчийн зүгээс хууль буруу хэрэглэсэн үндэслэлээр эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Миний бие нь нөхөр С.Батбаатартай 1997 танилцаж, 1998 онд гэрлэлтээ бүртгүүлсэн. Хамтын амьдралын хугацаанд 1998.09.01-ний өдөр том хүү Б.Замилан, 2001.11.14-нд хүү Б.Балдандорж, 2018.08.22-ны өдөр хүү Э.Азжаргал нар төрсөн. Бид таарч тохирохгүйн улмаас 2017 оноос хойш тусдаа амьдрах болсон. С.Батбаатар нь одоогоор өөр хүнтэй хамтран амьдарч байгаа. Тусдаа амьдрах болсноос хойш 2018 онд хүү Э.Азжаргалыг төрүүлсэн. Хэдийгээр би хүүхэд төрүүлсэн боловч хэн нэгэнтэй хамтран амьдраагүй хүү Э.Азжаргалын хамтаар амьдарч байгаа. Би хоёр хүүгээ төрсөн цагаас нь эхлэж том хүүгээ 21 нас, бага хүүгээ 18 нас хүртэл ээжийн хайр халамжаар дутаалгүй эх хүний үүргээ 100 хувь биелүүлж асрамж халамжилж өсгөж хүмүүжүүлсэн. Энэ байдлыг сургуулийн багш нар одоо хүртэл сайшааж ярьж явдаг юм. Би С.Батбаатартай 20 настай гэр бүл болж цэл залуу насаа энэ хүнд зориулсан. Би 2015 онд Оросын холбооны улсаас Монголд ирэхэд С.Батбаатараас жирэмсэн болсон байсан. Хүүхдээ гаргана гэхэд С.Батбаатар 3 дугаар эмнэлэг рүү хүчээр дагуулж явж авахуулж байсан. Би хүүхдээ гаргаж чадаагүй туйлын ихээр гомдолтой амьдарч байгаа. Миний бие одоогоор цалинтай ээжийн 50,000 төгрөг, хүүхдийн 20,000 төгрөгөөр амь зууж байгаа. Миний эрүүл мэндийн байдал тун хүнд байгаа бөгөөд бамбайн дутагдал өвчний 3-р үе, хавдрын шатандаа орсон. Энэ нь хэрэгт авагдсан эмчийн магадалгаа, байнгын эмчилгээ хийлгэх шаардлагатай гэсэн эмчийн тодорхойлолт зэргээр нотлогдоно. Давж заалдах шатны шүүхээс нялх нойтон хүүхэдтэй, хорт хавдартай намайг дундын өмчийн гурвын гурван үл хөдлөх хөрөнгө байхад 1 өрөө байр авч хүрэхгүй мөнгөтэй үлдээж орох оронгүй гудамжинд гаргах шийдвэр гаргасанд туйлын их гомдолтой байна. Миний хорт хавдрын эмчилгээ үр дүнд хүрэхгүй бол үлдэж хоцорч байгаа нялх хүүхдийн хувь заяанд санаа зовж өдөр хоногийг гашуун нулимстай өнгөрөөж байна. Би 2 өрөө байрыг өөрийн өмчлөлд үлдээж бусад үл хөрөнгүүдийг С.Батбаатарын өмчлөлд шилжүүлж өгөхөөр нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан боловч удаа дараа шүүхээс нэхэмжлэлийг маань буцаасан тул арга буюу мөнгөн хэлбэрээр гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Би эд хөрөнгөнд шунаагүй бөгөөд гагцхүү орох оронтой үлдэх туйлын хүсэл зорилготой. Анхан шатны шүүх бидний гэрлэлт цуцлуулах маргааныг шийдвэрлэхдээ миний эрүүл мэндийн байдал туйлын хүнд байгааг харгалзан үзэж, Иргэний хуулийн 129.3- т зааснаар дундын өмчлөлийн эд хөрөнгийг харилцан адилгүй хуваасан нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэхгүй байна. Анхан шатны шүүх өөрийн дотоод итгэл үнэмшил, гэр бүлийн гишүүдийн одоогийн амьдарч байгаа нөхцөл, эрүүл мэндийн байдал зэргийг харгалзан шийдвэрлэсэн нь талуудын эрх ашгийг хөндөөгүй шударга ёсонд нийцсэн шийдвэр гэж үзэж байна. Хүн хорвоод мэндлэхдээ эцэг эхээ сонгож төрдөггүй бөгөөд миний хүү Э.Азжаргал нь С.Батбаатартай хамт амьдраагүй боловч миний асрамжид өсч хамт амьдарч байгаа. Давж заалдах шатны шүүхээс миний хүүхдийг С.Батбаатартай хамт амьдраагүй гэж гадуурхаж, нүд үзүүрлэсэн шийдвэр гаргасанд туйлын ихээр гомдолтой. Миний хүү Э.Азжаргал ээжийнхээ залуу насны хөдөлмөрөөр бий болсон өмч хөрөнгөөс хүртэх эрхтэй гэж үзэж байна. Бид хамтын амьдралын хугацаанд Дархан-Уул аймаг, Дархан сум, 4-р баг 14 дүгээр байр 139 тоот 18 м.кв 28,000,000 төгрөгийн үнэлгээ бүхий 1 өрөө орон сууц, Дархан-Уул аймаг, Дархан сум, 4-р баг, 21-р хороолол, 11-р байр 4 тоот 29 м.кв талбай бүхий 38,000,000 төгрөгийн үнэлгээ бүхий 2 өрөө орон сууц, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 9-р хороо, Шар хадны 50 дугаар гудамжны 16 тоот 52 м.кв талбай бүхий 25,200,000 төгрөгийн үнэлгээ бүхий хувийн сууц, 482 м.кв талбайтай 4,338,000 төгрөгийн үнэлгээ бүхий гэр бүлийн зориулалттай газар зэрэг нийт 95,538,000 төгрөгийн үнэлгээ бүхий 4 үл хөдлөх хөрөнгөтэй. Үүн дээр бэлэн төгрөгийн болон ам.долларын хадгаламж нийлээд 35,000,000 төгрөгийн хадгаламж зэрэг нийт 130,486,290 төгрөгийн дундын өмчлөлийн хөрөнгийг уйгагүй хөдөлмөрийн үр дүнд бий болгосон. Дээрх хөрөнгөөс гэр бүлийн 5 гишүүнд хувааж 1 гишүүнд оногдох хөрөнгийг 26,097,258 төгрөгөөр тооцож 2 гишүүнд оногдох 52,194,516 төгрөгийг хариуцагч С.Батбаатараас гаргуулахаар нэхэмжилсэн. Хариуцагч С.Батбаатар нь гэр бүлийн дундын өмчлөлийн 95,538,000 төгрөгийн үнэлгээ бүхий 4 ширхэг үл хөдлөх эд хөрөнгийг нийт 4 гишүүнд тэнцүү хувааж оногдох хэсгийг 23,884,500 төгрөг гэж тодорхойлж 4 тэнцүү хуваана гэж маргасан. Миний зүгээс гэр бүлийн гишүүдийг 5 гишүүнд тэнцүү хуваалгахаар эсхүл Иргэний хуулийн 129.3-т зааснаар миний эрүүл мэндийн байдлыг харгалзан харилцан адилгүй хуваалгахаар маргасан. Анхан шатны шүүх миний эрүүл мэндийн байдлыг харгалзан Иргэний хуулийн 129.3-т зааснаар 38,215,200 төгрөг С.Батбаатараас гаргуулахаар шийдвэрлэсэн дээрх шийдвэрийг миний бие хүлээн зөвшөөрч байгаа. Давж заалдах шатны шүүхээс миний сүүлд төрсөн хүү Э.Азжаргалд гэр бүлийн тухай хуульд зааснаар өмч хөрөнгө оногдох ёсгүй гэж үзэж 38,215,000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийг хангасан шаардлагыг 14,330,500 төгрөгөөр багасгаж 23,884,500 төгрөг болгож С.Батбаатараас гаргуулж надад олгохоор шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Бид 2017 оноос хойш тусдаа амьдарч эхлэхэд би 2,000,000 төгрөгийн хадгаламжтай С.Батбаатар нь төгрөгийн болон ам.долларын хадгаламж нийлээд 35,000,000 төгрөгийн хадгаламжтай байсан. С.Батбаатарын бидний хамтын хүч хөдөлмөрөөр бий болсон 35,000,000 төгрөгийг хадгаламжид байх хөрөнгийг нуун далдалсан нь түүний дансны хуулгаар тогтоогддог. Анхан шатны шүүх дээрх мөнгийг одоогоор байхгүй гэсэн үндэслэлээр хуваагаагүй нь нэг талыг барьж нэхэмжлэгч талын хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчиж байна. Мөн давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хянах хуулийн зохицуулалтгай боловч энэ талаар ямар ч дүгнэлт хийгээгүй нэг талын эрх ашгийг хамгаалж хариуцагч талд давуу байдал бий болгосон гэж үзэж байна. Гэр бүлийн маргаантай үед дундын өмчлөлийн эд хөрөнгийг дур мэдэн зарцуулсан явдалд шүүх дүгнэлт хийхгүй дээрх нөхцөл байдлыг тоохгүй орхиж байгаа нь гэр бүлийн маргаантай хэргийг шийдвэрлэхэд буруу жишиг тогтоож байна. Иймд миний эрүүл мэндийн байдлыг харгалзан үзэж, Иргэний хуулийн 129.3-т зааснаар Гэр бүлийн дундын өмчийг хуваасан Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шийдвэрийг хэвээр үлдээж, 14,330,500 төгрөгийн хасч шийдвэрлэсэн Дархан-Уул аймгийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.06.29-ний өдрийн 71 дугаартай магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Д.Оюунхүү хариуцагч С.Батбаатарт холбогдуулж, гэрлэлт цуцлуулах, дундын өмчлөлийн эд хөрөнгөөс өөрт ногдох 72,745,000 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлийн шаардлага, хариуцагч С.Батбаатар хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлага, гуравдагч этгээд Б.Замилан, Б.Балдандож нар дундын өмчлөлийн эд хөрөнгөөс өөрт ногдох тус бүр 23,884,500 төгрөг гаргуулах бие даасан шаардлага гаргасан байна.

Анхан шатны шүүх С.Батбаатар, Д.Оюунхүү нарын гэрлэлтийг цуцалж, 2001.11.14-ний өдөр төрсөн, насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй Б.Балдандоржийг эцэг С.Батбаатарын асрамжид үлдээж, амьжиргааны баталгаажих доод түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулж эх Д.Оюунхүүгээр тэжээн тэтгүүлж, Дархан-Уул аймаг, Дархан сум, IV баг, XXI хороолол, XI байрны 4 тоот 29.0 м.кв талбайтай, 2 өрөө орон сууц, Дархан-Уул аймаг, Дархан сум, IV баг, XIV байр, 139 тоот 18.0 м.кв талбайтай, 1 өрөө орон сууц /УБД Ү-2003002058/, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, IX хороо, Шар хадны 50 дугаар гудамжны 1б тоотод байрлах 52.0 м.кв талбайтай, 25,200,000 төгрөгийн үнэ бүхий Хувийн сууцны байшин /УБД Ү-2204039182/, 482 м.кв талбайтай, 4,338,000 төгрөгийн үнэ бүхий Гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг тус тус хариуцагч С.Батбаатар, гуравдагч этгээд Б.Замилан, Б.Балдандорж нарын өмчлөлд үлдээж, хариуцагч С.Батбаатараас 38,215,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.Оюунхүүд олгож, 13,979,316 төгрөг гаргуулах, 38,000,000 төгрөгт тооцож 2 өрөө байр гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож, ... 4 тоот 29.0 м.кв талбайтай, 2 өрөө орон сууц болон ... 1 өрөө орон сууцны бүртгэлээс Д.Оюунхүүгийн нэрийг хасч, С.Батбаатар, Б.Замилан, Б.Балдандорж нарын нэр дээр бүртгэж бүртгэлд өөрчлөлт оруулах, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, IX хороо, Шар хадны 50 дугаар гудамжны 1б тоотод байрлах 52.0 м.кв талбайтай, 25,200,000 төгрөгийн үнэ бүхий Хувийн сууцны байшин, 482 м.кв талбайтай, 4,338,000 төгрөгийн үнэ бүхий Гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газарт С.Батбаатар, Б.Замилан, Б.Балдандорж нарыг бүртгэж, дээрх үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөс нэхэмжлэгч Д.Оюунхүүгийн нэрийг хасч бүртгэлд өөрчлөлт оруулахыг ... эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн тасагт тус тус даалгаж шийдвэрлэжээ.

Давж заалдах шатны шүүх хариуцагч С.Батбаатарын давж заалдсан гомдлыг хангаж, шийдвэрт хариуцагч С.Батбаатараас 23,884,500 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Д.Оюунхүүд олгохоор өөрчлөлт оруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгч Д.Оюунхүү, хариуцагч С.Батбаатар нар нь 1997 онд гэр бүл болж мөн оны 11 дүгээр сард гэрлэлтээ албан ёсоор батлуулсан бөгөөд 1998 оны 10 дугаар сард хүү Б.Замилан, 2001 оны 11 дүгээр сард хүү Б.Балдандорж нар төрсөн, гэрлэгчид 20 орчим жил гэр бүлийн хамтын амьдралтай байсан бөгөөд 2017 оны 06 дугаар сараас тусдаа амьдарч байгаа болох нь хэрэгт авагдсан баримт, талуудын тайлбараар тогтоогджээ.

2017 оны 06 дугаар сараас хойш хүү Б.Замилан, Б.Балдандорж нар нь эцэг С.Батбаатарын хамт амьдарч байгаа бөгөөд нэхэмжлэгч Д.Оюунхүү нь өөр хүнтэй амьдарч 2018 оны 08 дугаар сард хүү Э.Азжаргалыг төрүүлсэн байна.

Хэрэг хянан шийдвэрлэх үед том хүү Б.Замилан хугацаат цэргийг алба хааж, бага хүү Б.Балдандорж нь чихрийн шижин өвчний улмаас хөдөлмөрийн чадварын алдалт 70 хувиар тогтоогдож, хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэмж авч, эцэг С.Батбаатарын асрамжид байгаа бөгөөд харин Д.Оюунхүү нь нөхөр, хүүгийн хамт тусдаа амьдардаг талаар талууд маргаагүй, нэхэмжлэгчийг бамбай булчирхайн томрол 3 дугаар үедээ орсон оноштой тухай эмчийн тодорхойлолт, эмнэлгийн магадлагаа хэрэгт авагджээ.

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд гэрлэгчид хамтын амьдралтай байх хугацаандаа 2 орон сууц, 1 хашаа байшин, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай эзэмшлийн газартай болсон, тэдгээр үл хөдлөх эд хөрөнгүүдийг эрх бүхий үнэлгээчин 95,538,000 төгрөгөөр үнэлжээ.

Зохигчид гэр бүлийн дундын хөрөнгөөс өөрт ногдох хувь дээр маргаж, анхан шатны шүүх Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.3-т Гэрлэлт цуцласан буюу гэрлэлтийг хүчингүйд тооцсоноос гэр бүлийн нэг гишүүнд ногдох эд хөрөнгийн хэсгийг тодорхойлохдоо гэрлэгчдийн эрүүл мэндийн байдал, хүүхдийн ашиг сонирхлыг харгалзан шүүх өөрөөр тогтоож болно гэж заасныг үндэслэн тухайн гэр бүлийн дундаа хамтран өмчлөх эд хөрөнгөөс гишүүнд ногдох хэсгийг тодорхойлохдоо гэр бүлийн гишүүнийг 5 гэж тооцон, хамтран өмчлөх дундын эд хөрөнгийг хуваарилсан байна.

Гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийг Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1-д Гэрлэснээс хойш хамтран амьдарсан хугацаанд бий болсон гэр бүлийн гишүүдийн хуваарьт хөрөнгөөс бусад хөрөнгө нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмч мөн гэж тодорхойлсон.

Гэрлэгчид 1997-2017 оны хооронд хамтран амьдарч байх хугацаанд Дархан-Уул аймаг Дархан сумын IV баг XXI хороолол 11 дүгээр байрны 04 тоотын 29 м.кв талбайтай, 38,000,000 төгрөгийн үнэ бүхий 2 өрөө орон сууц, Дархан сумын IV баг 14 дүгээр байр, 139 тоотын 18 м.кв талбайтай, 28,000,000 төгрөгийн үнэ бүхий 1 өрөө орон сууц, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, IX хороо, Шар хадны 50 дугаар гудамж, 01Б тоотод байрлах 52 м.кв талбайтай 25,200,000 төгрөгийн үнэ бүхий хувийн сууцны байшин, 482 м.кв талбайтай 4,338,000 төгрөгийн үнэ бүхий гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар зэрэг гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөтэй болсон болох нь зохигчдын шүүхэд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан бичгийн баримтуудаар нотлогдоно.

Нэхэмжлэгч Д.Оюунхүүгийн 2018 онд төрүүлсэн хүү Э.Азжаргал нь гэрлэгчдийг хамтран амьдарч байх хугацаанд төрөөгүй, төрснөөс хойш гэрлэгчидтэй хамтран амьдарч байгаагүй болох нь аймгийн Цагдаагийн газрын болон Дархан сумын XIV багийн засаг даргын тодорхойлолт, зохигчдын шүүхэд гаргасан тайлбараар тогтоогдож байхад анхан шатны шүүх гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн гишүүдэд ногдох хэсгийг тодорхойлохдоо Э.Азжаргалд дундын хөрөнгөөс хуваасан нь Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.3, Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т нийцээгүй байна.

Иймээс давж заалдах шатны шүүх хариуцагч С.Батбаатарын анхан шатны шүүх дундын өмчлөлийн эд хөрөнгийг 5 хүнд ногдуулж хуваасан нь буруу, зөвхөн гэр бүлийн 4 гишүүнд ногдуулж хуваах байсан гэсэн гомдлыг хангаж шийдвэрлэснийг Иргэний хуулийн 125 дугаар зүйлийн 125.1, 126 дугаар зүйлийн 126.1-д нийцсэн гэж үзнэ.

Хяналтын шатны шүүхээс хэрэгт авагдсан баримтын хүрээнд дүгнэлт хийж, давж заалдах шатны шүүхийн магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж дүгнэв.

Шүүх маргааны зүйл болж буй дундын хөрөнгөөс аль хөрөнгийг хэнд үлдээж, ногдох хэсгийн зөрүүг гаргах асуудлыг шийдвэрлэхдээ хэргийн нөхцөл байдалд тохирсон бодитой дүгнэлт хийж чадаагүй байна.

Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2-т зааснаар гэр бүл гэж гэрлэлтийн үр дүнд буй болсон, эд хөрөнгийн бус амины болон эд хөрөнгийн эрх, үүргээр холбогдсон хамтын амьдрал бүхий гэр бүлийн гишүүдийг хэлэх бөгөөд маргаан бүхий эд хөрөнгө нь гэрлэгчид 1997-2017 оны хооронд хамтран амьдарч байх хугацаанд бий болсон, энэ хөрөнгийг бий болгоход гэрлэгчдийн хэн аль нь оролцоотой байсан гэж үзэх нь хуульд нийцнэ.

Гэрлэлтийг цуцлах, гэр бүлийн гишүүдийн хөрөнгийг хуваах үед хүүхдийн эрх ашгийг харгалзах нь зүйн хэрэг бөгөөд хүү Б.Замилан, Б.Балдандорж нар нь хариуцагчтай хамт амьдардаг, өвчний улмаас байнгын асаргаанд байдаг хүү Б.Балдандорж нь эцгийн асрамжинд байдаг тул нэхэмжлэгчийн шаардаж буй 2 өрөө орон сууцыг хариуцагчид үлдээсэн нь үндэслэлтэй юм.

Нэхэмжлэгч Д.Оюунхүүгийн нэхэмжлэлийн шаардлагаас үзэхэд тэрээр гэр бүлийн гишүүдийн дундын хөрөнгөөс 2 өрөө орон сууцыг өөртөө үлдээх үндэслэлээ ...хөрөнгийг хамтран бий болгосон тухай болон биеийн эрүүл мэндийн байдал, сүүлд төрсөн хүүхдийн эрх ашиг хөндөгдөнө гэж тайлбарласан байна.

Хэрэгт авагдсан баримт, маргааны үйл баримтаас үзэхэд нэхэмжлэгч Д.Оюунхүүд Дархан сумын IV баг 14 дүгээр байр, 139 тоотын 18 м.кв талбайтай, 28,000,000 төгрөгийн үнэ бүхий 1 өрөө орон сууцыг үлдээж, зөрүү мөнгийг нэхэмжлэгчээс гаргуулж, хариуцагчид олгох нь Иргэний хууль болон Гэр бүлийн тухай хуулийн зорилго, зарчимд харшлахгүй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Дээрх үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалд өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн гомдлоос хангах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ: 

1. Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 71 дүгээр магадлалын Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 594 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 3 дахь заалтыг ...Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.3, 130 дугаар зүйлийн 130.1-д зааснаар Дархан-Уул аймаг, Дархан сум, IV баг, XXI хороолол, 11 дүгээр байрны 4 тоот 29.0 м.кв талбайтай, 2 өрөө орон сууц, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, IX хороо, Шар хадны 50 дугаар гудамжны 1б тоотод байрлах 52.0 м.кв талбайтай, 25,200,000 төгрөгийн үнэ бүхий Хувийн сууцны байшин /УБД Ү-2204039182/, 482 м.кв талбайтай, 4,338,000 төгрөгийн үнэ бүхий Гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг тус тус хариуцагч С.Батбаатар, гуравдагч этгээд Б.Замилан, Б.Балдандорж нарын өмчлөлд үлдээж, Дархан-Уул аймаг, Дархан сум, IV баг, 14 дүгээр байр, 139 тоот 18.0 м.кв талбайтай, 1 өрөө орон сууцыг /УБД Ү-2003002058/ нэхэмжлэгч Д.Оюунхүүгийн өмчлөлд үлдээж, нэхэмжлэгч Д.Оюунхүүгээс 4,115,500 төгрөг гаргуулж хариуцагч С.Батбаатарт олгож, нэхэмжлэгчийн 13,979,316 төгрөг гаргуулах, 38,000,000 төгрөгт тооцож 2 өрөө байр гаргуулах шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчилж, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 07 дугаар сарын 20-ны өдөр төлсөн 229,603 (хоёр зуун хорин есөн мянга зургаан зуун гурав) төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ЗОЛЗАЯА

 

ШҮҮГЧИД Г.ЦАГААНЦООЖ

 

С.СОЁМБО-ЭРДЭНЭ

 

Д.ЦОЛМОН

 

Х.ЭРДЭНЭСУВД