Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 06 сарын 18 өдөр

Дугаар 221/МА2024/0391

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ш ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч Э.Лхагвасүрэн

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Т.Энхмаа

Илтгэсэн шүүгч О.Оюунгэрэл

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:

Хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар

Нэхэмжлэлийн шаардлага: “Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2023 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 10/5332 тоот тусгай зөвшөөрлийн хугацаа сунгахаас татгалзсан шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулж, Ш  ХХК-ийн хайгуулын XV-021690 тоот тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаа дуусгавар болгосон бүртгэлийг хүчингүй болгуулж, хайгуулын XV-021690 тоот тусгай зөвшөөрлийн хугацааг сунгах өргөдлийг хүлээн авч, зохих журмын дагуу сунгаж шийдвэрлэхийг хариуцагчид даалгах тухай

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 339 дүгээр шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Н

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.М

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбаяр

Хэргийн индекс: 128/2024/0107/З

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч “Ш ” ХХК нь “Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2023 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 10/5332 тоот тусгай зөвшөөрлийн хугацаа сунгахаас татгалзсан шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулж, Ш  ХХК-ийн хайгуулын XV-021690 тоот тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаа дуусгавар болгосон бүртгэлийг хүчингүй болгуулж, хайгуулын XV-021690 тоот тусгай зөвшөөрлийн хугацааг сунгах өргөдлийг хүлээн авч, зохих журмын дагуу сунгаж шийдвэрлэхийг хариуцагчид даалгуулах”-аар маргасан байна.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 339 дүгээр шийдвэрээр: “Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.2, 22.4-т заасныг баримтлан “Ш ” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2023 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 10/5332 дугаар албан бичгээр тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахаас татгалзаж шийдвэрлэсэн нь хууль бус болохыг тогтоож, уг шийдвэрийг хүчингүй болгож, “Ш ” ХХК-ийн хайгуулын XV-021690 дугаартай тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацааг дуусгавар болгож бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгож, хайгуулын XV-021690 дугаар тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлийг хүлээн авч, Ашигт малтмалын тухай хуульд заасан журмын дагуу шийдвэрлэхийг Ашигт малтмал, газрын тосны газарт даалгаж” шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна.

3.1. … Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-д “захиргааны актыг гаргахаас татгалзсан шийдвэр, эсхүл гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн бол шаардагдах захиргааны акт гаргахыг тухайн захиргааны байгууллагад даалгах, эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоох” гэж заасныг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй гэж үзэн дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөх боломжгүй юм.

3.2. “Ш ” ХХК нь ашигт малтмалын хайгуулын ХВ-021690 дугаартай тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлийг тусгай зөвшөөрлийн хүчинтэй хугацаанд төрийн захиргааны байгууллагад гаргаагүй тул Ашигт малтмалын тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1 дэх заалтад зааснаар тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаа дууссан.

3.3. Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлд “Хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө түүнийг эзэмшигч нь хугацаа сунгуулах тухай өргөдлийг төрийн захиргааны байгууллагад гаргана” гэж заасны дагуу тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлийг хуулийн шаардлага ханган тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө ирүүлэхээр хуульчилсан бөгөөд сунгуулах өргөдлийг ирүүлэхдээ ашигт малтмалын тухай хуулийн 22.1.1 “хайгуулын тусгай зөвшөөрлийн хуулбар”, 22.1.2-д “үйлчилгээний хөлс, тусгай зөвшөөрлийн төлбөрийгжил бүр төлсөн, түүнчлэн хайгуулын ажлын зардлын доод хэмжээнээс багагүй хэмжээний ажил гүйцэтгэсэн тухай баримт”, 22.1.3-д “байгаль орчны менежментийн төлөвлөгөөг энэ хуулийн 40 дүгээр зүйлд заасны дагуу шинэчлэн батлуулсан баримт”, 22.1.4-д “хайгуулын тухайн үе шатны ажлыг гүйцэтгэсэн тухай тайлан, түүнийг хүлээлгэн өгсөн баримт” зэргийг тус тус хавсаргахыг дууссан.

3.4. Тусгай зөвшөөрөл эзэмшигч Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлд заасны дагуу тусгай зөвшөөрлийн хугацааг сунгах өргөдлөө төрийн захиргааны байгууллагад ирүүлэх бөгөөд өргөдөл нь хуулийн шаардлага хангаж байвал тус хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.5“...энэ хуульд заасан нөхцөл, шаардлагыг хангасан тохиолдолд цацраг идэвхт ашигт малтмалаас бусад төрлийн ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг 3 жилийн хугацаагаар 3 удаа сунгуулах” гэж заасны дагуу 3 жилийн хугацаагаар сунгасан Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын шийдвэр гарч, тус хуулийн 22 дугаар зүйлийн 22.2-д “...Төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 22.1-д заасан өргөдлийг хүлээн авснаас хойш ажлын 10 өдөрт багтааж тусгай зөвшөөрөл эзэмшигч нь мөн хуулийн 7.2, 31 дүгээр зүйлд заасан нөхцөл, шаардлагыг хангасан эсэхийг хянаж, зөрчилгүй бол тусгай зөвшөөрлийн хугацааг энэ хуулийн 21.1.5-д заасан хугацаагаар сунгаж энэ тухай тусгай зөвшөөрлийн бүртгэлд тэмдэглэнэ” гэж заасны дагуу тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хавсралт болон кадастрын системд бүртгэл хөтөлжтусгай зөвшөөрөл эзэмшигчид мэдэгддэг.

3.5. Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт заасан хугацаанд тусгай зөвшөөрөл эзэмшигч тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах өргөдлөө төрийн захиргааны байгууллагад ирүүлээгүй бол мөн хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1-д “...тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаа дууссан” гэж заасны дагуу тусгай зөвшөөрлийн хугацааг дуусгавар болсныг геологи, уул уурхайн кадастрын системд бүртгэдэг бөгөөд тусгай зөвшөөрөл эзэмшигчид мэдэгдэхийг Ашигт малтмалын тухай хуулиар зохицуулаагүй, мөн Геологи, уул уурхайн кадастрын даргын шийдвэр, бусад эрх зүйн акт гардаггүй болно.

3.6. Гэтэл Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүх хууль бус дүгнэлтийг хийснээс биш хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийж, маргаан бүхий захиргааны актыг хуулийн хүрээнд шийдвэрлээгүй, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор харьцуулан дүгнэж, үндэслэл бүхий шийдвэр гаргаж чадаагүй, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.4 дэх хэсгийг зөрчсөн, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2 дахь хэсэгт заасан шаардлагад нийцээгүй.

3.7. Дээрх үндэслэлүүдээр талууд анхан шатны шүүх хуралдаанд өөрсдийн байр суурийг илэрхийлж мэтгэлцсэн. Гэвч талуудын зөрүүтэй байдалд шүүх дүгнэлт өгөхөөс зайлсхийж, “Ш ” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэснийг хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь хэрэгт цугларсан нотлох баримт, талуудын мэтгэлцээнд үндэслэн, анхан шатны шүүх хэргийн үйл баримтыг үнэлж маргааныг шийдвэрлэх боломжтой байсан хэдий ч хуулийг буруу хэрэглэж шийдвэр гаргасан. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад хамаарах асуудал нь Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлд зааснаар Кадастрын хэлтсийн эрхэд хамаарах асуудал байхад шүүх газрын даргыг хариуцагчаар татан түүнд даалгаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй.

3.8. Иймд Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 339 дугаартай шийдвэрийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.1 заасны дагуу нэхэмжлэлийг хангасан анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах гомдлын хүрээнд бүхэлд нь хянав.

2. Нэхэмжлэгч “Ш ” ХХК нь Ашигт малтмал, газрын тосны газарт холбогдуулан “Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2023 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 10/5332 тоот тусгай зөвшөөрлийн хугацаа сунгахаас татгалзсан шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулж, “Ш ” ХХК-ийн хайгуулын XV-021690 тоот тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаа дуусгавар болгосон бүртгэлийг хүчингүй болгуулж, хайгуулын XV-021690 тоот тусгай зөвшөөрлийн хугацааг сунгах өргөдлийг хүлээн авч, зохих журмын дагуу сунгаж шийдвэрлэхийг хариуцагчид даалгах” гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлон маргажээ.

2.1. Анхан шатны шүүх Ашигт малтмалын тухай хууль болон бусад холбогдох хуулийн зүйл, заалтуудыг зөв тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байх тул шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

2.2. Шүүх хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг дараах үндэслэлээр хангахгүй орхилоо. Үүнд:

2.3. Анх Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 409 дүгээр шийдвэрээр нэхэмжлэгч “Ш ” ХХК-д Х аймгийн Б сумын нутагт орших Өвдөг уул нэртэй газарт 304,56 гектар талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийг дуустал хугацаагаар олгосон байх бөгөөд уг тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах тухай хүсэлтээ 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр гаргажээ. Үүнээс өмнө нэхэмжлэгч “Ш ” ХХК 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст хандан тусгай зөвшөөрлийн сунгалт хийх хугацааг тодорхой хугацаагаар сунгаж өгөх тухай хүсэлтийг гаргаж байжээ.

2.4. Маргаан бүхий Ашигт малтмал, газрын тосны газрын 2023 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 10/5332 дугаар албан бичгээр ... нэхэмжлэгч компаний 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 8 дугаартай албан бичгийг хүлээн авч танилцаад ... Тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаа нь 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдрөөр дууссан тул хүсэлтийг хүлээн авах боломжгүй байна” гэх хариуг өгчээ.

2.5. Анхан шатны шүүх “... нэхэмжлэгч “Ш ” ХХК тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацааны дотор багтаан тусгай зөвшөөрлийнхөө хугацааг сунгуулах хүсэлтээ илэрхийлсэн нь уг зөвшөөрлийн хугацааг сунгах үндсэн нөхцөл гэж үзсэн болох бөгөөд нэхэмжлэгч тусгай зөвшөөрлийн хугацаагаа сунгуулах өргөдлийг хуульд заасан 1 сарын өмнө гаргаагүй нь тусгай зөвшөөрлийг сунгахаас татгалзах хууль зүйн үндэслэл байхгүй, Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтэс, түүний даргад ийм эрхийг хуулиар олгоогүй, зөвшөөрөөгүй байх тул “Ш ” ХХК-ийн эзэмших ашигт малтмалын хайгуулын ХV-021690 дугаартай тусгай зөвшөөрлийг сунгахаас татгалзсан үйлдэл нь Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлд нийцээгүй учраас хууль бус буюу хуулиар зөвшөөрөөгүй үйлдлийг гаргасан, уг шийдвэрийн улмаас нэхэмжлэгчийн тусгай зөвшөөрлийг хуульд заасан журмаар сунгуулах, өргөдлөө шийдвэрлүүлэх эрхийг зөрчсөн гэж үзэн нэхэмжлэлийг хангах нь зүйтэй” гэж дүгнэн, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

2.6. Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч “Ш ” ХХК нь 2023 оны 10 дугаар сарын 30-нд буюу ХV-021690 дугаартай тусгай зөвшөөрлийг хүчинтэй байх хугацааны дотор уг тусгай зөвшөөрлийн сунгалт хийх хугацааг тодорхой хугацаагаар хойшлуулах тухай хүсэлтээ зохих эрх бүхий байгууллагад гаргаж, холбогдох баримтуудаа хавсаргасан болох нь нэхэмжлэгч компаний 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 08 дугаартай албан бичиг, шүүхээс үзлэг хийсэн тэмдэглэл, хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.

2.7. Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлд “Хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгах” гэж, 22.1-дХайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө түүнийг эзэмшигч нь хугацааг сунгуулах тухай өргөдлийг төрийн захиргааны байгууллагад гаргаж, түүнд дараахь баримт бичгийг хавсаргана”, 22.2“Төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 22.1-д заасан өргөдлийг хүлээн авснаас хойш ажлын 10 өдөрт багтааж тусгай зөвшөөрөл эзэмшигч нь мөн хуулийн 7.2, 31 дүгээр зүйлд заасан нөхцөл, шаардлагыг хангасан эсэхийг хянаж, зөрчилгүй бол тусгай зөвшөөрлийн хугацааг энэ хуулийн 21.1.5-д заасан хугацаагаар сунгаж энэ тухай тусгай зөвшөөрлийн бүртгэлд тэмдэглэнэ” гэж тус тус заасан.

2.8. Дээрх тусгай зөвшөөрлийн хугацааг сунгах хуулийн зохицуулалтаас үзэхэд хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах тухай хүсэлт өгөх хугацааг тогтоож, уг хүсэлтийг хариуцагч захиргааны байгууллага хүлээн авч ажлын 10 өдөрт багтаан хуульд заасан зөрчил байгаа эсэхийг хянаж, хариу өгөхийг хуульчилсан байх бөгөөд төрийн байгууллагаас шууд хүсэлтийг буцаах эрх хэмжээ олгогдоогүй гэж үзнэ.

2.9. Энэ талаарх дүгнэсэн анхан шатны шүүхийн “... нэхэмжлэгчийн 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдөр гаргасан өргөдлийг тусгай зөвшөөрлийн хүчинтэй хугацааны дотор нэн даруй шийдвэрлэх боломжтой байхад шийдвэрлээгүй, тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр хугацааны дуусгавар болсны дараа хариуг өгч байгаа нь нэг талаасаа төрийн байгууллагын өргөдөл гомдолд хариу өгөх хугацааны дотор байгаа гэж харагдавч, нөгөө талаас Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.2-т заасан “шуурхай, байх тусгай зарчим”, мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-т “Захиргааны байгууллагаас тодорхой асуудлыг шийдвэрлэхдээ хууль, захиргааны хэм хэмжээний актаар зөвшөөрөгдсөн боломжит хувилбаруудаас аль нэгийг хэрэглэх, эсхүл хэрэглэхгүй байхыг сонгох боломж гэнэ” гэж, 42.2-т “Хуульд өөрөөр заагаагүй бол захиргааны байгууллага эрх хэмжээнийхээ хүрээнд хуульд заасан шаардлагад үндэслэн зорилгодоо нийцүүлэн сонгох боломжийг хэрэглэнэ” гэж заасан нийцээгүй байна гэх дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй.

2.10. Мөн Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2 дахь хэсэгт “Төрийн захиргааны байгууллагын …кадастрын асуудал хариуцсан нэгж нь энэ зүйлийн 11.1.13-11.1.26-д заасан асуудлыг эрхэлнэ” гэж заасны дагуу тусгай зөвшөөрөл олгох, сунгах, цуцлах шийдвэрийг Ашигт малтмал, газрын тосны газрын дарга биш харин тус газар шийдвэрлэхээр байх бөгөөд анхан шатны шүүх Ашигт малтмал, газрын тосны газрыг хариуцагчаар татан, Ашигт малтмалын тухай хуульд заасан журмын дагуу шийдвэрлэхийг Ашигт малтмал, газрын тосны газарт даалгаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх тул энэ талаарх хариуцагчийн ... Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад хамаарах асуудал нь Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлд зааснаар Кадастрын хэлтсийн эрхэд хамаарах асуудал байхад шүүх газрын даргыг хариуцагчаар татан түүнд даалгаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй” гэх давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй.

2.11. Иймд анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтын хүрээнд нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл, маргааны үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэсэн, давж заалдах гомдлыг хангаж шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байх тул хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 339 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д заасны дагуу хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ШҮҮГЧ                                                          Э.ЛХАГВАСҮРЭН

ШҮҮГЧ                                                          Т.ЭНХМАА

ШҮҮГЧ                                                           О.ОЮУНГЭРЭЛ