| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Намдагсүрэнгийн Батсайхан |
| Хэргийн индекс | 186/2017/0141/Э |
| Дугаар | 757 |
| Огноо | 2019-07-30 |
| Зүйл хэсэг | 192.1., 20.7.1., 20.7.2., |
| Улсын яллагч | Б.Долгион |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 07 сарын 30 өдөр
Дугаар 757
М.Д-, И.Б-, Э.А-,
Б.Н- нарт холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Ж.Эрдэнэчимэг, Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Б.Долгион,
шүүгдэгч М.Д-, түүний өмгөөлөгч Г.Ганбадрах,
шүүгдэгч Э.А-, түүний өмгөөлөгч М.Алтан-Өлзий, Б.Дашдорж,
шүүгдэгч Б.Н-, түүний өмгөөлөгч Ч.Энхээ,
нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Галбадар даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 325 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, шүүгдэгч М.Д-, шүүгдэгч Э.А-, түүний өмгөөлөгч М.Алтан-Өлзий, Б.Дашдорж, шүүгдэгч Б.Н-ын өмгөөлөгч Ч.Энхээ нарын гаргасан давж заалдах гомдлуудаар М.Д-, И.Б-, Э.А-, Б.Н- нарт холбогдох эрүүгийн 201501000156 дугаартай хэргийг 2019 оны 7 дугаар сарын 8-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.
1. М.Д-, 1993 оны 10 дугаар сарын 8-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 25 настай, эрэгтэй, дээд боловсролтой, уул уурхайн инженер мэргэжилтэй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Чингэлтэй дүүрэгт оршин суух хаягийн бүртгэлтэй, ял шийтгэлгүй,
2. И.Б-, 1994 оны 5 дугаар сарын 24-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эмэг эхийн хамт Сэлэнгэ аймаг, Зүүнбүрэн суманд оршин суух хаягийн бүртгэлтэй боловч Чингэлтэй дүүрэгт оршин суудаг гэх, ял шийтгэлгүй,
3. Э.А-, 1996 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 22 настай, эрэгтэй, дээд боловсролтой, программ хангамжийн мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, эхнэр, хүүхдийн хамт Баянгол дүүрэгт оршин суух хаягийн бүртгэлтэй, ял шийтгэлгүй,
4. Б.Н-, 1995 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, оюутан, ам бүл 6, өвөг эцэг, эмэг эх, эх, хүүхдүүдийн хамт Сүхбаатар дүүрэгт оршин суух хаягийн бүртгэлтэй, ял шийтгэлгүй,
М.Д- нь Д.Батмагнайтай бүлэглэн 2015 оны 3 дугаар сард борлуулах зорилгогүйгээр, хууль бусаар олж авсан Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламж бүхий 122.1 гр жинтэй “каннабис” гэх мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх бодисыг 2015 оны 7 дугаар сарын 14-нөөс 15-ны өдрийг хүртэл хугацаанд өөрийн түрээслэн амьдарч байсан Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, 22 дугаар байрны 37 тоотод хадгалсан,
И.Б- нь 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Тэнгис” кино театрын гадна Э.А-, Б.Н- нараас Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламж бүхий 5.2 гр жинтэй “каннабис” гэх мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх бодисыг борлуулах зорилгогүйгээр худалдан авсан буюу хууль бусаар олж авч, биедээ хадгалсан,
Э.А- нь Б.Н-тай бүлэглэн 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Тэнгис” кино театрын гадна Д.Батмагнайгаас Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламж бүхий 5.2 гр жинтэй “каннабис” гэх мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авч, мөн өдрөө И.Б-д 30.000 төгрөгөөр худалдсан,
Б.Н- нь Э.А-тай бүлэглэн 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Тэнгис” кино театрын гадна Д.Батмагнайгаас Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламж бүхий 5.2 гр жинтэй “каннабис” гэх мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авч, мөн өдрөө И.Б-д 30.000 төгрөгөөр худалдсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Нийслэлийн прокурорын газраас: М.Д-ий үйлдлийг 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар, И.Б-ы үйлдлийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар, Э.А-ын үйлдлийг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар, Б.Н-ын үйлдлийг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Прокуророос И.Б-д 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өөрчилж, шүүгдэгч М.Д-ийг 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч И.Б-ыг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Э.А-ыг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Б.Н-ыг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, шүүгдэгч М.Д-ийг 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэг зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 19.200.000 төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч И.Б-ыг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр мөн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд зааснаар 3 жилийн хугацаагаар тэнсэж, хяналт тогтоохыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, мөн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад зааснаар согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хяналт тогтоосон хугацаанд хориглохоор үүрэг хүлээлгэж, шүүгдэгч Э.А-ыг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар, шүүгдэгч Б.Н-ыг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар тус тус шийтгэж, шүүгдэгч Э.А-, Б.Н- нарт оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нар цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлсийг устгахыг Хар тамхитай тэмцэх газарт даалгаж, шүүгдэгч М.Д-, И.Б- нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч Э.А-, Б.Н- нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорихоор шийдвэрлэжээ.
Шүүгдэгч М.Д- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...би 2015 оны 7 дугаар сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө өөрийн түрээслэн оршин суудаг байсан байрандаа баяр наадам тэмдэглэж пиво уух зорилготой Батмагнай, Бат-Очир нартай уулзсан. Батмагнайгийн цүнхэнд тухайн үед юу байсныг мэдээгүй. Мансууруулах төрлийн бодисыг хэрэглэх, хадгалах санаа зорилго байгаагүй. Согтууруулах ундаа ихээр хэрэглэж байсан тул юу хэрэглэж байсныг мэдэх сөхөөгүй байсан. Энэ талаар мөрдөн байцаалтын явцад удаа дараа үнэн зөвөөр мэдүүлсэн. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн этгээд өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн аюулын шинж чанарыг ухамсарлаагүй, хэргийн нөхцөл байдлын улмаас ухамсарлах боломжгүй байсан, учирч болох нийгэмд аюултай хор уршгийг урьдчилан мэдэх боломжгүй, мэдэх ёсгүй байсан бол хор уршиг гэм буруугүйгээр учруулсан гэж үзнэ.” гэж заасан. Тухайн хэрэг гарсан шөнө уг цүнхэнд байсан зүйлсийг мансууруулах бодис гэдгийг ухамсарлах боломжгүй байснаас гадна мэдсэн хэдий ч шөнө оройн цагаар хамт баяр тэмдэглэж байсан хүмүүсийг хөөж согтуурхах, цагдаа дуудаж баривчлуулах нь зүй зохисгүй хэрэг. Батмагнайгийн хэргийг тусгаарлаж, түүнийг байлцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна. Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, намайг цагаатгаж өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч Э.А- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Тухайн өдөр мансууруулах бодисыг борлуулж ашиг олсон зүйл огт байхгүй. Тийм санаа зорилго ч байгаагүй. Хэрэг гарснаас хойш 4 жилийн хугацаа өнгөрлөө. Энэ хугацаанд миний бие дахин мансууруулах бодис хэрэглээгүй, үүнтэй холбоотой болон бусад төрлийн гэмт хэрэгт холбогдоогүй. Мансууруулах бодис болон бусад хууль бус үйлдлийн хор уршиг, түүнээс гарах үр дагаврыг хангалттай ойлгож ухаарсан. Миний бие гэр бүл зохиож бүл нэмсэн. Охин маань 1 нас 3 сартай ба эхнэр маань дахин жирэмсэлсэн. Эх маань тогтсон ажил мэргэжилгүй, эцэг маань ходоодны хорт хавдрын улмаас хүнд хагалгаанд орж ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй болсон. Эхнэр болон дүү маань оюутан. Би 2019 оны хавар их сургуулиа төгссөн. Цаашид ажил хөдөлмөр эрхэлж, ар гэрээ авч явах хүсэлтэй байна. Иймд надад оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч Э.А-ын өмгөөлөгч М.Алтан-Өлзий давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...шийтгэх тогтоолыг дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:
1. Анхан шатны шүүх шүүгдэгч А-ын үйлдэл холбогдлыг хууль, эрх зүйн хувьд зөв тодорхойлоогүй, төсөөтэй байдлыг ялгаж зааглаагүй. Энэ нь түүнд ял халдаах үндэслэл болсон. Прокуророос А-т холбогдуулан яллаж буй Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн зайлшгүй байх шинж нь “...худалдаалах зорилгоор олж авсан, худалдсан” байх явдал юм. Нэгэнт худалдаалах зорилгоор олж авсан, худалдсан гэж үзэх тохиолдолд “Худалдаалах” эсвэл “Худалдан авах” үйл явц маань ямар үе шаттай вэ, бодит байдал дээрх энэ үйлдлүүд шүүгдэгчид байна уу, эсвэл төсөөтэй байна уу гэдэгт хууль эрх зүйн дүгнэлт өгөх ёстой.
2. Худалдаалах, худалдан авах үйлдлийн хамгийн гол шинж нь бусдад шилжүүлэх гэж буй эд зүйлийн үнийн санал, түүнийг талууд хүлээн зөвшөөрсөн нөхцөл байдал, улмаар эдгээрийг хүлээн зөвшөөрч тохиролцсоноор тухайн зүйлийг худалдан авагчид шилжүүлэх шат дараалсан процесс бүхий үйлдэл юм. Шууд утгаар нь тайлбарлавал үнийн талаарх тохиролцоо хийгээгүй, эсвэл энэ талаар ямар нэг санал байгаагүй, санал гаргаагүй этгээдийг худалдагч, улмаар худалдаалах зорилготой гэж дүгнэх боломжгүй, эсвэл худалдан авагч гэж ойлгож, тодорхойлж болохгүй бөгөөд харин зуучилсан, дамжуулсан үйлдэл байж болно. Эдгээр нөхцөл байдлууд нь шүүгдэгч Б-, Н-, А- нарын мэдүүлгүүдээр давхар нотлогддог.
3. 30.000 төгрөгөөр худалдан авах саналыг анх шүүгдэгч Б- гаргасан гэдэг нөхцөл байдал шүүгдэгч нарын мэдүүлгүүдээр маргаангүй тогтоогддог. Энэ талаар хэн ч маргаагүй. Б-ы гаргасан саналыг Н-, А- нар Батмагнайд дамжуулж тэрээр хүлээн зөвшөөрснөөр өгсөн зүйлийг нь Б-д дамжуулсан үйлдлийг худалдаалах зорилгоор олж авсан, худалдсан гэж үзэх үндэслэлгүй. Харин А-, Н- нарын үйлдэлд Б-ы худалдан авах үйлдлийг амлалгүйгээр дэмжиж байгаа нөхцөл байдал байгааг үгүйсгэхгүй юм.
Иймд шийтгэх тогтоолд заасан үндэслэл хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хуулийг буруу буюу төсөөтэй хэрэглэсэн, анхан шатны шүүхийн дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан байх тул шүүгдэгч А-ын үйлдэл холбогдлыг “гэмт хэргийн шинжгүй” гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож өгнө үү. Түүнчлэн Батмагнайг оролцуулалгүйгээр хэргийг шийдвэрлэх нь шүүгдэгч нарыг эрх зүйн байдлыг дордуулж байгааг хэлэх нь зүйтэй. ...” гэв.
Шүүгдэгч Э.А-ын өмгөөлөгч Б.Дашдорж давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...миний хувьд шүүгдэгч А-ын үйлдэл, холбогдлын талаар маргахгүй. Гэмт хэрэг гарснаас хойш 4 жилийн хугацаа өнгөрсөн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад А- дахин гэмт хэрэгт холбогдоогүй нь түүний хувийн байдлыг илтгэх хүчин зүйл болж байна. Тэрээр хийсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж, үйлдсэн хэргийнхээ талаар үнэн зөвөөр мэдүүлж ирсэн байх тул түүнд оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг баримтлан хөнгөрүүлж өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч Б.Н-ын өмгөөлөгч Ч.Энхээ давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...шийтгэх тогтоолыг дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:
- Н- нь Б-ыг удаа дараа гуйж ятгаснаар Батмагнайгаас хар тамхины төрлийн мансууруулах бодисыг авч Б-д дамжуулахыг зөвшөөрсөн боловч тухайн мансууруулах бодис, түүний үнэ болох 30.000 төгрөгийг биечлэн дамжуулаагүй, уг үйлдлийг А- гардан гүйцэтгэсэн нь шүүхийн хэлэлцүүлгийн явцад нотлогдсон атал Н-ыг хар тамхины төрлийн бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, худалдсан гэж шийтгэсэн нь илт хилс байна.
- Н-, А- нар нь уг үйлдлээ урьдаас төлөвлөөгүй, худалдаалах зорилго тавиагүй, худалдаагүй гэдэг нь Батмагнайгаас авсан мансууруулах бодисоо бүрэн хэмжээгээр нь Б-д өгч, түүнээс авсан 30.000 төгрөгөө бүрэн хэмжээгээр нь Батмагнайд дамжуулсан, дундаас нь өөрсдөө ямар нэг ашиг олоогүйгээс тодорхой харагддаг. Эрүүгийн хуульд заасан “худалдах” гэдэг ойлголт нь өөрийн шууд өмчлөлд байгаа зүйлээ захиран зарцуулах үйлдэлд хамаарахаас бус, нэгнээс авч, бусдад дамжуулах үйлдэлд хамаарахгүй ойлголт. Үүнийг тухайлан мөнгө, эд зүйлийг захиалагчийн хүсэлтээр гуйвуулж, шилжүүлэх үйл ажиллагаа эрхэлдэг банк, санхүүгийн байгууллага болон каргогийн үйл ажиллагаатай адилтгаж болно. Гэтэл Батмагнайгаас мансууруулах бодисыг Б- дамжуулах зорилгоор авсныг өөрийнхөө өмчлөлд шилжүүлэн авсан мэтээр ойлгож шийтгэсэн нь хуулийг буруу хэрэглэсэн байна. Учир нь, хуульд заасан захиран зарцуулах эрхийг олж авна гэдэг нь тухайн худалдаалах эд зүйлийн үнийг өөрөө тогтоох, өөрчлөх эрхийг олж авах, түүнийгээ хэрэгжүүлэхийг хэлэх бөгөөд А-, Н- нарын үйлдэлд ийм байдал харагдахгүй байна.
- Хуулийг буруу хэрэглэсний бас нэг жишээ бол бусдыг ятгах замаар, санаатайгаар гэмт хэрэгт татан оруулсан хатгагч болох Б-д оногдуулсан ял шийтгэл нь Н-, А- нарт оногдуулсан ялаас илт хөнгөн байгаагаас харж болно.
- Тухайн гэмт хэргийн байдлаас харвал мансууруулах бодисыг худалдагч нь Батмагнай, худалдан авагч нь Б- байх бөгөөд худалдагч, худалдан авагчийн хооронд дундаас нь ямар нэг ашиг олох зорилгогүйгээр тухайн бодис, мөнгийг дамжуулсан Н-, А- нар нь гэмт хэргийг хамтран үйлдээгүй, зөвхөн худалдах, худалдан авах үйлдлийг хийсэн этгээдүүдэд ашиглуулах замаар хамтран оролцсон гэдэг нь шүүхийн хэлэлцүүлгийн явцад хөдөлбөргүй тогтоогдсон байтал тэднийг мансууруулах бодисыг худалдаалах зорилгоор олж авах, худалдах үйлдлийн гүйцэтгэгч гэж үзэн ял халдаасан нь буруу байна.
- А-, Н- нарын үйлдэл нь Батмагнай, Б- нарын мансууруулах бодисыг худалдаалах, худалдан авах үйлдэлд урьдчилан амлаж, зуучлах замаар дэмжлэг үзүүлсэн шинж тодорхой илэрсэн, энэ утгаараа хамжигч нар болохоос гүйцэтгэгчид биш байх тул тэднийг яллаж, шийтгэсэн зүйлчлэл илт буруу байна. Тэр тусмаа худалдан авах үйлдлийг шууд санаатайгаар хийсэн гүйцэтгэгч Б-д оногдуулсан ялаас илүү хүнд ял шийтгэл оногдуулсан нь хилс болжээ.
Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч Б.Н- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...би хэрэгт холбогдох үедээ 19 настай байсан. Тухайн бодисыг худалдаж ашиг олоогүй. Сургуульдаа үргэлжлүүлэн суралцаж, цаашид сайхан амьдрахыг хүсэж байна. ...” гэв.
Шүүгдэгч М.Д-ий өмгөөлөгч Г.Ганбадрах тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...хэргийн нөхцөл байдлаас үзвэл Д-ий гэрт Батмагнай гэгч цүнхээ үлдээсэн бөгөөд тухайн цүнхнээс Батмагнай нь мансууруулах бодисыг гаргаж ирээд татаж эхлэхэд нь Д- сонирхоод сорж үзсэн байдаг. Анхан шатны шүүх Д-ий гэрт мансууруулах бодисыг хэрэглэх хугацаандаа хадгалсан гэж дүгнэн миний үйлчлүүлэгчид ял халдааж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Өөрөөр хэлбэл Батмагнайгийн үйлдэл холбогдлыг тусгаарлаж, миний үйлчлүүлэгчид ял халдааж шийдвэрлэсэнд гомдолтой байна. ...” гэв.
Прокурор Б.Долгион тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...шүүгдэгч Д- 2015 оны 7 дугаар сарын 14-ний өдөр Батмагнайгийн авчирсан цүнхэнд байсан зүйлийг мансууруулах бодис гэдгийг мэдээд, хэрэглэсэн. Улмаар 2019 оны 7 дугаар сарын 15-ны өдөр хүртэл буюу тухайн бодисыг цагдаагийн байгууллагаас хураан авах хүртэл гэртээ хадгалсан гэж анхан шатны шүүх дүгнэсэн. Энэхүү дүгнэлт нь хэргийн бодит нөхцөл байдалтай нийцсэн. Өмгөөлөгч Алтан-Өлзийгийн зүгээс зуучилсан, дамжуулсан үйлдэл нь гэмт хэрэг биш, анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг төсөөтэй хэрэглэсэн талаар маргаж байна. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд Н-ыг интернет кафед сууж байхдаа Б- түүнээс мансууруулах бодис олдох уу гэж асуусан байдаг. Уг саналыг Н- хүлээн авсан талаараа Б- мэдүүлсэн. Үүний дагуу А-ын утасны дугаарыг өгч холбогдсон гэдэг. Улмаар “Тэнгис” кино театрт уулзсан талаараа мэдүүлдэг. А-, Н- хоёр мансууруулах бодис хаана байгааг мэдсэн. Худалдан авах саналыг хүлээж авсан учраас худалдах зорилгоор 5,2 гр жинтэй бодисыг хүлээн авч худалдсан. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт худалдаалах зорилгоор олж авсан, түүнийгээ худалдсан гэж гэмт хэргийн шинжийг тодорхойлсон байгаа. Худалдаад ашиг олсон гэх үг, өгүүлбэр хуульд байхгүй. Худалдсан гэх үг утгаараа хавтас хэрэгт авагдсан баримтаар нотлогдсон. Иймд Эрүүгийн хуулийг төсөөтэй хэрэглээгүй. Өмгөөлөгч Ганбадрахын зүгээс тухайн цүнх Батмагнайгийнх байсан. Тэр цүнхэн дотроос мансууруулах бодис гаргаж ирэхэд нь хэрэглэсэн тул гэм буруугүй гэх тайлбарыг хэлж байна. Гэвч 2015 оны 7 дугаар сарын 14-ний өдөр авчирсан цүнхэнд нь юу байсныг мэдсэн, түүнийг хэрэглэсэн, хэрэглэсэн бодисыг цагдаагийн алба хаагчдаас хураан авч, таслан зогсоох хүртэл өөрийн гэртээ хадгалсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байгаа. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй гарсан тул хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдсан гомдлуудад дурьдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.
Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.
Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болох яллагдагч М.Д-ий “...2015 оны 6 дугаар сарын сүүлээр Батмагнай манай гэрт ирэхдээ уг саарал цүнхийг үлдээсэн. Тэр дотроо шивээсний машин хийчихсэн гэж надад хэлж байсан. Би цүнхэн дотор юу байгааг харж үзээгүй. 2015 оны 7 дугаар сарын 14-ний өдөр Батмагнай, Бат-Очир бид нар Батмагнай надад каннабис байгаа гэж хэлсэн. Тэгээд жижигхэн ууттай өвс гаргаж ирээд энийг сонирхож үзэх үү гэсэн. Бат-Очир бид хоёр зөвшөөрөөд янжуур тамхины оронд хийгээд нэгийг гурвуулаа хувааж татсан...” /1хх-ийн 222/,
яллагдагч Д.Батмагнайгийн “...2015 оны 3 дугаар сард би шивээс хийж байсан залуугаасаа шивээснийхээ оронд бага хэмжээний 2 ууттай өвс авсан. 2015 оны 7 дугаар сарын 14-ний өдөр би үлдэгдэл өвсөө Д-ий гэрт хэрэглэсэн. 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдөр А-, Н- нар “Чамд өвс олдох уу, тамхины хайрцагны талаас жаахан дээгүүр хэмжээтэйг олоод өгчих, 30.000 төгрөг өгье” гэсэн. Тэгээд би гэрт очоод өвс аваад Parliament тамхины хайрцагны талаас жаахан дээгүүр хийгээд 17 цагийн үед Тэнгис кинотеатрын ойролцоо уулзахаар болсон. Яваад очтол А-, Н- нар байсан. Тэгээд А- “Нэг хүүхэд надад ирж мөнгө өгөх ёстой жаахан хүлээчих” гэсэн. Би Тэнгис кинотеатр дотор сууж байтал нөгөө хоёр эргэж ирээд надад 30.000 төгрөг өгсөн. Гэхдээ хүнд өгөх гэж байгаа гэдгээ хэлээгүй. ...” /2хх-ийн 82-83/,
яллагдагч И.Б-ы “...2015 оны 10 дугаар сарын 20-ны өдөр би Н-д хандаж “30.000 төгрөгөөр өвс олоод өгөөч” гэж ярьж байснаа санаж байна. Тэр өдрөө 17 цагийн үед Н-тай Тэнгис кинотеатрын гадаа уулзахаар болоод яваад очтол Н-, А- нар гарч ирээд надад тамхины хайрцаг өгөхөөр нь нээгээд үзтэл талаар нь өвс харагдахаар нь би жоохон байна шдээ гэж хэлээд тэр хоёр дагуулаад Тэнгис кинотеатрын АТМ-аас өөрийн Хаан банкны картнаас 30.000 төгрөг авч өгсөн. ...” /2хх-ийн 105-106/,
яллагдагч Э.А-ын “...2015 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Н- бид хоёр Их дэлгүүрийн ойролцоо уулзсан. Н- Батмагнайтай миний утсаар яриад Тэнгис кинотеатрт уулзъя гэж тохирсон. Тэнгис кинотеатр дотор Н- Батмагнайгаас тамхины хайрцагтай юм аваад бид хоёр гараад Б- гэх залуутай уулзаад өгсөн. Тэгсэн чинь Б- Тэнгис кинотеатрын нэг банкны АТМ-аас мөнгө аваад Н-д өгчихөөд явсан. Н- бид хоёр буцаж ороод Н- Батмагнайд Б-аас авсан мөнгөө өгсөн. 30.000 төгрөг гэж байсан. Ер нь бол сорж хэрэглэж таашаал авдаг ургамал гэдгийг мэдэж байсан. Мөн 2015 оны 10 дугаар сарын 20 билүү 21-ний өдөр Н-ын хамт Их дэлгүүрийн хойд талын байрны орцонд цаасанд ороосон өвсийг хэрэглэсэн. Уг өвсийг Н- Батмагнайгаас авсан гэж байсан. ...” /2хх-ийн 93-94/,
яллагдагч Б.Н-ын “...2015 оны 10 дугаар сарын 20-ны өдөр А- бид хоёр уулзаад Их дэлгүүрийн хойд талын байранд байх интернэт кафед сууж байтал Б- өөрийнхөө Фэйсбүүк хаягаас “Өвс байна уу, олоод өгөөч” гэж бичсэн. Тэгэхээр нь би А-ын утасны дугаарыг өгөөд залга гэж хэлсэн. Б- утсаар ярихдаа “Чи надад 30.000 төгрөгөнд тамхины хайрцгаар өвч олоод өгчих” гээд намайг шаналгаад байхаар нь би Батмагнайтай утсаар холбогдоод “Өвс байна уу” гэж асуусан. Тэгээд Батмагнайтай тэр өдрөө 17 цагийн үед Тэнгис кинотеатрын гадна А- бид хоёр уулзаад Батмагнай А-т тамхины хайрцагтай өвс өгсөн. Тэгээд Б-ыг дуудаад бид гурав хүлээгээд суусан. Б- ирээд Тэнгис кинотеатрын АТМ-аас 30.000 төгрөг аваад А-т өгсөн. А- мөнгийг нь аваад өвсөө Б-д өгсөн. А- бид хоёр буцаж ороод Батмагнайд 30.000 төгрөгийг нь өгсөн. Тухайн үед А- Батмагнайгаас жаахан өвс авчихсан байсан. Тэгээд бид гурав салж яваад А- бид хоёр Их дэлгүүрийн хойд талын байрны орцонд нөгөө өвсөө янжуур тамхины дотор хийгээд татсан. ...” /3хх-ийн 99-100/,
гэрч С.Энхжаргалын “...Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо, 22 дугаар байрны 37 тоотыг эзэд нь түрээслэдэг юм. Манайх зэрэгцээ айл ба ханаар тусгаарлагддаг юм. Уг тусгаарладаг хананд цахилгаан тоолуур байдаг ба уг залууг амьдарч байх үед тоолуурын заагаар утаа ч юм шиг сонин үнэр орж ирж байсан удаатай. ...” /1хх-ийн 171-172/,
гэрч Р.Мөнхбаатарын “...2015 оны 10 дугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнө эргүүлийн үүрэг гүйцэтгэж байх үед Улаанбаатар зочид буудлын урд талын цэцэрлэгт сэжиг бүхий хүн явж байхад нь уулзаад зогсож байтал тэр орчим явж байсан нэг тэнэмэл маягийн хүүхэн “Наадах чинь хар тамхи гэж яриад байсан шүү” гэхээр нь уулзаад шалгасан. Тэр залуу өөрийгөө Б- гэж байсан ба халаасандаа тамхины хайрцагтай эд зүйл авч явсан. Дотор нь өвс шиг юм байсан. Энэ юу вэ гэж асуухад каннабис гэж хэлсэн. Тэгээд чи үүгээр юу хийдэг юм бэ гэтэл би өөрөө хэрэглэдэг юм аа гэж хэлсэн. Чи үүнийг хаанаас олж авсан юм бэ гэтэл Соёл Урлагийн Их Сургуулийн 2 дугаар дамжаанд сурдаг найзаасаа олж авсан гэж хэлсэн. ...” /2хх-ийн 21/ гэсэн мэдүүлгүүд,
2015 оны 7 дугаар сарын 15-ны өдөр иргэнээс ирүүлсэн гэмт хэргийн шинжтэй мэдээллийн дагуу М.Д-ий түрээслэн амьдарч байсан Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, 22 дугаар байрны 37 тоотод үзлэг явуулж, “өвс” мэт зүйл, түүнийг хэрэглэхэд ашигласан мөнгөн дэвсгэрт, хуванцар сав гэх мэт зүйлсийг эд мөрийн баримтаар хураан авсан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-ийн 5-15/,
2015 оны 10 дугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Улаанбаатар зочид буудлын урд цэцэрлэгт И.Б-ыг цагдаагийн албан хаагч саатуулан шалгахад түүний биеэс “Parliament” тамхины хайрцанд хийсэн “өвс” мэт зүйл илэрснийг хураан авсан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-ийн 230-233/,
дээрх эд зүйлс болон Б.Бат-Очир, Д.Батмагнай, М.Д-, Э.А-, И.Б-, Б.Н- нарын биеэс авсан биологийн дээжинд мансууруулах буюу сэтгэцэд нөлөөт бодисын агууламж илэрсэн тухай Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн химийн шинжээчийн 6645, 6408, 6409, 9338, 9339 дугаартай дүгнэлтүүд /1хх-ийн 58-59, 61-62, 66-67, 2хх-ийн 32-33, 36/ зэргийг харьцуулан шинжлэн судлахад;
М.Д- нь Д.Батмагнайтай бүлэглэн 2015 оны 3 дугаар сард борлуулах зорилгогүйгээр, хууль бусаар олж авсан Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламж бүхий 122.1 гр жинтэй “каннабис” гэх мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх бодисыг 2015 оны 7 дугаар сарын 14-нөөс 15-ны өдрийг хүртэл хугацаанд өөрийн түрээслэн амьдарч байсан Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, 22 дугаар байрны 37 тоотод хадгалсан,
И.Б- нь 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Тэнгис” кино театрын гадна Э.А-, Б.Н- нараас Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламж бүхий 5.2 гр жинтэй “каннабис” гэх мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх бодисыг борлуулах зорилгогүйгээр худалдан авсан буюу хууль бусаар олж авч, биедээ хадгалсан,
Э.А-, Б.Н- нар бүлэглэн 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Тэнгис” кино театрын гадна Д.Батмагнайгаас Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламж бүхий 5.2 гр жинтэй “каннабис” гэх мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авч, мөн өдрөө И.Б-д 30.000 төгрөгөөр худалдсан гэмт хэргийн үйл баримтууд тус тус тогтоогдлоо.
Хэрэгт нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.
Шүүгдэгч М.Д- давж заалдах гомдолдоо: “...би Батмагнайгийн цүнхэнд тухайн үед юу байсныг мэдээгүй. Мансууруулах төрлийн бодисыг хэрэглэх санаа зорилго байгаагүй. Согтууруулах ундаа ихээр хэрэглэсэн байсан тул юу хэрэглэж байсныг мэдэх сөхөөгүй байсан...” гэж, шүүгдэгч Э.А-ын өмгөөлөгч М.Алтан-Өлзий, шүүгдэгч Б.Н-ын өмгөөлөгч Ч.Энхээ нар давж заалдсан гомдолдоо: “...мансууруулах бодисыг худалдагч нь Батмагнай, худалдан авагч нь Б-. Харин А-, Н- нар Б-аас мөнгийг нь авч Батмагнайд дамжуулсан бөгөөд тэд ямар нэгэн ашиг хонжоо олоогүй. Иймээс тэдний үйлдлийг худалдсан гэж үзэхгүй...” хэмээн тус тус гэм буруугийн асуудлаар маргажээ.
Мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар хадгалах гэмт хэрэг нь хэлбэрийн бүрэлдэхүүнтэй бөгөөд ямар хугацаанд хадгалснаас үл хамааран уг бодисыг өөртөө хүлээн авч, биедээ авч явах, орон байр, агуулах сав зэрэгт байлгаснаар төгсдөг. М.Д- нь Д.Батмагнайгийн үлдээсэн цүнхэнд мансууруулах төрлийн бодис байгаа болохыг 2015 оны 7 дугаар сарын 14-ний өдөр түүнээс анх олж мэдсэн бөгөөд тэрээр уг бодисын талаар зохих хуулийн байгууллагад мэдэгдэхийн оронд бусадтай хамт хэрэглэж, 2015 оны 7 дугаар сарын 14-нөөс 15-ны өдрийг хүртэл хугацаанд өөрийн гэртээ байлгасан болох нь нотлогдон тогтоогдсон.
Иргэний гүйлгээнд чөлөөтэй арилжаалагддаггүй мансууруулах бодисын хууль бус эргэлттэй холбоотой гэмт хэргийн үйлдлийн хэв шинж, арга болон тухайн төрлийн гэмт хэргийн онцлог шинжээс хамаарч худалдаалах гэдэгт дан ганц төлбөртэйгөөр худалдаж буй хэлбэрээр хязгаарлагдахгүй бөгөөд хариу төлбөртэй эсхүл хариу төлбөргүйгээр бусдад шилжүүлж байгаа /худалдах, бэлэглэх, солилцох, эсхүл үүргийн гүйцэтгэлд тооцох, өрөнд өгөх гэх мэт/ аливаа хэлбэр, түүнчлэн мансууруулах бодисыг тодорхой хүний биед нь тарих гэх мэт бүхий л арга хэрэгслээр түгээж байгаа үйлдлийг багтааж буй ойлголт бөгөөд мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх бодисыг шилжүүлж байгаа хэлбэрээс үл хамааран уг үйлдлийн үр дүнд өөр хэн нэгэн хүн мансууруулах бодисыг бодитойгоор эзэмшсэнээр худалдаалсан гэмт хэрэг төгс үйлдсэнд тооцогддог.
Э.А-, Б.Н- нарын хувьд “өвс” гэх нэршилтэй бодисыг худалдан авах саналыг Д.Батмагнайд өөрсдийн зүгээс тавьсны дагуу тухайн бодисыг хүлээн авч, эзэмшилдээ байлгасан. Улмаар түүнийгээ И.Б-д шилжүүлж хариуд нь 30.000 төгрөгийг авч, дараа нь Д.Батмагнайд уг мөнгийг хүлээлгэн өгсөн болох нь нотлогдон тогтоогдсон. Энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байх тул гэм буруугийн талаар маргасан шүүгдэгч М.Д-, шүүгдэгч Э.А-ын өмгөөлөгч М.Алтан-Өлзий, шүүгдэгч Б.Н-ын өмгөөлөгч Ч.Энхээ нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй болно.
Үүнээс гадна, холбогдогч Д.Батмагнай 2017 оны 3 дугаар сарын 30-ны өдөр Буянт-Ухаа боомтоор Бүгд Найрамдах Турк улс руу зорчихоор Монгол Улсын хилээр гарч яваад эргэж ирээгүй, шүүхийн шатнаас оргон зайлсан тул түүнд холбогдох хэргийг энэ хэргээс тусгаарласныг буруутгах үндэслэлгүй бөгөөд энэ нь М.Д-, И.Б-, Э.А-, Б.Н- нарын гэм буруугийн асуудлыг эцэслэн шийдвэрлэхэд саад болохгүйг дурьдвал зохино.
М.Д-, И.Б-, Э.А-, Б.Н- нарт холбогдох хэргийг хянан шийдвэрлэх явцад, Монгол Улсын Их хурлаас 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр батлагдсан Эрүүгийн хууль /Шинэчилсэн найруулга/-ийг 2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс дагаж мөрдсөн ба энэ хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ.” гэж, 2 дахь хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон, оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй.” гэж тус тус заажээ.
Буцаан хэрэглэгдэж буй хөнгөн хууль гэдэгт гэмт хэргийн шинж, онцлогийг тодорхойлж буй нөхцлийн бүрдэл, ял шийтгэлийн төрөл, хэмжээнд орж буй өөрчлөлтийг ойлгохоос гадна, хүний эрх зүйн байдлыг аливаа хэлбэрээр дээрдүүлж байгаа эрүүгийн хуулийн зохицуулалтад хамаарах бусад хэм хэмжээнүүд мөн адил багтдаг.
Прокуророос М.Д-ийг Д.Батмагнайтай бүлэглэн мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэж 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт, И.Б-ыг мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар олж авч, хадгалсан гэж 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт, Э.А-ыг Б.Н-тай бүлэглэн мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх бодисыг худалдаалах зорилгоор олж авч, худалдсан гэж 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт, Б.Н-ыг Э.А-тай бүлэглэн мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх бодисыг худалдаалах зорилгоор олж авч, худалдсан гэж 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн “мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан” гэх шинж нь 2015 оны Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжээс хасагдсан тул шүүгдэгч И.Б-ыг дээрх шинжээр буруутгах нь Эрүүгийн хуулийн гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулахгүй байх зарчим, үзэл баримтлалд нийцэхгүй юм. 2015 оны Эрүүгийн хуулиар өөрийн гэм бурууг сайн дураар хүлээн зөвшөөрсөн хүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын зохицуулалт 2002 оны Эрүүгийн хуульд зааснаас хөнгөрсөн гэж үзэх үндэслэлтэй байна.
Түүнчлэн шүүгдэгч Э.А-, Б.Н-ын нарын гэмт үйлдэл нь 2015 оны Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, худалдсан” гэмт хэргийн шинжид нийцэн тохирч байх ба уг гэмт хэрэгт оногдуулах хорих ялын доод хэмжээ нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулах хорих ялын доод хэмжээнээс багасчээ.
Дээрх байдлуудыг үндэслэн анхан шатны шүүх прокуророос И.Б-ыг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өөрчлөн зүйлчилж, түүнийг мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, М.Д-ийг мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэж 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, Э.А-ыг мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авч, худалдсан гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэж 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, Б.Н-ыг мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авч, худалдсан гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэж 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн, зүйлчлэл тохирсон байна.
Шүүхээс шүүгдэгч нарын гэм буруу, хувийн байдал, үйлдсэн гэмт хэрэг тус бүрийн нийгмийн аюулын шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан М.Д-, Э.А-, Б.Н- нарт тухайн зүйл, хэсгүүдэд заасан ялын доод хэмжээнд хүнд биш ял оногдуулсан байх ба И.Б-ы анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 3 жилийн хугацаагаар тэнсэж, энэ хугацаанд тодорхой эрх хязгаарлах албадлагын арга хэмжээг авч шийдвэрлэснийг буруутгах үндэслэл тогтоогдсонгүй.
Хэдийгээр И.Б-ыг хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн явдал нь хууль хэрэглээний хувьд учир дутагдалтай болсон боловч ийнхүү шийдвэрлэснээр түүний эрх зүйн байдал дээрдэж байгаа тул уг асуудлыг хөндөхгүй орхисон болно.
Харин шүүх шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт М.Д-д хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаар тусгахдаа “...нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр торгох ял шийтгэх нь зүйтэй...” гэсэн ойлгомжгүй болсон ба шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцсон тухайн гэмт хэргийг тодорхойлох хэд хэдэн шинжийг тусгалгүй орхигдуулсны зэрэгцээ, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн зохих заалтыг баримтлаагүй, зарим үгийг хуульд зааснаас өөрөөр бичсэн, мөн торгох ялыг биелүүлээгүй, тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн, тогтоосон хязгаарлалтыг зөрчсөн тохиолдолд хууль зүйн үр дагавар үүсгэх зохицуулалтуудыг тусгаагүй байх тул эдгээрийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна.” гэсэн хуулийн шаардлагад нийцүүлэн давж заалдах шатны шүүхээс нөхөн гүйцэтгэх нь зүйтэй гэж үзлээ.
Уг эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаад багагүй /4 жилийн/ хугацаа өнгөрсөн ба энэ хугацаанд Э.А-, Б.Н- нар нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд аливаа байдлаар саад учруулаагүй, дахин гэмт хэрэгт холбогдоогүй, өөрсдийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, үйлдсэн хэрэгтээ гэмшиж буйгаа илэрхийлсэн болон ар гэр, хувийн байдлуудыг нь харгалзан тэдэнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад зааснаар тухайн зүйл, хэсэгт заасан ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй буюу 1 жилийн хорих ялыг тус бүр оногдуулах хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.
Иймд “...хорих ялыг хөнгөрүүлж өгөхийг...” хүссэн шүүгдэгч Э.А-, түүний өмгөөлөгч Б.Дашдорж нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хүлээн авч, дээр дурьдсан үндэслэлүүдээр шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт зохих өөрчлөлтийг оруулж, бусад заалтуудыг хэвээр үлдээж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.5 дахь заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 325 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:
- 2 дахь заалтыг “Шүүгдэгч Браун овгийн Мөнхбатын Д-ийг 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
шүүгдэгч Хорчин овгийн Идэрбатын Б-ыг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар мансууруулах буюу сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
шүүгдэгч Монгол овгийн Энх-Амгалангийн А-ыг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар мансууруулах буюу сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, худалдсан гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэм буруутайд,
шүүгдэгч Чулууныхан овгийн Баярцэцэгийн Н-ыг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар мансууруулах буюу сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, худалдсан гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.” гэж,
- 3 дахь заалтыг “2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч И.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 3 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад зааснаар тэнссэн хугацаанд согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоож, биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Д-ийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэг зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 19.200.000 төгрөгөөр торгох ялаар, 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг баримтлан тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.А-, Б.Н- нарыг тус бүр 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.” гэж,
- 4 дэх заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.А-, Б.Н- нарт тус бүр оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.” гэж тус тус өөрчилсүгэй.
2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “Тэнссэн хугацаанд хүлээлгэсэн хязгаарлалтыг зөрчсөн бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг шүүгдэгч И.Б-д мэдэгдсүгэй.” гэсэн,
“Шүүгдэгч М.Д- нь шүүхээс оногдуулсан торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй тохиолдолд уг ялыг хорих ялаар сольж болохыг сануулсугай.” гэсэн тус тус нэмэлт заалтуудыг оруулж, тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.
3. Шүүгдэгч М.Д-, шүүгдэгч Э.А-ын өмгөөлөгч М.Алтан-Өлзий, шүүгдэгч Б.Н-ын өмгөөлөгч Ч.Энхээ нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
4. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Т.ӨСӨХБАЯР
ШҮҮГЧ Ж.ЭРДЭНЭЧИМЭГ
ШҮҮГЧ Н.БАТСАЙХАН