Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 07 сарын 20 өдөр

Дугаар 2442

 

 

 

 

2018 оны 07 сарын 20 өдөр

Дугаар 101/ШШ2018/02442

*******

 

                                          МОНГОЛ  УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны  шүүхийн шүүгч Д.Цэрэндолгор даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б   /-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: М    /,

Хариуцагч: *******,*******,*******,*******,*******,******* хаягт байрлах “Х ” ХХК нарт холбогдох,

Орон сууцны урьдчилгаа төлбөрт төлсөн 21,641,400 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Н.Б  , нэхэмжлэгчийн өмгөөлөгч В.О, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ш, гэрч М.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ж.Баянжаргал нар оролцов.

                                               ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан  тайлбартаа:

“Н.Б   би өөрийн нөхөр Д.Ө ийн хамт ******* байрлалтай, Үйлчилгээний төвтэй 52 айлын орон сууцны 78 дугаар байрны 1 дүгээр орцны 5 давхарын 17 тоот орон сууцыг Хас банкны зээлэнд хамрагдан худалдаж авахаар болж, 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдөр "Орон сууц захиалан бариулах гэрээ"-г "Х " ХХК-ийн захирал Б.М   тай байгуулсан юм. Ингэж гэрээг байгуулахдаа 65,58 м.кв орон сууцны нийт үнэ болох 72,138,000 төгрөгнөөс урьдчилгаа төлбөрт 21,641,400 төгрөгийг бэлнээр төлсөн. Үлдэгдэл 50,496,600 төгрөгийг банкны зээлэнд хамрагдаж төлөхөөр тохиролцсон гэрээг байгуулсан. Ингээд тохиролцооныхоо үндсэн дээр уг байранд 2016 оны 1 сард нүүж орсон. Байранд орсон цагаасаа хойш орон сууц, цахилгаан, халаалт зэргийн мөнгийг тогтмол төлж явсан. Гэтэл банкны 8 хувийн зээл маань бүтээгүй. Банкнаас зээл бүтэхгүй гэсэн хариуг авангуутаа 2016 оны 11 сард байрнаасаа бид өөрсдөө нүүж гарч, түлхүүрийг нь хүлээлгэн өгсөн. Тус байранд 11 сар амьдарсан. Энэнээс хойш "Х " ХХК-ийн захирал Б.М    нь манай урьдчилгаанд төлсөн 21,641,400 төгрөгийг маань эргүүлж өгөлгүй өнөөдрийг хүрч байна. Б.М    нь мөнгөө нэхээд утсаар ярихаар хуулийн зөвлөх гээд хүний утас өгдөг. Тэр хүмүүс нь манай "Х " ХХК нь үйл ажиллагаагаа зогсоосон байгаа. Гэрээгээ авч ирээд бидэнтэй тооцоо хий гэдэг ч би энэ үл таних хүмүүстэй биш гэрээний нэг тал болсон Б.М   тай тооцоогоо дуусгах нь зөв гэж үзэж өөрсдийн төлсөн орон сууцны урьдчилгаа төлбөр болох 21,641,400 төгрөгийг "Х " ХХК-ийн захирал Б.М   аас гаргуулж авахаар шаардаж шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Иймд шүүх хуулийн дагуу "Х " ХХК, захирал Б.М   аас миний орон сууцны урьдчилгаа төлбөрт төлсөн 21,641,400 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэв.

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Манай компани нь ******* Үйлчилгээний төвтэй 52 айлын орон сууцны 78 дугаар байрыг барьж 2015 оны 12 сарын 23-ны өдөр улсын комисст хүлээлгэн өгсөнөөр 78 дугаар байрыг барьж ашиглалтанд оруулсан. Д.Ө  нь 78 дугаар байрны 1 дүгээр орц, 17 тоот 65,58 м.кв, 72,138,000 төгрөгний үнэ бүхий орон сууцыг 1,100,000 төгрөгөөр тохирч 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдөр “Орон сууц захиалан бариулах гэрээ”-г манай компанитай байгуулж урьдчилгаа төлбөрт 13,580,000 төгрөгийг төлсөн үлдэгдэл төлбөр болон 58,558,000 төгрөгийг банкны лизингд хамрагдаж төлөхөөр тохиролцсон. Бид гэрээнд заасан хугацаандаа уг байрыг ашиглалтанд оруулж, байрандаа орсон боловч гэрээний үүргээ биелүүлээгүй, үлдэгдэл төлбөрөө төлөхгүй их хугацаа өнгөрч удаа дараа шаардсан боловч ямар нэгэн төлөх нөхцөл санал болгохгүй байрнаасаа шууд гарсан байсан. Орон сууцны захиалгын гэрээ нь 2 талын хүсэл зорилгын үндсэн дээр байгуулагдсан. Энэ гэрээний дагуу дээрх төлбөрийг төлөхөөр тохиролцсон. Гэтэл Д.Ө ийнх төлбөр төлөх графикийг байнга хэтрүүлдэг, маш олон удаа шаардаж байж дээрх урьдчилгаа төлбөрийг хэд хэдэн удаагийн төлөлтөөр 13,580,000 төгрөгийг төлсөн байгаа. Иргэний хуулийн 222 дугаар зүйлд ямар тохиолдолд үүрэг гүйцэтгэгч хугацаа хэтрүүлсэн гэж үзэх, хугацаа хэтрүүлсэн тохиолдолд хүлээх хариуцлагыг тодорхой заасан байдаг. Хоёр талын гэрээ байхад гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол гэрээнээс татгалзсантай холбоотой зардлыг шаардах эрхтэй. “Орон сууц захиалан бариүлах гэрээ”-ний 7.2.1. 7.2.2, 7.4, 7.10-т ... заалтын дагуу гэрээ цуцлагдсан тохиолдолд захиалагч нь гэрээний нийт үнийн дүнгийн 20 хувьтай тэнцэх торгуулийг төсөл хэрэгжүүлэгч талд төлнө гэж заасан. Энэ нь үйлчилгээний зардал болон захиалга хойшлуулж, борлуулалт саатуулсны торгуульд суутгуулах үүрэгтэй бөгөөд Иргэний хуулийн 219.4 дэх заалтын дагуу захиалагч нь учирсан хохиролыг арилгах үүргээс чөлөөлөгдөхгүй юм. Иймээс манай компани нь гэрээний дагуу дээрх нэхэмжилсэн үнийн дүнг нэхэмжлэгч талын компанид төлсөн 13,580,000 төгрөгнөөс гэрээний нийт үнийн дүнгийн 20 хувьтай тэнцэх төгрөгийг хүлээн зөвшөөрөх ба бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй юм. Үүрэг гүйцэтгэгчийн буруутай үйл ажиллагаанаас болж гэрээ цуцлагдаж байгаа. Ер нь тухайн байгууллага нь ашгийн төлөө хуулийн этгээд. Тэгэхээр гэрээ байгуулчихаад захиалагч төлбөрөө төлж чадахгүйн улмаас компанийн борлуулалт. нэр хүнд, үйлчлүүлэгчид зарцуулсан цаг хугацаа гээд учирч байгаа зайлшгүй гарах зардал хохирол байна. Одоо Д.Ө , Н.Б   нарын амьдарч байсан байрыг авах захиалагч байхгүй тухайн захиалгын үед бид үйлчлүүлэгчээ олох байсан боловч дээрх цаг хугацаа өнгөрснөөр байр одоогоор тодорхой эзэнгүй байгаа нь компанийн хувьд учирч байгаа бодит хохирол байна. Иймд урьдчилгаанд төлсөн төлбөрийг 100 хувь буцаан олгох боломжгүй юм. Мөн нэхэмжлэгчийн нэхэмжлээд байгаа 21,641,400 төгрөгнөөс 13,580,000 төгрөгийг дээр дурьдснаар хүлээн зөвшөөрч, үлдэгдэл 8,061,400 төгрөг нь компанид орлогоор орж ирээгүй, тайлан тооцоонд тусгагдаагүй, анх гэрээ байгуулсан үнийн дүн болон төлсөн урьдчилгаа төлбөртэйгээ тааруулан бичигдсэн хуурамч баримт тул хүлээн зөвшөөрөхгүй байгаа болно” гэв.

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Н.Б   нь хариуцагч “Х ” ХХК, Б.М    нарт холбогдуулан орон сууцны урьдчилгаа төлбөрт төлсөн 21,641,400 төгрөгийг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.

Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад нэхэмжлэгч нь хариуцагчаар Б.М   ыг татсан шаардлагаас татгалзаж, хариуцагч “Х ” ХХК-аас 21,641,400 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн.

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв. 

    “Х ” ХХК болон Н.Б  , Д.Ө  нар нь 2015 оны 10 сарын 01-ний өдөр 27-1 дугаартай “Орон сууц захилан бариулах гэрээ”-г байгуулж, “Х ” ХХК нь ******* байрлалтай, Үйлчилгээний төвтэй 52 айлын орон сууцны 78 дугаар байрны 1 дүгээр орцны 5 давхарын 17 тоот, 65,58 м.кв талбайтай орон сууцыг 72,138,000 төгрөгөөр худалдах, төлбөрийг урьдчилгаа төлбөр 21,641,400 төгрөг, үлдэгдэл төлбөр 50,496,600 төгрөгийг банкны зээлд хамрагдаж төлөхөөр харилцан тохиролцсон болох нь зохигчдын тайлбар, талуудын хооронд байгуулагдсан гэрээ зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна. /хх-5-12/

Баригдаж дууссан, ашиглалтад оруулахад бэлэн болсон орон сууцыг  худалдах, худалдан авахаар гэрээ байгуулсан байх тул талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан Худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзнэ.

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д “Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан.

Хэргийн үйл баримтаар Н.Б  , Д.Ө  нар нь 2016 оны 01 сард орон сууцанд нүүж орон, 2016 оны 11 сард орон сууцнаас нүүн гарч, байрны түлхүүрийг хүлээлгэн өгсөн болох нь тогтоогдож байна.

Хэрэгт 2015 оны 10 сарын 01-ний өдөр 12,000,000 төгрөг, 2015 оны 11 сарын 26-ны өдөр 1,580,000 төгрөг, 2016 оны 07 сарын 01-ний өдөр 8,061,400 төгрөг, нийт 21,641,400 төгрөгийг “Х ” ХХК-д төлсөн бэлэн мөнгөний орлогын баримт нотлох баримтаар авагдсан бөгөөд нэхэмжлэгч нь орон сууцны төлбөрийн урьдчилгаа төлбөрийг төлсөн баримт гэж тайлбарласан. /хх-34-36/

Хариуцагч “Х ” ХХК нь 12,000,000 төгрөг, 1,580,000 төгрөгийг орон сууцны төлбөрт авсныг хүлээн зөвшөөрч байх бөгөөд харин 8,061,400 төгрөгийг аваагүй, нэхэмжлэгчийн гуйлтын дагуу банкнаас зээл авахад нь зориулж уг баримтыг үйлдсэн гэх тайлбарыг гарган маргаж байх боловч хариуцагч нь баримтаар нотлоогүй, хариуцагчийн тайлбар баримтаар нотлогдохгүй байна.

Хариуцагч “Х ” ХХК нь гэрээнд заасан хугацаандаа уг байрыг ашиглалтанд оруулж, хүлээлгэн өгсөн, нэхэмжлэгч төлбөр төлөх графикийг зөрчсөн, үлдэгдэл төлбөрөө төлөөгүй, байрнаас шууд гарсан нь гэрээ зөрчсөн үйлдэл болсон тул учирсан хохирлоо шаардах эрхтэй, нэхэмжлэгчийн төлсөн 13,580,000 төгрөгөөс гэрээнд заасны дагуу 20 хувийн торгууль, гэрээнд заасны дагуу алданги тооцож 2,716,000 төгрөгийг нэхэмжлэгчид буцаан олгох боломжтой гэх тайлбарыг гаргасан.

Зохигчдын хооронд байгуулсан 2015 оны 10 сарын 01-ний өдрийн 27-1 дугаартай “Орон сууц захиалан бариулах гэрээ”-ний 6.2-т “Урьдчилгаа төлбөр 21,641,400 төгрөгийг төлсөн, үлдэгдэл төлбөр 50,498,600 төгрөгийг банкны зээлд хамрагдаж төлөхөөр тохиролцов” гэсэн байх бөгөөд төлбөрийг төлөх хугацааг талууд тохиролцоогүй байна. Мөн гэрээний 5.1-д “Гэрээний зүйлийг 2014 оны 12 дугаар сарын 01-нд хүлээлгэн өгнө...” гэсэн байх бөгөөд талууд гэрээг 2015 оны 10 сарын 01-ний өдөр байгуулсан зэргээс үзэхэд гэрээнд заасан хугацааг талууд тохиролцсон гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч “Х ” ХХК нь гэрээний хугацаа зөрчсөнтэй холбоотой үүргийг нэхэмжлэгчээс шаардах үндэслэлгүй байна.

Мөн талуудын хооронд байгуулсан гэрээнд орон сууцны үлдэгдэл төлбөрийг банкны зээлд хамрагдаж төлөхөөр тохиролцсон байх бөгөөд нэхэмжлэгч банкнаас зээл авах боломжгүй болж орон сууцыг хүлээлгэн өгсөн үйлдэл нь нэхэмжлэгч гэрээг зөрчсөн гэж үзэх үндэслэл болохгүй юм.

Хариуцагч нь гэрээ байгуулчихаад төлбөрөө төлөөгүйн улмаас нэхэмжлэгчийн амьдарч байсан байрыг авах захиалагч байхгүй, тухайн захиалгын үед өөр үйлчлүүлэгч олох боломжтой байсан боловч нэхэмжлэгчийн буруугаас байр одоогоор тодорхой эзэнгүй байгаа бодит хохирол компанид учирсан тул нэхэмжлэгчийн урьдчилгаанд төлсөн төлбөрийг буцаан олгох боломжгүй гэх тайлбарыг гаргаж байх боловч уг тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, 107 дугаар зүйлийн 107.3-т зааснаар баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлж, нотлоогүй болно. Мөн хариуцагч нь компанид хохирол учирсан тухай шаардлага гаргаж сөрөг нэхэмжлээгүй болно.

Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-д “Үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй”, мөн хуулийн 222 дугаар зүйлийн 222.7-д “Үүрэг гүйцэтгэгч хугацаа хэтрүүлснээс учирсан хохирлыг арилгуулахаар үүрэг гүйцэтгүүлэгч шаардах эрхтэй” гэж заасны дагуу үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо шаардах эрхтэй боловч нэхэмжлэгч 2015 оны 10 сарын 01-ний өдрийн 27-1 дугаартай “Орон сууц захиалан бариулах гэрээ”-ээр хүлээсэн үүргээ зөрчсөн, гэрээнд заасан хугацааг хэтрүүлсэн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул уг гэрээний дагуу хариуцлага хүлээх үндэслэлгүй.

Иргэний хуулийн 249 дүгээр зүйлийн 249.1-д “Гэрээ байгуулснаас хойш гэрээний аль нэг тал хүлээсэн үүргийнхээ дийлэнх хэсгийг биелүүлж чадахгүй бодит нөхцөл бий болсон бол нөгөө тал хүлээсэн үүргээ биелүүлэхээс татгалзаж болно” гэж заасны дагуу нэхэмжлэгч нь орон сууцны үлдэгдэл төлбөрийг төлөх боломжгүй болж орон сууцыг хариуцагчид хүлээлгэн өгсөн тул гэрээнээс татгалзаж, гэрээний дагуу орон сууцны урьдчилгаа төлбөрт төлсөн 21,641,400 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д “Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелснээс олсон ашгийг буцааж өгөх үүрэгтэй” гэж зааснаар шаардах эрхтэй.

Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр хариуцагч “Х ” ХХК-аас  орон сууцны урьдчилгаа төлбөрт төлсөн 21,641,400 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Н.Б  т олгож, нэхэмжлэгч нь хариуцагч Б.М   т холбогдох нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хариуцагч Б.М   т холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх  дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 249 дүгээр зүйлийн 249.1, 205 дугаар зүйлийн 205.1-д заасныг баримтлан хариуцагч “Х ” ХХК-аас 21,641,400 /хорин нэгэн сая зургаан зуун дөчин нэгэн мянга дөрвөн зуун/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Н.Б  т олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 266,157 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Х ” ХХК-аас нэхэмжлэлийн шаардлагын хангасан үнийн дүнд тохирох улсын тэмдэгтийн хураамжид 266,157 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Н.Б  т олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч нь хариуцагч Б.М   т холбогдох нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              Д.ЦЭРЭНДОЛГОР