Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 05 сарын 28 өдөр

Дугаар 221/МА2024/0348

 

2024 оны 05 сарын 28 өдөр

Дугаар 221/МА2024/0348

Улаанбаатар хот

 

“И*** ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

 захиргааны хэргийн тухай 

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч Н.Долгорсүрэн,

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Г.Билгүүн,

Илтгэсэн шүүгч Г.Мөнхтулга,

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:

Хариуцагч Баянзүрх дүүргийн Татварын хэлтэс,

  Хэргийн оролцогчид:

  Нэхэмжлэгч “И*** ББСБ” ХХК,

Хариуцагч Баянзүрх дүүргийн Татварын хэлтэс,

Нэхэмжлэлийн шаардлага: “И*** ББСБ” ХХК-ийн 2021 оны 4 дүгээр улирлын аж ахуй нэгжийн орлогын албан татварын тайланг хүлээн авахаас татгалзсан нийслэлийн Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн үйлдэл хууль бус болохыг тогтоож, “И*** ББСБ” ХХК-ийн 2021 оны 4 дүгээр улирлын аж ахуй нэгжийн орлогын албан татварын тайланг хүлээж авах, Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-т заасны дагуу албан татварын хөнгөлөлтөд хамруулах тухай холбогдох захиргааны акт гаргахыг тус тус даалгах,

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 275 дугаар шийдвэр,

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ө.Б***, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.У***, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Ө***, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б*** нар, 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Б***,

Хэргийн индекс: 128/2022/0746/З.

ТОДОРХОЙЛОХ нь: 

1. Нэхэмжлэгч “И*** ББСБ” ХХК-иас Баянзүрх дүүргийн Татварын хэлтэст холбогдуулан “И*** ББСБ” ХХК-ийн 2021 оны 4 дүгээр улирлын аж ахуй нэгжийн орлогын албан татварын тайланг хүлээн авахаас татгалзсан нийслэлийн Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн үйлдэл хууль бус болохыг тогтоож, “И*** ББСБ” ХХК-ийн 2021 оны 4 дүгээр улирлын аж ахуй нэгжийн орлогын албан татварын тайланг хүлээж авах, Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-т заасны дагуу албан татварын хөнгөлөлтөд хамруулах тухай холбогдох захиргааны акт гаргахыг тус тус даалгах”-аар маргасан.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 3 дугаар сарын 27-ны өдрийн 275 дугаар шийдвэрээр: Татварын ерөнхий хуулийн 30 дугаар зүйлийн 30.2, 30.6, 30.7, 30.8 дахь хэсэг, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, “И*** ББСБ” ХХК-ийн 2021 оны 4 дүгээр улирлын Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайланг хүлээн авахаас татгалзсан Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн үйлдэл хууль бус болохыг тогтоож, “И*** ББСБ” ХХК-ийн 2021 оны 4 дүгээр улирлын аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайланг хүлээн авч, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д заасны дагуу татварын хөнгөлөлтөд хамруулахыг холбогдох хууль журамд заасны дагуу шийдвэрлэхийг хариуцагч Баянзүрх дүүргийн Татварын хэлтэст даалгаж шийдвэрлэсэн.

3. Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагчаас дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргасан. Үүнд:

3.1 Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 594 дүгээр магадлалд “...Татварын ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.5, 30 дугаар зүйлийн 30, 30.2, 30.2.6, 30.2.8, 30.2.9-д заасан аль үндэслэлийн дагуу тайланг хүлээн авахаас татгалзаж буцаасныг тодруулж, ийнхүү буцаасан нь хууль ёсны эсэх, үндэслэлтэй эсэх, шалтгааны үндэслэл нь хэрхэн ямар баримтаар тогтоогдсон эсэхэд хууль зүйн дүгнэлт хийх байжээ” хэмээн дүгнэж, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан байхад анхан шатны шүүхийн 2024 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 275 дугаар шийдвэрт энэ талаар мөн л тусгагдаагүй,

3.2 Анхан шатны шүүхийн шийдвэр хуулийг буруу тайлбарлан, хэт нэг талыг барьж шийдвэрлэсэн буюу Татварын ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.5-д  заасан үүргээ нэхэмжлэгч биелүүлээгүй, энэ талаар хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн,

3.3 Нэхэмжлэгч 2021 оны аж ахуй нэгжийн орлогын албан татварын тайлангаар 649,946,663.78 төгрөгийн борлуулалтын орлоготой, 449,768,082.60 төгрөгийн зардалтай тайлан ирүүлсэн. Тайлангийн хавсралт мэдээнд тусгасан 172,825,909.04 төгрөгийн баримтаар нотлогдоогүй зардал тусгасан нь Татварын ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.5 дахь заалтыг зөрчин улсад төлөх татварыг бууруулсан. Үүнээс харахад Аж ахуй нэгжийн орлогын албан татварын 90 хувийн буцаан олголтыг авах биш төлөх татварын дүнг нэмэгдүүлж тайлагнахаар байдаг,

3.4 Татвар төлөгч нь тайлан үнэн зөв илгээсэн эсэхээс үл хамааран тайланг баталгаажуулан татварын хөнгөлөлтөд хамруулан 15 сая төгрөгийг олгуулах хүсэлт гаргадаг. Илт хууль зөрчин тайлагнасан 15 сая төгрөгийг улсын төсвөөс олгох нь зөв эсэх, эсхүл татварын хяналт шалгалтад хамруулан нягталсны үндсэн дээр буцаан олгох эсэх талаар тодорхой шийдвэр гаргаагүй гэж үзэж байна” гэх зэрэг үндэслэлээр тайлбарлана.

4. Нэхэмжлэгч талаас хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үгүйсгэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалж байна.

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлоор бүхэлд нь хянав.

2. Хариуцагчаас гаргасан давж заалдах гомдол үндэслэлтэй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

3. Хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт авагдсан баримтаас үзэхэд, нэхэмжлэгч “И*** ББСБ” ХХК-иас 2021 оны 4 дүгээр улирлын тайланг хүлээн авахаас татгалзсан хариуцагчийн үйлдэл хууль бус болохыг тогтоолгох, тайланг хүлээн авахыг даалгах,  Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-т заасны дагуу албан татварын хөнгөлөлтөд хамруулах тухай холбогдох захиргааны акт гаргахыг даалгах нэхэмжлэлийн шаардлагыг гарган, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...Татварын ерөнхий хуульд зааснаар татварын алба нь тус хуулийн 30 дугаар зүйлийн 30.3-т зааснаар тайланг хянаад мэдээлэл зөрүүгүй бол тайланг хүлээж авах үүрэгтэй, шаардлагатай тохиолдолд анхан шатны болон холбогдох бусад баримтыг шаардах эрхтэй, мөн Татварын ерөнхий газрын даргын баталсан журамд ...мэдээлэл зөрсөн тохиолдолд тайланг залруулах шаардлагыг татвар төлөгчид хүргүүлэхээр журамласан. Харин Татварын албанд санхүүгийн тайланг хүлээж авахгүй байх эрх хуулиар олгогдоогүй, гагцхүү зөрүүтэй бол зөрүүг арилгахыг шаардах эрхтэй байхаар заасан байхад татварын алба ямар нэгэн баримт шаардаагүй, тайлбар авалгүйгээр манай тайланг хүлээн авахаас татгалзсан нь хууль бус. ... Манай байгууллагын үйлчлүүлэгч нарт дахин давтагдашгүй дугаар бүхий төлбөрийн баримт өгдөг эсэх асуудал нь тусдаа Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу шийдвэрлэгдэх ёстой. Гэтэл энэ үндэслэлээр Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд заасан хөнгөлөлт эдлэхэд саад болох үндэслэл болгож тайланг хүлээж авахгүй буцааж байгаа нь хууль бус ...” хэмээн,

Хариуцагчаас “......Татварын улсын байцаагч нь татвар төлөгчийн ирүүлсэн тайлангийн үзүүлэлт хоорондоо тохирч байгаа эсэхэд хяналт тавиад, үзүүлэлт хооронд ямар нэгэн асуудалгүй, үзүүлэлтийн арифметик томьёоллоор асуудалгүй тохиолдолд татварын тайланг баталгаажуулаад, тооцоолол хоорондоо зөрүүтэй тохиолдолд татвар төлөгчид буцаана гэсэн заалтуудын дагуу улсын байцаагч тухайн татвар төлөгчид татварын тайланг буцаасан, ...тайлангаа хуулийн хугацаанд гаргаж ирүүлсэн боловч зөрүүг арилгаагүй, эцсийн тооцоо хийгээгүй тул хөнгөлөлт эдлэх боломжгүй ...татвар төлөгчийн ирүүлсэн 649 сая төгрөгийн орлоготой тайланд 449 сая төгрөгийн зардлыг тусгасан байх боловч и-баримтын төлбөрийн дугаараар баталгаажсан дугаараар баталгаажаагүй байсан тул Татварын ерөнхий хуулийн 30 дугаар зүйлийн 30.2.5, 30.2.6, 30.2.9-д заасныг удирдлага болгон татварын байцаагч тайланг баталгаажуулахаас татгалзсан ...татварын тайлангийн зөрүүгээ арилгаагүй, тайлан нь баталгаажигдаагүй тул татварын хөнгөлөлтийн тайлангийн хүсэлт буцаагдсан” хэмээн тус тус тайлбарлан маргасан.

4. Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэлээ. 

4.1. Нэхэмжлэгчийн “2021 оны 4 дүгээр улирлын тайланг хүлээн авахаас татгалзсан үйлдэл хууль бус болохыг тогтоолгох, тайланг хүлээн авахыг даалгах” нэхэмжлэлийн шаардлагын тухайд:  

Татварын ерөнхий хуулийн 30 дугаар зүйлийн 30.2-т “Татварын алба тайланг хүлээн авахдаа татвар төлөгч татварын ногдуулалт, төлөлтийг үнэн зөв тодорхойлсон эсэхийг дараах байдлаар хянан, боловсруулалт хийнэ”, 30.2.1-т “тайланг батлагдсан маягт, зааврын дагуу засваргүй үйлдэж, татвар төлөгч болон холбогдох бусад этгээд гарын үсэг болон тамга, тэмдэг дарж баталгаажуулсан, эсхүл цахимаар холбогдох журмын дагуу илгээсэн эсэх”, 30.2.2-т “тайланг хуулиар тогтоосон хугацаанд тушаасан эсэх”, 30.2.3-т “тайлангийн хавсралт баримт мэдээлэл бүрэн эсэх”, 30.2.4-т “хуулийн этгээдийн хувьд нягтлан бодох бүртгэл, хувь хүний хувьд орлого, татварын бүртгэлийн дэвтэр болон холбогдох бусад баримтыг үндэслэн тайлангаа гаргасан эсэх”, 30.2.5-т “нягтлан бодох бүртгэл болон татварын тайлангийн үзүүлэлтүүд хоорондоо тохирч байгаа эсэх”, 30.2.6-д “татварын тайлан хоорондын үзүүлэлтийн дүн болон тайланд хавсаргасан баримт, мэдээллийн дүн тайлагнасан дүнтэй тохирч байгаа эсэх, тооцооны алдаа байгаа эсэх”, 30.2.7-д “тайланд тусгасан татварын хөнгөлөлт, чөлөөлөлтийг хууль тогтоомжид нийцүүлэн тооцож, тодорхойлсон эсэх”, 30.2.8-д “тайланд тусгасан татварын тооцооны үлдэгдэл болон тухайн тайлангийн хугацаанд төлсөн татварын дүн татварын албаны бүртгэлтэй тохирч байгаа эсэх”, 30.2.9-д “тухайн тайлангийн хугацаанд хамаарах татварын бүртгэл, мэдээллийн нэгдсэн сангийн хөндлөнгийн мэдээлэл татварын тайлангийн мэдээлэлтэй тохирч байгаа эсэх” хэмээн тус тус заасан.

Тухайн тохиолдолд, нэхэмжлэгч “И*** ББСБ” ХХК-иас илгээсэн 2021 оны 4 дүгээр улирлын аж ахуй нэгжийн орлогын албан татварын тайланг хянасан татварын улсын байцаагчаас 649,946,663.78 төгрөгийн борлуулалтын орлоготой  449,768,082.60 төгрөгийн зардалтай, 172,825,909.04 төгрөгийн баримтаар нотлогдоогүй зардал тусгасан тайланг дахин давтагдашгүй дугаар бүхий төлбөрийн баримтаар баталгаажаагүй, тооцооллын зөрүүтэй үндэслэлээр татвар төлөгчид буцаасан нь Татварын ерөнхий хуулийн 30 дугаар зүйлийн 30.2-т заасан тайланг хянах бөгөөд мэдээлэл зөрүүгүй тохиолдолд тайланг хүлээж авах, 30.4-т заасан тайланг хянаж мэдээллийн зөрүү илэрвэл илрүүлснээс хойш ажлын 3 өдрийн дотор мэдээллийн зөрүүг залруулах шаардлагыг татвар төлөгчид хүргүүлэх гэж заасантай нийцсэн.

 Нэхэмжлэгчээс Татварын ерөнхий хуулийн 30 дугаар зүйлийн 30.5-д “Татвар төлөгч энэ хуулийн 30.4-т заасан шаардлагыг хүлээн авснаас хойш ажлын 3 өдөрт багтаан шаардлагад заасан зөрүүг арилгаж, залруулсан тайланг тушаах үүрэгтэй бөгөөд татварын алба тайланг хүлээн авна” гэж заасанчлан холбогдох залруулга бүхий тайланг Татварын хэлтэст дахин илгээх үүргээ биелүүлээгүй атлаа “татвар төлөгч тайлангаа үнэн зөв тайлагнасан эсэхээс үл хамааран татварын тайланг хүлээн авах ёстой” хэмээн хуульд заасан шаардлага хангахгүй татварын тайланг хүлээн авахыг шаардаж буй нь үндэслэлгүй.

Хуульд заасан журмын дагуу залруулсан тайланг тушаах үүргээ нэхэмжлэгч  биелүүлээгүй болох нь хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтаар хангалттай тодорхой тогтоогдож байхад анхан шатны шүүхээс залруулж илгээгээгүй тайланг хүлээн авахыг даалгаж шийдвэрлэсэн нь буруу.

4.2. Нэхэмжлэгчийн “Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-т заасны дагуу албан татварын хөнгөлөлтөд хамруулах тухай холбогдох захиргааны акт гаргахыг даалгах” нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д “Энэ хуулийн 18.2, 18.3, 18.4, 18.5-д заасан албан татвар ногдох орлогыг 1.5 тэрбум төгрөгөөс ихгүй байхаар жилийн эцсийн татварын тайланд тусгасан, доор дурдсанаас бусад салбарт үйл ажиллагаа явуулдаг, энэ хуулийн 20.2.7-д зааснаас бусад Монгол Улсын хуулийн дагуу үүсгэн байгуулагдсан албан татвар төлөгчийн энэ хуулийн 20.1-д заасны дагуу ногдуулсан албан татварыг 90 хувиар хөнгөлнө”, Татварын ерөнхий хуулийн 29 дүгээр зүйлийн 29.5-д “Хууль тогтоомжийн дагуу татварын хөнгөлөлт, чөлөөлөлтөд хамрагдах татвар төлөгч татварын тайлан тушаах үүргээс чөлөөлөгдөхгүй бөгөөд уг татварын тайлан нь түүнийг тухайн төрлийн татварын хөнгөлөлт, чөлөөлөлтөд хамруулах үндсэн баримт болно” гэж заасан.

Хуулийн энэхүү заалтын агуулга нь “ногдуулсан” албан татварыг 90 хувиар хөнгөлөх хөнгөлөлтийг татвар төлөгчийн жилийн эцсийн татварын тайлангаар тодорхойлон, хуульд заасан хугацаанд төлсөн албан татвараас буцаан олгох замаар эдлүүлэхээр, ингэхдээ тайлангаар гарсан албан татварын илүү, дутуу төлөлтийн тооцооллыг харьяалах татварын алба нягталж, эцсийн тооцоо хийх бөгөөд энэхүү татварын хөнгөлөлт, чөлөөлөлтөд хамрагдах үндсэн баримт бичиг нь тухайн татвар төлөгчийн хуульд заасан журмын дагуу тайлагнасан жилийн эцсийн татварын тайлан байхаар хуульчилсан.

Маргаан бүхий үйл баримтын тухайд, нэхэмжлэгч “И*** ББСБ” ХХК нь  татвараа үнэн зөв тодорхойлж, илгээх хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй атлаа “татварын хөнгөлөлт эдлэх эрхээ эдлэх ёстой” хэмээн маргаж байгаа нь Татварын ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.3-т заасан “шударга байх” зарчимд нийцэхгүй бөгөөд анхан шатны шүүх татварын хууль тогтоомжийн заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн гэх хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

5. Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэв.

 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 3 дугаар сарын 27-ны өдрийн 275 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Татварын ерөнхий хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1, 29.5, 30 дугаар зүйлийн 30.1, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-т заасныг тус тус үндэслэн нэхэмжлэгч “И*** ББСБ” ХХК-иас Баянзүрх дүүргийн Татварын хэлтэст холбогдуулан гаргасан “И*** ББСБ” ХХК-ийн 2021 оны 4 дүгээр улирлын аж ахуй нэгжийн орлогын албан татварын тайланг хүлээн авахаас татгалзсан нийслэлийн Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн үйлдэл хууль бус болохыг тогтоож, “И*** ББСБ” ХХК-ийн 2021 оны 4 дүгээр улирлын аж ахуй нэгжийн орлогын албан татварын тайланг хүлээж авах, Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-т заасны дагуу албан татварын хөнгөлөлтөд хамруулах тухай холбогдох захиргааны акт гаргахыг тус тус даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч төсвийн байгууллагаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй. 

 

 

 

                                  ШҮҮГЧ                                           Н.ДОЛГОРСҮРЭН

             ШҮҮГЧ                                           Г.БИЛГҮҮН

             ШҮҮГЧ                                           Г.МӨНХТУЛГА