Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 07 сарын 23 өдөр

Дугаар 2457

 

 

 

 

2018 оны 07 сарын 23 өдөр

Дугаар 101/ШШ2018/02457

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэрэндолгор даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

          Нэхэмжлэгч: “ Ц ” Сууц өмчлөгчдийн холбооны нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: М  /-д холбогдох,

 

Орон сууцны дундын өмчлөлийн зүйлийн засвар үйлчилгээний зардал 378,000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Г, хариуцагч Я.М , шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Н.Алтантуяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

   Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“ Ц ” Сууц өмчлөгчдийн холбооны гишүүн, сууц өмчлөгч Я.М  нь 2015 оны 05 дугаар сараас 2018 оны 04 дүгээр сар хүртэлх хугацааны Сууц өмчлөгчдийн холбооны төлбөр болох нийт 378,000 төгрөгийг төлөөгүй байгаа бөгөөд хуулийн дагуу өөрийн төлөх үүрэгтэй дундын өмчлөлийн зүйлийн засвар үйлчилгээтэй холбогдсон зардлаа тус Сууц өмчлөгчдийн холбоонд төлж барагдуулах талаар удаа дараагийн мэдэгдэл, шаардлагыг биелүүлэхгүй байсаар өдийг хүрлээ. “ Ц ” Сууц өмчлөгчдийн холбоо нь Иргэний хууль болон Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хууль, дүрэмд заасан үүргийн дагуу хариуцсан байрнуудад шаардлагатай засвар үйлчилгээг хийж, үүний дагуу хөлс авдаг. Хариуцагч нь жижүүр байхгүй, цэвэрлэгээ хийдэггүй гэж байна. Энэ талаарх гомдлоо  Сууц өмчлөгчдийн холбоонд тавиад шийдвэрлүүлэх ёстой. Жил бүр бүх гишүүдийн хурал хийж тайлангаа тавьдаг. Улирал бүр аудитын шалгалт хийгдээд явдаг. Хариуцагчийн нэг сарын төлбөр нь 2 өрөө байрнаас 4,000 төгрөг, цэвэрлэгээ 4,500 төгрөг, жижүүр 1,500 төгрөг, орцны гэрэл 400 төгрөг, баримт 100 төгрөг, нийт 10,500 төгрөг, нийт 36 сарын төлбөр 378,000 төгрөг болсон. Иймд хариуцагчаас 378,000 төгрөгийг гаргуулж “ Ц ” Сууц өмчлөгчдийн холбоонд олгуулж өгнө үү” гэв.

 

 Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 “Я.М  миний бие нь*******,*******, 3 дугаар байрны 46 тоотод оршин суудаг. Уг байрны дээр 2006, 2007 оны үед давхарлаж мансард барьсан. Үүнээс болж манай балкон руу мансардны ханын шороо байнга нурж орж ирдэг болсон, мөн бохирын шугамнаас байнга ус шүүрч, мөөгөнцөр үүсч маш хүнд байдалд байна. Анх барилгын ажил хийгдэж байх үед ч гэсэн манай бүх цахилгааны монтажнууд шатсан, дээрээс ус алдаж өөрийн зардлаар байрандаа бүтэн засвар хийж байсан. Энэ талаар тухайн үед нь би Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газарт гомдол гаргасан байгаа болно. “ Ц ” Сууц өмчлөгчдийн холбоо нь ажлаа хийхгүй байгаагаас болж иргэн миний өөрийн байрандаа тав тухтай, эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх зөрчигдөж байгаа учир “ Ц ” Сууц өмчлөгчдийн холбооны нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Би энэ Сууц өмчлөгчдийн холбооны үйл ажиллагаанаас болж маш их хохирч байгаа учир баримт материалаа бүрдүүлэн өөрт учирсан хохирлоо сөрөг нэхэмжлэх болно. Сууц өмчлөгчдийн холбооны жижүүрийн хөлс гэж 1500 төгрөг нэхэмжилж байна. Сууц өмчлөгчдийн холбоо нь жижүүр, харуул хамгаалалттай байх ёстой, гэтэл би энэ байранд амьдарснаас хойш маш олон удаа хулгайд эд зүйлээ алдаж байсан. Жижүүр гэх хүн байдаггүй. Өдрийн цагаар шөнө орой дандаа согтуу хүмүүс орж хонодог. Удаа дараа мэргэжлийн байгууллагад хандаад Сууц өмчлөгчдийн холбооны үйл ажиллагаа буруу байна гэх дүгнэлт гарчихаад байхад миний төлбөрийг барагдуулахгүйгээр яагаад төлбөр нэхэмжлээд байгаа юм бэ. Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуульд Сууц өмчлөгчдийн холбоо нь дундын өмчлөлийн ашиглалтын хэвийн байдлыг хангах, шугам, сүлжээний засвар, түүнтэй холбоотой гарсан зардлыг гаргах мэргэжлийн байгууллагаар дүгнэлт гаргуулах, удирдах болон хяналтын зөвлөлийн гишүүдийг сууц өмчлөгчдөөс сонгож, тайланг нь хэлэлцэх, тэдний үйл ажиллагаатай холбогдсон гомдлыг хянан шийдвэрлэх, засвар үйлчилгээг хийх, бохир усны байшингийн шалнаас дотогш бүх шугам сүлжээг хариуцах ёстой. Гэрээний дагуу засвар үйлчилгээ хийсэн тохиолдолд зардлыг төлүүлнэ. Сууц өмчлөгчдийн холбоо нь холбогдох бүх зардлыг хариуцна гэж байна. Мөн ашиглалтад хүлээлгэж өгөөгүй барилгын ажлын явцад шаардах дулаан, халуун усаар хангах ёсгүй гэж байгаа. Сууц өмчлөгчдийн холбооны төлбөр төлөөгүй олон айл байхад яагаад зөвхөн намайг онцолж шаардаад байгаа юм бол. Бохирын ус дээд айлаас алдаагүй, барилгын ажил дууссаны дараа хананы завсар байсан ус алдсан учир Сууц өмчлөгчдийн холбоо хариуцах ёстой. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй“ гэв.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

           

Нэхэмжлэгч “ Ц ” Сууц өмчлөгчдийн холбоо нь хариуцагч Я.М д холбогдуулан орон сууцны дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний зардал 378,000 төгрөгийг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.

 

Хариуцагч нь түүний оршин сууж буй орон сууцны дээр мансард давхарлан барьснаас болж балкон руу мансардны ханын шороо байнга нурж орж ирдэг болсон, бохирын шугамнаас байнга ус шүүрч, мөөгөнцөр үүссэн, барилгын ажил хийгдэж байх үед цахилгааны монтажнууд шатсан, дээрээс ус алдаж өөрийн зардлаар байрандаа бүтэн засвар хийсэн, жижүүр, харуул хамгаалалтгүй байснаас олон удаа хулгайд эд зүйлээ алдсан, орцонд согтуу хүмүүс орж хонодог, эдгээр асуудлыг “ Ц ” Сууц өмчлөгчдийн холбоо шийдвэрлэж өгдөггүй, хийвэл зохих ажлаа хийж гүйцэтгэдэггүй тул сууц өмчлөгчдийн холбоонд төлбөр төлөх үндэслэлгүй  гэх тайлбарыг гарган нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргажээ.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв. 

 

Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны 1, 2, 3, 4, 63, 64, 65, 66, 120 дугаар байрны оршин суугчдын хурлын тогтоолоор “ Ц ” Сууц өмчлөгчдийн холбоог байгуулж, Баянзүрх дүүргийн Сууц өмчлөгчдийн холбооны бүртгэлд бүртгүүлэн, дүүргийн Засаг даргаас 2014 оны 01 сарын 15-ны өдөр 34 дугаартай гэрчилгээ олгогджээ.

 

Иргэний хуулийн 143 дугаар зүйлийн 143.4-т “Орон сууцанд оршин суугаа сууц өмчлөгч бусад этгээд заавал тухайн холбооны гишүүн байна”, 147 дугаар зүйлийн 147.1-д “Сууц өмчлөгч нь ....дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг сууц өмчлөгчдийн холбоонд төлнө”, 148 дугаар зүйлийн 148.2.3-т “орон сууц өмчлөгч нь дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар, үйлчилгээтэй холбогдсон болон бусад нийтлэг зардлыг санхүүжүүлэхэд тогтоосон хэмжээгээр оролцох үүрэгтэй” гэж заасан.

 

Хариуцагч Я.М  нь эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаартай,*******,*******, 3 дугаар байрны 46 тоот, 28 м.кв, 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр бүртгэлтэй болох нь Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн ******* тугаартай гэрчилгээгээр тогтоогдож байх бөгөөд орон сууцны өмчлөгчийн хувьд дээр дурдсан хуульд заасны дагуу өөрийн өмчлөлд байгаа сууцны халаалт, халуун, цэвэр, бохир ус, ариутгал, хог, цахилгаан, холбоо зэрэг ашиглалтын төлбөр,  дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг төлөх үүрэгтэй.

 

Хариуцагч Я.М  болон 3 дугаар байрны 46 тоотод оршин суугчид нь нийтийн зориулалттай орон сууцны байрны дундын өмчлөлийн зүйлийг ашиглаагүй, холбогдох үйлчилгээг аваагүй гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх бөгөөд Сууц өмчлөгчдийн холбоо ажлаа зохих ёсоор гүйцэтгээгүй гэх үндэслэлээр орон сууцны дундын өмчлөлийн засвар үйлчилгээтэй холбогдох зардлыг төлөхөөс татгалзаж буй нь үндэслэлгүй юм.

 

Нэхэмжлэгч нь орон сууцны дундын өмчлөлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбоотой зардалд 2015 оны 05 дугаар сараас 2018 оны 04 дүгээр сарыг хүртэлх хугацааны 36 сарын төлбөрт 378,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжилсэн.

 

Хэрэгт авагдсан нотлох баримт болон зохигчдын тайлбараар хариуцагч Я.М  нь 3 дугаар байрны 46 тоот орон сууцанд 2005 онд орсон байх ба орон сууцны дундын өмчлөлийн зүйлийн засвар үйлчилгээний зардалд төлбөр төлж байгаагүй болох нь тогтоогдож байгаа боловч нэхэмжлэгч нь нэхэмжлэлд дурдсан хугацаанаас өмнөх хугацааны төлбөрийг нэхэмжлээгүй болно.

 

“ Ц ” Сууц өмчлөгчдийн холбооны бүх гишүүдийн хурлаас тогтоосноор орон сууцны дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар, үйлчилгээний зардалд 2 өрөө орон сууцнаас засвар үйлчилгээний хөлс 4,000 төгрөг, цэвэрлэгээ 4,500 төгрөг, эргүүл жижүүр 1,500 төгрөг, орцны гэрэл 400 төгрөг, баримт 100 төгрөг, нийт 10,500 төгрөгийг гаргуулахаар байх бөгөөд хариуцагч Я.М  нь сард нийт 10,500 төгрөгийг орон сууцны дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний зардалд төлөх үүрэгтэй байна.

 

Хариуцагч нь нэхэмжлэлд дурдсан төлбөрийг төлөх үндэслэлгүй гэх  тайлбарыг гаргаж байх боловч энэ талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, 107 дугаар зүйлийн 107.3-т зааснаар баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлж, нотлоогүй болно.

 

Иймд дээр дурдсан үндэслэлээр хариуцагч Я.М аас орон сууцны дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар, үйлчилгээний зардалд нийт 378,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “ Ц ” Сууц өмчлөгчдийн холбоонд олгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

  ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, 148 дугаар зүйлийн 148.2.3-д заасныг баримтлан хариуцагч Я.М аас 378,000 /гурван зуун далан найман мянган/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “ Ц ” Сууц өмчлөгчдийн холбоонд олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 11,990 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Я.М аас нэхэмжлэлийн шаардлагын хангасан үнийн дүнд тохирох улсын тэмдэгтийн хураамжид 11,990 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “ Ц ” Сууц өмчлөгчдийн холбоонд олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              Д.ЦЭРЭНДОЛГОР