Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 08 сарын 06 өдөр

Дугаар 2618

 

 

 

 

2018 оны 08 сарын 06 өдөр

 Дугаар 101/ШШ2018/02618

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэрэндолгор даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Р  /-н нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Н. Б  //,

 

Хариуцагч: Н.И нарт холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 83,303.80 евро буюу 237,396,812.60 төгрөг, учирсан хохирол 7,974.68 евро буюу 23,627,701 төгрөг гаргуулах, зээлийн гэрээний үүргийн биелэлтийг *******,******* үл хөдлөх эд хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлтэй, ******* тоот зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Э, хариуцагч Н.Б гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Н, хариуцагч Н.Б , хариуцагч И.Н  нарын өмгөөлөгч Т.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар М.Жадыра нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Э  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

            “Миний бие анх Монгол улсын иргэн Н гийн Б тай 2011 оны 5-6 дугаар сард Монгол улсын нийслэл Улаанбаатар хотод танилцсан. Тухайн үед би Монгол дахь хууль бус алт олборлолтын талаар хоёрдахь номоо бичихээр Ц  Турс компанийн Э ийн Ц тэй хамтран ажиллаж байсан бөгөөд тэрээр намайг өөрийн гэр бүлийн гишүүн хамаатны эхнэр хэмээн Б г анх танилцуулсан билээ. Би аялал жуулчлалын үйл ажиллагаа эрхлэн Монгол улсад хийх аялал зохион байгуулж байсан ч тухайн үеийн түнш маань 2016 оноос үйлчилгээ үзүүлэх боломжгүй болсноор хамтран ажиллах өөр аялал жуулчлалын компани хайж байсан болно. Ингээд Б гийн ******* компани хямд үнэ бүхий аялал санал болгосон тул өөрийн зохион байгуулж буй групп аялалдаа түүний компанийн үзүүлэх үйлчилгээг авахаар шийдвэрлэсэн юм. Дараа дахин уулзахад Б  өөрийгөө нөхрөөсөө салсан гэж хэлж, улмаар 2016 оны 9  сард миний аялал жуулчлалын компаниас зохион байгуулсан Эстонийн групп аялагчдад зориулан Баруун Монголд хийсэн аяллын үеэр надтай хайр дурлалын харилцаа тогтоосон юм. Тухайн үед тэрээр нөхөр болох Идемагийн Нямкагаас 2 жилийн өмнө албан ёсоор гэр бүлээ цуцлуулсан, цаашид Европт суурьшин надтай шинэ амьдрал эхлүүлэх хүсэлтэй буйгаа хэлж байсан. Б  нь надад байнга л өөрийнх амьдралд шийдэх шаардлагатай нэг чухал асуудал байгаа гэж хэлдэг байсан. Тэрээр худалдан авах зорилгоор Улаанбаатар хотод шинэ орон сууцанд орсон ч эдийн засгийн хямралаас шалтгаалан орон сууцныхаа үнийг төлөх зээл авахад хүндрэлтэй буй талаар байнга ярьдаг байсан. Хэдэн сарын дараа Эстонид ирсэн бөгөөд бүрмөсөн нүүж ирэхэд саад болж байгаа цорын ганц асуудал нь орон сууцыг худалдан авах мөнгөнөөс болоод байна гэж хэлсэн. Тэрээр анх 2016 оны 12 сарын 03-ны өдөр Улаанбаатар хотод надаас 7,500 евро зээлж авсан, дараа нь намайг ятгасаар байгаад сууцныхаа үнийг төлнө гэсэн зорилгоор нэмж жилийн 15 хувийн хүүтэй 50,000 еврогийн зээл авсан. Бид 2017 оны 02 сарын 13-ны өдөр NR 01/11.01.17 дугаар зээлийн гэрээ байгуулж гарын үсэг зурсан. 2017 оны 01 сарын 14-ний өдөр мөнгөө авсны дараа түүний зан ааш бүрэн өөрчлөгдөж, тэрээр өөрийн нөхөр Идемагийн Нямкагаас албан ёсоор салаагүй, тэд гэр бүл хэвээрээ гэдэг нь надад тодорхой болсон. 2017 оны 01 сарын сүүлээр, 02 сарын эхээр тэрээр хоёр дахь удаагаа Эстонид ирээд миний гар утас болон хувийн компютерт зальжин аргаар нэвтэрч өмнө бидний хооронд Фейсбүүкээр бичиж байсан захидлууд, албаны болон хувийн цахим шуудангаар харилцсан зүйлс болон өмнө нь өөрийн илгээж байсан болон хамтдаа авахуулсан зургуудыг устгахаар оролдсон, ихэнх нь амжилттай болсон. Б  нь нөхөр, хүүхдүүдийн хамт өөрийн байрандаа тайван амьдрах хүсэлтэй байгаагаа хэлсэн. Мөн 2017 оны 4-5 сард эрүүл мэндийн байдлаас шалтгаалан ажил хийх боломжгүй болсон, эрүүл мэнд муудсаны улмаас амь насанд нь аюул учирсан хэмээн надад мэдэгдэж байсан. Дараа нь 2017 оны 6 дугаар сарын эхээр намайг дахин битгий холбогдоорой гэж хэлсэн бөгөөд өнөөг хүртэл би түүнтэй ямар ч харилцаа холбоогүй байсан. Гэтэл олон нийтэд түгээсэн мэдээнээс Б  нь Монголоос Европ тив хүртэл ирэх 3-4 жилийн хугацаанд, үргэлжлэх тэмээн аялал зохион байгуулахаар, төлөвлөж буйг олж мэдсэн. Түүний эрүүл мэндийн байдал сайн, тэр ч байтугай Монгол улсаас гарч өөрт ногдох хариуцлагаас, үүнд бидний хооронд байгуулсан зээлийн гэрээний хүрээнд өөрийн авсан зээлийн төлбөрөөс зайлсхийх зорилготой байгаа нь тодорхой болсон билээ. Б  нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн, зээл болон хүүгээ төлөхийг удаа дараа сануулж байхад ч ямар нэгэн үр дүнд хүрээгүй тул зээлийн гэрээний 3.2 дугаар зүйлд заасны дагуу би гэрээнээс татгалзаж өөрт учирсан хохирлоо бүрэн гаргуулж өгөхийг хүсч энэ нэхэмжлэлээ гаргаж байна. Зээлийн гэрээний 3.2 дугаар зүйлд заааснаар талуудын хооронд үүссэн маргааныг Улаанбаатар хотод, Монгол улсын шүүхэд хандан шийдүүлэхээр тохиролцсон болно. Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгч миний бие шүүхэд хандан дараах шаардлага гаргаж байна. Миний бие гэрээнээс татгалзсан тул өөрт учирсан хохирлоо гаргуулах, Үүнд үндсэн зээл 57,500 евро, үүнд хамаарах хүү, хугацаа хэтрүүлсэний торгууль алданги 25,803.85 евро, нийт 83,303.80 евро буюу 237,396,812.60 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү. Тухайн үед хариуцагч Н.Б  байрны зээлээ төлөөд дуусвал надтай хамт амьдарч болно гэхдээ надад мөнгө хэрэгтэй байна гээд байхаар нь Эстонийн ******* компанитай жилийн 15 хувийн хүүтэй 50,000 еврогийн зээлийн гэрээг байгуулж, энэ компаниас 2017 оны 01 сарын 17-нд Луминор банкин дахь ******* тоот данс руу 50,000 евро орж тэр өдрөө хариуцагч Б гийн Голомт банкин дахь 3105102198 дугаартай данс руу энэ мөнгийг шилжүүлсэн. Зээлийн гэрээний барьцаа болгон өөрийн болон эмэгтэй дүү Ева Силласте-ийн Мускарму тосгонд байх өөрсдийн үл хөдлөх хөрөнгөө барьцаалсан. Эстони Улсын иргэн ******* нь зээлийн эргэн төлөлтийн баталгаа болгож батлан даалтын гэрээнд гарын үсгээ зурсан. Миний ******* компанитай байгуулсан зээлийн гэрээгээр 50,000 еврогийн зээлийн хүүд хуанлийн жилийн 15 хувийн хүү төлөхөөр харилцан тохиролцож гэрээг нэг жилийн хугацаагаар байгуулсан, Хэрэв гэрээний заалтыг зөрчвөл зөрчсөн тохиолдол бүрт 10,000 еврогийн торгууль ногдуулах тухай гэрээндээ заасан. Өнөөдрийг хүртэл би үндсэн зээл, зээлийн хүүг сар бүр хугацаанд нь Грассхопер XXКомпани рүү шилжүүлж байна. Хариуцагч нар надаас зээлсэн мөнгөө эргүүлж өгөхгүй байгаа тул зээлдүүлэгчид хүсэлт тавьж гэрээгээ 6 сараар сунгасан. Хэрэв хариуцагч нар надаас 57,500 евро зээлээр өгөөч, туслаач гэж гуйгаагүй бол би бусдаас зээл авах, хүү төлөх шаардлагагүй байсан. Хариуцагч нар зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ цаг тухайд нь биелүүлээгүй, тэдгээрийн буруугаас шалтгаалж миний бусдад хүү төлсөн нь үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл, хариуцагч нарт ******* компаниас мөнгө авч зээлдүүлсэн, би компанид зээлсэн мөнгөө буцаан төлөхийн тулд хүү төлсөн нь өөрт ашиггүйгээс гадна зээлийн хүүг өөрөөсөө төлснөөр надад ирэх байсан орлого, хөрөнгө багасаж, алдагдал хүлээж байгаа нь надад хохиролтой юм. Нэхэмжлэгч би өөрт учирсан хохирлоо шаардах эрхтэй гэж үзэж байна. Надад учирч байгаа хохирол зээлээ төлж дуусах хүртэл нэмэгдэх нь гарцаагүй. ******* ХХК-иас зээлсэн 50,000 еврог буцаан төлөх хуваарийн дагуу өнөөдрийн байдлаар зээлийн хүүнд 7,974.68 еврог төлсөн. Иймд зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөний улмаас надад учирсан хохирол гэж ******* ХХК-нд зээлийн хүүд шилжүүлсэн 7,974.68 евро буюу  23,627,701 төгрөгийг хариуцагч Н.Б , И.Н  нараас гаргуулж өгнө үү.

Хариуцагч Б д 57.500 евро зээлүүлсэн тул зээлийн гэрээ байгуулах хэрэгтэй гэж хэлэхэд тэрээр зөвшөөрч байсан. Зээлийн гэрээг Эстонид Н.Б  хуралд оролцох гээд ирэхэд нь 2017 оны 02 сарын 13-ны өдөр ******* дугаартай зээлийн гэрээг байгуулсан. Н.Б  зээлийн гэрээний заалтыг бүрэн хүлээн зөвшөөрч гарын үсгээ зурсан. Тэрээр зээлийн гэрээний нөхцөлүүдийг бүрэн ойлгосны үндсэн дээр сайн дураараа хэн нэгний дарамт шахалтгүйгээр гарын үсгээ зурсан гэдгийг гэрч Мааржа Лийза Линдре болон Клеменс Августин Касема нар гэрчилдэг. Үүнээс гадна, хариуцагч зээлийн гэрээний нөхцлийг бүрэн ойлгосноо нотлон зээлийн хүүг өөрөө тооцоолон гаргаж 2017 оны 02 сарын 14-ний өдөр нэг сарын хүү гэж 750 евро, 2017 оны 04 сарын 04-нд өөрийн 3105102198 данснаас Р гийн ******* данс руу 2 сарын зээлийн хүү гэж 1,112 евро тус тус шилжүүлсэн. Өнгөрсөн 5 дахь өдөр хийсэн үзлэгээс энэ талаар мөн бичсэн байдаг. 2017 оны 03 сарын 05-ны өдөр цахим захидалд “би мөнгөө өгч чадахгүй байна, энэ сарын мөнгийг төлөхөд чухал асуудал үүсээд байна” гэсэн захиа ирсэн байдаг. Энэ гэрээ бол үнэхээр талуудын сайн дурын хүсэл зоригийн илэрхийллийн дагуу байгуулсан. Хэрэв хариуцагч гэрээнд заасан зээлийн нөхцлөө ойлгоогүй бол ийнхүү зээлийн хүүгийн тооцоог ийнхүү нарийн гаргаж нэхэмжлэгчид мөнгө шилжүүлэхгүй байсан. өөрөөр хэлбэл зээлийн харилцаа бодит гэдгийг хариуцагч Б  2 удаагийн үйлдлээр хийгдсэн байна. Хариуцагч Н.Б  нөхрийн хамт нэхэмжлэгчээс авсан мөнгөөр өөрийн гэр бүлийн хэрэгцээндээ *******,*******, тоот байр худалдаж  авсан болох нь ээж Н гийн гэрчийн энэ зээлээр байрны мөнгийг төлсөн гэсэн мэдүүлгээр нотлогдож байна. Б  мөн өөрийн тайлбартаа хэлдэг. Зээлийн гэрээнд ч зээлийг байр авахад зориулна гэж талууд харилцан тохиролцсон тул гэрээний үүргийн гүйцэтгэлийг энэ орон сууцаар хангуулах бүрэн үндэслэлтэй гэж үзэж байна. Зээлийн гэрээгээр авсан гэрээгээ үл хөдлөх хөрөнгийн газарт очиж баталгаажуулна гэсэн байдаг. Энэ үүргээ биелүүлээгүй. Хэрэв энэ зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ Н.Б  хүлээсэн бол  үл хөдлөх хөрөнгийн барьцаа үл хөдлөх хөрөнгийн газарт барьцаалагдаад гарын үсэг зурагдаад явах байсан. Энэ бүх мөнгө зөвхөн энэ байранд зарцуулсан. Өөр бусдаар зарцуулсан нотолгоог хариуцагч тал гаргаж өгөөгүй. Бид нарын шаардлага бол үл хөдлөх хөрөнгөтэй зайлшгүй хангагдаж байгаа. Энэ хүмүүсээс мөнгөө авна, мөнгөө авахдаа энэ үл хөдлөх хөрөнгөөр үүргээ хангуулах болно. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д “Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ” гэж мөн 282 дугаар зүйлийн 282.4-д мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгсөнөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно гэж заасан байдаг. Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1 эд хөрөнгө шилжүүлснээр гэрээ байгуулахаар хуульд заасан бол гэрээний гол нөхцөлийн талаар талууд тохиролцож, тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр гэрээ байгуулсанд тооцно. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч хариуцагч Н.Б д 2016 оны 12 сарын 16-нд бэлнээр 7,500 евро, 2017 оны 01 сарын 17-ны өдөр банкны шилжүүлгээр 50,000 евро шилжүүлсэн байдаг. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-т заасны дагуу талууд зээлийг хүүтэй байхаар тохиролцсон нөхцөлд гэрээг бичгээр байгуулах хуулийн шаардлагатай. Зохигчдын хооронд байгуулсан зээлийн гэрээнд хүү алданги тооцохоор бичгэн хэлбэртэй гэрээ байгуулагдсан, мөн зээлийн харилцаа бодит үйлдлээр буюу 3 сарын хүү шилжүүлснээр хийгдэж бий болсон байна.  Зээлийн мөнгийг хүлээж авснаар энэ зээлийн гэрээ байгуулагдсан зээлийн харилцаа үүссэн. Зээлийн гэрээний зүйлийг зээлдэгчийн өмчлөлд шилжүүлэн өгсөнөөр зээлийн харилцаа үүссэн. Иргэний хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-д “Хүсэл зоригийн агуулгыг тайлбарлахдаа үгийн шууд утгыг анхаарна” гэж түүнчлэн 41.2-д “Хүсэл зоригийн илэрхийлэлийн утга ойлгомжгүй бол хүсэл зоригоо илэрхийлэгчийн хэрэгцээ, шаардлага, үг болон үйлдэл, эс үйлдэхүй бусад нөхцөл байдалд дүн шинжилгээ хийх замаар тайлбарлана гэж заасан. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1 “Хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тул хууль болон гэрээнд зааснаар нөгөө талдаа төлөх ёстой мөнгөн төлбөрийг анз гэнэ”, 232.6 “Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ” түүнчлэн 232.3 “Хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийнэ” гэж тус тус заасны дагуу талуудын алдангийн талаарх тохиролцоо нь хуульд заасан шаардлагатай нийцэж байна. Хүсэл зоригийн илэрхийлэл гэрээнд гарын үсгээ зурсан, мөнгө хүлээж авсан, зээлийн хүүг 3 удаа төлснөөр илэрхийлэгдэж байна. Нэхэмжлэгч Р  гэрээ байгуулснаас хойш хугацаанд зээлийн хүүнд 7974.68, үндсэн зээл  15,000 евро нийт 22,974.68 зээлийг бусдын өмнөөс зээлдүүлэгчид эргүүлж төлөөд байгаа. Цаашид гарах хохирлоо мөн нэхэмжилж явах болно. Учирч байгаа хохирол нь өнөөдрөөр хязгаарлагдаад байгаа. Гэрээний нэг тал үүргээ биелүүлээгүй эсвэл зохих ёсоор биелүүлээгүй бол нөгөө талдаа учирсан хохирлыг нөхөн төлж зөрчигдсөн эрхийг сэргээх үүрэгтэй. Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3 “үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно” гэж заасан. Эстони улс дахь ******* ХХК-иас авсан эх үүсвэрийн хүүнд төлсөн 7,794.68 евро буюу 23,627.701 төгрөгийг хохиролд тооцон нэхэмжилсэн. Нийт 57,500 евро зээлсэн, үүний 7,500 еврод ямар нэгэн хүү тооцоогүй. 50,000 еврод хүү, алданги тооцогдох ёстой. Зээлийн гэрээгээр 2017 оны 02 сарын 13-ны өдрөөс  2018 оны 02 сарын 13 хүртэл хэтэрсэн алданги тооцсон. Үндсэн зээл 50,000 евро, хүү, алданги Иргэний хуулийн 234 дүгээр зүйлийн 234.4-д заасны дагуу гүйцэтгээгүй үнийн дүнгийн 50 хувиар хязгаарлаж 25,000 евро, мөн 2017 оны 12 сарын 16-нд ямар нэгэн хүү тооцохгүйгээр 7,500 евро зээлүүлсэн тул дээрх мөнгөнүүдийг гаргуулахаар нэхэмжилж байна. Иймд хариуцагч Н.Б , И.Н  нараас 83,303.85 евро буюу 237,396,812.60 төгрөг, хохирол 7,964,68 евро буюу 23,627,701 төгрөгийг гаргуулах, зээлийн гэрээний үүргийн биелэлтийг *******,******* үл хөдлөх эд хөрөнгөөр хангуулахаар нэхэмжилж байна” гэв.

 

Хариуцагч Н.Б гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Н  шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Үндсэн нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй байна. 50,000 евро, хүү алданги тооцоогүй  7,500 евро, хүү алданги торгууль тооцоод 25,000 евро гэж ярьж байна. Нэхэмжлэгч талын ярьж байгаагаар хүү алданги торгууль гэдэг нь Иргэний хуулиар  нэг л ойлголт юм шиг байна. Нэхэмжлэгч Р  болон хариуцагч Н.Б  нар 2011 онд танилцсан. Нэхэмжлэгч Р  нь хариуцагч Н.Б гийн хадам ээж цэнхэр үст Ц гийн гэр бүлийн маш сайн найз. Мөн гэр бүлээрээ дамжуулаад Б г таньж мэддэг болсон. И.Н  нэхэмжлэгч Раул Силасстегийн Монгол улсад ном бичих ажилд оролцож байсан.  Бие биенээ эртнээс сайн мэддэг. Нэхэмжлэгч хариуцагч нар 2016 оны 08 сард 11 хүний бүрэлдэхүүнтэй Эстониос жуулчдыг аяллын компаниар дамжуулан авчирч бид нарт үйлчлүүлж  өгнө үү гэсэн санал тавьсаны дагуу уг саналыг Б  хүлээн зөвшөөрч хариу үнэ төлбөрөө  харилцан тохиролцож 08 сард 11 хүний бүрэлдэхүүнтэй Эстониос хүн авч ирэхээр болсон. Ингээд 12 хоногийн аялал болж уг аяллаа дуусгасан. Аяллын хугацаанд Р  болон хариуцагч Б  нарын хооронд харилцаа холбоо үүссэн. Харилцаа холбоо үүсэх шалтгаан нь Н  Б  нар нь хувийн болон гэр бүлийн нөхцөл байдлаас болоод 2 жил гаруй хугацаанд тусдаа амьдарч байсан. Ц гийн найз байсан болохоор энэ гэр бүлийн асуудлыг Р  мэддэг.  Аяллын хугацаанд нэхэмжлэгч хариуцагч нарын хооронд дотно харилцаа үүссэн.  Аялал дууссан хэдий ч энэ хоёр хүний харилцаа мэйл захидлаар байнга үргэлжилж байсан. Ингээд 10 сард  Р  Б г Шенгений орнуудаар аялах санал тавьж үүнийг Б  хүлээж авсан. Шенгений улсуудаар аялах хугацаанд Р  архины хамааралтай хүн байсан тул Б г удаа дараа зодож  танхайрч, элдэв бусаар хуучин найз нөхдөөр муулах зэрэг хүч гаргаж байсан. Үүнийг Б  хэлж хоёулаа энэ харилцаагаа дуусгая гэхэд эрүүл, архи тамхи хэрэглээгүй байхад уучлалт гуйдаг байсан. Чи надад маш их таалагддаг, би чамтай амьдрахыг хүсч байна, би өнөөдрийг хүртэл гэр бүлийн хамтын амьдралгүй, эхнэргүй ганц бие амьдарч байна гэсэн. Би Монголын талаар маш их мэдээлэлтэй, Монгол найз нөхөд ихтэй,  Монгол руу аялах дуртай, бидний өвөг дээдэс нэг, надад Эстонид амьдрах, Монголд амьдрах нь газар зүйн байршлын хувьд адилхан, Монгол эхнэртэй болох хүслээ илэрхийлж байсан гэсэн. Гэтэл нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хэлэлцүүлгийн үед тайлбарлахдаа Н.Б  л мөнгө өгвөл би чамтай амьдарна гэж итгүүлээд байсан гэсэн. Гэтэл энэ хоёр хүний насны зөрүү, үзсэн соёл иргэншил ялгаатай. Б  бүрэн дунд боловсролтой, тодорхой хэмжээний дээд сургууль төгсөөгүй. Англи хэлний орчуулгын болон бичгийн мэдлэгтэй болсон. Энэ аяллыг дуусгаад Эстони явж ирсний дараа Б  бол Р  та бид хоёрын харилцаа тохирохгүй соёл зан иргэншил өөр юм байна, энэ харилцаагаа дуусгая гэсэн зурвас илгээж байсан. Гэтэл 2016 оны 12 сарын 03-нд Р  гэнэт Монголд ирсэн. Монголд ирээд Б гаас уучлалт гуйсан. Б гийн өөрийн орон дээр задгай евро асган, үүнийг би чамд бэлэглэж байна. Энд байх хугацаандаа захиран зарцуулах болно. Чамайг жаргалтай байлгахын тулд би юу хийх ёстой юм бэ, чамайг жаргалтай байлгана гэж хэлсэн. Чамайг гомдоож байсан бол уучлаарай гэсэн байдлаар уг мөнгийг орон дээр асгасан. Уг мөнгө нь хэдэн евро байсан нь тодорхойгүй. 7,500 евро байсан гэдэг нь зөвхөн нэхэмжлэгчийн хэлсэн тоо. Түүнээс биш тэр хүн асгасан евро, уучлалт гуйсан, гэмшсэн, ухаарсан, амьдрах хүсэлтээ илэрхийлсэн энэ илэрхийлэл нь байсан. Тэр хүний хамтдаа хэрэглэе гэсэн мөнгийг Б  энэ мөнгө хэрэгтэй байна гэж гарын үсэг зурж хүлээж аваагүй. Хэсэг хугацаанд Р  Монголд амьдарсан. Хариу тайлбартаа хүртэл Б гийн хүүхдүүдтэй хамт гадуур гарч хоол идсэн мөн энэ хугацаанд Б  маш их аз жаргалтай байсан гэж бичсэн. 7,500 евро бол бэлэг байсан, хамт амьдрах хугацаанд зарсан үрэгдүүлсэн өөрсдөө бэлэг авсан ээжид бэлэг авсан гэх асуудал.  Б д байрны асуудал байсан. Шинэ байр худалдаж авсан гэж яриад байна. Тус байрыг 2015 онд үүссэн байрны асуудал. И.Н  Н.Б  нар Дарь эхэд хашаа байшинтай байсан бөгөөд уг хашаа байшингаа зараад урьдчилгаа хийгээд сар болгон 1,500,000 төгрөгний төлөлт хийж байсан. Байрны эзэн Болормаа гэдэг хүнийг гэрчээр оролцуулах боломж байсан боловч Болормаа одоогоор  гадаадад амьдардаг болохоор өнөөдрийн шүүх хуралдаанд авчирч чадаагүй. Үлдэгдэл 50,000 евротой тэнцэх хэмжээний мөнгө байсан. Яагаад байртай холбоотой зээлийн асуудал яригдаж эхэлсэн вэ гэхээр. Р  Н.Б д чи Европод амьдар би чамтай хамт амьдрах болно гэсэн саналыг тавьж энэ хоёр хүн хамтран амьдрах шийдэлд хүрч байсан тул энэ байрны асуудлыг шийдсэний дараа сэтгэл амар Эстони руу явъя гэсэн зүйл ярьж байсан. Мөн Р  байнга Монголд ирдэг, Монголд аялал авч ирдэг болохоор Монгол эхнэртэй болсон нөхцөлд Монголд ирэхээр Н.Б гийн гэрт амьдарч байсан тул Монголд ирэхээр Н.Б гийн гэрт амьдрах, Эстонид очихоор өөрийн гэрт амьдрах сонирхол байсан учир энэ хүн өөрийн хүсэл сонирхлын үндсэн дээр 50,000 еврог Н.Б д шилжүүлсэн.  Гэхдээ шилжүүлэхдээ 2017 оны 01 сарын 18-ны өдөр Голомт банкны данс руу шилжүүлж орж ирсэн. Гүйлгээний утган дээр гадаад валютын төлбөр буюу ямар нэгэн төлбөр гэсэн утгаар орж ирсэн. 50,000 еврог орж ирснийг Н.Б  хүлээн зөвшөөрсөн, хэзээ ч маргаж байгаагүй. 50,000 еврог төлөх үндэслэл нь аялал байсан. Р  5-7 аялал явуулахад л энэ мөнгө төлөгдөж дуусах яриа байсан. Энэ хоёр хүний хоорондох асуудал нь ч гэсэн аялал байсан бөгөөд аяллын эх үүсвэрээр байрны үлдэгдэлийг төлнө гэсэн харилцан тохиролцсон ажил байсан. Р  би малтай, нохойтой монгол ахуйтай амьдардаг хүн гэсэн саналыг тавьсан. Б   2017 оны 01 сарын 20-ны өдөр Эстони руу 2 хүүхдээ аваад ниссэн. 23-ны өдөр Эстони руу очсон бөгөөд Р  хотоос, тосгоноос нэлээн хэдэн км зайтай жижигхэн газарт амьдардаг байсан. Мөн Б  Эстони явах болсон гол шалтгаан нь Олон улсын хог цэвэрлэх нийгэмлэгээс Р  өмнөөс нь урилга захиалж авсан байсан. Тэр байгууллагын шугамаар Эстони явсан. Ингээд 2017 оны 02 сарын 09-ний Эстони  улсад болсон аялал жуулчлалын үзэсгэлэнд оролцох, энэ үзэсгэлэнгээр Монгол орныг сурталчлах, Монгол улс руу аялал татаж авч ирэх зорилготой явсан. Монгол орныг сурталчлахын тулд 1сая гаруй төгрөгний гарын материал, Монгол зан заншилтай холбоотой сувинер гэх мэт зүйлийг авч явсан. Раул Силлестегийн гэрт очиж амьдрахад маш хүнд байсан. Р  ганцаараа амьдраад сурсан, гэртээ хоол хүнс цуглуулах, бэлдэх, ийм заншил байгаагүй. энэ бүхнийг Н.Б  өөрт байсан тодорхой хэмжээний мөнгөөр зохицуулж байсан. Энэ хугацаанд нэхэмжлэгч хариуцагч нарын хооронд зөрчил үүсч эхэлсэн. 2 удаа хүүхдээ дагуулаад зугтах оролдлого хийсэн. 2 хүүхдээ дагуулаад зугтахад Р  барьж аваад зодсон нүдсэн, гавлаад суусан зураг нь хавтаст хэрэгт авагдсан байгаа.  Б г шатнаас удаа дараа түлхсэн,  Н.Б  ямар нэгэн байдлаар тусламж хүсээгүй, гомдол гаргаагүй гэсэн. Р гийн гэр нь хотын төвөөс зайтай өөрөө тусламж авъя гэхээр Эстони хэл мэдэхгүй, цагдаа дуудна гэхээр Р  би өөрөө дуудна гэж хэлдэг. Хажуу айл болон хөрш айлаас тусламж авах ямар ч боломжгүй, хоорондоо зайтай.  ойн төгөл шиг газарт амьдардаг болохоор гаднаас тусламж авах боломж байгаагүй. Б гийн хувьд ганц боломж бол 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдөр аялал жуулчлалын үзэсгэлэнд оролцоод 2-3 өдөр үзэсгэлэнд оролцсон болох нь зургаар тодорхой харагдаж байна. Аялал жуулчлалын үзэсгэлэн дуусах болсон байсан тул Р  гаднаас 2 хүн дагуулж орж ирээд энэ хоёр хүн цагдаа шүүхийн хүмүүс  чи надаас авсан мөнгөнд гарын үсэг зур, би чамтай зээлийн гэрээ байгуулна тэгж байж чи Эстониос явна гэсэн шаардлага тавьсан. Тухайн үед Н.Б  2 хүүхдээ аваад эх нутагтаа эргэж ирэх нь чухал асуудал байсан. Гэхдээ Н.Б  ямар зүйлд гарын үсэг зурахад бэлэн байсан. Р  өөрөө орчуулга хийж, зээлийн гэрээгээр 50,000 еврог буцааж авах гэж байна гэж хэлсэн. Гэхдээ хавтаст хэрэгт орчуулагдаад ирсэн гэрээнээс харахад Н.Б  юу ч ойлгоогүй байдаг, ойлгох боломж ч байгаагүй, тухайн үед сэтгэл зүйн байдал хэцүү байсан. Хэрвээ чи гарын үсэг зурахгүй бол би чамайг хууран мэхэлж мөнгө авсан гэж цагдаад шалгуулна гэсэн асуудлыг тулгасан. Тийм болохоор Н.Б  маш хурдан гарын үсэг зурсан. Хэрвээ би энэ гэрээнд гарын үсэг зурвал чи намайг явуулах юм уу гэхэд явуулна гэж хэлсэн болохоор гарын үсэг зурсан. Гарын үсэг зурсаны дараа ямар нэгэн байдлаар еврогийн төлөлтийг хий гэхэд Н.Б  надад мөнгө байхгүй гэдгээ хэлсэн. Тэгэхэд Р  итгээгүй. Тэгээд 2 гэрчийг дагуулж яваад бэлэн мөнгөний машинаас Н.Б гийн картыг шалгасан. Энэ үйл явдлыг 2 гэрч нь мөн нотолдог. Ямар нэгэн мөнгө авалгүйгээр гарч ирсэн гэсэн тайлбарыг хэлсэн байгаа.  Асуудал хүнд байсан болохоор Н ид хэлж тусламж гуйхаас өөр арга байгаагүй. Н оос тусламж гуйсан. Ямар нэгэн байдлаар евро, мөн онгоцны тийзний зардал явуулаач гэдгээ хэлсэн. Үүний дагуу Н  нь 2017 оны 02 сарын 14-ний өдөр 750 евро хийсэн бөгөөд ээж нь тэтгэврийн зээлийг аваад Монголд ирэх онгоцны тийзний зардал хийсэн. 750 еврог Р гийн дансанд сар бүрийн зээлийн төлбөр гэсэн утгатай хийсэн болно.  эх хувь баримт нь орчуулгаар орчуулаад нотариатаар батлуулаад шүүхэд үзлэг хийсэн. Энэ нь сарын зээлийн хүү биш сар тутмын зээлийн төлбөр гэсэн гүйлгээний утгатай байсан. 750 еврог хийж байж Монгол руу явах боломж нээгдсэн. Ингээд Монголд ирсэн. Энэ бүх хугацааны зардлыг Н.Б  өөрөө хариуцсан. Н.Б  зөвхөн аялал жуулчлалын ажил эрхэлдэг бөгөөд энэ нь улирлын чанартай ажил. Эстонид болсон асуудал хүнд цохилт болж, бие нь нэлээн муудсан асуудал болсон. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн. Энэ хугацаанд Р  би чамд 5,000 евро явуулъя чи эмчлүүл, миний тусламжийг хүлээж ав, надаас битгий татгалз, намайг дайсны нүдээр харахаа боль гэдэг мэйлийг байнга бичиж байсан. Н.Б  дахиж би чамаас мөнгө авахгүй гэдгээ хүлээн зөвшөөрч тэр 5,000 еврог хүлээж аваагүй.   Ингээд 4 сарын 4-ний өдөр 1127 евро хийсэн. Зээлийн гэрээний төлөлт гэж 3 удаагийн төлөлт хийсэн.  5 сард ямар ч төлбөр хийгээгүй, төлж чадахгүй гээд сураггүй алга болсон гэж байна. 5 сард хямд аяллын санал байна уу гэсэн бөгөөд энэ нь шүүхэд хийсэн үзлэгт тодорхой харагдаж байна. Энэ нь баруун аймгуудаар хийх аялал байсан. 2017 оны 05 сарын 14-ний өдөр 22 цаг 42 минутад хоорондоо мэйл бичсэн байна. Баян-Өлгий аймаг руу аялах маш боломжийн үнэтэй аялалыг Н.Б  илгээсэн.  Хэрвээ Монгол руу аялаад ирэх юм бол тусална гэдгээ хэлсэн. Өөрийн зургийн цомгоос хэрэглэж чадахаа хэрэглээрэй, ирэх хүмүүст танилцуулаарай гэж хэлсэн. 50,000 евро төлөх гол үндэслэл нь аялал байсан ба үүнээс өөрөөр төлөх ямар ч боломж байгаагүй. Их хэмжээний мөнгө байсан тул аялал зохион байгуулах асуудалгүй гэдгээ хэлж итгүүлж байсан.  Б  2 удаагийн үйлдлээр 1877 еврог төлсөн. 50,000 евроноос төлсөн 1877 еврог хасаад 48,123 еврог төлөх үндэслэлтэй юм. 2018 оны 03 сарын 16-ны өдрийн гэм хорын нэмэгдүүлсэн шаардлага байна. Гэм хорын хохирлыг хүлээн зөвшөөрөхгүй. Б д зээл авна ч гэж хэлж байгаагүй, 50,000 еврог чинь асуудалгүй төлнө, Эстонид тодорхой хэмжээний орлоготой, сайн үйлсийн ажил хийдэг, сайн үйлсийн эзэн Далай багшийн бие төлөөлөгч гэдэг байдлаар, чи миний тусламжийг аваачээ би чамд зээлүүлээд байгаа биш би дэлхий дээр энх тайваны тусламж үзүүлдэг гэж итгүүлсэн. Ээж нь хүртэл би Далай багшийн бие төлөөлөгч гэж Монголын бурханы шашинтай байдлыг ашигласан. Далай багшийн бие төлөөлөгч гэж шашны зүйл өгсөнийг Н  гуай өөрөө ярьдаг, энэ хүмүүсийг өөртөө итгүүлж чадсан. Р  Б гийн би чамтай сууна гэсэн үгэнд итгээд явах хүн биш. Р гийн хүсэл сонирхол 50,000 еврог шилжүүлээд байгаа байдал нь Монголд амьдрах, монгол эхнэртэй болох, Монголд ирэхдээ орон байртай байх, сонирхолтой байсан. Иймээс Н.Б д тус мөнгийг шилжүүлсэн. Гэхдээ энэ хоёр хүний таарамжгүй байдлаас болж харилцаа удаан үргэлжлээгүй. Р  би чиний мөнгийг төлнө сайхан амьдарна гэсэн асуудал дээр 50,000 еврогийн асуудал байгаа. Нэхэмжлэгчийн яриад байгаа нэхэмжлэлийн шаардлага болох үндсэн зээл 50,000 евро, үүнээс төлсөн төлөлтийг хасуулаад 48,123 еврог хүлээн зөвшөөрч байна. Бусад нэхэмжлээд байгаа торгууль, хүү алдангийг гэм хорын хохирол, үл хөдлөх хөрөнгөөр хангуулах шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй” гэв.

 

Хариуцагч И.Н  шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

“И.Н  би өөрийн мэдэхгүй, миний зохих зөвшөөрөлгүй болсон Р  /Рой Страйдэр/, Н.Б  нарын хоорондох 50,000 евро зээлсэн, 7,500 евро бэлэглэсэн /зээлсэн/, 2017.02.13-ны өдөр зээлийн гэрээ байгуулсан гэх асуудлын дагуух төлбөр 237,396,812.60 мөнгө гаргуулж, уг мөнгийг *******,*******ны 73а тоот хаягтай Н.Б гийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгөөр хангуулах тухай шаардлагыг хариуцах этгээд нь биш. Учир нь Р  нь И.Н  надтай найз атлаа Н.Б  бидний үл ойлголцлын улмаас тусдаа амьдарч байх хугацаанд Н.Б тай гэр бүлээс гадуурх харилцаа тогтоож, түүнд сайн нөхөр, миний хүүхдүүдийн хойд эцгийн дүрд тоглож, бидний амьдралын дундуур орж, ёс зүйгүй үйлдэл хийж байхдаа Монгол улсад амьдрах орон байрныхаа асуудлыг шийдэх зорилгоор 50,000 еврог зээлж Н.Б д шилжүүлсэн байдаг. Мөн Р   Н.Б г өөрийн болгох хүсэл зоригоо хэрэгжүүлж Н.Б тай 2016.10.17-ны өдрөөс 2017.11.09-ний өдрийн хооронд Эстони улс болон Шенгений орнуудаар аялуулж байх хугацаанд тодорхой хэмжээгээр түүнд учруулсан хүчирхийлээ цайруулж, дахин хамтдаа Энэтхэг улсад аялах зорилгоор 2016.12.03-ны өдөр 7,500 еврог авч ирж хамтдаа үрсэн болохыг Р  Н.Б  нарын хооронд маргаан гарч шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж эхэлсэн үеэс нь маш тодорхой мэдсэн. Яагаад гэвэл дээрх үйл явдал И.Н  намайг Н.Б гаас 2016.08-2017.11 сар хүртэл хугацаанд тусдаа амьдарч байх хугацаанд болсон үйл зүйл юм. Одоогоор би Н.Б г удаан хугацааны хүндхэн аялалд зориг шулуудан гаргасантай холбоотойгоор 2017.11 сараас хойш эцгийнхээ үүргийг биелүүлж хүүхдүүдээ харж, асрах, мөн түүний аялалд шаардлагатай зүйлд туслалцаа үзүүлж байгаа болно. Гэтэл И.Н  намайг Н.Б гаас гэрлэлтийн гэрчилгээтэй, гэрлэлтээ цуцлуулаагүй учраас гэр бүлийн гишүүнийхээ хийсэн үйлдэл, үйл ажиллагаа бүрийн үр дагаврыг Н.Б тай хамт хамтран хариуцах ёстой гэх утгаар. Мөн Р   Н.Б  нарын хооронд 50,000 еврогийн зээлийн асуудал болсныг болон Раулийн хүчирхийллийн улмаас Н.Б  түүнээс салах шийдвэр гаргаж 2017.02.13-ны өдөр Монгол буцахаар болсон тухай, уг шийдвэртэй нь холбогдуулан тэрээр Н.Б г 50,000 евро зээлсэн тухай баримт үйлдэхгүй бол 2 хүүхэдтэй нь Эстони улсаас гаргахгүй, цагдаа шүүхэд гомдол гаргаж шоронд суулгана гэж айлган сүрдүүлж байгаад, зочид буудалд байхад шүүх, цагдаагийн хүмүүс гэх 2 хүн дагуулж очиж, зориудаар өөрсдийн харилцдаггүй түүний юун тухай бичсэнийг ч ойлгохгүй Эстони хэл дээр дан ганц өөрийн хүсэл зоригийг шингээсэн Зээлийн гэрээ гэх баримтынхаа эхийг бэлдэж, 2017.02.13-ны өдөр гарын үсгээ зуруулсан гэх мэдээллийг 2018.02.14-ний өглөө мэйл, чатаар хүлээн авч, өдийг хүртэл судалгаа хийсний дүнд олсон түүний хүчирхийллийн талаарх мэдээлэл, өөрсдийн зээлийн үр дагаварыг надаар батлан даалгуулахаар заасныг олж мэдсэн мэдээлэлдээ тулгуурлан шүүхэд тайлбар, мэдүүлэг гаргасны минь төлөө Н.Б тай хамтран хариуцагчаар татах нь хууль зүйн хувьд үндэслэлгүй юм. Учир нь би хувь хүн халдашгүй чөлөөтэй байх эрхтэй, гэр бүл, иргэний эрх зүйн харилцаанд Н.Б  болон Р  нартай адил эрх үүрэгтэй байх ёстой. Үүнийг бидэнд хуулиар олгосон атал өөрийн өөрийн мэдээгүй үйлдлийн хариуцлагыг хүлээх учиргүй гэж үзэж байна. Н.Б  Р  нарын дээрх үйлдэлд нэхэмжлэгч өөрөө тодорхой хэмжээгээр бас буруутай. Тэрээр өөртэй нь хамтран амьдрахаар 2 хүүхдээ дагуулан, тодорхой эрсдэл гаргаад очсон хамтран амьдрагч Н.Б г хүчирхийлэл зодсон, эрх ашиг сонирхлыг нь хууль бусаар хязгаарласан удаа дараагийн үйлдлүүдээсээ болж Н.Б г явахад хүргэсэн байдаг. Мөн тэрээр Н.Б тай хамтын амьдралтай болж байгаатайгаа холбогдуулан хамтын аялал зохион байгуулж түүнээс олсон орлогоороо төлөх зорилгоор өөрийн шийдвэрээр ******* ХХК-иас зээл авч, өөрийн зорилгод нийцүүлэн зарцуулсан, мөн тэрээр өөрийн дээрх увайгүй үйлдлийн үр дагавар, эрсдэлийг Р  өөрөө хариуцах ёстой атлаа яагаад Н.Б  болон И.Н  надад халдаагаад байгаа нь ойлгомжгүй, шударга бус зүйл юм. Иймээс И.Н  би Р гийн нэхэмжлэлтэй холбогдуулан өмнө нь шүүхэд бичгээр өгсөн тайлбаруудаа болон 2018.02.09-ний өдрийн шүүх хуралдаан дээр өгсөн тайлбартаа “тэдний хоорондох зээлийн асуудлыг би хариуцах ёсгүй, харин Н.Б   хүнээс мөнгө авсан бол буцаан төлөх нь зүйн хэрэг гэдгийг” байнга илэрхийлж байсан.  Мөн хэргийн материалтай танилцаж байхад Р  Н.Б д 50,000 евро л зээлдүүлсэн нь байдаг, харин 7,500 еврог тэрээр Н.Б д дэвсгэртлээд тоолоод өгсөн гэх баримт байдаггүй. Энэ нь түүний бэлэг байсан болохоор Н.Б  ч мөнгийг нь тоолох утгагүй байсан биз. Энэ нь тэдний хэрэгт байх тайлбар, гэрч Ж.Н гийн мэдүүлэг, дансны хуулга, баримтууд, Н.Б гийн гадаад паспортад дарагдсан хилийн шалган нэвтрүүлэх газрын тамга тэмдэг, тэдний өөр хоорондоо бичиж байсан  и мэйл, чатын мессежээр тогтоогддог. Өөрөөр хэлбэл, Р  Н.Б д 2017.12.03-ны өдөр зээлдүүлсэн гээд байгаа 7,500 еврогоо хамтын амьдрал, хамтын аялалдаа зарцуулсан нь харагддаг ба 50,000 еврог зээлдүүлсэн нь тогтоогддог. Тиймээс би Н.Б  Монгол Улсын Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар Р д 50,000 еврог буцаан өгөх ёстойгоос өөрийн 2017.02.14-ний өдөр төлсөн 750 евро, 20107.04.04-ны өдөр төлсөн 1127 евро нийт 1877 еврог хасаж үлдэгдэл 48,123 еврог, мөн хуулийн 218 дугаар зүйлд заасны дагуу үүрэг үүсэх үеийн буюу 2017.01.18-ны өдрийн Монгол банкнаас зарласан еврогийн албан ёсны ханшаар бодож төлөх нь хууль зүйн үндэслэлтэй гэж үздэг. Мөн Иргэний хуулийн 281.1-д зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгийг шилжүүлэх үүргийг, харин зээлдэгч тохирсон хугацааны эцэст уг мөнгийг буцан төлөх үүргийг тус тус хүлээж байгаагаас үзвэл зээлдэгч нь зээлж авсан мөнгөөрөө юу авах нь зээлдүүлэгчид хамаагүй байх тул Р гийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн 2018.04.16-ны өдрийн 237,396,812.60 төгрөгийг гаргуулж, уг мөнгийг Н.Б гийн өмчлөлийн орон сууцаар хангуулна гэж нэхэмжлэлийн шаардлага хууль зүйн үндэслэлгүй юм. Учир нь уг зээлийн үүргийн гүйцэтгэлийг барьцаагаар хангах боломжгүй Н.Б , Р  нарын хооронд Иргэний хуулийн 156.160 дугаар зүйлд заасны дагуу барьцааны гэрээг бичгээр хийж, улсын бүртгэлд бүртгүүлсэн хүчин төгөлдөр гэрээ байхгүй болно. Иймээс дээрх нөхцөл байдлыг шүүхээс үнэлж И.Н , Р  бидний хооронд иргэний эрх зүйн харилцаа үүсээгүй болохыг тодорхойлж Р гийн И.Н  надад холбогдуулсан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгоно уу. Мөн нэхэмжлэгчийн 2017.02.13-ны өдөр хүч хэрэглэсэн хууль зөрчиж, юу гэж бичсэнийг нь ч ойлгох боломжгүй гэрээ гэх баримтад Н.Б гаар гарын үсэг зуруулсан байдлыг тогтоон, тус баримтыг хүчин төгөлдөр бусд тооцож, нэхэмжлэлийн шаардлагаас хуульд нийцээгүй хүү, торгууль алдангийг хэрэгсэхгүй болгож Н.Б гаас 48,123 евро буюу 128,219,402 төгрөгийг Р д төлөх боломжийг олгож үнэн зөв шийдвэр гаргана гэдэгт итгэж байна“ гэжээ.

 

Хариуцагч Н.Б гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Н  шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:

“******* дугаартай зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан.  2017 оны 02 сарын 13-ны өдөр байгуулсан Зээлийн гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1” хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл” гэж үзэж байна. Үндэслэл нь Н.Б  Эстони хэл огт мэддэггүй, ойлгодоггүй англи хэлээр ярьдаг, дээд боловсрол эзэмшээгүй, ярианы хэллэгтэй хүн тул үүнийг Р  сайн мэдэж байгаа бөгөөд Эстони улсаас компани авч өгсөн. Компанитай болохдоо Н.Б  бүгдийг хүлээн зөвшөөрсөн гээд байгаа. Энэ нь сарын 2000 еврогийн  орлоготой компани байгаа. Р  уг компаниар дамжуулан бизнес хийх хэлбэр байсан байх. Гэхдээ тэр компаниас дамжуулаад Эстони хэлээр гэрээ хэлцэл хийхэд Н.Б  бүрэн ойлгосон байх, гэрээ дэх тоонуудаас хараад бүрэн ойлгох боломжтой гэж нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбарлаж байгаа боловч  Эстони хэл дээр бичигдсэн зүйлийг яаж ойлгох юм бэ, хөндлөнгийн гэрч гэж 2 хүн оруулж ирээд гарын үсэг зуруулсан байгаа. Тэгвэл тэр орчуулга хийх эрхтэй этгээдээр орчуулуулаад орчуулгын үнэн зөвөөр батлуулаад тамга тэмдэг дараад албан ёсоор хийхгүй яасан бэ, шүүхэд хийсэн үзлэгийн үед Р  Монгол хэлний өндөр түвшний мэдлэгтэй болох нь харагдсан. Учир нь  Р  монгол хэлний найруулга сайтай мэйлийг итгэмжлэгдсэн төлөөлөгч рүү илгээснийг итгэмжлэгдсэн төлөөлөгч үзүүлсэн. Эстони хэл биш юм аа гэхэд өөрсдийнхөө хоорондоо харилцаж ярилцаж байсан англи хэлээр гэрээ хийх бүрэн боломжтой байсан. Иймд Эстони хэлээр хийж гарын үсэг зуруулсан. Иргэний хуулийн 60 дугаар зүйлд заасан хүч хэрэглэж хийсэн хэлцэл мөн. Эмэгтэй хүний бие хамгаалж чадахгүй, 2 бага насны хүүхэдтэй байгаа байдал, өөрийнхөө нутагт байгаа давуу байдлыг ашиглаж өөрийнхөө хүсэл сонирхлын үндсэн дээр гэрээнд гарын үсэг зуруулсан. 2017 оны 02 сарын 13-ны өдөр Н.Б  би буцаж Монгол руу явна буцаж чамтай хамт амьдрахгүй гэхэд нь орой нь гаднаас 2 хүн дагуулж орж ирээд чи энэ гэрээн дээр гарын үсэг зур гэж тулган шаардаж байгаа байдал нь мөнгөний дарамт мөн. 50,000 еврог өгсөн, чи надтай амьдрахгүй тул уг мөнгийг зээл болгон төл, гэж хүчээр гарын үсэг зурсан. 2017 оны 02 сарын 13-ны өдрөөс өмнө энэ хоёр хүний хамт амьдарч байх хугацаанд энэ мөнгө нь Н.Б гийн өөрт нь алдагдалтай, төлөхөд хүнд байсан бол энэ өдрийг хүртэлх хугацаанд хангалттай гэрээ хийх хугацаа байсан. Н.Б гийн хүсэл сонирхлыг тусгаад гэрээ хийх боломж байсан. Гэтэл Н.Б гийн явна гэдэгт тулгаж яаран сандран Эстони хэлтэй гэрээнд гарын үсэг зуруулсан. Энэ гэрээ яагаад нэг талын хүсэл сонирхол болж харагдаад байна бэ гэхээр 2 дугаар хавтаст хэргийн нэхэмжлэгч талаас орчуулж өгсөн *******ийн гэрээтэй үг үсгийн зөрүүтэй нэр нь өөрчлөгдсөн бусад бүх нөхцөл адилхан *******ийн гэрээг орчуулаад Н.Б гаар гарын үсэг зуруулсан байдаг. Энэ гэрээнд нэхэмжлэгч талын орчуулсанаар харж байгаа. Гэхдээ Эстони хэлнээс Монгол хэл рүү орчуулах орчуулгын газрыг хайгаад олоогүй. Ганцхан Консулын газар байсан. Тэр газартай холбогдоод шүүхэд ийм Эстони хэл дээр байгуулагдсан гэрээтэй холбоотой маргаан яваад байгаа танайх Эстони хэл мэддэг хүн байна уу гэхэд Эстони хэл мэддэг чаддаг мэргэжилтэнтэй холбогдъё гэсэн боловч эргээд холбогдож чадаагүй. Бид нар энэ гэрээг орчуулдаг газар бий болсон байх гэж бодоод Глобал Индра гэх газарт холбогдсон боловч манайх бүх улсын хэлээр орчуулга хийдэг гэхдээ Эстони хэл дээр л орчуулга хийхгүй, сайн санахгүй байна гэхдээ тодорхой хугацааны өмнө Эстони улсад сурч байсан гэсэн нэг эмэгтэй ирээд тодорхой баримт болон гэрээнд манай байгууллагын тамгыг даруулаад явсан  гэсэн хариу өгсөн. Бид нар гэрээг орчуулж чадаагүй. Нэхэмжлэгч тал өөртөө тааруулаад Эстони хэлээр орчуулсан хүмүүс орчуулсан байх. Энэ гэрээнээс орчуулсан байдлаас харахад хүү, алданги, мөн гэрээ зөрчсөн зөрчил бүрт 10,000 еврогийн торгуультай байсан. 65,000 еврог Н.Б гийн нөхөр И.Н оор хариуцуулна, үл хөдлөх хөрөнгөөр хангуулна гэсэн зүйл заалт байдаг. 2 гэрчийн шүүхэд өгсөн мэдүүлгээс харахад гэрээний үнэ 57,500 евро, хүүгийн хамт байсан, гэрээг зөрчсөн бол хатуу торгууль ногдуулах гэрээ байсан гэсэн. Хатуу торгууль гэдэг нь 10.000 евро төлнө гэдгийг Н.Б д орчуулж ойлгуулсан уу. Хатуу торгуультай байсан бол Н.Б  гарын үсэг зурах байсан болов уу. Гэтэл гэрч нь гэрээг зөрчсөн бол гэж байгаа. Орчуулсан гэрээнээс харахад гэрээг зөрчсөн зөрчил бүрт, тохиолдол бүрт гэдэг нь гэрээний үгэнд байгаа. Р гийн орчуулаад байгаа гэрээнд гэрээ зөрчсөн зөрчил бүрт гэж байгаа. Гэтэл хөндлөнгийн гэрч нь гэрээг зөрчсөн бол хатуу торгуультай гэсэн тайлбар хэлдэг. Нөгөө гэрч нь мөн гэрээг зөрчвөл 10,000 еврогийн торгуультай гэж байгаа. Энэ хүмүүс гэрээг зөрчвөл 10,000 еврогоор торгоно гэж ойлгоод байдаг гэтэл орчуулсан гэрээнд гэрээг зөрчсөн зөрчил бүрт 10,000 евро гэсэн байдаг. Тэгэхээр энэ гэрээг орчуулаад энэ хүмүүс ойлгосон уу. Хөндлөнгийн 2 гэрч нь хүртэл ойлгоогүй. Н.Б  энэ гэрээг ойлгож гарын үсэг зурсан уу, зураагүй юу. Үнэхээр тухайн үед Н.Б  өөрийнхөө хүсэл зоригоо илэрхийлээд сайн дурын үндсэн дээр гарын үсэг зурсан гэж итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбарлаад байна. Гэтэл Н.Б  биш 2 гэрч нь хүртэл ойлгоогүй. Гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож өгнө үү. Н.Б  Эстони хэл мэдэхгүй, хүч хэрэглэж хийсэн, төөрөгдүүлсэн. Өөрөө орчуулга хийсэн гэж байгаа, ямар орчуулга хийж яаж Н.Б гаар гарын үсэг зуруулсан нь ойлгомжгүй байна. 2 гэрч нь хүртэл ойлгоогүй учраас энэ гэрээг айлган сүрдүүлж, хүч хэрэглэж, дарамталж аргагүй байдалд оруулж гарын үсэг зуруулсан тул энэ гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож өгнө үү Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56.1.8-д зааснаар хүчин төгөлдөр бусд тооцож өгнө үү“ гэв.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Э  сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа:

“Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Энэ гэрээг удаа дараа хүчирхийллийн үндсэн дээр, бусдын дарамтанд байхдаа хийсэн гэсэн. Хүчирхийлэл үйлдсэн, зодсон бол хариуцагч тал ямар ч баримт гаргадаггүй. Харин манай тал энэ зүйлийг эсэргүүцэж хэд хэдэн нотлох баримт гаргасан байдаг. Эстони улс руу түр оршин суух хугацаа сунгуулах өргөдлийг  2017 оны 01 сарын 26-ны өдөр Н.Б  гаргасан байдаг. Оршин суух зөвшөөрөл буюу визээ сунгуулахдаа цагдаагийн газарт ханддаг, өөрөө өргөдлөө англи хэл дээр бичсэн байдаг. Энэ хүн хүчирхийлэлд байсан бол 2017 оны 01 сарын 26-ны өдөр буюу гэрээ байгуулахаас хэдхэн хоногийн өмнө хүчирхийлэлд байсан бол цагдаад яагаад мэдэгдээгүй юм бэ. Н.Б гийн амьдарч байсан зочид буудлын тодорхойлолтыг гаргаж өгсөн. Тус зочид буудлын аюулгүй байдлыг хариуцсан хүн буудлын өмнөөс “Н.Б  2 хүүхдийн хамт тус зочид буудалд байсан, энэ хугацаанд ямар нэгэн  зөрчил гаргасан, гэмт хэргийн зүйл байгаагүй гэсэн тодорхойлолт өгсөн. Хэрэв үнэхээр гэмт хэргийн шинжтэй зөрчил байсан бол буудлынхаа аюулгүй байдал хариуцсан ажилтантай мэдэгдээгүй юм бэ, яагаад цагдаад хандаагүй юм бэ. Хүүхдүүд нь хүчирхийлэлд байсан гэсэн. Н.Б гийн хүүхдүүдийн явдаг байсан цэцэрлэгт хандсан. Хариуцагчийн Эстони улсад байх хугацаанд хүүхдүүд нь Энэтхэг улсын цэцэрлэгт явдаг байсан. хүүхдүүдэд ямар нэгэн хүчирхийлэл, барьцаалагдсан зүйл байгаагүй гэсэн нотолгоо гаргаад өгсөн. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч үүргийн гүйцэтгэлээс зугтаах оролдлого гэж үзэж байна. Учир нь гавлуулсан зураг нотлох баримт гэж байгаа. Хэн хэзээ хаана гавлуулсан вэ, нүүр нь харагдахгүй зургийг интернетээс авсан ч байж болно. Үүнийг яагаад нотлох баримт гэж байгаа юм бэ, хоёр хүн гараа нийлүүлээд зургаа авсан. Энэ Н.Б  гэдэг хүний болон Р  гэдэг хүний дүрс нь байна уу үүнийг яагаад нотлох баримт гэж байгааг ойлгохгүй байна. Хүүхдүүдээ аваад зугтаасан гэдэг нь ямар баримтаар нотлогдож байна вэ. Хүчирхийлүүлсэн гэж байгаа. Хүчирхийлүүлээд хүүхдүүдээ зодоод байдаг бол Р  гэдэг хүн  Монгол улсад байх хугацаанд яагаад монгол улсын цагдаагаар шалгуулаагүй юм бэ.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хэлсэнээр ноцтой зүйл болсон бол зодсон, дарамталсан, хүчирхийлсэн бол яагаад  цагдаагийн байгууллагад хандаагүй юм вэ, энэ мөн нотолгоо болох байсан. Орчуулагчийн гэрээг асуугаад байгаа. Бид нар Глобал гэх орчуулгын байгууллагад хандаж Эстони улс руу орчуулга хийх үү гэхэд орчуулга хийдэг гэсэн. Орчуулгыг зөвшөөрөхгүй байгаа бол түүнийг нотлох хэрэгтэй. Зөвшөөрөөд өнөөдөр хурал хийгээд яваад байна. Зугтаасан хүний хүчирхийлэлд байсан гэж удаа дараа яриад байгаа. Дарамталсан гэсэн ганц ч баримт байхгүй. Үлгэр шиг юм яриад байна. Аливаа яриад байгаа зүйл болгон  нотолгоотой хариуцлагатай байх ёстой. Хүчирхийлсэн, дарамталсан, ямар нэгэн байдлаар хүч хэрэглэж гэрээнд гарын үсэг зуруулсан гэсэн асуудлыг ярих үндэслэл байхгүй. Нэхэмжлэгч нар гэрч гэж хоёр хүний бичсэн зүйл байгаа. Тэр хүмүүс хатуу торгуультай гэрээ байсан байна гэж байгаа. Яг нарийн гэрээг харахаар өөр шүү дээ. Орчуулсан байдлаар хатуу торгуультай байна гэж ерөнхий байдлаар хэлсэн байна. Үүнд гэрчийн яриад байгаа болон гэрээний орчуулга буруу байна гэж яриад байна. Гэрээг харж байж ярих ёстой. Энэ гэрээ сайн дурын үндсэн дээр ямар нэгэн хүчирхийлэл байгаагүй гэсэн. Н.Б  өөрөө гарын үсгээ зурсан. Хүүхдүүд нь болон өөрөө хүчирхийлэлд байгаагүй. Хариуцагч Эстони хэл дээр үйлдсэн гэрээ хүчин төгөлдөр бус гэж тооцуулахаар шүүхэд сөрөг нэхэмжлэл гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй. Тэрээр Эстони хэл мэдэхгүй, мэдэхгүй хэл дээр хүчээр гарын үсэг зуруулсан, зээлийн гэрээ хүчин төгөлдөр бусад тооцуулахаар маргадаг. Гэтэл Н.Б  нэхэмжлэгч нар дотно харилцаатай байхад Б д туслах зорилгоор  2016 оны 11 сарын 07-ны өдөр Фикбьюлдинг ХХК хувьцааг 2800 еврогоор худалдан авч өгсөн, худалдах худалдан авах гэрээ байгуулахад нэхэмжлэгч  эстони хэлнээс англи хэл рүү орчуулж өгсөн. Ингэхэд хариуцагч Н.Б  нотариатч Анреас Оттын өмнө Р  нь уг гэрээний орчуулагч мөн, энэ гэрээг эстониос  англи хэл рүү орчуулж өгөхөд түүнд бүрэн итгэж байна гэж хэлж гарын үсэг зурсан байдаг. Энэ худалдах худалдан авах гэрээ одоо хүртэл хүчин төгөлдөр хэвээр үйлчилж байгаа. Компани ч түүний нэр дээр хэвээр байгаа. Гэрээ байгуулахад нэхэмжлэгч эстони хэлнээс англи хэл рүү орчуулах орчуулагчаар хариуцагчийн зөвшөөрч баталсны дагуу ажилласан. Өөрөөр хэлбэл энэ үйлдлээр хариуцагч Б  нь Р  эстони хэлнээс англи хэл рүү орчуулуулсан, энэ талаар ямар ч маргаан гаргаагүй, татгалзах зүйлгүй гэсэн ба учир нь өөрт нь ашигтай байсан. Нэгэнт урьд нь орчуулагчаар ажиллахад хариуцагч татгалзаагүй учраас 2 дахь гэрээг мөн л эстони хэл дээр үйлдэж англи хэл рүү орчуулсан. Хариуцагч өөрт байсан гэрээг аваад гэрчүүдийн хажууд уншсан. Энэ үед нэхэмжлэгч гэрээг нэгмөсөн уншиж өгсөн. Өөрт нь ашигтай гэрээний талаар огт маргахгүй атлаа зээлийн гэрээ болохоор хүчин төгөлдөр бус гэж тооцуулахаар зүтгээд байгаа нь хариуцлагаас зугтах нэг арга гэж үзэж байна. Эстони хэл дээр гэрээг ойлгохгүй гэж байгаа юм бол гэрээнд байгаа тоонуудыг яагаад харахгүй өнгөрөв. Тоог л харахад энэ гэрээ мөнгөний тухай юм байна, мөнгөний хэмжээ энэ байна гэдгийг бичиг үсэг тайлагдаагүй хүн ч ойлгоно. Мөнгөтэй холбоотой гэдгийг ойлгосон. Гэрээг ойлгоогүй, хүчээр гарын үсэг зурсан гэж байгаа бол гэрээнд гарын үсэг зурсны дараа яагаад сайн дураараа 3 удаагийн үйлдлээр зээлийн хүү төлөөд байгаа юм бэ гэсэн асуулт гарч байна. Ойлгоод хүүгээ төлөөд байгаа бол хүч хэрэглэсэн тухай ганц ч баримт байхгүй. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү “ гэв.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Р  нь хариуцагч Н.Б , И.Н  нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 83,303.80 евро буюу 237,396,812.60 төгрөгийг, учирсан хохирол 7,974.68 евро буюу 23,627,701 төгрөгийг гаргуулах, зээлийн гэрээний үүргийн биелэлтийг *******,******* үл хөдлөх эд хөрөнгөөр хангуулах тухай үндсэн нэхэмжлэлийг,

хариуцагч Н.Б  нь нэхэмжлэгч Р -д холбогдуулан 2017 оны 02 сарын 13-ны өдрийн ******* тоот зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус шүүхэд гаргасан.

 

1/ Хариуцагч Н.Б , И.Н  нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 83,303.80 евро буюу 237,396,812.60 төгрөгийг, учирсан хохирол 7,974.68 евро буюу 23,627,701 төгрөгийг гаргуулах, зээлийн гэрээний үүргийн биелэлтийг *******,******* үл хөдлөх эд хөрөнгөөр хангуулах тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлагын талаар

 

             Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ хариуцагч нар 57,500 евро зээлж, орон сууц худалдан авсан, зээлээ эргүүлэн төлөөгүй тул зээлийн гэрээний дагуу хүү, алданги, хохирол гаргуулах үндэслэлтэй гэж, хариуцагч Н.Б  нь 50,000 евро төлөхийг хүлээн зөвшөөрнө, бусад шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж, хариуцагч И.Н  нь нэхэмжлэлийн шаардлагыг хариуцах этгээд нь биш тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэх тайлбарыг гарган мэтгэлцсэн.

 

Шүүх дараах үндэслэлээр үндсэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв. 

 

             Хэрэгт нэхэмжлэгч Р  болон хариуцагч Н.Б  нарын хооронд Эстони улсад 2017 оны 02 сарын 13-ны өдөр байгуулсан 57,500 еврог зээлсэн тухай ******* дугаартай зээлийн гэрээ нотлох баримтаар  авагдсан. Уг гэрээнд нэхэмжлэгчээс 2016 оны 12 сарын 03-ны өдөр бэлнээр 7,500 евро, 2017 оны 01 сарын 17-ны өдөр банкаар шилжүүлсэн 50,000 еврог хариуцагч Н.Б д өгсөн талаар дурдаж, зээлсэн 50,000 еврогийн хүүд жилд 15 хувьтай тэнцэх хүү төлөх, гэрээний хугацаа 2017 оны 01 сарын 17-ны өдрөөс эхлэн нэг жилийн хугацаатай байх, зээлдэгчийн нөхөр Нямка Идема нь 65,000 еврогийн батлан даагчийн гэрээ байгуулах, Монгол улс, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 14 дүгээр хороо, 49-73А гэсэн хаягтай орон сууцыг 65,000 еврогийн барьцаанд бүртгүүлж, нотариатчаар гэрчлүүлэх талаар дурджээ. /хх1-24-24-27/

 

            Нэхэмжлэгч нь 50,000 евро, түүний хүү, алдангид 25,803.85 евро, 7,500 еврод хүү, алданги тооцохгүйгээр нэхэмжилж, зээлийн гэрээний үүрэгт нийт 83,303.85 евро буюу 237,396.812.60 төгрөг, хохирол 7,964,68 евро буюу 23,627,701 төгрөгийг хариуцагч нараас гаргуулахаар нэхэмжилсэн.

 

Монгол Улсын Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д “зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ”, мөн  хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т “Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно” гэж заасан.

 

Дээр дурдсан зээлийн гэрээ байгуулсан өдөр буюу 2017 оны 02 сарын 13-ны өдөр 57,500 еврогийн зээлийг бэлнээр олгоогүй, өмнө өгсөн 57,500 еврогийн үүргийн талаар тохиролцсон болох нь зохигчдын хэн алины тайлбараар тогтоогдож байх бөгөөд зээлийн гэрээний үндсэн шинж нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т зааснаар тодорхойлогдох учраас зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь 57,500 еврог зээлдэгчийн өмчлөлд шилжүүлж өгсөн гэж үзэх хэргийн үйл баримтаар тогтоогдохгүй байна Зээлийг бэлнээр олгох нөхцөл бүрдээгүй байх тул Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1-д зааснаар зээлийн хүү төлөхийг хариуцагчаас шаардах, мөн уг гэрээний үүрэгт алданги, торгууль гаргуулахаар шаардах эрх нэхэмжлэгчид үүсээгүй байна. 

 

Мөн зээлийн гэрээнд зээлдэгчийн нөхөр Нямка Идема нь 65,000 еврогийн батлан даагчийн гэрээ байгуулахаар заасан байх боловч хэрэгт цугларсан баримтаас үзэхэд нэхэмжлэгч Р  болон хариуцагч Н.Б  нарын хооронд Эстони улсад 2017 оны 02 сарын 13-ны өдөр байгуулсан ******* дугаартай зээлийн гэрээний дагуу зээлийг батлан даах үүргийг хариуцагч И.Н  хүлээсэн болох нь тогтоогдоогүй тул нэхэмжлэгч нь хариуцагч И.Н оос зээлийн гэрээний үүргийг шаардах эрхгүй болно.

 

             Хариуцагч Н.Б  нь дээр дурдсан гэрээнд дурдсан 50,000 еврог өөрийн дансаар шилжүүлэн авсан талаар маргаагүй. Харин 7,500 еврог нэхэмжлэгчээс зээлээгүй, нэхэмжлэгч    Р  түүнд бэлэглэсэн тул буцаан төлөх үүрэг хүлээхгүй гэх тайлбарыг гаргаж байх боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, 107 дугаар зүйлийн 107.3-т зааснаар баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлж, нотлоогүй, нэхэмжлэгч 7,500 еврог түүнд бэлэглэсэн гэх тайлбар нь баримтаар тогтоогдохгүй байна.

Хэрэгт авагдсан баримт болон зохигчдын тайлбараар нэхэмжлэгч Р  2016 оны 12 сарын 03-ны өдөр Улаанбаатар хотод 7,500 еврог бэлнээр, 2017 оны 01 сарын 17-ны өдөр хариуцагч Н.Б гийн Голомт банкин дахь 3105102198 дугаартай данс руу 50,000 еврог шилжүүлсэн болох нь тогтоогдож байх тул хариуцагч Н.Б  нь нэхэмжлэгчээс 57,500 еврог авсан гэж үзэх үндэслэлтэй.

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон тохиолдолд бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс буцаан шаардах эрхтэй тул нэхэмжлэгч Р  нь хариуцагч Н.Б гаас 57,500 еврог  гаргуулахаар шаардах эрхтэй.

 

Хариуцагч Н.Б  нь 2017 оны 02 сарын 14-ний өдөр 750 евро, 2017 оны 04 сарын 04-ний өдөр 1,112 евро, нийт 1,862 еврог нэхэмжлэгчийн дансанд шилжүүлсэн байх тул төлбөл зохих 57,500 еврогоос төлсөн 1,862 еврог хасаж 55,638 еврог нэхэмжлэгч Р д төлөх үүрэгтэй байна.

 

Нэхэмжлэгч нь зээлийн гэрээний дагуу шаардсан еврог шүүхэд нэхэмжлэл гаргасан өдрийн монгол банкны ханш 2,849.77 төгрөгөөр тооцож нэхэмжилсэн нь Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 281.1-д “Төлбөр гүйцэтгэх хугацаа болохоос өмнө мөнгөний ханш өссөн, буурсан бол үүрэг үүсэх үеийн ханшаар тооцож төлбөрийг төлнө” гэж заасантай нийцэж байна.

 

Иймд дээр дурдсан үндэслэлээр хариуцагч Н.Б гаас 55,638 евро буюу 158,555,503.26 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Р -д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 102,469,010.34 төгрөгт холбогдох хэсгийг, хариуцагч И.Н ид холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх  дүгнэв.

 

2/ Нэхэмжлэгч Р -д холбогдох 2017 оны 02 сарын 13-ны өдрийн ******* тоот зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагын талаар

 

Хариуцагч Н.Б  нь ******* дугаартай зээлийн гэрээг хариуцагчийн хэлний мэдлэггүй байдлыг ашиглан төөрөгдүүлэн, хүч хэрэглэн байгуулсан гэх үндэслэлээр уг гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах шаардлага гаргасныг нэхэмжлэгч эс зөвшөөрч мэтгэлцсэн.

 

Шүүх дараах үндэслэлээр сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв. 

Хариуцагч Н.Б  нь зохигчдын хооронд байгуулсан зээлийн гэрээ нь  Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 “хууль буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл”, 56.1.8 “хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл”, 60 дугаар зүйлийн 60.1.8 “нөгөө тал, эсхүл гуравдагч этгээдийн зүгээс хүч хэрэглэн буюу хүч хэрэглэхээр заналхийлсэн хэлцэл хийлгэсэн бол хэлцэл хийгч этгээд уг хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулахаар шаардах эрхтэй” гэж уг хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулахаар шаардах эрхтэй гэж сөрөг нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагаа тайлбарласан.

 

Нэхэмжлэгч Р  болон хариуцагч Н.Б  нарын хооронд Эстони улсад 2017 оны 02 сарын 13-ны өдөр байгуулсан ******* дугаартай Зээлийн гэрээний 3.1.2-т зээлдэгчийн нөхөр Нямка Идема нь 65,000 еврогийн батлан даагчийн гэрээ байгуулахаар заасан байх боловч хэрэгт цугларсан баримтаас үзэхэд зээлийн гэрээний дагуу зээлийг батлан даах үүргийг хариуцагч И.Н  хүлээсэн болох нь тогтоогдоогүй, уг гэрээг байгуулахад хариуцагч И.Н  Эстони улсад байгаагүй, тэрээр уг гэрээнд 65,000 еврогийн зээлийн батлан даагчаар оролцох хүсэл зоригийг илэрхийлсэн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байх тул уг гэрээг зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл гэж үзэх үндэслэлтэй.

 

Дээр дурдсан зээлийн гэрээг эстони хэл дээр үйлдэж, англи хэлний орчуулагчийн тусламжтай англи хэл рүү орчуулан хариуцагч Н.Б д танилцуулан гарын үсэг зурж баталгаажуулсан болох нь хэрэгт авагдсан баримт болон зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

 

Хариуцагч Н.Б  нь эстони хэл мэдэхгүй, англи хэлний дээд боловсрол эзэмшээгүй, уг хэлийг гэрээний түвшинд ойлгох чадварыг эзэмшээгүй тул нэхэмжлэгч Р -тай байгуулсан гэрээний агуулгыг ойлгоогүй, гэрээний нэг тал болохын хувьд өөрийн зүгээс саналаа тусгуулж чадаагүй, зөвхөн нэхэмжлэгчийн хүсэл зоригийг тусгасан, гэрээний талуудын тэгш эрхийн зарчим алдагдсан гэрээ тул хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцох үндэслэлтэй гэх тайлбарыг гаргасан.

 

             Нэхэмжлэгч нь хариуцагч Н.Б  орчуулагчийн тусламжтай гэрээний агуулгыг бүрэн ойлгож, хүсэл зоригоо илэрхийлж гэрээ байгуулсан гэх тайлбарыг гаргаж байх боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, 107 дугаар зүйлийн 107.2-т зааснаар баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлж, нотлоогүй, хариуцагч Н.Б  зээлийн гэрээний агуулгыг англи хэл дээр ойлгож, хүсэл зоригоо тусгаж гэрээ байгуулсан гэж үзэх үндэслэл баримтаар тогтоогдохгүй байна.

 

Хариуцагч Н.Б  нь зээлийн гэрээг хүч хэрэглэж хийсэн хэлцэл гэх үндэслэл заан хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тайлбарыг гаргаж байх боловч хэрэгт цугларсан баримтаас үзэхэд зээлийн гэрээг хүч хэрэглэж байгуулсан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Иймд дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгч Р  болон хариуцагч Н.Б  нарын хооронд Эстони улсад 2017 оны 02 сарын 13-ны өдөр байгуулсан ******* дугаартай зээлийн гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8-д зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцох үндэслэлтэй.

Шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд зохигчдын хооронд 2017 оны 02 сарын 13-ны өдөр байгуулсан ******* дугаартай зээлийн гэрээний дагуу 57,500 еврогийн зээл өгч, авалцах харилцаа үүсээгүй гэж дүгнэсэн тул зохигчдын хооронд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д зааснаар хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүргийн харилцаа үүсэхгүй.

 

Хариуцагч И.Н  шүүх хуралдааны товыг мэдсэн, хүндэтгэн үзэх шалтгааны улмаас шүүх хуралдаанд оролцох боломжгүй болсон, өөрийн эзгүйд шүүх хуралдааныг хийлгэх хүсэлтийг ирүүлсэн байх бөгөөд хариуцагч Н.Б гийн өмгөөлөгч Э.МягмарЦ д шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч  хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй, зохигчид  хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар шийдвэрлэв.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нарын зүгээс англи хэл дээр үйлдсэн баримтад үзлэг хийлгэх, гадаад улсын иргэнийг гэрчээр асуулгах хүсэлт гаргасан ба шүүх хүсэлтийг хүлээн авч, шүүгчийн захирамжаар орчуулагч томилсон бөгөөд орчуулгын үйлчилгээний хөлс 400,000 төгрөгийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар төлсөн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.2-т заасныг баримтлан орчуулгын үйлчилгээний хөлс 400,000 төгрөгийг хариуцагч Н.Б , И.Н  нараас тэнцүү хэмжээгээр гаргуулж Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газарт олгох нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

 ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан хариуцагч Н.Б гаас 158,555,503.26 /нэг зуун тавин найман сая таван зуун тавин таван мянга таван зуун гурван төгрөг хорин зургаан мөнгө/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Р -д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 102,469,010.34 /нэг зуун хоёр сая дөрвөн зуун жаран есөн мянга арван төгрөг гучин дөрвөн мөнгө/ төгрөгт холбогдох хэсгийг, хариуцагч И.Н ид холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8-д заасныг баримтлан нэхэмжлэгч Р  болон хариуцагч Н.Б  нарын хооронд Эстони улсад 2017 оны 02 сарын 13-ны өдөр байгуулсан ******* дугаартай зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож, зохигчдын хооронд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д зааснаар хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүргийн харилцаа үүсэхгүй болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,344,935 төгрөг, 276,100 төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 986,000 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.Б гаас нэхэмжлэлийн шаардлагын хангасан үнийн дүнд тохирох улсын тэмдэгтийн хураамжид 950,727.53 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Р -д олгож, нэхэмжлэгч Р -ээс сөрөг нэхэмжлэлийн шаардлагын хангасан үнийн дүнд тохирох улсын тэмдэгтийн хураамжид 986,000 төгрөгийг гаргуулж хариуцагч Н.Б д олгосугай.

 

            4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.2-т заасныг баримтлан хариуцагч Н.Б , И.Н  нараас орчуулгын үйлчилгээний хөлс 400,000 төгрөгийг тэнцүү хэмжээгээр гаргуулж Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газарт  олгосугай.

 

            5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              Д.ЦЭРЭНДОЛГОР