Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 09 сарын 14 өдөр

Дугаар 2012

 

Р С-гийн

нэхэмжлэлтэй, иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Б.Нармандах, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 101/ШШ2018/02618 дугааршийдвэртэй, Р С-гийн нэхэмжлэлтэй, Н.Б, И.Н нарт холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 83 303,80 евро буюу 237 396 812,60 төгрөг, хохирол 7 974,68 евро буюу 23 627 701 төгрөг гаргуулах, зээлийн гэрээний үүргийн биелэлтийг Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 49 дүгээр байрны 73А тоот үл хөдлөх эд хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлтэй, 

NR01/11.01.17 тоот зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг зохигчдын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Э, хариуцагчийн итгэмжлэдсэн төлөөлөгч С.Н, хариуцагчийн өмгөөлөгч Т.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Цэрэнханд нар оролцов.

Нэхэмжлэгч Эстон Улсын иргэн РС шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие анх Э.Ц-ээр дамжуулан 2011 оны 05-06 дугаар сард Н.Б-тай Улаанбаатар хотод танилцсан. Би хамтран ажиллах аялал жуулчлалын компани хайж байгаад Н.Б-гийн Оффроуд Тур компанийн аялалын үйлчилгээг авахаар болсон. Н.Б нь өөрийгөө нөхрөөсөө салсан гэж хэлж надтай хайр дурлалын харилцаа тогтоосон юм. Тэрээр Эстонид ирсэн бөгөөд бүрмөсөн нүүж ирэхэд саад болж байгаа цорын ганц асуудал нь орон сууц худалдан авах мөнгөнөөс болоод байна гэж хэлсэн. 2016 оны 12 дугаар сарын 03-ны өдөр надаас 7 500 евро зээлж, дараа нь нэмж жилийн 15 хувийн хүүтэй 50 000 еврогийн зээл авсан. Бид 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдөр NR 01/11.01.17 дугаар зээлийн гэрээ байгуулж гарын үсэг зурсан. Тухайн үед хариуцагч Н.Б-д мөнгө хэрэгтэй гэхээр нь Эстонийн Грассхоппер компанитай жилийн 15 хувийн хүүтэй 50 000 еврогийн зээлийн гэрээг байгуулж, энэ компаниас 2017 оны 01 дүгээр сарын 17-нд Луминор банкин дахь ЕЕ111700017000204158 тоот данс руу 50 000 евро орж тэр өдрөө хариуцагч Н.Б-гийн Голомт банкин дахь 3105102198 дугаар данс руу шилжүүлсэн. Зээлийн гэрээний барьцаа болгон өөрийн болон эмэгтэй дүү Ева Силластегийн Мускарму тосгонд байх өөрсдийн үл хөдлөх хөрөнгийг барьцаалсан. Эстони Улсын иргэн Жоел Хирв нь зээлийн эргэн төлөлтийн баталгаа болгож батлан даалтын гэрээнд гарын үсгээ зурсан. Миний Грассхоппер компанитай байгуулсан зээлийн гэрээгээр 50 000 еврогийн зээлийн хүүд хуанлийн жилийн 15 хувийн хүү төлөхөөр харилцан тохиролцож гэрээг нэг жилийн хугацаатай байгуулсан. Хэрэв гэрээний заалтыг зөрчсөн тохиолдол бүрт 10 000 еврогийн торгууль ногдуулах тухай гэрээндээ заасан. Өнөөдрийг хүртэл би үндсэн зээл, зээлийн хүүг сар бүр хугацаанд нь Грассхопер компани руу шилжүүлж мөн зээлдүүлэгчид хүсэлт тавьж гэрээгээ 6 сараар сунгасан. Мөн нэхэмжлэгч тал зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөний улмаас надад хохирол учирсан тул хохирлоо нэхэмжилж байна.2017 оны 02 дугаар сарын 13-ны өдөр Н.Б-тай NR01/11.01.17 дугаар зээлийн гэрээг байгуулсан. Тэрээр зээлийн гэрээний нөхцлүүдийг бүрэн ойлгосны үндсэн дээр сайн дураараа хэн нэгний дарамт шахалтгүйгээр гарын үсгээ зурсан гэдгийг Мааржа Лийза Линдре болон Клеменс Августин Касема нар гэрчилдэг. Хариуцагч зээлийн хүүг өөрөө тооцоолон, 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдөр нэг сарын хүүд 750 евро, 2017 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр өөрийн данснаас РС-гийн ЕЕ111700017000204158 данс руу 2 сарын зээлийн хүүнд 1 112 евро шилжүүлсэн.

Хариуцагч Н.Б нөхөр И.Н-ийн хамт нэхэмжлэгчээс авсан мөнгөөр өөрийн гэр бүлийн хэрэгцээндээ Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 49 байр, 73А тоот байр худалдаж авсан. Зээлийн гэрээгээ үл хөдлөх хөрөнгийн газарт очиж баталгаажуулах үүргээ биелүүлээгүй. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4, 196 дугаар зүйлийн 196.1.1-т заасны дагуу нэхэмжлэгч, Н.Б-д 2016 оны 12 дугаар сарын 16-нд бэлнээр 7 500 евро, 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр банкны шилжүүлгээр 50 000 евро шилжүүлсэн байдаг. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт заасны дагуу талууд зээлийн гэрээнд хүү, алданги тооцохоор бичгийн хэлбэртэй гэрээ байгуулсан, мөн зээлийн харилцаа бодит үйлдлээр буюу 3 сарын хүү шилжүүлснээр хийгдэж бий болсон байна. Нэхэмжлэгч гэрээ байгуулснаас хойш хугацаанд зээлийн хүүд 7 974,68евро, үндсэн зээлд 15 000 евро нийт 22 974,68 еврог бусдын өмнөөс зээлдүүлэгчид төлөөд байна. Эстони улс дахь Г ХХК-иас авсан эх үүсвэрийн хүүд төлсөн 7 794,68 евро буюу 23 627 701 төгрөгийг хохиролд тооцон нэхэмжилсэн. Нийт 57 500 евро зээлсэн, үүний 7 500 еврод ямар нэгэн хүү тооцоогүй. 50 000 еврод хүү, алданги тооцогдох ёстой. Зээлийн гэрээгээр 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдрөөс 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдөр хүртэл хэтэрсэн хугацааны алданги тооцсон. Үндсэн зээл 50 000 еврогийн хүү, алдангийг Иргэний хуулийн 234 дүгээр зүйлийн 234.4 дэх хэсэгт заасны дагуу 50 хувиар хязгаарлаж 25 000 евро, мөн 2017 оны 12 дугаар сарын 16-нд ямар нэгэн хүү тооцохгүйгээр 7 500 евро зээлүүлсэн болно. Иймд хариуцагч Н.Б, И.Н нараас 83 303,85 евро буюу 237 396 812,60 төгрөг, хохирол 7 964 68 евро буюу 23 627 701 төгрөг гаргуулах, зээлийн гэрээний үүргийн биелэлтийг Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 49 дүгээр байрны 73А тоот үл хөдлөх эд хөрөнгөөр хангуулахаар нэхэмжилж байна гэжээ.

Хариуцагч Н.Б-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Н шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:Нэхэмжлэгч Раул Силласте нь хариуцагч Н.Б-гийн хадам ээж Э.Ц-гийн гэр бүлийн маш сайн найз. Нэхэмжлэгч РС болон хариуцагч Н.Б нар 2011 онд танилцсан. Нэхэмжлэгч 2016 оны 08 дугаар сард 11 хүний бүрэлдэхүүнтэй жуулчдыг Эстониос аяллын компаниар дамжуулан авчирч бид нарт үйлчлүүлж өгнө үү гэсэн саналыг Н.Б хүлээн зөвшөөрч үнэ тохиролцсон. Аяллын хугацаанд нэхэмжлэгч хариуцагч нарын хооронд дотно харилцаа үүссэн. РС 10 дугаар сард Н.Б-г Шенгений орнуудаар аялах санал тавьж Н.Б хүлээж авсан ба аялах хугацаанд РС архины хамааралтай хүн байсан тул Н.Б-г удаа дараа зодож танхайрч, элдэв бусаар хуучин найз нөхдөөр муулах зэрэг хүч гаргаж байсан.

Эстони явж ирсний дараа Б энэ харилцаагаа дуусгая гэсэн зурвас илгээсэн. Гэтэл 2016 оны 12 дугаар сарын 03-нд РС Монголд ирээд Н.Б-с уучлалт гуйж задгай еврог чамд бэлэглэж байна гээд энд байх хугацаандаа захиран зарцуулах болно гэж хэлсэн. Уг мөнгө нь хэдэн евро байсан нь тодорхойгүй, 7 500 евро байсан гэдэг нь зөвхөн нэхэмжлэгчийн хэлсэн тоо. Тэр хүний хамтдаа хэрэглэе гэсэн мөнгийг Н.Б энэ мөнгө хэрэгтэй байна гэж гарын үсэг зурж хүлээж аваагүй. Н.Б-д байрны асуудал байсан, шинэ байр худалдаж авсан гэх боловч байрыг 2015 онд И.Н, Н.Б нар Дарь эхэд байх байшингаа зараад урьдчилгаа хийж сар болгон 1 500 000 төгрөгийн төлөлт хийж, үлдэгдэл нь 50 000 евротой тэнцэх хэмжээний мөнгө байсан.

Мөн РС Монголд ирэхээр Н.Б-гийн гэрт амьдрах, Эстонид очихоор өөрийн гэрт амьдрах сонирхол байсан учир энэ хүн өөрийн хүсэл сонирхлын үндсэн дээр 50 000 еврог Н.Б-д шилжүүлсэн. Гэхдээ 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Голомт банкны данс руу шилжүүлж гүйлгээний утган дээр гадаад валютын төлбөр буюу ямар нэгэн төлбөр гэсэн утгаар орж ирсэн. 50 000 еврог орж ирснийг Н.Б хүлээн зөвшөөрсөн, маргаж байгаагүй. 50 000 еврог төлөх үндэслэл нь аялал байсан. РС 5-7 аялал явуулахад л энэ мөнгө төлөгдөж дуусах яриа байсан. Энэ хоёр хүний хоорондох асуудал нь ч гэсэн аялал байсан бөгөөд аяллын эх үүсвэрээр байрны үлдэгдэлийг төлнө гэсэн харилцан тохиролцсон ажил байсан. РС би малтай, нохойтой монгол ахуйтай амьдардаг хүн гэсэн санал тавьж, Н.Б 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Эстони руу 2 хүүхдээ аваад ниссэн бөгөөд 23-ны өдөр Эстонид очсон бөгөөд РС хотоос, тосгоноос нэлээн хэдэн км зайтай жижигхэн газарт амьдардаг байсан. Мөн Н.Б Эстони явах болсон гол шалтгаан нь Олон улсын хог цэвэрлэх нийгэмлэгээс РС өмнөөс нь урилга захиалж авсан бөгөөд тэр байгууллагын шугамаар Эстони явсан. Ингээд 2017 оны 02 сарын 09-ний өдөр Эстони улсад болсон аялал жуулчлалын үзэсгэлэнд оролцох, энэ үзэсгэлэнгээр Монголыг сурталчлах, аялал татаж авч ирэх зорилготой явсан.

Нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд зөрчил үүсч 2 удаа 2 хүүхдээ дагуулаад зугтахад РС барьж аваад зодсон нүдсэн, гавлаад суусан, Н.Б-г шатнаас удаа дараа түлхсэн, Н.Б ямар нэгэн байдлаар тусламж хүсээгүй, гомдол гаргаагүй. РС-гийн гэр нь хотын төвөөс зайтай өөрөө тусламж авъя гэхээр Эстони хэл мэдэхгүй, цагдаа дуудна гэхээр РС өөрөө дуудна гэдэг, хажуу айл болон хөрш айлаас тусламж авах боломжгүй, хоорондоо зайтай, ойн төгөл шиг газарт амьдардаг болохоор гаднаас тусламж авах боломж байгаагүй. Н.Б 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдөр аялал жуулчлалын үзэсгэлэнд оролцоод уг үзэсгэлэн дуусах үед РС гаднаас 2 хүн дагуулж орж ирээд энэ хоёр хүн цагдаа шүүхийн хүмүүс чи надаас авсан мөнгөнд гарын үсэг зур, би чамтай зээлийн гэрээ байгуулна тэгж байж чи Эстониос явна гэсэн шаардлага тавьсан. Тухайн үед Н.Б 2 хүүхдээ аваад эх нутагтаа эргэж ирэх нь чухал асуудал байсан. РС өөрөө орчуулга хийж, зээлийн гэрээгээр 50 000 еврог буцааж авах гэж байна гэж хэлсэн. Гэхдээ хавтаст хэрэгт орчуулагдаад ирсэн гэрээнээс харахад Н.Б юу ч ойлгоогүй байдаг, ойлгох боломж ч байгаагүй, тухайн үед сэтгэл зүйн байдал хэцүү байсан. Тийм болохоор Н.Б маш хурдан гарын үсэг зурсан. Ямар нэгэн мөнгө авалгүй гарч ирсэн гэсэн тайлбарыг хэлж байгааболовч асуудал хүнд байсан болохоор И.Н-оос тусламж гуйж, Монголд ирсэн.

Н.Б зээлийн гэрээний төлөлтийг 2 удаагийн үйлдлээр буюу нийт 1877 евро төлсөн тул 50 000 евроноос хасч 48 123 еврог төлөх үндэслэлтэй. 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн гэм хорын хохирлыг хүлээн зөвшөөрөхгүй. Н.Б-д зээл авна ч гэж хэлээгүй, 50 000 еврог асуудалгүй төлнө. РС-гийн хүсэл сонирхол 50 000 евро шилжүүлээд Монголд амьдрах, Монгол эхнэртэй болох, Монголд ирэхдээ орон байртай байх, сонирхолтой байсны улмаас Н.Б-д мөнгийг шилжүүлсэн. Нэхэмжлэлийн шаардлага болох үндсэн зээл 50 000 евро, үүнээс төлсөн төлөлтийг хасч 48 123 еврог хүлээн зөвшөөрч байна. Бусад нэхэмжлээд байгаа торгууль, хүү алдангийг гэм хорын хохирол, үл хөдлөх хөрөнгөөр хангуулах шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэжээ.

Хариуцагч И.Нямдорж шүүхэд гаргасан тайлбартаа: РС /Рой Страйдэр/, Н.Б нарын хоорондох 50 000 евро зээлсэн, 7 500 евро бэлэглэсэн /зээлсэн/, 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдөр зээлийн гэрээ байгуулсан гэх асуудлын дагуух төлбөр 237 396 812,60 төгрөг гаргуулж Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 49 байрны 73а тоот Н.Б-гийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгөөр хангуулах тухай шаардлагыг хариуцах этгээд нь биш. РС нь И.Н надтай найз атлаа бидний үл ойлголцлын улмаас тусдаа амьдарч байх хугацаанд Н.Б-тай гэр бүлээс гадуурх харилцаа тогтоож, түүнд сайн нөхөр, хойд эцгийн дүрд тоглож, бидний амьдралын дундуур орж, ёс зүйгүй үйлдэл гаргаж байхдаа Монгол улсад амьдрах орон байрныхаа асуудлыг шийдэх зорилгоор 50 000 еврог зээлж Н.Б-д шилжүүлсэн байдаг.

Мөн РС Н.Б-г өөрийн болгох хүсэл зоригоо хэрэгжүүлж Н.Б-тай 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрөөс 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн хооронд Эстони улс болон Шенгений орнуудаар аялуулж байх хугацаанд тодорхой хэмжээгээр түүнд учруулсан хүчирхийллээ цайруулж, дахин хамт Энэтхэг улсад аялах зорилгоор 2016 оны 12 дугаар сарын 03-ны өдөр 7 500 евро авчирч хамт үрсэн болохыг РС Н.Б нарын хооронд маргаан гарч шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж эхэлсэн үеэс тодорхой мэдсэн. Раулийн хүчирхийллийн улмаас Н.Б түүнээс салах шийдвэр гаргаж 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдөр Монгол руу буцах болсонтой холбогдуулан Н.Б-г 50 000 евро зээлсэн баримт үйлдэхгүй бол 2 хүүхэдтэй нь Эстони улсаас гаргахгүй, цагдаа шүүхэд гомдол гаргаж шоронд суулгана гэж айлган сүрдүүлж байгаадЭстони хэл дээр зээлийн гэрээ гэх баримтын эхийг бэлдэж, 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдөр гарын үсгээ зуруулсан гэх мэдээллийг 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн өглөө мэйл, чатаар хүлээн авч, өдийг хүртэл судалгаа хийсний дүнд олсон түүний хүчирхийллийн талаарх мэдээлэл, өөрсдийн зээлийн үр дагаврыг надаар батлан даалгуулахаар заасныг олж мэдсэн мэдээлэлдээ тулгуурлан шүүхэд тайлбар, мэдүүлэг гаргасны минь төлөө Н.Б-тай хамтран хариуцагчаар татах нь хууль зүйн хувьд үндэслэлгүй юм. Тэрээр өөртэй нь хамтран амьдрахаар 2 хүүхдээ дагуулан очсон хамтран амьдрагч Н.Б-г хүчирхийлэн зодсон, эрх ашиг сонирхлыг нь хууль бусаар хязгаарласан удаа дараагийн үйлдлүүдээсээ болж Н.Б-г явахад хүргэсэн байдаг. Тэрээр Н.Б-тай хамтын амьдралтай болж байгаатайгаа холбогдуулан хамтын аялал зохион байгуулж түүнээс олсон орлогоороо төлөх зорилгоор өөрийн шийдвэрээр Грассхоппер ХХК-иас зээл авч, өөрийн зорилгод нийцүүлэн зарцуулсан. РС Н.Б-д 50 000 евро зээлдүүлсэн харин 7 500 еврог тоолоод өгсөн гэх баримт байдаггүй. РС Н.Б-д 2017 оны 12 дугаар сарын 03-ны өдөр зээлдүүлсэн гээд байгаа 7 500 еврогоо хамтын амьдрал, хамтын аялалдаа зарцуулсан нь харагддаг ба 50 000 еврог зээлдүүлсэн нь тогтоогддог.

Тиймээс би Н.Б Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар РС-д 50 000 евро буцаан өгөх ёстойгоос өөрийн 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдөр төлсөн 750 евро, 2017 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр төлсөн 1127 ёвро нийт 1877 еврог хасч үлдэгдэл 48 123 еврог, мөн хуулийн 218 дугаар зүйлд заасны дагуу үүрэг үүсэх үеийн буюу 2017 он 01дүгээр сарын 18-ны өдрийн Монгол банкнаас зарласан ёврогийн албан ёсны ханшаар бодож төлөх нь хууль зүйн үндэслэлтэй гэж үздэг.

Харин Н.Б-гийн өмчлөлийн орон сууцаар хангуулах нэхэмжлэлийн шаардлага хууль зүйн үндэслэлгүй. Уг зээлийн үүргийн гүйцэтгэлийг барьцаагаар хангах боломжгүй Н.Б, РС нарын хооронд Иргэний хуулийн 156, 160 дугаар зүйлд заасны дагуу барьцааны гэрээг бичгээр хийж, улсын бүртгэлд бүртгүүлсэн хүчин төгөлдөр гэрээ байхгүй. Иймд И.Н, РС бидний хооронд иргэний эрх зүйн харилцаа үүсээгүй тул надад холбогдуулсан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үүгэжээ.

 

Хариуцагч Н.Б-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Н шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: NR01/11.01.17 дугаартай зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан. 2017 оны 02 сарын 13-ны өдөр байгуулсан зээлийн гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т заасан хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл гэж үзэж байна. Үндэслэл нь Н.БЭстони хэл мэддэггүй, ойлгодоггүй англи хэлээр ярьдаг, дээд боловсрол эзэмшээгүйг РС сайн мэдэж байгаа бөгөөд Эстони улсаас компани авч өгсөн. Компанитай болохдоо Н.Б бүгдийг хүлээн зөвшөөрсөн гээд байгаа. Энэ нь сарын 2000 еврогийн орлоготой компани РС уг компаниар дамжуулан бизнес хийх хэлбэр байсан байх. Гэхдээ тэр компаниар дамжуулаад Эстони хэлээр гэрээ хэлцэл хийхэд Н.Б бүрэн ойлгосон байх, гэрээ дэх тоонуудаас хараад бүрэн ойлгох боломжтой гэж нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбарлаж байгаа боловч Эстони хэл дээр бичигдсэн зүйлийг яаж ойлгох юм бэ.

Иймд Эстони хэл дээр үйлдсэн гэрээнд гарын үсэг зуруулсан тул Иргэний хуулийн 60 дугаар зүйлд зааснаар хүч хэрэглэж хийсэн хэлцэл байна. Эмэгтэй хүний бие хамгаалж чадахгүй, 2 бага насны хүүхэдтэй байгаа байдал, өөрийнхөө нутагт байгаа давуу байдлыг ашиглаж өөрийнхөө хүсэл сонирхлын үндсэн дээр гэрээнд гарын үсэг зуруулсан. 2017 оны 02 сарын 13-ны өдөр Н.Б би буцаж Монгол руу явна буцаж чамтай хамт амьдрахгүй гэхэд нь орой нь гаднаас 2 хүн дагуулж орж ирээд чи энэ гэрээн дээр гарын үсэг зур гэж тулган шаардаж байгаа байдал нь мөнгөний дарамт мөн. Энэ гэрээ яагаад нэг талын хүсэл сонирхол болж харагдаад байна бэ гэхээр 2 дугаар хавтаст хэргийн нэхэмжлэгч талаас орчуулж өгсөн Грассхопперийн гэрээтэй үг үсгийнхувьд зөрүүтэй нэр нь өөрчлөгдсөн бусад бүх нөхцөл адилхан Грассхопперийн гэрээг орчуулаад Н.Б-гаар гарын үсэг зуруулсан байдаг. Энэ гэрээнд нэхэмжлэгч талын орчуулсанаар харж байгаа. Энэ гэрээг орчуулсан байдлаас харахад хүү, алданги, мөн гэрээ зөрчсөн зөрчил бүрт 10,000 еврогийн торгуультай. 65 000 еврог Н.Б-гийн нөхөр И.Н-оор хариуцуулна, үл хөдлөх хөрөнгөөр хангуулна гэсэн зүйл заалт байдаг. 2 гэрчийн шүүхэд өгсөн мэдүүлгээс харахад гэрээний үнэ 57 500 евро, хүүгийн хамт байсан, гэрээг зөрчсөн бол хатуу торгууль ногдуулах гэрээ байсан гэсэн. Хатуу торгууль гэдэг нь 10.000 евро төлнө гэдгийг Н.Б-д орчуулж ойлгуулсан уу. Хатуу торгуультай байсан бол Н.Б гарын үсэг зурах байсан болов уу. Гэрчүүд гэрээгзөрчвөл 10 000 еврогоор торгоно гэж ойлгоод байдаг гэтэл орчуулсан гэрээнд гэрээг зөрчсөн зөрчил бүрт 10 000 евро гэсэн байдаг. Н.Б өөрийнхөө хүсэл зоригоо илэрхийлээд сайн дурын үндсэн дээр гарын үсэг зурсан гэж итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбарлаад байна. Н.Б Эстони хэл мэдэхгүй, хүч хэрэглэж хийсэн, төөрөгдүүлсэн. Өөрөө орчуулга хийсэн гэж байгаа, ямар орчуулга хийж яаж Н.Б-гаар гарын үсэг зуруулсан нь ойлгомжгүй байна. 2 гэрч нь хүртэл ойлгоогүй учраас энэ гэрээг айлган сүрдүүлж, хүч хэрэглэж, дарамталж аргагүй байдалд оруулж гарын үсэг зуруулсан тул энэ гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56.1.8-д зааснаар хүчин төгөлдөр бусд тооцож өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Э сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: Энэ гэрээг удаа дараа хүчирхийллийн үндсэн дээр, бусдын дарамтанд байхдаа хийсэн гэсэн. Хүчирхийлэл үйлдсэн, зодсон бол хариуцагч тал ямар ч баримт гаргадаггүй. Эстони улс руу түр оршин суух хугацаа сунгуулах өргөдлийг 2017 оны 01 сарын 26-ны өдөр Н.Б гаргасан. Оршин суух зөвшөөрөл буюу визээ сунгуулахдаа цагдаагийн газарт ханддаг, өөрөө өргөдлөө англи хэл дээр бичсэн байдаг. Энэ хүн хүчирхийлэлд байсан бол 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр буюу гэрээ байгуулахаас хэдхэн хоногийн өмнө хүчирхийлэлд байсан бол цагдаад яагаад мэдэгдээгүй юм бэ. Н.Б-гийн амьдарч байсан зочид буудлын тодорхойлолтыг гаргаж өгсөн. Тус зочид буудлын аюулгүй байдлыг хариуцсан ажилтан Н.Б 2 хүүхдийн хамт тус зочид буудалд байсан, энэ хугацаанд ямар нэгэн зөрчил гаргасан, гэмт хэргийн зүйл байгаагүй гэсэн тодорхойлолт өгсөн. Хэрэв үнэхээр гэмт хэргийн шинжтэй зөрчил байсан бол буудлынхаа аюулгүй байдал хариуцсан ажилтанд мэдэгдээгүй юм бэ, яагаад цагдаад хандаагүй юм бэ.Н.Б-гийн хүүхдүүдийн явдаг байсан цэцэрлэгт хандсан. Хариуцагчийн Эстони улсад байх хугацаанд хүүхдүүд нь энэ улсын цэцэрлэгт явдаг байсан. хүүхдүүдэд ямар нэгэн хүчирхийлэл, барьцаалагдсан зүйл байгаагүй гэсэн нотолгоо гаргаад өгсөн. Хэн хэзээ хаана гавлуулсан вэ, нүүр нь харагдахгүй зургийг интернетээс авсан ч байж болно. Н.Б гэдэг хүний болон РС гэдэг хүний дүрс нь байна уу үүнийг яагаад нотлох баримт гэж байгааг ойлгохгүй байна. Хүүхдүүдээ аваад зугтаасан гэдэг ямар баримтаар нотлогдож байна вэ. Хүчирхийлүүлээд хүүхдүүдээ зодоод байдаг бол РС гэдэг хүн Монгол улсад байх хугацаанд яагаад Монгол улсын цагдаагаар шалгуулаагүй юм бэ. Бид нар Глобал гэх орчуулгын байгууллагад хандаж Эстони улс руу орчуулга хийх үү гэхэд орчуулга хийдэг гэсэн. Орчуулгыг зөвшөөрөхгүй байгаа бол түүнийг нотлох хэрэгтэй. Хүчирхийлсэн, дарамталсан, ямар нэгэн байдлаар хүч хэрэглэж гэрээнд гарын үсэг зуруулсан гэсэн асуудлыг ярих үндэслэл байхгүй. Орчуулсан байдлаар хатуу торгуультай байна гэж ерөнхий байдлаар хэлсэн байна. Үүнд гэрчийн яриад байгаа болон гэрээний орчуулга буруу байна гэж яриад байна. Энэ гэрээ сайн дурын үндсэн дээр ямар нэгэн хүчирхийлэлгүй байгуулагдсан. Н.Б өөрөө гарын үсгээ зурсан. Хариуцагч Эстони хэл дээр үйлдсэн гэрээ хүчин төгөлдөр бус гэж тооцуулахаар шүүхэд сөрөг нэхэмжлэл гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй. Тэрээр Эстони хэл мэдэхгүй, мэдэхгүй хэл дээр хүчээр гарын үсэг зуруулсан, зээлийн гэрээ хүчин төгөлдөр бусад тооцуулахаар маргадаг. Гэтэл Н.Б нэхэмжлэгчтэй дотно харилцаатай байхад Н.Б-д туслах зорилгоор 2016 оны 11 сарын 07-ны өдөр Фикбьюлдинг ХХК хувьцааг 2800 еврогоор худалдан авч өгсөн, худалдах худалдан авах гэрээ байгуулахад нэхэмжлэгч эстони хэлнээс англи хэл рүү орчуулж өгсөн. Ингэхэд хариуцагч Н.Б нотариатч Анреас Оттын өмнө РС нь уг гэрээний орчуулагч мөн, энэ гэрээг Эстониос англи хэл рүү орчуулж өгөхөд түүнд бүрэн итгэж байна гэж хэлж гарын үсэг зурсан байдаг. Энэ худалдах худалдан авах гэрээ одоо хүртэл хүчин төгөлдөр хэвээр үйлчилж байгаа. Компани ч түүний нэр дээр хэвээр байгаа.

Нэгэнт урьд нь орчуулагчаар ажиллахад хариуцагч Н.Б татгалзаагүй учраас 2 дахь гэрээг мөн л эстони хэл дээр үйлдэж англи хэл рүү орчуулж нэхэмжлэгчид гэрээг уншиж өгсөн. Өөрт нь ашигтай гэрээний талаар огт маргахгүй атлаа зээлийн гэрээ болохоор хүчин төгөлдөр бус гэж тооцуулахаар зүтгээд байгаа нь хариуцлагаас зугтах нэг арга гэж үзэж байна. Гэрээг ойлгоогүй, хүчээр гарын үсэг зурсан гэж байгаа бол гэрээнд гарын үсэг зурсны дараа яагаад сайн дураараа 3 удаагийн үйлдлээр зээлийн хүү төлөөд байгаа юм бэ. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан хариуцагч Н.Б-гаас 158 555 503,26 /нэг зуун тавин найман сая таван зуун тавин таван мянга таван зуун гурван төгрөг хорин зургаан мөнгө/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч РС-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 102 469 010,34 /нэг зуун хоёр сая дөрвөн зуун жаран есөн мянга арван төгрөг гучин дөрвөн мөнгө/ төгрөгт холбогдох хэсгийг, хариуцагч И.Н-д холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8-д заасныг баримтлан нэхэмжлэгч РС болон хариуцагч Н.Б нарын хооронд Эстони улсад 2017 оны 02 сарын 13-ны өдөр байгуулсан NR01/11.01.17 дугаартай зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож, зохигчдын хооронд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д зааснаар хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүргийн харилцаа үүсэхгүй болохыг дурдаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 344935 төгрөг, 276 100 төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 986 000 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.Б-аас нэхэмжлэлийн шаардлагын хангасан үнийн дүнд тохирох улсын тэмдэгтийн хураамжид 950727,53 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч РС-д олгож, нэхэмжлэгч РС-ээс сөрөг нэхэмжлэлийн шаардлагын хангасан үнийн дүнд тохирох улсын тэмдэгтийн хураамжид 986 000 төгрөгийг гаргуулж хариуцагч Н.Б-д олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.2-т заасныг баримтлан хариуцагч Н.Б, И.Н нараас орчуулгын үйлчилгээний хөлс 400 000 төгрөгийг тэнцүү хэмжээгээр гаргуулж Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газарт олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Э давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэлтэй дүгнэлт өгч, нотлох баримтыг тал бүрээс нь хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас үнэлж чадаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1 дэх хэсэгт заасны дагуу шүүхээс хэргийг хянан хэлэлцээд шүүхийн шийдвэрийг шүүгчийн захирамж гэж гаргасан нь шүүхийн шийдвэр захирамжилсан хэлбэрээр гаргасан нь алдаатай болсон бөгөөд энэ нь шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй.

Хариуцагч нар өөрийн татгалзлаа нотлоогүй байхад шүүх хэт нэг талыг барьж зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус гэж шийдвэрлэсэнд гомдолтой. Хэрэв англи хэлний мэдлэггүй бол ямар учраас хариуцагч нар англи хэл дээр бичсэн цахим захидалд үзлэг хийх хүсэлт гаргаад, хүсэлтийг нь шүүх хангаад, үнэлээд байгаа нь ойлгомжгүй байна. Мөн хариуцагч Н.Б-гийн"нэхэмжлэгч намайг байнга зодож, хүчээр алуулах гэж байсан, зээлийн гэрээнд гарын үсгээ зурахгүй, зээлийн хүү өгөхгүй бол Монгол руу явуулахгүй гэж дарамталсан гэх тайлбарыг ямар ч нотлох баримтгүйгээр туйлын үнэн гэдэг талаас хүлээн авсан. Хариуцагч нарт хэрэв хүчээр 57 500 евро өгсөн юм бол мөнгийг нь өөрийн хэрэгцээндээ зарцуулахын оронд буцаагаад шилжүүлэх боломж байсан, зээлийн гэрээнд хүчээр гарын үсгээ зурсны дараа 3 удаагийн үйлдлээр зээлийн сарын хүүний мөнгө гэж шилжүүлсэн байдлыг шүүх огт үнэлээгүй.

Шүүх Н.Б-гийн банкаар дамжуулан зээлийн хүүд шилжүүлсэн 750 евро, 1127 еврог хүү гэж үзэхгүй зээлийн төлбөр гэж тооцож нийт төлөх ёстой мөнгөнөөс хассаныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Энэ шилжүүлсэн мөнгө зээлийн хүү байсныг зээлийнгэрээнд заасан хүүг тооны энгийн аргаар тооцоход 3 сарын зээлийн хүү мөн байсан нь батлагдаад гараад ирэхийг шүүх үнэлээгүй, орчуулгыг үндэслэн шийдвэрлэсэнд гомдолтой. Хариуцагч нараас гаргасан зохигчдын хоорондын цахим захидал, мессэжид үзлэг хийлгэх тухай хүсэлтийг хувийн захидал харилцааны нууцтай холбоотой байх тул хүлээн авахгүй гэж захирамж гаргасан мөртлөө хэд хоногийн дараа хариуцагч нараас дахин яг адилхан хүсэлтийг дахин гаргахад хангаж шийдвэрлэсэн нь буруу.

Шүүх зохигчдын хооронд байгуулагдсан зээлийн гэрээг ямар ч үндэслэл нотолгоогүйгээр Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн56.1.1-т заасны дагуу хууль буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл гэж үзсэн. Мөн шүүх зээлийн гэрээг хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл гэж үзсэн нь үндэслэлгүй. Хариуцагч И.Н, РС болон Н.Б нарын хооронд байгуулагдсан зээлийн гэрээнд гарын үсгээ зураагүй байсан, зээлийн батлан даагч нь И.Н байна гэж зөвхөн гэрээнд дурдсан байхад И.Н-ийг шууд зөвшөөрөл өгөх ёстой байсан этгээд гэж үзэж зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл гэж шүүхээс шийдвэрлэсэн нь хуульд үл нийцнэ. Хоёр тал зээлийн гэрээ байгуулахад заавал И.Н-оос зөвшөөрөл авна гэж тохиролцоогүй, тэрээр энэ зээлийн гэрээнд заавалзөвшөөрөл өгөх ёстой этгээд биш байхад шүүх Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасныг баримтлан хэт нэг талыг барьж гэрээг хүчин төгөлдөр бус тооцсонд гомдолтой. Шүүх үндэслэх хэсэгтээ нэхэмжлэгч зээлийн гэрээний үүрэгт Баянзүрх дүүргийн 14дүгээр хороо, 49 дүгээр байрны 73А тоот үл хөдлөх эд хөрөнгөөр хангуулах шаардлага гаргасан гэж дурдсан мөртлөө тогтооххэсэгтээ заагаагүй орхидуулсан, энэ шаардлагад төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг шийдвэрлээгүй.

Дээр дурдсаныг үндэслэн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн тул шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

Хариуцагч Н.Б-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Н давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүх РС нь 2016 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Н.Б-д 7 500 еврог шилжүүлсэн гэж дүгнэж Н.Б-гаас 7 500 евро гаргуулж РС-д олгохоор шийдвэрлэсэн нь нотлох баримтын үндэслэлгүй тул шүүхийн шийдвэрийн энэ хэсэг хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үээх үндэслэлтэй байна. РС нь 2016 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Монголд ирээд Н.-гаас уучлал гуйж, бэлэг гэж түүний орон дээр цүнхтэй евро асгаж, хамт аялана гэж хэлсэн байдаг. Тэрээр 7500 еврог Н.Б-д тоолоод хүлээлгэж өгсөн баримт байдаггүй, бэлэг байсан учраас тухайн цаг хугацаанд цүнхэнд нь буцаагаад хийсэн болохоос дэвсгэртлээд тоолоод хүлээгээд авсан зүйл байгаагүй тул 7500 евро байсан эсэх нь эргэлзээтэй.

Уг мөнгөний захиран зарцуулалт РС-д өөрт нь байсан ба тэрээр маргааш нь Н.Б-д 2000 евро дансандаа хий гэж өгсөнийг тэрээр авч дансандаа хийсэн ба уг мөнгө нь Энэтхэгт хамтдаа аялахад зарцуулагдсан. Мөн бусад мөнгө нь хэд байгаад РС 2016 оны 12 дугаар сарын 03-ны өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн хооронд Монголд байх хугацаандаа хамт дэлгүүр хэсч худалдан авалт хийж 2 талын ээжүүдэд бэлэг авах, өөрсдийгөө хувцаслах, хооллох зэрэгт хэдэн төгрөг зарцуулсныг болон РС хэдэн еврог буцаагаад аваад явсныг Н.Б мэдээгүй. Энэхүү 7500 евро байсан гэдэг дүн 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдөр Эстони улсад хийгдсэн зээлийн гэрээ гэх баримтад тусгагдсан байдаг. Дараа ньтүүний 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлд дурдагдсан болохоос ямар ч баримтгүй. Иймд анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн шийдвэрийн Н.Б-гаас 7500 евро гаргуулж, РС-д олгох хэсгийг хүчингүй болгон өөрчлөлт оруулж бусад хэгийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагад нийцээгүй байна.

 

Нэхэмжлэгч РС нь хариуцагч Н.Б, И.Н нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 83 303,80 евро буюу 237 396 812,60 төгрөг, учирсан хохирол 7 974,68 евро буюу 23 627 701 төгрөг гаргуулах, зээлийн гэрээний үүргийн биелэлтийг Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 49 дүгээр байрны 73А тоот үл хөдлөх эд хөрөнгөөр хангуулахаар нэхэмжилснийг хариуцагч Н.Б эс зөвшөөрч NR01/11.01.17 тоот зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулахаар сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсэгт зааснаар шүүх шийдвэрээ Монгол Улсын нэрийн өмнөөс гаргах бөгөөд иргэний хэрэг, маргааныг хянан хэлэлцээд анхан шатны шүүх шүүхийн шийдвэр гаргах талаар мөн хуулийн 31.3 дах хэсэгт заажээ.

 

Шийтгэвэр, шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолоос бусад шийдвэр нь хэрэг маргааны талаар дүгнэлт бүхий шийдлийг агуулдаг, хууль хэрэглээний эрх зүйн актын нэг төрөл болох албан ёсны бичиг баримт юм. Гэтэл анхан шатны шүүх 2018 оны 08 дугаар сарын 06-ны өдөр энэ хэргийн хянан хэлэлцээд шүүгчийн захирамж гаргасан нь Шүүхийн тухай хуулийн дээрх заалтуудыг болон Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1 дэх хэсэгт анхан шатны шүүхээс хэрэг хянан шийдвэрлээд гаргасан баримт бичгийг шийдвэр гэнэ гэж заасныг зөрчсөн байна.

Дээрх алдааг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжгүй, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлтэй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийн хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 06-ний өдрийн 101/ШШ2018/02618 дүгээр хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Э-гаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 670 300 төгрөг, хариуцагч Н.Б-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 264 850 төгрөгийг тус тус шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

                                     ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                                    ШҮҮГЧИД                                  Б.НАРМАНДАХ

                                                                                                       Н.БАТЗОРИГ