Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 03 сарын 27 өдөр

Дугаар 221/МА2024/0214

 

 

 

 

 

 

                                                                          

         “Т*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй

             захиргааны хэргийн тухай

  

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч Т.Энхмаа

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Н.Долгорсүрэн

Илтгэсэн шүүгч Э.Лхагвасүрэн

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Н*******

Хэргийн оролцогчид:

Нэхэмжлэгч: “Т*******” ХХК

Хариуцагч: Байгаль орчин, аялал жуулчлалын сайд

 

Нэхэмжлэлийн шаардлага: Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн А/230 дугаар тушаалын “Т*******” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 128/ШШ2024/0052 дугаар шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Н*******

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.М*******

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхжин

Хэргийн индекс: 128/2023/0641/З

 ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч “Т*******” ХХК-иас Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдуулан “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн А/230 дугаар тушаалын “Т*******” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.

2.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 128/ШШ2024/0052 дугаар шийдвэрээр: 

“Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.3, 40.1.5, 40.1.6 дахь хэсэг, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 40 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан “Т*******” ХХК-иас Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдуулан гаргасан “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн А/230 дугаар тушаалын “Т*******” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

3.Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Н******* дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

3.1. “...Шүүх маргааныг шийдвэрлэхдээ дараах буруу дүгнэлтүүдийг гаргасан.

1. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн А/535 дугаар тушаалаар нэхэмжлэгч байгууллагад маргаан бүхий газрыг олгохоор шийдвэрлэн 06-ны өдөр 0201720 дугаар газар ашиглах эрхийн гэрчилгээ гарсан байдаг. Уг гэрчилгээ гарсны дараагаар буюу тодруулбал 2020 оны сүүл, 2021 он болон 2022 оны эхэн үеэр Ковид-19 цар тахалтай холбоотойгоор Монгол Улсын Засгийн газар, Улсын болон нийслэлийн онцгой комисс, төрийн эрх бүхий байгууллагуудын шийдвэрүүдээр /Улаанбаатар хот буюу нийслэлд нийт 9 удаагийн бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн, хугацааг сунгасан/ хөл хорио тогтоосон.

Энэхүү хөл хорионы үед тодорхой чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагууд болон төрийн байгууллагууд ажиллах эрхтэй байсан боловч аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг иргэн, хуулийн этгээдүүд түүнд хамаараагүй болно. Үүнээс улбаалан Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас манай компани нь эрхийн гэрчилгээг гардан авч чадалгүй явсаар 2022 оны 2 дугаар сарын 15-ны өдөр авсан байдаг бөгөөд энэ нь нийтэд илэрхий нөхцөл байдал юм.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4-т "... нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй" гэж хуульчилсан бөгөөд Ковид-19 цар тахлын үед аялал жуулчлалын салбар үйл ажиллагаа явуулаагүй, мөн нийслэлд 2020 оны сүүл үе, 2021 он, 2022 оны эхэн үе хүртэлх хугацаанд хөл хорио тогтоосон нь нийтэд илэрхий баримт болно.

Түүнчлэн энэ үйл баримтыг нотлох зорилгоор Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас баримт гаргуулахаар хүсэлт гаргаж байсан боловч холбогдох баримт байхгүй болохыг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбарладаг бөгөөд 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 3804 дугаар шүүх хуралдааны тэмдэглэлд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар тусгагдсан болно.

Үүнд "Т*******" ХХК-нд гардуулсантай холбоотой зүйл тухайн үед нэг цэгийн үйлчилгээ нь тусгай хамгаалалт руу буцаж шилжээд хоёр гурван ажилчид хоорондын ажлын хариуцлагагүй байдлаас болоод ч юм уу гардуулж өгсөн баримтууд яаманд байхгүй" гэх тайлбарыг хэлдэг бөгөөд захиргааны байгууллагын дотоодын буруутай үйл ажиллагаанаас болж иргэн, хуулийн этгээд хохирох учиргүй юм.

2. Манай байгууллагаас газар ашиглах эрхийн гэрчилгээг хүлээн авснаас хойш удаа дараа гурвалсан гэрээ байгуулах хүсэлтээ гаргаж байсан буюу Горхи-Тэрэлжийн захиргаатай биечлэн очиж уулзаж байсан бөгөөд 2023 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр бичгээр хүсэлтээ хүргүүлсэн байдаг. Болж өнгөрсөн үйл явдлыг гэрчилсэн Э.Ч******* болон Э.А******* нарын тайлбарыг шүүхэд гаргаж өгсөн бөгөөд тухайн хүмүүсийг болон Байгаль орчин, аялал жуулчлалын яамны мэргэжилтнийг гэрчээр асуух хүсэлтийг шүүхэд гаргасан боловч шүүхээс Э.Ч******* болон Э.А******* нар нь нэхэмжлэгч байгууллагатай ашиг сонирхол нэгтэй, яамны мэргэжилтэн нь ганц компанийн талаар мэдэх боломжгүй, холбогдох бүртгэлийн баримтыг хариуцагчаас гаргуулсан гэж тайлбарлан хүсэлтийг хүлээн авахаас татгалздаг. Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч байгууллагаас "Т*******" ХХК-ийн хувийн хэргийг гаргуулдаг боловч газар ашиглах эрхийн гэрчилгээ авснаас хойших баримт авагдаагүй, хадгалагдаагүй байдаг.

3.Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-т "Захиргааны акт, батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно", 28 дугаар зүйлийн 28.1-т сонсох ажиллагааг хийхгүй байх үндэслэлүүдийг тодорхойлсон. Мөн зүйлийн 28.2-т "Энэ хуулийн 28.1-д заасан сонсох ажиллагааг хийгээгүй шалтгаанаа захиргааны байгууллага нотлох үүрэгтэй" гэж хуульчилсан бөгөөд энэ үйл баримтыг захиргааны байгууллага өөрөө нотолж чадаагүй болно.

Мөн захиргааны байгууллага сонсох ажиллагаа хийлгүйгээр захиргааны акт гаргасан нь хууль зөрчсөн буюу хууль бус акт гэж үзэх үндэслэлтэй.

3.2.Хууль хэрэглээний хувьд:

1.Эрхийн гэрчилгээ эзэмшигч шилжүүлж авсан эрхийн гэрчилгээгээ улсын бүртгэлд бүртгүүлж, шинээр гэрээ байгуулаагүй /Газрын тухай хуулийн 40.1.3/ гэх зөрчлийн тухайд газар ашиглах эрхийн хүчинтэй байх хугацаанд үйлчилж байсан Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 болон 37.2 дахь хэсэгт зааснаар улсын бүртгэлд бүртгүүлэх, улмаар газар ашиглах гэрээ байгуулах үүрэг нь эрхийн гэрчилгээ гарснаар буюу гэрчилгээний хураамж төлж гэрчилгээг хүлээн авснаар үүсдэг. "Т*******" ХХК-д Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн А/535 дугаар тушаалаар газар ашиглах эрх олгосныг Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын даргаас 2020 оны 7 дугаар сарын 06-ны өдөр 0201720 дугаар бүхий Газар ашиглах гэрчилгээ олгосон бөгөөд гэрчилгээний үнийг 2022 оны 2 дугаар сарын 15-ны өдөр төлж хүлээн авдаг.

Хүлээн авснаас хойш хэд хэдэн удаа компанийн захирал Н.О******* болон компаниас гэрээ байгуулах эрх олгосон Э.А******* нар Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаатай биечлэн уулзаж хүсэл зоригоо илэрхийлж байсан ба сүүлийн байдлаар 2023 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр хүсэлтээ бичгээр хүргүүлсэн боловч Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газраас гурвалсан гэрээ байгуулах үүргээ биелүүлээгүй мөртлөө уг үндэслэлээр эрхийн гэрчилгээг цуцалсан хууль бус үйлдэлд шүүхийн зүгээс дүгнэлт өгөөгүй байна.

2.Эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө төлөөгүй /Газрын тухай хуулийн 40.1.5/ зөрчлийн тухайд газрын төлбөр төлөх үүрэг нь газар ашиглаж эхэлсэн өдрөөс үүсэх үүрэг бөгөөд Газар ашиглах тухай гурвалсан гэрээ байгуулагдаагүй байхад энэ үүрэг үүсэхгүй тул энэ үндэслэлээр цуцалсан шийдвэр үндэслэлтэй гэж шүүх буруу дүгнэсэн гэж үзэхээр байна.

3.Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй /Газрын тухай хуулийн 40.1.6/ гэх зөрчлийн тухайд Монгол Улсын Дээд шүүхийн 2008 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн "Газрын тухай хуулийн зарим заалтыг тайлбарлах тухай" 15 дугаар тогтоол хүчин төгөлдөр үйлчилж байгаа бөгөөд уг тогтоолын 1.10-т "... зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэдгийг газар ашиглах гэрээ байгуулагдсанаас хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор газар эзэмшигч нь тухайн газар дээрээ гэрээнд заасан нөхцөл, болзол, зориулалтын дагуу тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээгүй /барилга, байгууламж, зам талбай бариагүй, тариалан эрхлээгүй г.м/ байхыг ойлгоно” гэж тайлбарлажээ.

Дээрх тайлбараас авч үзвэл аливаа иргэн, хуулийн этгээдийн газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээг Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь заалтад заасан үндэслэлээр хүчингүй болгоход газар ашиглах гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор газраа гэрээнд заасан зориулалтын дагуу ашиглаагүй байх урьдчилсан нөхцөл хангагдсан байхыг шаардана. Гэтэл захиргааны байгууллагаас гэрээ байгуулах үүргээ хэрэгжүүлээгүй байж гэрээний үүрэг биелүүлээгүй гэх үндэслэлээр цуцалсан шийдвэрийг үндэслэлтэй хэмээн дүгнэсэн шүүхийн шийдвэр мөн хууль бус байна.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 сарын 15-ны өдрийн 52 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Дараах үндэслэлээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

1.Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай  хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4.1-т “Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2, 40.1.3, 40.1.4, 40.1.5, 40.1.6, 40.1.7-д заасан үндэслэлээр” тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах эрхийг хүчингүй болгоно, мөн Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д “эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй”, 40.1.6-д “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно гэж тус тус заасан.

            Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн А/535 дугаар тушаалаар Налайх дүүрэг, Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүсийн “Өгөөмрийн адаг” нэртэй байршилд “Т*******” ХХК-д 50.099 мкв газрыг аялал жуулчлалын зориулалтаар ашиглах эрх олгож, үүнээс 4 хоногийн дараа буюу 6-ны өдөр 0201720 дугаар газар ашиглах гэрчилгээ бичигдсэн байх боловч нэхэмжлэгчээс уг гэрчилгээний үнэ 20.000 төгрөгийг 2022 оны 2 дугаар сарын 15-ны өдөр төлж улмаар Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолбор газрын хамгаалалтын захиргаанд 2023 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 23/03 дугаар албан бичгээр мэдээллийн санд бүртгэж, гэрээ байгуулах хүсэлт гаргажээ.

2.Газрын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Газар эзэмшиж, ашиглаж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллага Газрын төлбөрийн тухай хуулийн дагуу газрын төлбөр төлнө”, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-т “Дархан цаазат газрын хязгаарлалтын бүс болон байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс, байгалийн нөөц газар, дурсгалт газраас Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад зориулалт, хугацаа, болзолтойгоор байгаль орчинд сөрөг нөлөөгүй арга, хэлбэрээр энэ хуулийн 27 дугаар зүйлийн 12-т заасан зөвшөөрлийн үндсэн дээр гэрээгээр ашиглуулж болно”, 37 дугаар зүйлийн 37.1-т “Энэ хуулийн З6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шийдвэрийг үндэслэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар ашиглах тухай гэрээг төрийн захиргааны төв байгууллага хамгаалалтын захиргаатай хамтран байгуулснаар тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах тухай гэрчилгээг олгож, улсын бүртгэлд бүртгэнэ” гэж тус тус заасан.

Гэвч “Т*******” ХХК нь 2020 оны 7 дугаар сарын 2-ны өдөр газар ашиглах эрх үүссэнээс хойш гурван талт гэрээ байгуулаагүй, ашиглах эрх бүхий газартаа ямар ч үйл ажиллагаа явуулаагүй, түүнчлэн газрын төлбөр төлөөгүй энэ тохиолдолд маргаан бүхий тушаалыг хууль бус гэж үзэж буруутгах боломжгүй, энэ талаар “…тухайн газартаа ямар нэгэн үйл ажиллагаа явуулаагүй, газрын төлбөр төлөөгүй, гурван талт гэрээ байгуулахаар холбогдох захиргааны байгууллагад огт хандаагүй буюу энэ талаарх хүсэлтээ гаргах боломжгүй нөхцөл байдалд байсныг нотолсон баримт байхгүй…” гэсэн шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

3.“Т*******” ХХК-иас 2023 оны 6 дугаар сарын 9-ний өдөр Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад гаргасан хүсэлтээ “…5 га талбайг аялал жуулчлалын зориулалтаар таван жилийн хугацаагаар ашиглах зөвшөөрлийн гэрчилгээг зохих журмын дагуу авч үйл ажиллагаа явуулж байна…” гэх боловч Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолбор газрын хамгаалалтын захиргааны мөн оны 4 дүгээр сарын 7-ны өдрийн 208 дугаар албан бичигт дурдсанаас үзэхэд хамгаалалтын захиргааны явуулсан хээрийн судалгаагаар газар дээрээ ямар ч үйл ажиллагаа явуулаагүй, мөн Налайх дүүргийн газар зохион байгуулалтын албаны 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 23/866 тоот газрын төлбөрийн мэдээллээр газрын төлбөр төлөөгүй болох нь тус тус тогтоогджээ.

Түүнчлэн анх Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2020 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 13/3484 дүгээр албан бичгээр “Т*******” ХХК-ийн Аялал жуулчлалын бааз байгуулах төсөлд байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээ хийсэн тухай дүгнэлтийг тус компанид хүргүүлэхдээ “...байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний тайлан, байгаль орчны менежментийн төлөвлөгөөг 2020 оны 4 дүгээр улиралд багтаан ирүүлэхийг” мэдэгдсэн, нэг ээлжиндээ 100-110 амрагч хүлээн авах хүчин чадалтай бааз байгуулж, жилийн 4 улирал үйл ажиллагаа явуулна, төслийн эхний 3 жилд багтаан амрагчдын байрууд, зоогийн газар, амралтын талбай, ногоон байгууламж, цэцгийн мандал, оффис, үйлчилгээний төв, бохир ус цэвэрлэх байгууламж, гүний худаг, автомашины зогсоол зэргийг хийж дуусгахаар төлөвлөж, амралтын газрын загвар зургийг боловсруулсан байх боловч бодит байдалд эдгээрээс нэг ч ажлыг хийж эхлээгүй, мөн байгаль орчны нарийвчилсан төлөвлөгөөг заасан хугацаанд боловсруулж өгөөгүй байна.

4.Давж заалдах гомдолд дурдсан иргэн Э.А*******ийн 2024 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр шүүхэд гаргасан тайлбарт “…гурвалсан гэрээ байгуулахаар 2022 оны 4 дүгээр сард 3-4 удаа, 8 дугаар сард 2 удаа, 12 дугаар сарын сүүлээр 1 удаа Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын захиргаа болон Налайх дүүргийн Засаг даргатай уулзаж байсан боловч байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээг хийлгэж ирэхийг шаардсан талаар “Т*******” ХХК-ийн захирал Н.О*******од дамжуулан хэлж байсан нь үнэн болно” гэснээс үзэхэд ч нэхэмжлэгчээс гурвалсан гэрээ байгуулахад шаардагдах баримт бичгийг бүрдүүлж өгөөгүй болох нь тогтоогдож байна.

Иймд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн А/230 дугаар тушаалаар  гэрчилгээ авсан боловч тухайн газраа 2 жил буюу түүнээс дээш хугацаанд ашиглаагүй, газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй гэсэн үндэслэлүүдээр “ТХ Тур” ХХК-ийн газар ашиглах эрхийг дуусгавар болгож шийдвэрлэснийг Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай, Газрын тухай хуульд тус тус нийцсэн гэж үзнэ.

5.Мөн сонсох ажиллагаа хийснээр нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол сэргэх нөхцөл байдал тогтоогдохгүйн дээр сонсох ажиллагаа хийгээгүй гэх үндэслэлээр маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгох үндэслэлгүй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 52 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч “Т*******” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Н*******гийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.  

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д заасан хугацааны дотор, 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар магадлалыг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

                        ШҮҮГЧ                                                        Т.ЭНХМАА

 

                        ШҮҮГЧ                                                          Н.ДОЛГОРСҮРЭН

 

                        ШҮҮГЧ                                                           Э.ЛХАГВАСҮРЭН