Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 06 сарын 24 өдөр

Дугаар 001/ХТ2021/00838

 

С.Болдбаатарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч П.Золзаяа даргалж, шүүгч С.Соёмбо-Эрдэнэ, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 184/ШШ2020/01978 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 1740 дүгээр магадлалтай,

С.Болдбаатарын нэхэмжлэлтэй,

Н.Энхтуяад холбогдох 

Хамтран өмчлөх дундын хөрөнгөөс өөрт ногдох 10,000,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Гантуяа, хариуцагчийн өмгөөлөгч Б.Цэцэнбилэг, нарийн бичгийн дарга Х.Билгүүн нар оролцов.

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Миний бие Н.Энхтуяатай 2001 онд танилцаж, 2002.10.23-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн. Сүүлийн үед гэр бүлийн таарамжгүй харилцааны улмаас цаашид хамтран амьдрах боломжгүй болж, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.11.14-ний өдрийн 184/ШШ2019/02913 дугаартай шийдвэрээр гэрлэлтээ цуцлуулсан. Гэр бүлээ цуцлуулах үед эд хөрөнгийн талаар шаардлага гаргаагүй ба дараа шийдэхээр тохиролцсон. Хамт амьдрах хугацаандаа бид чадлаараа зүтгэж олсон мөнгөөрөө машин авна хэмээн 18 сарын өмнөөс мөнгө цуглуулж, Н.Энхтуяагийн нэр дээр данс нээлгэн хуримтлал бий болгосон. Түүний хадгаламжийн дансанд 20,000,000 төгрөг цугларсан ба энэ мөнгө бол бид хоёрын гэрлэснээс хойш хамтран амьдрах хугацаанд бий болсон дундын хөрөнгө юм. Гэтэл хариуцагч нь одоо болтол ногдох хувийг гаргаж өгөхгүй байна. Иймд хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болох Хаан банкны 5075208155 тоот хадгаламжийн данснаас 20,000,000 төгрөгийн тал хувь болох 10,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.11.14-ний өдрийн 184/ШШ2019/02913 дугаартай шийдвэрээр гэрлэлтээ цуцлуулсан. Тэр үед хөрөнгийн маргаангүй гэж шийдвэрлэсэн. Байраа худалдаж мөнгийг нь хувааж авсан. С.Болдбаатар нь 9,700,000 төгрөгийн үнэтэй машинаа авч, байрны мөнгөнөөс 14,000,000 төгрөгийг нэмж аваад, нийт 23,700,000 төгрөгийн хөрөнгө авсан. Би Хархорин Барс-2 зах дээр лангуу түрээсэлж бараа зардаг. Өдөр бүрийн орлогоос байрны зээл төлж, байрны урьдчилгаа мөнгө хийсэн. Байрны бүх зардлыг би төлж байсан. Хуримтлуулсан 20,000,000 төгрөгийг би өөрийн хүч хөдөлмөрөөрөө бий болгосон. С.Болдбаатар энэ хуримтлалыг бий болгоход оролцоогүй тул хуваах үндэслэлгүй. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 184/ШШ2020/01978 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 130 дугаар зүйлийн 130.1-д заасныг баримтлан Н.Энхтуяагаас 10,000,000 төгрөгийг гаргуулан С.Болдбаатарт олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 174,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.Энхтуяагаас 174,950 төгрөгийг гаргуулан С.Болдбаатарт олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 1740 дүгээр магадлалаар: Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 184/ШШ2020/01978 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдолд: Миний бие Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 184/ШШ2020/01978 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 1740 тоот магадлалыг хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй гэж үзэн дараах үндэслэлээр хяналтын шатны шүүхэд гомдол гаргаж байна.

Хэргийн нөхцөл байдал болон нотлох баримтын тухайд: С.Болдбаатар, Н.Энхтуяа нар Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.11.14-ний өдрийн 184/ШШ2019/02913 дугаар шийдвэрээр гэрлэлтээ цуцлуулахдаа гэрлэгчид хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар хэн аль нь шаардлага гаргаагүй байдаг. Шүүх шийдвэрийн үндэслэх хэсэгтээ хариуцагчийн зүгээс, дээрх хуримтлал бий болоход нэхэмжлэгч С.Болдбаатар оролцоогүй, өөрийн хуваарьт хөрөнгө гэх боловч уг тайлбараа нотолж чадаагүй гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хариуцагч Н.Энхтуяагийн эзэмшилийн Хаан банк дахь 5075208155, 5925243595, 5925243595, 5075208155, 5019904114 дугаартай данснуудын хуулга хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан. Тус дансны хуулгаар хариуцагчийн шүүхэд болон шүүх хуралдаанд тайлбарласанчлан Хархорин, Барс-2 зах дээр лангуу түрээслэн махны худалдаа хийдэг, махны мөнгийг өөрийн дансаар авдаг, гүйлгээ хийдэг байсан. С.Болдбаатар нь энэ мөнгийг бий болоход оролцоогүй гэх үйл баримт нь махны үнэ мах гэсэн утгатай гүйлгээнүүдээр нотлогдож байхад шүүх нотлох баримтыг үнэн зөв, хоорондын уялдаа холбоотой байдлыг тодорхойлох үндсэн дээр оновчтой дүгнэлт хийгээгүй, нотлох баримтыг хэрэгт ач холбогдолтой талаас үнэлээгүй гэж үзэж байна. Хариуцагчийн зүгээс маргаж байгаа гол үндэслэл нь тухайн 20,000,000 төгрөг нь гэр бүл цуцлахаас өмнө захиран зарцуулагдсан хөрөнгө бөгөөд үүнийг дундын хэрэгцээнд зарцуулсан гэж үзэж байгаа юм.

Хууль хэрэглээний тухайд: Шүүх хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 130 дугаар зүйлийн 130.1-д заасныг үндэслэсэн бөгөөд энэхүү заалт нь захиран зарцуулагдаагүй байгаа хөрөнгийг хуваахад хэрэглэдэг хуулийн зохицуулалт билээ. Хэрэгт авагдсан баримтаар хариуцагчийн дансанд хуримтлагдсан мөнгө хэрхэн яаж бий болсон болох нь дансны хуулга, гүйлгээний утгаар тодорхойлогддог бөгөөд С.Болдбаатар нь махны худалдааг С.Энхтуяатай хамтарч хийдэггүй, тус мөнгийг бий болгоход түүний хөдөлмөрийн оролцоо байхгүй, С.Болдбаатар гэрлэлт цуцлуулах тухай 2019.11.14-ний өдрийн шүүх хуралдаанд даргалагчаас Та ямар ажил эрхэлдэг бэ гэсэн асуултанд Хувийн машинаараар таксинд явдаг гэсэн хариултаар түүний хөдөлмөр эрхлэлтийн байдал харагдцаг. Шүүх, хариуцагч Н.Энхтуяагийн Хаан банк дахь 5075208155, 5925243595, 5925243595, 5075208155, 5019904114 эдгээр дансны гүйлгээнүүдийг буюу бодитоор одоо байхгүй, өмнө нь гэрлэлт цуцлуулах тухай шүүхийн шийдвэр гарахаас өмнө гэр бүлийн хэрэгцээнд зарцуулагдчихсан мөнгийг тухайн үед данс хоорондоо шилжүүлж байсан гүйлгээг шийдвэрийнхээ үндэслэл болгосон нь хийсвэр байх тул хүлээн зөвшөөрөхгүй. 2019.10.25-ны өдөр 23,794,363 төгрөгийг Н.Энхтуяа нь өөрийн харилцах данс 5075208155 дугаарын дансруу буцаан шилжүүлж, 2019.11.14-ний өдөр гэрлэлтээ цуцлуулснаас өмнө захиран зарцуулсан бөгөөд дундын үл хөдлөх хөрөнгө болон бусад хөрөнгийг С.Болдбаатартай тохиролцсоны дагуу хуваасан юм. Гэтэл шүүх зарцуулчихсан мөнгийг одоо бодитоор байгаа мэтээр гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө гэж үзэж, 10,000,000 төгрөгийг Н.Энхтуяагаас гаргуулахаар шийдвэрлэсэн нь хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэхээр байна.

Нэгэнт зарцуулчихсан мөнгийг Н.Энхтуяагаас нөхөн гаргуулах хуульд заасан үндэслэлийн тухайд: Н.Энхтуяагийн гэр бүлийн дундын эд хөрөнгөө дур мэдэн бусдад шилжүүлсэн, олсон, ашиг, орлогоо санаатайгаар нуун дарагдуулсан үйлдлээс үүдэлтэйгээр нэхэмжлэгч С.Болдбаатарын эрх нь зөрчигдсөн бол С.Болдбаатар шүүхэд нэхэмжлэл гаргаж, зөрчигдсөн эрхээ сэргээлгэх эрхтэй юм. Хэрэгт авагдсан баримтаар С.Болдбаатарын эрх нь зөрчигдсөн үйл баримт тогтоогдохгүй төдийгүй Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан хэргийн оролцогчийн нэхэмжлэлийн шаардлагыг нотлох үүргээ хэрэгжүүлээгүй болох нь харагдаж байх тул дээрх үндэслэлүүдээр Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.06.16-ны өдрийн 1978 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.08.10-ны өдрийн 1740 тоот магадлал зэргийг эс зөвшөөрч байна. Иймд шүүхийн шийдвэр болон магадлалд өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч С.Болдбаатар нь хариуцагч Н.Энхтуяад холбогдуулан хамтран амьдрах хугацаанд хуримтлагдсан мөнгөн хөрөнгө болох 20,000,000 төгрөгийн өөрт ногдох хэсэг болох 10,000,000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

Анхан шатны шүүх Н.Энхтуяагаас 10,000,000 төгрөгийг гаргуулан С.Болдбаатарт олгож  шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

С.Болдбаатар, Н.Энхтуяа нар 2002.10.23-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн ба Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.11.14-ний өдрийн 184/ШШ20219/02913 дугаар шийдвэрээр гэрлэлтээ цуцлуулсан нь баримтаар тогтоогдсон. 

Хариуцагч Н.Энхтуяагийн ХААН банкны 5075208155 дугаарын дансанд 2017 оноос 2018.10.12-ны өдрийг хүртэл 20,000,000 төгрөг хуримтлагдсан ба тэрээр уг мөнгийг 2018.10.12-ны өдөр өөрийн эзэмшлийн 5925243595 дугаарын хугацаатай хадгаламжийн данс руу шилжүүлсэн, 21,120,000 төгрөгийг 5925243595 дугаартай данснаас 5075208155 дугаарын данс руу шилжүүлсэн, энэ данснаас 21,120,000 төгрөгийг 5019904114 дугаарын хадгаламжийн данс руу шилжүүлсэн ба энэ дансны үлдэгдэл болох 23,794,363 төгрөгийг 2019.10.25-ны өдөр өмнөх 5075208155 дугаартай данс руу буцаан шилжүүлсэн тухай баримт хэрэгт авагджээ.

Зохигч тухайн үед гэр бүлийн хамтын амьдралтай байсан, 2018 оны 12 сараас эхлэн тусдаа амьдарсан нь зохигчийн тайлбар, шүүх хуралдааны тэмдэглэл зэргээр нотлогдож байх бөгөөд нэхэмжлэгч нь ... уг мөнгийг хамтран амьдрах хугацаанд бий болгосон гэж шаардлагынхаа үндэслэлийг тодорхойлсон.

Хариуцагч нь 20,000,000 төгрөгийг хамтын амьдралын хугацаанд, гэрлэлт цуцлахаас өмнө захиран зарцуулаад дуусгасан, байхгүй хөрөнгийг хуваах үндэслэлгүй гэж татгалзсан байна.

Анхан шатны шүүх дээрх мөнгөн хөрөнгийг гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө гэж тодорхойлон нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар үнэлж чадаагүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

Давж заалдах шатны шүүх анхан шатны шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т заасан үүргээ хуульд зааснаар хэрэгжүүлээгүй байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд зохигч мэтгэлцэх эрхээ хэрэгжүүлсэн байх тул хяналтын шатны шүүхээс хэрэгт авагдсан баримтын хүрээнд дүгнэлт хийж, хариуцагчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангана.

Хоёр шатны шүүх маргааны зүйл болж буй мөнгөн хөрөнгийг Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.2.4-т зааснаар гэрлэгчдийг гэрлэлтээ цуцлуулахаас өмнө бий болсон дундын мөнгөн хөрөнгө гэж дүгнэхдээ мөнгө хуримтлагдсан цаг хугацааг хэргийн бусад баримтуудтай харьцуулан үнэлж чадаагүй байна.

Гэрлэгчдийг эвлэрүүлэх арга хэмжээг шүүгчийн захирамжаар 2019.09.05-ны өдрөөс 60 хоногийн хугацаагаар эхлүүлсэн байх бөгөөд тухайн үед маргааны зүйл болж буй мөнгөн хөрөнгө хариуцагчийн дансанд байсан, мөн Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.11.14-ний өдрийн 184/ШШ20219/02913 дугаар шийдвэрт зохигчид хамтран өмчлөх эд хөрөнгийн талаар шаардлага гаргаагүй ба 0-18 насны хүүхэдгүй хэмээн тайлбарласан гэж дүгнэсэн, мөн өдрийн шүүх хуралдаан дээр даргалагчийн асуултад ...дундын эд хөрөнгийн талаар маргаангүй гэж зохигч хариулт өгсөн нь тэмдэглэлд тусгагджээ. /хх-204-205,7,206-208/

Түүнчлэн хариуцагчийн ...гэрлэлтээ цуцлуулсан. Тэр үед хөрөнгийн маргаангүй гэж шийдвэрлэсэн. Байраа худалдаж мөнгийг нь хувааж авсан. С.Болдбаатар нь 9,700,000 төгрөгийн үнэтэй машинаа авч, байрны мөнгөнөөс 14,000,000 төгрөгийг нэмж аваад, нийт 23,700,000 төгрөгийн хөрөнгө авсан гэсэн бичгээр гаргасан тайлбарын эсрэг нэхэмжлэгч ямар нэгэн тайлбар болон баримт гаргаагүй байна.

Иймээс гэрлэлт цуцлах шүүхийн шийдвэр гарахаас өмнө гэрлэгчид дундын хөрөнгөө харилцан тохиролцож хуваан авсан гэж үзэх нөхцөл тогтоогдож байх тул Иргэний хуулийн 130 дугаар зүйлийн 130.1-д зааснаар нэхэмжлэгчийг 10,000,000 төгрөгийг хариуцагчаас шаардах эрхгүй гэж дүгнэв.

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн өмгөөлөгчийн гомдлыг хангаж, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 184/ШШ2020/01978 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 1740 дүгээр магадлалыг тус тус хүчингүй болгож, Иргэний хуулийн 130 дугаар зүйлийн 130.1-д заасан үндэслэлгүй тул Н.Энхтуяад холбогдох хамтран өмчлөх дундын хөрөнгөөс өөрт ногдох 10,000,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэгч С.Болдбаатарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр төлсөн 174,950 /нэг зуун далан дөрвөн мянга есөн зуун тавин/ төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ЗОЛЗАЯА

 

ШҮҮГЧИД Г.ЦАГААНЦООЖ

 

С.СОЁМБО-ЭРДЭНЭ

 

Д.ЦОЛМОН

 

Х.ЭРДЭНЭСУВД