Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 06 сарын 04 өдөр

Дугаар 128/ШШ2021/0396

 

 

 

 

 

 

 

2021 06 04 128/ШШ2021/0396

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Ганбат даргалж, шүүх бүрэлдэхүүнд шүүгч Ц.Одмаа, шүүгч Д.Чанцалням, тус шүүхийн хуралдааны 2 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Гомдол гаргагч: Э.Б

Хариуцагч: Оюуны өмчийн газрын хяналтын улсын байцаагч Г.Б

Гуравдагч этгээд: Х ХХК

Гомдлын шаардлага: Оюуны өмчийн газрын хяналтын улсын байцаагч Г.Б 2020 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 1453212 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох шаардлага бүхий гомдлын хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Э гомдол гаргагч Э.Б, өмгөөлөгч Ж.М, хариуцагч Г.Б, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ц нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Гомдол гаргагч Э.Б шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Миний бие Говь-Алтай аймагт ажиллаж амьдардаг бөгөөд 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр над руу Боловсрол телевизээс залгаж байна, манай байгууллагын контент болох Монголд нэг удаа нэвтрүүлгийг зөвшөөрөлгүй өөрийн хуудсанд тавьсан талаар ярьсан бөгөөд Оюуны өмчийн газарт гомдол гаргасан байсан.

Би бүтэн нэвтрүүлэг өөрийн цахим хуудсанд нийтлээгүй талаар мэдэгдэж байсан бөгөөд Боловсрол телевизээс энэхүү уран бүтээл 5.000.000 төгрөгийн үнэ бүхий гэж 5.000.000 төгрөг нэхэмжилсэн байсан. Би бүтэн уран бүтээл бус 3 минут орчим хугацааны бичлэг байсан гэж тайлбарласан.

Удалгүй Оюуны өмчийн газрын хяналтын улсын байцаагчийн 2020 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 1453212 дугаар шийтгэлийн хуудсаар 500.000 төгрөгөөр торгож, хохирол 5.000.000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн. Гэтэл би бүтэн бичлэг тавьсан эсэх нь тогтоогдоогүй, тус уран бүтээл нь 5.000.000 төгрөгийн үнэ бүхий гэдэг баримт байхгүй байхад намайг илтэд хохироосон шийдвэр гарсан. Намайг буруутгасан үндэслэл нь фото зураг гэх бөгөөд тэрхүү фото зураг нь үнэхээр уран бүтээлийг бүрэн хэмжээгээр нийтэд цацсан эсэх нь тодорхойгүй байхад хэт нэг талд шийдвэр гаргаж, миний эрх ашгийг хөндсөн гэж үзэхээр байна.

Мөн Боловсрол телевизээс миний цахим линкийг шалгуулахаар хандсан ч миний буруутай байдал тогтоогдоогүй.

Оюуны өмчийн газрын хяналтын улсын байцаагчийн 2020 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 14.. дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Гомдол гаргаж байгаа этгээд нь медиа контентын чиглэлийн мэргэшсэн байгууллага байгаа. Манайх мөн адил медиа контентын мэргэшсэн газар байгаа. Мэргэшсэн газар мэргэшсэн байгууллагадаа нэг ширхэг зургаар бус видео контентоор гаргах юм. Ганцхан зурган хэлбэрээр зөвхөн манайд шийтгэлийн хуудас үүсгэсэн байгаа. Хүсэлтийн дагуу цахим сүлжээг шалгаж өгнө үү гэсний үндсэн дээр хууль бус гэж нотлогдоогүй байгаа. Байцаагчийн шаардлагаар цахим хуудсанд тавьсан зүйлийг үзэж хараагүй учраас баримт нотолгоо мөрдөн байцаагчид заавал гаргаж өгөх гэдэг үндэслэлээр өөрийн зүгээс гаргаж өгсөн 3 СД байгаа. 1 СД-нд бичлэг өгсөн байгаа. Тус бичлэг нь өнөөдрийг хүртэл манай цахим хуудас дээр тавигдаагүй байгаа. Зургийн тухайд ямар нэгэн байдлаар эвлүүлэх боломжтой. Эвлүүлж байгаа байдлаар үзүүлсэн жишээ байгаа. Тус цахим хуудсанд би өөрөө тавиагүй, мэдээгүй байхад тэрхүү байгууллага өөрөө хохирч байгаа юм. Иймд зураг нь баримтыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. н.С гэх гэрч тухайн бичлэгийг бүтэн тавьсан гэж байгаа боловч мэдүүлэг дээрээ би өөрөө бүтэн үзээгүй гэсэн. Энэ бүхний үндсэн дээр хууль ёсны дагуу гарч чадаагүй байгаа. Иймд тус нэхэмжлэлийг гаргасан байгаа гэжээ.

Гомдол гаргагчийн өмгөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь дэмжиж байгаа. Тухайн зөрчил үүсгээд явсан зөрчлийн хэрэг бүртгэлтийн хугацааны талаар ярихад байцаагч н.Б үүсгэсэн зөрчлийн хэрэг бүртгэлтийн хугацаа нь эрх бүхий албан тушаалтанд 14 хоногийн дотор зөрчлийн хэрэг бүртгэлийн хугацаагаар үйл ажиллагаа явуулна гэж байгаа. Хэрвээ нотлох баримт цуглуулж нэмэлт ажиллагаа явуулах шаардлагатай бол зөрчлийн хэрэг бүртгэлтийн хугацааг удирдах албан тушаалтан 14 хоногоор сунгаж болно гэсэн байгаа. Прокурор 30 хоногоор сунгаж болно гэсэн байгаа. Тухайн захиргааны хэргийн шүүхийн хэрэг дотор ирсэн н.Б хийсэн ажиллагаа хугацаа сунгаагүй байгаа. 14 хоногийн хугацаа дууссан буюу улмаар 14 хоногийн хугацаа сунгаагүй байж зөрчлийн шийтгэл оногдуулж байгаа нь хууль зөрчиж байгаа юм.

Зөрчил хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.1.4-д зөрчлийн улмаас учирсан хохирол нөхөн төлүүлэх төлбөрийг тооцох журмыг гэж заасан. Үүн дээр 5,000,000 төгрөг гээд хохирол гаргасан байгаа. Үүнийг өмгөөлөгчийн зүгээс хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Нөхөн төлбөрийг тооцох журмыг улсын ерөнхий прокурор батална гэж заасан байдаг. Зөрчлийн улмаас учирсан хохирол нөхөн төлбөрийг тооцох журмыг баталсан улсын ерөнхий прокурорын 2017 оны 7 сарын 04-ны өдрийн А/75 дугаар тушаал байгаа. Энэ тушаалаас хойш зөрчлийн улмаас учирсан хохирол нөхөн төлбөрийг тооцох журам гараагүй байгаа. Энэ журмыг баримталж нөхөн төлбөрийг тооцох ёстой байсан. Зөрчил үйлдсэн хуулийн этгээдээс хохирол нөхөн төлбөрийг гаргуулахаар эрх бүхий албан тушаалтан хохирол болоод нөхөн төлбөрийг хэмжээг тогтооно гэж заасныг эрх бүхий албан тушаалтан тогтоож чадаагүй байгаа. Үүнийг ямар журмаар тогтоох ёстой вэ? гэхэд Зөрчлийн тухай хууль, бусад хууль, захиргааны хэм хэмжээний актыг баримталж түүнд заасан үндэслэл журмын дагуу хохирол нөхөн төлбөрийг тогтооно гэж байгаа.

Зөрчлийн тухай хуульд зөрчлийн улмаас учирсан нөхөн төлбөрийг тогтоох талаар тусгайлан зохицуулаагүй бол эрх бүхий албан тушаалтан Зөрчил хянан шийдвэрлэх тухай, Шүүхийн шинжилгээний тухай хууль, Хөрөнгийн үнэлгээний тухай хууль болон холбогдох журмын дагуу шинжээч томилж хохирол нөхөн төлбөрийн хэмжээг тогтооно гэсэн заалтыг зөрчсөн. Нэхэмжлэгчийн зүгээс шинжээч томилж өгнө үү гэсэн хүсэлт гаргасан байхад нэхэмжлэгчийн хүсэлтийг хүлээж аваагүй. Яаж шийдвэрлэсэн талаар хэргийн материалд байхгүй байхад шууд 5,000,000 төгрөг гэж байгаа нь хуулийг ноцтой зөрчсөн байгаа. Хуулийн дагуу гүйцэтгэх ёстой байхад 5,000,000 төгрөгийн хохирол учруулсан байдлыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Зөрчлийн тухай хуулийн 4.15-д эрх бүхий албан тушаалтан нотлох үүрэг хүлээн гэж заасан. Зөрчлийн шийтгэврийг нотлох үүргийг Г.Б хүлээх үүрэгтэй байгаа. Үүнийг хүлээж чадаагүй байж нэхэмжлэгчийг торгосон байгаа хууль зүйн үндэслэлгүй байгаа.

Тухайн Алтай телевиз нь аж ахуйн нэгж юм уу? эсвэл нэхэмжлэгч нь буюу хувь хүн энэ үйл ажиллагааг явуулсан талаар хавтаст хэрэгт авагдсан зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад огт тогтоогдоогүй. Давж заалдах шатны шүүх хуралдаан дээр энэ талаар асуухад тодорхой хариулт хэлээгүй. Иймд шууд нэхэмжлэгчийг торгож байгаа нь хууль зүйн үндэслэлгүй юм. Зөрчлийн хэрэг бүртгэлийн материал дотор улсын бүртгэлийн гэрчилгээ байгаа. Өөр зүйл байхгүй. Энэ ажиллагааг хаана яаж тодруулж гаргасан бэ? гэхээр захиргааны хэргийн шүүх дээр тодруулсан. Зөрчлийн хэрэг бүртгэлтийн хугацаанд огт тодруулаагүй байгаа. Ийм учраас хүлээн зөвшөөрөхгүй байна. Хариуцагч зөрчлийн хэрэг бүртгэлтийн 14 хоногийн хугацаанд энэ бүх ажиллагааг бүрэн тогтоосны үндсэн дээр арга хэмжээ авах ёстой байсан. Шийтгэврийг хийгээгүй зүйлийн төлөө буюу шүүх нотлох баримт цуглуулах ёстой байсан ч гэсэн энэ ажиллагааг нөхөж хийгээд арга хэмжээ авагдаж байгаа асуудал яригдахгүй юм. Иймд хариуцагчийн 14 дугаартай шийтгэлийн хуудас нь хууль зүй ёсны үндэслэл бүхий гарч чадаагүй. Нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн дэмжиж оролцож байгаа гэжээ.

Хариуцагч Оюуны өмчийн газрын хяналтын улсын байцаагч Г.Бшүүхэд болон шүүх хуралдаан дээр гаргасан хариу тайлбартаа: ... Х ХХК-иас ирүүлсэн ...бидний Монгол нэг удаа контентыг эрх эзэмшигчийн зөвшөөрөлгүй Алтай телевиз гэх фэйсбүүк хуудсаар гаргасан байна гэх зөрчлийн талаарх гомдол, мэдээлэлд 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 20 дугаартай зөрчлийн хэрэг нээж, шалгасан.

Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад хохирогчоор итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Н мэдүүлэг авахад ...2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Монголд нэг удаа-4 баярын дугаарыг эрх эзэмшигчийн зөвшөөрөлгүй Алтай телевиз нэртэй фэйсбүүк хуудсаар нийтэд түгээсэн нь Х ХХК-д 5.000.000 төгрөгийн хохирол учруулсан. Учир нь 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн А5/19/01 дүгээр тушаалын хавсралтаар контентын нэг удаагийн эфирт гарах үнийн дүн 5.000.000 төгрөг байхаар баталсан гэх бөгөөд хурлын тэмдэглэл байсан.

Алтай телевиз фэйсбүүк хуудсыг ажиллуулдаг иргэн Э.Б нь Монголд нэг удаа контентыг бүтэн эхээр нь тавиагүй тухай тайлбар өгсөн болохоор Прокурорын зөвшөөрлийн дагуу Эрүүгийн цагдаагийн албаны Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс уг контентыг бүтэн эхээр байршуулсан талаар мэдээлэл гаргах боломжтой эсэх талаар албан бичиг хүргүүлсэн боловч тогтоогдохгүй тухай хариу ирүүлсэн.

Тиймээс Алтай телевиз фэйсбүүк хуудсанд байршуулсан Монголд нэг удаа контентыг үзэж, дэлгэцийн зураг дарсан гэх иргэн С.Сгэрчийн мэдүүлэг авахад бүтэн бичлэг байсан тухай мэдүүлэг өгсөн ба хэрвээ бүтэн бичлэг байгаагүй бол бичлэгийг нийтэлснээс хойш 2 цагийн дотор 19.000 гаруй хүн үзэхгүй, 1.700 гаруй хүн бусдад хуваалцахгүй байсан тухай хэлсэн. Мөн холбогдогч Э.Б өгсөн тайлбарт манай фэйсбүүк хуудсанд байршсан видео бичлэгийг өөрийн хаягаар албан ёсны Л ТВ-ээр төлбөр төлөн авсан гэж бичсэн байгаа нь Монголд нэг удаа контентыг бүрэн эхээр нь байршуулсан гэдгийг нотолж байна. Учир нь Монголд нэг удаа контентыг Л ТВ-д хамтран ажиллах гэрээний дагуу бүрэн хэмжээгээр байршуулсан.

Эдгээр нотлох баримтад тулгуурлаж 2020 оны 03 дугаар сарын 06-ны өдөр Зөрчлийн тухай хуулийн 8,3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу Х ХХК-ийн хохирлын 5.000.000 төгрөгийг иргэн Э.Бнэхэмжилж, 500.000 төгрөгөөр торгож шийдвэрлэсэн.

Нэхэмжлэгчийн тайлбараар манай бичлэгийг бие өөрийн хаягаар албан ёсны Лүүк Тв-гээр төлбөр төлнө авсан гэж бичсэн байгаа. Лүүк Тв-ээс төлбөр төлж авсан гэж байгаа учир Лүүк ТВ-д бүтэн контент байршуулсан гэдгийг гуравдагч тал нотлох байгаа. Хэрвээ бүрэн биш байсан гэж байгаа бол Зохиогч эрх болон түүнд хамаарах тухай хуулийн 23.1-д Бүтээл ашиглах онцгой эрхийг гэрээний үндсэн дээр бүрэн буюу хэсэгчлэн бусад этгээдэд шилжүүлж болно гэж заасан. Хэрвээ хэсэгчилж авах байсан ч эрх эзэмшигчээс зөвшөөрөл авах ёстой байсан. Улмаар гэрээний үндсэн дээр зөвшөөрөл авах ёстой. Зөвшөөрөл авахгүйгээр Фэйсбүүк хуудсанд тавьсан нь зохиогчийн эрхийг зөрчиж байна. Алтай телевиз гэдэг нэртэй цахим хуудас байсан. Цахим хуудсыг иргэн ажиллуулж байгаа бөгөөд хэн нэгэн компанийн хамааралд биш байгаа. Энэ бол иргэнээр явна гэдэг үндэслэлээр нэхэмжлэгчид хариуцлага тооцсон гэжээ.

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Н шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Говь-Алтай аймгийн Алтай телевиз нь 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр өөрийн фэйсбүүк хуудас болох Алтай телевиз гэх хаягаар манай компанийн өмчлөлийн бүтээл болох 2019-2020 оны шинэ жилийн Монголд нэг удаа контентыг ямар нэгэн хууль ёсны зөвшөөрөлгүйгээр дамжуулан оюуны өмчийн эрхийн зөрчил гаргасан тул бид 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Оюуны өмчийн газар зөрчлийн хэрэг үүсгүүлж, хохирол барагдуулах тухай гомдол гаргасан.

Үүний дагуу Э.Б тус зөрчил үйлдсэнийг тогтоож, 5.000.000 төгрөгийн хохирол барагдуулж, 500.000 төгрөгийн торгууль төлөх шийтгэл ногдуулсан. Түүнчлэн Э.Б нь зөрчлийн хэрэг үүсгэсний дараа манай компанид эвлэрэх хүсэлт тавьж, өөрийн гаргасан зөрчлийг хүлээн зөвшөөрч байсан билээ. Э.Б нь тусгай зөвшөөрөлтэй үйлчилгээ үзүүлдэг телевизийн нэр барьж хэрэглэгчдийг төөрөгдүүлэхийн зэрэгцээ, бусдын оюуны бүтээлийг зөвшөөрөлгүй ашиглаж байгаа нь зохиогчийн эрхийн зөрчлөөс гадна хэрэглэгчдийн эрхийг зөрсөн ноцтой үйлдэл гэж дүгнэж байна.

Монголд нэг удаа контентыг бүтээхэд олон хүний хүч хөдөлмөр, их хэмжээний зардал гарсан боловч энэ мэт хариуцлагагүй этгээдийн хууль бус үйлдлийн улмаас бүтээлийг үнэгүйдүүлж, оюуны бүтээл туурвигчдад их хэмжээний хохирол учирч байна. Дээрх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ц шүүхэд болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Монголд нэг удаа контентыг санаачлаад өөрийн зардлаар бүтээж Оюуны өмчийн газарт бүртгүүлээд 2019 оны 03 сарын 29-ний өдөр А/417 дугаартай зохиогчийн эрхийн гэрчилгээ болон 400020966 дугаартай барааны тэмдгийн гэрчилгээ авч барааны тэмдгийн эрхээ хамгаалуулсан. Алтай телевиз нь 12 дугаар сарын 31-ний өдөр манай өмчлөлийн бүтээл болох Монголд нэг удаа контентыг хууль ёсны зөвшөөрөлгүй дамжуулж зохиогчийн эрхийн зөрчил гаргасан тул бид нар Оюуны өмчийн газарт хандаж зөрчлийн хэрэг үүсгэсэн. Ингээд 5,000,000 төгрөгийн хохирлыг барагдуулах шийтгэл оногдуулсан. Нэхэмжлэлийн шаардлагадаа: бид нар бүтэн биш 3 минутын бичлэг тавьсан гэж байгаа. Хавтаст хэргийн 47, 48 дугаар хуудсанд нэхэмжлэгчийн тавьсан бүтэн бичлэг байсан талаар гэрчийн мэдүүлэг дээр бичлэг бүгдээрээ байсан гэсэн. Бүтнээрээ байгаагүй болсон бол үзсэн хүний тоо 19000 хүрэхгүй байсан талаар тогтоогдож байгаа. 58 дугаар хуудсанд байцаагчийн хийсэн үзлэгээр Монгол нэг удаа реклам нэртэй 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр тавигдсан 8,371,259 багтаамжтай 1 цаг 13 секунтын бичлэг байсан талаар нотлогдож байгаа. 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр шүүгч С.Г гэрчээр асуусан тэмдэглэлд гэрч бүтэн бичлэг байсан гэдэг нь нотлогдож байгаа. Дээрх нотлох баримтуудаас үзэхэд бүтэн бичлэг байсан гэдэг нь хангалттай нотлогдож байгаа. Нэхэмжлэгч хэрвээ бүтэн биш хагас гэж байгаа бол нотлох баримтаа гаргаж өгөөгүй учраас өөрсдийн гэрчийн мэдүүлгээр бүтэн байсан гэж нотлогдож байгаа.

Нэхэмжлэгчийн хэлсэн үг болоод хэлсэн үг хоёр хоорондоо зөрөөд байдаг. Нэхэмжлэгч болохоор хариуны талаар огт маргахгүй байгаа. Энэ нь хавтаст хэргийн 124 дүгээр хуудсанд авагдсан байгаа. Нэхэмжлэгч дагагчаа нэмэгдүүлэх зорилго нь тодорхой харагдаж байгаа. Дээрхээс үзэхэд нэхэмжлэгч өөрийн фэйсбүүк хуудсанд бичлэг тавьсан нь харагдаж байгаа. Хавтаст хэргийн 30 дугаар хуудсанд контентын үнийг тогтоох тухай гүйцэтгэх захирлын тушаал байгаа. Хавтаст хэргийн 40 дүгээр хуудсанд 2019 оны 01 сарын 15-ны өдрийн дээрх тушаалын хавсралтад Монгол нэг удаа контентын тус бүр нь 5,000,000 төгрөг болох тухай нотлох баримт байгаа. Улмаар секунд тутмыг 1000 төгрөгөөр тооцоод 5000 секундийн зар сурталчилгааг бид нар бартер хийгээд Боловсрол телевизтэй гэрээ байгуулсан. Бид энэ тухай баримтаа нотлох баримтад хавсаргасан байгаа. Улмаар бидний хохирол болох 5,000,000 төгрөг хангалттай нотлогдож байгаа. Зургийн тухайд манай ажилтан хууль мэдээгүй учир нотлох баримтын шаардлага хангуулж бичлэг хийж аваагүй үнэн байгаа. Бичлэг байсан гэж байгаа бол нэхэмжлэгч өөрөө бичлэгээ хавсаргах шаардлагатай. Гэтэл бичлэгээ хавсаргаж өгөөгүй. Иймд бид нар нотлоогүй гэж үзээд хоёр гэрчийн тайлбараас үзэхэд хангалттай бүтэн бичлэг байсан талаар нотлогдож байгаа. Устгасан бичлэг хадгалахгүй учир дурдах шаардлага байхгүй. Хууль зүйн үндэслэлийн хувьд Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хуулийн 10.1-д Зохиогч бүтээлийнхээ хувьд эдийн бус баялгийн эрх болон бүтээл ашиглах онцгой эрх эдэлнэ гэж заасан. Мөн хуулийн 12.1-д Зохиогч нь өөрийн бүтээлийг бүхий л арга, хэлбэрээр ашиглах онцгой эрх эдэлнэ гэж заасан. Хуульд онцгой эрхийг гэрээний үндсэн дээр шилжүүлээд улмаар онцгой эрхээ шилжүүлж байгаа гэж үзсэн. Бичлэг бүтэн болоод хагас бичлэгээс үл хамаараад зохиогчийн эрхээ хамгаалуулсан учир эрхэнд халдсан байх юм бол бид нарын эрхэнд халдаж байгаа. Зөвшөөрөлгүй нийтэд тавьсан учир зөрчил гэж үзэж байгаа. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж хүсч байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Иргэн Э.Б гомдолтой Оюуны өмчийн газрын улсын байцаагч Г.Б холбогдох Оюуны өмчийн газрын хяналтын улсын байцаагч Г.Б 2020 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 14дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай гомдлын шаардлагатай захиргааны хэргийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 550 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг мөн шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасныг тус шүүх 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан байна.

Хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд гомдол гаргагч, гомдол гаргагчийн өмгөөлөгч, хариуцагч, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудад үнэлэлт өгч гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Маргаан бүхий үйл баримтыг дурдвал, Оюуны өмчийн газрын хяналтын хэлтсийн улсын байцаагч Г.Б Х ХХК-иас гаргасан Монголд нэг удаа контентыг эрх эзэмшигчийн зөвшөөрөлгүй Алтай телевиз гэх фэйсбүүк хуудсаар гаргасан гэх гомдлыг үндэслэн зөрчлийн хэрэг нээн, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, Монголд нэг удаа контентыг зохиогчийн эрх эзэмшигчийн зөвшөөрөлгүй фэйсбүүк хуудсаар түгээсэн гэх зохиогчийн эрхийн зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 8.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хуулийг зөрчсөн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйлс, хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, үйл ажиллагааг зогсоож, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж зааснаар Алтай телевиз фэйсбүүк хуудсыг эзэмшигч Э.Б 500.000 (таван зуун мянга) төгрөгөөр торгож, хохирлын 5.000.000 (таван сая) төгрөг гаргуулахаар 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 1453212 дугаар шийтгэлийн хуудсыг бичжээ[1].

Гомдол гаргагч нь би бүтэн бичлэг тавьсан эсэх нь тогтоогдоогүй, тус уран бүтээл нь 5.000.000 төгрөгийн үнэ бүхий гэдэг баримт байхгүй байхад намайг илтэд хохироосон шийдвэр гарсан ... үнэхээр уран бүтээлийг бүрэн хэмжээгээр нийтэд цацсан эсэх нь тодорхойгүй байхад хэт нэг талд шийдвэр гаргасан гэж, хариуцагч нь ... Зохиогч эрх болон түүнд хамаарах тухай хуулийн 23.1-д Бүтээл ашиглах онцгой эрхийг гэрээний үндсэн дээр бүрэн буюу хэсэгчлэн бусад этгээдэд шилжүүлж болно гэж заасан. Хэрвээ хэсэгчилж авах байсан ч эрх эзэмшигчээс зөвшөөрөл авах ёстой байсан. Улмаар гэрээний үндсэн дээр зөвшөөрөл авах ёстой. Зөвшөөрөл авахгүйгээр Фэйсбүүк хуудсанд тавьсан нь зохиогчийн эрхийг зөрчиж байна. Алтай телевиз гэдэг нэртэй цахим хуудас байсан, цахим хуудсыг иргэн Э.Б ажиллуулдаг байгаа. ..., гуравдагч этгээд Монголд нэг удаа контентыг санаачлаад өөрийн зардлаар бүтээж Оюуны өмчийн газарт бүртгүүлээд 2019 оны 03 сарын 29-ний өдөр А/417 дугаартай зохиогчийн эрхийн гэрчилгээ болон 40дугаартай барааны тэмдгийн гэрчилгээ авч барааны тэмдгийн эрхээ хамгаалуулсан. Контентын үнийг тогтоох тухай гүйцэтгэх захирлын тушаалын 2019 оны 01 сарын 15-ны өдрийн тушаалын байгаа бөгөөд уг тушаалын хавсралтад Монгол нэг удаа контентын тус бүр нь 5.000.000 төгрөг болох тухай нотлох баримт байгаа. ... Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хуулийн 10.1-д Зохиогч бүтээлийнхээ хувьд эдийн бус баялгийн эрх болон бүтээл ашиглах онцгой эрх эдэлнэ, 12.1-д Зохиогч нь өөрийн бүтээлийг бүхий л арга, хэлбэрээр ашиглах онцгой эрх эдэлнэ гэж заасан. Хуульд онцгой эрхийг гэрээний үндсэн дээр шилжүүлээд улмаар онцгой эрхээ шилжүүлж байгаа гэж үзсэн. Бичлэг бүтэн болоод хагас бичлэгээс үл хамаараад зохиогчийн эрхээ хамгаалуулсан учир эрхэнд халдсан гэж тус тус маргажээ.

Х ХХК нь Монголд нэг удаа бүтээлийг зохиогчийн эрхийн 10474 дүгээр гэрчилгээгээр[2] эзэмшдэг бөгөөд тус компанийн гүйцэтгэх захирлын 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн АБ/19/01 тоот тушаалын хавсралт 1-ээр[3] Монголд нэг удаа контентын нэг удаагийн нэвтрүүлэх эрхийг худалдах үнийг 5.000.000 /таван сая/ төгрөгөөр тогтоожээ.

Зохиогчийн эрх түүнд хамаарах эрхийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1. Зохиогч нь өөрийн бүтээлийг бүхий л арга, хэлбэрээр ашиглах онцгой эрх эдэлнэ., 12.2. Зохиогчийн бүтээл ашиглах онцгой эрхэд зохиогч дараах үйл ажиллагааг зөвшөөрөх болон хориглох онцгой эрхийг хамааруулна:, 12.2.3. бүтээлийг нийтэд түгээх; гэж тус тус зааснаар зохиогч нь бүтээлийг ашиглах онцгой эрхийг эдлэхээр байна.

Мөн хуулийн 23 дугаар зүйлийн 23.1. Бүтээл ашиглах онцгой эрхийг гэрээний үндсэн дээр бүрэн буюу хэсэгчлэн бусад этгээдэд шилжүүлж болно. гэж зааснаар бүтээлийг гэрээний үндсэн дээр бүрэн буюу хэсэгчлэн шилжүүлж болохоор хуульчилжээ.

Маргаан бүхий тохиолдолд гуравдагч этгээд Хүлэгү пикчерс ХХК нь Монголд нэг удаа бүтээлийн ашиглах онцгой эрхийг гомдол гаргагч Э.Болормаад гэрээний үндсэн дээр бүрэн буюу хэсэгчлэн шилжүүлээгүй байна.

Гомдол гаргагч Э.Б нь бүтээлийг нийтэд түгээгүй гэж маргаагүй бөгөөд бүтээлийг бүрэн нийтэлсэн эсэх нь тодорхойгүй байхад шийтгэл оногдуулсан нь үндэслэлгүй гэж маргаж байх тул бүтээлийг зохиогчийн зөвшөөрөлгүйгээр нийтэд түгээсэн гэсэн үйл баримт тогтоогдож байна гэж үзэв.

Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад гомдол гаргагч Э.Б нь холбогдогчоор ... Асуулт: Энэ фейсбүүк хуудсыг хэн ажиллуулдаг вэ?, Хариулт: Би ажиллуулдаг, ... Гэхдээ хариуцсан хүн нь би учраас би л хариуцлага хүлээж таарах байхдаа ... гэх тайлбарыг өгөөд гарын үсгээ зурж, 80117227 гэсэн утасны дугаарыг тэмдэглэжээ[4], Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн цагдаагийн албаны 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 11е/3890 дугаартай албан бичгийн хавсралтаар Алтай телевиз фейсбүүк хуудасны Админ 80...... гэжээ[5].

Дээрх нөхцөл байдлаас үзвэл гомдол гаргагч Э.Б нь Алтай телевиз фейсбүүк хуудасны Админ байх бөгөөд уг зөрчлийг гомдол гаргагч иргэн Э.Болормаа үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Хариуцагч нь зөрчлийг оногдуулахдаа хохирогчоос гаргаж өгсөн нотлох баримтын хүрээнд хохирлын хэмжээг тогтоосныг буруутгах боломжгүй юм.

Учир нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.1 дүгээр зүйл. Шийтгэл оногдуулах 4 дэх хэсэг Зөрчлийн улмаас учирсан хохирол, нөхөн төлбөрийг тооцох журмыг Улсын ерөнхий прокурор батална. гэж зааснаар Улсын ерөнхий прокурорын 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн А/75 дугаар тушаалаар Зөрчлийн улмаас учирсан хохирол, нөхөн тооцох журам-ыг баталжээ.

Уг журмын 3.2. Эрх бүхий албан тушаалтан зөрчлийн хэрэг бүртгэлтийн явцад хохирол, нөхөн төлбөрийн хэмжээг тогтоохдоо Зөрчлийн тухай хууль, бусад хууль, захиргааны хэм хэмжээний актыг баримталж, түүнд заасан үндэслэл, журмын дагуу хохирол, нөхөн төлбөрийн хэмжээг тооцно, 3.4. Хохирол, нөхөн төлбөрийн хэмжээг тогтоохдоо хөрөнгө, эд зүйл, барааны шинж байдлыг бодитоор тогтоож, анх тогтоосон үнэлгээ, худалдан авсан үнэ, элэгдэл хорогдол, эвдрэл гэмтэл зэргийг харгалзан үзнэ. гэж тус тус заажээ.

Маргаан бүхий тохиолдлын тухайд, хариуцагч хохирлын хэмжээг тогтоохдоо бүтээлийн анхны үнийг тогтоосон гуравдагч этгээд Х ХХК-ийн 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн А5/19/01 дүгээр тушаалыг үндэслэл болгосныг буруутгах боломжгүй байна[6].

Иймд дээрх үндэслэлүүдээр иргэн Э.БОюуны өмчийн газрын улсын байцаагч Г.Б холбогдуулан гаргасан Оюуны өмчийн газрын хяналтын улсын байцаагчийн 2020 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 1453212 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Зохиогчийн эрх түүнд хамаарах эрхийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, 12.2.3, Зөрчлийн тухай хуулийн 8.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан иргэн Э.БОюуны өмчийн газрын улсын байцаагч Г.Б холбогдуулан гаргасан Оюуны өмчийн газрын хяналтын улсын байцаагчийн 2020 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 14 дугаар актыг хүчингүй болгуулах тухай гомдлын шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасныг баримтлан Э.Б улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол гаргагч, хариуцагч, гуравдагч этгээд нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш таван хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ГАНБАТ

ШҮҮГЧ Ц.ОДМАА

ШҮҮГЧ Д.ЧАНЦАЛНЯМ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 


[1] Хавтаст хэргийн 61 дүгээр хуудас

[2] Хавтаст хэргийн 35 дугаар хуудас

[3] Хавтаст хэргийн 40 дүгээр хуудас

[4] Хавтаст хэргийн 45-46 дүгээр хуудас

[5] Хавтаст хэргийн 109-111 дүгээр хуудас

[6] Хавтаст хэргийн 30, 40 дүгээр хуудас