Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Хувсааралын Дашдэчмаа |
Хэргийн индекс | 182/2018/00622/И |
Дугаар | 1139 |
Огноо | 2018-05-29 |
Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 05 сарын 29 өдөр
Дугаар 1139
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Дашдэчмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн 2 дугаар хороо, Рокмон бьюлдинг А тоотод байрлах, С.Ш.И ХХК ХХК /РД:2693925/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгийн 19 дүгээр гудамжны 917А тоотод оршин суух, Хайрхан уул овогт Янгалагийн Дүүрэнбаяр /РД:УО85100607/
Зээлийн гэрээний үүрэгт 2,557,723 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Цээсүрэн, хариуцагч Я.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Сувдаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч С.Ш.И ХХК ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Цээсүрэн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Я.Д нь 2014 оны 02 дугаар сарын 28-ны өдөр манай байгууллагатай ЗГ1501140025 дугаартай цалин барьцаалсан зээлийн гэрээ байгуулж 1,000,000 төгрөгийг 12 сарын хугацаатай эхний 6 сард бодогдох сарын хүү 3,45 хувь, дараагийн 5 сард бодогдох сарын хүү 4,45 хувь, сүүлийн 1 сард бодох хүү 8,5 хувийн хүүтэй байх нөхцөлтэйгөөр зээлсэн.
Зээлдэгч нь 2018 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийг хүртэл үндсэн зээлийн төлбөрөөс 482,580 төгрөг, үндсэн хүүгийн төлбөрөөс 298,420 төгрөгийг төлж байсан ба үүнээс хойш гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчин өнөөдрийг хүртэл ямар ч өр төлбөр төлөөгүй болно.
Байгууллагын зүгээс өр төлбөрийг гэрээнд заасан хуваарийн дагуу төлөх тухай мэдэгдэж удаа дараа шаардлага тавихад өнөөдрийг хүртэл биелүүлээгүй.
Нэхэмжлэл гаргах үеийн байдлаар Я.Д нь үндсэн зээлийн үлдэгдэл 517,420 төгрөг, үндсэн хүүгийн үлдэгдэл 1,706,343 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн үлдэгдэлд 333,960 төгрөг нийт 2,557,723 төгрөгийн үлдэгдэлтэй байна
Ийм учраас 2,557,723 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү. Хэрвээ хариуцагч зөвшөөрвөл нэхэмжлэлийн шаардлагаас 100,000 төгрөгийг хасаад эвлэрэх боломжтой гэв.
Хариуцагч Я.Д шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас хүү, нэмэгдүүлсэн хүүг зөвшөөрөхгүй байгаа учраас эвлэрэх боломжгүй. Үлдэгдэл төлбөр болох 517,420 төгрөгийг төлөхөд татгалзах зүйлгүй.
Энэ мөнгийг би ганцаараа аваагүй надтай хамт ажиллаж байсан Отгонцэцэг талыг нь авсан. Тэгээд ч эднийх анх зээл олгохдоо 1,000,000 төгрөгийг бүрэн ч өгөөгүй, 800,000 төгрөгийг л өгсөн. Би энэ мөнгөнөөс 400,000 төгрөгийг Отгонцэцэг 400,000 төгрөгийг нь авсан.
Би энэ их мөнгийг төлж чадахгүй. Би жирэмсэн болоод ажлаасаа гарсан, одоо хүүхдээ хараад гэртээ байдаг. Манай хүүхэд одоо 4 нас хүрэх гэж байна. Зээл авснаас хойш бүтэн 4 жилийн хугацаанд зээлээ төлөөрэй, зээл чинь төлөгдөхгүй байна гэж надруу утсаар ярьж байлуу яалаа сайн санахгүй байна.
Хэрвээ Отгонцэцэгийг зээлээ төлөөгүй гэдгийг би мэдсэн бол сард 100,000 төгрөгөөр ч болтугай төлөөд дуусгах байсан.
Надтай утсаар ярьж манай гэрт ирж уулзаж байгаагүй байж шүүхэд нэхэмжлэл гаргаад ийм их мөнгө нэхэж байгааг ойлгохгүй байна. Надтай утсаар ярихгүй юм бол яах гэж надтай хамт амьдарч байгаа хүмүүсийн дугаарыг бичиж авсан юм бэ. Би энэ хугацаанд хаяг дээрээ амьдарч л байгаа... гэв.
Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч С.Ш.И ХХК ХХК нь хариуцагч Я.Дт зээлийн гэрээний үүрэгт 2,457, 723 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг гаргасан.
Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагаас 517,420 төгрөгийн шаардлагыг хүлээн зөвшөөрч хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөхгүй гэж маргаж байна.
Нэхэмжлэгч С.Ш.И ХХК ХХК нь 2014 оны 02 дугаар сарын 28-ны өдөр ЗГ1501140025 тоот зээлийн гэрээгээр Я.Дт 1,000,000 төгрөгийг эхний 6 сар 3.45 хувь, дараагийн 5 сар 4.45 хувь, сүүлийн 1 сар 8.5 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай шуурхай цалингийн зээлийг олгосон болох нь хэргийн 4-5 дугаар хуудсанд авагдсан зээлийн гэрээ, талуудын тайлбараар тогтоогдлоо.
Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид зээлдүүлэгч гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан.
2014 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн ЗГ1501140025 тоот зээлийн гэрээнд талууд гарын үсгээ зурж баталгаажуулсан байх тул шүүхээс хуульд заасны дагуу хүчин төгөлдөр гэрээ байгуулагдсан гэж үзсэн бөгөөд дээрх зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан хуулийн дээрх зохицуулалтад нийцжээ.
Хариуцагч нь зээл авсан талаар маргаагүй бөгөөд гагцхүү 1,000,000 төгрөгөөс нэхэмжлэгч нь үндэслэлгүйгээр 200,000 төгрөгийг суутган авч, 800,000 төгрөгийг өгсөн энэ мөнгөнөөс би 400,000 төгрөгийг авч, манай ажлын Отгонцэцэг 400,000 төгрөгийг нь авсан. Мөн надад зээлийн гэрээний хугацаа дууссан талаар нэг удаа ч мэдэгдэж байгаагүй учраас хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөхгүй гэж маргасан.
Зээлдэгч, зээлдүүлэгчид мөнгийг шилжүүлснээр өмчлөх эрхийг ч мөн шилжүүлж байх тул өөрийн өмчлөлд авсан эд хөрөнгө, мөнгийг зээлдэгч эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхтэй болдог учраас хариуцагчийн манай ажлын Отгонцэцэг 400,000 төгрөгийг нь авсан гэх тайлбар нь үндэслэлгүй байна.
Хэрэгт авагдсан зээлийн гэрээ, зээл эргэн төлөлтийн хуваариас үзвэл талууд зээл эргэн төлөлтийн хуваарийг баталсан байх ба талуудын байгуулсан гэрээний 2 дугаар зүйлийн 2.1.3-т зээлийн хүүг эхний 6 сар 3.45 хувь, дараагийн 5 сар 4.45 хувь, сүүлийн 1 сар 8.5 хувийн хүүтэй буюу шаталсан нөхцөлтэй, 4.1.1-д зээлдэгч нь үндсэн төлбөр, хүүг эргэн төлөлтийн графикийн дагуу төлөх-өөр тохиролцжээ.
Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2-т Зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно мөн хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж тус тус заасан байна.
Талуудын байгуулсан зээлийн гэрээний 4.1.1-д зээлийн үндсэн төлбөр, хүүг эргэн төлөлтийн графикийн дагуу төлөх, гэрээний 4.2.4-т зээлдэгч зээлээ хугацаандаа төлөөгүй тохиолдолд зээлийн үндсэн төлбөр, хугацаа хэтэрсэн хүү, нэмэгдүүлсэн хүү, нэмэгдүүлсэн хүүг төлүүлэхээс гадна бусад хохирол зардлыг шаардах эрхтэй, гэрээний 6.1-д зээлдэгч зээлийн гэрээний нийт хугацаанд авсан зээл, зээлийн хүүг төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү болон зээлийн төлөгдөөгүй үндсэн хүүгийн 20 хувьтай тэнцэх нэмэгдүүлсэн хүүг төлнө гэж тус тус тохиролцсон.
Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.1-д үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ гэж заасан бөгөөд хариуцагч Я.Д нь гэрээний 4.1.1-д заасан үндсэн төлбөр, хүүг энэхүү гэрээний хавсралт №1-д заасны дагуу төлөх үүргээ биелүүлээгүй болох нь тогтоогдсон.
Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.3-т Зээлийн гэрээний хугацаа дууссан нь гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй зээлдэгчийг зээл, түүний хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй гэж заасан учраас нэхэмжлэгч нь үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүг гэрээний дагуу хариуцагчаас шаардах эрхтэй.
Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний хугацаа 2015 оны 02 дугаар сарын 28-ны өдөр дууссан байх ба нэхэмжлэгчийн шүүхэд нэхэмжлэл гаргасан 2018 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийг хүртэл үндсэн зээлийн үлдэгдэл 517,420 төгрөг, хүү нь 1,627,260 /517,420 х 8.5 % = 43,980 төгрөг х 37 сар/ төгрөг, нэмэгдүүлсэн хүү нь 352,452 /1,627,260 х 20 %/ төгрөг болсон байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т Зохигч, түүний төлөөлөгч нь хэргийн үйл баримт, гэм буруу байгаа эсэхийг нотлох буюу үгүйсгэх замаар мэтгэлцэх эрхтэй, мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д хэргийн оролцогч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй гэж тус тус заасан бөгөөд нэхэмжлэгч нь хариуцагчид зээлийн гэрээний хугацаа дууссан талаар мэдэгдэж байсан талаар, хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагын татгалзлаа баримтаар нотлох үүргээ тус тус хэрэгжүүлээгүй болно.
Иймд хуулийн дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж хариуцагч Я.Даас зээлийн гэрээний үүрэгт 2,470,132 төгрөг гаргуулан нэхэмжлэгч С.Ш.И ХХК ХХК-д олгож нэхэмжлэлийн шаардлагаас 87,591 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болно.
Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-д тогтоосон журмаар нэхэмжлэл гаргасан бол ... хөөн хэлэлцэх хугацаа тасалдана гэж зохицуулсан байх бөгөөд нэхэмжлэгч нь тус шүүхэд 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр хариуцагч Я.Дт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 2,416,985 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг гаргасан ба шүүхээс 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдөр иргэний хэрэг үүсгэж, 2018 оны 3 дугаар сарын 06-ны өдөр 182/ШЗ2018/02198 дугаартай шүүгчийн захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байх тул хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан гэж үзсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар хариуцагч Я.Даас 2,470,132 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.Ш.И ХХК ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 87,591 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 55,874 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 54,472 төгрөгийг гаргуулан С.Ш.И ХХК ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй бөгөөд зохигч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гарган аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Х.ДАШДЭЧМАА