Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 09 сарын 26 өдөр

Дугаар 1955

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ууганбаяр даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 12 дугаар хороо, Хангайн 12-455 тоот хаягт байрлах Ц ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 7 дугаар хороо, Денверийн гудамж 13 хаягт байрлах Сүхбаатар дүүргийн Засаг даргын тамгын газарт холбогдох  

41,852,623 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ё.Батбаяр, Г.Чулуунцэцэг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.Мягмарсүрэн, хариуцагчийн төлөөлөгч Д.Орхонтуул, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Жадыра нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч, түүний төлөөлөгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Манай компани нь 2008 онд байгуулагдан хог тээврийн үйл ажиллагаа явуулж ирсэн бөгөөд 2013 оноос эхлэн Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Засаг даргын тамгын газартай 2013 оны 10 сарын 10-ны өдөр 165 дугаартай “Хог тээвэрлэх гэрээ”, 2014 оны 1 сарын 10-ны өдөр 16 дугаартай “Хог тээвэрлэх гэрээ”, 2015 оны 8 сарын 1-ний өдөр “Хог хаягдлын үйлчилгээ үзүүлэх гэрээ”, 2016 оны 1 сарын 15-ны өдөр “Хог хаягдлын үйлчилгээ нийлүүлэх гэрээ”-г тус тус байгуулан өнөөдрийг хүртэл хамтран ажилласаар байгаа болно. Дээрх гэрээнүүдээр манай компани нь тус дүүргийн 16 дугаар хорооны буюу 5 дугаар бүсийн айл өрх, аж ахуйн нэгж, байгууллагын хог хаягдлыг цуглуулж, ачиж тээвэрлэх,тухайн бүсийн нутаг дэвсгэр дахь ил задгай болон эзэнгүй үүсмэл хогийн цэгүүдийг бүрэн цэвэрлэж төвлөрсөн цэгт хүргэж буулган хариуцсан бүсийг хог хаягдалгүй цэвэр байлгах үүргийг дүүргийн өмнө хүлээж энэхүү үүргээ зохих ёсоор, шударгаар гүйцэтгэсээр 2017 оны 7 дугаар сар хүртэл ажилласан бөгөөд 2017 оны 12 сарын 1-ний өдрөөс эхлэн дахин Сүхбаатар дүүргийн Засаг даргын тамгын газартай гэрээ байгуулан хог хаягдлын үйлчилгээг үзүүлсээр байна. Дээрх гэрээнүүдийг дүүрэгтэй байгуулахдаа Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаас 2013 оны 9 сарын 26-ны өдөр баталсан 12/45 дугаартай “Хог тээврийн тариф батлах тухай” тогтоолын дагуу хог тээврийн үйлчилгээний хөлсийг тонн километрийн системд шилжүүлэн 1 тонн хог хаягдлыг тээвэрлэх тарифыг тогтоосон бөгөөд дээрх гэрээнүүд нь тогтоолд нийцэж байгуулагдсан болно. Энэ гэрээнүүдэд оролцогч Сүхбаатар дүүргийн Засаг даргын тамгын газрын зүгээс манай компаниас үзүүлэх хог хаягдлын үйлчилгээнд хяналт тавих, дүгнэх, шалгах Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн баталсан “Хог тээврийн тариф батлах тухай” тогтоолд нийцүүлэн гүйцэтгэгчийн ажлын гүйцэтгэлийг үндэслэн нэмэлт санхүүжилт олгох үүргийг хүлээсэн байдаг. Манай компанийн зүгээс өмнө нь Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандан 2014, 2015, 2016 оны 6 дугаар сар хүртэл хугацааны хог хаягдлын нэмэлт санхүүжилтийн үлдэгдэл болох 56,638,562 төгрөгийг Сүхбаатар дүүргийн Засаг даргын тамгын газраас нэхэмжилсэн бөгөөд Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 1 сарын 13-ны өдрийн 184 дүгээр шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 3 сарын 10-ны өдрийн 676 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн 2017 оны 5 сарын 31-ний өдрийн 00690 дугаартай тогтоолоор нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн бөгөөд шүүхийн шийдвэрийг хариуцагч байгууллага бүрэн биелүүлсэн болно. Манай компанийн дүүргийн засаг даргын тамгын газартай байгуулсан хог тээврийн үйлчилгээ үзүүлэх гэрээ нь Хог хаягдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4.2, 8.4.3-т зааснаар: “...сум, дүүргийн Засаг дарга нь аймаг, нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаас баталсан хог хаягдлыг ангилах, цуглуулах, тээвэрлэх, дахин боловсруулах, эргүүлэн ашиглах, устгах журмын дагуу хог хаягдал цуглуулах, тээвэрлэх үйл ажиллагаа эрхлэх иргэн, аж ахуй нэгж, байгууллагыг сонгон шалгаруулах, сонгон шалгаруулсан иргэн, аж ахуй нэгж байгууллагатай нэрээ байгуулж, үйл ажиллагаанд нь хяналт тавих бүрэн эрхийг хэрэгжүүлдэг бөгөөд бидний хооронд байгуулсан ажил гүйцэтгэх гэрээ нь хуулийн дээрх зохицуулалтад нийцэх тул хууль болон гэрээнд заасны дагуу шаардах эрхтэй гэж ойлгож байгаа болно. Хамгийн сүүлд байгуулсан 2017 оны 1 сарын 20-ны өдрийн 32 тоот Хог тээвэрлэх түр гэрээний 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт: “...Хог тээвэрлэгч байгууллагын санхүүжилт нь айл өрхийн хог хаягдлын хураамж буюу УБЦТС ХК-ийн Сүхбаатар хэрэглэгчдэд үйлчлэх төв, Орон сууцны конторууд, Сууц өмчлөгчдийн холбоодоор дамжуулан орсон орлого, тухайн хорооны аж ахуй нэгж, байгууллагуудын тээвэрлэгч байгууллагуудтай байгуулсан хог тээврийн гэрээний хураамжаар дүүргийн татварын дансанд төвлөрсөн орлого, дүүргийн төсвөөс олгож байгаа нэмэлт санхүүжилтээс бүрдэнэ... ”, мөн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.3 хэсэгт “Дүүргийн төсвөөс олгож байгаа нэмэлт санхүүжилтийг хариуцсан гэр хорооны айл өрх, хүн амын тоо, хог хаягдал үүсэх хэмжээ, хогийн цэг хүртэлх цай, тээвэрлэсэн хогийн тонн жин зэргийг харгалзан нийслэлээс гаргасан аргачлалын дагуу тооцож захиалагч талын албан тушаалтнуудын баталгаажуулсан үнийн дүнгээр дараа сарын 5-нд олгоно .. ” гэж заасан боловч хариуцагчийн зүгээс энэхүү үүргээ огт биелүүлэхгүй байгаа юм. Манай компани нь дүүрэгтэй байгуулсан гэрээний дагуу хүлээсэн үүргээ зохих ёсоор шударгаар, хугацаанд нь биелүүлж сар бүр ажлын гүйцэтгэлийн нэгтгэлийг гарган хүргүүлж байсан бөгөөд хийсэн ажлын талаар талуудын хооронд ямар нэгэн маргаан байхгүй гэж ойлгож байгаа болно. Иймд хариуцагч Сүхбаатар дүүргийн Засаг даргын тамгын газраас гэрээний үүргийн биелэлт болох нэмэлт санхүүжилтийн төлбөрт 2016 оны 7 сараас 2016 оны 12 сар хүртэлх төлбөрт 18,481,720 төгрөг, 2017 оны 1 сараас 2017 оны 12 сар хүртэл 23,370,903 төгрөг, нийт 41,852,623 төгрөгийг гаргуулж, манай компанийг хохиролгүй болгож өгнө үү.” гэв.

Хариуцагч, түүний төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Ц ХХК-ийн нэхэмжлэлтэй, тус дүүргийн Засаг даргын Тамгын газарт холбогдох иргэний хэргийн 2016 оны 7 сараас 12 сар, 2017 оны 1 сараас 7 сарын хоорондох гэрээний үүргийн гүйцэтгэлийн нэмэлт санхүүжилтийн 41,852,623 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг эс хүлээн зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна. Ц ХХК-тай дүүргийн Засаг даргын Тамгын газар нийтийн эзэмшил, айл өрх, аж ахуйн нэгж байгууллагын хог хаягдлын төлбөр тооцоо болон хог тээвэрлэлтэд гарах аливаа харилцааг зохицуулахаар нэхэмжлэгчтэй Хог тээвэрлэх түр гэрээг 2017 оны 1 сарын 20, 3 сарын 1, 12 сарын 1-ний өдөр, Хог хаягдлын үйлчилгээ нийлүүлэх гэрээг 2016 оны 1 сарын 15-ны өдөр тус тус байгуулан ажиллаж ирсэн. Гэрээний хугацаанд сар болгон журамд заасны дагуу хянан баталгаажуулж гэрээнд заасан төлбөрийг барагдуулж ирсэн. Нэхэмжлэгч нь гэрээний төлбөртэй холбоотой нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй, гэрээний нэмэлт санхүүжилттэй холбоотойгоор нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд тус санхүүжилтийн талаар дээрх гэрээнүүдэд тохиролцсон зүйл байхгүй бөгөөд гэрээнд заасан гэрээний төлбөрт уг асуудлыг тусгагдаагүй. Иймд нэхэмжлэлийн шаардлага болох нэмэлт санхүүжилттэй холбоотой 41,852,623 төгрөгийг манай байгууллагаас нэхэмжилсэн нь үндэслэлгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

            Нэхэмжлэгч Ц ХХК нь хариуцагч Сүхбаатар дүүргийн Засаг даргын тамгын газарт холбогдуулан хог тээврийн үйлчилгээний гэрээний дагуу 2016 оны 7 сараас 2017 оны 7 сарыг хүртэл хугацааны нэмэлт санхүүжилтийн төлбөрт 41,852,623 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байна.

            Хариуцагч СБДЗДТГ нь Ц ХХК-тай байгуулсан гэрээнд нэмэлт санхүүжилтийн талаар тохиролцоо байхгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэж маргасан байна.

            Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзлээ.

            Ц ХХК болон Сүхбаатар дүүргийн Засаг даргын тамгын газрын хооронд 2017 оны 3 сарын 1-ний өдөр 78 дугаартай “Хог тээвэрлэх түр гэрээ” нэртэй гэрээ /хх-112-115 тал/, 2017 оны 12 сарын 1-ний өдөр “Хог тээвэрлэх түр гэрээ” нэртэй гэрээ /хх-116-119 тал/ тус тус байгуулагдаж, уг гэрээнүүдээр Ц ХХК нь Сүхбаатар дүүргийн 16 дугаар хорооны айл өрх, байгууллага, аж ахуйн нэгж, нийтийн эзэмшлийн зам талбайн хог хаягдлыг ачиж тээвэрлэх, хог тээвэрлэх бүсэд үүссэн ил задгай хог хаягдлыг тээвэрлэх, хог цуглуулж, тээвэрлэх үйлчилгээг үзүүлж, хог хаягдлыг хогийн төвлөрсөн цэгт хүргэх, айл өрх, байгууллага, аж ахуйн нэгжүүдэд хог ачиж цуглуулах хуваарийг тарааж мэдээлэх, хариуцсан хорооны байгууллага аж ахуйн нэгжүүдтэй хог тээвэрлэх гэрээг байгуулах, СБДЗДТГ нь Ц ХХК-ийн ажлын гүйцэтгэлд хяналт тавьж, хог тээврийн гүйцэтгэлийг үндэслэн батлагдсан төсвийн хүрээнд санхүүжүүлэхээр харилцан тохиролцсон байна.

            Дээрх 2 гэрээнээс гадна 2016 оны 1 сарын 15-ны өдрийн “Хог хаягдлын үйлчилгээ нийлүүлэх гэрээ” нэртэй гэрээ, 2017 оны 1 сарын 20-ны өдрийн 32 дугаартай “Хог тээвэрлэх түр гэрээ” нэртэй гэрээнүүд талуудын хооронд байгуулагдсан бөгөөд дээрх гэрээнүүд нотлох баримтын шаардлага хангасан байдлаар нэхэмжлэгч талд байхгүй тул шүүхэд нотлох баримтаар гаргаж өгөх боломжгүй байсан гэсэн тайлбарыг нэхэмжлэгч тал шүүх хуралдаанд гаргасан, хариуцагч тал дээрх гэрээнүүдийг нэхэмжлэгч талтай байгуулсан гэдэгтээ маргадаггүй, шүүхэд гаргасан хариу тайлбартаа дээр дурдсан 2 гэрээ байгуулагдсан талаар тайлбар гаргасан байна.

Дээрх гэрээнүүдээс үүдэлтэй харилцаа нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дахь заалтад заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа байх ба талууд гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргахгүй байна.

            Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дахь заалтад “Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасны дагуу нэхэмжлэгч Ц ХХК нь хариуцагч Сүхбаатар дүүргийн Засаг даргын тамгын газраас гүйцэтгэсэн ажлын хөлсийг шаардах эрхтэй байна.

            Нэхэмжлэгч Ц ХХК нь 2016 оны 7 сараас 2017 оны 7 сарыг хүртэл хугацаанд нийт 86,344,923 төгрөгийн ажил гүйцэтгэснээс 44,492,300 төгрөгийн ажлын хөлс олгогдсон, 41,852,623 төгрөгийн ажлын хөлс дутуу олгогдсон гэсэн тооцоолол /хх-17 тал/-ыг гаргаж өгсөн бөгөөд уг тооцоололд хариуцагч маргаагүй, тооцоололд дурдсан хугацааны ажлын гүйцэтгэл нь хэрэгт нотлох баримтаар хавсаргаж өгсөн жолоочийн хог тээврийн тооцооны хуудас, Хот тохижуулалтын газар ОНӨААТҮГ-ын баталгаажуулсан хог тээврийн баримт, хог тээвэрлэлтийн ажлын гүйцэтгэлийг хянасан хорооны Засаг дарга болон хэсгийн ахлагчийн гарын үсэг, тамга тэмдэг бүхий баримтууд зэрэг 4 хавтас анхан шатны баримтаар нотлогдож байна.

Хэрэгт нотлох баримтаар хавсаргаж өгсөн 4 хавтас баримт дахь “хог тээврийн гүйцэтгэлийн нэгтгэл” нэртэй баримтын ажлын гүйцэтгэлийг хянасан хэсэгт Сүхбаатар дүүргийн Засаг даргын тамгын газрын холбогдох албан тушаалтнууд гарын үсэг зурж тамга даран баталгаажуулаагүй байх боловч хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа гэрээнд заасан хугацаанд сар болгон журамд заасны дагуу хянан баталгаажуулалт хийж, гэрээнд заасан төлбөрийг барагдуулж байсан талаараа дурдсан байх тул хариуцагч Сүхбаатар дүүргийн Засаг даргын тамгын газрыг ажлын гүйцэтгэлийг хүлээн авсан гэж үзнэ.

 Талууд ажлын хөлс болон нэмэлт санхүүжилтийн хэмжээг тооцохдоо “айл өрхийн хог хаягдлын хураамж буюу УБЦТС ХК-ийн Сүхбаатар хэрэглэгчдэд үйлчлэх төв, Орон сууцны конторууд, Сууц өмчлөгчдийн холбоодоор дамжуулан олсон орлого, тухайн хорооны аж ахуйн нэгж, байгууллагуудын тээвэрлэгч байгууллагуудтай байгуулсан хог тээврийн гэрээний хураамжаар дүүргийн татварын дансанд төвлөрсөн орлого, дүүргийн төсвөөс олгож байгаа нэмэлт санхүүжилтээс бүрдэхээр, дүүргийн төсвөөс олгож байгаа нэмэлт санхүүжилтийг хариуцсан гэр хорооны айл өрх, хүн амын тоо, хог хаягдал үүсэх хэмжээ, хогийн цэг хүртэлх зай, тээвэрлэсэн хогийн тонн жин зэргийг харгалзан нийслэлээс гаргасан аргачлалын дагуу тооцож, захиалагч талын холбогдох албан тушаалтнуудаас баталгаажуулсан үнийн дүнгээр олгож байхаар” тохиролцсон болох нь хэрэгт нотлох баримтаар авагдсан 2017 оны 3 сарын 1-ний өдөр 78 дугаартай “Хог тээвэрлэх түр гэрээ” нэртэй гэрээ, 2017 оны 12 сарын 1-ний өдөр “Хог тээвэрлэх түр гэрээ” нэртэй гэрээнүүдээр тогтоогдож байх ба уг гэрээнүүдийн 4 дүгээр зүйлээр төлбөр тооцоо, санхүүжилтийн талаар зохицуулсан байна.

Дээрх гэрээнүүдэд заасан нийслэлээс гаргасан аргачлал гэдэгт Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2013 оны 12/45 дугаартай тогтоолын хавсралтаар батлагдсан 1 км-т 1 тонн хог тээвэрлэх тариф буюу 2 700 төгрөгийн тарифыг ойлгох бөгөөд Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2013 оны 12/45 дугаартай тогтоолын хавсралтаар батлагдсан 1 км-т 1 тонн хог тээвэрлэх тарифыг 2,700 төгрөгөөр тогтоосон болох нь хэрэгт нотлох баримтаар авагдсан Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн  анхан шатны шүүхийн 2017 оны 1 сарын 13-ны өдрийн 181/ШШ2017/00184 дугаар шийдвэрийн хуулбар /хх-47-49 тал/-аар тогтоогдсон, хариуцагч дээрхээс өөр тариф тогтоосон талаар шүүхэд тайлбар гаргаж мэтгэлцээгүй байна.

 Иймээс талууд ажлын хөлсийг Иргэний хуулийн 344 дүгээр зүйлийн 344.2 дахь заалтад “Ажил гүйцэтгэсний хөлсийг талууд тохиролцоогүй боловч гүйцэтгэсэн ажлын шинж, ажил гүйцэтгэх болсон нөхцөл байдал зэргээс шалтгаалан захиалагч тухайн төрлийн ажил гүйцэтгэхэд мөрддөг эрх бүхий байгууллагаас баталсан жишиг үнэлгээний жагсаалт байвал тухайн жагсаалтыг үндэслэн, тийм жагсаалт байхгүй бол тухайн үеийн зах зээлийн дундаж үнэлгээгээр бодож хөлс төлнө” гэж заасны дагуу тохиролцсон гэж үзэх үндэслэлтэй.

Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2015 оны 86 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан “Хог хаягдал цуглуулах, тээвэрлэх үйл ажиллагааг санхүүжүүлэх, хог хаягдлын үйлчилгээний хураамжийг төвлөрүүлэхэд мөрдөх журам”-ын 8 дугаар зүйлийн 8.8.2, 8.8.3 дахь заалтуудад зааснаар Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба дүүргээс ирүүлсэн гүйцэтгэлийг хянаж, баталгаажуулан, нэмэлт санхүүжилтийг дүүргийн төрийн санд шилжүүлэн, дүүргийн санхүү, төрийн сангийн асуудал хариуцсан нэгж баталгаажсан гүйцэтгэлийн дагуу санхүүжилтийг хог хаягдлын үйлчилгээний байгууллагад олгохоор заасан байдаг нь хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр тогтоогдсон тул нэмэлт санхүүжилттэй холбоотой шаардлагыг нэхэмжлэгч Ц ХХК нь хариуцагч Сүхбаатар дүүргийн Засаг даргын тамгын газраас нэхэмжилсэн нь үндэслэлтэй, уг нэмэлт санхүүжилтийг хог хаягдлын үйлчилгээний байгууллагын өмнө хариуцан шийдвэрлүүлэх этгээд нь СБДЗДТГ байна.

Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэгч Ц ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, хариуцагч Сүхбаатар дүүргийн Засаг даргын тамгын газраас ажил гүйцэтгэх гэрээний үүргийн гүйцэтгэлд 41,852,623 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ц ХХК-д олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

  1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дахь заалтыг баримтлан хариуцагч Сүхбаатар дүүргийн Засаг даргын тамгын газраас 41,852,623 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ц ХХК-д олгосугай.
  2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дахь заалтыг тус тус баримтлан нэхэмжлэгч Ц ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 2 сарын 1-ний өдөр урьдчилан төлсөн 367,220 төгрөгийн 367,213 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 7 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч Сүхбаатар дүүргийн Засаг даргын тамгын газраас 367,213 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Ц ХХК-д олгосугай.
  3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь заалтад зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 
  4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр 119.4, 119.7 дахь заалтад зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсноос 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                         Б.УУГАНБАЯР