Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Хөхийсүрэнгийн Батсүрэн |
Хэргийн индекс | 112/2016/0034/З |
Дугаар | 160 |
Огноо | 2017-05-08 |
Маргааны төрөл | Сонгууль, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2017 оны 05 сарын 08 өдөр
Дугаар 160
Говь-Алтай аймгийн Цээл сумын Ардчилсан
нам, иргэн Я.Баттогтох нарын нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааныг шүүгч Л.Атарцэцэг даргалж, шүүгч Х.Батсүрэн, Д.Мөнхтуяа, П.Соёл-Эрдэнэ, Ч.Тунгалаг нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга С.Баяртуяа, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Доржготов, гуравдагч этгээд Д.Сэржмаагийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Отгонбаяр нарыг оролцуулан хийж, Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 41 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 221/МА2017/0156 дугаар магадлалтай, Говь-Алтай аймгийн Цээл сумын Ардчилсан нам, иргэн Я.Баттогтох нарын нэхэмжлэлтэй, тус сумын Сонгуулийн хороонд холбогдох захиргааны хэргийг хариуцагчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Х.Батсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 41 дүгээр шийдвэрээр: “1. Сонгуулийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.7, 159 дүгээр зүйлийн 159.2, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасныг баримтлан Говь-Алтай аймгийн Цээл сумын сонгуулийн хорооны 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 05 дугаар тогтоолыг хүчингүй болгож, захиргааны акт илт хууль бус болохыг тооцсугай.
2. Сонгуулийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.11, 160 дугаар зүйлийн 160.2-т заасныг баримтлан нэр дэвшигч Ж.Батболд, Я.Баттогтох, И.Дармаа, Г.Сайнхүү, Б.Түвшинтөгс нарыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрүүлэхээр өргөн мэдүүлэхийг Цээл сумын Сонгуулийн хороонд даалгасугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.4-т заасны дагуу шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 108.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авахыг дурдсугай.
5. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.5-д заасны дагуу уг хуулийн 108 дугаар зүйлийн 108.4-т заасан хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
6. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч 14 хоногийн дотор захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй” гэж шийдвэрлэжээ.
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 221/МА2017/0156 дугаар магадлалаар: “Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 41 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1, 2 дахь заалтыг нэгтгэн “1. Сонгуулийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.7, 34 дүгээр зүйлийн 34.1.4, 114 дүгээр зүйлийн 114.3, 117 дугаар зүйл, 161 дүгээр зүйлийн 161.4-т заасныг баримтлан Говь-Алтай аймгийн Цээл сумын сонгуулийн хорооны 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 05 дугаар тогтоолыг хүчингүй болгож, нэр дэвшигч Ж.Батболд, Я.Баттогтох, И.Дармаа, Г.Сайнхүү, Б.Түвшинтөгс нарыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрүүлэхээр өргөн мэдүүлэхийг хариуцагч тус аймгийн Цээл сумын Сонгуулийн хороонд даалгасугай” гэж, 3, 4, 5, 6 дахь заалтын дугаарыг 2, 3, 4, 5 гэж тус тус өөрчлөн, хариуцагчийн өмгөөлөгч Ж.Мөнхнасангийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай” гэж өөрчилсөн байна.
Хариуцагч Говь-Алтай аймгийн Цээл сумын Сонгуулийн хорооны өмгөөлөгч Ж.Мөнхнасан хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “Сонгуулийн хуулийн 159 дүгээр зүйлийн 159.2-т зааснаар нэр дэвшигч бүртгүүлсний дараа тухайн нэр дэвшигчийг нэр дэвшигчдийн нэрийн жагсаалтаас хасах энэ хуулийн 52, 67.3, 70.1, 70.5.1-70.5.10, 70.5.13-70.5.16-д заасан үндэслэл тогтоогдвол уг нэр дэвшигчийг бүртгэсэн сонгуулийн байгууллага нэр дэвшигчдийн нэрийн жагсаалтаас хасч, нийтэд мэдээлэхээр заасан тул сумын сонгуулийн хороо өөрийн эрхийн хүрээнд нэр бүхий 5 нэр дэвшигчийн нэрийг хасаж, шийдвэрээ гаргасан байна. Өөрөөр хэлбэл, мөн хуулийн 34.1.2, 34.1.4-т зааснаар сумын сонгуулийн хороо сонгуулийн хуулийн биелэлтийг хянан шалгах, өөрийн бүрэн эрхэд хамаарах өргөдөл, гомдлыг хянан шийдвэрлэх эрхтэй бөгөөд уг асуудлыг шийдвэрлэхэд мөн хуулийн 34.1.15-д зааснаар дээд шатны сонгуулийн байгууллагын үүрэг, чиглэлийн дагуу асуудлыг шийдвэрлэсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй байгаа. Сонгуулийн хуулийн 159.2-т зааснаар зөрчил мөн эсэхийг заавал эхлээд шүүхээр тогтоолгох шаардлагагүй, сонгуулийн хуулийг зөрчсөн нь тогтоогдвол гэж заасан байгаа тул эрх хэмжээнийхээ хүрээнд сонгуулийн хууль зөрчсөнөө өөрсдөө хэлж байгаа тул сонгуулийн хороо шийдвэрээ гаргасан. Шүүхээс зөрчил мөн эсэхийг тогтоолгох шаардлагагүй гэж үзэж байгаа. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “Сонгуулийн хуулийн 116.1, 116.2 дахь заалтыг дурдаж захиргааны зөрчилтэй холбоотой асуудлыг цагдаагийн байгууллагаар шалгуулах ёстой” гэж үзсэн нь учир дутагдалтай байна. Учир нь сумын сонгуулийн хорооны тогтоолын үндэслэх хэсэгт байгаа Сонгуулийн хуулийн 67.3 дахь заалт нь хуулийн хатуу хориглосон заалт бөгөөд тухайн заалтыг зөрчсөн асуудлыг цагдаагийн байгууллага шалгах боломжгүй байна. Энэ заалтыг АН-ын нэр дэвшигчдээс ноцтой зөрчсөн болох нь тэдний тараасан сурталчилгааны материал хавтаст хэргийн материалд авагдсан бусад баримтаар нотлогдож байгаа бөгөөд өөрсдөө түүнийгээ хүлээн зөвшөөрсөн байдаг. Нэгэнт цагдаагийн байгууллага шалгах боломжгүй бол сонгуулийн хороо хуулийн 34.1.2, 34.1.4-т зааснаар шалгаж үзэх бүрэн эрхтэй байна. Гэтэл энэ асуудалд шүүхээс ямар нэг дүгнэлт өгөөгүй нь нотлох баримтыг тал бүрээс нь бодитой дүгнэх шаардлагыг хангаагүй гэж үзэж байна. Нэхэмжлэгч талаас нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлж “нэр дэвшигчдийг нэрийн жагсаалтад бүртгэхийг даалгах”-ыг хүссэн байхад шүүх нэхэмжлэлийн шаардлагад байхгүй АН-ын нэр дэвшигчдийг сумын ИТХ-д бүрэн эрхийн зөвшөөрүүлэх үндэслэлтэй гэж нэхэмжлэлийн шаардлагаас давсан дүгнэлт хийж, хуулийн хүчин төгөлдөр болоогүй шүүхийн шийдвэрээр мөн сонгуулийн дүн гаргах, хүчингүй болгохтой хамааралгүй /160.2/ заалтаар сонгуулийн дүнг хүчингүй болгох гэсэн байгаа нь Сонгуулийн хуулийн 162 дахь заалттай зөрчилдөж байна. Шүүх зөрчил мөн эсэх захиргааны шүүхийн шийдвэрлэлтэд хамааралгүй гэж тайлбарласан атлаа, эхлээд зөрчил гаргасан эсэхийг цагдаагийн байгууллагаар шийдвэрлүүлэх байсан гэж дүгнэлт гаргаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх нь “маргаан бүхий актыг Сонгуулийн хороо хамтын зарчмаар хэлэлцэж гаргасан байхад Сонгуулийн хорооноос гадна хорооны дарга болон нарийн бичгийн даргыг хариуцагчаар татсан нь зөрчилтэй, тэдгээрт холбогдох нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй байна гэж үзсэн байгаа” нь хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн болох нь тод харагдаж байна. Иймд, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.4 дэх хэсэгт зааснаар Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 41 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 221/МА2017/0156 дугаар магадлалыг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ
Анхан болон давж заалдах шатны шүүх маргааны үйл баримтад хамаарах Сонгуулийн тухай хуулийн холбогдох заалтыг зөв тайлбарлан хэрэглэж, хэргийг шийдвэрлэсэн байна.
Говь-Алтай аймгийн Цээл сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны сонгуулийн 3 дугаар тойрогт Ардчилсан намаас нэр дэвшсэн Я.Баттогтох 131 буюу 61,21%, Г.Сайнхүү 120 буюу 56,07%, Ж.Батболд 132 буюу 61,68%, Б.Түвшинтөгс 119 буюу 55,61%, И.Дармаа 114 буюу 53,27% санал авсан үйл баримттай хэргийн оролцогчид маргаагүй байна.
Харин “...эрх бүхий этгээдээс зөрчил гаргасныг тогтоогоогүй” байхад Цээл сумын сонгуулийн хороо 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 05 дугаар тогтоолоор нэр дэвшигч Я.Баттогтох, Г.Сайнхүү, Ж.Батболд, Б.Түвшинтөгс, И.Дармаа нар Сонгуулийн тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.3, 70 дугаар зүйлийн 70.5.13, 70.5.16 дахь заалтыг зөрчсөн, зөрчил гаргасан нь тогтоогдсон гэж нэр дэвшигчийн нэрийн жагсаалтаас хассан нь хууль бус хэмээн маргажээ.
Сонгуулийн тухай хуулийн 159 дүгээр зүйлийн 159.2-т “Нэр дэвшигч бүртгүүлсний дараа тухайн нэр дэвшигчийг нэр дэвшигчдийн нэрийн жагсаалтаас хасах энэ хуулийн 52, 67.3, 70.1, 70.5.1-70.5.10, 70.5.13-70.5.16-д заасан үндэслэл тогтоогдвол уг нэр дэвшигчийг бүртгэсэн сонгуулийн байгууллага нэр дэвшигчдийн нэрийн жагсаалтаас хасч, нийтэд мэдээлнэ” гэж заасан ба энэ хуульд хэрэглэсэн “сонгуулийн хууль тогтоомж зөрчсөн болох нь тогтоогдсон” гэсэн хуулийн нэр томьёог сонгуулийн хууль тогтоомж зөрчсөн болохыг шүүхээс тогтоож, тухайн шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байхыг ойлгохоор мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.7-д тодорхойлсон байна.
Мөн Сонгуулийн тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д “Энэ хуульд заасан захиргааны зөрчлийг цагдаагийн байгууллага шалгана”, 117.2-д “...захиргааны зөрчлийн талаар шууд ирүүлсэн гомдол, мэдээллийг шүүгч шийдвэрлэнэ. ...” гэж сонгуулийн хууль тогтоомж зөрчсөн зөрчлийг шалган, тогтоох чиг үүргийг хэрэгжүүлэх байгууллагыг тусгайлан заажээ.
Хэрэгт авагдсан нотлох баримтаар нэр дэвшигч Я.Баттогтох, Г.Сайнхүү, Ж.Батболд, Б.Түвшинтөгс, И.Дармаа нарыг Сонгуулийн тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.3, 70 дугаар зүйлийн 70.5.13, 70.5.16 дахь заалтыг зөрчсөн, захиргааны зөрчил гаргасныг тогтоосон хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байхгүй байхад хариуцагч Цээл сумын Сонгуулийн хороо 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 05 дугаар тогтоолоор “Нэр дэвшигчийн нэрийн жагсаалт”-аас хассан болох нь тогтоогдож байх тул маргаан бүхий захиргааны акт Сонгуулийн тухай хуулийн 159 дүгээр зүйлийн 159.2-т заасантай нийцээгүй, нэхэмжлэгчдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэсэн шүүхийн дүгнэлт зөв байна.
Сумын сонгуулийн хороо өөрийн эрх хэмжээнд хамаарах асуудлаар ирүүлсэн өргөдөл, гомдол, албан бичгийг эрх хэмжээнийхээ хүрээнд шийдвэрлэх эрхтэй болохоос “захиргааны зөрчлийг шалган, тогтоох” бүрэн эрх хуулиар олгогдоогүй байх тул хариуцагчийн “цагдаагийн байгууллага шалгах боломжгүй бол сонгуулийн хороо шалгаж үзэх бүрэн эрхтэй” гэсэн хяналтын гомдол үндэслэлгүй юм.
Иймд, хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 221/МА2017/0156 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч улсын тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.АТАРЦЭЦЭГ
ШҮҮГЧ Х.БАТСҮРЭН