Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 102/ШШ2018/02177

 

 

 

 

2018 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 102/ШШ2018/02177

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхтөр даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ... дүүрэг, ... дүгээр хороо, ... дугаар гудамж, 3 тоотод оршин суух, ... овогт ... ... /РД: У.../-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, Б... дүүрэг, ...дугаар хороо, ... дүгээр хороолол, Ард ...., ... дугаар байр, ... тоотод оршин суух, Б... овогт Болдын Б... /РД: .../,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, С... дүүрэг, ... дугаар хороо, Хайрхан ... дугаар гудамж, ... тоотод оршин суух, Боржигин овогт Д... .... /РД: .../

 

Хариуцагч: Улаанбаатар хот, ...дүүрэг, ... дүгээр хороо, ... дугаар хороолол, Э... өргөн чөлөө гудамж, давхар ... дугаар байр, .....тоотод оршин суух, ... овогт ...ын ... /РД: ЦИ85101619/ нарт холбогдох,

 

Үүргийн гүйцэтгэлд 53,430,831 төгрөг гаргуулах, хариуцагч Б.Бын нэхэмжлэгч Н.Сгаас 15,000,000 төгрөг гаргуулах, хариуцагч Д.Бн нэхэмжлэгч Н.Сгаас 14,500,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Н.С, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Г, хариуцагч Б.Б, хариуцагч Д.Бн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б, хариуцагч нарын өмгөөлөгч Н.Б, нарийн бичгийн дарга Ц.Мөнх-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Гийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд: Б.Б нь 2015 оны 7 дугаар сард “найзаа машинаа барьцаалаад зээл аваад өгөөч, машиныг чинь 1 сарын дотор буцаагаад аваад өгье, найз нь тендерийн ажил авах гээд мөнгө хэрэг болоод байна” гэж гуйхаар нь өөрийн өмчлөлийн Лексус-570 загварын машинаа “Скай ворлд финанс” ББСБ-д барьцаалж зээл авч өгсөн. Үүнээс хойш 6 сар өнгөрсөн боловч машиныг авч өгөөгүй. Ингээд цагдаагийн байгууллагад гомдол гаргахад цагдаагаас Б.Б, Д.Б, Д.О, С.Ү нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.4-т зааснаар хэрэг үүсгэн жил гаран шалгасан боловч Чингэлтэй дүүргийн Прокурорын газраас 2017 оны 2 дугаар сарын 17-ны өдөр хэргийг хэрэгсэхгүй болгож, 159 дүгээр тогтоол гаргасан. Эрүүгийн хэргийг шалгах явцад яллагдагч нараас 119,500,000 төгрөгийг нэг жилийн хугацаанд Н.С болон “Скай ворлд финанс” ББСБ-д хэсэгчлэн төлсөн. Чингэлтэй дүүрийн Прокурорын газрын дээрх тогтоолд гомдол гаргасан боловч хянаад 71 дугаартай тогтоол гаргасан ба уг тогтоолд: “Яллагдагч нар нь Лексус 570 маркийн тээврийн хэрэгслийг барьцаанд тавиулан 90,000,000 төгрөгийг гаргуулан авснаас хойш хохирогч, яллагдагч нар нийтдээ 143,413,660 төгрөгийг “Скай ворлд финанс” ББСБ-д төлж, барьцаанаас чөлөөлж авсан байна. Харин яллагдагч нар нь “Скай ворлд финанс” ББСБ болон хохирогч Н.С нарт 119,500,000 төгрөгийг бэлэн болон бэлэн бусаар төлсөн бөгөөд 23,913,000 төгрөгийн зөрүү гарч байгааг дурьдах нь зүйтэй байна” гэжээ. Н.С нь анхлан 90,000,000 төгрөгийг өөрийн найз Б.Бт өгсөн, эрүүгийн хэргийн бусад хохирогч нарыг танихгүй, тэдэнд зээл авч өгөөгүй. Б.Б нь зээл, зээлийн хүүг бүрэн хариуцахаар тохирсон боловч хариуцаагүй болно. Иймд Б.Баас гэм хор учруулсны хохиролд 23,913,000 төгрөгийг гаргуулж Н.С надад олгож өгнө үү гэв.

 

Нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагад болон нэхэмжлэгч Н.Сгийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Н.С нь зээлийн гэрээний барьцанд байсан Лексус 570 загварын машинаа барьцаанаас чөлөөлөхдөө “Хас банк” ХХК-иас 80,000,000 төгрөгийн, жилийн 23.40 хувийн хүүтэй зээл авч барьцаалагч “Скай ворлд финанс” ББСБ-д 72,082,660 төгрөгийг 2016 оны 7 дугаар сарын 29-ний өдөр төлж барьцаанд байсан машинаа авсан бөгөөд Хас банкны зээлийн хүүнд өнгөрсөн хугацаанд 29,517,831 төгрөгийг төлсөн. Би анх 90,000,000 төгрөгийг Б.Бт авч өгсөн, Б.Баас үүргийн гүйцэтгэлд 53,430,831 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Гийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Хариуцагч Б.Баа нь 2015 оны 6 дугаар сард нэхэмжлэгчээс 90,000,000 төгрөг зээлээч гэж хандсан. Тухайн үед нэхэмжлэгч нь гадаад явах гэж байсан бөгөөд 90,000,000 төгрөг байгаагүй учраас мөнгө байхгүй гэдгээ илэрхийлсэн. Хариуцагч Б.Баа нь тодорхой хугацаатай байж болох юм байна, цэцэрлэг, сургуулийн барилгын ажлын тендерт оролцох болоод тендерийн баталгаа болгож 200,000,000 төгрөг гаргах шаардлагатай болоод 90,000,000 төгрөг дутаад байна гээд нэхэмжлэгчийн унаж явсан Лексус 570 маркийн тээврийн хэрэгслийг банк бус санхүүгийн байгууллагад барьцаанд тавиад 90,000,000 төгрөг зээлээд өгөөч, зээл, зээлийн хүү, алданги торгуулийн асуудлыг бүрэн хариуцах болно, гадаадад яваад ирэхэд чинь машиныг чинь авчихсан байх болно гэж гуйж нэхэмжлэгч Н.С нь хариуцагч Б.Баад 90,000,000 төгрөг зээлж өгсөн. Ингэхдээ “Скай ворлд финанс” банк бус санхүүгийн байгууллагаас 2015 оны 6 дугаар сарын 18-ны өдөр хариуцагч Б.Б нь өөрийн биеэр 90,000,000 төгрөгийг гардаж авсан. Нэхэмжлэгч Н.С нь гадаад яваад ирмэгц барьцаанд тавьсан машиныг нь барьцаанаас аваагүй байсан тул Б.Баас барьцаа чөлөөлөх талаар шаардахад өнөө маргаашгүй авч өгнө гэж тайлбарласан. 2015 оны 10 дугаар сар хүртэл гэрээний хугацааг сунгаж явсан. 2015 оны 10 дугаар сард Б.Б өөрийн найз Д.Б, Д.О гэх хоёр хүнийг дагуулж ирээд “би чамаас зээлсэн 90,000,000 төгрөгийг энэ 2 хүнд дамжуулж өгсөн бид хамтарч тендерийн ажил гүйцэтгэх байсан боловч тодорхой шалтгааны улмаас бид ажил гүйцэтгэх боломжгүй боллоо. Өөрт чинь учирсан хохирлыг төлж барагдуулах болно” гэж хариу тайлбар өгч байсан.

 

Иргэн Н.С бусдад залилуулсан байж болох нөхцөл байдал үүссэн тул харъяалах цагдаагийн байгууллагад гомдол гаргасан. Хэргийг 2 жил гаруйн хугацаанд шалгаад эрүүгийг хэргийг хэрэгсэхгүй болгосон прокурорын тогтоол гарсан. Прокурорын тогтоолд “Хохирогч Скай ворлд финанс ББСБ, иргэн Н.С нарт нийт 119,500,000 төгрөгийн хохирлыг барагдуулсан тул зөрүү 23,913,000 төгрөгийг иргэний журмаар нэхэмжлэх нь зүйтэй” гэж шийдвэрлэсний үндсэн дээр иргэн Н.С өөрт учирсан хохирлыг хариуцагч Б.Б, Д.Б, Д.О нараас 23,913,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан, мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа 28,000,000 орчим төгрөгөөр нэмэгдүүлсэн. Нэмэгдүүлсэн шаардлага нь 1 жилийн хугацаанд "Скайворлд финанс” ББСБ ХХК-ийн барьцаанд байсан автомашиныг Н.С өөрийн “Хас банк” ХХК-аас батлагдсан бизнесийн шугамын зээлийнхээ тодорхой хэсэг болох 71,000,000 төгрөгөөр үндсэн зээлийг төлж уг автомашиныг 2016 оны 7 дугаар сарын 4-ний өдөр барьцаанаас чөлөөлсөн. Үүнтэй холбогдуулан “Хас банк” ХХК-д төлсөн 71,000,000 төгрөгийн зээлийн хүүг нэхэмжилж байна. Нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлээд нийт 53,430,831 төгрөг болгосон. Анх Б.Бт 90,000,000 төгрөг өгсөн бөгөөд үүнээс хэн нь хэдэн төгрөг авсан талаар нэхэмжлэх боломжгүй байгаа гэв.

 

Хариуцагч Б.Бын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт болон хариуцагчийн сөрөг нэхэмжлэлд: Би 2016 оны 7 дугаар сард Н.Сгаас 90,000,000 төгрөгийг “барилгын ажлын баталгаанд байршуулна” гэж авсан нь үнэн. Энэ мөнгийг би Д.Б руу шилжүүлсэн, Д.Б мөнгийг Д.От, Д.О мөнгийг С.Ү руу шилжүүлсэн. Чингэлтй дүүргийн Прокурорын газрын тогтоолоор миний үйлдлийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.2-т зааснаар хэрэгсэхгүй болгосон. Н.Сгийн нэхэмжилж буй мөнгийг би хариуцах үүрэггүй. Д.Б, Д.О, С.Ү нар хариуцах нь зүйтэй гэж үзэж байна.

 

Ажил бүтэлгүйтсэн тул Н.С бид нарыг цагдаад өгч, эрүүгийн хэрэг үүссэн. Ингээд би өдөр, шөнөгүй цагдаад дуудагдаад “хорино” гэж айлгасан тул өөрийн огт аваагүй мөнгийг буюу 15,000,000 төгрөгийг Н.Сд өгсөн. Би Н.С, Д.Б нарын асуудалд огт хамааралгүй, зөвхөн танилцуулж өгснийхөө төлөө 15,000,000 төгрөгийг Н.Сд өгсөн тул энэ мөнгөө түүнээс буцаан нэхэмжилж сөрөг нэхэмжлэл гаргасан гэв.

 

Хариуцагч Д.Бн шүүхэд болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Бы шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт болон хариуцагчийн сөрөг нэхэмжлэлд: 2015 оны 7 дугаар сард би өөрийн найз Б.Баас 90,000,000 төгрөг шилжүүлж авсан. Б.Б нь найз Н.Сгаас зээлж авсан. Авсан даруйдаа 1 ч төгрөг дутаалгүй Д.Оын дансанд шилжүүлсэн. Ингэж шилжүүлэхдээ “хүнээс хүүтэй авсан мөнгө шүү, баталгаандаа байршуулаад эхний санхүүжилтээсээ буцааж төлөөрэй” гэж хэлсэн. Уг барилгын ажил эхлээгүй тул мөнгөө буцааж авах гэтэл өнөөдөр, маргааш өгнө гэж явсаар хугацаа өнгөрч, хүү, алдангид цувуулж өгсөөр 62 сая төгрөгийг Д.О буцааж өгсөн болно. Энэ өрийг төлөхийн тулд Б.Б бид 2 өөрсдийн машин болон байраа банк бус санхүүгийн байгууллагын барьцаанд тавьж нийт 120 сая төгрөгийг бэлэн болон бэлэн бусаар төлөөд байна. Иймд энэ хэргийн хариуцагчийг зөв тогтоолгох хүсэлттэй байна.

 

Н.С нь намайг болон бусад хүмүүсийг цагдаад өгч, эрүүгийн хэрэг үүссэн. Улмаар хэргийг прокурор хянаад хэрэгсэхгүй болгосон. Би анхнаасаа Н.Стай “чи энэ ажилд 90 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийчих, эхэлж орж ирсэн санхүүжилтээс чиний мөнгийг өгье, үлдсэн ашгаа хувааж авья” гэж тохирсон. Цагдаа дээр хэрэг шалгагдаж байхад “хорино” гээд байхаар нь айгаад илүү дутуу хүү, алданги төлсөн. Н.Сгийн анх гаргасан 90 сая төгрөгийг 119 сая болгож төлсөн, илүү төлсөн 29 сая төгрөгөөс 14,500,000 төгрөгийг би өөрөөсөө өгсөн. Энэ 14,500,000 төгрөгөө Н.Сгаас нэхэмжилж байна гэв.

 

Хариуцагч Д.Оын шүүхэд гаргасан хариу тайлбарт: Н.С нь Д.О надад холбогдуулан 53,430,831 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулахаар нэхэмжлэлд гаргасанд дараахь тайлбарыг гаргаж байна. Д.О би Н.Стай ямар нэгэн байдлаар эрх зүйн харилцаа үүсгээгүй ба ямар ч өр төлбөр байхгүй. Н.Сгаас нэг ч төгрөг зээлж болон өөр бусад хэлбэрээр авч байгаагүй. Эрүүгийн хэрэг үүсгэж намайг шалгасан боловч прокурорын тогтоолоор хэргийг хэрэгсэхгүй болгосон. Нэхэмжлэгч Иргэний хуулийн ямар үндэслэлээр надаас 53,430,831 төгрөг шаардаад байгаа нь тодорхойгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Н.С нь хариуцагч Б.Б, Д.Б, Д.О нарт холбогдуулж 53,430,831 төгрөг гаргуулах, хариуцагч Б.Б нэхэмжлэгч Н.Сгаас 15,000,000 төгрөг гаргуулах, хариуцагч Д.Б нэхэмжлэгч Н.Сгаас 14,500,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус шүүхэд гаргажээ.

 

Хариуцагч Д.Оын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мт шүүх хуралдааны товыг шүүхээс хуульд заасан арга, хэлбэрээр мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, нэхэмжлэгч “хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэж өгнө үү” гэх хүсэлт гаргасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т “Хариуцагч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол нэхэмжлэгч хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргаж болно. Энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэнэ.” гэж заасантай харшлахгүй гэж үзлээ.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэн хэсгийг болон сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч Н.С нь 2015 оны 6 дугаар сарын 18-ны өдөр “барилгын тендерийн урьдчилгаанд байршуулахад хэрэгтэй байна, сүүлд нь ашгаа хувааж авья, 90,000,000 төгрөг зээлдүүлээч, 30 хоногийн дотор машиныг чинь буцаагаад аваад өгье” гэж Б.Б гуйсны дагуу өөрийн өмчлөлийн Лексус-570 загварын 54-66 УНЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийг “Скай ворлд финанс” ХХК-Д барьцаалж, 90,000,000 төгрөг авч Б.Бт зээлдүүлсэн болох нь зохигчдын тайлбар, “Скай ворлд финанс” ХХК-тай байгуулсан 2015 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн ЗГ201356 дугаар зээлийн гэрээ, барьцааны гэрээгээр тогтоогдсон, зохигчдын хооронд Иргэний хуулийн  281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээ байгуулагдсан, гэрээ хуулийн хүчин төгөлдөр байна. 

 

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1-д “зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болно.”, мөн зүйлийн 282.3-т “Хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана.” гэжээ. Нэхэмжлэгч Н.С, хариуцагч Б.Б нарын хооронд байгуулсан зээлийн гэрээгээр зохигчид хүү тохиролцоогүй, зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй тул нэхэмжлэгч хүү шаардах эрхгүй гэж үзлээ. 

 

Нэхэмжлэгч Н.С нь бусдад залилуулсан гэх гомдлыг цагдаагийн байгууллагад гаргаж, улмаар Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэс 2016 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр Б.Б, Д.Б, Д.О, С.Ү нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан боловч Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1-д “Гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй”, мөн хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.2-т “нэмэлт нотлох баримтыг цуглуулах бүхий л ажиллагааг хийсэн боловч сэжигтэн, яллагдагч гэмт хэрэг үйлдэхэд оролцсон болох нь нотлогдоогүй байвал” гэх үндэслэлүүдээр эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгожээ.

 

Мөрдөн байцаалтын шатанд Б.Б, Д.Б, Д.О, С.Ү нар нь хохирогч Н.Сд 119,500,000 төгрөгийг төлсөн болох нь Чингэлтэй дүүргийн Прокурорын газрын 2017 оны 4 дүгээр сарын 3-ны өдрийн 71 дүгээр тогтоолоор тогтоогдсон, харин нэхэмжлэгч Н.С нь өөрийн өмчлөлийн Лексус-570 загварын загварын 54-66 УНЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийг “Скай ворлд финанс” ХХК-ийн барьцаанаас 143,413,600 төгрөг төлж суллаж авсан болох нь дансны хуулга, прокурорын тогтоол, зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч Н.С, хариуцагч Б.Б нарын хооронд байгуулсан зээлийн гэрээнээс нэхэмжлэгч Н.Сд 23,913,000 төгрөгийн хохирол учирсан байх тул хариуцагч Б.Баас төлбөрийг гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй, хариуцагч нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага буюу Хасбанкны зээлийн хүүнд төлсөн 29,517,831 төгрөгийг хариуцагч Б.Б хариуцах үндэслэлгүй гэж шүүх үзлээ.

Шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч Н.Сгийн өгсөн “... би Б.Бтай зээлийн гэрээ байгуулсан, энэ мөнгөө Б.Баас л нэхэмжлэнэ” гэх мэдүүлгээс үзэхэд хариуцагч Д.Б, Д.О нарт холбогдох шаардлагаасаа татгалзаж байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д “Энэ хуулийн 106.3, 106.4-т зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэгчийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, зохигч эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй бол шүүх хариуцагчийн зөвшөөрөл, нэхэмжлэгчийн татгалзал, зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгч захирамж, шүүх тогтоол гаргана. Эдгээр тогтоол, захирамжид энэ хуулийн 74.4-т заасан зохицуулалт нэгэн адил хамаарна.” гэж заасныг баримтлан нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хариуцагч Д.Б, Д.О нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ. Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан тул хариуцагч Д.Бн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзах нь зүйтэй байна.

Хариуцагч Б.Б нь нэхэмжлэгч Н.Сгаас 15,000,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан бөгөөд зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бусад баримтаас үзэхэд 15,000,000 төгрөгийг хариуцагч Б.Б нь нэхэмжлэгч Н.Сд “хохирол” гэж төлж байсан бөгөөд энэ мөнгийг нэхэмжлэгч Н.С нь өөрийн өмчлөлийн тээврийн хэрэгслийг барьцаанаас чөлөөлөхөд зарцуулсан тул хариуцагч Б.Бын сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасныг баримтлан хариуцагч Б.Баас 23,913,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Н.Сд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 29,517,831 төгрөгт холбогдох хэсгийг, болон  зааснаар хариуцагч Б.Бын нэхэмжлэгч Н.Сд холбогдуулан гаргасан 15,000,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар хариуцагч Д.Б, Д.О нарт холбогдох нэхэмжлэлийн шаардлагаасаа нэхэмжлэгч татгалзсаныг баталж, тэдэнд холбогдох хэргийн хэрэгсэхгүй болгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.1-д зааснаар хариуцагч Д.Бн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 583,060 төгрөгийг, хариуцагч Б.Баас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 303,000 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Баас 583,060 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, хариуцагч Д.Бгаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 230,500 төгрөгийг Баянгол дүүргийн Татварын хэлтсээс буцаан гаргуулж Д.Бд олгосугай.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар энэ шийдвэрийг зохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохийг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧЫ                                          М.МӨНХТӨР