Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 09 сарын 07 өдөр

Дугаар 1973

 

2018 оны 09 сарын 07 өдөр

Дугаар 210/МА2018/01973

 

 

Н.С-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Оюунханд даргалж, шүүгч Г.Даваадорж, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 102/ШШ2018/02177 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Н.С-гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б.Б-, Д.Б-, Д.О- нарт холбогдох,

 

Үүргийн гүйцэтгэлд 53 430 831 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй

Хариуцагч Б.Б-ын 15 000 000 төгрөг гаргуулах,

Хариуцагч Д.Б-н 14 500 000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Б.Гантөмөр

Хариуцагч: Б.Б-

Хариуцагч Д.Б-н итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.Баярсайхан

Хариуцагч нарын өмгөөлөгч: Н.Баттогтох

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ж.Энэрэл нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, сөрөг  нэхэмжлэлд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Б- нь 2015 оны 7 сард Н.С-гаас  90 000 000 төгрөг зээлээч гэж гуйхаар нь өөрийн өмчлөлийн Лексус 570 загварын машинаа “Скай ворлд финанс” ББСБ-д барьцаалж, зээл авч өгсөн. Үүнээс хойш 6 сар өнгөрсөн боловч машиныг авч өгөөгүй. Ингээд цагдаагийн байгууллагад гомдол гаргахад цагдаагаас Б.Б-, Д.Б-, Д.О-, С.Үүрцайх нарт холбогдуулан хэрэг үүсгэн шалгасан боловч прокурорын газраас хэргийг хэрэгсэхгүй болгосон. Эрүүгийн хэргийг шалгах явцад яллагдагч нараас 119 500 000 төгрөгийг нэг жилийн хугацаанд Н.С- болон "Скай ворлд финанс" ББСБ-д хэсэгчлэн төлсөн, зөрүү 23 913 000 төгрөгийг иргэний журмаар шийдвэрлэх нь зүйтэй гэж шийдвэрлэсний үндсэн дээр Б.Б-, Д.Б-, Д.О- нараас 23 913 000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан.

Н.С- нь зээлийн гэрээний барьцанд байсан Лексус 570 маркийн автомашинаа барьцаанаас чөлөөлөхдөө "Хас банк" ХХК-ийн 80 000 000 төгрөгийн, жилийн 23.40 хувийн хүүтэй зээл авч барьцаалагч "Скай ворлд финанс" ББСБ-д 72 082 660 төгрөгийг 2016 оны 07 дугаар сарын 29-ний өдөр төлж барьцаанд байсан машинаа авсан бөгөөд Хас банкны зээлийн хүүнд өнгөрсөн хугацаанд 29 517 831 төгрөгийг төлсөн. Иймд Б.Б-аас нийт 53 430 831 төгрөгийг гаргуулж өгнө үү.

Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хариуцагч нь сөрөг нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл, тайлбараа нотлоогүй.  Талуудын хооронд  хамтран ажиллах гэрээний харилцаа үүссэн гэх үндэслэл тогтоогдохгүй байх тул сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Б.Б- шүүхэд гаргасан тайлбар, сөрөг нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2016 оны 7 дугаар сард Н.С-гаас 90 000 000 төгрөгийг авсан нь үнэн. Энэ мөнгийг би Д.Б-  руу шилжүүлсэн, Д.Б-  мөнгийг Д.О-т, Д.О- мөнгийг С.Үүрцайх руу шилжүүлсэн. Чингэлтэй дүүргийн Прокурорын тогтоолоор миний үйлдлийг хэрэгсэхгүй  болгосон.   Н.С-гийн  нэхэмжилж буй мөнгийг би хариуцах үүрэггүй. Д.Б-, Д.О-, С.Үүрцайх нар хариуцах нь зүйтэй гэж үзэж байна.

Д.Б- нь “Ричголен бүүлс” ХХК нь улсаас концессын гэрээгээр авсан ажлуудаас морингийн даваанд сургууль барих 1,7 тэрбумын ажлыг авахын тулд гүйцэтгэлийн баталгаа болгож 90 000 000 төгрөг хэрэгтэй байна, хамтарч ажилласны дараа мөнгөө ашигаа хуваая гэсэн санал тавьсан. Надад  мөнгө байхгүй болохоор би Д.Б-г Н.С-тай танилцуулсан. Н.С- нь намайг болон Д.Б- бүхий хүмүүсийг цагдаагийн байгууллагаар шалгуулж, эрүүгийн хэрэг үүсгүүлсэн. Би цагдаагийн байгууллагаар дуудагдаж, хоригдоно гэхээс айсандаа огт аваагүй мөнгөний төлөө Д.Б-, Н.С- хоёрыг танилцуулсныхаа төлөө 15 000 000 төгрөгийг Н.С-д өгсөн. Одоо энэ мөнгийг Н.С-гаас буцаан гаргуулахаар нэхэмжилж байна.

Мөн Н.С- нь надаас 2015 оны 06 дугаар сарын 15-ны өдөр 5 000 000 төгрөг, 2015 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр 9 000 000 төгрөг, нийт 14 000 000 төгрөгийг 2.5  хувийн хүүтэй зээлсэн. Зээлийн хүүг миний дансанд төлж байсан. Иймд Н.С-гаас нийт 29 000 000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Д.Б- шүүхэд гаргасан тайлбар, сөрөг  нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  2015 оны 7 дугаар сард би өөрийн найз Б.Б-аас 90 000 000 төгрөг шилжүүлж авсан. Б.Б- нь найз Н.С-гаас зээлж авсан. Авсан даруйдаа Д.О-ын дансанд шилжүүлсэн. Ингэж шилжүүлэхдээ "хүнээс хүүтэй авсан мөнгө шүү, баталгаандаа байршуулаад эхний санхүүжилтээсээ буцааж төлөөрэй” гэж хэлсэн. Уг барилгын ажил эхлээгүй тул мөнгөө буцааж авах гэтэл өнөөдөр, маргааш өгнө гэж явсаар хугацаа өнгөрч, хүү, алдангид цувуулж өгсөөр 62 000 000 төгрөгийг Д.О- буцааж өгсөн болно. Энэ өрийг төлөхийн тулд Б.Б- бид хоёр өөрсдийн машин болон байраа банк бус санхүүгийн байгууллагын барьцаанд тавьж нийт 120 000 000 төгрөгийг бэлэн болон бэлэн бусаар төлөөд байна. Иймд энэ хэргийн хариуцагчийг зөв тогтоолгох хүсэлттэй байна.

Би Н.С-тай “энэ ажилд 90 000 000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийчих, эхэлж орж ирсэн санхүүжилтээс чиний мөнгийг өгье, үлдсэн ашгаа хувааж авья" гэж тохирсон. Цагдаа дээр хэрэг шалгагдаж байхад хорино гээд байхаар нь айгаад илүү дутуу хүү, алданги төлсөн. Н.С-гийн анх гаргасан 90 000 000 төгрөгийг 119 000 000 төгрөг болгож төлсөн, илүү төлсөн 29 000 000 төгрөгөөс 14 500 000 төгрөгийг би өөрөөсөө өгсөн тул энэ мөнгийг Н.С-гаас буцаан гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байна гэжээ.

 

Хариуцагч Д.О-ын шүүхэд гаргасан тайлбартаа: Д.О- би Н.С-тай ямар нэгэн байдлаар эрх зүйн харилцаа үүсгээгүй ба ямар ч өр төлбөр байхгүй Н.С-гаас нэг ч төгрөг зээлж болон өөр бусад хэлбэрээр авч байгаагүй. Эрүүгийн хэрэг үүсгэж намайг шалгасан боловч прокурорын тогтоолоор хэргийг хэрэгсэхгүй болгосон. Нэхэмжлэгч Иргэний хуулийн ямар үндэслэлээр надаас 53 430 831 төгрөг шаардаад байгаа нь тодорхойгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасныг баримтлан хариуцагч Б.Б-аас 23 913 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Н.С-д олгож нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 29 517 831 төгрөгт холбогдох хэсгийг, болон зааснаар хариуцагч Б.Б-ын нэхэмжлэгч Н.С-д холбогдуулан гаргасан 15 000 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар хариуцагч Д.Б-, Д.О- нарт холбогдох нэхэмжлэлийн шаардлагаасаа нэхэмжлэгч татгалзсаныг баталж, тэдэнд холбогдох хэргийн хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.1-д зааснаар хариуцагч Д.Б-н сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1. 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 583 060 төгрөгийг, хариуцагч Б.Б-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 303 000 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Б-аас 583 060 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, хариуцагч Д.Б-гаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 230 500 төгрөгийг Баянгол дүүргийн Татварын хэлтсээс буцаан гаргуулж Д.Б-д олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн өмгөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. Шүүх Б.Б-ын гаргасан нийт 29 000 000 төгрөгийн сөрөг нэхэмжлэлээс 15 000 000 төгрөгийн талаар шийдвэрийн үндэслэх хэсэгтээ дурдаж үлдсэн 14 000 000 төгрөгийг огт дурдалгүй хэрхэн шийдвэрлэсэн нь тодорхойгүй анхнаасаа 15 000 000 төгрөгийн нэхэмжлэл гаргасан мэтээр шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна.

Мөн Д.Б-гийн гаргасан сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчжээ. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзаж байгаа нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй бол хэргийг хэрэгсэхгүй болгох талаар хуульчилжээ. Мөн хуулийн 74.3-д зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзаж байгаа бол энэ тухайгаа бичгээр мэдэгдэх талаар хуульчилсан гэвч энэ талаар нэхэмжлэгч хүсэлт гаргаагүй байхад шүүх миний үйлчлүүлэгч Д.Б-н гаргасан сөрөг нэхэмжлэлийг нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан учир хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийг шаардлагыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн ажиллагаа болжээ.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагад нийцэхгүй байна.

 

            Нэхэмжлэгч Н.С- нь хариуцагч Б.Б-, Д.Б-, Д.О- нарт холбогдуулан 53 430 831 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч нар эс зөвшөөрч, хариуцагч Б.Б- нь 29 000 000 төгрөг, хариуцагч Д.Б- нь 14 500 000 төгрөгийг нэхэмжлэгч Н.С-гаас гаргуулахаар тус тус сөрөг нэхэмжлэл гаргажээ.

 

            Хариуцагч Д.Баяр нэхэмжэгч Н.С-д холбогдуулан 29 000 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг 2018 оны 06 дугаар сарын 14-ний өдөр гаргасан ба анхан шатны шүүх уг сөрөг нэхэмжлэлийг 2018 оны 06 дугаар сарын 14-ний өдөр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсөн төлөөлөгч Б.Б.Гантөмөрт гардуулан өгчээ. /1хавтас 143, 158 дах тал/

 

            Нэхэмжлэгч талаас энэ сөрөг нэхэмжлэлд тайлбар гаргаагүй.

            Анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн хуралдааны тэмдэглэлээс үзвэл хариуцагч Д.Баяр нь нэхэмжлэгч Н.С-гаас 29 000 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг багасгаагүй, зарим хэсгээс татгалзаагүй, хариуцагч Д.Баяр сөрөг нэхэмжлэлээ дэмжиж тайлбар гаргасан ба уг сөрөг нэхэмжлэлд нэхэмжлэгч тал тайлбар гаргаагүй байна.

 

Анхан шатны шүүх хариуцагч Д.Баярын гаргасан сөрөг нэхэмжлэлийг дутуу хэлэлцүүлж, улмаар 15 000 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ 14 000 000 төгрөгт холбогдох шаардлагыг орхидуулсан байна. Уг орхигдуулсан шаардлага болон түүнтэй холбоотой нотлох баримтыг шүүх хуралдаанаар хэлэлцүүлээгүй тул давж заалдах шатны шүүхээс нөхөж гүйцэтгэх боломжгүй.

 

Түүнээс гадна хариуцагч Д.Б-гийн гаргасан сөрөг нэхэмжлэлийг анхан шатны шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай тооцогдоно гэж үзэж хүлээж авсан. Нэгэнт хүлээж авсан сөрөг нэхэмжлэлийг шүүх хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэх атал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.1 дэх хэсгийг баримтлан хүлээн авахаас татгалзсан нь хуульд нийцэхгүй байна.

 

Учир нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.1 дэх хэсэгт заасан зохицуулалтаас үзвэл хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийг шүүх хүлээн авахаас татгалзах агуулга байхгүй, харин үндсэн нэхэмжлэлтэй хамтруулан  хэлэлцэх эсэхийг шийдвэрлэх юм. Хариуцагч Д.Б-гийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн талаар талуудыг хангалттай мэтгэлцүүлээгүйгээс гадна үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай тооцогдох эсэх талаар дүгнээгүй тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэлтэй гэж үзэж хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан хэлэлцэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3 дахь хэсэгт заасан хэргийн оролцогчийн эрхийг зөрчсөн гэх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 102/ШШ2018/02177 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн өмгөөлөгч давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 277 950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Ш.ОЮУНХАНД

 

                        ШҮҮГЧИД                                                        Г.ДАВААДОРЖ

                       

     Э.ЗОЛЗАЯА