Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 08 сарын 01 өдөр

Дугаар 779

 

106/2019/0501/Э

 

 

 

 

2019          8             1                                              2019/ДШМ/779                                     

 

 

Э.Б-дхолбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалж, шүүгч Л.Дарьсүрэн, Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор Б.Дэлгэрмаа,

хохирогч Т.Хулан,

шүүгдэгч Э.Б , түүний өмгөөлөгч Б.Долгорсүрэн,

нарийн бичгийн дарга О.Отгонцэцэг нарыг оролцуулж,

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 6 дугаар сарын 5-ны өдрийн 476 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор Б.Мөнгөншагайгийн бичсэн 2019 оны 7 дугаар сарын 5-ны өдрийн 16 дугаартай улсын яллагчийн эсэргүүцлийг үндэслэн шүүгдэгч Э.Б-д холбогдох эрүүгийн 1803004870269 дугаартай хэргийг 2019 оны 7 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

С овгийн Э-ын Б, ......... тоотод оршин суух бүртгэлтэй, /РД:............../;

 

Э.Б  нь 2018 оны 5 дугаар сарын 30-ны өдөр 16 цаг 20 минутын үед Баянгол дүүргийн 13 дугаар хороо, “ВSВ” дэлгүүрийн зүүн талын замд “Тоуота Магк-Х 210” маркийн 82-84 УБҮ улсын дугаартай автомашиныг жолоодон явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 7.6-д “...Жолооч хөдөлгөөн эхлэхдээ зам, орчны байдлыг биеэр шалгаж, байр эзлэх, хөдөлгөөний чиг өөрчлөхөд бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх бүх нөхцөлийг хангана...” гэж заасныг зөрчсөний улмаас А.Ариунбаярын жолоодон явсан “Каwаsaкi Z10005SХ” маркийн улсын дугааргүй мотоциклтой мөргөлдөж, зорчигч Т.Хулангийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Тээврийн прокурорын газраас: Э.Б ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Э.Б ийг авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар Э.Б ийг 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Э.Б-доногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, Э.Б  бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Э.Б ийн цагдан хоригдсон 32 хоногийн хугацааг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар Э.Б-давсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, ял эдлэх хугацааг энэ өдрөөс эхлэн тоолж, хохирогч Т.Хулан, иргэний нэхэмжлэгч А.Ариунболд нар нь цаашид гарах хохирол, хор уршгаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол Э.Б-давсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

 

Прокурор Б.Мөнгөншагай бичсэн улсын яллагчийн эсэргүүцэлдээ: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт “Тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хасч ...хорих ял шийтгэнэ” гэж заасан байхад шүүгдэгчид ял оногдуулахдаа тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг хасах нэмэгдэл ялыг оногдуулаагүй, орхигдуулсан нь шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй гэж үзэх үндэслэлтэй байна. Иймд Э.Б-дхолбогдох Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 5-ны өдрийн 476 дугаартай шийтгэх тогтоолд дээр дурдсан үндэслэлийн дагуу хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг тус тус баримтлан улсын яллагчийн эсэргүүцэл бичсэн. ...” гэжээ.

Прокурор Б.Дэлгэрмаа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэрэгт нэмэгдэл ял оногдуулахаар заасан. Анхан шатны шүүх нэмэгдэл ялыг оногдуулахгүйгээр хуулийг буруу хэрэглэсэн гэж бичсэн прокурорын бичсэн улсын яллагчийн эсэргүүцлийг дэмжиж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү. ...” гэв.

 

Хохирогч Т.Хулан “тус шүүх хуралдаанд тайлбаргүй” гэв.

 

Шүүгдэгч Э.Б  тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие автомашинаар амьдралаа залгуулдаг, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй гэж үзэж байна. ...” гэв.

 

Шүүгдэгч Э.Б ийн өмгөөлөгч Б.Долгорсүрэн тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан оногдуулсан үндсэн ял дээр нэмж эрх хасах ялыг оногдуулж болно. Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд эрх хасах ялыг заавал оногдуулна” гэж заасан. Анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт өмгөөлөгчийн зүгээс “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийг хэрэглэж хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү” гэсэн тайлбар гаргасан боловч шүүх нэмэгдэл ялыг хэрэглэхгүйгээр 6 сарын хорих ял оногдуулсан.

Шүүхийн эрх хэмжээний асуудлыг нэмэгдэл ялыг заавал хэрэглэх ёстой гэж үзэж болохгүй. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн  1 дэх хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн улсын яллагчийн эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2019 оны 6 дугаар сарын 5-ны өдрийн 476 дугаартай шийтгэх тогтоолоор Э.Б ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан ялыг оногдуулахдаа “...тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хасаж...” гэж эрх хасах нэмэгдэл ялыг орхигдуулж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд эрх хасах ялыг заавал оногдуулна...” гэснийг зөрчжээ.   

 

Давж заалдах шатны шүүхээс шүүгдэгчид оногдуулсан ялыг хүндрүүлэн шийдвэрлэх эрх хэмжээ байхгүй болно.

 

Иймд давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн үндэслэлээр бичсэн прокурор Б.Мөнгөншагайгийн улсын яллагчийн эсэргүүцлийг ханган шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 5-ны өдрийн 476 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Э.Б-дхолбогдох хэргийг Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.

 

2. Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцтэл шүүгдэгч Э.Б-давсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                          Н.БАТСАЙХАН

 

ШҮҮГЧ                                                                  Л.ДАРЬСҮРЭН

 

ШҮҮГЧ                                                                  Д.ОЧМАНДАХ