Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 10 сарын 15 өдөр

Дугаар 134/ШШ2018/00186

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Цогзолмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Ч.Э-ийн нэхэмжлэлтэй

ТГ-т холбогдох

2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдрөөс 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдөр хүртэл ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийлгүүлэх тухай иргэний хэргийг 2018 оны 08 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ч.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ачмаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ч.Э шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Ч.Э миний бие нь Говьсүмбэр аймгийн ТГ-ын санхүү албаны даргаар ажиллаж байгаад 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн Б/08 дугаар тушаалаар ажлаасаа үндэслэлгүйгээр халагдсан. Баянтал сумын Засаг даргын энэхүү тушаал нь миний хөдөлмөрлөх эрх, төрийн алба хаах эрхийг ноцтойгоор зөрчсөн тул Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн шийдвэрээр Ч.Э миний гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Говьсүмбэр аймгийн Баянтал сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн Б/08 дугаар тушаалыг хүчингүй болгож, Говьсүмбэр аймгийн Баянтал сумын Засаг даргын Тамгын газрын санхүү албаны даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байх хугацааны цалин олговрыг олгохдоо эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийхийг Говьсүмбэр аймгийн Баянтал сумын Засаг даргын ТГ-ын даргад даалгасан. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 221/МА2017/0828 дугаар магадлалаар Говьсүмбэр аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 12 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисон.

Монгол Улсын Дээд Шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 105 дугаар тогтоолоор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 221/МА2017/0828 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг орхисон. Говьсүмбэр аймгийн Баянтал сумын Т.Г-ын даргын 2018 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн Б/19 дүгээр тушаал нь миний албан тушаалын сарын үндэслэн цалингийн хэмжээг бууруулж тогтоосон байх тул өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан. Миний хүсэлтийг хүлээн авч, Говьсүмбэр аймгийн Т.Г-ын 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн Б/21 дүгээр тушаалаар ажлаас чөлөөлсөн.

Иймд, 2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдрөөс 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл ажилгүй байх цалинг гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлж өгнө үү гэв.

 

Хариуцагчийн төлөөлөгч В.Г шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Тус сумын Засаг даргын Тамгын газарт санхүү албаны даргаар ажиллаж байсан Ч.Э нь 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдөр ажлаас халагдсан. Иймд, 2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдрөөс 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдрийг хүртэлх ажилгүй байх хугацааны цалинг тооцоолж хавсралтаас хүргүүлэв.

 

Санхүү албаны даргаар ажиллаж байсан Ч.Э цалингийн тооцоо:

Д/д

Он сар

Сарын цалин

Ажилласан хоног

Олгох цалин

Унаа хоол

Нийт олгох

Ндш

ХХОАТ

Гарт олгох

1

2017.09

599,237

16

456,562

28.800

485.362

48,536

36,971

399,855

2

2017.10

599.237

22

599,237

39,600

638,837

63,884

50,891

524,062

3

2017.11

599,237

22

599,237

39,600

638,837

63,884

50,891

524,062

4

2017.12

599,237

20

599,237

36,00

635,237

63,524

50,531

521,182

5

2018.01

599,237

22

599,237

39,600

638,837

70,272

47,252

52,312

6

2017.02

599,237

19

599,237

34,200

633,437

69,678

46,718

517,041

7

2017.03

599,237

21

599,,237

37,800

637,037

70,074

47,074

519,889

8

2018.04

599,237

21

599,237

37,800

637,037

70,074

47,074

519,889

9

2018.05

599,237

22

573,183

39,600

612,783

67,406

44,934

500,443

Нийт

5,393,133

185

5,224,404

333,000

5,557,404

587,332

422,337

4,547,735

Ажил олгогчоос төлөх шимтгэл

 

Зохигчийн тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 Нэхэмжлэгч Ч.Э нь Говьсүмбэр аймгийн Баянтал сумын Засаг даргын Тамгын газарт холбогдуулан 2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдрөөс 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдөр хүртэл ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 113/ШШ2017/0012 дугаар шийдвэрээр Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.5, 26 дугаар зүйлийн 26.1, 27 дугаар зүйлийн 27.3, Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, 25 дугаар зйүлийн 25.1.1, 27 дугаар зүйлийн 27.2.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1, 16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг үндэслэн Ч.Э урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож, хариуцагч Говьсүмбэр аймгийн Баянтал сумын Тамгын газраас ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг олгож, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэснийг,

Улсын Дээд Шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2018 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 105 дугаар тогтоолоор анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор олгоно хэмээн заажээ.

Хуулийн зохицуулалтаас үзэхэд нэхэжлэгч Ч.Э урьд эрхэлж байсан албан тушаалд нь эгүүлэн тогтоосон шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон ба тэрээр ажилгүй байсан хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг хариуцагч байгууллагаас шаардах эрхтэй, нөгөөтэйгүүр хууль бус шийдвэр гаргаж, ажлаас халсан ажил олгогч ажлаас буруу халсан үеийн олговрыг нөхөн төлөх учиртай тул хариуцагч Говьсүмбэр аймгийн Баянтал сумын Тамгын газраас ажилгүй байсан хугацааны олговрыг гаргуулах нь хуульд нийцнэ.

Иймд, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Ч.Э ажилгүй байсан хугацааны урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг дараах байдлаар тооцов.

Нэхэмжлэгч Ч.Э шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр 2016 оны 12 дугаар сард 756 883 төгрөг, 2017 оны 01 дүгээр сард 758 684 төгрөг, 2017 оны  02 дугаар сард 1 322 071 төгрөг, нийт 2 837 638 төгрөг гэж тогтоосон байх ба /хх-21/ түүний ажилгүй байсан хугацааны дундаж цалинг тооцохдоо Нийгмийн хамгаалал, Хөдөлмөрийн сайдын 2005 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 55 дугаар тушаалаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын 7-ын А-д зааснаар тооцож олгов. Үүнд: 2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдрөөс 2018 оны 05 дугаар сарын 29-ний өдөр хүртэл нийт 8 сар 21 хоног байна. 2 837 638:3 сар=945 879 төгрөг /1 сарын дундаж цалин/, 945 879 төгрөг х8 сар=7 567 032 төгрөг, 945 879:21.5=45 041 төгрөг /1хоногийн цалин/, 21 хоног x 45 041 төгрөг= 945 861 төгрөг, нийт 7 567 032+945 861=8 512 893 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-д “Ажил олгогч болон хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа ажилтан нь хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд заавал даатгуулж, хуульд заасан хувь хэмжээгээр сар бүр нийгмийн даатгалын шимтгэл төлөх үүрэгтэй”, 46.2-т “Ажил олгогч нь хөдөлмөрийн гэрээ байгуулсан өдрөөс эхлэн ажилтанд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр нээж, түүнд зохих журмын дагуу сар тутам шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийх үүрэгтэй” гэж тус тус заажээ.

Иймд, нэхэмжлэгч Ч.Э нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид үүрэг болгов. 

Нэхэмжлэгч Ч.Э нь 2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдрөөс 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдөр хүртэл ажилгүй байсан хугацааны цалин гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа анх тодорхойлсон боловч шүүхээс нэхэмжлэгчийг 2018 оны 05 дугаар сарын 29-ний өдөр буюу ажилдаа томилогдсон өдөр хүртэл хугацааны цалинг гаргуулж тооцсоныг дурдах нь зүйтэй. /хх-5/

Энэхүү нэхэмжлэл нь гомдлоор авч хэлэлцэх хэрэг тул улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс хуульд зааснаар чөлөөлөгддөг бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг хангасан тул ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах шаардлагын улсын тэмдэгтийн хураамжид 151 156 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, орон нутгийн төсвийн орлогод оруулах үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн  115.2.1, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар хариуцагч Говьсүмбэр аймгийн Баянтал сумын ТГ-аас нэхэмжлэгчийн 2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдрөөс 2018 оны 05 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 8 512 893 /найман сая таван зуун арван хоёр мянга найман зуун ерэн гурван/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т зааснаар нэхэмжлэгч Ч.Э нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийхийг хариуцагчид үүрэг болгосугай.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 151 156 /нэг зуун тавин нэгэн мянга нэг зуун тавин зургаан/ төгрөгийг гаргуулж, орон нутгийн төсвийн орлогод оруулсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй. 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                П.ЦОГЗОЛМАА