Шүүх | Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Нэргүйн Батчимэг |
Хэргийн индекс | 137/2017/00201/и |
Дугаар | 03 |
Огноо | 2018-01-04 |
Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 01 сарын 04 өдөр
Дугаар 03
Ч.Б-гийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Батчимэг даргалж, шүүгч Г.Тэгшсуурь, шүүгч Х.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд цахим хэлбэрээр хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар;
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 137/ШШ2017/00294 дүгээр шийдвэртэй,
Нэхэмжлэгч: Ч.Б -гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Б.А -д холбогдох,
Эд хөрөнгөд учирсан гэм хорын хохирол 8422190 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,
Сэлбэг хэрэгслийн үнэ 8150000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг,
Нэхэмжлэгч Ч.Б-гийн давж заалдсан гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Н.Батчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ч.Б, хариуцагчийн өмгөөлөгч Э.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баярмаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Ч.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч Б.А нь 2015 оны 9 сард тээвэрт явмаар байна, хийх ажил байхгүй,
мөнгө төгрөггүй байна, аль нэг машинаа түр хэрэглүүлээч гэж гуйсан юм. Тухайн үед ар гэрт гачигдал гарсан, өөрийн өмчлөлийн тээврийн хэрэгслэлүүдийг ачаа тээвэрлэлтэд явуулах боломжгүй байсан учраас нэг ч гэсэн айлын амьдралыг бодож, түүний гуйлтыг зөвшөөрч би өөрийн өмчлөлийн *УНС дугаартай Норд бенз маркийн автомашиныг *БЧ улсын дугаартай чиргүүлийн хамт өгч явуулсан. Энэ үед бидний хооронд ямар нэгэн байдлаар худалдах, худалдан авах, өгөх талаар яригдаагүй, мөн би түүнд түрээслүүлээгүй юм. Ингээд А миний машиныг өөрийн хэрэгцээндээ хэрэглэж байгаад 2016 оны 12 сард машин, чиргүүлээ авъя гэхэд машины чиргүүлийг төмөрт өгье, илүү сайн чиргүүл оронд нь чамд өгье гэхээр нь зөвшөөрсөн. Түүнээс хойш удаагүй дахиад машин чиргүүл хоёроо авъя гэхэд чиргүүлийг төмөрт өгсөн хирнээ оронд нь өгөх чиргүүлээ надад өгөөгүй, мөн миний машиныг Эрээн хотын засварын газарт 10000 юаны барьцаанд тавьснаа хэлж, “чиний машиныг засварлахад зарцуулсан зардал, чи өрөө төлөөд аваарай” гээд миний машины түлхүүрийг өгсөн ба энэ үед бидний хооронд үл ойлголцол бий болж тэрээр намайг цагдаадаа өг гэж хэлсэн. Ингээд би цагдаагийн байгууллагад хандахад намайг өөрөө зөвшөөрч өгсөн учраас иргэний хэргийн шүүхээр шийдвэрлүүл гэсэн хариу өгсөн. Би шат, шатны прокурорт гомдол гаргасан боловч иргэний харилцаа байна гэж үзсэн. Миний бие өөрийн машиныг зөвшөөрч өгсөн нь үнэн, гэхдээ түүнд сайн санаж, амьжиргаагаа түр хугацаанд залгуулж бай гэж өгснөөс биш бусдад худалдан борлуулах, барьцаанд тавих талаар зөвшөөрөл өгөөгүй болохоор түүнээс гэрээний үүрэг шаардахаар шүүхэд хандах ямар ч эрх зүйн үндэслэл үүсэхгүй гэж үзсэн байсан юм. Магадгүй яагаад хүнд машинаа үнэ төлбөргүй ашиглуулаад байгаа талаар гайхаж магадгүй. Тухайн үед гэр бүлд минь уй гашуу тохиолдож, ажлаа хэвийн хийх нөхцөл боломжгүй болсон, түүнчлэн надад энэ мэт 10-аад машин байдаг болохоор Амарбаясгаланг гуйгаад ирэхээр нь буян санаж, ар гэрээ тэжээг л гэж бодож нэг машинаа өгч явуулсан. Ингээд би Прокурорын шийдвэрийг авсан даруйд Эрээн хотод засварын газарт очиж тухайн газрыг ажиллуулж байгаа Өвөрмонгол иргэнтэй уулзахад чиний машин 10000 юаны өрөнд байгаа, гэхдээ энэ өрнөөс чиний машинд 2700 юаньд тооцох өр, бусад өр нь А болон ахынх нь 2012 оноос хойш тавьсан өр байгаа юм, чи 2700 юань төлөөд машинаа авч болно гэж хэлсэн. Тэгээд хэсэг хугацааны дараа би 2700 юань төлж машинаа авсан. Машин аваад урд салхины шил хагарсан, ашиглах боломжгүй байсныг Замын-Үүдэд авчирч Вендо компанид үзүүлж шил солих болон эд анги засварлах зардлыг гаргуулсан. А надаас худалдан авах талаар ярилцсан, тохиролцсон гэж цагдаагийн байгууллагад эхнэрийн хамт тайлбар гаргасан байдаг юм. Гэтэл тухайн үед бидний хооронд огт тийм яриа, тохиролцоо болоогүй, хэрэв ярьсан гэж байгаа бол 2015 оны 9 сараас 2016 оны 12 сар дуустал надад нэг ч төгрөг өгөөгүй, мөн миний машинд засвар үйлчилгээ хийсэн гэж байгаа бол тэрээр өөрөө унаж, хэрэглэж, орлого олж байх явцдаа эвдрэл гэмтэл учруулж түүнийгээ засварлуулсан бизээ. Үүнийхээ хариуцлагыг өөрөө хариуцах ёстой гэж үзэж байна. Иймд өөрийн өмчлөлийн *УНС улсын дугаартай Норд бенз маркийн авто машиныг БНХАУ-ын Эрээн хотын засварын газрын барьцаанаас суллаж авахад зарцуулсан 2700 юань буюу 944190 төгрөг, машины урд салхины шил 280000 төгрөг, урд салхины шилний дээд гадна нарны хаалт 120000 төгрөг, эд анги солих зардалд 50000 төгрөг, Вендо ХХК-иар үнэлгээ гаргуулахад зарцуулсан 28000 төгрөг, А-гийн төмөрт өгч мөнгийг нь өөрөө хэрэглэсэн *БЧ улсын дугаартай чиргүүлийн үнэ 7000000 төгрөг, нийт 8422190 төгрөгийг А-гаас гаргуулж намайг хохиролгүй болгож өгнө үү. Миний бие *УНС дугаартай Норд бенз маркийн автомашиныг 9467 БЧ улсын дугаартай чиргүүл зэргийг бусдад 2016.12.25-наас эхлэн түрээслүүлэх талаар гэрээ байгуулсан байсан боловч А-гийн үйлдлээс болж энэ гэрээгээр хохирч байгаа болно гэжээ.
Хариуцагч Б.А шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Б.А-гаас 2016 оны 01 сард ставр маркийн авто машины 2532 маркийн моторыг 5950000 төгрөгөөр худалдаж аваад одоог хүртэл төлбөрийг нь төлөөгүй, мөн 9 ширхэг 12-ын хэмжээтэй том тэрэгний дугуйг 2200000 төгрөгөөр бодож аваад тус тус төлбөрийг нь төлөөгүй байгаа тул түүнийгээ нэхэмжилж байна. Иймд Ч.Б-гээс нийт 8150000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Ч.Б сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: Сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь 1. 2016 оны 1 дүгээр сард Ставр маркийн авто машиныг 2532 маркийн моторыг 5950000 төгрөгөөр худалдаж аваад одоог хүртэл төлбөрийг төлөөгүй гэжээ. Би Амарбаясгалангаас 2016.01 сард ямар ч мотор аваагүй. Харин 2015 оны 9 сард БНХАУ-ын Эрээн хотод төмөрт 1700 юаниар өгөх гэж байсан Ставр маркийн машины турбин, астачир зэрэг эд ангигүй, кольцо муутай моторыг нь засаж сэлбээд авъя гэж бодож 1000000 төгрөгт үнэлэн авч, 1000000 төгрөг бэлнээр нь өгсөн. Тэгээд тэр машинаа Эрээнд төмөрт 1700 юаниар өгсөн. 2. 9 ширхэг 12-ын хэмжээтэй том тэрэгний дугуйг 2200000 төгрөгөөр бодож аваад төлбөрийг төлөөгүй байгаа гэжээ. Би ямар нэг байдлаар А дугуй зээлээр худалдан авч байгаагүй. Намайг өөрөөс нь хэдэн оны, хэдэн сард, ямар загварын дугуйг хэзээ мөнгийг нь өгнө гэж авсан гэж нэхэмжлээд байгааг огт ойлгохгүй байна. Энэ хүн эд хөрөнгийг минь завшиж, үгүй хийчихээд одоо миний хохирлыг барагдуулахгүй гэсэн арга сэдэж л ийм нэхэмжлэл гаргаж байна гэж ойлгогдохоор байна. Эхнэр нь жирэмсэн, өөрөө орлого, эх үүсвэргүй, ах дүү нар нь амьдралыг нь дэмжихгүй, туслахгүй байхад би л тусалж байсан. Би А 1 жил 3 сарын хугацаанд машинаа хэрэглүүлж ашиглуулчихаад машинаа ашиглуулсны хөлс болон машинаа барьцаанаас аваад зөндөө засвар үйлчилгээ хийлгэсний төлбөр гээд нэхэмжлээгүй орхисон зүйлүүд байгаа, түүнчлэн уг машиныг А аваад нүүрсэнд явуулахаар бусадтай гэрээ байгуулчихаад, хариуцагчийн үйлдлийн улмаас явуулж чадаагүй, олох байсан орлогоо алдсан гээд хохирсон асуудал ч байгаа. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Ч.Б анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...А өөрөө автомашинтай, тэр машинаа төмөрт өгөх гэж байна, мөнгө байхгүй байна гэхээр нь би чиргүүлээ солих уу гэж хэлэхэд тэгье, оронд нь өөрийнхөө чиргүүлийг өгчихье гээд надаас аваад явсан. Эхнийхээ чиргүүлийг сольж өгчихөөд 2016 оны 12 сард машинаа авъя, нүүрсэнд явах гээд компанитай гэрээ хийсэн байгаа гэхэд тэр тээвэрт чинь би машиныг чинь барьж явъя гэсэн. Би машин хаана байна гэхэд Эрээнд байгаа, чиргүүлээ төмөрт өгсөн байгаа, дахиад зүүж байгаа хоёр дахь чиргүүлийн чулак нь муу юм байна лээ, ахиад гайгүй чиргүүл авч өгье гэхээр нь би тэгдэг ч юм уу гэж бодсон. Тэгээд Амарбаясгалан Эрээн хотод байгаа чиргүүлээ оруулж ирж ажилд явахаар болсон. Тэгээд чиргүүлээ янзлуулаад зүүгээд оруулаад ир гэтэл чиргүүлээ засварын газар дээр аваачиж тавьчихаад өөрөө машинаа унаад алга болсон. Гэтэл Замын-Үүдэд ороод ирсэн байхаар нь яагаад ороод ирж байгаа юм бэ гэхэд өөр хүний чиргүүл зүүгээд мөнгө өгье гэхээр нь ороод ирсэн юм байна лээ. Урдаас чиргүүлгүй бол буцаж гаргадаггүй юм. Буцаад гарах гэсэн чинь чиргүүл байхгүй. Дахиад өөрийнхөө чиргүүлээ зүүлгээд энэ чиргүүлд юм хийлгэх гэж байгаа юм, урд оруулж тавьчихаад нөгөө чиргүүлээ аваад ажилдаа явъя гэхэд тэгье гэж хэлчихээд 2, 3 хоносон. Одоо гараад хоёулаа машинаа авчираад чиргүүлээ зүүгээд ажилдаа явъя гэтэл Амарбаясгалан уурлаад надруу машины бичиг баримт, түлхүүрийг өгсөн. Тэгээд би Эрээн орж машинаа авах гэтэл засварт 10000 юанын барьцаанд тавьсан байхаар нь Амарбаясгаланд хэлэхэд чи өөрөө төлөөд ав гэсэн. Сөрөг нэхэмжлэлийн тухайд энэ хүн миний машинд тавьсан мотороо өнгөрсөн жилийн 7, 8 сарын үед надтай Улаанбаатар хотоос наашаа контейнар ачиж Багахангай дээр явж байгаад усны банк хагархай, мотор нь цохиод зуурсан. Тэр мотороо янзлуулаад буцаагаад тавьсан мотор юм. Моторыг энэ хүн урагшаа оруулж Стевр маркийн машиныг өгч тушаасан, тэрийг хэлээд байгаа юм болов уу гэж бодсон чинь машинд тавьсан мотор гэж яриад байх юм. Сүүлийн мотор миний нүдэн дээр эвдэрсэн. Дугуйг огт аваагүй. Миний машинд яг юу хийсэн юм бэ, хийхээр зүйл байхгүй. Би 2013 онд 30-40 рес хийсэн, 2015 онд миний тооцоогоор 10-аад байсан, Амарбаясгалан дээр нь 6 удаа рес хийсэн байна лээ. Эвдрэл гарвал өөрөө хариуцаад явах ёстой гэж бодож байна гэжээ.
Хариуцагч Б.А анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би энэ хүнээс *улсын дугаартай автомашин авсан нь үнэн. Би машиныг аваад урагшаа гарахад Бямбасүрэн чи чиргүүлээ солиод зүүчих, миний чиргүүл богинохон учраас ачаа бараа ачих нөхцөл байхгүй гологдоод байдаг, наад жижиг чиргүүлээ урагшаа төмөрт өгөөд машинаа янзалчих гэж хэлсэн. Тэгээд Сугарбаттай хамт Эрээн гарч засварын хятад хүн дээр очиж 5000 юаниар зарж, 4800 юаниар машинд нь апуртур тавиад машиныг хэрэглэж эхэлсэн. 2016 оны 12 сард машиныг чинь найз нь засаж янзалж сайжруулсан, надад зарчих, би 5 сард мөнгийг чинь өгье гэхэд 1 сарын үед тэг тэг гэж байснаа машин үнэтэй болоод ирэхээр машинаа буцааж авсан. Би өөрийнхөө зүүж явсан чиргүүлээ Эрээнд хүнд зарчихаад Бямбасүрэнгийн урт эвдэрхий чиргүүлийг Эрээнд очоод машины явах эд ангиудыг янзлуулсан юм. Нэг өдөр Бямбасүрэн ирээд машинаа авъя гэхээр нь би урд засварын газарт байгаа, очоод авчих гээд түлхүүрийг нь өгсөн. Урьд өмнө нь тэр хятад хүнээр машинаа янзлуулж байсан болохоор 10000 юанийн засварын хөлс гарсан байсан юм. Сүүлд эвдэрхий чиргүүлийг янзлуулахад гарсан зардал нь 2700 юаныг би мэдээгүй. Би Бямбасүрэнгийн машинд хроп, жанам, астачир, аккумлятор авч тавьсан. Бүх солих зүйлийг сольсон. Халуун тогоо нь бас ажилладаггүй байсан, одоо ажилладаггүй юм байхгүй. Чиргүүлд хийсэн 2700 юанийг хүлээн зөвшөөрөх үндэслэлгүй. 7 сая төгрөг болон 2700 юанийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.
Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 339 дүгээр зүйлийн 339.1, 342 дугаар зүйлийн 342.2, 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б.А-гаас 478000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ч.Б-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 79441902 төгрөгийг, хариуцагч Б.А-гийн сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 149705 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.А-гаас 14990 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ч.Бд олгож, сөрөг нэхэмжлэлийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 145350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3 дахь хэсэгт заасан хугацаа өнгөрмөгц зохигч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг дурдаж,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, түүний өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч Ч.Б давж заалдсан гомдол болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүхийн шийдвэрээс үзэхэд би өөрийнхөө машины чиргүүлийг Амарбаясгалангаар заруулаад өөрийнхөө машинд сэлбэг авч тавьчихаад, мөн өөрийнхөө машинд бусдын мөнгөөр засвар хийлгэчихээд бусдаар ор үндэслэлгүй мөнгө нэхээд байгаа нөхөр юм байна. Би зөрчигдсөн эрхээ сэргээлгэх, арга зальтай хүмүүсийн худал хуурмаг байдлыг шүүх ялгана гэж шүүхэд хандсан. Гэтэл шүүхийн шийдвэр дээр миний шүүхэд өгсөн нэхэмжлэлийг бүхэлд нь хуулж бичсэн байгаагаас өөр шүүх хуралдаан дээр нэхэмжлэлийнхээ үндэслэлийг тайлбарласан, хэлсэн ярьсан зүйлийг яагаад бичээгүй болохыг ойлгохгүй байна. Мөн шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш 6 сарын дараа шийдвэрлэгдсэн. Эхний хурал 2017.06.16-ны өдөр Сугарбатыг гэрчээр оролцуулна гэсэн үндэслэлээр хойшилсон, энэ хугацаанд шинжээчийн дүгнэлт гаргуулна гээд 3 сарын хугацаа өнгөрсөн, дараагийн шүүх хурал 2017 оны 10 сард болоход шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцээд дуусч байхад дахиад л Сугарбатыг гэрчээр оролцуулна гээд хойшилсон. Анхны хурал хойшилсноос хойш бүтэн 5 сарын хугацаа өнгөрч хариуцагч гэрч Сугарбатыг шүүхэд авчирахгүй байхад шүүх заавал оролцуулахаар хурлаа хойшлуулаад байсан нь хардах сэтгэл төрөхөөр байсан. Түүгээр ч барахгүй удаа дараагийн шүүх хуралдааны тэмдэглэл дээр миний ярьсан, тайлбарласан бүх зүйлийг дутуу гуйвуулж бичсэн, Сугарбатыг эхний шүүх хурал дээр гэрчээр оролцуулна гэж ярьсныг бичээгүй байсан бөгөөд хэрэг шийдвэрлэхэд хөтөлсөн тэмдэглэлд аргагүй эрхэнд засвар оруулсан. Эрээн хотын засварын газраас *УНС маркийн машиныг барьцаанаас авахад зарцуулсан 2700 юань буюу 944190 төгрөгийг нотлогдоогүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон. Амарбаясгалан нь миний 3770 УНС маркийн машиныг ашиглаж байх хугацаандаа Эрээн хотын засварын газарт нийтдээ 10000 юанийн барьцаанд тавьсан байсан. Ингээд засварын Өвөрмонгол хүнтэй уулзахад намайг 2700 юань төлөөд ав гэсний дагуу 2700 юань төлж машинаа авсан. Энэ талаарх баримтыг шүүхэд гаргаж өгсөн ба тухайн баримт нь монгол бичгээр, хятад хэлээр авагдсан нотлох баримт байсан учраас шүүхэд хүсэлт гарган хөрвүүлж, монгол хэл дээр болгуулсан. Гэтэл шүүх хэргийн оролцогчийн хүсэлтээр ажиллагаа хийж, тусгай мэдлэг бүхий хүнээр орчуулуулан бүрдүүлсэн нотлох баримтаа яагаад үнэлээгүй талаараа шийдвэртээ тайбарлаагүй байна. Мөн шүүхэд хүсэлт гарган өөрийн гар утсанд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлд зааснаар үзлэг хийж, CD дээр тухайн үед болсон асуудлыг хуулбарлан гаргаж өгнө үү гэсэн 2 агуулгатай хүсэлтийг гаргасан ба шүүх уг хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн хэрнээ миний утсанд үзлэг хийж тэмдэглэл үйлдээгүй, шүүхэд уг утаснаас бичлэг хуулбарлах компьютер байхгүй байна гэсэн үндэслэлээр нэхэмжлэгч намайг CD дээр хуулбарлаж ир гэсний дагуу хуулбарлаж ирсэн. Гэтэл шүүх өөрөө хийх ёстой ажиллагаагаа хийгээгүй байж нотлох баримтын шаардлага хангахгүй, хэнээс хэнд хэдэн төгрөг өгсөн, барьцаанаас суллахад гаргаж байгаа мөнгө эсэх нь тодорхойгүй гэсэн үндэслэлээр нотлох баримтаар үнэлээгүй нь учир дутагдалтай байна. Уг нь миний утсанд үзлэг хийж, тэмдэглэл үйлдсэн бол 2700 юанийг ямар учир шалтгааны улмаас Өвөрмонголд өгсөн болох нь маш тодорхой авагдсан байгаа.
Чиргүүлийн үнэ 7000000 төгрөгийг хасч хэрэгсэхгүй болгосон юм. Ингэхдээ “...2016 оны 9 сард БНХАУ-д уг чиргүүлийг зарж, нэхэмжлэгчийн эзэмшлийн *УНС улсын дугаартай Норд бенз мракийн автомашины апратурыг сольсон болох нь хариуцагчийн тайлбар, гэрч Сугарбатын мэдүүлгээр батлагдсан, чиргүүлийг зарсан талаар нэхэмжлэгч өөрөө мэдсэн учраас хариуцагч чиргүүлийг дур мэдэн зарж мөнгийг өөрөө ашигласан гэж үзэх үндэслэлгүй, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нотлоогүй” гэжээ. Би *УНС дугаартай Норд бенз маркийн автомашиныг чиргүүлийн хамт Амарбаясгаланд өгөхдөө хотод байсан юм. Энэ талаар Амарбаясгалан өөрөө ч мэдэж байгаа. Утсаар ярьж гуйсан, би өгсөн. Машин авсны дараа Амарбаясгалан өөрийн машинаа чиргүүлийн хамт төмөрт өгөх гэж байгаа талаараа хэлэхэд нь би чиргүүлийг нь сольж авъя гэж хэлэхэд тэр өөрийнхөө чиргүүлийг миний машинд зүүж, миний чиргүүлийг төмөрт өгсөн. Би энэ талаар мэдэж байсан гэдгээ шүүхэд хэлсэн. Харин миний чиргүүлийг төмөрт өгөөд мөнгөөр нь миний машинд сэлбэг авч тавь гэж огт хэлээгүй, ийм яриа ч болоогүй гэдгийг шүүх анхаарч үзээгүй. Гэрч С ч бидний энэ яриаг ярихад байгаагүй, эд нар найзууд л даа. Ингээд чиний чиргүүлийг төмөрт өгчихөөд оронд нь өөрийнхөө чиргүүлийг миний машинд тавьж тээвэрт явсан. Дараа нь ахиад нөгөөхөө төмөрт өгчихөө дахиад оронд нь өөр чиргүүл өгнө гэж ярьсан. Энэ талаараа шүүх хуралдаан дээр ярьсан. Энд 3 чиргүүлийн асуудал яригдаж байгааг шүүх анхаараагүй, эсвэл ойлгоогүй юм. Миний машины апратур эвдэрсэн, сольсон талаар би мэдээгүй, А надад яриагүй. Машинаа авна гэхэд л чиргүүлгүй байсан, миний чиргүүлийн оронд өгнө гэсэн чиргүүлээ авъя гэхэд өгөхгүй, чиний машинд апратур авч тавьсан гэдэг зүйл яригдсан. Хариуцагч 4800 юаниар апратур авч тавьсан талаарх баримтыг харин ч гаргаж өгөөгүй. Миний машинд авч тавьсан гээд байгаа апратураа хаанаас, хэнээс хэдэн юаниар авсныг нотолсон баримт байхгүй байхад С таамагласан мэдүүлгийг үнэлсэн байна л даа. С шүүх хуралдаанд “Б та очиж үзсэн шүү дээ, ... чиргүүлийг өөрийнх нь хүсэлтээр зарсан” гэдэг. Би очиж үзээгүй, би чиргүүлээ Амарбаясгаланд машинаа төмөрт өгөх гэж байхаар нь сольж авахаар тохирч, төмөрт өгөхийг зөвшөөрсөн, энэ талаараа шүүхэд хэлсэн. Мөн С“ апратурыг 4800 юаниар авсан байх” гэж апратурыг яг хэзээ, хэдэн юаниар авсаныг яг зааж мэдүүлээгүй, таамаглаж мэдүүлэг өгснийг шүүх үнэлсэн нь нотлох баримтыг эргэлзээгүй талаас нь үнэлэх журмыг зөрчсөн гэж үзэж байна. С дандаа худлаа хэлээд байгаа. Цагдаагийн газарт очоод энэ машин эвдэрхий машин байсан, би чирч явсан гэж хэлж байсан. Дараа нь бас хэлэхдээ наад машин чинь намраас хойш яваагүй машин гэж хэлсэн. Би машиныг Гаалийн газар болон Хилийн цэргээс урагшаа гарсан талаарх баримтыг гаргаж өгсөн боловч түүнийг шүүх анхаарч үзээгүй, шийдчихсэн байсан. Хэргийн материалыг шүүх нээж үзээгүй байх гэж үзэж байна. Яагаад гэхээр 3 чиргүүл яригдаж байхад үүнийг хооронд нь ялгаж, салгахгүй байсан. Мөн А нь миний машиныг утсаар ярьж авсан талаараа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгч байхад С нь бид 2-ыг Замын-Үүдэд машинаа өгч авалцсан, мөн Эрээнд машинаа өгч авалцсан гэж 2 янзаар худлаа мэдүүлдэг юм. Нөгөөтэйгээр би хүнд эд хөрөнгөө ямар ч хариу төлбөргүй ашиглуулчихаад энэ хүний ашиглаж байх хугацаанд авто машины эвдрэл, гэмтлийг яагаад хариуцах ёстой вэ, хариуцагчийн өмгөөлөгч нь 2700 юаны засвар үйлчилгээ хийсэн юм чинь тэрийг өгөхгүй, яагаад гэвэл өөрийнх нь машинд хийсэн учраас өгөхгүй гэж тайлбарлаж байгаа юм. Гэтэл би бүрэн бүтэн машин хүлээлгэж өгсөн, миний машинд засвар үйлчилгээ хийх, апратур авч тавих ямар ч шаардлага байгаагүй. Энэ хүн миний машинаар хамгийн багадаа 16-17 удаа тээвэрт явж ашиг олсон байдаг. Тэгэхэд энэ хүнээс би нэг ч төгрөг аваагүй. Ийм байхад яагаад би энэ хүний эвдэлж засварлуулсан хөлс, хохирлыг хариуцах ёстой вэ. Шүүхэд эргэлзэж байна, ямар нэгэн байдлаар нөлөө орсон гэж үзэж байгаа. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.
Хариуцагчийн өмгөөлөгч Э.Б давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай талаас нэхэмжлэгчийн гаргасан зарим хэсгийг хүлээн зөвшөөрч байгаа. Машинаа үнэ төлбөргүй ашиглуулсан гээд машины урд салхины шил 280000 төгрөг, урд салхины шилний дээд гадна нарны хаалт 120000 төгрөг, эд анги солих зардалд 50000 төгрөг, Вендо ХХК-иар үнэлгээ гаргуулахад зарцуулсан 28000 төгрөг нийт 478000 төгрөгийг А ашиглах явцдаа учруулсан гэмтэл гээд хүлээн зөвшөөрч байгаа. 2700 юаны хувьд Б машиндаа хийсэн үйлчилгээний зардал байгаа. Бичлэгийн тухайд хэнд хүлээлгэж өгч байгаа юм, 2700 юань хүлээлгэж өгч байгаа юм уу, 20 юань хүлээлгэж өгч байгаа юм уу гэдэг нь тодорхой биш учраас хүлээн зөвшөөрөхгүй. Б өөрөө зөвшөөрөөд очиж янзлуул гээд янзлуулсан учраас үүнийг хүлээн зөвшөөрөхгүй гэж байгаа юм. Чиргүүлийн хувьд Б чиргүүлийг зараад машинд засвар үйлчилгээ хий гэсэн өөрийнх нь зөвшөөрлийн дагуу зарсан. Нэхэмжлэгч машинаа хүлээлгэж өгөхдөө С гэдэг хүнтэй хамт гараад чиргүүлээ зараад машиндаа үйлчилгээ хий гэж хэлсэн байгаа. 5000 юаниар зараад 4800 юаниар үйлчилгээ хийгээд, 200 юаниар урд 2 хонохдоо хоол идсэн гэдгийг гэрч С хэлдэг. С Б итгэмжлэгдсэн жолооч нь байгаа юм. Хамгийн анх өөрийнх нь зөвшөөрлийнх нь дагуу чиргүүлийг нь зараад, машинд нь үйлчилгээг нь хийсэн учраас манай талаас мөнгийг төлөх үндэслэл байхгүй. Энэ талаар гэрч А ч хэлдэг. Тиймээс гомдлыг хүлээн зөвшөөрөхгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.
ХЯНАВАЛ:
Нэхэмжлэгч Ч.Б нь хариуцагч Б.А-д холбогдуулан автомашиныг барьцаанаас суллаж авахад төлсөн 2700 юань буюу 944190 төгрөг, машины урд салхины шил эвдэрсэн байсан тул үнэ 280000 төгрөг, урд салхины шилний дээд гадна нарны хаалт 120000 төгрөг, эд анги солих зардалд 50000 төгрөг, Вендо ХХК-аар үнэлгээ гаргуулахад төлсөн хөлс 28000 төгрөг, чиргүүлийн үнэ 7000000 төгрөг,нийт 8422190 төгрөгийг нэхэмжилсэнийг хариуцагч Б.А нэхэмжлэлийн шаардлагаас нийт 478000 төгрөг төлөхийг зөвшөөрч, үлдэх хэсгийг буюу автомашиныг барьцаанаас суллаж авахад төлсөн 2700 юань буюу 944190 төгрөгийг нэхэмжлэгч Ч.Бгийн чиргүүлд хийсэн засварын хөлс тул хариуцахгүй, өөрийнх нь зөвшөөрснөөр чиргүүлийг төмөрт өгч үнээр нь машинд засвар үйлчилгээ хийсэн тул үнэ 7000000 төгрөгийг төлөхгүй гэж эс зөвшөөрч маргаж, нэхэмжлэгчид холбогдуулан машинд хийсэн сэлбэг хэрэгслийн үнэд 8150000 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргажээ.
Нэхэмжлэгч Ч.Б нь машиныг бүрэн бүтэн хүлээлгэж өгсөн тул машинд хийсэн засвар үйлчилгээний төлбөрийг хариуцахгүй гэж сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрчээ.
Анхан шатны шүүх Иргэний хуулийн 339 дүгээр зүйлийн 339.1, 342 дугаар зүйлийн 342.2, 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б.Агаас 478000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ч.Бд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 79441902 төгрөгийг, хариуцагч Б.Агийн сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнийг нэхэмжлэгч Ч.Б эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан байна.
Гомдлыг үндэслэн хэргийг бүхэлд нь хянан үзвэл анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан хэдий ч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т зааснаар хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх журмыг бүрэн хэрэгжүүлж чадаагүйгээс нэхэмжлэгчийн шаардах эрхийн үндэслэлийг зохицуулсан хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, мөн хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэснээс шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан “хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий” байх шаардлагад нийцээгүй тул шийдвэрт өөрчлөлт оруулахаар давж заалдах шатны шүүх шийдвэрлэв.
Нэхэмжлэгч Ч.Б нь 2015 оны 09 дүгээр сард өөрийн өмчлөлийн * УНС улсын дугаартай Норд бенз маркийн ачааны машиныг чиргүүлийн хамт хариуцагч Б.Ад ямар нэгэн хариу төлбөргүй буюу үнэ төлбөргүй ашиглуулахаар шилжүүлсэн талаар талууд маргаагүй ба талуудын хооронд Иргэний хуулийн 339 дүгээр зүйлийн 339.1-д заасан эд хөрөнгө үнэ төлбөргүй ашиглах хүчин төгөлдөр гэрээ байгуулагдсан байх бөгөөд энэ талаар анхан шатны шүүх зөв дүгнэлт хийсэн атлаа гэрээний үүрэгт хамааралгүй Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заасан гэм хор учруулснаас үүсэх үүрэгт хамааралтай зохицуулалтыг хэрэглэсэн нь хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн гэж үзэх үндэслэл болсон.
Талууд гэрээ байгуулагдсан эсэх талаар маргаагүй боловч хариуцагч Б.А нь нэхэмжилсэн 2700 юань буюу 944190 төгрөгийг ашиглаж байсан эд хөрөнгөтэй хамааралгүй, нэхэмжлэгч Ч.Бгийн өөрийнх нь өөр чиргүүлийн засварын зардал гэж, мөн * УНС дугаартай Норд бенз маркийн автомашины хамт авсан чиргүүлийг өөрийнх нь зөвшөөрсөний дагуу төмөрт өгч үнээр нь 37-70 УНС дугаартай Норд бенз маркийн автомашинд засвар үйлчилгээ хийсэн гэж маргажээ.
Иргэний хуулийн 339 дүгээр зүйлийн 339.1-д зааснаар эд хөрөнгө үнэ төлбөргүй ашиглах гэрээгээр нэг тал нь нөгөө талдаа нэг бүрийн шинжээр тодорхойлогдох тодорхой эд хөрөнгө үнэ төлбөргүй ашиглуулахаар шилжүүлэх, нөгөө тал нь тухайн эд хөрөнгийг зориулалтын дагуу ашиглаж, гэрээ дуусгавар болоход бүрэн бүтэн буцааж өгөх үүргийг тус тус хүлээх бөгөөд хэрэгт цугларсан нотлох баримтаар нэхэмжлэгч Ч.Б нь өөрийн өмчлөлийн * УНС дугаартай Норд бенз маркийн автомашиныг * БЧ улсын дугаартай чиргүүлийн хамт ямар нэгэн хариу төлбөргүйгээр ашиглуулахаар буюу хариуцагч Б.Агийн эзэмшилд эд хөрөнгийг шилжүүлэх үүргээ биелүүлсэн байх ба харин хариуцагч нь эзэмшилдээ авсан уг эд хөрөнгийг бүрэн бүтэн буцааж өгөх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй байна.
Тодруулбал зохигчдын тайлбар болон бараа борлуулалтын жагсаалт бичгийн баримт /хх-19, 36-39/, гэрч Б.С мэдүүлгээр /хх-134/ хариуцагч нь хүлээн авсан эд хөрөнгөө буюу * УНС дугаартай Норд бенз маркийн автомашиныг БНХАУ-ын Эрээн хотод засварын газарт барьцаанд орхиж, зөвхөн машины түлхүүрийг нэхэмжлэгч Ч.Бд өгсөн, * БЧ улсын дугаартай чиргүүлийг 5000 юанаар төмөрт өгсөн, нэхэмжлэгч нь * УНС дугаартай Норд бенз маркийн автомашиныг БНХАУ-ын Эрээн хотын засварын газраас авахын тулд 2700 юань буюу 944190 төгрөгийг төлж эд хөрөнгөө буцаан авсан тухай үйл баримтууд тогтоогджээ.
Гэтэл анхан шатны шүүх нэхэмжлэгч нь * УНС дугаартай Норд бенз маркийн автомашиныг БНХАУ-ын Эрээн хотын засварын газраас авахын тулд 2700 юань буюу 944190 төгрөгийг төлсөн болох нь тогтоогдоогүй гэж дүгнэсэн нь энэ талаарх нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т зааснаар хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж чадаагүй ба хариуцагч Б.А нь * УНС дугаартай Норд бенз маркийн автомашиныг БНХАУ-ын Эрээн хотын засварын газарт барьцаанд орхисноо үгүйсгээгүй боловч уг барьцааны төлбөрийг өөрт хамааралгүй гэж маргасан байгааг анхан шатны шүүх анхаараагүй байна.
Харин * БЧ улсын дугаартай чиргүүлийг төмөрт өгөхийг нэхэмжлэгч Ч.Б зөвшөөрсөн болохоо үгүйсгээгүй боловч уг чиргүүлийн оронд хариуцагчийн өмчлөлийн өөр чиргүүл авахаар тохиролцсон, мөн хариуцагчийн тайлбартаа дурдсанаар уг чиргүүлийг төмөрт өгсөн үнээр * УНС дугаартай Норд бенз маркийн автомашинд засвар үйлчилгээ хийлгэхээр тохиролцсон гэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Түүнчлэн хариуцагч Б.Агийн тайлбарласнаар талуудын хооронд * УНС дугаартай Норд бенз маркийн автомашиныг худалдах, худалдан авах талаар хэлэлцэн тохиролцсон гэх нөхцөл байдал хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдоогүй, талууд Иргэний хуулийн 339 дүгээр зүйлийн 339.1-д заасан эд хөрөнгө үнэ төлбөргүй ашиглах гэрээг хугацаа тогтоогоогүй байгуулсан байх тул Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.2, 341 дүгээр зүйлийн 341.1.1-д зааснаар үүрэг гүйцэтгүүлэгч буюу нэхэмжлэгч нь үүргийн гүйцэтгэлийг буюу шилжүүлсэн эд хөрөнгөө хэдийд ч буцаан авахаар шаардах эрхтэй, хариуцагч буюу үүрэг гүйцэтгэгч нэн даруй гүйцэтгэх үүрэгтэй юм.
Гэтэл хариуцагч Б.А нь Иргэний хуулийн 339 дүгээр зүйлийн 339.1, 340 дүгээр зүйлийн 340.1.4-т заасан үнэ төлбөргүй ашиглахаар шилжүүлэн авсан эд хөрөнгөө бүрэн бүтэн буцааж өгөх үүргээ биелүүлээгүй тул Иргэний хуулийн 342 дугаар зүйлийн 342.2-т зааснаар гэм буруугийн хэлбэрээс үл шалтгаалан эд хөрөнгөд учирсан хохирлыг хариуцан арилгах үүрэгтэйн гадна нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.4-т зааснаар учирсан хохирлоо шаардах эрхтэй байна.
Энэ нь Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3-т зааснаар үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцох тул * УНС дугаартай Норд бенз маркийн автомашиныг БНХАУ-ын Эрээн хотын засварын газраас авахад гаргасан зардал 2700 юань буюу 944190 төгрөгийг хариуцагч төлөх үндэслэлтэй болно.
Мөн нэхэмжлэгч Ч.Б нь чиргүүлийг төмөрт өгөхийг зөвшөөрсөн хэдий ч түүний үнэ 5000 юаныг * УНС дугаартай Норд бенз маркийн автомашины засвар үйлчилгээнд зарцуулсан гэсэн хариуцагчийн тайлбар нь Иргэний хуулийн 340 дүгээр зүйлийн 340.1.3-т заасантай нийцээгүй байгааг анхан шатны шүүх анхаараагүй хуулийг буруу хэрэглэсэн ба энэхүү хуульд зааснаар хариуцагч нь эд хөрөнгийн хэвийн байдлыг хангахад шаардлагатай зайлшгүй зардлыг хариуцах үүрэгтэйн гадна хэрэгт цугларсан нотлох баримтаар нэхэмжлэгчийг доголдолтой эд хөрөнгө шилжүүлсэн гэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Өөрөөр хэлбэл хариуцагч нь Иргэний хуулийн 339 дүгээр зүйлийн 339.1, 340 дүгээр зүйлийн 340.1.4-т зааснаар чиргүүлийг буцааж өгөх үүрэгтэй боловч биет байдлаар буцааж өгөх боломжгүй болсон, түүнийг төмөрт 5000 юанаар өгсөн гэсэн хариуцагчийн тайлбар нь гэрч Б.С мэдүүлгээр тогтоогдсон тул чиргүүлийн үнийг 5000 юань буюу 1748500 /5000х349,7¬¬/1-р хх-5/ төгрөгөөр тооцож төлүүлэх нь зүйтэй.
Нэхэмжлэгч нь маргаан бүхий чиргүүлийн үнийг 7000000 төгрөг болохыг нотлохоор шинжээчийн дүгнэлт /хх-20/ бичгийн баримтыг шүүхэд ирүүлсэн байх боловч уг баримтад дурдагдсан чиргүүлийн шинж байдал нь маргаан бүхий чиргүүлийн шинжтэй тохирохгүй буюу уг баримтанд 12 метрийн урттай чиргүүл гэсэн байх ба хариуцагч маргаан бүхий чиргүүлийг 11 метрийн урттай гэснийг нэхэмжлэгч үгүйсгээгүй, тухайн баримт эрүүгийн хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлт зэргээс уг бичгийн баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т зааснаар тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй гэж үнэлэх боломжгүй байх тул чиргүүлийг 7000000 төгрөгөөр үнэлж тооцох үндэслэлгүй ба уг чиргүүл нь 7000000 төгрөгийн үнэтэй болох нь хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдсонгүй.
Хариуцагч Б.А нь нэхэмжлэгчид холбогдуулан гаргасан сөрөг нэхэмжлэлийнхээ үндэслэлийг *УНС дугаартай Норд бенз маркийн автомашиныг худалдаж авахаар тохиролцсон байсны улмаас машинд хийсэн засвар сэлбэг хэрэгслийн үнэд нийт 8150000 төгрөг нэхэмжилсэн боловч үнэлгээ хийсэн шинжээчийн дүгнэлтийг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагаа 6930655 төгрөг болгож багасгаж өөрчилсөн ба анхан шатны шүүх талуудын хооронд худалдах худалдан авах гэрээ байгуулагдаагүй, ашиглалтаас үүссэн гэмтэл, хохирлыг нэхэмжлэгч хариуцахгүй гэж үзсэн нь Иргэний хуулийн 340 дүгээр зүйлийн 340.1.3-т нийцжээ.
Иймд дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн давж заалдсан гомдлын зарим хэсэг үндэслэлтэй тул хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзэв.
Харин анхан шатны шүүх нэхэмжлэгчээс гаргаж өгсөн CD-г шүүх хуралдаанд шинжлэн судалсан ажиллагаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.1-д заасныг зөрчөөгүй байх ба уг CD-нд агуулагдаж байгаа мэдээлэл нь маргааны үйл баримтыг нотолсон гэж үзэх нөхцөл тогтоогдоогүй тул энэ талаарх нэхэмжлэгчийн давж заалдсан гомдол үндэслэлгүй байна.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1, 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 137/ШШ2017/00294 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дүгээр заалтаас “...497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1...” гэснийг хасч, заалтад “...342 дугаар зүйлийн 342.2...” гэсний дараа “227 дугаар зүйлийн 227.4” гэж нэмж, заалтын “...478000...” гэснийг “3170690” гэж, “...7944190...” гэснийг “5251500” гэж тус тус өөрчилж,
2 дугаар заалтын “...56.1...” гэснийг “56.2” гэж өөрчилж, “56.2” гэсний дараа “60 дугаар зүйлийн 60.1” гэж нэмж, “...14990...” гэснийг “65681” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ч.Бгээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 142057 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх магадлал гаргахдаа хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.БАТЧИМЭГ
ШҮҮГЧИД Г.ТЭГШСУУРЬ
Х.БАЙГАЛМАА