Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Хуушааны Эрдэнэсувд |
Хэргийн индекс | 183/2020/00670/И |
Дугаар | 001/ХТ2021/00588 |
Огноо | 2021-06-02 |
Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2021 оны 06 сарын 02 өдөр
Дугаар 001/ХТ2021/00588
У.Энх-Амгалангийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч П.Золзаяа даргалж, шүүгч Г.Банзрагч, Х.Сонинбаяр, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2020 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 183/ШШ2020/01549 дүгээр шийдвэр,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2020 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 1604 дүгээр магадлалтай,
У.Энх-Амгалангийн нэхэмжлэлтэй,
Жи Си Ар Монголиа ХХК-д холбогдох,
Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг даалгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Оюун-Эрдэнийн хяналтын журмаар гаргасан гомдлоор
шүүгч Х.Эрдэнэсувд илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Оюун-Эрдэнэ, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Өлзийбаяр, Х.Наранзул, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ганцэцэг, хариуцагчийн өмгөөлөгч Б.Нандинчимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Билгүүн нар оролцов.
Нэхэмжлэгч У.Энх-Амгалан шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: У.Энх-Амгалан миний бие 2019.11.08-ны өдрөөс Жи Си Ар Монголиа ХХК-д хэрэгжиж буй ОТ, Далд уурхайн хүдэр тээвэрлэх системийн 1 дүгээр шатны барилга угсралтын төслийн Механикийн ахлах мэргэжилтний ажлын байран дээр туршилтын 2 сарын хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулж ажилласан. Миний зүгээс ажилд орсон өдрөөсөө ажиллах бэлэн байдлаа бүрэн хангасан боловч ажил олгогчийн зүгээс гэрээнд заасан ажлын байраар хангаагүй, хөдөлмөрийн гэрээ ажлын байрны тодорхойлолтод зааснаас өөр нөхцөлд ажил үүрэг гүйцэтгүүлж байсан бөгөөд миний мэргэжил ур чадвар бусад нөхцөл байдлыг дүгнэх хэмжээний ажил үүрэг гүйцэтгүүлээгүй.
Гэтэл ажил олгогчийн зүгээс 2019.12.06-ны өдөр GCRM-L19-86Б тоот албан бичгээр ...таны туршилтаар ажиллаж байгаа OT, Далд уурхайн хүдэр тээвэрлэх системийн 1 дүгээр шатны барилга угсралтын төсөл SP3 хэсэгт Жи Си Ар Монголиа ХХК ажиллахааргүй болоод байна. Иймд таны хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссанаар цаашид сунгагдахгүй тул 2020.01.08-ны өдрөөс тасалбар болгон хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож байгааг үүгээр мэдэгдэж байна гэсэн мэдэгдэл өгсөн. Үүнийхээ дагуу 2020.01.07-ны өдөр GCRM-O-20-Б/028 дугаартай Хөдөлмөрийн гэрээ дуусгавар болгох тушаал гаргасан. Миний зүгээс 2020.01.07-ны өдөр GCRM-O-20-Б/028 дугаартай тушаалыг эс хүлээн зөвшөөрч Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 т зааснаар шүүхэд хандаж байна. У.Энх-Амгалан намайг ОТ, Далд уурхайн хүдэр тээвэрлэх системийн 1 дүгээр шатны барилга угсралтын төслийн Механикийн ахлах мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгаж өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Е.Ганчөдөр шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Манай Жи Си Ар Монголиа ХХК нь барилга угсралт уул уурхайн чиглэлийн төслийн ажил гүйцэтгэдэг компани бөгөөд Оюу толгой ХХК-ийн төслийн талбайд хамтран ажиллаж байгаа болно. Барилга угсралт уул уурхайн салбар бол нарийн мэргэшлийн өндөр ур чадвар шаардсан хариуцлагатай ажил байдаг. Энэ ч утгаараа компанийн зүгээс Хөдөлмөрийн тухай хуулийн 231-т заасныг удирдлага болгон мөрддөг бөгөөд шинэ ажилтантай 3 хүртэл сарын туршилтын хугацаанд үргэлжлэх нөхцөлтэй хөдөлмөрийн гэрээг байгуулдаг.Улмаар туршилтын хугацаа дууссаны дараа ажилтныг үнэлээд тэнцэхгүй бол хөдөлмөрийн гэрээ дуусгавар болдог. Энэ нь Оюу толгой ХХК-ийн төслийн үйл ажиллагаанд удирдлага болгодог хүний нөөцийн бодлого, зарчимд нийцсэн байдаг. Бид дээр дурдсан журмын дагуу У.Энх-Амгалантай 2019.11.08-ны өдрөөс 2 сарын туршилтын хугацаатай хөдөлмөрийн гэрээг 2019.11.7-ны өдөр байгуулсан. Ийнхүү 2019.12.28-ны өдөр түүний туршилтын хугацааны үнэлгээг хийсэн бөгөөд У.Энх-Амгалан өөрөө ч мөн хүлээн зөвшөөрсөн тул гарын үсэг зурж баталгаажуулсан. Тиймээс 2020.01.07-ны өдөр зохих журмын дагуу компанийн зүгээс хөдөлмөрийн гэрээ дуусгавар болсон тухай гүйцэтгэх захирлын тушаал гаргаж гардуулсан.Тийм учраас гүйцэтгэх захирлын тушаал үндэслэл бүхий бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 37.1.3-т хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаж , цаашид сунгагдахгүй болсон гэсэн үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон болно. Иймд У.Энх-Амгалангийн ОТ, Далд уурхайн хүдэр тээвэрлэх системийн 1 дүгээр шатны барилга угсралтын төслийн Механикийн ахлах мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх шаардлага үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 183/ШШ2020/01549 дүгээр шийдвэрээр: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1, 128.1.2 дахь хэсэгт зааснаар У.Энх-Амгаланг Жи Си Ар Монголиа ХХК-ын Оюу Толгой, Далд уурхайн хүдэр тээвэрлэх системийн 1 дүгээр шатны барилга угсралтын төслийн Механикийн ахлах мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоож,
Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт зааснаар Жи Си Ар Монголиа ХХК-иас ажилтны ажилгүй байсан хугацааны олговорт 34,421,630 /гучин дөрвөн сая дөрвөн зуун хорин нэгэн мянга зургаан зуун гуч/ төгрөг гаргуулж У.Энх-Амгаланд олгож, цалинд тооцсон дээрхи олговроос нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хэмжээгээр нөхөн суутгаж зохих байгууллагад шилжүүлэн, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт дээрхи цалинд ногдох шимтгэл хураамж төлсөн тухай бичилт хийхийг хариуцагчид даалгаж,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Жи Си Ар Монголиа ХХК -иас 330,058 төгрөг гаргуулж улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 1604 дүгээр магадлалаар: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 183/ШШ2020/01549 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 330,058 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Оюун-Эрдэнэ хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ...Тус хэргийг хянан шийдвэрлэсэн Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.07.22-ны өдрийн 1604 дугаартай магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй, шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэн ИХШХШ тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1 дэх хэсэгт зааснаар хяналтын журмаар гомдол гаргаж байна.
Тодруулбал, давж заалдах шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үнэлэхдээ ИХШХШ тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ. гэснийг, Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3 дахь хэсэгт заасныг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна.
Давж заалдах шатны шүүхийн шийдвэр хууль ёсны болж чадаагүй тухайд:
1. Давж заалдах шатны шүүхийн 1604 дугаартай магадлалын хянавал хэсэгт ...зохигчид хөдөлмөрийн хугацаатай гэрээ байгуулж ... туршилтын 2 сарын хугацаа тогтоосон ... ажилтны туршилтын хугацааны үнэлгээг гаргасан, уг үнэлгээний дүнг үндэслэн хөдөлмөрийн гэрээний хугацааг дуусгавар болгосон нь Хөдөлмөрийн тухай хуулийн 21, 233, 37 дугаар зүйлийн 37.1.3-т заасантай нийцсэн... гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй.
Өөрөөр хэлбэл Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.3-т зааснаар ажил олгогч нь шинээр орж буй ажилтантай туршилтын хугацаагаар хөдөлмөрийн гэрээ байгуулж болохоор зохицуулсан боловч уг хугацаа дууссан нь хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох үндэслэл болохгүй. Мөн хуулийн 231.1 дүгээр зүйлд заасан туршилтын хугацаа тогтоох тухай зохицуулалт нь ажилтныг тухайн ажлын байранд мэргэжлийн ур чадварын хувьд тэнцэх эсэхийг үнэлэх, шалгах зорилготой заалт юм. Харин хөдөлмөрийн гэрээгээр тохиролцсон туршилтын хугацаа дууссан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3 дахь хэсэгт заасан хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаж, цаашид сунгагдахгүй болсон үндэслэлээр дуусгавар болгох үндэслэл биш.
2. Мөн шүүхийн шийдвэрийн хянавал хэсэгт ...нэхэмжлэгчид 2019.12.06-ны өдөр ОТ, Далд уурхайн хүдэр тээвэрлэх системийн нэг дүгээр шатны барилга угсралтын төсөл SР3 хэсэгт Жи Си Ар Монголиа ХХК ажиллахааргүй болсон гэх үндэслэлээр хөдөлмөрийн гэрээний хугацаа цаашид сунгагдахгүй болсныг мэдэгдсэн нь ажил олгогчийн шийдвэрийг буруутгах үндэслэл болохгүй гэсэн нь шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг буруу үнэлж, холбогдох заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна. Тодруулбал, ажил олгогчийн зүгээс нэхэмжлэгчид 2019.12.06-ны өдөр GСРМ-L19-86Б тоот албан бичгээр ...таны туршилтаар ажиллаж байгаа ОТ, Далд уурхайн хүдэр тээвэрлэх системийн 1 дүгээр шатны барилга угсралтын төсөл SРЗ хэсэг Ж ХХК ажиллахааргүй болоод байна. Иймд таны хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссанаар цаашид сунгагдахгүй тул 2020.01.08-ны өдрөөс тасалбар болгон хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож байгааг үүгээр мэдэгдэж байна гэсэн мэдэгдэл өгснөөс үзвэл нэхэмжлэгчийг тухайн ажлын байранд мэргэжил ур чадварын хувьд тэнцэхгүй гэж үзээгүй, харин тухайн ажиллаж байсан ажлын байр байхгүй болж байгаатай холбогдуулан хөдөлмөрийн гэрээг цуцлах агуулгатай мэдэгдэл байна.
Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Давж заалдах шатны шүүхийн магадлалд нэмэлт өөрчлөлт оруулж, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй алдааг засах нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч У.Энх-Амгалан Жи Си Ар Монголиа ХХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг даалгуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.
Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх хэргийг хянаад шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах хууль зүйн үндэслэл тогтоогдсонгүй.
Хэрэгт авагдсан баримтаар У.Энх-Амгаланг Жи Си Ар Монголиа ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2019.11.11-ний өдрийн Ажилд авах тухай GCR-0-19-Б/867 тушаалаар тус компанийн хэрэгжүүлж буй Оюутолгойн Далд уурхайн хүдэр тээвэрлэх системийн нэгдүгээр шатны барилга угсралтын төсөлд Механикийн ахлах мэргэжилтэн албан тушаалд 2019.11.08-ны өдрөөс эхлэн 2 сарын дадлагажих хугацаатай ажиллуулахаар шийдвэрлэж, тушаалын дагуу хөдөлмөрийн гэрээ байгуулж ажилласан бөгөөд 2020.01.07-ны өдрийн GCR-20-Б/028 тушаалаар Хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаж, цаашид сунгагдахгүй болсон үндэслэлээр Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3. дахь заалтыг баримтлан ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгожээ.
Ажилтан дээрх тушаалыг эс зөвшөөрч, ажил олгогчоос туршилтын хугацаанд гэрээнд заасан ажлын байраар хангаагүй, мэргэжил, ур чадвар, бусад нөхцөл байдлыг дүгнэх хэмжээний ажил үүрэг гүйцэтгүүлээгүй атлаа алдаа дутагдал гаргаагүй байхад ажлын байранд тэнцэхгүй гэж үзэн, туршилтын хугацаа дууссан гэх үндэслэлээр ажлаас чөлөөлснийг зөвшөөрөхгүй гэж маргажээ.
Хөдөлмөрийн тухай хуулийн 231 дүгээр зүйлийн 231.1.-д ажилтныг ажилд авахдаа мэргэжлийн ур чадвар, ажлын дадлага, туршлага тухайн ажлыг гүйцэтгэхэд тохирох эсэхийг шалгах зорилгоор туршилтын хугацаа тогтоож болно гэж, 37 дугаар зүйлийн 37.1.3.-т хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаж, цаашид сунгагдахгүй болсон бол Хөдөлмөрийн гэрээ дуусгавар болно гэж тус тус зохицуулжээ.
Анхан шатны шүүх ажил олгогчоос ажилтныг ажлаас чөлөөлсөн тушаал эрх зүйн акт болохын хувьд актад тавигдах шаардлагыг хангаагүй буюу үндэслэл болгосон хуулийн болон журмын зохицуулалт тушаалын агуулгатай тохироогүй гэж үзэн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэхдээ холбогдох хууль, журмыг буруу тайлбарлаж хэрэглэсэн, маргаантай үйл баримтын талаар дүгнэлт хийгээгүй, хэрэгт авагдсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь үндэслэл бүхий үнэлээгүй байх тул шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй байна.
Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн алдааг зөв тодорхойлж, өөрийн эрхийн хүрээнд дүгнэлт хийж шийдвэрийг хүчингүй болгохдоо хэрэгт цугларсан баримтыг хуульд нийцүүлэн үнэлж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.
Туршилтын хугацаагаар байгуулсан гэрээнд Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3. дахь заалт хамаарахгүй гэх нэхэмжлэгчийн гомдол үндэслэлгүй.
Хөдөлмөрийн тухай хуулийн 231 дүгээр зүйлийн 2311.2.-т зааснаар туршилтын хугацаа 3 сар хүртэл байна гэж тодорхойлсон бөгөөд талууд гэрээг 2 сарын хугацаатай байгуулсан тул шаардлагатай гэж үзвэл хугацааг дахин нэг сар сунгаж болохоор байна.
Жи Си Ар Монголиа ХХК нь ажилтныг Далд уурхайн хүдэр тээвэрлэх 1-р шатны төслийн ажилд ажиллуулахаар гэрээ байгуулсан ба туршилтаар ажиллуулж байсан төсөл SP3 хэсэгт Жи Си Ар Монголиа ХХК цаашид ажиллахгүй болсонтой холбогдуулан хөдөлмөрийн гэрээний хугацаа цаашид сунгагдахгүй болсон гэх үндэслэлээр 2019.12.06-ны өдөр гэрээг цуцлах мэдэгдэл өгсөн нь ажилтантай байгуулсан гэрээг цаашид сунгагдахгүй болсныг нотолсон бас нэг үндэслэл бүхий баримт гэж үзэхээр байна.
Ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон ажил олгогчийн шийдвэр Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтыг зөрчөөгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн давж заалдах шатны шүүхийн шийдэл зөв, магадлалыг эс зөвшөөрсөн нэхэмжлэгчийн гомдлыг хангах үндэслэлгүй байна.
Харин давж заалдах шатны шүүх магадлалын тогтоох хэсэгт холбогдох хуулийг бичилгүй орхигдуулсан байх тул хяналтын шатны шүүхээс алдааг засч, магадлалд нэмэлт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 1604 дүгээр магадлалын Тогтоох хэсгийн 1 дэх заалтын ...болгож, гэсний дараа Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2.-т заасан үндэслэл тогтоогдоогүй тул Жи Си Ар Монголиа ХХК-д холбогдох ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг даалгуулах тухай У.Энх-Амгалангийн гэсэн нэмэлт оруулж, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Оюун-Эрдэнийн гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5.-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ЗОЛЗАЯА
ШҮҮГЧИД Г.БАНЗРАГЧ
Х.СОНИНБАЯР
Д.ЦОЛМОН
Х.ЭРДЭНЭСУВД