Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 04 сарын 09 өдөр

Дугаар 221/МА2024/0240

 

 

 

 

 

 

 

Б.Б*******ийн нэхэмжлэлтэй

 захиргааны хэргийн тухай

 

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч О.Оюунгэрэл

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Т.Энхмаа

Илтгэсэн шүүгч Э.Лхагвасүрэн

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Г*******

Хэргийн оролцогчид:

Нэхэмжлэгч Б.Б*******

Хариуцагч Архангай аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газар

Гуравдагч этгээд Б.Амгал*******

 

Нэхэмжлэлийн шаардлага: Архангай аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газрын 2023 оны 11 дүгээр сарын 8-ны өдрийн сонгон шалгаруулалтын нэхэмжлэгч Б.Б*******т холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 5 дугаар шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Б.Б*******

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч В.У*******

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхжин

Хэргийн индекс: 109/2023/0021/З

 ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч Б.Б******* Архангай аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газарт холбогдуулан “Архангай аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газрын 2023 оны 11 дүгээр сарын 8-ны өдрийн сонгон шалгаруулалтын нэхэмжлэгч Б.Б*******т холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох”-оор маргаж байна.

2.Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 5 дугаар шийдвэрээр:

Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 47 дугаар зүйлийн 47.1, 47.1.6 дахь заалтыг тус тус үндэслэн нэхэмжлэгч Б.Б*******ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Архангай аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газрын 2023 оны 11 дүгээр сарын 8-ны өдрийн сонгон шалгаруулалтын нэхэмжлэгч Б.Б*******т /Хотонт сумын Ерөнхий боловсролын сургуулийн Ахлах дунд ангийн сургалтын хөтөлбөрийн хэрэгжилт, үнэлгээ хариуцсан менежер/ холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоож” шийдвэрлэжээ.

3.Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Г******* дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

3.1. “…Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлд зааснаар нотлох баримтыг дутуу цуглуулсан хариуцагчийн зүгээс гаргаж өгөх нотлох баримтыг авалгүй хэргийг хянан шийдвэрлэсэн.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-т заасан хэрэгжилтийг хангалгүй орхиж Захиргааны ерөнхий хууль, Боловсролын ерөнхий хууль, Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн маргаан бүхий захиргааны акттай холбоотой зүйл заалтуудын хэрэгжилтийг магадлан үзэлгүй хэргийг хянан хэлэлцсэн байна.

Иймд захиргааны хэргийг хянан хэлэлцэхдээ нотлох баримтыг дутуу шинжлэн судалж, үнэлсэн, хэрэглэвэл зохих хуулиудыг хэрэглээгүй, хуулийг буруу, зөрүүтэй тайлбарлаж хэрэглэсэн тул Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн 109/ШШ2024/0005 дугаар шийдвэрийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон хариуцагчийн шүүх хуралдаанд оролцох, нотлох баримт гаргаж өгөх, мэтгэлцэх эрхээр хангах бололцоог олгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

            Дараах үндэслэлээр шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

            1.Анхан болон давж заалдах шатны шүүх хуралдааны аль алинд нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилогдсон Архангай аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газрын Мэргэжил, арга зүйн хэлтсийн дарга Л.Г******* оролцоогүй, давж заалдах гомдолд “…шүүх нотлох баримтыг дутуу цуглуулсан, хариуцагчийн зүгээс гаргаж өгөх нотлох баримтыг авалгүйгээр хэргийг шийдвэрлэсэн, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу, зөрүүтэй тайлбарлаж хэрэглэсэн…” гэх боловч чухам ямар нотлох баримтыг цуглуулаагүй гэж, ямар баримтыг гаргаж өгсөнийг нь аваагүй гэж, мөн ямар хуулийг, хэрхэн буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзсэн нь тодорхойгүй, шүүх хуралдаанд оролцож, мэтгэлцэх боломжтоор хангаж өгнө үү гэсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр товлосон шүүх хуралдаанд оролцоогүй, давж заалдах шатны шүүхээс 2024 оны 4 дүгээр сарын 3-ны өдөр хурлын товыг мэдэгдсэн болно.

            Шийдвэрт Архангай аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газраас 2023 оны 11 дүгээр сарын 2-ны өдөр ерөнхий боловсролын сургууль, сургуулийн өмнөх боловсролын байгууллагын ажлын байранд сонгон шалгаруулалт зарлахдаа бичгийн хэлбэрээр тухайлсан шийдвэр гаргаагүй талаар, мөн 8-ны өдөр сонгон шалгаруулалт зохион байгуулсан үйл баримт болон үүнээс өмнө нэхэмжлэгч Б.Б******* ямар ажил, албан тушаалыг, ямар шийдвэрийн дагуу эрхэлж байсан талаар цаг хугацааны дарааллаар нь зөв дүгнэжээ. 

            2.Боловсролын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2.2-т зааснаар аймгийн боловсролын газар нь харьяа нутаг дэвсгэртээ “хичээл, судлагдахууны агуулга, арга зүй, үнэлгээ, технологи болон зайн, цахим сургалтыг хөгжүүлэх, сургалтын чанар, үр дүнг сайжруулах үйл ажиллагааг мэргэжлийн удирдлагаар хангах, сурах бичиг, сургалтын хэрэглэгдэхүүний хангамжийг нэмэгдүүлэх ажлыг зохион байгуулах” чиг үүргийг хэрэгжүүлэх бөгөөд энэ хүрээнд сонгон шалгаруулалт зарлах, зохион байгуулах эрхгүй, харин уг хуулийн 33 дугаар зүйлийн 33.3.2-т заасны дагуу боловсролын сургалтын байгууллагын захирал буюу Архангай аймгийн Хотонт сумын ерөнхий боловсролын сургуулийн захирал “тухайн боловсролын сургалтын байгууллагын багш, ажилтныг хуульд заасны дагуу томилж, чөлөөлөх”-өөр байна.

            Иймд хуулиар олгогдоогүй эрх хэмжээг хэрэгжүүлж, нэхэмжлэгч Б.Б*******ийн Архангай аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газраас Хотонт сумын ерөнхий боловсролын сургуулийн захирлын 2023 оны 10 дугаар сарын 6-ны өдрийн Б/80 дугаар тушаалаар томилогдон ажилласан байсан байгалийн ухаан, нийгмийн ухааны сургалт хариуцсан менежерийн албан тушаалыг сул орон тоо гэж үзэж сонгон шалгаруулалт зарласан нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6 буюу “захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй” гэдэгт хамаарах бөгөөд энэ талаарх шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.

            Түүнчлэн хэрэгт төдийлөн хамааралгүй ч нэхэмжлэгчийн ажиллаж байсан сургалтын менежерийн албан тушаал төрийн үйлчилгээний албан тушаалд хамаарах талаар, Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2 дахь хэсгийн төрийн жинхэнэ албан хаагчид хамаарах “…сул орон тоо гарсан тохиолдолд томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтан олон нийтэд мэдээлэх үүрэгтэй. Томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтан сул орон тоо гарсан өдрөөс хойш энэ тухай мэдээллийг долоо хоногт, сонгон шалгаруулалт явуулах захиалгыг 21 хоногт багтаан төрийн албаны холбогдох шатны байгууллагад хүргүүлнэ”, мөн Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.1-т заасан мэдээлэл хариуцагч өөрийн хүний нөөцийн “ажлын байрны сул орон тооны талаарх мэдээлэл”-ийг байнга ил тод, нээлттэй байлгах тухай зохицуулалтууд энэ тохиолдолд хэрэглэгдэхгүй талаар зөв дүгнэсэн байна.

             3.Мөн Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2023 оны 12 дугаар сарын 7-ны өдрийн “Чиглэл өгөх тухай” 1б/5911 дүгээр албан бичгээр хариуцагч болох Архангай аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газрын дарга Ц.М*******ад хандаж “…хууль зөрчиж аймгийн ерөнхий боловсролын сургуулийн сургалтын менежер, цэцэрлэгийн арга зүйчийн ажлын байранд сонгон шалгаруулалт зарлан зохион байгуулсан тул үйл ажиллагааг цуцалж, холбогдох албан тушаалтанд хариуцлага тооцуулах” талаарх албан бичиг ирүүлсэн. Боловсролын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.3.2 дахь заалт, Улсын Их Хурлын 2019 оны “Төрийн албаны үйл ажиллагааны дүрэм батлах тухай” 17 дугаар тогтоолын хавсралтаар баталсан дүрмийн 5.12-т “төрийн албаны хүний нөөцийн асуудлаар Салбар зөвлөлийн харьяалах байгууллагыг Зөвлөл тогтооно. Салбар зөвлөлгүй төрийн байгууллагын хүний нөөцийн асуудлыг Зөвлөл хариуцна” гэж Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн 25 дугаар тогтоолоор баталсан “Төрийн албаны шалгалт өгөх болзол болон шатлан дэвшүүлэх, сонгон шалгаруулах журам”-д заасныг тус тус зөрчиж сонгон шалгаруулалт зарласан гэж үзэхээр байх тул Танай газраас зохион байгуулсан дээрх сонгон шалгаруулалтыг цуцлах арга хэмжээ авч, авсан арга хэмжээний талаар хариу ирүүлэхийг үүгээр хүргүүлж байна” гэснийг ч энд дурдах нь зүйтэй.

            Боловсролын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.6-д зааснаар аймгийн боловсролын газрын дарга сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн харьяа нутаг дэвсгэр дэх төрийн болон орон нутгийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн захирлыг томилж, хуульд заасан үндэслэлээр чөлөөлөх” эрхтэй. Харин Төрийн албаны тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1.11-т зааснаар “төрийн албаны ерөнхий болон тусгай шалгалтыг зохион байгуулах, арга зүйн удирдлагаар хангах, төрийн захиргааны болон төрийн үйлчилгээний байгууллагын төсвийн шууд захирагчийг сонгон шалгаруулах, холбогдох журмыг батлах” эрх нь Төрийн албаны зөвлөлийн эрх хэмжээнд хамаарна.

            Гэтэл салбарын сайдаас ийнхүү хууль зөрчиж зарласан сонгон шалгаруулалтыг цуцлах талаар чиглэл хүргүүлсээр байхад, шүүхийн шийдвэрээр сонгон шалгаруулалттай холбоотой шийдвэр гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй болохыг тогтоосон атал хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс үндэслэл нь тодорхойгүй давж заалдах гомдол гаргасан байна.

            Шийдвэрт маргааны үйл баримтад үндэслэлтэй зөв дүгнэсэн атлаа Тогтоох хэсэгт зөвхөн Захиргааны ерөнхий хуулийн холбогдох заалтыг баримталсан нь хангалтгүй, өөрөөр хэлбэл Төрийн албаны тухай, Боловсролын тухай хуулийн энэхүү маргаанд хамаарал бүхий зохицуулалтыг давхар баримтлах нь зүйтэй.

            Шүүхийн шийдвэрийн удиртгал хэсэгт хэргийн оролцогч болох гуравдагч этгээд Б.Амгал*******ын нэр бичигдээгүй байгааг цаашид анхаарвал зохино. 

             Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн 5 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “1.” гэсний дараа “Төрийн албаны тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1.11, Боловсролын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2.2,” гэж нэмсэн өөрчлөлт оруулж, бусад заалтыг хэвээр үлдээн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Г*******ын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.     

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д заасан хугацааны дотор, 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар магадлалыг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

                            ШҮҮГЧ                                                       О.ОЮУНГЭРЭЛ

 

                              ШҮҮГЧ                                                       Т.ЭНХМАА

 

                            ШҮҮГЧ                                                          Э.ЛХАГВАСҮРЭН