Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 06 сарын 04 өдөр

Дугаар 001/ХТ2021/00659

 

Н.Б-ын нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Х.Сонинбаяр даргалж, Танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Г.Банзрагч, П.Золзаяа, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 102/ШШ2020/01788 дугаар шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 07 дугаар  сарын 27-ны өдрийн 1664 дүгээр магадлалтай,

Н.Б-ын нэхэмжлэлтэй,

Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвд холбогдох

Ажилгүй байсан хугацаанд урьд авч байсан цалин хөлстэй тэнцэх олговорт 3,212,453 төгрөг гаргуулан, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Г.Банзрагчийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн дарга Х.А оролцов.

Нэхэмжлэгч Н.Б-ын шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Миний бие 2013 оноос Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвд Нийгмийн эрүүл мэнд, тусламж үйлчилгээ эрхэлсэн орлогч даргын ажилд томилогдон ажилласан. Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвийн даргын 2019.09.23-ны өдрийн Б/296 дугаар тушаалаар үүрэгт ажлаасаа үндэслэлгүйгээр чөлөөлөгдсөн. 2019.12.24-ний өдрийн 102/ШШ2020/00026 дугаар шийдвэрээр ажилд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны олговорт 3,901,458 төгрөг олгож шийдвэрлэсэн. Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвийн даргын 2020.03.19-ний өдрийн Б/94 дүгээр тушаалаар Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ эрхэлсэн орлогч даргын албан тушаалд эргүүлэн томилсон. Шүүхийн шийдвэр гарсан боловч биелэгдээгүй. 2019.12.24-ний өдрөөс 2020.03.01-ний хооронд ажилгүй байсан. Иймд ажилгүй байсан хугацааны цалин хөлс 3,212,453 төгрөгийг Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвөөс гаргуулж, энэ хугацааны эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, нөхөн бичилт хийхийг даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Цалин хөлс бодох журмын дагуу бодогдоогүй гэж үзэж зарим хэсгийг зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэгчийн цалингийн задаргаанд орсон байгаа 2020.03.01-ний өдрөөс 2020.03.13-ны өдөр хүртэлх 13 хоногийн цалин 696,031 төгрөгийг зөвшөөрөхгүй. Учир нь 2020.03.01-ний өдөр ажилдаа орж 3 сарын цалингаа авсан. Нэхэмжилж байгаа мөнгөн дүнд 3 сарын цалин нь орсон тул хасуулж тооцуулна. Хариуцагчийн зүгээс 1,988,000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна гэжээ.

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 102/ШШ2020/01788 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т зааснаар хариуцагч Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвөөс 2,660,085 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Н.Б-т олгож, үлдэх 552,368 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т зааснаар нэхэмжлэгч Н.Б-ын эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвд үүрэг болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 66,349 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвөөс 57,511 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Н.Б-т олгохоор шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 07 дугаар  сарын 27-ны өдрийн 1664 дүгээр магадлалаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 102/ШШ2020/01788 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төв нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж шийдвэрлэсэн байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г-ийн хяналтын журмаар гаргасан гомдолд: ...Нэхэмжлэгч Н.Б нь ажилд эгүүлэн тогтоосон шийдвэр хүчин төгөлдөр болсон боловч ажилдаа сайн дураараа ирээгүй. Мөн Хүний нөөцийн албанаас ажилдаа ирэхийг шаардахад ирдэггүй байсан. Манай байгууллага Н.Б-ыг 2020.03.01-ний өдөр ажилдаа ирэхэд нь ажилд авсан байхад Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хандаж 2020.03.19-ний өдөр тушаал гаргуулсан. Нэхэмжлэгчийн 1 сарын цалин нь нийгмийн даатгал болон цалингийн тооцооны картаас харахад 1,066,000 төгрөг байгаа бөгөөд үүнээс хоолны зардалд сард 60,000 төгрөг, унааны зардалд 55,000 төгрөг авдаг. Эдгээрийг цалингаас хасахад үндсэн цалин 951,000 төгрөг болж байгаа бөгөөд ажлын 22 хоногт хуваахад 1 өдрийн цалин 43,227 төгрөг болж байна. Үүнийг ажилгүй байсан 45 хоногт тооцоход 1,945,215 төгрөг болно. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрээр тогтоогдсон 2,660,085 төгрөгөөс 1,945,215 төгрөгийг хүлээн зөвшөөрч байх тул үлдэх 714,870 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж өгнө үү  гэжээ.

 ХЯНАВАЛ:

Шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын гомдлыг хангах үндэслэлгүй.

 Нэхэмжлэгч Н.Б-аас хариуцагч Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвд холбогдуулан “ажилгүй байсан хугацаанд урьд авч байсан цалин хөлстэй тэнцэх олговорт 3,212,453 төгрөг гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгуулах”-аар гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас анхан шатны шүүх нэхэмжлэгчийг эрхэлж байсан ажилд нь эгүүлэн тогтоосон Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр гарсан 2019.12.24-ний өдрөөс хариуцагч нэхэмжлэгчийг ажилд нь эгүүлэн томилсон 2020.03.01-ний өдрийг хүртэлх /хэдийгээр ажилд томилсон Б/94 тоот тушаал нь 2020.03.19-нд гарсан боловч нэхэмжлэгч 2020.03.01 хүртэлх хугацааны цалин гаргуулахаар шаардсан ба хариуцагчаас гуравдугаар сарын цалинг өгсөн гэж тайлбарласан/ ажилгүй байсан 45 хоногийн /ажлын/ цалинд 2,660,085 төгрөгийг хариуцагчаас гаргуулж шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.5, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт нийцсэн.

Шүүх нэхэмжлэгчийн нэг өдрийн дундаж цалинг тооцохдоо өмнөх шүүхийн шийдвэрээр /Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 102/ШШ2019/000026 дугаар/ нэгэнт тогтоосон хэмжээг баримталсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт “Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон ... үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй” гэсэнтэй нийцнэ, энэ талаарх давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

Иймд, “...нэг сарын цалингаас хоол, унааны мөнгийг хасвал нэг өдрийн цалин 43,227 төгрөг болно, үүнийг ажилгүй байсан 45 хоногт тооцвол 1,945,212 төгрөг болж байна, иймд анхан шатны шүүхийн шийдвэрээр тогтоогдсон 2,660,085 төгрөгөөс 714,870 төгрөгийг зөвшөөрөхгүй...” гэсэн утгатай хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах боломжгүй.

 Дээрх үндэслэлээр шүүх бүрэлдэхүүн шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээхээр тогтов.   

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 102/ШШ2020/01788 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 07 дугаар  сарын 27-ны өдрийн 1664 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч хяналтын журмаар гомдол гаргахад төлөх улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Х.СОНИНБАЯР

                      ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                     Г.АЛТАНЧИМЭГ

                      ШҮҮГЧИД                                                           Г.БАНЗРАГЧ

                                                                                                 П.ЗОЛЗАЯА

                                                                                                 Г.ЦАГААНЦООЖ