Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 102/ШШ2020/01788

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг 23 дугаар хороо Зүүн Ард Аюуш 11 дүгээр гудамж 326 тоотод оршин суух, 1987 онд төрсөн 33 настай, Сартуул овогтН.Б.

Хариуцагч: Баянгол дүүрэг 18 дугаар хороо Баянгол дүүргийн ЭМТ

Ажилгүй байсан хугацааны цалин 3.212.453 төгрөг гаргуулж, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх нэхэмжлэлийг 2020 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Н.Б, хариуцагчийн төлөөлөгч Т.Б, Б.Гэрэлтуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Э нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Н.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие 2013 оноос Баянгол дүүргийн ЭМТ-д Нийгмийн эрүүл мэнд тусламж үйлчилгээ эрхэлсэн орлогч даргын ажилд томилогдон ажилласан. Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвийн даргын 2019 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн Б/296 дугаар тушаалаар үүрэгт ажлаас үндэслэлгүйгээр чөлөөлөгдсөн. 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 102/ШШ2020/00026 дугаар шийдвэрээр Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвийн даргын тушаалыг хүчингүй болгож эргүүлэн ажилд томилж ажилгүй байсан хугацааны олговорт 3.901.458 төгрөг олгож шийдвэрлэсэн. Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвийн даргын 2020 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн Б/94 тушаалаар Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ эрхэлсэн орлогч даргын албан тушаалд эргүүлэн томилсон. Шүүхийн шийдвэр гарсан боловч биелэгдээгүй 2019 оны 12 дугаар сарын 24-нөөс 2020 оны 03 дугаар сарын 01-ний хооронд ажилгүй байсан. 03 дугаар сарын 01-ний өдрөөс 03 дугаар сарын 13-ны өдөр хүртэлх цалинг нэхэмжлээгүй. Иймд ажилгүй байсан хугацааны цалин хөлс 3.212.453 төгрөгийг Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвөөс гаргуулж, энэ хугацааны эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, нөхөн бичилт хийхийг даалгаж өгнө үү гэв.

Хариуцагч Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б, Б.Г нар шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Цалин хөлс бодох журмын дагуу бодогдоогүй гэж үзэж зарим хэсгийг зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэгчийн цалингийн задаргаанд орсон байгаа 2020 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 03 дугаар сарын 13-ны өдөр хүртэлх 13 хоногийн цалин 696.031 төгрөгийг зөвшөөрөхгүй. Учир нь 2020 оны 03 дугаар сарын 01-ний өдөр ажилдаа орж 3 сарын цалингаа авсан байгаа. Нэхэмжилж байгаа мөнгөн дүнд 3 сарын цалин нь орсон байгаа тул хасуулж тооцуулна. Хариуцагчийн зүгээс 1.988.000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна гэв.

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Н.Б нь хариуцагч Баянгол дүүргийн ЭМТ-д холбогдох ажилгүй байсан хугацааны олговорт 3.212.453 төгрөг гаргуулж, энэ хугацааны эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх нэхэмжлэл гаргасан байна.

Н.Б-ыг тус шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн Дугаар 102/ШШ2020/00026 шийдвэрээр Баянгол дүүргийн ЭМТ-ийн даргын 2019 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн Б/296 дугаар тушаалыг хүчингүй болгож Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвийн Нийгмийн эрүүл мэнд тусламж үйлчилгээ эрхэлсэн орлогч даргын ажил албан тушаалд эгүүлэн тогтоож, 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдрийг хүртэлх хугацааны цалин хөлс 3.901.458 төгрөгийг олгож шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвийн даргын 2020 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн Б/94 Шүүхийн шийдвэрийг хангах тухай тушаалаар Н.Б-ыг Эрүүл мэндийн төвийн Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ хариуцсан орлогч даргын ажил, албан тушаалд эргүүлэн томилсон байна.

Нэхэмжлэгч 2019 оны 12 дугаар сарын 24-нөөс 2020 оны 03 дугаар сарын 01-нийг хүртэлх ажилгүй байсан хугацааны 45 хоногийн олговорт 3.212.453 төгрөг нэхэмижлсэн боловч шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн Дугаар 102/ШШ2020/00026 шийдвэрээр түүний нэг өдрийн цалин 59.113 төгрөг болохыг тогтоож шийдвэрлэсэн тул нэг өдрийн цалинг 59.113 төгрөгөөр тооцож ажилгүй байсан хугацааны 45 хоногийн цалин /59.113х45=2.660.085/ 2.660.085 төгрөгийг хариуцагч Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвөөс гаргуулж нэхэмжлэгч Н.Б-т олгож, нэхэмжлэлийн үлдэх 552.368 төгрөгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж, 2019 оны 12 дугаар сарын 24-нөөс 2020 оны 03 дугаар сарын 01-нийг хүртэлх хугацааны эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт шимтгэлийг тооцон нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн төлбөрийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч байгууллагаас улсын тэмдэгтийн хураамжийг хангасан үнийн дүнд тооцон гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т зааснаар хариуцагч Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвөөс 2.660.085 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Н.Б-т олгож, үлдэх 552.368 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т зааснаар нэхэмжлэгч Н.Б-ын эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч Баянгол дүүргийн ЭМТ-д үүрэг болгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 66.349 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Баянгол дүүргийн ЭМТ-өөс 57.511 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Н.Б-рт олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.КУЛЬДАНА