Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 08 сарын 01 өдөр

Дугаар 790

 

 

 

 

 

 

 

2019           8              01                                            ДШМ/790                                               

 

 

У.Г-, Д.Ц- нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мягмаржав даргалж, шүүгч Д.Оюунчулуун, М.Пүрэвсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

           

            прокурор Д.Оюунгэрэл,

            яллагдагч Д.Ц-, У.Г- нарын өмгөөлөгч Б.Батдорж, Т.Урангэрэл,  

            хохирогч Д.Ц-ийн өмгөөлөгч А.Энхтүвшин, А.Ариунаа,  

            нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн урьдчилсан хэлэлцүүлгийн 1074 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Д.Оюунгэрэлийн бичсэн 2019 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 13 дугаартай эсэргүүцлийг үндэслэн Д.Ц-, У.Г- нарт холбогдох 201625030556 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 7 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Пүрэвсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

1. Б овгийн Д-ын Ц, Булган аймгийн Бугад суманд 1979 оны 6 дугаар сарын 20-ны өдөр төрсөн, 41 настай, эмэгтэй дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, “Ундрал буд” ХХК-д гүйцэтгэх захирал ажилтай, ам бүл 4; нөхөр, хүүхдүүдийн хамт амьдардаг, Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 10 дугаар хороолол, ТЭМ-104 дүгээр байрны 79 тоот хаягт оршин суух бүртгэлтэй, хэрэгт холбогдох үедээ Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, “Санрайс” хотхоны 405 дугаар байрны 57 тоотод оршин сууж байсан, ял шийтгэлгүй. /регистрийн дугаар 000000000/

 

2. Б овгийн У-гийн Г, Дорноговь аймгийн Сайншанд суманд 1977 оны 10 дугаар сарын 26-ны өдөр төрсөн, 42 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, “Чандмань-Эрхүүд” ХХК-д гүйцэтгэх захирал ажилтай, ам бүл 4; эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, Баянгол дүүгийн 5 дугаар хороо, 10 дугаар хороолол, ТЭМ-104 дүгээр байрны 79 тоот хаягт оршин суух бүртгэлтэй, хэрэгт холбогдох үедээ Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Санрайс хотхоны 405 дугаар байрны 57 тоотод оршин сууж байсан, ял шийтгэлгүй. /регистрийн дугаар: 0000000000/

 

Д.Ц-, У.Г- нар бүлэглэн 2013 оны 10 дугаар сарын 24-ний өдөр иргэн Д.Ц- “Налайх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Чандмань-Эрхүүд” ХХК-ийн тоосгоны үйлдвэрийг худалдаж авсан, Хаан банкнаас зээл хөөцөлдөж байгаа, зээлийн барьцааг чөлөөлж өгнө” гэж хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, 1 дүгээр 40 мянгатын 14 дүгээр байрны 11 тоот үйлдвэр үйлчилгээний зориулалттай байр болон 62,000,000 төгрөгийн хадгаламж зэргийг нь “Сидан” ХЗХ-нд зээлийн барьцаанд тавиулж 299,250,000 төгрөгийг залилан авсан,

Мөн 2014 оны 7 дугаар сарын 16-ны өдөр Д.Ц- “Хаан банкнаас хөөцөлдөж байгаа зээл бүтэхгүй бол таны “Сидан” ХЗХ-оос авсан зээлийг төлж чадахгүй байна. Хаан банкнаас авсан зээлээ үйлдвэрээ ажиллуулаад таны мөнгийг төлнө” гэж хуурч, “Гранд плаза” төвд байрлалтай 122,19 м2 талбай бүхий оффисийн зориулалттай өрөөг Хаан банкны зээлийн барьцаанд тавиулж 260,000,000 төгрөгийг залилан авсан гэм хэрэгт холбогджээ.

 

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас У.Г-, Д.Ц- нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: “... У.Г-, Д.Ц- нарын өмгөөлөгч Т.Урангэрэл шүүхэд “...Өмгөөлөгч би 2018 оны 9 дүгээр сарын 6-ны өдөр яллагдагч нарын гэм буруугийн асуудлыг шүүхээр шийдэх боломжгүй зөрчлүүдийн талаар дурьдаж хэргийг прокурорт буцаах хүсэлт гаргаж байсан. Түүнчлэн 1185 ширхэг бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлуулах талаар бичсэн. Шүүх 2018 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр хэргийг хянан хэлэлцээд прокурорт буцаасан. Нэмэлт мөрдөн байцаалтад хохирогчийг 1 удаа асууж, н.Оюунчимэгийг иргэний хариуцагчаар татсанаас өөр дорвитой мөрдөн шалгах ажиллагаа явуулаагүй учраас шүүгчийн захирамжийн 3 дахь хуудаст тэмдэглэсэн ажиллагааг бүрэн хийсэн гэж үзэх үндэслэлгүй байна. Цагаатгах талын нотлох баримт болох 1185 ширхэг баримтыг мөрдөгч дутуу түүвэрлэж ирүүлсэн байх ба хэрэгт хяналт тавьж байгаа прокурор эдгээр 1185 ширхэг бичгийн нотлох баримтуудыг үзэж, харахгүйгээр хэтэрхий нэг талыг барьж яллах байр суурь илэрхийлж ирсэн. Эдгээр баримтуудыг тусад нь 7 хавтас, 1541 хуудас баримтаас гадна, дагалдах бичиг баримт гэж үзжээ. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6.10, 6.13, 6.14, 6.15 дахь хэсэгт тус тус заасан үндэслэлээр урьдчилан хэлэлцүүлэг явуулах...” гэсэн хүсэлт гаргасныг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр хянан хэлэлцээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар өмгөөлөгч Т.Урангэрэлийн хүсэлтэд дурдсан асуудлыг шийдвэрлүүлэх нь зүйтэй...” гэж дүгнэн хэргийг прокурорт буцааж, хэрэг прокурорт очтол Д.Ц-, У.Г- нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.  

Прокурор Д.Оюунгэрэл бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр хянан хэлэлцээд “... яллагдагч нарын өмгөөлөгч Т.Урангэрэлийн хүсэлтэд дурдсан асуудлыг шийдвэрлүүлэх нь зүйтэй гэж үзлээ...” гэсэн дүгнэлт хийж хэргийг прокурорт буцаасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна.” гэсэн шаардлагыг хангаагүй. Өөрөөр хэлбэл өмгөөлөгч Т.Урангэрэлийн хүсэлтийн аль асуудлыг хэрхэн шийдвэрлүүлэх, яг ямар мөрдөн шалгах ажиллагааг хийхийг шүүгчийн захирамжид тодорхой заагаагүй байна.

Иймд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 2019/ШЗ/1074 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр эсэргүүцэл бичсэн ...” гэв.

 

Яллагдагч Д.Ц-, У.Г- нарын өмгөөлөгч Т.Урангэрэл прокурорын эсэргүүцэлд бичсэн хариу тайлбар болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... өмгөөлөгч би 2018 оны 9 дүгээр сарын 6-ны өдөр шүүхэд гаргасан хүсэлтдээ 1185 ширхэг цагаатгах нотлох баримтуудыг өгч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.10 дугаар зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар өөрсдийн гарган өгч байгаа баримтуудыг шүүх хуралдаанд шинжлэн судлуулах эрхээ эдлэх тухай мэдэгдэж байсан. /6-р хх 190/ Түүнчлэн хэрэг шүүхээс 2018 оны 11 дүтээр сарын 5-ны өдөр прокурорт буцаахад түүнээс хойш дорвитой ямар нэгэн ажиллагаа хийгдээгүй, шүүгчийн захирамжийн 3 дахь хуудаст дурьдсан ажиллагаа бүрэн хийгдээгүй. Өөрөөр хэлбэл хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамжийн биелэлт хангагдсан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байгаа тул хэргийг прокурорт буцаах санал гаргасан.

Хэргийг прокурорт зайлшгүй буцаах бас нэг үндэслэл байгаа нь яллагдагч У.Г- нь хэрэг прокурорт буцахад 1185 ширхэг цагаатгах бичгийн нотлох баримтыг мөрдөгчид гаргаж өгөхөд мөрдөгч аваагүй тул энэ тухай хяналтын прокурорт У.Г- нь 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр 13 хүртэл дугаарласан нийт 1185 ширхэг бичгийн баримтыг түүвэрлэн өгсөн юм. /7-р хх 17-18/ Гэтэл мөрдөгч эдгээр баримтуудыг хэрэгт дутуу түүвэрлэж 729 хуудас баримт гэсэн 2 хавтас болгож шүүхэд ирүүлсэн байх ба тэдгээрийг прокурор нь нотлох баримтаар үнэлээгүй. Тэдгээртэй огт танилцаагүй байдаг ба эдгээр цагаатгах баримтуудыг дагалдах баримт бичиг гэж Эрүүгийн болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд тусгайлан тодорхойлж хуульчлаагүй нэр томъёогоор нэрлэж шүүхэд хүргэсэн байгаа юм. Дутуу түүвэрлэгдсэн баримтуудаас тухайлбал:

Тоосгоны үйлдвэр худалдаж авсан гэж хуурсан үйлдлийг няцаах зорилгоор,

2009 оноос 2015 оны хооронд үйлдвэр худалдаж авахаас өмнөх хөрөнгийн эх үүсвэрийг нотлохоор "Ундрал буд” ХХК-ний, иргэн Цэрэндулам, Ганхөлөг нарын, мөн "Чандмань-Эрхүүд" ХХК-ний дансны хуулга, тендерийн гэрээнүүд,

2013 оны 4 дүгээр сард эрхийн доголдолтой бичиг баримт дутуу үйлдвэр хүлээн авч энэ бүгдийг нь нөхөн бүрдүүлэхэд мөнгө зарцуулсан гэх 2016 оны 3 дугаар сарын 27-ны өдөр өгсөн сэжигтэн У.Г-ийн мэдүүлэг,

2013 оны 4 дүгээр сарын 10-аас 2016 оны 11 дүгээр сарыг хүртэлх хугацааны үйлдвэрийн үйл ажиллагааны 1,600,000,000 төгрөгийн зардалын тооцоо,

2013 оны 11 дүгээр сараас 2015 оны хооронд Цэрэндулам нь ганцаараа 242,670,643 төгрөг төлсөн,

2013 оноос 2015 оны хооронд үйлдвэрт зарцуулсан түлшний 14,686,450 төгрөгийн зарцуулалт,

2013-2015 онд үйлдвэр хэвийн явагдаж байсан баримтууд,

2013-2015 оны хооронд БНХАУ-аас авсан сэлбэг 416,000 төгрөг, 2,131,561 юань баримтууд,

2013-2015 оны хооронд БНХАУ-аас бараа авахаар шилжүүлсэн 125,000 юань буюу 40 сая төгрөгийн баримт,

Хаан банкнаас зээл хөөцөлдөж байгаа гэж хуурсан үйлдлийг няцаах зорилгоор,

Хас, Капитрон, Ариг, Хаан банкнаас зээл хүссэн, барьцаа байхгүй гээд судалгаа хийгдээгүй тухай баримтууд,

2014 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн Итгэмжлэл зэрэг болно.

Иймд анхан шатны шүүхээс өмгөөлөгч миний хүсэлтэд дурдсан асуудлуудыг шийдвэрлүүлэхээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шийдвэр болсон тул прокурорын эсэргүүцлийг хангахгүй үлдээх санал гаргаж байна...” гэв.

 

Яллагдагч Д.Ц-, У.Г- нарын өмгөөлөгч Б.Батдорж тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Хаан банк болон “Чандмань Эрхүүд” ХХК-ийн хооронд хийгдсэн гэрээнүүдийг гэрчилсэн нотариатчийг байцааж өгөөч гэхээр асуудаггүй. Энэ нь Д.Ц-, У.Г- нарыг цагаатгах талын чухал нотлох баримт болохоор байгаа. Учир нь хохирогч Цэцэгдарь санамсаргүй, мэдээгүй байдлаар гарын үсэг зурсан гэж байцаалтад удаа дараа мэдүүлдэг. Эдгээр нь нотолбол зохих байдлуудыг бүрэн нотлогдоогүй гэдгийг илэрхийлж байна...” гэв. 

 

Хохирогч Д.Ц- өмгөөлөгч А.Ариунаа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Прокурорын эсэргүүцлийг дэмжин оролцож байна. Хэргийг прокурорт буцаасан захирамж үндэслэлгүй. Захирамж ойлгомжтой, түүнд заасан ажиллагааг гүйцэтгэхэд ямар нэгэн эргэлзээгүй байх ёстой. Гэтэл ямар ажиллагаа хийлгэх гээд байгаа нь мэдэгдэхгүй, зүгээр л өмгөөлөгчийн хүсэлтийг хүлээн авч хэргийг прокурорт буцаах үндэслэлтэй байна гэж дүгнэсэн нь хууль зөрчсөн шийдвэр юм. Нотлох баримтыг хэрэгт хавсаргаагүй гэж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар “хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан нотлох баримтыг нотлох баримтын хэмжээнд үнэлнэ” гэсэн байдаг. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.10 дугаар зүйлд зааснаар хэрэв хэргийн оролцогч нар баримтуудыг гаргаж өгсөн бол мөрдөгч баримтыг хэрэгт хавсаргах л үүрэгтэй. Нотлох баримтаар үнэлэх эсэх асуудлыг шүүх шийдвэрлэнэ. Нотлох баримтаар үнэлж өгнө үү гэж өөрсдөө хүсэлтээ гаргаж өгөх ёстой. Уг баримтуудыг харахад хэрэгт ямар ч ач холбогдолгүй нотлох баримтууд байдаг. Яллагдагч нар “бид тоосгоны үйлдвэрийн 700,000,000 төгрөгийг Оюунчимэгт өгчихсөн, одоо 300,000,000 төгрөг дутуу, үүнийг нь та өгчих юм бол танд тодорхой хэмжээний мөнгийг нь өгнө” гэж залилж авсан байдаг. Энэ үйл баримттай яллагдагч нарын гаргаж өгч буй баримтууд ямар ч холбогдолгүй. Тоосгоны үйлдвэр ажиллуулахад тооцоо нийлж байсан. Санхүүгийн анхан шатны баримтууд байдаг. Урьд гарсан шүүгчийн захирамжид заасан ажиллагааг бүрэн хийсэн. Иймд хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамжийг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү...” гэв.

 

Хохирогч Д.Ц- өмгөөлөгч А.Энхтүвшин тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Прокурорын эсэргүүцлийг дэмжиж байна. Уг хэрэг Болдбаатар шүүгчид хуваарилагдаж ирснээс хойш 12 удаа хойшилсон байдаг. Прокурорт хэргийг буцаасан. Прокурорт буцаасан захирамж нь хууль зүйн үндэслэлгүй гарсан. Хавтас хэрэгт авагдсан баримтын хүрээнд хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэх бүрэн боломжтой...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанаар Д.Ц-, У.Г- нарт холбогдох эрүүгийн хэргийг прокурорын бичсэн эсэргүүцлийг үндэслэн хянан хэлэлцэж, эсэргүүцэлд заасан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

 

Анхан шатны шүүх, яллагдагч Д.Ц-, У.Г- нарт холбогдох эрүүгийн хэргийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр хэлэлцэн “... өмгөөлөгч Т.Урангэрэлийн хүсэлтэд дурьдсан асуудлыг шийдвэрлүүлэх нь зүйтэй ...” гэсэн дүгнэлт хийж хэргийг прокурорт буцаасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна.” гэсэн шаардлагыг хангаагүй байна.  

 

Учир нь, яллагдагч нарын өмгөөлөгч Т.Урангэрэл шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт гаргасан хүсэлтдээ “... хэрэг шалгах явцад шүүхээр нөхөн гүйцэтгэх боломжгүй зөрчил гарсан, өмнө нь хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамжийн заалт биелэгдээгүй, цагаатгах талын нотлох баримтаар гарган өгсөн 1185 ширхэг баримтыг мөрдөгч дутуу түүвэрлэж, прокурор хянаж үзэхгүйгээр хэт яллах талыг барьсан ...” гэсэн байхад анхан шатны шүүх уг хүсэлтийн дагуу хэргийг хянан хэлэлцэх ямар нөхцөл байдал тогтоогдсон, хэргийг дахин шалгуулах ямар үндэслэл байгаа талаар тодорхой хууль зүйн дүгнэлт хийхгүйгээр өмгөөлөгчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн байх тул уг шийдвэрийг хуулийн шаардлага хангаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн гэж үзнэ.

 

 Шүүгдэгч нарын өмгөөлөгч Т.Урангэрэлээс цагаатгах талын нотлох баримтаар тодорхой тооны баримтыг гарган өгснийг мөрдөгч хүлээн авч, тэмдэглэл үйлдэж хэрэгт хавсаргажээ. /7-р хх 17-19/

 

Хэргийн оролцогчоос гаргаж өгсөн баримтыг хэрхэн хүлээн авах, бэхжүүлэх, шалгаж, үнэлэх талаар хуульд тодорхой зохицуулалт байна. Тухайлбал: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 10 дахь хэсэгт “Хохирогч, яллагдагч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчөөс гаргаж өгсөн эд зүйл, баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримтыг мөрдөгч, прокурор авч хавтаст хэрэгт тусгаж хавсаргана.” гэж, 16.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “... Хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, яллагдагч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчийн гаргаж өгсөн эд зүйл, баримт бичиг, мэдээлэл, бусад баримтыг мөрдөгч хүлээн авч, тэмдэглэл үйлдэн хавтаст хэрэгт тусгаж хавсаргана.” гэж, мөн зүйлийн 7 дахь хэсэгт “Энэ зүйлд заасны дагуу гаргаж өгсөн эд зүйл, баримт бичиг, мэдээлэл, бусад баримтыг оролцогчийн хүсэлтээр шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр нотлох баримтаар тооцуулах, шүүх хуралдаанд шинжлэн судлуулах эрхтэй.” гэж тус тус заажээ.  

 

Дээрх хуулийн зохицуулалтаас үзэхэд хохирогч, яллагдагч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчөөс гарган өгсөн баримтыг мөрдөгч, прокурор хүлээн авч тэмдэглэл үйлдэн хэрэгт хавсаргаж, шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр шинжлэн судалж нотлох баримтаар тооцох эсэх асуудлыг шийдвэрлэхээр зохицуулсан байх тул хэргийн оролцогчийн хүсэлтээр хэрэгт хавсаргаж ирүүлсэн нотлох баримтуудыг шүүх шинжлэн судлах үүрэгтэй байна.

 

Иймд шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, яллагдагч Д.Ц-, У.Г- нарт холбогдох эрүүгийн хэргийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр дахин хэлэлцүүлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

 

Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг болтол Д.Ц-, У.Г- нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.   

 

   Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 1074 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, Д.Ц-, У.Г- нарт холбогдох эрүүгийн хэргийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг болтол яллагдагч Д.Ц-, У.Г- нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

   3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

                         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Д.МЯГМАРЖАВ

 

                         ШҮҮГЧИД                                                         Д.ОЮУНЧУЛУУН

 

                                                                                                   М.ПҮРЭВСҮРЭН