Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 11 сарын 18 өдөр

Дугаар 146а

 

 Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батаа даргалж, шүүгч Т.Алтантуяа, Г.Ганбаатар нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Энх-Учрал, улсын яллагч Б.Энэрэл, иргэдийн төлөөлөгч П.Наранчимэг, шинжээч эмч Ц.Ганболд, хохирогч С.Гантулгын өмгөөлөгч Г.Хандсүрэн (шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар 0-234), шүүгдэгч Я.Баярбаатар, түүний өмгөөлөгч Э.Ганбат (шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар 0-362) нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Моломдагва овогт Янжингийн Баярбаатарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1. дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2016 2601 0660 дугаартай хэргийг 2016 оны 7 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Моломдагва овогт Янжингийн Баярбаатар, Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1974 оны 7 дугаар сарын 09-ний өдөр төрсөн, 42 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороо, 26-293 тоотод оршин суудаг, ШЖ74070913 регистрийн дугаартай, урьд ял шийтгэлгүй.

Холбогдсон хэргийн талаар: (Яллах дүгнэлтэд дурдсанаар)

Шүүгдэгч Я.Баярбаатар нь 2016 оны 02 дугаар сарын 27-ноос 28-нд шилжих шөнө 04 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороо, 26 дугаар байрны 4 дүгээр орцны гадна “эхнэр Х.Баасансүрэнг зодсон байна” гэсэн шалтгааны улмаас тус орцны жижүүрээр ажиллаж байсан С.Гантулгын чээж рүү өшиглөж түүний бие махбодод зүүн 6 дугаар хавирганы хугарал, зүүн уушгины бүрэн бус авчилт, чээжний зүүн хөндийд хий хуралдалт, арьсан доорх хий хуралт бүхий хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтыг үндэслэн Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 296 дугаар зүйлийн 296.1. дэх хэсэгт зааснаар ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нарын мэдүүлсэн мэдүүлэг:

Шүүгдэгч Я.Баярбаатар: 2016 оны 02 дугаар сарын 27-ноос 28-нд шилжих шөнө 02 цагийн үед манай эхнэр хүнд зодуулсан байдалтай үс нь сэгсийсэн, хамраас нь цус гарчихсан гэртээ орж ирсэн. Эхнэрээсээ юу болсныг асуухад 4 дүгээр орцны жижүүр намайг зодсон гэж хэлэхэд нь би цагдаа дуудсан. Цагдаа ирэх хооронд 4 дүгээр орцны үүдэнд очоод хаалгыг нь нүдэхэд онгойлгоогүй. Тэгтэл Гантулга хажуугийн орцноос нэг эмэгтэйтэй хамт ирсэн. Гантулгатай хамт явсан эмэгтэй нь “түүнийг битгий зодоорой, бие муутай хүн шүү” гэж хэлж байсан. Би эхнэрээ өмөөрч Гантулгатай “чи эмэгтэй хүнийг яагаад зодож байгаа юм бэ, гаж донтой юм уу” гэж маргалдаж, муудалцсан. Гантулга намайг тойрч зугтаагаад байсан. Тэгээд Гантулга бид хоёр барьцалдаж байгаад, орцны хажуугийн сандал руу давхралдаад унасан. Бид хоёрыг босож ирснээс хойш удалгүй цагдаа ирсэн. Миний буруутай үйлдлийн улмаас хохирогчийн биед гэмтэл учирсан. Би хийсэн хэрэгтээ маш их гэмшиж, харамсаж байна. Мөн хохирогчийн эмчилгээний зардалд нийт хоёр сая төгрөг төлж, хохирлоо бүрэн барагдуулсан. Иймд надад хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэв.

Шинжээч эмч Ц.Ганболд: Шинжээчийн дүгнэлтэд дурдсанаар хохирогчийн зүүн 6 дугаар хавирганы хугарал, зүүн уушгины бүрэн бус авчилт, чээжний зүүн хөндийд хий хуралдалт, арьсан доорх хий хуралт бүхий гэмтэл үүссэн байна. Эдгээр гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Нуруугаар унасан тохиолдолд чээжин талд гэмтэл учрах боломжгүй. Учир нь хүч үйлчилсэн хэсэгтээ л гэмтэл үүснэ. Хэрэв чээжин хэсгээрээ сандлын түшлэг налж унасан бол тэр хэсэгт гэмтэх боломжтой. Чээжний гэмтэл буюу зүүн 6 дугаар хавирганы хугарал, зүүн уушгины бүрэн бус авчилт, чээжний зүүн хөндийд хий хуралдалт нь хүнд гэмтэлд хамаарна. Чээжний зүүн хөндий дэх хий хуралдалтыг соруулан авсан байх тул амь насанд аюулгүй, хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. Цаашид биеийн ерөнхий байдал болон амь насанд хүндрэл үүсгэхгүй гэв.

   Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримт:

Хохирогч С.Гантулгын өгсөн: Би 2015 оны 10 дугаар сарын эхээр ажил хийхээр Улаанбаатар хотод ирсэн бөгөөд Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороо, 26 дугаар байрны 4 дүгээр орцны жижүүрээр ажилд орсон юм. Тэгээд 2016 оны 02 дугаар сарын 27-28-нд шилжих шөнө 03 цаг өнгөрч байх үед миний ажилладаг орцны хаалгыг гаднаас нь нүдээд байхаар нь онгойлгож өгтөл 40 орчим насны эмэгтэй хүн ороод ирсэн. Тэгээд тэр эмэгтэй “хаалганы код сольчихсон байна, яахаараа хэлдэггүй юм” гэхэд нь би “нууц дугаар өөрчлөгдөөгүй 2094 хэвээрээ байгаа” гэхэд тэр эмэгтэй “битгий худлаа яриад байгаарай” гээд барьж явсан цүнхээрээ миний толгой руу хэд хэдэн удаа цохьсон. Тэгээд намайг хэл амаар доромжилж байгаад нөхрөө дагуулж ирнэ гээд гараад явсан. Тэгэхээр нь би 2 дугаар орцны жижүүр дээр очоод болсон явдлыг яриад манай орц руу хамт хүрч ирэхэд эрэгтэй, эмэгтэй 2 хүн манай орцны хаалгыг тогшоод зогсож байсан бөгөөд эрэгтэй нь бид хоёроос “энэ орцны жижүүр нь хэн бэ” гэхэд нь “би байна” гэж хариултал тэр залуу миний толгой руу нэг удаа цохьсон тэгээд намайг тонгойлгож байгаад миний зүүн талын хавирга руу 3 удаа өшиглөсөн..., ...түргэн тусламж дуудаж үзүүлэхэд миний хавиргыг хугарсан байна яаралтай гэмтлийн эмнэлэгт үзүүл гэсэн бөгөөд маргааш нь гэмтлийн эмнэлэгийн хавсарсан гэмтлийн тасагт хэвтэн эмчлүүлсэн..., ...тэр залуу “яагаад манай эхнэрийг зодсон бэ” гээд л намайг зодоод байсан гэх мэдүүлэг (хх-ийн 20-22 дугаар хуудас)

...Баярбаатар намайг заамдаж байгаад байрны гаднах сандал дээр давхралдаад унасан тэгэхэд хүнд гэмтэл нь үүссэн байх. Харин сандал дээр унаад босож ирэхэд намайг Баярбаатар нь хөлөөрөө нуруу гэдэс рүү цохиж зодоод байсан. ...Одоо миний биеийн байдал зүгээр байгаа Баярбаатар надад эмчилгээний зардал мөнгийг бүрэн төлж барагдуулсан надад цаашид Баярбаатарт ямар нэгэн гомдол санал байхгүй... гэх давтан мэдүүлэг (хх-ийн 168 дугаар хуудас),

Гэрч Д.Циенхоролын өгсөн: 2016 оны 02 дугаар сарын 28-ны шөнө 03 цаг өнгөрч байхад манай 26 дугаар байрны 4 дүгээр орцны жижүүр Гантулга манай орцны үүдэнд ирээд “Цээгий эгчээ сая нэг согтуу хүүхэн ирээд орцоо андуураад хаалга нүдэж байгаад нөхрөө дуудна гээд гараад явлаа юмыг яаж мэдэх вэ намайг зодчих байх миний дэргэд байж байгаач” гэсэн. Тэгээд Гантулга бид хоёр 4 дүгээр орц руу явж байтал хаалгыг нь эрэгтэй, эмэгтэй 2 хүн өшиглөөд зогсож байсан тэгэхээр нь би “та 2 яагаад орцны хаалга нүдээд байна кодоо хийгээч” гэсэн чинь “энэ орцны жижүүр нь хаана байна” гэхээр нь “энэ байна” гэтэл “чи эхнэр нь үү” гэж нөгөө эрэгтэй нь хэлсэн... ...нөхөр нь “энэ залуу сая манай эхнэрийн хамрыг цохисон байна эмэгтэй хүнийг ингэж зодож болох уу” гэсэн. Гэтэл Гантулга “та юу яриад байгаа юм бэ та кодоо хийгээд ор гэж хэлсэн өөр зүйл яриагүй” гэж хэлсэн чинь нөхөр нь “миний эхнэрийн хамрыг ийм болгочихоод яагаад хуцаад байгаа юм бэ, чамайг шоронгийн хадаас болгоно, угаадас зөөлгөнө” гээд Гантулгын бие рүү, чээжин хэсэг рүү өшиглөсөн, хэдэн удаа өшиглөснийг мэдэхгүй байна. Харин эхнэр нь нүүр рүү нь гараараа цохиод байсан. Эхнэр нь хэлэхдээ Гантулга руу чи сая миний хамар руу гараараа цохисон биз дээ гээд дайраад байсан. Тэгээд тэр хоёр хүн миний үгэнд орохгүй байхаар нь би цагдаа дуудлаа гэтэл нөхөр нь “би цагдаа дуудсан байгаа” гэж хэлсэн. Тэгээд цагдаа нар ирээд Гантулгыг аваад явсан. Харин эхнэр, нөхөр хоёр эмнэлэг орно гээд тусдаа явсан. Шөнө 04 цаг өнгөрч байхад Гантулга буцаж ирээд манай хаалгыг тогшиж “Цээгий эгчээ түргэн дуудаж өгөөч миний бие өвдөөд байна” гэсэн. Тэгээд би түргэн дуудаж үзүүлтэл Гантулгын хавирга хугарсан байна гэмтлийн эмнэлэг ороод биеэ үзүүлээрэй гэсэн..., ...Гантулга Баярбаатар нар нь хоорондоо зууралдаж сандал дээр унасан зүйл байхгүй. Харин хэд хоногийн дараа Баярбаатар над дээр ирээд “цагдаа дуудвал намайг гэрээсээ гарч ирэхдээ тавчиктай гарч ирсэн гэж хэлээрэй” гэсэн. Тэгэхэд нь би “худлаа хэлж чадахгүй чи хар өнгийн гуталтай явсан биз дээ тэр гутлаар Гантулгыг өшиглөөд байсан биз дээ” гэж хэлсэн... гэх мэдүүлэг (хх-ийн 48-49 дүгээр хуудас),

Гэрч Н.Амарсанаа (дуудлагаар очсон цагдаагийн офицер)-ийн өгсөн: Би 2016 оны 02 дугаар сарын 27-ноос 28-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн гуравдугаар хэлтсийн бүргэд 113 дугаар чиглэлд үүрэг гүйцэтгэж байсан бөгөөд тэр шөнө 04 цагийн үед 16 дугаар хорооны 26 дугаар байрны гадна манай эхнэрийг орцны жижүүр зодсон гэх дуудлагын дагуу очтол 4 дүгээр орцны жижүүр эрэгтэй, мөн эхнэр, нөхөр гэх хоёр хүн байсан. Тэр үед эхнэр нь гэх эмэгтэй орцны жижүүр залуугийн толгой руу цүнхээрээ цохиод байсан санагдаж байна. Тэд харилцан бие биедээ гомдолтой байсан тул би тэднийг жижүүрийн бүрэлдэхүүнд хүлээлгэж өгсөн юм гэх мэдүүлэг (хх-ийн 50-51 дүгээр хуудас),

Гэрч Ц.Ганчимэгийн өгсөн: ...2016 оны 02 дугаар сарын 27-ноос 28-нд шилжих шөнө “хүнд зодуулчихлаа ах нь одоо гэмтлийн эмнэлэг дээр байна” гэж над руу залгасан тэгээд би ажилтай байж байгаад тэр өдөр нь очиж чадаагүй. Маргааш өдөр нь гэмтлийн эмнэлэг дээр очтол манай ах Гантулга хавсарсан гэмтлийн тасагт хэвтэж байсан. ...Эмнэлэгт хэвтэж байх хугацаанд Баярбаатар гэх залуу өдөр болгон залгаж “чиний бие хаа чинь зүгээр гэж байна, би чамд болохгүй бол 500.000 төгрөг өгье би гэмтлийн эмч нарыг чинь бүгдийг нь таньдаг, цагдаа сэргийлэх угаасаа намайг байцаахгүй байгаа би бүгдийг нь танина. Та нар намайг шоронд оруулна гэвэл амжихгүй” гэх зэргээр дарамтлаад байдаг байсан. Манай ахын зүүн талын 6 дугаар хавирга хугараад зүүн талын уушги нь бяцарсан гэсэн оноштой хэвтэж байсан. Манай дүүгийн эхнэр нь хөдөөнөөс ирээд Баярбаатартай уулзсан байсан. Баярбаатар байнга “ярих зүйл байна ах нь нэг охинтой, энэ нэг архичин хүүхнээс болж шоронд орох гээд байна, би шоронд орвол энэ хүүхэн хаяад явна тийм биз дээ” гэсээр байгаад уулзахад “би шоронд орсон ч танай ахтай хамт орно, танай ахыг чирээд явна, та нар ахыгаа шоронд хийчихвэд нэг ч удаа очиж эргэж чадахгүй арчаагүй хулгайчууд байж надтай арцалдаад яахав дээ” гэх зэргээр сүрдүүлж, доромжлоод байсан... гэх мэдүүлэг (хх-ийн 55 дугаар хуудас),

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 3041 дугаартай “Гантулгын биед зүүн 6-р хавирганы далд хугарал, чээжний хөндийд цус хуралдалт, арьсан доор хий хуралдалт, зүүн нүдний дээд доод зовхины цус хуралт, духанд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Энэ нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12. дахь хэсэгт зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” гэх дүгнэлт (хх-60 дугаар хуудас),

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн бүрэлдэхүүнтэй шинжээчийн 2016 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 488 дугаартай “Шинжээч эмч Д.Мөнхбатын гаргасан 3041 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна. Гантулгын биед зүүн 6 дугаар хавирганы хугарал, зүүн уушгины бүрэн бус авчилт, чээжний хөндийд хий хуралдалт, арьсан доорх хий хуралдалт, зүүн нүдний дээд доод зовхины цус хуралт, духанд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12. дахь хэсэгт зааснаар учрах үедээ амь насанд аюултай учир гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” гэх дүгнэлт (хх-ийн 75 дугаар хуудас),

Шинжээч Ц.Ганболдын өгсөн: ...Зүүн уушгины бүрэн бус авчилт, чээжний хөндийн хий хуралт нь хүнд гэмтэлд хамаарна. Бусад гэмтэл нь хөнгөн зэрэгт хамаарна. ...Энэ гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр, цохих өшиглөх үед үүсэх боломжтой буюу хязгаарлагдмал гадаргуутай зүйлийн хүч үйлчлэхэд үүсэх боломжтой. Хязгаарлагдмал зүйл гэдэг нь тухайн чээжний гадаргуугаас бага хэмжээтэй зүйлийг хэлнэ. ...Уг хугарал нь нэг удаагийн хүч үйлчлэхэд хугарна. Сандалын өнцөг булан дээр унахгүй бол өөр байдлаар унахад үүсэх боломжгүй. ...Зовхины цус хуралт нь гараар цохиход үүсэх боломжтой. Харин духны зулгаралт нь цүнхээр цохих үед үүсэх боломжтой... гэх мэдүүлэг (хх-ийн 169-170 дугаар хуудас),

Хохирогч С.Гантулгын сэжигтнээр өгсөн: ...Тэгээд би хөөе яасан бэ гэсэн чинь жижүүр нь хэн бэ гэхээр нь би байна гэсэн чинь намайг шууд үгийн зөрүүгүй нүд дух руу гараараа цохиод авсан. Тэгээд тонгойлгож байгаад зүүн талын хавирга руу хоёроос гурван удаа өшиглөсөн..., ...Баярбаатар намайг эмнэлэгт хэвтсэний маргааш нь ирээд “бие чинь гайгүй юу? чамаас байцаалт авсан уу, гомдолгүй, хамаатан гээд хэлчих би эмчилгээний зардал мөнгийг төлнө” гэж хэлсэн. Тэгээд бас хэд хоногийн дараа ирээд “би чамайг ийм ажил хийлгэж байхаар цалин өндөртэй ажилд оруулаад өгье, өргөдлөө авчих” гээд байсан. Тэгэхээр нь “би сайн мэдэхгүй байна” гэж хэлсэн. Тэгээд утсаар байнга ярьдаг байсан өргөдлөө авчих гэдэг байсан. Надад хохирол мөнгө өгөөгүй би маш их гомдолтой байна... гэх мэдүүлэг (хх-ийн 110 дугаар хуудас),

Шүүгдэгч Я.Баярбаатарын сэжигтнээр өгсөн: ... 2016 оны 02 дугаар сарын 27-ноос 28-нд шилжих шөнө эхнэр Х.Баасансүрэн 04 цагийн үед гаднаас “хүнд зодуулчихлаа, намайг татаж чангаалаа” гэсээр хамраас нь цус гарсан, нүүр нь хавдчихсан шинжтэй орж ирсэн. Тэгээд би хэнд зодуулсан, юу болсон талаар асуухад “4 дүгээр орцны жижүүрт зодуулсан” гэхээр нь би “яадаг гаж донтон бэ” гээд цагдаагийн 102 дугаарын утас руу өөрийн 96005152 гэсэн дугаараас дуудлага өгөөд, эхнэрээ дагуулан 4 дүгээр орцны жижүүр дээр очтол жижүүр нь орцондоо байгаагүй. Тэгэхээр нь хаалгыг нь цохиод зогсож байтал согтуу байрын эрэгтэй эмэгтэй хоёр хүн ирсэн. Тэгсэн хамт явсан эмэгтэй нь “энэ хүн бие муутай хүн шүү битгий зодоорой” гэхээр нь би “чи яадаг гаж донтон бэ” орц андуурснаас болж эмэгтэй хүнийг зодсон байна гэж хэлээд ойрттол “чи өөрөө хар гичийгээ захирч чадахгүй байж юу хуцаад байгаа пизда вэ” гэж хэлээд миний зүүн талын шанаа руу гараараа нэг удаа цохисон. Тэгээд бид хоёр хоорондоо барьцалдаад орцны үүдэн дээр байдаг сандал дээр давхралдаж унасан гэх мэдүүлэг (хх-ийн 99-100 дугаар хуудас),

Шүүгдэгч Я.Баярбаатарын яллагдагчаар өгсөн: ...С.Гантулгыг санаатайгаар бэртээнэ гэж зодоогүй. Гантулгын хэлсэн үгнээс буюу надад “согтуу гичийнхээ бөгсийг захирч чадахгүй пизда вэ” гэж хэлээд намайг эхлээд цохисон. Тэгээд бид хоёр барьцалдаж аваад сандал дээр давхралдаж унацгаасан. С.Гантулгын биед цаашид амь нас, эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт нөлөөлөхөөр гэмтэл учруулаагүй. Түүний гэмтэл өөрийнх нь сул дорой байдал, хийж байгаа ажил, байгалийн бохирдлоос болж уушги нь муудсан байх. Гантулгад одоогийн байдлаар хохирол мөнгө өгөөгүй байгаа. Миний зүгээс цаашид хохирол мөнгө өгнө... гэх мэдүүлэг (хх-ийн 104-105 дугаар хуудас),

Хэрэг болсон газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэлд: ...хэрэг учрал болсон газар нь Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт ертөнцийн зүгээр зүүн урд зүгт харсан, цагаан саарал өнгийн, 12 давхар байр байх бөгөөд зүүн урагш харсан 4 дүгээр орцны хоёр хаалга байх ба хаалганаас ертөнцийн зүгээр баруун талд модон сандал 6 метр 20 сантиметрийн зайд байх ба хэрүүл маргаан, хэрэг учрал болсон гэх газрыг тус байрны 2 дугаар орцны жижүүр Цэенхорлоор заалгаж гэрэл зургаар бэхжүүлэв гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт болох гурван ширхэг гэрэл зураг (хх-ийн 164-166 дугаар хуудас),

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын 2016 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 276, 277 дугаартай “Зарим яллагдагчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” прокурорын тогтоол (хх-ийн 188-191 дүгээр хуудас), Х.Баасансүрэнгийн хохирогчоор өгсөн мэдүүлэг (хх-ийн 44-45 дугаар хуудас), Гэмтэл согог судлалын төвийн архиваас баталгаажсан өвчний түүхийн хуулбар (хх-ийн 66-72 дугаар хуудас), шинжээч эмч Д.Мөнхбатын мэдүүлэг (хх-ийн 46 дугаар хуудас), шүүгдэгч Я.Баярбаатарыг ял шийтгүүлсэн эсэхийг шалгах хуудас (хх-ийн 128 дугаар хуудас)  зэрэг нотлох баримтыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн бөгөөд энэ хэрэгт хамааралтай байх тул шүүх тэдгээр баримтыг үнэн зөвд тооцож, шийтгэх тогтоолын үндэслэл болголоо.

Мөн шүүгдэгч Я.Баярбаатар нь шүүхийн хэлэлцүүлэгт өөрийн гэм бурууг хүлээн мэдүүлсэн нь хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар батлагдаж байх тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 82 дугаар зүйлийн 82.2. дахь хэсэгт зааснаар түүний мэдүүлгийг яллах үндэслэл болгов.

Гурав. Шүүхээс тогтоосон үйл баримтын талаар:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нарын мэдүүлсэн мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтыг үндэслэн дүгнэвэл; шүүгдэгч Я.Баярбаатар нь 2016 оны 02 дугаар сарын 27-ноос 28-нд шилжих шөнө 04 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороо, 26 дугаар байрны 4 дүгээр орцны үүдэнд “эхнэр Х.Баасансүрэнг зодсон” гэх хувийн таарамжгүй харьцааны улмаас эхнэрээ өмгөөлөн тус орцны жижүүрээр ажиллаж байсан С.Гантулгатай маргалдаж, улмаар түүнийг тонгойлгон чээж рүү нь өшиглөж, түүний бие махбодод зүүн 6 дугаар хавирганы урд буюу чээжин хэсэгт хугарал, уг хугарлаас үүдсэн зүүн уушгины бүрэн бус авчилт, чээжний зүүн хөндийд хий хуралдалт, арьсан доорх хий хуралт бүхий хүнд гэмтэл санаатай учруулсан үйл баримт нотлогдон тогтоогдсон гэж шүүх үзэв.

Прокуророос Я.Баярбаатарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1. дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, нотолбол зохих асуудлуудыг нотолсон, зүйлчлэл тохирсон байна.

Шүүгдэгч Я.Баярбаатар нь “би эхнэрээ өмөөрч хохирогч С.Гантулгатай маргалдсан бөгөөд түүнтэй барьцалдаж, сандал руу давхралдан унах үед түүний хавирга гэмтсэн” гэж мэдүүлсэн боловч түүний мэдүүлгийг нотлох өөр баримт хэрэгт байхгүй бөгөөд шүүх дараах нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Я.Баярбаатар хохирогч С.Гантулгыг тонгойлгон чээж рүү нь өшиглөж, уг гэмтлийг учруулсан гэж дүгнэлээ. Үүнд:

1. Хохирогч С.Гантулгын мөрдөн байцаалтад өгсөн: “...Баярбаатар намайг заамдаж байгаад байрны гаднах сандал дээр давхралдаад унасан тэгэхэд хүнд гэмтэл нь үүссэн байх. Харин сандал дээр унаад босож ирэхэд намайг Баярбаатар нь хөлөөрөө нуруу гэдэс рүү цохиж зодоод байсан...” гэх мэдүүлэг (хх-ийн 168 дугаар хуудас),

2. Шинжээч Ц.Ганболдын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Нийт 7-8 см өргөнтэй 3 хавирга эгнэсэн байхад 3 см орчим гадаргуутай зүйл үйлчлэхэд нэг хавирга хугарах боломжтой. Өөрөөр хэлбэл, түрүүлж хүрсэн хэсэгт хүч үйлчилж нэг хавирга хугардаг. Ер нь бол цохих, өшиглөх үед түрүүлж хүрсэн хэсэгтээ хүч үйлчилж нэг хавирга хугарсан тохиолдол олон бий. Хохирогч ар нуруугаараа сандалны ирмэг, өнцөг цохих үед хавирга нь урд талдаа хугарахгүй. Хохирогч өөрөө араараа унасан гэж мэдүүлж байгаа учраас түүний гэмтэл сандал дээр унах үед үүсээгүй” гэх мэдүүлэг,

3. Гэрч Д.Циенхоролын мөрдөн байцаалтад өгсөн: “...нөхөр нь “миний эхнэрийн хамрыг ийм болгочихоод яагаад хуцаад байгаа юм бэ, чамайг шоронгийн хадаас болгоно, угаадас зөөлгөнө” гээд Гантулгын чээжин хэсэг рүү өшиглөсөн, хэдэн удаа өшиглөснийг мэдэхгүй байна.” гэх мэдүүлэг (хх-ийн 48-49 дүгээр хуудас),

4. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 3041 дугаартай “Гантулгын биед зүүн 6-р хавирганы далд хугарал, чээжний хөндийд цус хуралдалт, арьсан доор хий хуралдалт, зүүн нүдний дээд доод зовхины цус хуралт, духанд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Энэ нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12. дахь хэсэгт зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” гэх дүгнэлт (хх-60 дугаар хуудас),

5. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн бүрэлдэхүүнтэй шинжээчийн 2016 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 488 дугаартай “Шинжээч эмч Д.Мөнхбатын гаргасан 3041 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна. Гантулгын биед зүүн 6-р хавирганы хугарал, зүүн уушгины бүрэн бус авчилт, чээжний хөндийд хий хуралдалт, арьсан доорх хий хуралдалт, зүүн нүдний дээд доод зовхины цус хуралт, духанд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12. дахь хэсэгт зааснаар учрах үедээ амь насанд аюултай учир гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” гэх дүгнэлт (хх-ийн 75 дугаар хуудас) зэрэг болно.

Шүүгдэгч Я.Баярбаатарын хувьд эхнэрээ өмгөөлөн хамгаалах гэсэн санаа зорилгыг буруутгах аргагүй боловч ийнхүү өмгөөлөн хамгаалсан хувийн сэдэлт бүхий санаа зорилгоо хууль бусаар хэрэгжүүлж, улмаар бусдын чээж рүү өшиглөж, тодорхой хор уршиг хүсээгүй хэдий ч хүнд зэргийн гэмтэл учруулсан нь шууд бус санаатай гэмт хэрэг болно.

Дөрөв. Гэм буруу, ял шийтгэлийн талаар:

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.1. дэх хэсэгт зааснаар зөвхөн шүүгдэгчийн хувьд, гагцхүү түүнийг шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор хянан хэлэлцэж, шүүхээс тогтоосон үйл баримтаас дүгнэвэл, шүүгдэгч Я.Баярбаатарыг бусдын бие махбодод хүнд гэмтэл санаатай учруулсан гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1. дэх хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Я.Баярбаатар нь ЦЕГ-ын Мэдээлэл судалгаа, технологийн төвийн лавлагааны санд бүртгэгдээгүй (хх-ийн 128) байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хүнд гэмт хэргийг анх удаа үйлдсэн гэж үзнэ.

Шүүгдэгч Я.Баярбаатар нь гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн буюу гэм хорыг арилгасан, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Иймд хорих ял оногдуулж болох гэмт хэрэг анх удаа үйлдсэн шүүгдэгчийн хувийн байдал, дээр дурдсан ял хөнгөрүүлэх нөхцөл байдал, хохирогчид учирсан гэмтлийн урхаггүй шинж чанарыг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1. дэх хэсэгт заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур ял оногдуулж, уг хорих ялыг эдлүүлэх дэглэмийг хөнгөрүүлэх боломжтой гэж үзэв.

Тав. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, гэм хорын талаар:

Хохирогч С.Гантулга нь “Одоо миний биеийн байдал зүгээр байгаа. Баярбаатар надад эмчилгээний зардал мөнгийг бүрэн төлж барагдуулсан тул цаашид Баярбаатарт ямар нэгэн гомдол, саналгүй” гэх мэдүүлэг хавтаст хэргийн 168 дугаар хуудаст, “хэргийн материалтай танилцлаа, Я.Баярбаатар, Х.Баасансүрэн нарт хохирогчийн хувьд ямар нэг гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэх хүсэлт хавтаст хэргийн 184 дүгээр хуудаст тус тус авагдсан бөгөөд мөн 2016 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн шүүх хуралдаанд хохирогч С.Гантулга нь биеийн байдал хэвийн болсон, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй хэмээн мэдүүлсэн тул гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлөгдсөн, гэм хор арилсан гэж үзэв.

Хохирогч С.Гантулга хохирол төлбөрт баримтаар нийт 366.137 (гурван зуун жаран зургаан мянга нэг зуун гучин долоо) төгрөг нэхэмжилсэн хэдий ч шүүгдэгч Я.Баярбаатар түүнд нийт 2.000.000 (хоёр сая) төгрөгийн хохирол төлсөн болох нь хавтаст хэргийн 179, 203 дугаар хуудаст авагдсан нотлох баримтаар нотлогдож байна. 

Зургаа. Шийдвэрлэвэл зохих бусад асуудлын талаар:

Шүүгдэгч Я.Баярбаатар нь нийт 72 (далан хоёр) хоног цагдан хоригдсон тул уг хугацааг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1., 59.2. дахь хэсэгт зааснаар түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцлоо.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Я.Баярбаатар нь бусдад төлөх төлбөргүй, түүний гадаад улсад зорчих эрхийг хязгаарлаагүй, иргэний бичиг баримтыг шүүхэд ирүүлээгүй, хохирогч С.Гантулга нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус тогтоолд дурдав.

Шүүгдэгч Я.Баярбаатарт оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэсэн тул түүнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, оролцогч нарт давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарлан өгөв. 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3., 294, 296, 297, 298 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Шүүгдэгч Моломдагва овогт Янжингийн Баярбаатарыг бусдын бие махбодод хүнд гэмтэл санаатай учруулсан гэм буруутайд тооцсугай.

2.Шүүгдэгч Я.Баярбаатарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1. дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1. дэх хэсэгт зааснаар 3 (гурав) жил 5 (тав) сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10. дахь хэсгийг журамлан мөн зүйлийн 52.5. дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Я.Баярбаатарт оногдуулсан 3 (гурав) жил 5 (тав) сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1., 59.2. дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Я.Баярбаатарын цагдан хоригдсон нийт 72 (далан хоёр) хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Я.Баярбаатар нь бусдад төлөх төлбөргүй, түүний гадаад улсад зорчих эрхийг хязгаарлаагүй, иргэний бичиг баримтыг шүүхэд ирүүлээгүй, хохирогч С.Гантулга гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.

6.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3. дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох тул шүүгдэгч Я.Баярбаатарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, түүний эдлэх ялыг 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрөөс эхлэн тоолсугай.

7.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1. дэх хэсэгт зааснаар эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

8.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1. дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Я.Баярбаатарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

                           ДАРГАЛАГЧ                                    Б.БАТАА

 

                             ШҮҮГЧИД                                      Т.АЛТАНТУЯА

                                                                                     Г.ГАНБААТАР