Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 09 сарын 25 өдөр

Дугаар 102/ШШ2018/02848

 

018 оны 09 сарын 25 өдөр

Дугаар 102/ШШ2018/02848

 

 

Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

           

 

            Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхцэцэг даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

 

            Нэхэмжлэгч: Х.Ж-ын нэхэмжлэлтэй,

 

            Хариуцагч: С.Т-д холбогдох,

 

            Үндсэн нэхэмжлэлийн шаардлага: 2016 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн итгэмжлэл гэрчилсэн нотариатын үйлдлийг хүчингүйд тооцуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Х.Ж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Д, хариуцагч С.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Дөлгөөн нар оролцов.

 

                                     ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Х.Ж шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би П.Бгэдэг хүнтэй 1990 оноос хойш хамтран амьдарч байгаад одоогийн байдлаар тусдаа амьдарч байгаа. “Хаан банк” ХХК дээр очоод гүйлгээний талаар ярилцаж байсан чинь намайг “Хаан банк” ХХК-ийн теллер та манайд 4,5 тэрбум төгрөгийн зээлийн өртэй байна. Би өөрөө ч зээлтэй байгаагаа мэдэхгүй явж байгаад тэгж би зээлтэй болохоо мэдсэн. Аудитын газраар шалгуулаад үзсэн чинь ийм дугаартай С.Т гэдэг Баянгол дүүргийн нотариатч хүн гэрчилсэн байна гэсэн. Би 4,5 тэрбум төгрөгийн хамтран зээлдэгч болчихсон байна гээд С.Тын ажил дээр очсон. Очиход надтай энэ хүн асар зүй бусаар харьцсан. Гарын үсгээ хартал шал өөр гарын үсэг зурагдчихсан байсан. Тэгээд нотариатч хүн ингэж болохгүй гэдэг шаардлага тавихад чи явдаг газраараа яваад шийдүүл гэхээр нь би шүүхэд хандсан. Би хуульч хүн биш гэхдээ жирийн хүн харахад хууль бус үйлдэл. Уучлалт гуйгаад надаас буруугаа хүсэх нь битгий хэл намайг доромжилсон учраас би энэ хүнийг нотариатч байх боломжгүй хүн гэж үзэж байна. Жирийн хүн ойлгох юмыг өөрөө ойлгохгүй байгаа хүн энэ мэтчилэн олон хүнийг хохироож яваа байх цаашид ч гэсэн хохирооно. Энэ хүний намайг байхгүй хооронд баталсан итгэмжлэл баталсан үйлдлийг хүчингүй болгож өгөөч гэж хүсэж байна.  Үүнд “Хаан банк”, “Эм ти эс агро” ХХК, “Эм ти эс” ХХК хамаарал байхгүй гэв.

            Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Итгэмжлэл гэдэг маань эрх зүйн зохицуулалтын хувьд онцлогтой үйлдэл. Итгэмжлэл олгож байгаа этгээд өөрөө байх эсэх асуудал нь ер нь итгэмжлэл олгох уу гэсэн асуудал шийддэг гол зүйл. Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1 дэх хэсэгт зааснаар төлөөлүүлэгч нь төлөөлөгч болон түүнтэй хэлцэл хийх гуравдагч этгээдэд төлөөлүүлэх тухайгаа болон төлөөлөгчийн бүрэн эрхийн талаар амаар буюу бичгээр мэдэгдсэнээр бүрэн эрх олгоно гэж байгаа. Тэгэхээр бүрэн эрх олгох эрхтэй субъект нь төлөөлүүлэгч. Тэгээд түүнийгээ ийм бүрэн эрхтэй шүү гэдгээ амаараа очиж мэдэгдэнэ эсвэл бичгээр мэдэгдэж байж бүрэн эрх олгоно гэсэн агуулгын цаана ямарваа нэг итгэмжлэлд төлөөлүүлэгч байхыг шаардаад байгаа юм. Тэгтэл тухайн үед Х.Ж Монгол улсад байгаагүй. Үйл явдал 2017 оны 5 сард ч билүү 6 сард анх эхлээд над дээр Х.Ж гэдэг хүн ирээд нэг мэдсэн чинь би маш их мөнгөний банкны зээлэнд холбогдчихсон байна.  Надтай холбоотой болох үндэслэл нь итгэмжлэл байна гэсэн. Би уг нь С.Тыг мэднэ. Тийм учраас энэ хоёр хүнийг эв зүйгээр учраа олчих гээд Х.Жаа чи өөрөө байж байсан юм биш биздээ эсвэл П.Бд ийм итгэмжлэл өгий гээд хэлчихсэн юм биш биздээ гэсэн асуудал ярьсан. Гэтэл Х.Ж надад маш тодорхой тайлбар өгсөн юм. Баримттай яриад байсан учраас Х.Жад итгэсэн. Тэгээд бие биенийгээ сайн ойлгоогүй, чи ингэсэн тэгсэн гээд байгаа асуудал нь хэргийг шийдэх зүйл биш юм. Х.Жад Нотариатчдын танхимын сайт руу ор тэнд итгэмжлэл яаж олгох вэ гэдгийг уншаад цахим үнэмлэхтэйгээ өөрийн биеэр ир гээд биччихсэн байгаа. Тэгтэл утсаар ярьсан, яг мөн байсан юм гэдэг асуудал ярьсаар л байна. Нотариатын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1 дэх хэсэгт нотариатч хуулийн дээдэлнэ. Энэ хуулийн 3.1.6 дахь хэсэгт заасан хэд хэдэн зарчмууд дурдаад байгаа юм. Хууль дээдэлнэ гэсэн зарчим байхад төлөөлүүлэгч нь өөрийн биеэр байна гэсэн зохицуулалт байсаар атал олны танил гэдэг утгаар нь итгэмжлэл өгчихөөд өнөөдрийн хүртэл хүлээн зөвшөөрөхгүй байгаа нь үндэслэлгүй юм. Итгэмжлэл дээр гарын үсэг зураагүй нь П.Бганцаараа ирсэн болохоор зураагүй. Дараа нь иргэний үнэмлэхний лавлагааг Х.Ж аваачиж өгөөгүй байна. Х.Ж огт тэнд очоогүй байхад П.Бэр яагаад гарын үсэг зуруулчихаж байгаа юм. Энэ нь өөрөө хууль зөрчсөн байна. Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2.1 дэх хэсэгт зааснаар итгэмжлэлд төлөөлүүлэгч гарын үсэг зурсан байна гээд заасан байна. Шүүгч яагаад Х.Жыг дуудаад гарын үсгийг нь зуруулаагүй юм бэ гэхэд хариулт өгөөгүй. Тэгэхээр энэ анхнаасаа хууль зөрчсөн тухай харуулж байна. Хариуцагчид хариу тайлбар юм уу баримт байвал өг гэхэд огт өгөөгүй гэтэл өнөөдөр баримт байна эхээрээ надад байна гэдэгт надад их эргэлзээ төрж байна. Нотариатын тухай хуулийн 32, 34 дүгээр зүйлд ямар тохиолдолд тэмдэглэл үйлдэх вэ гээд заачихсан байдаг. Монголын Нотариатчын танхимын Сахилгын зөвлөлд С.Тыг мэдэгдсэн, гэхдээ гишүүдээ тоодоггүй юм байна лээ. Тийм учраас нотариатын үйлдсэн итгэмжлэлийг хүчингүй болгуулж өгнө үү гэв.

Хариуцагч С.Т шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  2016 оны 1 сарын 29-ний өдөр П.Бгэдэг хүн над дээр ирээд хамтран зээлдэгч маань гадаадад явж байгаа. Х.Жын нэр дээр итгэмжлэл хийгээд өгөөч гээд Х.Жтай утсаар яриулсан. Тэгсэн тухайн үед Х.Ж надад юу гэж хэлсэн гэхээр “Наад хүн чинь бүгдийг мэднэ. Миний хамраас цус гараад байна. Алив наад хүндээ өгдөө” гээд тэр хоёр яриад байсан.  Хоёр тэрбумын зээл гэж ярьдаг юм билээ. Та манай ажилд орж ирэхдээ нүдний шилээ тайлахгүй хашгичаад байхаар нь оруулж ирээд за Х.Жаа чи надтай утсаар яриад итгэмжлэл хийлгэсэн байхаа. Чи надтай ярихдаа хамраас цус гараад байна, наад хүн чинь бүгдийг мэднэ гээд хэлж байсныг чинь хэлэхэд царай чинь сонин болсноо санаж байна уу. Шүүх дээр чи надад өс хонзон авна гээд орж ирээд байх шиг байна. Шүүх өс хонзон авдаг газар биш л дээ. Итгэмжлэлээ бичээд эхэлсэн чинь нэг хаягтай байсан сүүлд асуухад тийшдээ эхнэр нь гэж сонсогдож байсан. Юу ч мэдээгүй явж байтал 4,5 тэрбумын зээлтэй болчихлоо гэж яриад байх юм. Чи амьдрал дээр шударга байж чадвал амьдрал ч гэсэн чамд шударга байж чадна. Иргэний хуульд итгэмжлэлийг амаар буюу бичгээр өгнө гэсэн заалт байгаа. П.Бд итгэсэн биш Х.Жад итгэсэн. Би чамтай яриагүй гээд одоо шөмбөлзөөд байгаа байхгүй юу. Х.Ж би самалдагны хагалгаанд орсон гэж байна. Тэгээд тухайн үед ярихдаа цус гарсныг би яаж мэдэх үү. Чи тухайн үедээ санасан байхгүй юу. Над дээр үйлчлүүлж байсан  хоёр залуу шоолоод үнэхээр утсаар ярьсан л юм байна шүү дээ гээд байсан.  Нотариатчийн ёс зүйг дагасан уу гэвэл дагасан. Мөнгөтэй найзтай чинь нийлээд мөнгө илүү аваад байсан зүйл байхгүй, үйлчилгээний хөлсөнд 10.000 төгрөг авсан. Х.Ж амаар зөвшөөрөл өгсөн учраас итгэмжлэл хийсэн. Надтай утсаар ярьсан учраас би итгэмжлэл хийсэн. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэв гэв.

 

            Нэхэмжлэл, зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,              

            

ҮНДЭСЛЭХ нь:

 

            Нэхэмжлэгч Х.Ж нь хариуцагч С.Тд холбогдуулан 2016 оны 01 дүгээр сарын 29-ны өдрийн итгэмжлэл гэрчилсэн нотариатын үйлдлийг хүчингүйд тооцуулахаар  нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

            Хариуцагч нь төлөөлүүлэгчийн амаар өгсөн зөвшөөрлийн дагуу гэрчилсэн тул хүчингүйд тооцох үндэслэлгүй гэж эс зөвшөөрч маргав.

            Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.

            Нотариатч С.Т нь 2016 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр иргэн Х.Жаас иргэн П.Бд олгосон итгэмжлэлийг Нотариатын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.3 дахь хэсэгт заасан эрхийн дагуу гэрчилж, нотариатын үйлдэл хийжээ.

            Нотариатын тухай хуулийн 41 дүгээр зүйл, Нотариатын үйлдэл хийх зааврын 7 дугаар зүйлд итгэмжлэл гэрчлэхэд тавигдах шаардлага, итгэмжлэлийг гэрчлэх нотариатчийн анхаарал зүйлийг тус тус зааж өгсөн байна.

            Итгэмжлэл нь төлөөлүүлэгчээс төлөөлөгчид олгосон бүрэн эрхийг гэрчлэх баримт бөгөөд өөрөө эрх зүйн үр дагавар үүсгэдэг, мөн төлөөлөгчийн үйл ажиллагааны үр дүнд бий болсон энэхүү эрх зүйн үр дагавар нь төлөөлүүлэгчид бий болдог учир эрх зүйн өндөр ач холбогдолтой баримт юм.

            Нотариатын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д зааснаар нотариатч тогтоосон тойрогтоо үйл ажиллагаа эрхлэн явуулах ажлын байртай байх бөгөөд хуульд өөрөөр заагаагүй бол нотариатч нотариатын үйлдлийг зөвхөн ажлын байрандаа хийх үүрэгтэй.

            Нотариатын үйлдэл хийх зааврын 2.3-т “Үйлчлүүлэгч төлөөлөгчөөрөө дамжуулан нотариатын үйлдэл хийлгэхийг хуулиар зөвшөөрсөн болон Нотариатын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт зааснаас бусад тохиолдолд үйлчлүүлэгч нь нотариатчийн ажлын байранд өөрийн биеэр ирж үйлчлүүлнэ” гэж, Нотариатын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т “Эрүүл мэндийн болон хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар үйлчлүүлэгч нотариатчийн ажлын байранд ирэх боломжгүй бол нотариатч түүний хүсэлтээр байгаар газар нь очиж  нотариатын үйлдэл хийж болно” гэж тус тус заасан.

            Хариуцагч нь Х.Жтай утсаар ярьж зөвшөөрөл авсан тул түүний итгэмжлэл гэрчилсэн үйлдэл нь Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1 дэх хэсэгт заасантай нийцнэ гэж татгалзаж байгаа нь дараах байдлаар үндэслэлгүй байна.

            Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1-д заасан амаар зөвшөөрөл өгөх нь  төлөөлөгч болон түүнтэй хэлцэл хийх гуравдагч этгээдэд төлөөлүүлэх тухайгаа болон төлөөлөгчийн бүрэн эрхийн талаар мэдэгдэхтэй холбоотой бөгөөд нотариатч нь энэ зүйлд заасан төлөөлөгч, эсхүл Х.Жтай хэлцэл хийх гуравдагч этгээдийн хэн ч биш, харин хуулийн дагуу төлөөлөх бүрэн эрхийг нь баталгаажуулах үүрэг бүхий этгээд юм.

            Хэдийгээр хариуцагч Х.Төгсжаргал нь нотариатын үйлдлийг хийхдээ хуульд зааснаар өөрийн ажлын байранд хийсэн боловч нэхэмжлэгч Х.Ж нь итгэмжлэл олгох тухайн цаг мөчид нотариатчийн өрөөнд биечлэн ирээгүй, улмаар Монгол Улсад байгаагүй, уг итгэмжлэлээр эрх шилжүүлж авсан П.Бд итгэн нотариатч уг үйлдлийг хийсэн болох нь хариуцагчийн тайлбар, нотариатчийн бүртгэлийн дэвтэрт Х.Ж гарын үсгийг зураагүй бүртгэлийн дэвтрийн хуулбараар тогтоогдож байна.

            Нотариатын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.1-д “үйлчлүүлэгчид эх, үүргийг нь тайлбарлан, тухайн үйлдлийг өөрийн хүсэл зоригийн дагуу хэрэгжүүлж байгаа эсэхийг тодруулан, эрх зүйн үр дагавар, хууль зүйн ач холбогдлыг тайлбарлан зөвлөгөө өгөх”, Нотариатын үйлдэл хийх зааврын 7.2-т “Итгэмжлэлд төлөөлүүлэгчээс олгосон бүрэн эрх нь тодорхой, ойлгомжтой байх бөгөөд олгосон бүрэн эрхийн хүрээнд хийгдсэн хэлцлээс үүсэх эрх, үүрэг нь гагцхүү төлөөлүүлэгчид бий болох бөгөөд төлөөлүүлэгч нь хэдийд ч итгэмжлэлээ хүчингүй болгох, төлөөлөгч итгэмжлэлээс татгалзах эрхтэй болохыг нотариатч нь тэдгээрт тайлбарлана” гэж заасан бөгөөд хариуцагч нотариатч С.Т нь итгэмжлэл гэрчлэхдээ дээр дурдсан хуулийн заалтыг зөрчжээ.

            Нотариатын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.6, 31.3-т заасны дагуу нотариатч хуульд заасан бусад тохиолдолд нотариатч үйлдэл хийхээс татгалзах үүрэгтэй бөгөөд уг үүргээ зөрчиж хийсэн үйлдлийг шүүх хүчингүй болгох зохицуулалттай байна.

            Нэхэмжлэгч Х.Ж нь итгэмжлэл олгох үеэр өөрөө биечлэн байгаагүй үед хэн нэгэн этгээдэд найдан итгэмжлэлийг гэрчилсэн үйлдэл нь хууль бус гэж үзэх тул 2016 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Х.Жаас П.Бд  олгосон  итгэмжлэлийг гэрчилсэн нотариатын үйлдлийг хүчингүй болгох нь зүйтэй байна.

            Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу хуваарилж шийдвэрлэлээ.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн  115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон,

 

                                                ТОГТООХ нь:

 

            1. Нотариатын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь заалтыг баримтлан 2016 оны 01 дүгээр сарын 29-ны өдөр Х.Жаас П.Бд олгосон итгэмжлэлийг гэрчилсэн нотариатын үйлдлийг хүчингүй болгосугай.

 

            2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч  Х.Жаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Таас  улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Х.Жад олгосугай.

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан буюу хүргүүлсэнээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                                          

 

 

 

 

               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Ч.МӨНХЦЭЦЭГ