Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 05 сарын 07 өдөр

Дугаар 221/МА2024/0296

 

 

 

 

 

 

“Б*******” ЗБХН-ийн нэхэмжлэлтэй

 захиргааны хэргийн тухай

 

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч З.Ганзориг

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Т.Энхмаа

Илтгэсэн шүүгч Э.Лхагвасүрэн

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.М*******

Хэргийн оролцогчид:

Нэхэмжлэгч “Б*******” ЗБХН

Хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын сайд

 

Нэхэмжлэлийн шаардлага: 2023 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн А/429 дүгээр “Б*******” ЗБХН-ийн “Газар ашиглах эрхийг хүчингүй болгох тухай” тушаалыг хүчингүй болгуулж, газар ашиглах эрхийг сунгуулах хүсэлтийг хуульд нийцүүлэн шийдвэрлээгүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, газар ашиглах эрхийг хуульд нийцүүлэн сунгахыг даалгах

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 89 дүгээр шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.А*******, Ц.Ш****

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.М*******

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхжин

Хэргийн индекс: 128/2023/0896/З

 ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч “Б*******” ЗБХН-өөс Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдуулан “2023 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн А/429 дүгээр “Б*******” ЗБХН-ийн “Газар ашиглах эрхийг хүчингүй болгох тухай” тушаалыг хүчингүй болгуулж, газар ашиглах эрхийг сунгуулах хүсэлтийг хуульд нийцүүлэн шийдвэрлээгүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, газар ашиглах эрхийг хуульд нийцүүлэн сунгахыг даалгах”-аар маргаж байна.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 89 дүгээр шийдвэрийн:

“1 дэх заалтаар Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, 40 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1 дэх заалт, Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.4, 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6 дахь заалт, Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 24.2, 24.4, 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагад дурдсан маргаан бүхий Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 09 дүгээр 01-ний өдрийн А/429 дугаартай тушаалыг хариуцагчаас дахин шинэ акт гаргах хүртэл 2 сарын хугацаатай түдгэлзүүлж,

2 дахь заалтаар Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 1, Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1 дэх хэсэг, 35.1.5 дахь заалт, Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох газар ашиглах эрхийг сунгуулах хүсэлтийг хуульд нийцүүлэн шийдвэрлээгүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, газар ашиглах эрхийг сунгуулах хүсэлтийг хуульд нийцүүлэн шийдвэрлээгүй хариуцагчийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, үлдэх шаардлага болох газар ашиглах эрхийг хуульд нийцүүлэн сунгахыг даалгах шаардлагыг хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

3.Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.М******* дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

3.1. “…Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн А/429 дүгээр тушаалыг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагыг дахин шинэ акт гаргах хүртэл 2 сарын хугацаатай түдгэлзүүлж шийдвэрлэсэн үндэслэлийн тухайд:

Маргаан бүхий тушаалын үндэслэл нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6 дахь заалтууд буюу нэхэмжлэгч газрын төлбөрөө хугацаанд нь төлөөгүй, газраа зориулалтын дагуу 2 жил ашиглаагүй гэсэн үндэслэлээр цуцалсан байдаг.

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд тушаал гарахдаа холбогдох төрийн байгууллагаас ирүүлсэн баримтыг үндэслэдэг. Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Засаг даргаас ирүүлсэн "Газрын төлбөрийн тооцоо нийлсэн акт"-д 2020, 2021 онуудад төлбөрийн үлдэгдэлтэй, 2023 он хүртэл нийт 1,427,623 төгрөгийн үлдэгдэлтэй гэсэн байдаг. Мөн хэрэгт авагдсан "Улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах тухай гэрээ дүгнэсэн акт"-д хугацаанд нь төлөгдсөн гэдэг боловч тус баримтыг нотлох баримтаар үнэлэх боломжгүй тул Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Засаг даргаас ирүүлсэн "Газрын төлбөрийн тооцоо нийлсэн акт"-аар Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5 дахь үндэслэл тогтоогдож цуцлах шийдвэр гаргасан.

Мөн Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.16 дахь үндэслэлийн тухайд нэхэмжлэгч нөхөрлөл нь газар ашиглах тушаалыг 2016 онд гаргуулсан боловч 2019 оны 8 дугаар сард газар ашиглах гэрээ байгуулсан нь хариуцагч байгууллагыг буруутгах үндэслэл болохгүй. Маргаан бүхий газар дээрээ үйл ажиллагаа явуулаагүй ба энэ талаараа шүүх хуралдаан дээр хүлээн зөвшөөрдөг.

Учир нь эхний жилд газар дээр нь өөр нэгэн этгээд байшин барьсан гэдэг боловч тус байшинг албадан буулгах, хэний байшин болохыг тодруулахаар дээд шатны захиргааны байгууллага болон шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй байсан боловч энэ талаарх эрхээ хэрэгжүүлээгүй. Шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа нэг жилд нь бичиг цаасны ажлаа хөөцөлдсөн гэж тайлбарладаг. Энэ нь өөрөө Газрын тухай хуулийн зарим заалтыг тайлбарласан Монгол Улсын Дээд шүүхийн 2008 оны 15 дугаар тогтоолтой нийцэхгүй.

Учир нь газраа зориулалтын дагуу ашиглана гэдэгт тодорхой үйлдлүүдийг заасан байдаг ба нэхэмжлэгч талаас тодорхой үйл ажиллагаа хийгээгүй, мөн бусдын хууль бус үйлдэл байсан гэж тайлбарладаг боловч бусдын хууль бус үйлдэл байсан эсэх талаарх дээд шатны байгууллагад албан бичгээр хандсан эсхүл албадан чөлөөлүүлэхээр шүүхийн журмаар маргасан зүйл байдаггүй буюу холбогдох байгууллагын шийдвэр байхгүй юм.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11. "шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзвэл захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл захиргааны актыг зургаан сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх" гэж заасан.

Гэвч газрын төлбөртэй холбоотой зөрүүтэй баримтыг шүүхээс эцэслэн тогтоох боломжгүй гэж үзсэн нь үндэслэлгүй. Энэ талаарх баримтыг шүүхээс тодруулах боломжтой ба зөрүүтэй баримтуудын талаар нарийвчлан тодруулснаар хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой байсан боловч нотлох баримт цуглуулж дахин тодруулах ажиллагаа хийгээгүй атлаа шууд хариуцагч байгууллагыг буруутгаж байгаа нь үндэслэлгүй.

Өөрөөр хэлбэл шүүхээс хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой атал нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзэж байгаа нь ойлгомжгүй байна.

Газрын тухай хуулийн 40.1.6-д заасан үндэслэлийг шүүх үгүйсгэж дүгнэсэн хэдий ч 40.1.5-д заасан үндэслэл дангаараа нэхэмжлэгчийн газрыг цуцлах хангалттай үндэслэл болохыг анхаарч үзээгүй, баримтуудад дүгнэлт хийх замаар хэргийг нэг мөр эцэслэн шийдвэрлээгүйгээс шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болж чадаагүй тул гомдол гаргаж байна.

3.2.Газар ашиглах эрхийг сунгуулах хүсэлтийг хуульд нийцүүлэн шийдвэрлээгүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн үндэслэлийн тухайд:

Нэхэмжлэгч нь Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд газар ашиглах эрхийг сунгуулах хүсэлтийг шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүйтэй холбоотой маргаж тус хэрэг нь эцэслэн шийдвэрлэгдээд нэхэмжлэгчээс хүсэлтээ дахин 2023 оны 06 дугаар сард гаргасан байдаг.

Тус хүсэлтийг хүлээн авч нэхэмжлэгч нь Газрын тухай хуульд заасан холбогдох заалтуудыг зөрчсөн байх тул газар ашиглах эрхийг сунгахгүйгээр хүчингүй болгож шийдвэрлэсэн. Байгаль орчин, аялал жуулчлалын яам ийнхүү нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг сунгуулах хүсэлтийг хүлээн авч холбогдох шийдвэр гаргасан нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 9 дүгээр сарын 1-ний өдрийн А/429 дүгээр тушаал юм. Иймд Байгаль орчин, аялал жуулчлалын яамны эс үйлдэхүй байхгүй, хүсэлтийг шийдвэрлэсэн байх тул эс үйлдэхүйг хууль бус гэж үзэх үндэслэлгүй.

Мөн газар ашиглах эрхийг сунгуулах хүсэлтийг шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийг шаардлагыг хангаж шийдвэрлэсэн атлаа маргаан бүхий Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 9 дүгээр сарын 1-ний өдрийн А/429 дүгээр тушаалыг дахин шинэ акт гаргах хүртэл хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэж байгаа нь бодит нөхцөл байдалд тохироогүй, уялдаа холбоогүй шийдвэр гэж үзэхээр байна.

Иймд тус хэргийг хянан шийдвэрлэсэн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 128/ШШ2024/0089 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Дараах үндэслэлээр шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгов.

1.Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 9 дүгээр сарын 1-ний өдрийн А/429 дүгээр тушаалаар нэхэмжлэгч “Б*******” нөхөрлөлд олгосон 2.5 га газрын ашиглах эрхийг хүчингүй болгохдоо уг газраа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2 жил дараалан ашиглаагүй, газрын төлбөрөө заасан хугацаанд төлөөгүй гэж тус тус буруутгасан нь баримтаар хангалттай тогтоогдож байхад “…хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай, нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах цар хүрээнээс хэтэрсэн” гэж дүгнэн энэхүү тушаалыг 2 сарын хугацаатай түдгэлзүүлж шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-т заасантай нийцээгүй, энэ тохиолдолд хариуцагчаас дахин шинээр акт гаргах шаардлагагүй. 

Үнэхээр хэрэгт авагдсан, дээрх зөрчилд холбогдох баримтууд “эргэлзээтэй” байх тохиолдолд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д заасан “Захиргааны хэргийн шүүх хэргийн нөхцөл байдлыг тодруулах, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт цуглуулах, үнэлэх ажиллагааг хэрэгжүүлэх үүрэгтэй бөгөөд хэргийн оролцогчийг татан оролцуулах” гэсэн шүүх нотлох зарчмын хүрээнд, мөн 32 дугаар зүйлийн 32.1-т заасан “Хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэх” үүргийн дагуу тэрхүү эргэлзээ үүсгэж буй нөхцөл байдлыг хэргийн оролцогчдоос тодруулах бүрэн боломжтой.

Газрын төлбөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлд зааснаар хууль тогтоомжийн дагуу газар эзэмшүүлэх, ашиглуулахаар шийдвэрлэсний үндсэн дээр газрыг эзэмшиж, ашиглаж байгаа Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллага, …газрын төлбөр төлөгч бөгөөд уг хуулийн 9 дүгээр зүйлийн 1-т “Газрын төлбөрийг газар эзэмших, ашиглах эрхийг улсын бүртгэлд бүртгэгдсэн буюу Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 9.11-т заасан дундын мэдээллийн санд улсын бүртгэлийн дугаарыг оруулсан өдрөөс эхлэн тооцно” гэж зааснаас үзэхэд нэхэмжлэгчид газрын төлбөр төлөх үүрэг газар ашиглуулах шийдвэр гарснаар үүсэхээс бус шийдвэрт дүгнэсэнчилэн гурван талт гэрээ байгуулагдсанаас хойш, энэ тохиолдолд 2019 оны 8 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн үүсэхгүй.

Хэргийн 77 дугаар талд авагдсан Тооцооны үлдэгдлийн баталгааны тооцооны жагсаалтад 2018 онд газрын төлбөрт 200.000 төгрөг авсан болох нь тэмдэглэгдсэн,  71 дүгээр талд авагдсан энэ талаарх төлбөрийн баримтаас үзэхэд нэхэмжлэгч 2018 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр Хаан банкаар дамжуулан татварын хэлтэст дээрх төгрөгийг газрын төлбөрт төлсөн, хэрэв гэрээ байгуулсанаас хойш л төлбөр төлөх үүрэг үүснэ гэж үзвэл ийнхүү 2018 оны газрын төлбөрийг хариуцагчаас авах ёсгүй, нэхэмжлэгчээс ч төлөх шаардлагагүй мэт, гэтэл 2019 оны 8 дугаар сарын 28-ны өдөр байгуулсан газар ашиглах гэрээний 2.3-т зааснаар жилд 1.0 га-д 100.000 төгрөг буюу 2.5 га-д нийт 375.000 төгрөг төлөхөөр байх бөгөөд дээр дурдсан баталгаанд 1.193.750 төгрөгийн төлбөр төлсөн гэсэн нь 3 жилийн газрын төлбөртэй дүйцэхээр байна.

 

Харин шүүхийн лавлагааны хариу болох Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Засаг даргын 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 01/408 дугаар албан бичигт “…Б******* нөхөрлөл сүүлийн 3 жилийн хугацаанд орон нутгийн орлогын дансанд газрын төлбөр тушаагаагүй…” гэснээс, мөн газрын төлбөрийн тооцоо нийлсэн 06704-2016/00069 тоот актаар 2020-2023 оны газрын төлбөрийн үлдэгдлийг 1.427.623 төгрөгөөр тооцсон байгаагаас тус тус үзэхэд Улсын тусгай хамгаалалтай газар нутагт гэрээ дүгнэсэн 2021 оны 6 дугаар сарын 8-ны өдрийн актын дүгнүүлэх ажлын 7-д тусгагдсан “Газрын төлбөр төлбөр төлсөн баримт” хэсэгт “Хугацаанд нь төлөгдсөн” гэж дүгнэснийг 2021 оныг дуусталх хугацаанд хамааруулж болохоос бус энэ нь цаг хугацааны хувьд 2022, 2023 оны төлбөрт үл хамаарна.

Түүнчлэн Газрын төлбөрийн хэмжээг газар ашиглах гэрээгээр бус харин Газрын төлбөрийн тухай хуулиар, тухайлбал уг хуулийн 6 дугаар зүйлд газрын төлбөр тооцох үзүүлэлт, тэдгээрийг тодорхойлох журмыг хуульчилсан тул гэрээ байгуулагдсанаар газрын төлбөр төлөх үүрэг үүснэ гэж үзэхгүй, нэхэмжлэгчийн хувьд газрын төлбөрийн үлдэгдэлтэйд тооцогдоно.

Мөн хуулийн 37 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2/-т зааснаар газар ашиглах гэрээнд газрын төлбөр төлөхтэй холбоотой үүрэг, төлбөрийн хэмжээ, төлбөр төлөх хугацаа”-г тусгах бөгөөд бус төлбөр төлөх үүрэг энэхүү гэрээ байгуулагдсанаар үүсэх тухай зохицуулалт байдаггүй.

2.Маргаан бүхий газарт баригдсан дүнзэн байшин, модон хашаа нэхэмжлэгчийнх биш болохыг давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хүлээн зөвшөөрсөн төдийгүй өөр этгээдүүдийн хашаа барьсанаас шалтгаалж газар руугаа орж гарч ч чадахгүй байгаа талаараа тайлбарласан, шүүхийн үзлэгийн тэмдэглэл, фото зураг, аялал жуулчлалын баазын төсөлд хавсаргасан агаарын зургаас тус тус үзэхэд байгалийн тогтоцын хувьд Хөвсгөл нуурын татамаас холгүйхэн 2 талаараа битүү ургасан модоор бүрхсэн нарийн өргөн чөлөө бүхий газар болох нь тогтоогджээ.

Гэвч нэхэмжлэгчээс анх газар ашиглах эрх үүссэн 2016 оноос, магадгүй гэрээ байгуулагдсан 2019 оноос хойш 2017 онд төлөвлөсөн Хүннү аялал жуулчлалын бааз байгуулах төслийн хүрээнд амралтын, захиргааны, үйлчилгээний, чимээгүй, чимээтэй амралтын бүс, авто зогсоол, бохир, хог хаягдлын бүс, нийтийн бие засах газар, теннисний болон сагсан бөмбөгийн талбай зэргийг төлөвлөлтийн дагуу байгуулах ажил бодит байдалд огт хийгдээгүй, гэтэл 2017 онд энэхүү төслийн байгаль орчинд нөлөөлөх байдлын суурь судалгааны тайлан, байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний тайлан, байгаль орчны менежментийн төлөвлөгөө, орчны хяналт шинжилгээний хөтөлбөрийг тус тус боловсруулж батлуулсан байна.

Түүнчлэн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн 160 дугаар шийдвэрээр хүчингүй болгосон Сайдын 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн “Хариу хүргүүлэх тухай” 01/5037 дугаар албан бичгээр нэхэмжлэгчид хандаж “…тус ашиглах эрх авсан 2.5 га газраа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6, Ойн сан бүхий газарт газар ашиглах эрх олгосон байгаа нь Ойн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.6-д заасныг зөрчиж байх тул эдгээр зөрчилтэй холбоотой тайлбар, санал, нотлох баримтуудыг ирүүлэх”-ийг хугацаа тогтоон мэдэгдэж байсан, мөн Хөвсгөл аймгийн тусгай хамгаалалттай газрын Хамгаалалтын захиргаанаас хийсэн хээрийн судалгаа, дроны бичлэгээр газраа огт ашиглаагүй болох нь тогтоогдож, энэ талаар 2023 оны 7 дугаар сарын 5-ны өдөр газар ашиглах эрхийг цуцлуулах тухай хүсэлтийг, холбогдох мэдээллийн хамт Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай газар нутгийн Бодлого, зохицуулалтын газарт хүргүүлжээ.

Дээрх нөхцөл байдлаас дүгнэхэд маргаан бүхий тушаалын 1 үндэслэл болох хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр газраа 2-оос дээш жил дараалан ашиглаагүй гэсэн нь хангалттай тогтоогдож байхад шийдвэрт шүүхийн үзлэгээр тогтоогдсон “…дүнзэн байшин, модон хашаа, автомашины сэг зэргийг хэнийх болохыг тодруулаагүй, цаашид эдгээрийг хэрхэх талаар хуульд заасны дагуу ямар арга хэмжээ авах боломжтой талаар сонсох ажиллагааны хүрээнд хэлэлцэж шийдвэрлээгүй…” гэх зэргээр дүгнэсэн нь үндэслэлгүй.

Сонсох ажиллагаа явуулсан эсэхээс үл хамаарч бодит нөхцөл байдал хэрэгт авагдсан баримтаар хангалттай тогтоогдож буй энэ тохиолдолд сонсох ажиллагааг Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу явуулсан эсэх нь хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолгүй.

Түүнчлэн маргаан бүхий актын биелэлтийг 2 сарын хугацаатай түдгэлзүүлсэн атлаа газар ашиглах эрхийг сунгуулах хүсэлтийг хуульд нийцүүлэн шийдвэрлээгүй эс үйлдэхгүйг хууль бус болохыг тогтоосон нь, газар ашиглах эрх сунгахыг даалгах шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь логикийн хувьд хоорондоо зөрчилтэй болжээ.

Учир нь нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийн хугацаа 2021 оны 4 дүгээр сарын 18-ны өдрөөр дуусгавар болох байсан, хугацаа сунгуулах хүсэлтээ удаа дараа гаргаж байсан, тухай бүр нь хариуцагчаас зохих хариуг өгч байсан, мөн дээр дурдсан шүүхийн шийдвэр гарсны дараа буюу 2023 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 23/01-003 дугаар албан бичгээр дахин газар ашиглах эрхийн гэрчилгээний хугацаа сунгуулах хүсэлтийг гаргасан боловч Сайдын маргаан бүхий 2023 оны 9 дүгээр сарын 1-ний өдрийн А/429 дүгээр тушаалаар газар ашиглах эрхийг ийнхүү хүчингүй болгосон байхад нэхэмжлэлийн “…газар ашиглах эрхийг сунгуулах хүсэлтийг хуульд нийцүүлэн шийдвэрлээгүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох” шаардлагыг хангах үндэслэлгүй.

Өөрөөр хэлбэл Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т заасан “эс үйлдэхүй”-г хариуцагчаас огт гаргаагүй, хүсэлтийг шийдвэрлэхийн тулд гэрээнд заасан үүргээ хэрхэн биелүүлсэн болохыг тодруулах нь хариуцагчийн хуулиар олгогдсон эрх хэмжээнд хамаарах бөгөөд газар ашиглах эрхийг хүчингүй болгох үндэслэл бүрдсэн тул сунгахгүйгээр газар ашиглах эрхийг хүчингүй болгосныг дээрх хүсэлтийг шийдвэрлэсэнд тооцно.

Харин шүүгчийн 2023 оны 8978 дугаар захирамжаар шүүхийн даалгавар гүйцэтгүүлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн атлаа Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс зохих ажиллагааг хийн, холбогдох баримтыг ирүүлсэнтэй холбогдуулан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээлгүйгээр урьдчилсан хэлэлцүүлэг хийж процессын, мөн шийдвэрийн Тогтоох хэсэгт нэхэмжлэгчийн нэрийг орхигдуулж бичиглэлийн алдаа тус тус гаргасан байгааг цаашид анхаарвал зохино.

             Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн 89 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1, 2 дахь заалтыг нэгтгэн “1.Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1/, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6-д заасныг баримтлан “Б*******” ЗБХН-ийн гаргасан Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 9 дүгээр сарын 1-ний өдрийн “Газар ашиглах эрхийг хүчингүй болгох тухай” А/429 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах, газар ашиглах эрхийг сунгуулах хүсэлтийг хуульд нийцүүлэн шийдвэрлээгүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, газар ашиглах эрхийг хуульд нийцүүлэн сунгахыг даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэж, 3, 4 дэх заалтын дугаарыг “2, 3” гэж тус тус өөрчлөн, бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Мэргэндарийн давж заалдах гомдлыг хангасугай.  

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д заасан хугацааны дотор, 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар магадлалыг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

                            ШҮҮГЧ                                                       З.ГАНЗОРИГ

 

                              ШҮҮГЧ                                                       Т.ЭНХМАА

 

                            ШҮҮГЧ                                                          Э.ЛХАГВАСҮРЭН