Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 06 сарын 23 өдөр

Дугаар 001/ХТ2021/00828

 

  С.Нарантуяагийн нэхэмжлэлтэй 

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Д.Цолмон даргалж, шүүгч П.Золзаяа, С.Соёмбо-Эрдэнэ, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 101/ШШ2020/03815 дугаар шийдвэр,

 Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 108 дугаар магадлалтай,

 С.Нарантуяагийн нэхэмжлэлтэй,

Сандэй плазад бизнес эрхлэгчид Цэлмэг төв ГҮТББ-д холбогдох,

Ажилгүй байсан хугацааны цалин хөлтэй тэнцэх олговорт 14,846,510 төгрөгийг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, бичилт хийхийг даалгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Анарын хяналтын журмаар гаргасан гомдлоор

шүүгч Х.Эрдэнэсувд илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Цэрэнлхам, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Анар, хариуцагчийн өмгөөлөгч Э.Жанчивдорж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Амарбаясгалан нар оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цэрэнлхам шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: С.Нарантуяа нь Сандэй плаза худалдааны төвд худалдаа эрхлэгчдийн холбоо ГҮТББ-д хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулж тус байгууллагын захирлын тушаалаар 2016.07.06-ны өдрөөс ерөнхий инженерийн албан тушаалд томилогдон ажиллаж байсан бөгөөд тухайн үед Сандэй плаза үйлчилгээний төвийн ашиглалтын захиргааг Сандэй плаза худалдааны төвд худалдаа эрхлэгчдийн холбоо ГҮТББ эрхлэн явуулдаг байсан. 2018.12.10-ны өдөр Сандэй плаза үйлчилгээний төвд худалдаа эрхлэгчдийн холбоо нь Сандэй плаза худалдаа үйлчилгээний төвийн ашиглалтын захиргааг Ашиглалтын үйл ажиллагааг шилжүүлэх гэрээний дагуу Сандэй плазад бизнес эрхлэгчид Цэлмэг төв ГҮТББ-д шилжүүлсэн ба гэрээний 3.2-т байгууллагын үйл ажиллагааны чиглэл өөрчлөгдөхгүй учир А талын хөдөлмөрийн гэрээтэй ажилтан, албан хаагчдын гэрээг шинэчлэн үргэлжлүүлэн ажиллуулах үүрэгтэй гэж зааснаар Сандэй плазад бизнес эрхлэгчид Цэлмэг төв ГҮТББ нь ажилчидтай хөдөлмөрийн гэрээг өөрийн нэрээр шинэчлэн байгуулж үргэлжлүүлэн хэвийн ажиллуулах үүргийг хүлээсэн. Гэвч хариуцагч нь энэ үүргээ биелүүлээгүй тул нэхэмжлэгч нь дээрх гэрээний 3.2-т заасан үүргээ зөрчсөн болохыг тогтоолгох, хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулахыг даалгах, гэрээний үүргийн зөрчлөөс учирсан хохиролд 7,592,842 төгрөг гаргуулахаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж, тус шүүхийн 2019.06.21-ний өдрийн 101/ШШ2019/01853 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон ч давж заалдах шатны шүүхийн 2019.08.23-ны өдрийн 1552 дугаар магадлалаар өөрчлөлт орж, нэхэмжлэлийн шаардлагаас зөвхөн 1,230,050 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, бусад хэсгийг хангаж шийдвэрлэсэн. Энэ нь Улсын Дээд шүүхийн 2020.07.28-ны өдрийн 001/ХТ2020/00436 тоот тогтоолоор хэвээр үлдсэн. Гэвч хариуцагч нь өнөөдрийг хүртэл шүүхийн шийдвэрийг сайн дураараа биелүүлээгүй, урьд эрхэлж байсан албан тушаалд томилоогүйгээс нэхэмжлэгч нь урт хугацаагаар ажилгүй, цалин орлогогүй байж хохирч байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д Энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно гэж заасны дагуу нэхэмжлэгч нь хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээс өнөөдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалинг хариуцагчаас нэхэмжлэх эрхтэй байна. Монгол Улсын Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005.05.05-ны өдрийн 55 тоот тушаалын хавсралт Дундаж цалин хөлс тодорхойлох журмын 7.а-д Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу ...буруу халсан буюу шилжүүлсэн үеийн зөрүүг нөхөн төлүүлэхтэй холбогдуулан дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалин хөлсөөр тодорхойлно гэж заасны дагуу Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалаар нэхэмжлэгч нь тухайн албан тушаалыг эрхэлж байхдаа сарын дундаж цалин 1,060,465 төгрөгийг авч байсан гэж тогтоосон. Үүнээс тооцоолон үзвэл нэхэмжлэгч нь шүүхийн шийдвэр гарсан өдөр буюу 2019.06.21-ний өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргасан өдөр хүртэл 14 сарын цалинд нийт 14,846,510 төгрөгийг хариуцагчаас гаргуулах хууль зүйн үндэслэлтэй байна. Иймд 2019.06.21-ний өдрөөс 2020.08.21-ний өдөр хүртэлх хугацааны ажилгүй байсан цалинд 14,846,510 төгрөг гаргуулах, дээрх хугацааны нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч Т.Жавхлантөгс шүүхэд гаргасан хариу тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Анар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: С.Нарантуяа нь 2020.08.21-ний өдөр Сандэй плазад бизнес эрхлэгчид Цэлмэг төв ГҮТББ-д холбогдуулан 2019.06.21-ний өдрөөс 2020.08.21-ний өдөр хүртэлх хугацааны ажилгүй байсан цалинд 14,846,510 төгрөг гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна. Нэхэмжлэгч нь Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс шийдвэр гарсан өдрөөс тооцон нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. Нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргаснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж анхан шатны шүүхийн шийдвэр гарсан. Хуульд заасан эрхийн дагуу хэргийн оролцогч талууд давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж шийдвэрлүүлж явсаар дээрх хугацаа өнгөрсөн. Энэ нь хариуцагч талаас шалтгаалсан зүйл биш бөгөөд шүүхийн ажиллагааны дагуу өнгөрсөн хугацаа юм. Хуульд заасан эрхийнхээ дагуу нэхэмжлэгч нь давж заалдах болон хяналтын шатны шүүхэд гомдол гаргасан. Энэ хугацааны цалинг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй байна. Хариуцагч талаас цаг хугацаа алдсан зүйл байхгүй. Улсын дээд шүүхийн 2020.07.28-ны өдрийн бичгээр гарсан шийдвэрийн дагуу хариуцагч нь нэхэмжлэгчийг тус байгууллагын ерөнхий инженерийн ажилд томилж тушаалаараа мэдэгдэл хүргүүлсэн боловч нэхэмжлэгч нь өөрөө энэ албан тушаалд ажиллахгүй, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд маргаантай байгаа учраас шүүхийн шийдвэр гартал ажилдаа эргэн орж ажиллахгүй гэсэн тайлбар өгсөн. Үүнтэй холбоотой ажлаа таслаад явж байгаа нөхцөл байдал үүссэн. С.Нарантуяагийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаар тодорхойлолт хэрэгт авагдсан байгаа. Тодорхойлолтоос үзэхэд 2019 оны 5, 6 сараас Бест-Энержи ХХК, 2019 оны 07 сараас 2020 оны 05 сарыг дуустал Даймонд констракшн ХХК, 2020 оны 06 сард Шинэ Сандэй худалдааны төв ХХК, 2020 оны 8, 9 дүгээр сард Энхтайван найрамдлын ордон ТББ-д ажиллаж байгаа гэсэн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт байна. Үүнээс үзэхэд Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.1-т заасны дагуу нэхэмжлэгч ажил хийгээгүй байсан бол ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах нь үндэслэлгүй байна. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлдээ дээрх гэрээний 3 дугаар зүйлийн 3.2 дахь хэсэгт заасан үүргээ зөрчсөн болохыг тогтоолгох, хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулахыг даалгах, гэрээний үүрэгт учирсан хохирол болох 7,592,842 төгрөг гаргуулахаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан байдаг. Давж заалдах шатны шүүхийн 2019.08.23-ны өдрийн 1552 дугаартай магадлалаар нэхэмжлэлийн шаардлагаас 1,230,050 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, бусад хэсгийг хангаж шийдвэрлэсэн өмнөх шүүхийн шийдвэртэй холбогдуулан энэ 14 сая төгрөгийн цалинг гаргуулах үндэслэлтэй гэсэн байдлаар тайлбар хийгээд байдаг. Өмнөх шүүхийн шийдвэрийг харахаар нэхэмжлэгчид учирсан хохирол буюу олж болох байсан орлого гэж үзээд Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх үндэслэлээр шийдсэн. Нэхэмжлэгч нь одоо гаргаж байгаа нэхэмжлэлийн шаардлага дээр дурдаад байгаа хугацаандаа өөр газар ажиллаж байсан атлаа дахиад олж болох байсан орлого гэж давхар ажил хийх ёстой байсан юм шиг мөнгө нэхэмжлээд байгаа нь үндэслэлгүй байна гэж үзэж байна. Олж байсан орлого гэдгийг харахаар тэр хүн хоёр газар зэрэг хөдөлмөрийн гэрээгээр ажиллах боломжгүй. Ажлын 8 цагаар ажиллах болохоос тусдаа ямар нэгэн байдлаар өөрөө биечлэн ажил хийлгүйгээр олж болох байсан орлого тасалдсан гэх нотлох баримт байхгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 101/ШШ2020/03815 дугаар шийдвэрээр: Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.5-т заасныг баримтлан хариуцагч Сандэй плазад бизнес эрхлэгчид Цэлмэг төв ГҮТББ-аас 2019 оны 06 сарын 21-ний өдрөөс 2020 оны 08 сарын 21-ний өдрийг хүртэлх хугацааны 14 сарын ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 14 846 510 /арван дөрвөн сая найман зуун дөчин зургаан мянга таван зуун арван/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.Нарантуяад олгож,

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч С.Нарантуяагийн ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэл, бусад татварыг суутган, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийхийг хариуцагч Сандэй плазад бизнес эрхлэгчид Цэлмэг төв ГҮТББ-д даалгаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 232,182 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Сандэй плазад бизнес эрхлэгчид Цэлмэг төв ГҮТББ-аас нэхэмжлэлийн шаардлагын хангасан үнийн дүнд тохирох улсын тэмдэгтийн хураамжид 232,182 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч С.Нарантуяад олгож шийдвэрлэжээ.

 Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 108 дугаар магадлалаар: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 101/ШШ2020/03815 шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг 14,846,510 гэснийг 13,878,200 гэж, 3 дахь заалтын 232,182 гэснийг 227,341 гэж өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт заасны дагуу хариуцагчийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчийн төлсөн 232,183 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Анар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.11.03-ны өдрийн 101/ШШ2020/03815 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021.01.08-ны өдрийн 108 дугаар магадлалыг тус тус эс зөвшөөрч, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-т заасны дагуу шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэн хяналтын журмаар дараах гомдлыг гаргаж байна.

Анхан болон давж заалдах шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.5-д заасныг тус тус баримтлан ...хариуцагч Сандэй плазад бизнес эрхлэгчид Цэлмэг төв ГҮТББ-аас 2019.06.21-ний өдрөөс 2020.08.21-ний өдрийг хүртэлх хугацааны 14 сарын ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 13,878,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.Нарантуяад олгож, ...ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэл, бусад татварыг суутган, нийгмийн бөлөн эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийхийг хариуцагчид даалгаж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь огт үндэслэлгүй байна.

Давж заалдах шатны шүүх ийнхүү шийдвэрлэхдээ магадлалын хянавал хэсэгт ...Нэхэмжлэгч С.Нарантуяаг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны... 1552 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн 2020 оны ...001/ХТ2020/00436 дугаар тогтоолоор Сандэй плазад бизнес эрхлэгчид Цэлмэг төв холбоо ГҮТББ-ын ерөнхий инженерийн албан тушаалд эгүүлэн тогтоож шийдвэрлэсэн ба уг шийдвэр хүчин төгөлдөр байна гэх байдлаар хэрэгт авагдсан нотлох баримт болох өмнөх шүүхийн шийдвэрүүдийг буруу тайлбарлаж, талуудын хооронд Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасан харилцаа үүссэн мэтээр буруу тодорхойлжээ.

Дээр дурдсан шүүхийн шийдвэрүүдэд Иргэний хуулийн 9 дүгээр 9.4.3, 203 дугаар зүйлийн 203.1, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан С.Нарантуяатай хөдөлмөрийн хугацаагүй гэрээ байгуулан ерөнхий инженерийн албан тушаалд томилуулахаар шийдвэрлэсэн байх ба нэхэмжлэгч С.Нарантуяаг өмнө нь ажиллаж байсан Сандэй плаза үйлчилгээний төвд худалдаа эрхлэгчдийн холбоо ТББ-аас халагдсан тул манай байгууллагатай шинээр хөдөлмөрийн гэрээ байгуулан, ажилд томилохыг даалгах байдлаар шүүх шийдвэрлэсэн болно.

Гэтэл анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт ...Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д зааснаар хөдөлмөрийн гэрээний талууд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй... С.Нарантуяа хуульд заасан хугацааны дотор шүүхэд нэхэцжлэл гаргасан байна гэж, мөн давж заалдах шатны шүүхийн магадлалын хянавал хэсэгт ...Шүүхийн шийдвэрээр ажилтныг ажилд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр олгоно. Ажил олгогчийн буруугаас ажилтан цалин хөлсөөр хохирсон тул тэрээр ажилд эгүүлэн тогтоосон шүүхийн шийдвэрийг ажил олгогчоос биелүүлэх хүртэлх хугацааны олговрыг шаардах эрхтэй гэж тус тус хэргийн оролцогчдыг хөдөлмөрийн гэрээний талууд гэж дүгнэсэн нь огт үндэслэлгүй байна.

Ийнхүү бодит байдал дээр хариуцагч Сандэй плазад бизнес эрхлэгчид Цэлмэг төв ГҮТББ болон С.Нарантуяа нарын хооронд ажлаас буруу халах, ажил албан тушаалд нь эгүүлэн тогтоох тухай харилцаа үүсээгүй, өмнө нь огт гэрээ байгуулж байгаагүй, талуудын хооронд хөдөлмөрийн харилцаа үүсээгүй бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасан Энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол гэх урьдчилсан нөхцөл бий болоогүй тул түүний үр дагавар болох ...ажилгүй байсан хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор олгох хуулийн зохицуулалт хамааралгүй болно. Улмаар давж заалдах шатны шүүхийн магадлалд ...Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлд ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг ажил албан тушаалд нь эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэрээр хөдөлмөрийн гэрээ сэргээгдсэн ажилтны ажилгүй байсан бүх хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг хууль бус шийдвэр гаргаж халсан ажил олгогч нөхөн олгохоор зохицуулсан гэж дурдаад нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь огт үндэслэлгүй байна.

Учир нь нэхэмжлэгч С.Нарантуяа нь 2016 оноос хойш Сандэй плаза үйлчилгээний төвд худалдаа эрхлэгчдийн холбоо ТББ гэх өөр байгууллагад хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байсан ба 2018 онд тус байгууллагын захирлын тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн. Ийнхүү магадлалд дурдаад буй ...шийдвэр гаргаж халсан ажил олгогч гэж хариуцагч байгууллага бус Сандэй плаза үйлчилгээний төвд худалдаа эрхлэгчдийн холбоо ТББ-ыг ойлгохоор байна.

Түүнчлэн нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлохдоо 2019.06.21-ний өдрөөс буюу дээр дурдсан өмнөх иргэний хэргийг хянан шийдвэрлэсэн Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.06.21-ний өдрийн 101/ШШ2019/01853 дугаар шийдвэр гарснаас хойш ийнхүү дахин шүүхэд нэхэмжлэл гаргасан 2020.08.21-ний өдрийг хүртэлх хугацааны олговор гаргуулахаар шаарддаг. Үүнтэй холбоотойгоор анхан болон давж заалдах шатны шүүхээс Хариуцагч байгууллага нэхэмжлэгчийг ажилд эгүүлэн тогтоосон шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй, 2019.06.21-ний өдрөөс 2020.08.21-ний өдрийг хүртэл хугацаанд түүний эрхийн зөрчил үргэлжилсэн хэвээр байсан гэж дүгнэсэн нь хуульд нийцэхгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1-д Анхан шатны шүүхийн шийдвэр дараах тохиолдолд хуулийн хүчин төгөлдөр болно гээд 120.1.3-т давж заалдах шатны шүүхийн магадлалд хяналтын журмаар гомдол гаргасан бөгөөд хяналтын шатны шүүх гомдлыг хянаад энэ хуулийн 176.2.1-176.2.3-т заасан тогтоол гаргасан бол гэж заасны дагуу хяналтын шатны журмаар шүүх хэргийг хянан шийдвэрлэсний дараа шүүхийн шийдвэр, магадлал нь хуулийн хүчин төгөлдөр болохоор зохицуулсан тул ийнхүү хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байх хугацааны цалин хөлс, холбогдох эрүүл мэнд, нийгмийн даатгалын нөхөн бичилт хийхийг даалгаж шийдвэрлэсэн нь огт үндэслэлгүй байна.

Үүнтэй холбоотойгоор давж заалдах шатны шүүх магадлалыг танилцуулан сонсгохдоо 2019.06.21-ний өдөр анхан шатны шүүхийн шийдвэр гарснаас хойш 2019.08.23-ны өдор магадлал гарч, 2020.07.28-ны өдөр Улсын Дээд шүүхийн тогтоол гарсан тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой нэхэмжлэлийн шаардлагаас тодорхой хэсгийг хасч тооцон шийдвэрлэж байна гэх байдлаар дурдсан боловч магадлал бичгээр гарахдаа энэ талаар тусгаагүй байна.

Мөн тус хэрэгт нэхэмжлэгч С.Нарантуяагийн нэг сарын цалин хөлсийг тодорхойлсон баримт авагдаагүй байхад анхан шатны шүүх нэг сарын дундаж цалин хөлсийг 1,060,465 төгрөг гэж, давж заалдах шатны шүүх нэг өдрийн дундаж цалин 46,107 төгрөгөөр тооцвол сарын цалин 991,300 төгрөгийг 14 сараар тооцон ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 13,878,200 төгрөг гэх байдлаар нэг сард ажлын 21 хоногтой мэтээр тооцон цалин хөлсийг тогтоосон нь ойлгомжгүй байна.

Түүнчлэн анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг бүрэн гүйцэт үнэлээгүйгээс ийнхүү үндэслэлгүй шийдвэр гаргасан байхад давж заалдах шатны шүүх магадлалдаа ...Нэхэмжлэгч нь хариуцагчийн хууль бус шийдвэрийн улмаас ажлаас чөлөөлөгдсөн хугацаанд өөр ажил эрхэлж байсан нь түүнд буруу халсан үеийн олговрыг олгохгүй байх үндэслэл болохгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй болно.

Тус хэрэгт авагдсан Нийгмийн даатгалын ерөнхий газраас ирүүлсэн С.Нарантуяагийн Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолтоос үзэхэд нэхэмжлэгч С.Нарантуяа нь нэхэмжлэлийн шаардлагад дурдаад буй 2019 оны 06 дугаар сараас хойш өнөөдрийг хүртэл хугацаанд Вест-энержи ХХК, Даймонд констракшн ХХК, Шинэ сандэй худалдааны төв ХХК болон Энхтайван найрамдлын ордон ТББ-д тус тус тасралтгүй ажил хөдөлмөр эрхэлж, дунджаар 1,500,000 төгрөг, дээд тал нь 2,771,119 төгрөгийн цалин авч, холбогдох эрүүл мэндийн болон нийгмийн даатгал төлж байсан нь анхан болон давж заалдах шатны шүүхийн тооцоолон гаргасан С.Нарантуяагийн нэг сарын цалингийн хэмжээнээс өндөр дүн болох нь тодорхой байна.

Нэхэмжлэгч нь дээрх байгууллагуудад хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллахдаа өдөрт 8 цаг, долоо хоногт 40 цагаар буюу ажлын бүтэн цагаар хөдөлмөр эрхэлж байсан болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдааны явцад гаргасан тайлбараас тодорхой болсон бөгөөд энэ хугацаандаа хариуцагч Сандэй плазад бизнес эрхлэгчид Цэлмэг төв ГҮТББ-д давхар хөдөлмөр эрхлэх боломжгүй байсан.

Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 ХЯНАВАЛ:

 Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, хууль хэрэглээний алдааг зөвтгөж шийдвэрлэлээ.

 Нэхэмжлэгч С.Нарантуяа нь хариуцагч Сандэй плазад бизнес эрхлэгчид Цэлмэг төв ГҮТББ-д холбогдуулан ажилгүй байсан хугацааны цалин хөлтэй тэнцэх олговорт 14,846,510 төгрөгийг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, бичилт хийхийг даалгуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

 Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх хэргийг хянаад, хариуцагчаас 13,878,200 төгрөгийг гаргуулахаар шийдвэрт өөрчлөлт оруулжээ.

 Хяналтын журмаар гаргасан хариуцагчийн гомдлын заримыг хангах үндэстэй байна.

 С.Нарантуяатай хөдөлмөрийн хугацаагүй гэрээ байгуулж, Сандэй плаза худалдааны төвд ерөнхий инженерийн албан тушаалд ажиллуулахыг Сандэй плазад бизнес эрхлэгчид Цэлмэг төв ГҮТББ-д даалгаж шийдвэрлэсэн Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2020.07.28-ны өдрийн №436 тогтоолоор хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 Шүүхийн дээрх шийдвэрийг хариуцагч биелүүлж, Гүйцэтгэх захирлын 2020.09.09-ний өдрийн Б/169 тушаалаар С.Нарантуяаг Ерөнхий инженерийн ажилд томилсон тул нэхэмжлэгч нь 2019.06.21-ний өдрөөс 2020.08.21-ний өдрийг хүртэлх хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг хохиролд тооцож хариуцагчаас гаргуулахаар нэхэмжилжээ.

 Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1.-д үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо нэхэмжлэх эрхтэй гэж заасан тул нэхэмжлэгч өөрт учирсан хохирлоо нэхэмжилсэн нь хууль зөрчөөгүй байна.

 Анхан шатны шүүх хэрэгт цугларсан баримтад үндэслэн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь буруу биш боловч зохигчийн хооронд хөдөлмөрийн эрх зүйн харилцаа үүсээгүй, нэхэмжлэгч нь хариуцагчийн үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохирлыг нэхэмжилсэн байхад зохигчийн хооронд хөдөлмөрийн гэрээний эрх зүйн харилцаа үүссэн гэж дүгнэж, Хөдөлмөрийн тухай хуулийг хэрэглэсэн нь хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хууль хэрэглээний алдаа гаргасан байна.

 Давж заалдах шатны шүүх хэрэгт цугларсан баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлсний үндсэн дээр өөрийн эрх хэмжээний хүрээнд дүгнэлт хийж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн хууль хэрэглээний алдааг засаагүй алдаа гаргажээ.

 Хоёр шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй талаарх хариуцагчийн гомдол үндэслэлтэй байх тул хяналтын шатны шүүхээс шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, алдааг засч, зөвтгөх нь зүйтэй.

 Нэхэмжлэгчийн нэг сарын цалин хөлстэй тэнцэх олговрыг түүнтэй хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллахыг даалгасан Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалаар тооцож, шийдвэрлэсэн бөгөөд нэгэнт тогтоогдсон үйл баримтыг дахин нотлохгүй.

 Хариуцагч нь нэхэмжлэгчид олгуулахаар шийдвэрлэсэн хохирлын тооцооллыг буруу болохыг үндэслэл бүхий баримтаар нотлоогүй, нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрсөн тайлбар, үндэслэлээ нотлох, нотлох үүргээ хэрэгжүүлээгүйд шүүхийг буруутгах боломжгүй бөгөөд шүүх хэрэгт цугларсан баримтын хүрээнд дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.3. дахь заалтыг зөрчөөгүй гэж үзнэ.

 Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохыг хүссэн хариуцагчийн гомдлыг хангахгүй орхино.

 Дээр дурдсан үндэслэлээр анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 1.   Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021.01.08-ны өдрийн 108 дугаартай магадлалын Тогтоох хэсгийн 1 дэх заалт, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.11.03-ны өдрийн 101/ШШ2020/03815 дугаартай шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 203 дугаар зүйлийн 203.1., 219 дүгээр зүйлийн 219.1.-д зааснаар хариуцагч Сандэй плазад бизнес эрхлэгчид Цэлмэг төв ГҮТББ-аас 13,878,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж, 3 дахь заалтын 232,182 гэснийг 227,341 гэж тус тус өөрчлөн, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Анарын гомдлын заримыг хангасугай.

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д заасныг баримтлан хяналтын журмаар гомдол гаргахдаа хариуцагч Сандэй плазад бизнес эрхлэгчид Цэлмэг төв ГҮТББ-аас 2021.02.03-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 227,341 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                   Д.ЦОЛМОН

                   ШҮҮГЧИД                   П.ЗОЛЗАЯА

                                                                      С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                                                               Г.ЦАГААНЦООЖ

                                                              Х.ЭРДЭНЭСУВД