Улсын дээд шүүхийн Тогтоол

2017 оны 05 сарын 15 өдөр

Дугаар 174

 

Дундговь аймгийн Баянжаргалан

сумын Монгол Ардын намын хорооны

даргын нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимын хяналтын шатны шүүх хуралдааныг шүүгч Х.Батсүрэн даргалж, шүүгч Л.Атарцэцэг, Б.Мөнхтуяа, Д.Мөнхтуяа, П.Соёл-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга А.Батдэлгэр, нэхэмжлэгч Г.Туяа, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Жавхлантөгс /0415/, гуравдагч этгээдийн төлөөлөгч Д.Түвшинбаяр, Э.Дашдамба нарыг оролцуулан хийж, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 221/МА2017/0189 дүгээр магадлалыг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор, Дундговь аймгийн Баянжаргалан сумын Монгол Ардын намын хорооны даргын нэхэмжлэлтэй, Дундговь аймгийн Баянжаргалан сумын Сонгуулийн хорооны даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч П.Соёл-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн 02 дугаар шийдвэрээр: Сонгуулийн тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 161 дүгээр зүйлийн 161.1, 161.3-т заасныг баримтлан гуравдагч этгээд Б.Цогтгэрэл, Б.Цэрэндолгор, Д.Ундрах, Б.Золзаяа, Д.Оюунхүү, П.Амарсанаа, Г.Болдбаатар, Д.Түвшинбаяр, О.Оюунбат, Э.Дашдамба нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, нэхэмжлэгч Баянжаргалан сумын МАН-ын хорооны дарга Г.Туяагийн  Дундговь аймгийн Баянжаргалан сумын Сонгуулийн хорооны 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн “Санал хураалтын дүнгийн тухай” 05 тоот тогтоолын хавсралтын Б.Цогтгэрэл, Б.Цэрэндолгор, Д.Ундрах, Б.Золзаяа, Д.Оюунхүү, П.Амарсанаа, Г.Болдбаатар, Д.Түвшинбаяр, О.Оюунбат, Э.Дашдамба нарыг сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчөөр сонгогдсонд тооцож түр үнэмлэх олгосугай гэснийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцээд 2017 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 221/МА2017/0189 дүгээр магадлалаар: Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн 02 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийг 1 дэх заалтыг “Сонгуулийн тухай хуулийн 161 дүгээр зүйлийн 161.1, 161.3-д заасныг баримтлан нэхэмжлэгч Дундговь аймгийн Баянжаргалан сумын Монгол ардын намын хорооны дарга Г.Туяагийн “Дундговь аймгийн Баянжаргалан сумын Сонгуулийн хорооны 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн “Санал хураалтын дүнгийн тухай” 05 дугаар тогтоолын Б.Цогтгэрэл, Б.Цэрэндолгор, Д.Ундрах, Б.Золзаяа, Д.Оюунхүү, П.Амарсанаа, Г.Болдбаатар, Д.Түвшинбаяр, О.Оюунбат, Э.Дашдамба нарыг сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчөөр сонгогдсонд тооцож түр үнэмлэх олгосугай гэсэн хэсгийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.” гэж өөрчилж, Тогтоох хэсэгт “2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д заасныг баримтлан гуравдагч этгээд Б.Цогтгэрэл, Б.Цэрэндолгор, Д.Ундрах, Б.Золзаяа, Д.Оюунхүү, П.Амарсанаа, Г.Болдбаатар, Д.Түвшинбаяр, О.Оюунбат, Э.Дашдамба нарын “Дундговь аймгийн Баянжаргалан сумын Сонгуулийн хорооны 2016 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 01 дүгээр тогтоол, 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 05 дугаар тогтоолуудыг хууль ёсны болохыг хүлээн зөвшөөрсөн шийдвэр гаргахыг тус сумын Сонгуулийн хороонд даалгах” тухай бие даасан шаардлагыг хүлээн авахаас татгалзсугай.” гэсэн заалт нэмж, Тогтоох хэсгийн 2, 3 дахь заалтын дугаарыг “4, 5” болгон өөрчилж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Дундговь аймгийн Баянжаргалан сумын Монгол Ардын намын хорооны дарга Г.Туяа хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Дундговь аймгийн Ардчилсан намын сонгуулийн мөрийн хөтөлбөр нь холбогдох хууль тогтоомжид нийцсэн талаар тус аймгийн Аудитын газраас 2016 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 163 дугаар дүгнэлт гаргасан байх ба ийнхүү аудитын дүгнэлт хийгдсэн мөрийн хөтөлбөрт Баянжаргалан сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуульд нэр дэвшигчдийн дээрх агуулга бүхий "Бидний мөрийн хөтөлбөр"-т заагдсан ажлууд тусгагдаагүй байна. Тиймээс энэ нь Сонгуулийн тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.5-т заасан “сонгуулийн мөрийн хөтөлбөр нь ...төрийн аудитын байгууллагаар хянуулсан байна” гэсэн шаардлагыг хангаагүй байна.

Мөн түүнчлэн хариуцагч нь Сонгуулийн тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.3-т заасны дагуу намын сонгуулийн мөрийн хөтөлбөрөөс өөр бие даасан мөрийн хөтөлбөр буюу аудитын байгууллагаар хянагдаагүй мөрийн хөтөлбөрийг сонгуулийн сурталчилгаанд ашигласан гэж үзэж байна.

Харин Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалд үүнийг “өөр бие даасан мөрийн хөтөлбөртэй гэж үзэх боломжгүй” гэж дүгнэсэн байх боловч “бие даасан мөрийн хөтөлбөр биш” гэж үзсэн үндэслэл тодорхойгүй байна.

Тодруулбал Сонгуулийн тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.4 дэх хэсэгт заасны дагуу сонгуулийн мөрийн хөтөлбөрт “мөнгө, эд хөрөнгөтэй холбоотой эрх олгох, ажлын байранд зуучлах, ажилд оруулах, улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгийг иргэдэд шууд зарцуулахтай холбогдсон асуудал”-ыг тусгахыг хориглосон.

Гэвч “Бидний мөрийн хөтөлбөр”-т Нэгдүгээрт: “Сайн багшийн сайн шавь” хөтөлбөрийг үргэлжлүүлж, амжилт бүтээл гаргасан багш сурагчдыг бодитой урамшуулна”, Хоёрдугаарт: “Байгалийн баялаг уул уурхайг түшиглэн орон нутгийн иргэдийн ажлын байрыг нэмэгдүүлнэ”, Гуравдугаарт: “Гудамж хорооллыг гэрэлтүүлэх арга хэмжээг хэрэгжүүлж ажиллана" гэсэн нь ийнхүү хуулиар тусгахыг хориглосон агуулгыг шууд илэрхийлсэн гэж ойлгогдож байна. Учир нь эдгээр ажлуудын аль нь ч аудитын байгууллагаар хянагдсан мөрийн хөтөлбөрт тодорхой тусгагдаагүй юм.

Тиймээс энэ нь намын мөрийн хөтөлбөрөөс тусдаа бие даасан мөрийн хөтөлбөр ашигласан гэж үзэх үндэстэй байна.

Мөн Сонгуулийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.5.4-т сонгуулийн сурталчилгаа явуулах эрх бүхий этгээд нь "сонгуулийн мөрийн хөтөлбөрт тусгагдаагүй аливаа зорилт, арга хэмжээг хэрэгжүүлэх талаар амлалт авах, ийм агуулга бүхий аливаа үйлдлийг сонгуулийн сурталчилгаанд ашиглах"-ыг хориглосон.

Дээрхээс дүгнэвэл тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигч Б.Цогтгэрэл, Б.Цэрэндолгор, Д.Ундрах, Б.Золзаяа, Д.Оюунхуү, П.Амарсанаа, Г.Болдбаатар, Д.Түвшинбаяр, О.Оюунбат, Э.Дашдамба, Х.Болдбаатар, М.Оюундалай, А.Пүрэвдорж, П.Энхбаатар нар нь Сонгуулийн тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.3 дахь хэсэгт заасныг зөрчсөн тул 159 дүгээр зүйлийн 159.3-т заасны дагуу холбогдох нэр дэвшигчдийг сумын иргэдийн төлөөлөгчөөр сонгогдсонд тооцож түр үнэмлэх олгосугай гэснийг хүчингүй болгох үндэслэл байна гэж үзэж байна. Сонгуулийн сурталчилгааны үеэр Баянжаргалан сумын иргэдэд ийнхүү намын мөрийн хөтөлбөрөөс тусдаа бие даасан мөрийн хөтөлбөрийг танилцуулсан нь тэдгээр хүмүүсийн сонголтод нөлөөлсөн гол хучин зүйл юм. Аудитаар хянагдсан мөрийн хөтөлбөрөөс тусдаа бөгөөд тодорхой ажлуудыг шинээр хийхээр амлаж байгааг яавч мөрийн хөтөлбөрөөс түүвэрлэн авч дэлгэрүүлэн тайлбарласан гэж хавтгайруулан ойлгох боломжгүй гэж үзэж байна. Хууль дээдлэх, шударга ёсыг сахих зарчимд тулгуурлан явагдах ёстой сонгуулийн зохион байгуулалт хуулийг өөрт ашигтайгаар ойлгож хэрэглэснийг хүлээн зөвшөөрч болохгүй болов уу гэж үзэж байна. Иймд хууль тогтоомжийг бүрэн хэмжээнд судалж, дүгнэлт хийгээгүй, хэрэглэвэл зохих хууль тогтоомжийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүхээс Сонгуулийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байх тул магадлалд өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч Дундговь аймгийн Баянжаргалан сумын Монгол ардын намын хорооноос тус сумын Сонгуулийн хороонд холбогдуулан 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 5 дугаар тогтоолын нэр бүхий 10 иргэнд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байх бөгөөд уг тогтоолоор “олонхийн санал авсан нэр дэвшигчдийн нэрсийг баталж, иргэдийн төлөөлөгчөөр сонгогдсонд тооцож, түр үнэмлэх олгосон” байна.

Нэхэмжлэгчээс “Ардчилсан намаас нэр дэвшигчид нь намын мөрийн хөтөлбөрөөс өөр, бие даасан мөрийн хөтөлбөр гаргаж, аудитын байгууллагаар хянуулаагүй мөрийн хөтөлбөрийг сонгуулийн сурталчилгаанд ашиглаж, хууль зөрчсөн” гэх үндэслэлээр маргажээ.

Сонгуулийн тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.3 дахь хэсэгт зааснаар намаас нэр дэвшигч нь тухайн намын мөрийн хөтөлбөрөөс өөр бие даасан сонгуулийн мөрийн хөтөлбөртэй байхыг хориглосон байна. Гэтэл гуравдагч этгээд сумын Ардчилсан намаас нэр дэвшигч нар нь намын мөрийн хөтөлбөрт тусгагдаагүй асуудлаар сурталчилгаа явуулсан буруутай байна.

Тухайлбал, “амжилт гаргасан багш сурагчдыг бодитой урамшуулна” гэсэн нь тус намын мөрийн хөтөлбөрт тусгагдаагүй, Сонгуулийн тухай хуулийн 67.4.1 дэх хэсгийн сонгуулийн мөрийн хөтөлбөрт мөнгө, эд хөрөнгөтэй холбоотой эрх олгох зүйлийг тусгахыг хориглосон заалтыг зөрчсөн, “гудамж, хорооллыг гэрэлтүүлэх арга хэмжээ хэрэгжүүлж ажиллана” гэсэн нь намын хөтөлбөрт тусгагдаагүй буюу тухайн намын мөрийн хөтөлбөрт “Сайнцагаан сумын гэр хорооллын замыг хатуу хучилттай болгож, гэрэлтүүлгээр хангах ажлыг үе шаттай хэрэгжүүлнэ” гэж тусгасан нь Баянжаргалан суманд хамааралгүй, тус суманд хэрэгжих ажил биш гэж үзнэ.

Иймээс Сонгуулийн тухай хуулийн 159 дүгээр зүйлийн 159.3 дахь хэсэгт зааснаар сонгуулийн дүн гарсны дараа тухайн нэр дэвшигчийг нэр дэвшигчдийн нэрийн жагсаалтаас хасах энэ хуульд заасан үндэслэл тогтоогдвол ... сонгуулийн дүнгээс уг нэр дэвшигчид холбогдох хэсгийг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлтэй байна.

Гуравдагч этгээдийн “хуулиар намын мөрийн хөтөлбөрийг нэг бүрчлэн хуулж, шат шатны сонгуульд ашиглахыг үүрэг болгоогүй” гэх тайлбарын тухайд:

Сонгуулийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1, 5.1.6 дахь хэсэгт зааснаар сонгуульд оролцогч нам, эвсэл, нэр дэвшигч нь хууль дээдлэх, сонгуулийн хууль тогтоомж зөрчсөн этгээдэд хуулийн хариуцлага хүлээлгэх зарчмыг баримталж, сонгуулийн үйл ажиллагаанд оролцох бөгөөд шүүхээс гуравдагч этгээдийг буруутгахдаа “намын хөтөлбөрийг хуулбарлах” үндэслэлээр биш, зөвхөн намын хөтөлбөрөөс агуулга өөр хөтөлбөр боловсруулсан, намын хөтөлбөрт тусгагдаагүй асуудлаар сонгуулийн сурталчилгаа хийсэн буруутай болохыг тогтоосон болно.

“Мөрийн хөтөлбөрт тусгасан зүйлс нь ямар нэгэн санхүү төсөв хөрөнгөтэй холбоогүй, санхүүгийн эх үүсвэр шаардагдах ажил биш” гэх гуравдагч этгээдийн тайлбар үндэслэлгүй бөгөөд багш, сурагчдыг бодитой урамшуулах, гэрэлтүүлэг хийх ажил нь төсөв, хөрөнгөтэй холбоотой, санхүүгийн эх үүсвэрийн тооцоо судалгааг холбогдох байгууллагаар хянуулсан эсэх нь баримтаар нотлогдохгүй байна. 

Сонгуулийн тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.5 дахь хэсэгт зааснаар сонгуулийн мөрийн хөтөлбөр нь Төсвийн тогтвортой байдлын тухай хууль, Хөгжлийн бодлогын төлөвлөлтийн тухай хуульд нийцсэн байх, санхүүгийн эх үүсвэрийн тооцоо судалгааг төрийн аудитын байгууллагаар хянуулсан байх нь сонгуулийн мөрийн хөтөлбөрт тавигдах шаардлага байна. Сумын Ардчилсан намаас нэр дэвшигч нь төсөв хөрөнгөтэй холбоотой намын мөрийн хөтөлбөрт тусгагдаагүй асуудлаар сонгуулийн сурталчилгаа хийсэн байгаа нь хуулийн дээрх шаардлагад нийцэхгүй байна.

Гуравдагч этгээдийн “тогтоол хууль ёсны болохыг хүлээн зөвшөөрсөн шийдвэр гаргахыг даалгах” тухай бие даасан шаардлага нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт нийцээгүй, үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас ялгагдах зүйлгүй, бие даасан шаардлагын шинжийг агуулаагүй, захиргааны хэргийн шүүхийн харьяалан шийдэх маргаан биш байх бөгөөд давж заалдах шатны шүүхээс хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн нь зөв болжээ.

Иймээс нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүнээс үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 9-ний өдрийн 189 дүгээр магадлалын тогтоох хэсгийн 1 заалтын “Сонгуулийн тухай хуулийн 161 дүгээр зүйлийн 161.1, 161.3-д заасныг баримтлан нэхэмжлэгч Дундговь аймгийн Баянжаргалан сумын Сонгуулийн хорооны 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн “санал хураалтын дүнгийн тухай” 05 дугаар тогтоолын “Б.Цогтгэрэл, Б.Цэрэндолгор, Д.Ундрах, Б.Золзаяа, Д.Оюунхүү, П.Амарсанаа, Г.Болдбаатар, Д.Түвшинбаяр, О.Оюунбат, Э.Дашдамба нарын сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчөөр сонгогдсонд тооцож, түр үнэмлэх олгосугай” гэсэн хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэснийг хасч, “Сонгуулийн тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.3, 159 дүгээр зүйлийн 159.3 дахь хэсгийг баримтлан нэхэмжлэгч Баянжаргалан сумын Монгол ардын намын хорооны нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, сумын Сонгуулийн хорооны 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 5 дугаар тогтоолын Д.Түвшинбаяр, Э.Дашдамба, Д.Оюунхүү, О.Оюунбат, Б.Цэрэндолгор, Б.Цогтгэрэл, Б.Золзаяа, Г.Болдбаатар, Д.Ундрах, П.Амарсанаа нарт холбогдох хэсгийг хүчингүй болгосугай” гэж өөрчилсүгэй.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3 дахь хэсгийг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогоос гаргуулж, буцаан олгосугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                    Х.БАТСҮРЭН

ШҮҮГЧ                                                                       П.СОЁЛ-ЭРДЭНЭ