Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 10 сарын 09 өдөр

Дугаар 102/ШШ2018/02994

 

2018 оны 10 сарын 09 өдөр

  Дугаар 102/ШШ2018/02994                       

             Улаанбаатар хот

 

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Хангал даргалж тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар 

 

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, Лхагвасүрэнгийн гудамж, 46а байр хаягт байрлах “Р” сууц өмчлөгчдийн холбоо /СӨХ/-ны нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 6 дугаар хороо, 83-2-39 тоотод оршин суух, Боржигон овогт Б.С /РД:/-т холбогдох,

 

1,103,916 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.А, хариуцагч Б.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.М нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Аззаяа, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Алтанчимэг нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Ромео жулета хотхон” СӨХ нь 2016 онд байгуулагдсан ба Баянзүрх дүүрэг 5 дугаар хороо, Лхагвасүрэнгийн гудамж 46а, 46-б байрнуудыг хариуцан ажилладаг. Тус СӨХ нь гишүүдээсээ сар бүр төлбөр авч хуримтлал үүсгэн орон сууцны цэвэрлэгээ, цахилгааны зардал, харуул хамгаалалтын хөлс, лифт ашиглалт үйлчилгээ, хог тээвэр, дулаан ус дундын өмчлөлийн эд хөрөнгийг засварлах зэрэг үйлчилгээний төлбөр тооцоог хийдэг. Б.Содбаяр нь Иргэний хуулийн 147 дугаар зүйл, мөн хуулийн 148 дугаар зүйлийн 148.2.3, СӨХЭЗБТХ-н 13 дугаар зүйлийн 13.2.6, 13.2.3, 13.3-т зааснаар СӨХ-д сар бүр төлбөр төлөх үүргээ биелүүлэхээс татгалзаж нийт СӨХ-н бусад гишүүдийн эрх ашгийг зөрчиж, бусдын мөнгөөр дээрх үйлчилгээнүүдийг авсаар байна. Б.Содбаяр нь СӨХ-ноос бичгээр өгсөн мэдэгдэлд ямар нэгэн хариу тайлбар ирүүлээгүй бөгөөд удаа дараагийн шаардлагыг хүлээн авч биелүүлээгүй. Иймд СӨХЭЗБтХуулийн 12 дугаар зүйлийн 12.4.4, Иргэний хуулийн 149 дүгээр зүйлийн 149.1, 149.2 дах заалтын дагуу шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Бүх гишүүдийн хурлаар сар бүр авах хураамжийг оршин суугчид төлөхөөр болсон. СӨХ-ны төлбөрт засвар үйлчилгээний төлбөр, хог, лифт, цэвэрлэгээ, гараж, харуул хамгаалалт жижүүр, баримтны мөнгө багтдаг. Б.Содбаяр нь 2016 оны 5 дугаар сараас хойш 2018 оны 02 дугаар сар хүртэлх хугацааны СӨХ-ны төлбөр, харуул хамгаалалт 220,000 төгрөг, цэвэрлэгээ 154,000 төгрөг, засвар үйлчилгээ 198,360 төгрөг, лифт 154,000 төгрөг, граж 220,000 төгрөг, хог тээвэр 55,000 төгрөг, баримтны үнэ 2,200 төгрөг, нийт 1,003,560 төгрөгийн дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар, үйлчилгээтэй холбоотой зардлыг төлөөгүй болно. Иймд Б.Содбаяраас дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар, үйлчилгээтэй холбоотой 2016 оны 5 дугаар сараас хойш 2018 оны 02 дугаар сар хүртэлх хугацааны СӨХ-ны төлбөрт нийт 1,003,560 төгрөг, өмгөөлөгчийн ажлын хөлсөнд төлсөн 100,356 төгрөг, бүгд 1,103,916 төгрөгийг гаргуулан “Ромео жулета хотхон” СӨХ-д олгох шийдвэр гаргаж өгнө үү. Хариуцагч хуулиар хүлээсэн үүргээ сайн дураар биелүүлээгүйгээс бид бусдаас хууль зүйн туслалцаа авахаас өөр аргагүй болсон.

Хариуцагч нь 2016 оны 5 дугаар сарын 31-ний өдөр 1,046,518 төгрөгийг “Ромео жулета хотхон” СӨХ-ны хаан банкны 5076464221 тоот дансанд тушаасан нь үнэн. Гэхдээ уг мөнгийг тэрээр манай СӨХ-г байгуулагдахаас өмнөх СӨХ-ны зардалд тооцож төлсөн юм. Төлсөн баримтын утгыг нь харсан ч гэсэн “...46 байр, Ромео-122 тоот Б.Содбаяр, 2016-4 сар дуустал” гэж байгаа нь өөрөө манай СӨХ-г байгуулагдахаас өмнөх төлбөрийг СӨХ-ны төлбөрт зориулж төлсөн нь харагдана. “Ромео жулета хотхон” СӨХ байгуулагдахаас өмнө “Дорра” ХХК нь 2013-2016 оны 4 сар хүртэл хугацааны 46а, 46б байрны дундын өмчлөлийн ашиглалт үйлчилгээг хариуцан, оршин суугчдаас хэрэглээний ус, дулаан, цахилгаан ашиглалтын төлбөрийг хураан авч мэргэжлийн байгууллагад шилжүүлэн ажиллаж байсан. 2016 онд СӨХ байгуулагдахад тус компани 2016 оны 4 сар хүртэл хугацааны төлбөрөө төлөөгүй айлуудын авлагыг манай СӨХ-д шилжүүлсэн. Хариуцагч Б.Содбаяр байр ашиглалтад орсноос хойш амьдарч байсан атлаа энэ төлбөрөө төлөөгүй явж байгаад 2016 оны 5 дугаар сарын 31-ний өдөр энэ төлбөрөө манай данс руу хийсэн юм. Иймд түүний “...би СӨХ-ны төлбөрийг урьдчилж төлсөн” гэх тайлбар үндэслэлгүй гэжээ.

 

Хариуцагч Б.Содбаяр шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, Лхагвасүрэнгийн гудамж, 46а-122 тоот орон сууцанд 2014 оны 01 дүгээр сараас эхлэн амьдарч эхэлсэн. Уг байрны өмчлөгч мөн эсэх талаараа, нэхэмжлэлд дурдсан хугацааны СӨХ-ны төлбөрийг төлөөгүй байгаа талаар маргахгүй. Гэхдээ миний бие нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй. Учир нь нэхэмжлэгч тал надаас СӨХ-ны зардалд нийт 1,003,560 төгрөгийг нэхэмжилсэн байна. Миний бие 2016 оны 5 дугаар сарын 31-ний өдөр 1,046,518 төгрөгийг “Ромео жулета хотхон” СӨХ-ны хаан банкны 5076464221 тоот дансанд тушаасан. Нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 1,003,560 төгрөг нь миний төлсөн 1,046,518 төгрөгт багтаж байгаа болно. Төлбөр төлсөн утга дээр нь “...46 байр, Ромео-122 тоот Б.Содбаяр, 2016-4 сар дуустал” гэж байгаа нь үнэн. Гэхдээ уг төлбөрийг би хүнээр дамжуулж төлүүлсэн, энэ хүн буруу бичүүлсэн байсан. Би 2016 оны 4 дүгээр сараас өмнө манай байрны дундын өмчлөлийн засвар үйлчилгээтэй холбоотой асуудлыг хариуцан ажиллаж байсан “Дорра” ХХК-д холбогдох бүх төлбөрөө төлсөн бөгөөд ямар нэг өргүй. 2016 оны 5 дугаар сарын 31-ний өдөр төлсөн 1,046,518 төгрөгийг би 2016 оны 4 дүгээр сараас хойш өнөөдрийг хүртэл хугацааны СӨХ-ны төлбөрт урьдчилан төлсөн гэж үзэж байна. Би СӨХ-ны төлбөрийг бүрэн төлсөн гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Нэгэнт миний буруугаас болж нэхэмжлэгч шүүхэд хандаагүй тул би өмгөөлөгчийн зардлыг ч мөн хариуцахгүй. Харин цаашид гарах СӨХ-ны зардлыг би төлж явах болно. Иймд нэхэмжлэлийг бүхэлд хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан баримтуудыг судлаад

         ҮНДЭСЛЭХ нь:

 

 Нэхэмжлэгч “Ромео жулета хотхон” Сууц өмчлөгчдийн холбоо /СӨХ/ нь хариуцагч Б.Содбаярт холбогдуулан 2016 оны 5 дугаар сараас 2018 оны 02 дугаар сарын хугацааны СӨХ-ны төлбөрт нийт 1,103,916 төгрөг гаргуулахаар шүүхэд хандсан.

 

Тодруулбал, 2016 оны 5 дугаар сараас хойш 2018 оны 02 дугаар сар хүртэлх хугацааны дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар, үйлчилгээтэй холбоотой зардал /СӨХ-ны төлбөр/ буюу харуул хамгаалалтын 220,000 төгрөг, цэвэрлэгээ 154,000 төгрөг, засвар үйлчилгээ 198,360 төгрөг, лифт 154,000 төгрөг, граж 220,000 төгрөг, хог тээвэр 55,000 төгрөг, баримтны үнэ 2,200 төгрөг, нийт 1,003,560 төгрөг, бусдаас хууль зүйн туслалцаа авсны төлбөр 100,356 төгрөг, бүгд 1,103,916 төгрөгийг нэхэмжлэгч тал хариуцагчаас шаардсан байна /хх3, 60 хуудас/. 

 

Дээр дурдсан шаардлагын үндэслэлээ “...хариуцагч Б.Содбаяр нь иргэний үүргээ биелүүлж, СӨХ-ны төлбөрөө тогтоосон хугацаанд төлж барагдуулахгүй байгаа, үүнээс шалтгаалж бид шүүхэд хандахдаа бусдаас хууль зүйн туслалцаа авах шаардлагатай болсон” гэж тайлбарлажээ.  

 

Хариуцагч Б.Содбаяр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрсөн. Тэрээр өөрийн татгалзлаа “...би 2016 оны 5 дугаар сарын 31-ний өдөр нэхэмжлэгчийн дансанд 1,046,518 төгрөгийг төлсөн ба 2016 оны 5 дугаар сараас 2018 оны 02 дугаар сарын хугацааны СӨХ-ны төлбөрийг урьдчилаад төлсөн гэж үзэж байна” гэж тайлбарлажээ. 

 

Иргэний хуулийн 143 дугаар зүйлийн 143.4-т зааснаар “орон сууцанд оршин суугаа сууц өмчлөгч бусад этгээд заавал тухайн холбооны гишүүн байна” гэж, Орон сууцны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д “орон сууц” гэж хүн суурьшин амьдрах зориулалттай нийтийн болон амины орон сууцны байшин, сууц, гэрийг” хэлнэ гэж тус тус заасан байна. Эдгээр хуулийн заалтуудаас үзэхэд орон сууцны зориулалттай сууц өмчлөгч нь заавал Сууц өмчлөгчдийн холбооны гишүүн байхаар зохицуулжээ.

 

Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, С.Лхагвасүрэнгийн гудамж, 46а байр, 122 тоотын өмчлөгч нь хариуцагч Б.Содбаяр мөнболох нь, түүнчлэн тухайн орон сууц нь “Ромео жулета хотхон” СӨХ-д харьяалагддаг болох нь Улсын бүртгэлийн Ерөнхий газрын 2018 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 7/366 тоот албан бичиг, “Ромео жулета хотхон” СӨХ-г 2016 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр сууц өмчлөгчдийн холбооны бүртгэлд бүртгэсэн №234 тоот гэрчилгээ зэрэг бичгийн баримтуудаар тогтоогдож байна. Иймд хариуцагч Б.Содбаяр нь “Ромео жулета хотхон” СӨХ-ны гишүүн байна.

 

Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-д зааснаар гишүүн нь дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг сууц өмчлөгчдийн холбоонд төлөх үүрэгтэй ба мөн хуулийн 148 дугаар зүйлийн 148.2.3-т зааснаар орон сууц өмчлөгч нь дундын өмчлөлийн зүйлийн засвар, үйлчилгээний зардлыг санхүүжүүлэхэд оролцох ёстой.

 

Хариуцагч Б.Содбаяр нэхэмжлэлд дурдсан хугацааны СӨХ-ны төлбөрийг төлөөгүй байгаа талаараа маргаагүй учраас уг төлбөрийг шаардах эрх нэхэмжлэгчид үүссэн байна. Иймд шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг буюу 1,003,560 төгрөгийг хариуцагчаас дараах үндэслэлээр гаргуулахаар шийдвэрлэв.

 

Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, С.Лхагвасүрэнгийн гудамж, 46а байр, 122 тоот хоёр өрөө орон сууцыг өмчлөх эрхийн гэрчилгээг 2013 оны 12 дугаар сарын 02-ны өдөр хариуцагч Б.Содбаяр /Ц.Нарангэрэлийн хамт/ авсан байна /хх 55 хуудас/.

 

Харин Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, 46а байрны дундын өмчлөлийн эд хөрөнгийг дундаа хамтран өмчлөх эрхийг хэрэгжүүлэх, тухайн орон сууцны байшингийн ашиглалтын хэвийн байдлыг хангах, сууц өмчлөгчдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах, орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн эзэмшил, ашиглалт, хамгаалалтыг эрхлэн хариуцах зорилго бүхий “Ромео жулета хотхон” СӨХ нь 2016 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр албан ёсоор бүртгэгдсэн /хх 5 хуудас/.

 

“Ромео жулета хотхон” СӨХ байгуулагдахаас өмнө буюу 2016 оны 4 дүгээр сарын 07-ны өдрөөс өмнө 46а байрны дундын өмчлөлийн ашиглалт, үйлчилгээг “Дорра” ХХК хариуцан ажиллаж байсан талаар зохигчид маргаангүй /хх 83-89 хуудас/.

 

Хариуцагч Б.Содбаярын 2016 оны 5 дугаар сарын 31-ний өдөр “Ромео жулета хотхон” СӨХ-ны “Хаан банкин дахь 5076464221 тоот дансанд тушаасан 1,046,518 төгрөгийн утгыг “...46 байр, Ромео-122 тоот Б.Содбаяр, 2016-4 сар дуустал” гэж бичсэн байх бөгөөд энэхүү бичгийн баримтыг зохигчийн тайлбар болон хэрэгт цугларсан бусад баримтуудтай харьцуулан дүгнэхэд түүний “...би СӨХ-ны төлбөрийг урьдчилан төлсөн” гэх тайлбар үндэслэлгүй.

 

Өөрөөр хэлбэл дээрх 1,046,518 төгрөг нь хариуцагч өмчлөх эрхийн гэрчилгээ авсан 2013 оны 12 дугаар сарын 02-ны өдрөөс “Ромео жулета хотхон” СӨХ байгуулагдах хүртэл хугацааны 46а байрны дундын өмчлөлийн ашиглалт, үйлчилгээний зардалд төлөгдсөн гэж үзэхээр байна. 

 

Харин нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн зардалд 100,356 төгрөг гаргуулах тухай хүсэлтийг хангахгүй орхив. Учир нь иргэн, хуулийн этгээд нь зөрчигдсөн эрхээ сэргээлгэх зорилгоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 3 дугаар зүйлийн 3.1-д зааснаар шүүхэд мэдүүлэх эрхтэй хэдий ч уг эрхээ хэрэгжүүлэхдээ бусдаас эрх зүйн туслалцаа авах эсэх нь тухайн этгээдийн эрхийн асуудал юм.

 

Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо бусдаас хууль зүйн туслалцаа авах эсэх нь зохигчийн эдлэх эрх буюу боломж учир уг эрхээ хэрэгжүүлэхтэй холбогдон гарсан зардлыг Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчид учирсан хохирол гэж үзэхгүй. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

                                                                                                               ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан хариуцагч Б.С 1,003,560 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Р” Сууц өмчлөгчдийн холбоонд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 100,356 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 31,100 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.С-аас улсын тэмдэгтийн хураамжинд 28,635 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Р” Сууц өмчлөгчдийн холбоонд олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

              

 

    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                  Н.ХАНГАЛ