| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Намхайдоржийн Оюунбилэг |
| Хэргийн индекс | 133/2018/00413/и |
| Дугаар | 133/ШШ2018/00456 |
| Огноо | 2018-09-18 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2018 оны 09 сарын 18 өдөр
Дугаар 133/ШШ2018/00456
Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Оюунбилэг даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар
нэхэмжлэгч: ******* нэхэмжлэлтэй,
хариуцагч: *********-т холбогдох
эмч эмнэлгийн ажилтанд олгодог нэг удаагийн мөнгөн тэтгэмж 22.856.832 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2018 оны 07 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, 2018 оны 07 дугаар сарын 30-ны өдөр иргэний хэрэг үүсгэснийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч *********, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Уугандарь нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******** нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: ******** миний бие Анагаах ухааны боловсролыг системтэй эзэмшиж, эрүүл мэндийн салбарт тасралтгүй тогтвор суурьшилтай тууштай 35 жил 6 сар 20 хоног ажиллаад 2016 оны 01 сарын 01-ний өдрөөр тасалбар болж тэтгэвэрт гарсан. Улсад тасралтгүй 35 жил 6 сар 10 хоног ажилласныг нийгмийн даатгалын шимтгэл төлсөн баримт, нийгмийн даатгалын газраас гаргаж өгсөн тоот, бусад баримтуудаар харагдаж байна. Төр улсад 35 жил ажиллаад өндөр насны тэтгэвэрт гарсны дараа авах ёстой нэг удаагийн тусламжаа авах эрх надад үүслээ гэж ойлгож байна. Олон газарт хандсан боловч байгууллагууд өргөдөлд хариу өгөхийн тулд л хариу өгдөг. Хүний эрх зөрчигдөж байна гэж авч үздэггүй. Гарч байгаа тушаалууд амьдралд нийцэх нь ховор байна. Эмч нарын нийгэм хамгааллын талаар тодорхой ажил хийдэггүй. Эмч нар зам тээвэр дэд бүтцийн ажил ховор байхад ажиллаж байсан нөхцөлийг хэн ч мэдэхгүй. Ганцхан би биш 2014 оны Эрүүл мэндийн газраас гаргаж өгсөн жагсаалтаар 17 эмч тэтгэвэрт гарсан. Хөдөө сумын эмч нар тэтгэлгээ аваад явсан. Гэтэл тухайн 14 хүнээс ганцхан би үлдсэн. Бусад хүмүүс нь тэтгэмжээ авсан. Өргөдөл гаргаад явахаар Эрүүл мэндийн газрынхан ойлгодог хэдий ч эрх мэдэл нь хүрдэггүй. Би нягтлангуудын зовлонг ойлгоод бичиг авч өгөх гэсэн боловч бүтээгүй. Аль ч байгууллага дээр очиход шүүх шиг бичиг баримтыг нь бүрдүүлээд авч үздэг газар байхгүй. Нэгдсэн эмнэлгийн даргын ажлаас халсан тушаал 2 удаа гарсан, ажилд авсан тушаал 2 удаа гарсан. Намайг ажлаа хийгээд явж байхад хүний нөөцийн хүн орж ирээд таны тэтгэврийн нас хүрсэн учир тэтгэвэрт гарах болсон байна гэж хэлсэн тэгээд гарахдаа өргөдлөө бичээд өг гэж цаас өгсөн. 10 хоногийн дараа намайг дуудаад тал цаас өгөөд нийгмийн даатгалын газар очоод тэтгэврээ тогтоолго гэж хэлсэн учир Нийгмийн даатгалын газар очоод тэтгэврээ тогтоолгох гээд материалаа бүрдүүлж өгөх гэтэл та өргөдлөө бичээд өг гэж хэлсэн. 20-оод хоногийн дараа очиход 135.000 төгрөгөөр миний тэтгэврийг тогтоосон байсан. Аль 20 жил нь ороод бага тогтоогдсон талаар мэдэхгүй байна. Одоо 390.000 төгрөгийн тэтгэвэр авч байгаа. Хавар 5 дугаар сарын сүүлээр *********-с тэтгэмжээ ав гэж дуудахад очиход 12 сараар бодсон 3.232.000 төгрөгийн тэтгэмж өгсөн. Энэ хугацаанд тушаалууд гараад байсан болохоос би нэг өдөр ажлаа таслаагүй. Тухайн тушаал миний ажлыг хүлээж аваагүй. Тэтгэвэртээ гараад 1 цаг ч суугаагүй ийм тушаал гарсан. Энэ талаар би тайлбартаа дурдсан. Ажилласан жил байгаа, ажлаа хийсэн учир нэг удаагийн буцалтгүй тусламжаа ************ надад гаргаад өгөх байх гэж бодоод шүүхэд өргөдөл гаргасан. Тухайн байгууллагын хүний нөөцийн ажилтны санамсаргүй тушаал хүний амьдралыг яаж баллаж байгаа талаар харж байна. Би тэтгэвэрт гарна гэж бодож байгаагүй. Бүх байгууллага бүх хүнийг өөр шигээ гэж бодож явсан. Ийм алдаатай шийдвэр гарсан, тухайн шийдвэрийг гаргасан хүн нь засаж чадахгүй, хариуцах эзэн байхгүй. Энэ нь эцэстээ үнэнд хүрэх байх. Аливаа гавьяа шагналыг хийсэн хөдөлмөрөөр үнэлдэг. Намайг нүдний эмчээр томилоход суух сандал ширээ байгаагүй. Мэс заслын тасагт ороход ******* эмч намайг хүлээж аваад сул ширээ сандал байвал сул ширээн дээрээ суугаад истороо бичээрэй гэж хэлж байсан. Би 3 сар ажиллаад нүдний эмчийн сургалтад явсан. ******** аймагт нүдний хэм мэдрэлийн анхны нүдний кабинет бий болсон. Би Эрүүл мэндийн 3 сайдад санал тавьж одоогийн байгаа нүдний кабинетыг тоноглож байсан. Өөрийн зардлаар 3 удаа засвар хийж байсан. Шагнал урамшуулал хүнд маш их урам зориг өгч чаддаг. Эмч нарын хийсэн ажил тэр бүр хүний нүдэнд харагддаггүй. Би одоо 3 суурь судалгаа хийж байна. Халамжийн төсөл бичсэн хийхээр төлөвлөж байна. Нүдний тусламж үүсч хөгжсөний 90 жилийн ой болох гэж байна. Энэ бүхнийг хийхэд надад мөнгө хэрэгтэй. Халамж төслийн эх хувь бэлэн болсон. Гэтэл тухайн төслийг хэрэгжүүлэхэд 5 сая төгрөг хэрэгтэй байна. Иймээс үнэн зөвийг олж өгнө үү. Төрийн албаны хууль, Эрүүл мэндийн хуулийн 29.2-т заасны дагуу нэг удаа олгодог мөнгөн тусламжаа авч чадаагүй. Сүүлийн 3 жил хөөцөлдсөн боловч одоо болтол олгогдоогүй тул шүүхэд хандаж өргөдөл бичиж байна. Миний үндэсэн цалин 634.912 төгрөг байсан. Тэгэхээр 36 сар*634.912=22.856.832 төгрөг болж байна. ********-с нэг удаагийн мөнгөн тусламжийн 22.856.832 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******** нь шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Иргэн ******* нь 2009 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр нэгдсэн эмнэлгийн даргын тушаалаар тэтгэвэрт гарсан. Эмнэлгээс гараад 2009 оны 05 дугаар сарын 11-ний өдөр төрийн сангаар дамжуулан тэтгэмж болох 3.232.212 төгрөгийг авсан. Энэ нь нийгмийн даатгалын дэвтэр болон бусад байгууллагаас гаргаж өгсөн материалыг үндэслээ 28 жил 5 сар ажилласан гэж үзээд тухайн үед 170820 төгрөгийн цалин авч байсан учир үүнээс бодогдоод мөнгөн тэтгэмж тогтоогдсон. Тэтгэвэрт гарах хүсэлтээ өмнө жил өгөөд дараа жилийн төсөвт суугдсан тохиолдолд мөнгөн тэтгэмжийг олгоод тэтгэвэрт гаргаж ажлаас нь чөлөөлдөг. Тухайн үед 1998 оны Эрүүл мэндийн тухай хууль үйлчилж байсан. Тус хуулийн 261 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 25 ба түүнээс дээш жил ажилласан эмнэлгийн мэргэжилтэн 12 сарын цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн тусламжийг ажиллаж байгаа эрүүл мэндийн газраас олгоно гэсэн заалт байгаа учир тухайн жил Монгол Улсад тэтгэвэрт гарах хүмүүсийн нэрсийг гаргаад төсвийг батлаад явуулсан байдаг. Тухайн сайдын тушаалд иргэнд нэг удаа олгох мөнгөн тэтгэмжийг ямар нэгэн хүндэтгэн үзэхээс бусад шалтгаанаар тэтгэмжээ аваагүй тохиолдолд төрөөс дахин олгох боломжгүй. Гэтэл нэхэмжлэгч нь тухайн үед тэтгэвэрт гараад тэтгэмжээ өөрийн хүсэлтээр бичиг баримтаа бүрдүүлж өгөөд тэтгэмжээ авсан. Тухайн хүн өөрөө яамд хүсэлт гаргаж байж тухайн жилийн төсөвт суугддаг. Нийгмийн даатгалын газраас 2009 оны 05 дугаар сарын 01-ний өдөр тэтгэврийг тогтоосон. Тэгэхэд өөрийн биеэр хүсэлтээ бичээд өгсөн байдаг. Монгол Улсын хуулинд хүн тэтгэвэрт гарахдаа нэг удаагийн мөнгөн тэтгэмж авна гэж заасан. Тухайн хүн тэтгэвэрт гарчихаад ажил хийх үгүйг төр хориглоогүй. Тэтгэвэрт гарсны дараа гэрээ байгуулаад ажиллах нь тухайн хүнд эрх нь нээлттэй байдаг гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт цугласан нотлох баримтыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч *********** нь ***********-т холбогдуулан эмч эмнэлгийн ажилтанд олгодог нэг удаагийн мөнгөн тэтгэмж 22.856.832 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгч ******** нь шүүх хуралдаанд ...2009 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн үүрэгт ажлаас чөлөөлсөн, гэтэл 05 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн ажилд томилсон. Тухайн тэтгэмжийг би аваагүй гэж хэлэхгүй тухайн үед авсан. Анх цалин бага байсан учир тэтгэвэр багаар тогтоосон учраас Төрийн албаны тухай хуулиар нэг удаагийн тэтгэмжээ авмаар байна... гэж тайлбарлажээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ********* нь шүүх хуралдаанд ...нэхэмжлэгч********* нь 2009 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр нэгдсэн эмнэлгийн даргын тушаалаар тэтгэвэрт гарч, 2009 оны 05 дугаар сарын 11-ний өдөр төрийн сангаар дамжуулан тэтгэмж болох 3.232.212 төгрөгийг авсан. Иргэнд нэг удаа олгох мөнгөн тэтгэмжийг авсан учир одоо тэтгэмж олгох боломжгүй... гэж мэтгэлцэж байна.
Нэхэмжлэгч ******** нь 2009 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс нүдний их эмчийн үүрэгт ажлаас чөлөөлөгдөж, 2009 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн тэтгэвэр тогтоолгож, 2009 оны 05 дугаар сарын 11-ний өдөр 3.232.212 төгрөгийн тэтгэмж авсан болох нь ****** аймгийн Нэгдсэн эмнэлгийн даргын 2009 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 57 дугаар тушаал,********* аймгийн нийгмийн даатгалын хэлтсийн 2018 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 764 дугаартай албан бичиг, 2009 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн төлбөрийн хүсэлт, зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байна.
Хуульд заасан болзлыг хангаснаар өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх нь хүний амьдралд нэг л удаа үүсдэг бөгөөд нэгэнт өндөр насны тэтгэвэр тогтоолгосон хүний хувьд өндөр насны тэтгэврээ авахын зэрэгцээ хөдөлмөр эрхэлж болохоор Хөдөлмөрийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч нь ******** аймгийн Нэгдсэн эмнэлгийн даргын 2009 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 65 дугаартай тушаалаар нүдний кабинетийн их эмчээр томилогдож, 2014 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн Б/11 дугаартай тушаалаар чөлөөлөгдсөн, 2014 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн 01 дугаартай контрактийн гэрээгээр 2015 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн хүртэл 1 жилийн хугацаатай, 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 01 дугаартай контрактын гэрээгээр 2018 оны 03 дугаар сарын 08-ны өдөр хүртэл 3 сарын хугацаатай тус тус контрактын гэрээ байгуулан ажилласан болох нь мөн хэрэгт авагдсан тушаалууд болон контрактын гэрээний хуулбаруудаар тогтоогдож байна.
Зохигчид 2009 онд мөрдөгдөж байсан Эрүүл мэндийн тухай хуулийн /1998 онд батлагдсан/ 261.1.1-д эрүүл мэндийн байгууллагад 25 ба түүнээс дээш жил ажилласан эмнэлгийн мэргэжилтэнд тэтгэвэрт гарахад нь 12 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн тусламжийг ажиллаж байгаа эрүүл мэндийн байгууллагаас нь нэг удаа олгоно гэж заасны дагуу 3.232.212 төгрөгийн тэтгэмж авсан гэдэг дээр маргадаггүй, энэ нь мөн 2009 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн төлбөрийн хүсэлтээр тогтоогдож байна.
Харин нэхэмжлэгч нь Эрүүл мэндийн тухай хуульд зааснаар тэтгэмжээ авсан, одоо Төрийн албаны тухай хуульд заасан тэтгэмжийг гаргуулна хэмээн шаардаж байгаа нь үндэслэлгүй байна.
Учир нь одоо мөрдөгдөж байгаа Эрүүл мэндийн тухай хууль нь 2011 оны 05 дугаар сарын 05-ны өдөр батлагдсан байх бөгөөд уг хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т зааснаар төрийн өмчийн эрүүл мэндийн болон боловсролын байгууллагад 25 ба түүнээс дээш жил, өрхийн эрүүл мэндийн төв, сум, тосгоны эрүүл мэндийн төв, сум дундын эмнэлэгт 10 ба түүнээс дээш жил ажилласан эмнэлгийн мэргэжилтэн, эрүүл мэндийн бусад аажилтан тэтгэвэрт гарахад нэг удаагийн мөнгөн тэтгэмжийг үндсэн цалингийн дунджаас тооцуулан ажиллаж байгаа байгууллагаасаа авах эрхтэй. Нэг удаагийн тэтгэмж тооцох цалингийн дундаж хэмжээ, тэтгэмж олгох шалгуур нөхцлийг Төрийн албаны тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2-т заасан журмыг баримтлан тогтоох ёстой байна.
Тэтгэвэр тогтоолгох насанд хүрснээр төрийн албанаас чөлөөлөгдсөн төрийн жинхэнэ албан хаагчид үндсэн цалингийн дунджаас ажилласан хугацааг нь үндэслэн тооцож нэг удаагийн буцалтгүй тусламж олгохоор, мөн нэг удаагийн буцалтгүй тусламжийн дээд хэмжээ нь 36 сарын үндсэн цалингийн дунджаас хэтрэхгүй байхаар, нэг удаагийн буцалтгүй тусламж тооцох цалингийн дундаж хэмжээ болон олгох шалгуур нөхцөлийг тодорхойлсон журмыг төрийн албаны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар тогтоохоор Төрийн албаны тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2-т заажээ.
Монгол Улсын Засгийн газар 2014 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 405 дугаар тогтоолоор Төрийн жинхэнэ албан хаагчид нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журам-ыг хавсралт ёсоор шинэчлэн баталж, 2015 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 338 дугаар тогтоолоор нэмэлт өөрчлөлт оруулжээ.
Хуулийн дээрх заалтууд нь эрүүл мэндийн байгууллагад ажиллаж байгаад тэтгэвэрт гарч байгаа ажилтанд нэг удаа тэтгэмж олгох тухай зохицуулалт юм.
Хуульд заасан нэг удаагийн мөнгөн тэтгэмж авах эрх нь тухайн хүний тэтгэвэрт гарах үед л үйлчлэх бөгөөд ******** хувьд 2009 онд тэтгэвэрт гарсан байх тул тухайн үед мөрдөгдөж байсан хуулиар уг харилцааг зохицуулах бөгөөд дээрх үйл явдал болсноос хойш батлагдсан хуулийг буцаан хэрэглэх нь үндэслэлгүй болно.
Нэгэнт тухайн үед мөрдөгдөж байсан хуулийн дагуу нэхэмжлэгч *********-д тэтгэвэрт гарах үед нь ажиллаж буй байгууллагаас нь нэг удаагийн мөнгөн тусламжийг олгосон байх тул нэхэмжлэгч нь Төрийн албаны тухай хуульд зааснаар тэтгэмж гаргуулахаар шаардаж байгаа нь үндэслэлгүй юм.
Нэхэмжлэгч ********-ийг 2009 онд Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.3 дахь хэсэгт заасан...ажилтан 60 нас хүрч өндөр насны тэтгэвэр авах эрх үүссэн... гэдэг үндэслэлээр ажлаас чөлөөлсөн байх бөгөөд тухайн үед нэхэмжлэгч нь 55 настай байжээ.
Тухайн үед мөрдөгдөж байсан Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулиар ...Даатгуулагч нь нийтдээ 20-иос доошгүй жил тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн бөгөөд 60 нас хүрсэн бол өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй. Харин 20-иос доошгүй жил шимтгэл төлсөн бөгөөд 55 нас хүрсэн эмэгтэй өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгон авч болно..." гэж заасан байх бөгөөд хуулийн дээрх заалтыг эмэгтэй хүн өөрөө хүсвэл 55 нас хүрснээр өндөр насны тэтгэвэр тогтоолгох, хэрэв хүсэлт гаргаагүй бол 60 нас хүрснээр өндөр насны тэтгэвэр тогтоолгоно гэж ойлгоно.
Гэтэл нэхэмжлэгчийн ...Намайг ажлаа хийгээд явж байхад хүний нөөцийн хүн орж ирээд таны тэтгэврийн нас хүрсэн учир тэтгэвэрт гарах болсон байна гэж хэлсэн тэгээд гарахдаа өргөдлөө бичээд өг гэж цаас өгсөн. 10 хоногийн дараа намайг дуудаад тал цаас өгөөд нийгмийн даатгалын газар очоод тэтгэврээ тогтоолго гэж хэлсэн учир Нийгмийн даатгалын газар очоод тэтгэврээ тогтоолгох гээд материалаа бүрдүүлж өгөх гэтэл та өргөдлөө бичээд өг гэж хэлсэн. 20-оод хоногийн дараа очиход 135.000 төгрөгөөр миний тэтгэврийг тогтоосон байсан... гэх тайлбараас үзэхэд ажилтныг 60 нас хүртлээ үргэлжлүүлэн ажиллах боломжтой байхад 55 нас хүрсэн байна гэж өргөдөл бичүүлж авснаар нэхэмжлэгч *********-ий эрх зүйн байдал дордсон байгааг дурдах нь зүйтэй.
Иймд Төрийн албаны тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2 дахь хэсэгт зааснаар ********-ий нэхэмжлэлтэй, **********-т холбогдох эмч эмнэлгийн ажилтанд олгодог нэг удаагийн мөнгөн тэтгэмж 22.856.832 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Төрийн албаны тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2 дахь хэсэгт зааснаар ********-ний нэхэмжлэлтэй, ********-т холбогдох эмч эмнэлгийн ажилтанд олгодог нэг удаагийн мөнгөн тэтгэмж 22.856.832 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Н.ОЮУНБИЛЭГ