Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 11 сарын 18 өдөр

Дугаар 198

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхзул даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхцэцэг,

улсын яллагч Б.Дэлгэрдалай,

хохирогч Д.Амгалан, Н.Санжид, Н.Саруулмаа, Д.Бадамцэцэг, Т.Энхцэцэг, А.Болормаа, Л.Жаргалсайхан, Ч.Энх-Амгалан, Г.Өлзийбуян, Б.Энхжаргал,

шүүгдэгч Д.Энхтуяа, түүний өмгөөлөгч Ч.Даваасүрэн (шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар 1476) нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны А-1 танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Боржигон овогт Даваагийн Энхтуяад Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201626011084 дугаартай, 1 хавтаст хэргийг 2016 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Боржигон овогт Даваагийн Энхтуяа, Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1969 оны 01 дүгээр сарын 23ы өдөр төрсөн, 47 настай, эмэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, үйлдвэрийн тоног төхөөрөмжийн засварчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, 27-13 насны 4 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, Бага дарь эхийн 5-1757 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, регистрийн дугаар ЧР69012368.

 

Холбогдсон гэмт хэргийн талаар: (яллах дүгнэлтэд бичигдсэнээр)

Шүүгдэгч Д.Энхтуяа нь 2013 оны 12 дугаар сарын 08-ны өдрөөс 2016 оны 3 дугаар сарын 15-ны хооронд газрын кадастрын зураг хийж өгнө, газрын өргөдөл материалыг мэдээллийн санд оруулж, газрын гэрчилгээ шуурхай гаргаж өгнө гэж бусдыг хуурч мэхлэх, итгэл эвдэх замаар:

-Д.Амгалангаас 2013 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсэгт байрлах Хүрэн толгод ХХК-ний ажлын байранд 400.000 төгрөг бэлнээр, 2013 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, Дипогийн Хаан банк-ны салбарт 1.000.000 төгрөгийг бэлнээр авч, нийт 1.400.000 төгрөгийг,

-Н.Санжидаас 2014 оны 7 дугаар сарын 05-аас 06-ны өдрийн хооронд Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Тахилт гэх газар 480.000 төгрөг бэлнээр, 2015 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хүрэн толгод ХХК-ний ажлын байранд 1.500.000 төгрөг бэлнээр авч, нийт 1.980.000 төгрөгийг,

-Н.Саруулмаад 2014 оны 8 дугаар сарын 10-наас 15-ны өдрийн хооронд Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороонд байрлах Шинэ кадастр ХХК-ний байранд бэлнээр 1.250.000 төгрөгийг,

-Д.Бадамцэцэгээс 2014 оны 8 дугаар сарын 10-аас 15-ны өдрийн хооронд Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороонд байрлах Хүрэн толгод ХХК-ний ажлын байранд бэлнээр 700.000 төгрөг, 2014 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Орбитын тойрог гэх газар бэлнээр 160.000 төгрөг, нийт 860.000 төгрөгийг,

-Т.Энхцэцэгээс 2014 оны 8 дугаар сарын 10-аас 20-ны өдрийн хооронд Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороонд байрлах Хүрэн толгод ХХК-ий ажлын байранд бэлнээр 700.000 төгрөг, 2014 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Орбитын тойрог гэх газар бэлнээр 160.000 төгрөг, нийт 860.00 төгрөгийг,

-А.Болормаагаас 2014 оны 8 дугаар сарын 25-наас 30-ны өдрийн хооронд Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хүрэн толгод ХХК-ний ажлын байранд  бэлнээр 700.000 төгрөг, 2014 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Орбитын тойрог гэх газар бэлнээр 160.000 төгрөг, бэлнээр 860.000 төгрөгийг,

-Л.Жаргалсайханаас 2015 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, Алтан-Овоо 8 дугаар гудамжны 12 тоотод гар утасны мобайл банкаар 2.100.000 төгрөгийг,

-Т.Баттунгалагаас 2015 оны 3 дугаар сарын 20-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Таван шарын Хаан банк-ны мөнгөний машинаар дансаар 350.000 төгрөгийг,

-Ч.Энх-Амгалангаас 2015 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр Сонгиноахайрхан дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Шинэ кадастр ХХК-ний ажлын байранд бэлнээр 160.000 төгрөг, 2015 оны 5 дугаар сарын 05-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хүрэн толгод ХХК-ний ажлын байранд бэлнээр 600.000 төгрөг, 2015 оны 5 дугаар сарын 20-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, Москва хороололд бэлнээр 1.400.000 төгрөг, 2016 оны 3 дугаар сарын 15-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Сүлжмэлийн үйлдвэрийн урд талын зам дээр бэлнээр 80.000 төгрөг, нийт 2.240.000 төгрөгийг,

-Т.Төмөрчөдөрөөс 2015 оны 6 дугаар сарын 04-ний өдөр Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Материал импекс Хаан банк-ны салбараас дансаар 1.000.000 төгрөг, 2015 оны 6 дугаар сарын 25-ны өдрөөс 28-ны өдрийн хооронд Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Баруун турууны  гудамжинд бэлнээр 1.175.000 төгрөг, нийт 2.175.000 төгрөгийг,

-Г.Өлзийбуянгаас 2015 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хүрэн толгод ХХК-ний ажлын байранд бэлнээр 500.000 төгрөгийг,

-Б.Энхжаргалаас 2015 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хүрэн толгод ХХК-ний ажлын байранд бэлнээр 220.000 төгрөгийг, нийт 18 удаагийн давтан үйлдлээр 12 иргэнд 14.795.000 төгрөгийн үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                                     

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүгдэгч Д.Энхтуяа шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2013 оны 8 дугаар сард Саруулмаагаас газрыг нь зохицуулж өгнө гэж 1.250.000 төгрөг авсан нь үнэн. ...хүлээнэ гэвэл би гаргаж өгнө гэсэн. Би энэ хугацаанд асууж байсан... хашаагаа барьчих гээд бариулсан. Би зөвшөөрлийг нь авах гэж хөөцөлдсөн. Санжид эгчид 8 айлын зургийг 400.000 төгрөгөөр хийсэн. Би кадастр хийсэн зургийн зардлуудыг үнэлгээнээс хасуулмаар байна. ...Саруулмаа, Санжид эгч нарынх адилхан. Жаргалсайханы газрын кадастрын зургийг хийлгэчихээд хашааг нь хатгуулсан. ...би материалыг нь өгөх гээд чадахгүй байгаа. Нэг айлын кадастрын зургийг 40.000 төгрөгөөр хийдэг. Надад кадастрын зургууд нь байгаа. Би газрын асуудлыг шийдүүлэхээр хөөцөлдсөн. Би бүтэн 1 сарын хугацаанд хүүхэд өвдсөн учраас холбогдож чадаагүй...  гэв.

Хохирогч Д.Бадамцэцэг шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2014 оны 8 дугаар сарын дундуур...ажлынхаа 3 эгчтэй хамт 700.000 төгрөгийг аваачиж өгсөн. Сүүлд нь 160.000 төгрөг аваачиж өгсөн. 860.000 төгрөг нэхэмжилж байна гэв. 

Хохирогч Т.Энхцэцэг шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ...бэлнээр 700.000 төгрөг, 4 айлын кадастрын зураг гаргуулна гээд нэмж 160.000 төгрөг...нийт 860.000 төгрөг өгсөн. Кадастрын зураг гаргаж өгөөгүй. 860.000 төгрөг нэхэмжилнэ. Шүүгдэгчээс хохирлоо гаргуулж авмаар байна гэв. 

Хохирогч А.Болормаа шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Бадамцэцэгтэй адилхан 860.000 төгрөг өгсөн. 860.000 төгрөгөө нэхэмжилнэ гэв.

Хохирогч Н.Саруулмаа шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ...2013 оны 8 дугаар сарын эхээр 1.250.000 төгрөг өгсөн. 1.250.000 төгрөг нэхэмжилнэ. Кадастрын зураг өгөөгүй гэв.

Хохирогч Д.Амгалан шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2013 онд 400.000 төгрөг, дээрээс нь 1.000.000 төгрөг авсан. ...Би газрын албанаас бичиг баримтаа асуухад байгаагүй учраас залилуулсан гэдгээ мэдсэн. Кадастрын зураг гаргаж өгөөгүй. 1.400.000 төгрөг нэхэмжилнэ гэв.

Хохирогч Б.Энхжаргал шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2015 оны 12 дугаар сарын 06-нд кадастр хийлгэх гээд ...1 сарын дотор гаргаж өгнө...260.000 төгрөг авна гэсэн. Кадастрын зураг авсан. 260.000 төгрөгөөс 40.000 төгрөг хасагдаад 220.000 төгрөг нэхэмжилж байна гэв.

Хохирогч Л.Жаргалсайхан шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2015 оны 01 дүгээр сарын 09-нд 6 айлын газрын кадастрын зураг гаргуулахаар 2.100.000 төгрөг өгсөн. Надад кадастрын зураг гаргаж өгсөн. Би кадастрын зургийг нь хасуулаагүй байгаа. Кадастрын зургийг нь хасуулна гэв.

Хохирогч Ч.Энх-Амгалан шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би 2.240.000 төгрөгөөс кадастрын 80.000 төгрөг, 11 сард Энхтуяагаас 50.000 төгрөг, нийт 130.000 төгрөг хасаад 2.110.000 төгрөг нэхэмжилнэ. Кадастрын зураг олон айлтай давхардсан байна гээд хүчингүй болсон учраас би үр ашиггүй олон кадастрын мөнгө төлсөн гэв.

Хохирогч Г.Өлзийбуян шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би газраа мэдээллийн санд оруулахаар 500.000 төгрөг өгсөн. 500.000 төгрөгөө нэхэмжилнэ. Кадастр хийлгэсэн, би тооцоогоо өөрөө хийсэн гэв.

Хохирогч Н.Санжид шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ...кадастрын зураг авахуулна гээд 480.000 төгрөг бэлнээр авсан. Надад кадастрын зураг өгөөгүй. Мэдээллийн санд оруулна гээд 1.500.000 төгрөг өгөөд тэмдэглэлийн дэвтэрийн хуудас дээр...гарын үсэг зуруулсан. Би 1.980.000 төгрөг өгсөн учраас нэхэмжилнэ гэв.

 

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон бусад нотлох баримтууд:

1. Хохирогч Д.Амгалангийн мөрдөн байцаалтад өгсөн: Би 2013 оны 12 дугаар сарын 07-ны өдөр миний таньдаг Тунгалаг гэдэг хүн газрын бичиг баримт гаргадаг хүн байгаа, чамайг уулзуулъя гэсэн юм. Би Энхтуяад хандаад миний дүү энэ газрын гэрчилгээг гаргаад өгчих, өвөө нь мөнгө төгрөгийг нь өгье гэхэд Энхтуяа наад газрын чинь кадастрын зургийг гаргах гэхэд 400.000 төгрөг болно гэхээр нь би 400.000 төгрөгийг нь өгье, кадастрын зургийг нь хийгээд өгчих гэсэн. ...Тэгээд би цагийн дараа яриад Тунгалагаар ажлыг нь заалгаад 400.000 төгрөг Энхтуяа гэх хүнд өгсөн юм. ...би энэ газрыг чинь 2 хүний нэр дээр гаргаж өгнө, сүүлд нь та дотор нь хуваалгаж болдог юм гэсэн. Тийм учраас та хоёр хүний бичиг баримтыг бүрдүүлээд маргааш, нөгөөдөр хоёрын аль нэг өдөр ирээрэй гэхээр нь маргааш нь билүү нөгөөдөр нь бичиг баримтаа бүрдүүлээд ирэхэд таны наад газрын гэрчилгээ чинь 1.000.000 төгрөгнөөс нааш гарахгүй юм байна гэхээр нь би нэмээд Энхтуяад 1.000.000 төгрөгийг Хаан банкны данснаасаа аваад газар дээр нь өгөөд өөрөөр нь бичүүлж гарын үсэг зуруулж авсан... гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 47-48, 122 дахь тал),

- мөнгө хүлээн авсан талаарх баримт (хавтаст хэргийн 12 дахь тал), 

2. Хохирогч Н.Санжидын мөрдөн байцаалтад өгсөн: ...2014 оны 7 дугаар сард Танхилтын эцсийн автобусны буудлаас зүүн хойш хүмүүс газар аваад байна гэж манай хамаатны 22 дугаар хорооны хэсгийн ахлагч Отгонсүрэн хэлэхээр нь...тэнд 12 айлын газар авах гээд очтол Отгонсүрэн надад Энхтуяа гэх манайханд газар олж өгөөд байгаа, энэ хүн урьд нь дүүргийн газрын албанд ажилладаг байсан гэж хэлсэн. ...хэд хоногийн дараа Энхтуяа дээр очтол надаас нэг айлын газрын үнэ 350.000 төгрөг болох юм байна. Мөнгөө өгвөл би одоо цагаан хуудсыг чинь гаргаад өгье гэж хэлсэн. Тэгэхээр нь би арай үнэтэй юм биш үү, эгч нь мөнгө байхгүй байна гэж хэлэхэд за тэгвэл 300.000  төгрөг болгоё гэсэн. Тэгээд би Энхтуяад 1.500.000 төгрөг бэлнээр авчирч өгсөн. ...2.000.000 төгрөгөө би Энхтуяад бичгээ авч байж өгнө гээд өгөөгүй юм. ...Би мөнгөө өгөхдөө нэг тэмдэглэлийн дэвтрийн хуудсан дээр Энхтуяагаар өөрөөр нь бичүүлж мөнгөө өгсөн. ...2014 оны 7 дугаар сарын үед надаас 480.000 төгрөг Энхтуяа авсан. ...2015 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр надаас 1.500.000 төгрөг бэлнээр авсан. ...Би Энхтуяагаас 1.980.000 төгрөг авах ёстой... гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 66-67 дахь тал),

- Гэрч Д.Отгонсүрэнгийн мөрдөн байцаалтад өгсөн: Би Д.Энхтуяа гэх манай хороон дээр очиж кадастрын зураг хийж, газрын бичиг баримт гаргаж мөнгө авдаг гэсэн нэг хүнийг зүс танина. 2014 онд Тахилтын эцэс дээр газар байна уу гэж Санжид эгч надаас асууж байсан юм. ...Санжид эгч 1.500.000 төгрөгийг Энхтуяа гэх хүнд Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын тамгын газрын ард байх кадастр хийдэг компани дээр нь 2015 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр бэлнээр өгсөн юм. Би мөнгө өгч байхад нь хажууд нь цуг байсан юм. Энхтуяа нэг цаасан дээр мөнгө өгсөн, авсан гэж бичиг хийж өгч байсан гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 77-78 дахь тал),

- мөнгө хүлээлгэж өгсөн талаарх баримт (хавтаст хэргийн 31 дэх тал),

3. Хохирогч Н.Саруулмаагийн мөрдөн байцаалтад өгсөн: Би 2014 оны 8 дугаар сард газар авах гээд эхлээд Сонгинохайрхан дүүргийн газрын албанд Тахилтад газар авах гэсэн юм гэж хандахад манайх одоогоор Тахилтад газар өгөхгүй байгаа гэхээр нь болохгүй юм байна гэж бодоод больчихоод байж байсан. Интернетэд албан ёсны кадастр хийх зөвшөөрөлтэй кадастр хийнэ. Хүрэн толгод ХХК гэж байхаар нь хаягаар нь...орж уулзтал Энхтуяа гэх хүн байсан. ...Тахилтад очиж газар үзээд кадастрын зураг дээр харсан, энд газар аваагүй юм байна, болох юм байна гээд 1.250.000 төгрөг өгчих, тэгвэл танай газрыг хурдан гаргаж өгнө гэсэн. ...би нөхрийгөө Энхтуяа гэх хүн рүү явуулаад 1.250.000 төгрөг бэлнээр өгүүлсэн. ...2016 оны 4 дүгээр сард би Хүрэн толгод ХХК-ний байр болох Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын тамгын газрын хойно байдаг үсчин дээр ирж үзэхэд байран дээрээ байхгүй болсон, нүүгээд сар гаран болж байна гэж үсчин хүүхэн надад хэлсэн. Тэгээд гадаа нь зогсож байсан чинь Энхтуяад мөнгөө өгөөд алдсан гээд хэсэг хүмүүс ирчихсэн, ц агдаад өгье гэж байсан... гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 44-45 дахь тал),

- Гэрч Г.Гансүхийн мөрдөн байцаалтад өгсөн: Би эхнэр Саруулмаагийн хэлснээр Энхтуяа гэх хүнд 2014 оны 8 дугаар сард Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын тамгын газрын зүүн талд байх хүнсний дэлгүүрийн хажууд байсан кадастр хийдэг газар бэлнээр 1.250.000 төгрөг өгсөн. Газрын кадастрын зураг гаргаж өгөх хүн байгаа юм гэж надад мөнгө өгч явуулсан юм. ...Энхтуяа гэх хүн Хүрэн толгод ХХК-ний байран дээрээ ганцаараа байсан...би ганцаараа очиж мөнгө өгсөн гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 73-74 дэх тал),

4. Хохирогч Д.Бадамцэцэгийн мөрдөн байцаалтад хөгсөн: Миний ажилладаг Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороонд кадастрын зураг хийдэг гээд Энхтуяа гэх хүн явж байдаг байсан юм. Тэгэхээр нь надтай хамт ажилладаг Энхцэцэг, Болормаа эгч хоёртой нийлээд зуслангийн газрын кадастрын зураг хийлгэх гээд ирсэн чинь та нарын зуслангийн чинь бичиг баримтыг гаргаж өгнө гэж хэлээд 2014 оны 7-8 дугаар сарын орчимд хүн тус бүрээс 700.000 төгрөг авсан юм. ...Би газрын албаны Батзоригттой ярьчихсан байгаа, бүх юмыг чинь мэдээллийн санд оруулсан, хүлээж байгаа гээд байсан. ...160.000 төгрөгийг дараа нь бас бэлнээр өгч байсан. ...Газар эзэмших талаараа дүүргийн газрын албанд нэг удаа хандаж байсан. Тэгэхэд нэг л бүтэмжгүй, зардал чирэгдэл ихтэй байсан тул Энхтуяад хандсан юм. ...Энхтуяа өөрийгөө кадастрын зураг гаргаж, газрын бичиг баримт гаргаж өгдөг гэж танилцуулж байсан. ...Яг тодорхой өдөр, цагийг нь мэдэхгүй байна гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 35-36, 125-126 дахь тал),

5. Хохирогч Т.Энхцэцэгийн мөрдөн байцаалтад өгсөн: ...Энхтуяаг газрын гэрчилгээ, кадастр найдвартай гаргаж өгдөг гэхээр нь би итгээд зуслангийн газрын кадастр болон газрын гэрчилгээ гаргуулахаар 2014 оны 7 дугаар сарын эхээр яг хэдний өдрийг нь санахгүй байна, Даваагийн Энхтуяа гэх эмэгтэйд бэлнээр 700.000 төгрөгийг Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын тамгын газрын зүүн талд нэг хүнсний дэлгүүрт байдаг кадастр хийдэг газар нь өгсөн. ...Д.Энхтуяа нь 2014 оны 8 дугаар сард байх, он, сар, өдрийг нь бас сайн санахгүй байна, Тахилтын Баянтурууны урд энгэр дээр 12 айлын газар найдвартай мэдээллийн санд суулгаад өгнө гэхээр нь Болормаа, Бадамцэцэг бид гурав тус бүр 160.000 төгрөг өгсөн. ...Сүүлдээ утас нь ч холбогдохоо болихоор нь ажил дээр нь ирсэн чинь цагдаа дээр шалгагдаж байгаа сураг дуулдахаар нь цагдаад өргөдөл өгч байна. ...Намайг мөнгө өгөхөд манай нөхөр Мөнхтөр хажууд байсан. Би 700.000 төгрөгнийхөө 350.000 төгрөгийг Бадамцэцэгээр өгч явуулсан. ...Би дүүргийн газрын албанд энэ талаар хандаж урьд нь 2010 онд нэг газар авч...их удаан чирэгдэлтэй байсан тул хурдан гаргуулах гээд Энхтуяад итгэсэн юм...Энхтуяа өөрийгөө дүүргийн кадастрын албанд ажилладаг гэж танилцуулж байсан гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 38-39, 131 дэх тал),

6. Хохирогч А.Болормаагийн мөрдөн байцаалтад өгсөн: Би 2014 оны 8 дугаар сард кадастрын зураг хийдэг гэх Энхтуяа гэх хүнд 700.000 төгрөг, дараа нь 9 дүгээр сарын үед 160.000 төгрөгийг кадастрын зураг, газрын гэрчилгээ гаргуулахаар өгсөн юм...Энхтуяа өөрийгөө кадастрын зураг хийдэг гэж танилцуулж байсан... гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 41-42, 124 дэх тал),

7. Хохирогч Л.Жаргалсайханы мөрдөн байцаалтад өгсөн: Би 2015 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх Бор толгойн аманд ах дүү нартайгаа нийлээд газар авахаар болоод кадастрын зураг хийлгүүлэхээр болоход манай 22 дугаар хорооны хэсгийн ахлагч Болормаа гэх хүн би нэг кадастрын зураг гаргадаг хүн танина, тэр хүн бас газрын гэрчилгээ гаргаж өгдөг гээд Энхтуяа гэх хүнтэй уулзуулаад кадастрын зургаа газар дээр нь очиж авахуулсан юм. Тэгээд Энхтуяа гэх хүн бүх юмыг чинь бүрдүүлж өгнө, нэг айлын газрыг 350.000 төгрөгөөр бодоод зургаан айлын газар нийлээд 2.100.000 төгрөг нэхээд байхаар нь би өөрийн дансаар Энхтуяагийн өгсөн данс руу мөнгө шилжүүлсэн. ...2016 он гараад Энхтуяа гэх хүн таг чиг алга болсон тул цагдаад өргөдөл гаргаж байна. ...Би Энхтуяагаас 2.100.000 төгрөг авах ёстой, нэг ч төгрөг буцааж аваагүй ээ... гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 56-57, 123 дахь тал),

- Шүүгдэгч Д.Энхтуяагийн 5064029859 дугаарын дансны Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга (хавтаст хэргийн 172),

8. Хохирогч Т.Баттунгалагийн мөрдөн байцаалтад өгсөн: 2014 оны 6 дугаар сард би газартай болъё гээд манай хороон дээр явж кадастр хийдэг гэх Хүрэн толгод ХХК-д ажилладаг Энхтуяа гэх хүнд газрын кадастрын мөнгө болох 50.000 төгрөг, гэрчилгээ гаргуулж авах гээд 350.000 төгрөг өгсөн. ...Таван шарын Хаан банкны АТМ-р 2016 оны 3 дугаар сарын 20-ны өдөр шилжүүлсэн...Энхтуяа манай хороон дээгүүр газрын кадастрын зураг хийгээд яваад байдаг болохоор таньдаг болсон... гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 69-70, 128-129 дэх тал),

- хохирогч Д.Бадамцэцэгийн мөрдөн байцаалтад өгсөн ...Баттунгалаг гэж хүнийг танина, хамт Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороонд ажилладаг. 2015 оны 3 дугаар сард миний машинаар дүүрэг дээр явж байгаад Энхтуяатай миний хажууд утсаар яриад данс руу нь 350.000 төгрөг хийлээ шүү гэхэд Энхтуяа баярлалаа гээд цаанаас нь хариу хэлэхийг сонссон. ...бичиг баримтыг нь би Энхтуяад цуг оруулж өгсөн... гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 125, 126 дахь тал),

- Шүүгдэгч Д.Энхтуяагийн 5064029859 дугаарын дансны Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга (хавтаст хэргийн 172),

9. Хохирогч Ч.Энх-Амгалангийн мөрдөн байцаалтад өгсөн: ...2015 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр газрын чинь кадастрыг хийж, газрын гэрчилгээг 7 хоногийн дотор гаргаж өгнө гэж Энхтуяа надад хэлээд 2.000.000 төгрөг зээлээч гээд бэлнээр авсан. Сүүлд нэмж кадастрын зурагны мөнгө болох 160.000 төгрөг надаас бэлэн авсан. ...2016 оны 3 дугаар сард дахиж кадастрын зураг гаргахгүй бол болохгүй байна гэж хэлээд намайг охин, нөхөр нарын хамт явж байхад 80.000 төгрөг утсаар ярьж байгаад бэлнээр авсан. ...кадастрын компанийн нэрийг нь Хүрэн толгод гэж байсан санагдаж байна. ...би Энхтуяагаас 2.240.000 төгрөг авах ёстой... гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 60-61, 127 дахь тал),

10. Хохирогч Т.Төмөрчөдөрийн мөрдөн байцаалтад өгсөн: би Энхтуяа гэх хүний талийгаач нөхөр болох Баатарыг таньдаг байсан юм. ...би зуслангийн газар хэрэг болсон талаараа Энхтуяад ярьтал би кадастрын энд ажилладаг...кадастрыг чинь хийж өгнө гэсэн. Тэгээд надаас 1.000.000 төгрөг авсан юм. ...2015 оны 6 дугаар сард над руу яриад газрын цэг тавина гээд 175.000 төгрөг бэлнээр надаас авсан юм. ...утсаар Энхтуяатай холбогдож асуутал кадастр нь болсон байгаа гэж хэлсэн. Тэгээд тэрнээс хойш утас нь ч холбогдохгүй, хаана байгаа нь мэдэгдэхгүй өдийг хүртэл алга болсон... гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 53-54, 132 дахь тал),

- Шүүгдэгч Д.Энхтуяагийн 5064029859 дугаарын дансны Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга (хавтаст хэргийн 173)

11. Хохирогч Г.Өлзийбуянгийн мөрдөн байцаалтад өгсөн: ...Би 2015 оны 9 дүгээр сарын эхээр хуучин танил Энхтуяа газрын бичиг баримтыг чинь бүрдүүлж өгье, чи надад 500.000 төгрөг өгчих гэхээр нь би зөвшөөрсөн юм. Тэгээд Энхтуяад бэлнээр 500.000 төгрөгийг Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын тамгын газрын ард байх кадастрын зураг гаргадаг компани дээр нь өгсөн. Тэгээд миний газрын гэрчилгээний зөрчлийг гаргуулж өгөлгүй мөнгийг минь аваад алга болсон тул цагдаагийн байгууллагад өргөдөл гаргаж байна. ...Би газрын гэрчилгээнийхээ зөрчлийг арилгуулах гээд өөрөө нилээн хөөцөлдсөн боловч газрын албаныхан намайг тал тал тийш нь гүйлгээд байхаар нь Энхтуяаг гаргаад өгөх байх гэж бодоод мөнгө өгсөн юм. Би одоо Энхтуяагаас 500.000 төгрөг авах ёстой гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 63-64 дэх тал),

12. Хохирогч Б.Энхжаргалын мөрдөн байцаалтад өгсөн: Би кадастрын зураг хийлгэх гээд Сонгинохайрхан дүүрэг дээр явж байгаад дүүргийн Засаг даргын тамгын газрын хойно байх Хүрэн толгод гэх кадастр хийдэг компанийн утсыг авсан...утсаар нь ярьж байгаад манайд Хүрэн толгод ХХК-наас Энхтуяа, Оюунболд, Азаа гэх хүмүүс ирээд кадастр 2015 оны 12 дугаар сарын 06-нд хийж өгсөн юм. ...Энхтуяа...би хуучин гэрчилгээн дээр чинь нэмээд гаргаад өгч чадна, чи надад 260.000 төгрөг өгчих гэхээр нь би итгээд түүнд 260.000 төгрөг өгсөн юм. ...сар гарны дараа дахин утсаар ярьтал Энхтуяа намайг Хүрэн толгод ХХК-ний байран дээр хүрээд ир гэхээр нь Энхтуяатай уулзахад надад нэг бичиг өгөөд чиний газрын материалыг дүүргийн газрын албанд өгчихсөн байгаа, наад бичгээ өгөөд 14 хоногийн дараа үзүүлээд гэрчилгээ аваарай гэсэн. Тэгээд би сар гарны дараа 2016 оны 4 дүгээр сарын дундуур Сонгинохайрхан дүүргийн газрын албанд ирээд нөгөө Энхтуяагийн өгсөн бичгийг үзүүлээд гэрчилгээгээ авах гэсэн чинь та яах гээд энэ материалыг дахин дахин өгөх гээд байгаа юм бэ, энэ материалаар чинь газрын гэрчилгээ гарахгүй ээ. Таныг өөрийнхөө нэр дээр сунгасан газраа ав гэж хэлээ биз дээ гээд буцаачихсан юм. Тэгээд Энхтуяа руу холбоо барихад утсаа авахгүй алга болчихсон. ...Би кадастрыг зураг хийлгэсэн 40.000 төгрөгөө хасаад 220.000 төгрөг авах ёстой гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 50-51, 130 дахь тал),

13. Гэрч С.Энхбаясгалангийн мөрдөн байцаалтад өгсөн: Д.Энхтуяа гэх хүнийг танина. Хамт нэг өрөөнд суудаг. Би Хүрэн толгод ХХК-д инженер хийдэг байсан. Энхтуяа нэг өрөө хувааж түрээслэдэг...үл хөдлөхийн материал хөөцөлдөөд байдаг байсан. Яг юу хийдэг байсныг мэдэхгүй байна. Манай Хүрэн толгод ХХК-д ямар нэгэн хамаа байхгүй ээ. Энхтуяа манайд ажил олж өгөөд тодорхой хувийг нь авдаг байсан. 2014 оны 3 дугаар сард Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын тамгын газрын ард байх Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны 53 дугаар байранд байдаг Хүрэн толгод ХХК-г ажиллуулж байсан. Тэгээд 2015 оны 9 дүгээр сард манай Хүрэн толгой ХХК ажиллахаа больсон байгаа. Би энэ компанийн тусгай зөвшөөрлийг түрээсэлж ажиллуулдаг байсан. Албан ёсны захирал нь Ж.Баасансүрэн гэж хүн байдаг юм. Зарим хүмүүс Энхтуяа эгчээр дамжуулж манай мөнгийг өгдөг байсан. Ихэнх нь өөрсдөө бэлэн тушаадаг байсан. Ер нь бол нэг айлын газрыг 40.000 төгрөгөөр бодож кадастр хийж өгдөг. ...манайх мэдээллийн сангаа зургаа, зургаан сар тутамд шинэчилж байдаг. Нөгөө талаар газар зохион байгуулагчийн зөвшөөрөлтэй газар кадастр хийдэг учир давхацсан кадастр хийнэ гэж байхгүй ээ. Хийсэн зураг давхцалыг газар зохион байгуулагч шалгаад дахиж засах асуудал гардаг. Дахин хийхдээ үнэгүй хийж өгдөг гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 79-80 дахь тал),

14. Гэрч В.Сүхбаатарын мөрдөн байцаалтад өгсөн: 2012-2016 оны 3 дугаар сар хүртэл Сонгинохайрхан дүүргийн Газрын албанд ажиллаж байсан. Намайг Сонгинохайрхан дүүргийн Газрын албанд ажиллаж байх хугацаанд газрын өргөдөл материалыг Нийслэлийн Засаг даргын захирамжаар зогсоосон...2015 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр хүртэл Сонгинохайрхан дүүргийн газрын алба өргөдөл материал авч эзэмших эрх олгохгүй байсан. Даваагийн Энхтуяа кадастрын зураг шалгуулаад явж байсан, түүнээс биш өргөдөл, материал барьж яваад байдаггүй ээ. ...Харин хуучин, баталгаатай, орон сууц, барилга байшин, хашаа хороо нь баригдсан айлуудын газар эзэмших эрхийг нь олгох ажиллагаа бол хийгдэж байсан гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 133-135 дахь тал),

15. Гэрч Н.Чинсанаагийн мөрдөн байцаалтад гөгсөн: Би урьд нь 2014 оны 3 дугаар сараас 2016 оны 4 дүгээр сар хүртэл Сонгинохайрхан дүүргийн газрын албанд ажиллаж байсан. Намайг ажиллаж байх хугацаанд миний мэдэхийн зуслангийн өргөдөл авч байгаагүй, харин гэр хорооллын хуучин газрын өргөдөл материал авч шийдвэрлэж байсан. Даваагийн Энхтуяа хүмүүсийн газар эзэмших, өмчлөх өргөдөл материал ер нь авч орж ирж байгаагүй ээ. Харин зөвшөөрөлгүй кадастрын зураг хийчихээд шалгуулаад явж байдаг байсан. Намайг ажиллаж байх хугацаанд зуслангийн газар олголтыг зогсоосон байсан. Зуслангийн газрыг олгоход ойн саваас хол, хашаатай байх ёстой зэрэг олон шалгуур үзүүлэлт байдаг гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 136-137 дахь тал),

 

16. Мөрдөн байцаалтад Д.Энхтуяагийн сэжигтэн, яллагдагчаар өгсөн: Би 2010 оноос эхлээд кадастрын зураг хийлгэх хүмүүсийг кадастрын компаниудтай зуучлан өгч кадастр хийлгэсэн нэг айлын 10.000 төгрөгийг кадастрын компаниас авдаг болсон юм.

- ...Энх-Амгалан гэж хүн Шинэ кадастр-ын хажууд байх миний канон ажиллуулдаг өрөөнд орж ирээд өөртэй чинь газрын асуудлаар уулзах гэсэн юм. Би Тахилтад нэг том хашааны газартай юм, тэрийгээ хөөцөлдсөн чинь газрын алба өргөдөл авахгүй гээд байна. ...энийг зохицуулах арга байна уу гэж явна гэсэн. Тэгэхээр нь би хашаатай юм уу гэхэд хашаатай гэсэн. Газрын алба өргөдөл авахгүй байгаа юм чинь хүлээж чадна гэвэл би оруулаад өгье, өргөдөл авахгүй байгаа ш дээ гэдгийг Амгаланд хэлтэл хамаагүй ээ, би хүлээж чадна. Би чамд урьдчилаад 1.000.000 төгрөг өгье гээд надад өгсөн. Тэгээд газар дээр нь очиж үзээд кадастрын зургийг нь хийж өгсөн чинь 20 айлын буюу 4000 метр квадрат газар болсон тул кадастрын мөнгө нь 400.000 төгрөг болоод кадастрын зургийг нь хоёр ч удаа хийсэн юм. Тэгээд газрын албанд оруулаад үзүүлтэл тийм том газар иргэнд өгөхгүй, тэгээд ч өргөдөл авахгүй гэсэн юм. Энэ тухайгаа Амгаланд өөрт нь хэлтэл тэгвэл хоёр хуваая гэсэн. Тэгээд газрыг хоёр хувааж материалжуулаад өргөдөл өгсөн...бас газрын алба аваагүй юм. Тэгээд өдий хүртэл нөгөөдөх газрын асуудал нь шийдэгдээгүй тул гаргаж өгч чадаагүй байгаа юм.

-Баттунгалаг гэх хүн надтай уулзаж байсан боловч би түүнээс мөнгө аваагүй ээ. Миний данс руу мөнгө хийсэн гээд байсан. 2014 оны 8 дугаар сард 22 дугаар хорооны хэсгийн ахлагч нар болох Болормаа, Бадамцэцэг, Энхцэцэг нараас бас газрын гэрчилгээ гаргаж өгнө гээд тус бүр 860.000 төгрөг авсан. Энэ хүмүүс боломжгүй газар шийдүүлэх гээд байсан тул тэр нь одоо болтол бүтээгүй ээ.

-2014 оны 8 дугаар сард Саруулмаа гэх хүнээс 1.250.000 төгрөг авсан.

-2015 оны 01 дүгээр сард Санжид гэх хүнээс 2.100.000 төгрөг авсан. Энэ мөнгөө 22 дугаар хорооны хэсгийн ахлагч Отгонсүрэн гэж ирж надад өгсөн. Би мөнгө авсан гэж тэмдэглэлийн дэвтрийн цаасан дээр бичиг хийж өгсөн. Хэсгийн ахлагч нар газар, орон зайг анддаггүй болохоор надад газар зааж өгөөд би болохоор байвал кадастрыг нь хийж өгдөг юм.

-2015 оны 01 дүгээр сарын 09-нд Жаргалсайхан гэж хүнээс 2.100.000 төгрөг аваад кадастрыг нь хийж өгсөн. 6 айлын газар байсан тул кадастрын мөнгө нь 480.000 төгрөг болно. Тийм болохоор Жаргалсайханд 1.620.000 төгрөг өгөх ёстой.

-Энх-Амгалан гэх хүн 2015 оны 3 дугаар сард намайг Хүрэн толгод ХХК-ний байр болох Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын тамгын газрын арын байранд байх өрөөндөө байж байхад орж ирээд...би чамаас нэг юм гуйх гэсэн юм. Баянголын аманд 4 айлын дайны газар шон зоогоод торлосон 3 жил хадгалж байна. Тэгээд гэрчилгээг нь гаргуулах гэсэн танил тал байхгүй тул гэрчилгээг нь гаргуулж чадахгүй байна. Би мөнгө төгрөгийг нь өгье, чи надад тэр газрын гэрчилгээг гаргаад өгөөч гэж гуйсан. Тэгэхээр нь эхлээд олон жил хадгалж байгаа юм бол кадастрын зураг хийлгээгүй байлгүй гээд кадастрын зургийг нь хийж өгсөн. Энх-Амгалан эхлээд надад 600.000 төгрөг бэлнээр өгөөд сүүлд нь 1.400.000 төгрөг ажил дээр авч ирж өгсөн. Кадастрын зурганд эхлээд 160.000 төгрөг, дараа нь дахиж кадастр хйихээр болоод 80.000 төгрөг авч байсан. Кадастрын зургийг хийж өгсөн тул 200.000 төгрөгийг би Энх-Амгаланд өгөх ёсгүй ээ. Одоо 2.000.000 төгрөг өгөх ёстой.

-2015 оны 6 дугаар сард Т.Төмөрчөдөр гэх хүнээс 1.175.000 төгрөг авсан. Кадастрын зургийг нь хийж өгөөгүй. Тэр газар нь байгаль орчины ногоон бүсэд байсан тул боломжгүй байсан.

-2015 оны 9 дүгээр сард Өлзийбуян гэх хүнээс 500.000 төгрөг авсан. Кадастр хийгээд газрын албанд өгтөл газар нь зөрчилтэй байсан тул болоогүй юм.

-2015 оны 12 дугаар сард Б.Энхжаргал гэх хүнээс 220.000 төгрөг авсан. Энхжаргал газрынхаа талбайн хэмжээг өөрчлүүлье гээд надад мөнгө өгсөн юм.Тэгээд өөрөөр нь өргөдөл бичүүлээд оруулсан чинь өөрчлөөгүй байна гэсэн. ...Тэр хүмүүс өөрсдөө надад мөнгө өгсөн. Би надад өгөөч гэж гуйгаагүй. Өөрсдийг нь надад мөнгө өгөхөд дараа нь ийм, тийм юм байхгүй юм байгаа биз дээ гэхэд ёстой тийм юм байхгүй гэсэн. Би аль болох их хөөцөлдсөн боловч газрын асуудал нь бүтээгүй. ...Би дүүрэг ойрхон байгаагаас бусад асуудлаар тэр хүмүүстэй адилхан л хүн шүү дээ. Гэр орондоо ойр зуур зарцуулдаг. ...Кадастрын мөнгийг нь кадастрын хүнд нь өгдөг байсан. Дээрх компанид би хамаагүй. ...11 хүнд 12.725.000 төгрөг өгөх ёстой. Газрын гэрчилгээ гаргуулах талаар олигтой юм хийж чадаагүй байна. ...Цалин буувал бага ч болов мөнгийг нь төлж хохирлыг нь барагдуулъя гэж бодож байна. ...5064029859 тоот данс миний өөрийн эзэмшлийн Хаан банкны данс байгаа юм. Би Төмөрчөдөр, Жаргалсайхан, Баттунгалаг нараас газрын гэрчилгээ гаргаж кадастр хийж өгнө гэж хэлээд дансаа өгөөд мөнгө авсан гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 89-90, 138 дахь тал),

 

17. Гэмт хэргийн талаархи гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 3), хохирогч нарын өргөдөл (хавтаст хэргийн 7-17, 25, 29-30, 33), Хаан банкны дансны хуулга (хавтаст хэргийн 167-180), хохирлын тооцоо (хавтаст хэргийн 72),  шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа, оршин суугаа хорооны тодорхойлолт, (хавтаст хэргийн 92, 94, 91), ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 95), шүүгдэгчийн хүүхдүүдийн төрсөний гэрчилгээ болон иргэний үнэмлэхийн хуулбар (хавтаст хэргийн 217, 223, 225-226), амжиргааны баталгаажих түвшингөөс доогуур орлоготой талаарх хуучин оршин сууж байсан хорооны тодорхойлолт (хавтаст хэргийн 228), шүүгдэгчийн үл хөдлөх болон хөдлөх эд хөрөнгөтэй эсэх талаар холбогдох байгууллагаас авсан тодорхойлолтууд (97, 98, 155-159, 166) болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн шүүгдэгчийг сэжигтэн, яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн байцаан шийтгэх хууль зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

 

Шүүх хуралдаанаар шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд: 

Шүүгдэгч Д.Энхтуяа нь 2013 оны 12 дугаар сарын 08-ны өдрөөс 2016 оны 3 дугаар сарын 15-ны хооронд газрын кадастрын зураг хийж өгнө, газрын өргөдөл материалыг мэдээллийн санд оруулж, газрын гэрчилгээ шуурхай гаргаж өгнө гэж бусдыг хуурч мэхлэх, итгэл эвдэх замаар:

-Д.Амгалангаас 2013 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсэгт байрлах Хүрэн толгод ХХК-ийн ажлын байранд 400.000 төгрөг бэлнээр, 2013 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, Дипогийн Хаан банк-ны салбараас 1.000.000 төгрөгийг бэлнээр авч, нийт 1.400.000 төгрөгийг,

-Н.Санжидаас 2014 оны 7 дугаар сарын 05-аас 06-ны өдрийн хооронд Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Тахилт гэх газар 480.000 төгрөг бэлнээр, 2015 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хүрэн толгод ХХК-ийн ажлын байранд 1.500.000 төгрөг бэлнээр авч, нийт 1.980.000 төгрөгийг,

-Н.Саруулмаад 2014 оны 8 дугаар сарын 10-наас 15-ны өдрийн хооронд Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороонд байрлах Хүрэн толгод ХХК-ийн байранд бэлнээр 1.250.000 төгрөгийг,

-Д.Бадамцэцэгээс 2014 оны 8 дугаар сарын 10-аас 15-ны өдрийн хооронд Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороонд байрлах Хүрэн толгод ХХК-ний ажлын байранд бэлнээр 700.000 төгрөг, 2014 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Орбитын тойрог гэх газар бэлнээр 160.000 төгрөг, нийт 860.000 төгрөгийг,

-Т.Энхцэцэгээс 2014 оны 8 дугаар сарын 10-аас 20-ны өдрийн хооронд Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороонд байрлах Хүрэн толгод ХХК-ий ажлын байранд бэлнээр 700.000 төгрөг, 2014 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Орбитын тойрог гэх газар бэлнээр 160.000 төгрөг, нийт 860.00 төгрөгийг,

-А.Болормаагаас 2014 оны 8 дугаар сарын 25-наас 30-ны өдрийн хооронд Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хүрэн толгод ХХК-ний ажлын байранд  бэлнээр 700.000 төгрөг, 2014 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Орбитын тойрог гэх газар бэлнээр 160.000 төгрөг, бэлнээр 860.000 төгрөгийг,

-Л.Жаргалсайханаас 2015 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, Алтан-Овоо 8 дугаар гудамжны 12 тоотод гар утасны мобайл банкаар 2.100.000 төгрөгийг,

-Т.Баттунгалагаас 2015 оны 3 дугаар сарын 20-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Таван шарын Хаан банк-ны мөнгөний машинаар дансаар 350.000 төгрөгийг,

-Ч.Энх-Амгалангаас 2015 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр Сонгиноахайрхан дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хүрэн толгод ХХК-ний ажлын байранд бэлнээр 160.000 төгрөг, 2015 оны 5 дугаар сарын 05-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хүрэн толгод ХХК-ний ажлын байранд бэлнээр 600.000 төгрөг, үргэлжилсэн үйлдлээр 2015 оны 5 дугаар сарын 20-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, Москва хороололд бэлнээр 1.400.000 төгрөг, 2016 оны 3 дугаар сарын 15-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Сүлжмэлийн үйлдвэрийн урд талын зам дээр бэлнээр 80.000 төгрөг, нийт 2.240.000 төгрөгийг,

-Т.Төмөрчөдөрөөс 2015 оны 6 дугаар сарын 04-ний өдөр Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Материал импекс Хаан банк-ны салбараас дансаар 1.000.000 төгрөг, 2015 оны 6 дугаар сарын 25-ны өдрөөс 28-ны өдрийн хооронд Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Баруун турууны  гудамжинд бэлнээр 1.175.000 төгрөг, нийт 2.175.000 төгрөгийг,

-Г.Өлзийбуянгаас 2015 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хүрэн толгод ХХК-ний ажлын байранд бэлнээр 500.000 төгрөгийг,

-Б.Энхжаргалаас 2015 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хүрэн толгод ХХК-ний ажлын байранд бэлнээр 220.000 төгрөгийг, нийт 17 удаагийн давтан үйлдлээр 12 иргэнд 14.795.000 төгрөгийн үлэмж хэмжээний хохирол учруулсан болох нь дээрх бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Д.Энхтуяа нь үйлдвэрийн тоног төхөөрөмжийн засварчин мэргэжилтэй байх ба, тэрээр кадастрын зураг хийх мэргэжилгүй, эрх бүхий байгууллагад болон Хүрэн толгод ХХК-д ажилладаггүй атал дээрх нэр бүхий 12 иргэнд кадастрын зураг хийнэ, гэрчилгээ гаргана, мэдээллийн санд оруулж өгнө гэх зэргээр үг, үйлдлээрээ хуурах, худал хэлэх, зохиомол байдлыг бий болгож төөрөгдүүлэх зэргээр хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар тэднийг залилан мэхэлж, тэдний мөнгийг өөртөө олж авч, буцааж төлөхгүй гэсэн субъектив санаа зорилго агуулж, хохирогч нарт үлэмж хэмжээний хохирол учруулсан гэм буруутай гэж шүүх үзэв.

Яллах дүгнэлтэд шүүгдэгч Д.Энхтуяаг хохирогч Н.Саруулмаа, Ч.Энх-Амгалан нараас эд хөрөнгийг нь хуурч мэхлэн авахдаа Шинэ Кадасрт ХХК-ны байранд авсан гэж буюу өөрөөр хэлбэл гэмт хэрэг үйлдсэн газрыг буруу бичсэн байх боловч энэ нь хохирогч нарын мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгээр Хүрэн толгод ХХК-ын байр болох нь тогтоогдож байх тул шүүхээс гэмт хэрэг гарсан газрыг зөвтгөж шийдвэрлэсэнийг тэмдэглэх нь зүйтэй.

 

Иймд шүүгдэгч Д.Энхтуяаг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгчийн үйлдэлд тохирсон байх тул шүүгдэгчийг гэм буруутайд тооцож хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

 

Шүүгдэгч нь урьд ял шийтгэгдэж байгаагүй болох нь түүний ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 95)-р тогтоогдож байна.

 

Энэ гэмт хэргийн улмаас дээрх 12 иргэнд учирсан 14.795.000 төгрөгийн хохирол төлөгдөөгүй байх тул эд хөрөнгийн хохирлын асуудлыг хэрэгт цугларсан баримтын хүрээнд дүгнэлт хийж, нотлогдож буй хэмжээнд нь гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлэхээр шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Түүнчлэн шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Н.Санжид нь өөрт учирсан хохирлоос 480.000 төгрөгийг, хохирогч Ч.Энх-Амгалан нь өөрт учирсан хохирлоос 610.000 төгрөгийг, хохирогч Л.Жаргалсайхан нь өөрт учирсан хохирлоос 240.000 төгрөгийг тус тус нэхэмжлэхээс татгалзсаныг дурдаж, үлдэх 12.845.000 төгрөгийг шүүгдэгч Д.Энхтуяагаас гаргуулж, хохирогч Д.Амгаланд 1.400.000 төгрөг, Н.Санжидад 1.500.000 төгрөг, Н.Саруулмаад 1.250.000 төгрөг, Д.Бадамцэцэгт 860.000 төгрөг, Т.Энхцэцэгт 860.000 төгрөг, А.Болормаад 860.000 төгрөг, Л.Жаргалсайханд 1.860.000 төгрөг, Т.Баттунгалагт 350.000 төгрөг, Ч.Энх-Амгаланд 1.500.000 төгрөг, Т.Төмөрчөдөрт 2.175.000 төгрөг, Г.Өлзийбуянд 500.000 төгрөг, Б.Энхжаргалд 220.000 төгрөг тус тус олгох нь зүйтэй байна.

 

Шүүх шүүгдэгч Д.Энхтуяад ял оногдуулахдаа анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн байгаа зэргийг ял хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдалд тус тус тооцсон ба харин шүүгдэгч Д.Энхтуяад оногдуулсан ялыг биечлэн эдлүүлэх үндэслэлтэй гэж үзэв.

 

Мөн шүүгдэгч нь эрх бүхий байгууллагуудын хэрэгт ирүүлсэн тодорхойлолтоор хөдлөх, болон үл хөдлөх эд хөрөнгөгүй тухай, хорооны тодорхойлолтоор амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлоготой зэргийг харгалзан түүнд эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэх шаардлагагүй гэж үзэв.

 

Шүүгдэгч Д.Энхтуяа нь өрх толгойлсон дөрвөн хүүхдийн хамт амьдардаг байх бөгөөд түүний хүүхэд болох Э.Төгөлдөр 2003 оны 7 дугаар сарын 26-ны өдөр төрсөн, 13 настай (хавтаст хэргийн 226), Э.Урангоо 2002 оны 7 дугаар сарын 29-ний өдөр төрсөн, 14 настай (хавтаст хэргийн 225) болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх тул Гэр бүлийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.5, 66 дугаар зүйлд зааснаар насанд хүрээгүй Э.Төгөлдөр, Э.Урангоо нарт харгалзан дэмжигчийг томилох асуудлыг шүүгдэгчийн оршин суух харьяаллын эрх бүхий албан тушаалтан болох Баянзүрх дүүргийн Засаг даргад даалгах нь зүйтэй байна.

 

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирүүлсэн зүйлгүй, шүүгдэгч Д.Энхтуяа нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 294, 295, 296, 297 дугаар зүйлийн 297.1.1, 297.1.2, 297.1.3, 297.1.4, 298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигон овогт Даваагийн Энхтуяаг давтан үйлдлээр, бусдыг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар залилан мэхэлж бусдад 14.795.000 (арван дөрвөн сая долоон зуун ерэн таван мянга) төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Энхтуяагаас эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр 2 (хоёр) жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Энхтуяад оногдуулсан 2 (хоёр) жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

4. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирүүлсэн зүйлгүй, шүүгдэгч Д.Энхтуяа нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

5. Монгол Улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Д.Энхтуяагаас 12.845.000 төгрөг гаргуулж хохирогч:

- Д.Амгаланд 1.400.000 төгрөг (нэг сая дөрвөн зуун мянга),

-Н.Санжидад 1.500.000 төгрөг (нэг сая таван зуун мянга),

-Н.Саруулмаад 1.250.000 төгрөг (нэг сая хоёр зуун тавин мянга),

-Д.Бадамцэцэгт 860.000 төгрөг (найман зуун жаран мянга),

-Т.Энхцэцэгт 860.000 төгрөг (найман зуун жаран мянга),

-А.Болормаад 860.000 төгрөг (найман зуун жаран мянга),

-Л.Жаргалсайханд 1.860.000 төгрөг (нэг сая найман зуун жаран мянга),

-Т.Баттунгалагт 350.000 төгрөг (гурван зуун тавин мянга),

-Ч.Энх-Амгаланд 1.500.000 төгрөг (нэг сая таван зуун мянга),

-Т.Төмөрчөдөрт 2.175.000 төгрөг (хоёр сая нэг зуун далан таван мянга),

-Г.Өлзийбуянд 500.000 төгрөг (таван зуун мянга),

-Б.Энхжаргалд 220.000  төгрөг (хоёр зуун хорин мянга) тус тус олгосугай.

6. Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэхь хэсэгт зааснаар ялтан Д.Энхтуяагийн хүүхдүүд болох 2003 оны 7 дугаар сарын 26-ны өдөр төрсөн 13 настай Э.Төгөлдөр, 2002 оны 7 дугаар сарын 29-ний өдөр төрсөн 14 настай Э.Урангоо нарт харгалзан дэмжигч томилохыг Баянзүрх дүүргийн Засаг даргад даалгасугай.

7. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд ялтан  Д.Энхтуяад авсан бусдын батлан даалтад өгөх таслан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, түүний эдлэх ялыг 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрөөс эхлэн тоолсугай.

8. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

9. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Д.Энхтуяад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Г.МӨНХЗУЛ