| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Намхайдоржийн Оюунбилэг |
| Хэргийн индекс | 133/2018/00385/и |
| Дугаар | 133/ШШ2018/00459 |
| Огноо | 2018-09-20 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2018 оны 09 сарын 20 өдөр
Дугаар 133/ШШ2018/00459
Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Оюунбилэг даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар
нэхэмжлэгч: ********-ын нэхэмжлэлтэй
хариуцагч: *********-т холбогдох
*********-ын 2016, 2017 оны ээлжийн амралтын олговорт олгогдвол зохих 3.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2018 оны 07 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, 2018 оны 07 дугаар сарын 10-ны өдөр иргэний хэрэг үүсгэснийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *********, хариуцагчийн төлөөлөгч ********, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Уугандарь нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******** нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний нөхөр ******* нь Улсын ерөнхий прокурорын 2015 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн Б/274 дүгээр тушаалаар ********-т хяналтын прокуророор ажиллаж байгаад 2017 оны 05 дугаар сард нас барсан юм. *********-ын прокуророор ажиллаж байх 1 жил 9 сарын хугацаанд ажлын шаардлагын улмаас гэсэн үндэслэлээр түүний ээлжийн амралтыг эдлүүлээгүй, олгох ёстой ээлжийн амралтын олговрыг Хөдөлмөрийн хуулинд заасан журмын дагуу олгоогүй хохироосон бөгөөд байгууллагын зүгээс 2017 оны 08 дугаар сард тухайн оны ээлжийн амралтыг олгож, эдлүүлэхээр тогтсон байсан. **********-т энэ эдлээгүй ээлжийн амралтын олговрын /1 жил 9 сарын хугацааны/ талаар ******** миний бие гомдол гарган хандсан боловч манай байгуулллагад аудитын шалгалт хийгдэж байна, манайх удахгүй шийдвэрлэж өгнө гээд хариу өгөхгүй байж байгаад энэ ээлжийн амралтын олговор олгох боломжгүй гэж 2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 30 дугаар мэдэгдэх хуудсаар хариуг өгсөн. Иймд ******* миний бие энэ хариуг зөвшөөрөхгүй байгаа тул ********-аас миний нөхөр *******-ын хяналтын прокуророор ажиллаж байх 1 жил 9 сарын хугацааны буюу 2016, 2017 оны ээлжийн амралтыг биеэр эдлүүлээгүй, ээлжийн амралтын олговрыг олгоогүй болохыг тогтоолгож, ээлжийн амралтын олговорт олгох ёстой 3.000.000 /гурван сая/ төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******** нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: *********-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна. ******* прокурор нь 2017 оны 05 дугаар сард нас барсан. ********-т хяналтын прокуророор ажиллахад 1 жил 9 сарын хугацаанд ээлжийн амралтыг биеэр эдлүүлээгүй. Энэ нь цалин авсан баримтаас тодорхой харагдаж байна. 2016, 2017 онуудын ээлжийн амралтыг биеэр эдлүүлэхээр тушаал гарсан боловч ээлжийн амралтын мөнгө аваагүй. Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна. 2016, 2017 цалингаа авсан. Тухайн үед ээлжийн амралтаа авах байсан бол 1 сар гаруй хоног амарч, 3.000.000 төгрөг авах байсан гэв.
Хариуцагчийн төлөөлөгч *********** нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ****** нь манай *******-т хяналтын прокуророор ажиллаж байсан. 2015 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр ажилд томилогдсон. Хуулиар тодорхой зохицуулсан зүйл байхгүй. Шинээр ажилд орсон хүн 10 сар ажиллаж байгаад ээлжийн амралт авахаар зохицуулсан. 2016 оны 07 дугаар сард ээлжийн амралт эдлэх эрхтэй байсан. 2015 онд ээлжийн амралт авах эрх үүсээгүй. 2016 оны 02 дугаар сард ээлжийн амралтын хуваарь батлагдсан. 2016 оны 08-09 сард амраахаар тушаал гарсан байсан боловч 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдөр прокурор ****** тэтгэвэрт гарч, ******* прокурор Улаанбаатар хотын Баянзүрх дүүрэгт шилжин ажилласан. Үндсэн чиг үүрэгтэй 3 прокурорын 2 орон тоо сул байсан учир ээлжийн амралт эдлүүлэх боломжгүй байсан. Улсын ерөнхий прокуророос шалгуурт нийцсэн хүн ажиллуулна гэж хэлсэн. Тусдаа хяналтын ажил хариуцаж явсан. 2016 оны ээлжийн амралтыг эдлүүлээгүй. 2017 оны 02 дугаар сард ээлжийн амралтыг өөрийн саналаар амраана гэж хэлээд 2017 оны 08 дугаар сарын 14ний өдрөөс 09 дүгээр сард амрахаар хуваарь гаргасан боловч 05 дугаар сард тухайн хүн нас барсан. Төрийн албаны тухай хуулий 31.4 дэх хэсэгт мөнгөн урамшуулал олгож болно гэсэн заалт нь захиргааны албан тушаалтанд хамаарч байгаа. Прокурорын тухай хууль, Хөдөлмөрийн тухай хуульд мөнгөн урамшуулал олгох зохицуулалт байхгүй. Ээлжийн амралтын хоорондох хугацаа зайлшгүй шаардлага гэдэг нь ажилтанд гэж зохицуулагдсан. Тэгэхээр хөдөлмөрийн дотоод журман дээр прокурор ажлын зайлшгүй шалтгаанаар ажилласан тохиолдолд олгоно гэсэн ойлголт байхгүй. Улсын Ерөнхий прокурорын газар удаа дараа гаргаж өгсөн. Утсаар хандаж байсан. 2.800.000 төгрөгийг тусдаа, хуулийн зохицуулалт байхгүй учир тусламж хэлбэрээр олгосон. Байрны урсгал зардал дээр нэг удаагийн буцалтгүй тусламжаар олгосон. Төрийн албаны тухай хуульд тодорхой хуулийн заалт байхгүй. Ажил олгогчтой тохиролцсоны үндсэн дээр олгож болно гэсэн хуулийн заалт байгаа. Удирдлагууддаа ойлгуулж байгаад буцалтгүй тусламж хэлбэрээр олгогдсон. Хамт ажиллаж байсан хүмүүс нь нас барах үед нь УЕП-ын газарт 1.200.000 төгрөг орж ирээд талийгаачийн ар гэрийн хүнд гардуулж өгч байсан. Оршуулгатай холбоотой бүх ажиллагаанд гар бие оролцож явж байсан. Манай байгууллагад хүсэлт гаргасны дараа манайхаас шийдэх боломжгүй байна гэж хэлж байсан. Тухайн үед 1.200.000, 1.000.000 төгрөг оршуулгын зардал гээд бид өөрсдийн боломжоор тусалж байсан. Тэгэхээр үүнийг буруугаар ойлгоод яваа юм болов уу гэж бодоод байна. Манай байгууллагаас дахин мөнгө гаргуулж чадахгүй учир нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт цугласан нотлох баримтыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч ******** нь ********-аас нөхөр ********-ын 2016, 2017 оны ээлжийн амралтын олговорт олгогдвол зохих 3.000.000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нь шүүх хуралдаанд ...2016, 2017 оны ээлжийн амралтуудыг биеэр эдлүүлэхээр тушаал гарсан боловч ээлжийн амралтын мөнгө аваагүй учраас ээлжийн амралтын олговорт олгох ёстой 3.000.000 төгрөгийг гаргуулна... хэмээн мэтгэлцэж байна.
Хариуцагчийн төлөөлөгч ********** нь шүүх хуралдаанд тайлбарлахдаа ...Ээлжийн амралтаа биеэр эдэлж чадаагүй ажилтанд мөнгөн урамшуулал олгох заалт нь прокурорт хамааралгүй, Төрийн албаны тухай хуулий 31.4 дэх хэсэгт мөнгөн урамшуулал олгож болно гэсэн заалт нь захиргааны албан тушаалтанд хамаардаг. Прокурорын тухай хууль, Хөдөлмөрийн тухай хуульд мөнгөн урамшуулал олгох зохицуулалт байхгүй. Ээлжийн амралтын хоорондох хугацаа, зайлшгүй шаардлага гэдэг нь ажилтанд гэж зохицуулагдсан. Тэгэхээр хөдөлмөрийн дотоод журамд прокурор ажлын зайлшгүй шалтгаанаар ажилласан тохиолдолд олгоно гэсэн ойлголт байхгүй тул манай байгууллагаас мөнгө гаргах боломжгүй... гэж маргаж байна.
********* нь 2015 оны 09 дүгээр сарын 04-ний өдрөөс *********-Т хяналтын прокуророор ажиллаж байгаад 2017 оны 05 дугаар сарын 03-ны өдөр нас барсан болох нь ********-ын ******* дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, ****** дугаартай нас барсны бүртгэлийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, нас барсан тухай эмнэлгийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбаруудаар тус тус тогтоогдож байна.
Иргэний хуулийн 515 дугаар 515.1-д ...өвлүүлэгчийн эд хөрөнгө, эрх өвлөгдөнө... гэж, 520 дугаар зүйлийн 520.1.1-д ...нас барагчийн нөхөр, эхнэр, төрүүлсэн болон үрчилж авсан, түүнийг нас барсан хойно төрсөн хүүхэд, нас барагчийн төрүүлсэн болон үрчилсэн эцэг эх хууль ёсны өвлөгч байхаар... тус тус заажээ
******* нь 1990 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр ******-тэй гэр бүл болсон болох нь ******* дугаартай гэрлэлтийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбараар тогтоогдож байх бөгөөд зохигчид ********-ийг хууль ёсны өвлөгч гэдэгтэй маргахгүй байна.
Иймд ****** нь *********-ын ээлжийн амралтын олговортой холбоотой нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхтэй байна.
*********-ын 2016 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн Б/06 дугаартай тушаал болон хавсралтаар хяналтын прокурор ******* нь 2016 онд 08 сарын 08-ны өдрөөс ээлжийн амралт нь эхэлж 2016 оны 09 дүгээр сарын 06-ны ажилдаа эргэн орохоор хуваарь батлагдсан боловч 2016 оны 01 дүгээр сараас 12 дугаар сарыг дуустал хугацаанд ажиллаж, цалингаа авч байсан болох нь хэрэгт авагдсан цалингийн баримт, цагийн бүртгэлийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбараар тогтоогдож байна.
Мөн 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн Б/09 дугаартай тушаал болон хавсралтаар 2017 оны ээлжийн амралтыг 2017 оны 08 дугаар сарын 14-ний өдрөөс 2017 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийг хүртэл хугацаагаар тогтоосон байх боловч ******** нь 2017 оны 05 дугаар сарын 03-ны өдөр нас барсан, 2017 оны 01 дүгээр сараас 05 дугаарын хугацаанд ажиллаж, цалингаа авч байсан болох нь цалингийн баримт, цагийн бүртгэлийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбараар тогтоогдож байна.
********* 2016, 2017 онд ээлжийн амралтаа биеэр эдлээгүй, энэ хугацаанд ээлжийн амралтын олговор аваагүй болох нь хэрэгт авагдсан цалингийн баримт, цагийн бүртгэлээр тогтоогдож байх бөгөөд зохигчид энэ талаар маргахгүй байгааг дурдах нь зүйтэй.
Прокурорын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.4-т Прокурорын ээлжийн амралтын үндсэн хугацаа, нэмэгдэл амралтыг Хөдөлмөрийн тухай хууль болон энэ хуулиар зохицуулна... гэж, 60.8-д ...энэ хуульд зааснаас бусад баталгаа, шагнал урамшил, тусламж, тэтгэмжийг Төрийн албаны тухай хууль болон бусад хууль тогтоомжоор зохицуулна... гэж заасан байна.
Төрийн албаны тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.4-т ажлын зайлшгүй шаардлагаар ээлжийн амралтаа биеэр эдэлж чадаагүй төрийн захиргааны албан хаагчид түүний зөвшөөрснөөр 1.5 сарын албан тушаалын цалинтай тэнцэх мөнгөн урамшил олгож болно... гэж заасан байх боловч Төрийн албаны тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1-д зааснаар прокурор нь төрийн тусгай албан тушаалд хамаарах тул дээрх зохицуулалт нь прокурорт хамааралгүй байна.
Монгол улсын Прокурорын байгууллагын Хөдөлмөрийн дотоод журмын 5 дугаар зүйлд ажил, амралтын горимыг зохицуулсан байх бөгөөд 5.4-т Жил бүрийн 1 дүгээр сард багтаан прокурор, ажилтнуудын тухайн жилийн ээлжийн амралтын хуваарийг нэгтгэн гаргаж... тушаалаар баталгаажуулна. Ээлжийн амралтын хугацааг Прокурорын байгууллагын тухай хууль, Төрийн албаны тухай хууль, Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу тогтооно... гэж, 5.10-д захиргааны шийдвэрийн дагуу ажлын зайлшгүй шаардлагаар ээлжийн амралтаа биеэр эдэлж чадаагүй ажилтанд түүний зөвшөөрлөөр 1.5 сарын албан тушаалтай тэнцэх мөнгөн урамшуулал олгож болно... гэж тус тус заасан байх бөгөөд дээрх мөнгөн урамшуулал нь прокурорт хамааралгүй, зөвхөн ажилтанд олгохоор заасан байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-д ...Ажилтанд жил бүр ээлжийн амралт олгож биеэр эдлүүлнэ. Ажлын зайлшгүй шаардлагаар ээлжийн амралтаа биеэр эдэлж чадаагүй ажилтанд мөнгөн урамшуулал олгож болно. Мөнгөн урамшуулал олгох журмыг хамтын гэрээгээр, хамтын гэрээгүй бол ажилтантай тохиролцсоны үндсэн дээр ажил олгогчийн шийдвэрээр зохицуулна... гэж заасан байх бөгөөд хэрэгт авагдсан баримтаас үзэхэд *********-д мөнгөн урамшуулал олгохоор тохиролцоогүй, хамтын гэрээ, хөдөлмөрийн дотоод журамд прокурорт мөнгөн урамшуулал олгох тухай зохицуулаагүй, ажил олгогчоос ********-д мөнгөн урамшуулал олгохоор тохиролцож шийдвэр гаргаагүй байна.
Дээрх үндэслэлүүдээр ээлжийн амралтыг биеэр эдлээгүй тохиолдолд мөнгөн урамшил олгох хууль зүйн үндэслэлгүй байх тул Прокурорын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.8, Хөдөлмөрийн тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн *********-т холбогдох ********-ын 2016, 2017 оны ээлжийн амралтын олговорт олгогдвол зохих 3.000.000 төгрөг гаргуулах тухай *******-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч ********* нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Прокурорын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.8, Хөдөлмөрийн тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 дэх заасныг тус тус үндэслэн ********-ийн нэхэмжлэлтэй, *********-т холбогдох ********-ын 2016, 2017 оны ээлжийн амралтын олговорт олгогдвол зохих 3.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч ********* нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Н.ОЮУНБИЛЭГ