Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 06 сарын 25 өдөр

Дугаар 221/МА2024/0405

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ж.Бийн нэхэмжлэлтэй

        захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:

Даргалагч: Шүүгч З.Ганзориг

Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч О.Оюунгэрэл

Илтгэгч: Шүүгч Н.Долгорсүрэн,

Давж заалдах гомдол гаргасан: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.М

Нэхэмжлэгч: Ж.Б

Хариуцагч: Архангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс

Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 10 дугаар шийдвэртэй,

Шүүх хуралдаанд оролцогчид: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.М нар,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: А.Еликай

Хэргийн индекс: 109/2024/0002/З         

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 10 дугаар шийдвэрээр: Иргэний бүртгэлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.4, 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ж.Бээс Архангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдуулан гаргасан “М.Тын эцгээр Л.Мыг тогтоосон 2018 оны 5 дугаар сарын 9-ны өдрийн 24 дүгээр бүртгэлийг хүчингүй болгож, М.Тын эцгээр Б.Аыг бүртгэхийг Архангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгах” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.М-ээс дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд: “...

2.1. Нэхэмжлэгч Ж.Бийн захиргааны хэргийн шүүхээр сэргээлэхээр зорисон эрх нь тухайн үед мөрдөгдөж байсан, одоо ч хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа 1999 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 "Хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ, 24 дүгээр зүйлийн 24.1 "эцэг, эх тохиролцсоны үндсэн дээр хүүхэддээ нэр, овог өгнө", 24.3 "Хүүхэд эцгийн нэрийг авна", 24.4 "Гэрлэлтээ бүртгүүлээгүй эхээс төрсөн, эсхүл хүүхдиийн эцгийг тогтоосон эрх бүхий байгууллагын шийдвэргүй бол хүүхэд эхийн нэрийг авна", 25 дугаар зүйлийн 25.1 "Хүүхэд гэр бүлийн дотор тэгш эрх эдлэнэ" юм. Мөн хуулийн 22, 23 дугаар зүйлүүдэд зааснаар хүүхдийн эцэг, эхийг захиргааны болон шүүхийн журмаар тогтоох бөгөөд захирааны журмаар хүүхдийн эцгийг тогтооход гэрлэлтээ бүртгүүлээгүй эцэг, эхийн эцгээр овоглохыг харилцан зөвшөөрсөн утгатай өргөдлийг үндэслэж тогтооно. Уг хуулийн зохицуулалтаас үзэхэд хүүхэд төрсөн тухай эмнэлгийн магадлагаа эсхүл хэний хүүхэд нь болох нь тодорхойгүй олдмол хүүхдийн эхийг тогтоох асуудал яригдахаас дээрх шүүхийн шийдвэрийн 3.8-д дурдсан эхийг захиргааны журмаар тогтоож байгаа үйлдэл огт биш, энэ шаардлагын тохиолдолд эхийг захиргааны журмаар тогтоох асуудал яригдахгүй, хуульд заагаагүй, үндэслэлгүй дүгнэлт хийгдсэн.

2.2. Нэхэмжлэгчийн хувьд анх охин М.Тыг 2007 оны 12 сарын 12-ны өдөр Архангай аймагт төрүүлж, хуульд заасан хугацаанд иргэний гэр бүлийн байдалд бүртгүүлж төрсний гэрчилгээ авах үед албан ёсоор гэрлэлт бүртгэлгүй, төрсөн эцэг Б.Ааас нь өөр аймаг, орон нутагт амьдарч байсан учраас өөрийн нэрээр овоглож гэрчилгээ авсан нь хууль зөрчөөгүй. Үүний дараа Орхон аймаг дахь сум дундын шүүхийн 2009 оны 06 сарын 30-ны өдрийн 723 дугаартай шийдвэрээр М.Тын эцгээр Балданрагчаагийн Азжаргалыг тогтоож, уг шийдвэр одоог хүртэл хүчин төгөлдөр үйлчилж байгаа болно.

2.3. Иргэний бүртгэлийн тухай хуулийн /1999 оны/ 17 дугаар зүйлийн 17.1 "Эцэг тогтоосныг эцэг, эхийн хамтран гаргасан өргөдөл, түүнчлэн эцэг тогтоосон тухай шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг үндэслэн бүртгэнэ. 17.2. Хүүхдийн эцгийг шүүхээс тогтоосныг бүртгүүлэх тухай өргөдлөө хүүхдийн эх, эсхүл эцэг, 16 нас хүрсэн хүүхэд өөрөө оршин суугаа газрынхаа, эсхүл асран хамгаалагч, харгалзан дэмжигч нь хүүхдийн оршин суугаа болон урьд сууж байсан газрын сум, дүүргийн улсын бүртгэлийн асуудал хариуцсан нэгж, ажилтанд гаргаж шүүхийн шийдвэрийг хавсаргана" гэж заасан. Нэхэмжлэгч Ж.Б нь Л.Мтай гэрлэлтээ бүртгүүлэхээс өмнө болон дараа дээрх 723 дугаар шийдвэрийн дагуу эцэг тогтоосон бүртгэл хийлгэхээр Архангай аймгийн Ихтамир сумын Улсын бүртгэгчид хандахад, эцгийн гараар бичсэн зөвшөөрөл бүхий өргөдөл, эсхүл хүүхдээ 16 нас хүрэхээр нь шилжүүлж ав, одоо Л.Мтай гэрлэлтийн гэрчилгээтэй учраас заавал түүгээр овоглох ёстой гэж сумын улсын бүртгэгч хэлэхээр нь би түүнд итгэсэн гэж, гэрч Э.Онон шүүхийн шийдвэрийг надад үзүүлж байгаагүй, хэрэв шүүхийн шийдвэр байсан бол эцгээр нь л тогтооно, бүхэл бүтэн шүүхийн шийдвэрийг би юу гэж тэгэх бэ өөр хүнээр бүртгэл хийх эрх байхгүй... гэсэн тайлбар, мэдүүлгийг өгдөг.

2.4. Дээрх хуулийн заалтаас дүгнэхэд гэрлэлтээ бүртгүүлээгүй эцэг, эх хүүхдээ эцгээр нь овоглох талаар харилцан зөвшөөрсөн гар өргөдөл өгсөн тохиолдолд захиргааны журмаар эцгийг тогтоож бүртгэхээр, энэнээс бусад тохиолдолд өөрөөр хэлбэл эцэг нь зөвшөөрсөн өргөдөл өгөөгүй тохиолдолд хүүхдийн эцгийг шүүхийн журмаар тогтоох асуудал яригдахаар байх бөгөөд бидний тохиолдолд М.Тын эцгээр Б.Аыг шүүхийн журмаар тогтоосон үйл баримт тогтоогдож байна. Хүүхдийн эцгийг шүүхийн журмаар тогтоосон бүртгэл хийхэд шүүхийн шийдвэр, эхийн өргөдөл шаардлагатай, шүүхийн шийдвэрт дүгнээд байгаа шиг эцгийн зөвшөөрсөн утгатай өргөдлийг давхар шаардахгүй, ингэж шаардаж буй үйлдэл нь хууль бус шаардлага болно. Мөн 2018 оны 05 сарын 09-ний өдөр нэхэмжлэгч болон гуравдагч этгээд Л.М хоёр гэрлэлтээ эрх бүхий байгууллагад албан ёсоор бүртгүүлж гэрлэлтийн гэрчилгээ авч буй үйл явдал нь нэхэмжлэгчийн нэр дээр байгаа хоёр хүүхдийг эцэг Л.Маар нь заавал овоглох үндэслэл болохгүй, энэ талаар хуульд заагаагүй. Гэтэл тэр үеийн улсын бүртгэгч Э.Онон нь өөрийн хүсэл сонирхолыг илэрхийлж заавал эцгээр овоглох ёстой байдлаар талуудаас шаардаж, өөрийн компьютерт хүсэлтүүдийг бичиж, гарын үсэг зуруулж байгаа үйлдэл нь тухайн үед мөрдөгдөж байсан Иргэний бүртгэлийн тухай хуулийн 3 дугаар зүйл Иргэний бүртгэлийн үйл ажиллагааны зарчим 3.1 "Иргэний бүртгэлийн үйл ажиллагаанд хүний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх, бусдын нөлөөнд үл автах, иргэний хувийн нууцыг чандлан хамгаалах" зарчмыг илтэд зөрчиж 2018 оны 05 сарын 09-ний өдрийн 24 дүгээр эцэг тогтоосны бүртгэл хийсэн үйлдэлд анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй.

2.5. Нэхэмжлэгчийн зүгээс хүүхдийг 2007 онд гэр бүлийн байдлын бүртгэлд бүртгэсэнтэй холбогдуулан маргаан үүсгээгүй, 2009 онд эцэг тогтоосон шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр үйлчилж байхад Улсын бүртгэлийн байгууллага 2018 оны 05 сарын 09-ний өдөр хүүхдийн эцгийг захиргааны журмаар давхар тогтоосон үйлдэл хийсэнг хүчингүй болгуулж, төрсөн эцгээр нь тогтоосон буюу нэгэнт тогтоогдсон үйл баримтыг биелүүлэхийг даалгуулах шаардлага гаргасан. Иймд Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 сарын 09-ний өдрийн 109/ШШ2024/0010 дугаартай шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийг шаардлагыг хангаж өгнө үү” гэжээ.

 

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар хэргийг бүхэлд нь хянаад, анхан шатны шүүх хэргийн үйл баримтад үндэслэлтэй зөв дүгнэлт хийж, хуулийг зөв тайлбарлан хэрэглэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

2. Хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд,

2.1. Нэхэмжлэгч Ж.Бээс Архангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдуулан “М.Тын эцгээр Л.Мыг тогтоосон 2018 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 24 дүгээр бүртгэлийг хүчингүй болгож, М.Тын эцгээр Б.Аыг бүртгэхийг Архангай аймгийн улсын бүртгэлийн хэлтэст даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

2.2. Нэхэмжлэгчээс “...Б.Атай 2006 онд танилцаж, охин М.Тыг 2007 онд төрүүлж төрсний гэрчилгээ авах үед албан ёсоор гэрлэлт бүртгэлгүй, төрсөн эцэг Б.А нь өөр аймаг, орон нутагт амьдарч байсан учраас өөрийн нэрээр овоглож гэрчилгээ авсан, ...2009 оны 723 дугаар шүүхийн шийдвэрээр охин М.Тын эцгээр Б.Аыг тогтоосон, ...эцэг тогтоосон шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр үйлчилж байгаа тохиолдолд заавал эцгийн зөвшөөрөл шаардахгүй  гэж”, хариуцагчаас “...бүртгүүлэхдээ эцэг тогтоосон шүүхийн шийдвэрийг авч ирээгүй, гэрлэлтээ батлуулах гэж орж ирээд гэрлэлтээ батлуулаад 2 хүүхдээ эцгээр овоглох тухай хүсэлт гаргасан, ...охин М.Т өөрөө хүсэлт гаргаж хүсэлт дээр гарын үсэг зурж баталгаажсан байгаа тул манайх бүртгэлийг хүчингүй болгох боломжгүй” гэж, гуравдагч этгээд Б.Ааас “...2009 онд шүүхийн шийдвэрээр эцэг нь мөн гэж тогтоосон учир тухайн үеэс эхлэн хуулийн дагуу төлбөр төлж эхэлсэн одоо ч төлж байгаа, ...овог солиод энэ хүүхдийн амьдралд ямар нэгэн муу зүйл болохыг хүсэхгүй байна, ...нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй” гэж тус тус тайлбарлан маргажээ.

3. Иргэний бүртгэлийн тухай хууль /1999 он/-ийн  12 дугаар зүйлийн 12.2-т “Хүүхдийн эцэг, эхийн оршин суугаа, эсхүл хүүхдийн өөрийнх нь төрсөн газрын сум ... улсын бүртгэлийн асуудал хариуцсан нэгжийн ажилтан дараахь баримт бичгийг үндэслэн хүүхдийг иргэний гэр бүлийн байдлын бүртгэлд бүртгэнэ”, 12.2.1-д “Хүүхэд төрсөн тухай эмнэлгийн магадлагаа, эрүүл мэндийн дэвтэр эсхүл хүндэтгэн үзэх шалтгааны улмаас эмнэлгийн магадлагаа авах боломжгүй нөхцөлд төрсөн бол хөндлөнгийн гэрчийн тодорхойлолт”, 12.2.2-т “Эцэг, эхийн иргэний үнэмлэх”,12.2.3-т “Эцэг, эхийн гэрлэлтийн гэрчилгээ”, 12.3-т “Гэрлэлтээ бүртгүүлээгүй эхээс төрсөн хүүхдийг бүртгүүлэх тохиолдолд энэ хуулийн 12.2.3-т заасан гэрчилгээг шаардахгүй” гэж, 17 дугаар зүйлийн 17.1-д “Эцэг тогтоосныг эцэг, эхийн хамтран гаргасан өргөдөл, эсхүл эх нь нас барсан, шүүхээс нас барсан буюу эрх зүйн чадамжгүй гэж тооцогдсон, эх байх эрхээ хасуулсан шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон бол эцгийн дангаараа гаргасан хүсэлтээр, түүнчлэн эцэг тогтоосон тухай шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг тус тус үндэслэн бүртгэнэ”, 17.3-т  “Гэрлэлтээ бүртгүүлээгүй эцэг, эхээс төрсөн хүүхдийн эцгийг тогтоосныг эцэг, эхийн хамтран гаргасан өргөдлийг /өргөдөлд хүүхдийн эцэг мөн болохоо хүлээн зөвшөөрч байгаа иргэний овог, эцгийн нэр, нэр төрсөн он, сар, өдөр, иргэний харьяалал, оршин суугаа газрын хаяг, хүүхдийн овог, эцгийн нэр, нэр, хүйс, төрсөн он, сар, өдөр, газар, эцэг тогтоосны дараа хүүхдийн овог, эцгийн нэр, өөрчлөгдөх эсэхийг дурдсан байна/ үндэслэн иргэний гэр бүлийн байдлын бүртгэлд бүртгэнэ”, 17.5-т “Сум, дүүргийн улсын бүртгэлийн асуудал хариуцсан нэгж, ажилтан энэ хуулийн 17-д заасан баримт бичгийг хүлээн авч эцэг тогтоосныг бүртгэж, төрсний гэрчилгээг шинэчлэн олгоно” гэж тус тус заасан.

4. Хэрэгт авагдсан баримтууд, талуудын тайлбар зэргээс үзэхэд “...2018 оны 5 дугаар сарын 09-ний өдөр охин Б.Тамираас “Булганчимэг овогтой Тамир би 2007 онд төрсөн. Аав ээж хоёр маань гэр бүлээ батлуулаагүй байсан учраас би ээжээрээ овоглосон. Би өөрийн төрсөн ааваараа овоглох учраас Мөнхбатын Тамир болгон бүртгэж гэрчилгээ олгож өгнө үү гэх өргөдлийг; Л.М, Ж.Б нараас ...2006 онд Лхагвасүрэнгийн Мөнхбаттай танилцан хайр сэтгэлтэй болж хамтран амьдарч байгаад 2007 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр гэр бүл болж, 2018 оны 5 дугаар сарын 9-ний өдөр бид хоёр гэрлэлтээ бүртгүүлж, 08 тоот гэрчилгээ авсан. 2007, 2012 онд нөхөр бид хоёр гэрлэлтээ батлуулаагүй байсны улмаас охин Тамир, охин Амин-Эрдэнэ нарыг эх Ж.Бээр овоглож бүртгүүлсэн тул миний охин Тамир, Амин-Эрдэнэ нарыг Лхагвасүрэн овогтой Мөнхбатаар овоглож, гэрчилгээ олгож өгнө үү гэх хүсэлтийг тус тус гаргасны дагуу 2018 оны 5 дугаар сарын 09-ний өдөр Архангай аймгийн Ихтамир сумын Эцэг тогтоосны бүртгэлийн 24-т Б.Тамирын эцгээр Л.Мыг тогтоож, бүртгэл хийгдсэн үйл баримт тогтоогдож байна.

5. Анхан шатны шүүхээс “...гэрлэлтээ бүртгүүлэх өргөдлөө хамтран гаргаж, тухайн өдрөө иргэн Ж.Б, Л.М, Б.Тамир нарын гаргасан хүсэлтийн дагуу Б.Тамирын эцгээр Л.Мыг тогтоосон 2018 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 24 дүгээр бүртгэл хийгдсэн, ...иргэдийн хүсэлтийн дагуу эцэг тогтоосны бүртгэл хийгдсэнийг захиргааны байгууллага, албан тушаалтны буруутай үйл ажиллагаа гэж үзэхгүй, ...тухайн үед Орхон аймаг дахь сум дундын шүүхийн 2009 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 723 дугаартай шийдвэрээ гаргаж өгөх, эцэг тогтоосон шийдвэр байгаа талаар мэдэгдэх, бүртгэлд гарын үсэг зурахгүй байх, зөвшөөрөхгүй байх болон тухайн улсын бүртгэгчийн үйлдэлд нь дээд шатны захиргааны байгууллага, албан тушаалтанд гомдол гаргах эрхээ эдэлж, үүргээ биелүүлэх эрхтэй байсан бөгөөд иргэний гаргасан хүсэлтийг захиргааны байгууллага, албан тушаалтан хууль, журмын дагуу биелүүлсэн” гэж дүгнэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий байх тул нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан “...тэр үеийн улсын бүртгэгч Э.Онон нь өөрийн хүсэл сонирхолыг илэрхийлж заавал эцгээр овоглох ёстой байдлаар талуудаас шаардаж, өөрийн компьютерт хүсэлтүүдийг бичиж, гарын үсэг зуруулж байгаа үйлдэл нь тухайн үед мөрдөгдөж байсан Иргэний бүртгэлийн тухай хуулийн 3 дугаар зүйл Иргэний бүртгэлийн үйл ажиллагааны зарчим 3.1 "Иргэний бүртгэлийн үйл ажиллагаанд хүний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх, бусдын нөлөөнд үл автах, иргэний хувийн нууцыг чандлан хамгаалах" зарчмыг илтэд зөрчиж 2018 оны 05 сарын 09-ний өдрийн 24 дүгээр эцэг тогтоосны бүртгэл хийсэн үйлдэлд үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй” гэх давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэл тогтоогдохгүй байна.

6. Иргэний бүртгэлийн тухай хууль /2018 он/-ийн 12 дугаар зүйл “Овог, эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр өөрчилсний бүртгэл” 12.1-д “Иргэн, овог, эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэрээ өөрчлөх болон дараахь баримт бичгийг бүрдүүлж, оршин суугаа газрын улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлнэ”, Иргэний улсын бүртгэл хөтлөх журам /2018 оны/-ын 13.1-д “Улсын бүртгэгч овог, эцэг, /эх/-ийн нэр, өөрийн нэр өөрчилсний бүртгэлийг хөтлөхөд Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 12 дугаар зүйлийг баримтална” гэж тус тус заасны дагуу М.Т нь өөрөө захиргааны байгууллагад овог, нэр өөрчлөх талаарх хүсэлтээ гаргаж шийдвэрлүүлэх эрхийг анхан шатны шүүхийн шийдвэр болон давж заалдах шатны шүүхийн энэхүү магадлалаар хязгаарлахгүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 10 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70.200 төгрөгийг Улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                                           З.ГАНЗОРИГ

 

 

           ШҮҮГЧ                                                           О.ОЮУНГЭРЭЛ

                      ШҮҮГЧ                                                 Н.ДОЛГОРСҮРЭН