Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 01 сарын 03 өдөр

Дугаар 00092

 

Д.Д-ийн нэхэмжлэлтэй,

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч М.Наранцэцэг, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,    

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 181/ШШ2017/02759 дүгээр шийдвэртэй, нэхэмжлэгч Д.Д-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч “Ш” ХХК-д холбогдох

Ажилд эгүүлэн тогтоолгох, өмгөөллийн хөлс 1 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гомдлыг үндэслэн, шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.Д, нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.М, хариуцагчийн өмгөөлөгч Г.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2007 оны 4 дүгээр сарын 09-ний өдрөөс "Ш" ХХК-ийн Улаанбаатар дахь Төлөөлөгчийн газрын нарийн бичгээр ажилласан бөгөөд хөдөлмөрийн гэрээ одоог хүртэл бичгээр байгуулаагүй ба миний нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлж  ажиллуулж байсан. Ингээд миний бие ажил үүргээ хэвийн гүйцэтгэж байтал 2017 оны 6 дугаар сарын 27-ны өдөр "Ш" ХХК-ийн Улаанбаатар дахь салбар Төлөөлөгчийн газрын дарга н.Х уулзаж хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай 383 дугаар тушаалыг гардуулан өгсөн. Намайг 2017 оны 4 дүгээр сарын 03-ны өдрөөс эхлэн Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу ээлжийн амралтаа авч 2017 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр ажилдаа орох ёстой байсан боловч ажилдаа ирээгүй, ажил тасалсан үндэслэлээр 2017 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс хөдөлмөрийн гэрээ цуцалсныг хүлээн зөвшөөрөхгүй. Миний бие өөрийн ажил үүргээ зохих ёсоор биелүүлж байсан. Төлөөлөгчийн газрын дарга н.Х мэдээлэл өгөөгүйн улмаас намайг ажлаас халах үндэслэл болсон гэж үзэж байна. Ажил олгогч тушаалын үндэслэлээ Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасныг баримталсан боловч ажилтан сахилгын зөрчлийг давтан болон хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох ноцтой зөрчлийн алийг гаргасан нь тодорхойгүй.

Мөн ажилтантай хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй мөртлөө хөдөлмөрийн гэрээнд заасан зөрчил гаргасан нь үндэслэлгүй, хөдөлмөрийн гэрээг ноцтой зөрчсөн үйлдэл байхгүй. Надад сахилгын шийтгэл оногдуулсан тушаал, шийдвэр байхгүй. Иймд "Ш" ХХК-ийн захирлын 2017 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 383 дугаар тушаалыг хүчингүй болгуулах хүсэлтэй байна. Ийм нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжпэгдсэн төлөлөөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Д.Д "Ш" ХХК-ийн Улаанбаатар хот дахь Төлөөлөгчийн газарт нарийн бичгийн ажилтнаар 2007 оны 4 дүгээр сарын 09-ний өдрөөс эхлэн ажилласан бөгөөд түүнтэй хөдөлмөрийн гэрээ байгуулан, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын төлбөрийг цаг тухайд нь төлж байсан. Захирлын "Ээлжийн амралт олгох тухай" тушаалаар 2017 оны 4 дүгээр сарын 03-ны өдрөөс ээлжийн амралтаа биеэр эдлээд 2017 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр ажилдаа орох байсан боловч ирээгүй.

Бид нэхэмжлэгч Д.Д, түүний гэр бүлийн хүнтэй холбогдохыг оролдсон боловч холбогдоогүй учраас Дорнод аймагт оршин суудаг хамаатанд нь мэдэгдлийг гардуулсан. Д.Д-ийн гэрийн хаягаар мэдэгдэл хүргүүлсэн боловч ийм хүн байдаггүй, утас нь хаагдсан гэж буцаж ирсэн. Ажил олгогчоос тухайн ажилтан хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажилдаа ирээгүй бол ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлах эрхтэй. Бид ажилдаа ирэх мэдэгдлийг 2017 оны 5 дугаар сарын 20, 30-ны өдөр хүргүүлсэн. Тус мэдэгдлийг хүлээн авснаас хойш Д.Д 2017 оны 6 дугаар сарын 22-ны өдөр "Ш" ХХК-ийн гүйцэтгэх захиралд хандан өргөдөл гаргасан байдаг. Мэдэгдлийг хүлээн авсан өдөр ажилдаа ирээгүй 14 хоногийн дараа компанид өргөдөл гаргасан нь ажлын байр мөн компанийн үйл ажиллагааг үл тоосон гэж үзэж байна.

Манай компаниас нэхэмжлэгч Д.Д-д ажилдаа эргэн орох хугацаа болон боломж олгосон боловч хүндэтгэн үзэх шалтгаангүй, холбоо барилгүй ажлын байран дээрээ ирсэн нь хөдөлмөрийн гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй, ноцтой зөрчил гаргасан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ. 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дугаар зүйлийн 128.1.2, Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт заасныг баримтлан Д.Д-г "Ш" ХХК-ийн Улаанбаатар дахь Төлөөлөгчийн газрын бичиг хэргийн ажилтны албан тушаалд эгүүлэн тогтоож, нэхэмжлэлийн шаардлагын өмгөөллийн хөлс 1 000 000 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5, 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 29 000 төгрөгийг улсын төсвийн орлого болгож, хариуцагч "Ш" ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөгийг гаргуулж улсын төсвийн орлого болгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар давж заалдах гомдолдоо: Хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдаан 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 09.00 цагт зарласныг зохигчдод мэдэгдсэн байдаг. Шүүх хуралдааны даргалагч шүүх хуралдааныг 09 цаг 00 минутад эхэлсэн бөгөөд 09 цаг 27 минут хүртэл нэхэмжлэгч талаас шүүх хуралдаанд ирээгүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасны дагуу шүүх хуралдааны ирц нарийн бичгийн дарга бүртгэж, шүүх хуралдаан даргалагчид танилцуулсан. Хариуцагч талыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан боловч хүлээн аваагүй шүүх хуралдааныг үргэлжлүүлэн явуулсан. Гэтэл нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч шүүх хуралдааны танхимд 09.40 цагт ирж шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч талыг хуралдааны танхимд орохыг зөвшөөрсөн нь шүүх хуралдааны дэг зөрчсөн үйлдэл гэж үзэж байна. Энэ нь шүүх хуралдааны бичлэг, тэмдэглэлээр тогтоогдоно.

Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт заасны дагуу "Ш" ХХК нь Д.Д-тай 2012 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хөдөлмөрийн гэрээг 1 жилийн хугацаатай байгуулсан. Иргэн Д.Д тус хөдөлмөрийн гэрээг өөрөө бөглөж, гарын үсгээ зурж, баталгаажуулсан нь хэрэгт авагдсан бичгийн баримтаар нотлогдоно. Уг гэрээний хугацаа Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3 дахь хэсэгт зааснаар Д.Д-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээний хугацаа анх заасан хугацаагаар сунгагдаж, хүчин төгөлдөр хэрэгжиж байсан.

Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэгт зааснаар хөдөлмөрийн гэрээ байгуулагдаагүй гэж дүгнэсэн. "Ш" ХХК нь Д.Д-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2012 онд нөхөж бичгээр байгуулсан бөгөөд нэг хувийг өөрт нь гардуулсан. Мөн гэрч н.Д-ийн мэдүүлгийг үнэн эсэхийг үл харгалзан шийдвэр гаргасан. Хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байсан ажилтан ээлжийн амралтаа дууссанаас 84 хоног ажилдаа ирээгүй шалтгаанаа нотлоогүй, гэрчийн мэдүүлэг бусад баримтаар тогтоогдоогүй байхад шийдвэр гаргасан нь үндэслэлгүй байна. Шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 23 дугаар зүйлийн 23.2.1-т заасныг үндэслэн "Зохигчдын хооронд хуульд заасан хөдөлмөрийн гэрээ байгуулагдаагүй" гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч Д.Д нь хариуцагч “Ш” ХХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, өмгөөллийн хөлс 1 000 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Хариуцагч “Ш” ХХК нь нэхэмжлэгч Д.Д-г 2007 оны 4 дүгээр сарын 07-ны өдрөөс бичиг хэргийн ажилтнаар ажиллуулж байгаад, 2017 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 383 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, Хөдөлмөрийн гэрээний 13.2.3.2, Хөдөлмөрийн дотоод журмын 8.3.2 дахь хэсэгт заасныг үндэслэн түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан үйл баримт тогтоогдсон байна. /хх 35-37, 39/ Зохигчид талуудын хооронд хөдөлмөрийн гэрээ байгуулагдсан эсэх талаар маргажээ.

Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт заасан хөлсөөр ажиллах гэрээ байгуулагдсан гэж дүгнэсэн нь үндэслэлгүй.

Хариуцагч байгууллага нэхэмжлэгчтэй 2012 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хөдөлмөрийн гэрээг 1 жилийн хугацаагаар, гэрээний хугацаа дуусгавар болоход талууд гэрээний хугацааг сунгагдах нөхцөлтэйгээр байгуулсныг хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй гэж үзэх үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл,  Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3 дахь хэсэгт “Хөдөлмөрийн хугацаатай гэрээний хугацаа дуусмагц талууд түүнийг цуцлах санал тавиагүй бөгөөд ажилтан ажлаа гүйцэтгэсээр байгаа бол уг гэрээг анх заасан хугацаагаар сунгагдсанд тооцно” гэж заасан тул бичгээр гэрээ байгуулаагүй боловч хөдөлмөрийн гэрээний харилцаа талуудын хооронд үүссэн гэж үзнэ.

Ажил олгогч буюу хариуцагч байгууллагаас хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа ажилтантай хөдөлмөрийн гэрээг цуцлах буюу ажлаас чөлөөлж байгаа үндэслэл нь тодорхой байх ёстой. Гэтэл хариуцагч “Ш” ХХК  нэхэмжлэгч Д.Д-г ажлаас чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, хөдөлмөрийн гэрээний 13.2.3.2 дахь заалт зэрэг хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдохгүй байна.

Нэхэмжлэгч нь “2017 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр ажилдаа очиход хаалгаа тайлж өгөөгүй, оруулахгүй байсан, тэгээд 6 дугаар сард тушаал гаргасан” гэх тайлбар гаргасан бөгөөд ажил олгогчоос ажилтныг ажлын байраар хангахгүй, ажлаа эрхлэх боломж олгохгүй байгаа тохиолдолд хөдөлмөрлөх эрхийг ажлаас чөлөөлсөнтэй адил байдлаар зөрчсөн гэж үзнэ. Иймд ажилтныг ажилд эгүүлэн тогтоосон анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

Ажилтан нь ажил тасалсан ноцтой зөрчил гаргасан, ажил олгогчоос түүнийг ажиллах нөхцлөөр хангасан буюу ажлаа хийх боломжтой байсан гэдгийг ажил олгогч байгууллага өөрөө нотлох үүрэгтэй. Харин ажилтныг ажилд нь эгүүлэн тогтоосон шүүхийн шийдвэр зөв боловч талуудын хооронд хөлсөөр ажиллах гэрээний харилцаа үүссэн гэж үзэж хууль хэрэглээний алдаа гаргасныг залруулах боломжтой байна.

Нэхэмжлэгчийн эрх зүйн туслалцаа авах эрхийг хариуцагч байгууллагад үүрэг болгох, өмгөөллийн хөлсийг зайлшгүй зардал хохиролд тооцох үндэсгүй тул өмгөөллийн хөлс 1 000 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах боломжгүй юм.

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам болон шүүх хуралдааны дэг зөрчсөн гэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй тул энэ талаарх хариуцагч талын давж заалдах гомдол үндэслэлгүй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 181/ШШ2017/02759 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад “Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1” гэснийг хасч өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

           

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                                   ШҮҮГЧИД                                   М.НАРАНЦЭЦЭГ

                                                                                                       Д.БАЙГАЛМАА