Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 06 сарын 23 өдөр

Дугаар 001/ХТ2021/00817

 

*******гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Г.Цагаанцоож даргалж, шүүгч П.Золзаяа, С.Соёмбо-Эрдэнэ, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн

2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 54 дүгээр шийдвэр,

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 35 дугаар магадлалтай,

*******гийн нэхэмжлэлтэй,

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэст холбогдох 

Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг дуусгавар болгосон 2019.12.16-ны өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолыг хүчингүй болгож, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үргэлжлүүлэн явуулахыг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Эрдэнэбат, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Дондмаа, П.Мөнхтуслах, нарийн бичгийн дарга Х.Амарбаясгалан нар оролцов.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Миний бие 2004 онд эцэг тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулахаар шүүхэд хандаж улмаар Сэлэнгэ аймаг дахь сум дундын шүүхийн 2004.02.23-ны өдрийн 50 дугаар шийдвэрээр гэрлэлт цуцлуулж, хүүхдийн тэтгэлэг гаргуулахаар шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэр гарсан даруйд шүүхээс албадан гүйцэтгэх хуудас гаргуулан шийдвэрийн хамт Мандал сум дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт өгч байсан. Ингээд хүүхдийн тэтгэлэг гаргуулахаар шийдвэр гүйцэтгэгчтэй цуг Г.Батгэрэлийн гэрт нь 2-3 удаа очиж байсан боловч хүүхдийн тэтгэлэг авч чадалгүй өнгөрсөн. Удалгүй миний бие Улаанбаатар хотод шилжин суурьшсан бөгөөд хүүхдийн тэтгэлэг гаргуулах талаар хөөцөлдөж байсан боловч авч чадаагүй. Мандал сум орох боломжгүй болж хэсэг хугацаанд цаг алдсан ба 2013, 2015, 2017 он, хамгийн сүүлд 2018 онд 2 удаа Мандал сум дахь шийдвэр гүйцэтгэх байгууллагад очиж уулзаж байсан. Уулзах болгонд таны шийдвэр гүйцэтгэх материал манайд байхгүй байна, архиваас шалгана хүлээж бай гэсэн тайлбар өгсөөр өнөөдрийг хүрсэн. Би шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хандсанаас хойш нэг ч удаа хүүхдийн тэтгэлэг авч үзээгүй. Анх 2004-2006 онуудад л шийдвэр гүйцэтгэх байгууллагаас ганц нэг ярьж байсан сүүлдээ ярихаа ч больсон. Ингээд өмгөөлөгчөөс зөвлөгөө авсны хүчинд Сэлэнгэ аймгийн Мандал сумын шийдвэр гүйцэтгэх байгууллагаас анх удаа надад хариу өгсөн. Энэхүү хариу нь Сэлэнгэ аймаг Мандал сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэс-413 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн 2019.11.11-ний өдрийн 01/2040 дугаартай Өргөдлийн хариу албан бичигт ...Төлбөр төлөгч Г.Батгэрэлд холбогдох гүйцэтгэх баримт бичгийг архиваас шүүж үзэхэд 2013.11.20-ны өдөр төлбөр авагч *******д гүйцэтгэх баримт бичгийг буцаасан ... гэсэн байсан. Гүйцэтгэх баримт бичгийг буцаасан үндэслэлийг нь тодруулахад ахлах шийдвэр гүйцэтгэгч төлбөр авагч шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулах хүсэлт гаргаагүй үндэслэлээр дуусгавар болгож, гүйцэтгэх баримт бичгийг буцаасан талаар мэдэгдсэн болно. Миний хувьд 2004.02.23-ны өдрийн 50 дугаартай шүүхийн шийдвэрийг гарсан даруйд шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуудсын хамт шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүлээлгэн өгч улмаар шийдвэр гүйцэтгэгчтэй цуг төлбөр төлөгчийн гэрийн хаягаар нь удаа дараа очиж байсан. Түүнчлэн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас гүйцэтгэх баримт бичгийг буцаасан талаар ямар нэгэн баримт хүлээн аваагүй. Мөн 2018 оныг хүртэл надад энэ талаар шийдвэр гүйцэтгэх байгууллага нэг ч удаа мэдэгдээгүйгээр барахгүй, архиваас хайж байна, байхгүй байна гэх мэтээр маш олон удаа чирэгдэл үүсгэж байсан. Энэхүү шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29-д заасан шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгох аль ч заалтад хамаарахгүй нь тодорхой байхад ийм үйлдэл гаргасан нь алба хаагчийн буруутай үйл ажиллагаа гэж үзэж маш их гомдолтой байна. Өнөөдрийн байдлаар дээрх шүүхийн шийдвэрийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулах бүрэн боломжтой бөгөөд төлбөр төлөгч тодорхой хаягт оршин суудаг болно. Миний хүү М.Төгөлдөрийн хувьд 1999.06.07-ны өдөр төрсөн бөгөөд 2017.06.07-нд 18 нас хүрсэн. Гэхдээ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 18.4-т ...Тэжээн тэтгэх үүрэгтэй холбоотой, эсхүл хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг үүрэг хүлээлгэсэн бүхий л хугацааны туршид албадан гүйцэтгэж болно. Мөн хуулийн 18.5-д ...Төлбөр төлөгч энэ хуулийн 18.4-т заасан үүргээ гүйцэтгэвэл зохих сүүлийн хугацаанаас хойш 3 жилийн хугацаа өнгөрсөн бол шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэхгүй гэж заасан байх бөгөөд миний хувьд хуулийн дээрх хугацаанд хамааруулан шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулж өгч, миний болоод хүүхдийн минь эрх ашгийг хангаж өгнө үү. Энэхүү гомдлыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.5-д заасан үндэслэлээр гаргаж байгаа болно гэжээ.

Хариуцагч байгууллагын төлөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: Гомдлын шаардлага болох шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хууль бусаар дуусгавар болгосныг тогтоож, сэргээн явуулах тухай нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Сэлэнгэ аймаг дахь сум дундын 2 дугаар шүүхийн 2004.02.23-ны өдрийн 50 дугаар шийдвэрээр Г.Батгэрэлээс 1 хүүхдийн тэтгэлэг гаргуулж *******д олгохоор шийдвэрлэсэн. Тэтгэлэг авагч *******д холбогдох гүйцэтгэх баримт бичгийг тэтгүүлэгч хүүхэд болох М.Төгөлдөр нь 2017.06.07-ны өдөр 18 насанд хүрсэн тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.6 гүйцэтгэх баримт бичигт заасан тэжээн тэтгэх үүрэг дуусгавар болсон, Гэр бүлийн тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.3 тэтгүүлэгч хүүхэд 18 насанд хүрсэн гэсэн хуульд заасан үндэслэлээр дуусгавар болгосон. Шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 33 дүгээр зүйлийн 33.2-т заасны дагуу тэтгэлэг төлөгч Г.Батгэрэл нь оршин суугаа хаягийг өөрчилсөн бол шийдвэр гүйцэтгэгчид даруй мэдэгдэх үүрэгтэй. Гэвч тэтгэлэг төлөгч нь оршин суугаа хаяг өөрчилснөө шийдвэр гүйцэтгэгчид мэдэгдээгүй тэжээн тэтгэх үүргээ хэрэгжүүлээгүй тэтгэлэг төлөхөөс санаатай зайлсхийсэн гэж үзэж байна. Гэр бүлийн тухай хуулийн 49 дугаар зүйлийн 49.1-д тэтгэлэг төлөгч тэтгэлэг төлөхөөс санаатай зайлсхийсэн, цалин хөлс бусад орлогоо нуун дарагдуулсан нь тогтоогдсон бол шүүх тэжээн тэтгүүлэгч, бусад иргэн, холбогдох байгууллагын нэхэмжлэлийг төлөгдөөгүй тэтгэлгийг нөхөн төлүүлж болно гэж заасны дагуу ******* нь Г.Батгэрэлээс тэтгэлэг нөхөн гаргуулах гомдлоо шүүхэд гарган шийдвэрлүүлэх эрх нь нээлттэй ба тэтгэлгийн тооцоог гаргахад 13,863,700 төгрөг төлөгдөөгүй байна гэжээ.

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 54 дүгээр шийдвэрээр: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.5 дахь хэсэгт зааснаар Сэлэнгэ аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүхийн 2004 оны 02 дугаар сарын 23-ны 50 дугаартай Г.Батгэрэлээс 1 хүүхдийн тэтгэлэг гаргуулж *******д олгохоор шийдвэрлэсэн шийдвэртэй, гүйцэтгэх баримт бичгийг хааж дуусгавар болгосон шийдвэр гүйцэтгэгчийн 2019 оны 12 дугаар сарын 16-ны тогтоолыг хүчингүй болгож, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үргэлжлүүлэн явуулахыг хариуцагч Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Ерөнхий газар, Сэлэнгэ аймгийн Мандал сумын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэст даалгаж, нэхэмжлэгч ******* нь Улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 35 дугаар магадлалаар: Сэлэнгэ аймаг Мандал дахь сум дундын шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 54 дугаартай шийдвэрийн Тогтоох хэсгийн 2 дахь заалтыг 2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.3, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Сэлэнгэ аймаг Мандал сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтсээс тэмдэгтийн хураамж 70,200 төгрөг гаргуулан төсвийн орлогод оруулж, нэхэмжлэгч ******* нь тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай. гэж өөрчлөн шийдвэрийг тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдолд: Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн 2020.01.28-ны өдрийн 54 дүгээр шийдвэр, Сэлэнгэ аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.04.29-ний өдрийн 35 дугаар магадлалыг эс зөвшөөрч, дараах үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргаж байна. Анхан шатны шүүхийн шийдвэрээр иргэн *******гийн нэхэмжлэлийг хангаж, төлбөр төлөгч Г.Батгэрэлд холбогдох хүүхдийн тэтгэлэг гаргуулах гүйцэтгэх баримт бичгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон шийдвэр гүйцэтгэгчийн 2019.12.16-ны өдрийн тогтоолыг хүчингүй болгож, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үргэлжлүүлэн явуулахыг Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэст даалгасан. Давж заалдах шатны шүүхийн магадлалаар тогтоох хэсгийн 2 дахь заалтыг өөрчлөн бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэрт Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасныг баримтлан 1999 оны 06 дугаар сарын 07-нд төрсөн М.Төгөлдөрийг 11 насанд хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны түвшингийн 50 хувиар 11-16 нас, суралцаж байгаа бол 18 насанд хүртэл амьжиргааны баталгаажих түвшингийн хэмжээгээр төрсөн эцэг Г.Батгэрэлээс тэтгэлэг гаргуулж, тэжээн тэтгүүлсүгэй гэж заасны дагуу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.6-д гүйцэтгэх баримт бичигт заасан тэжээн тэтгэх үүрэг дуусгавар болсон"-оор иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгохоор хуульчилсны дагуу тэтгүүлэгч М.Төгөлдөр 2017.06.07-ны өдөр 18 насанд хүрсэн тул иргэн Г.Батгэрэлд холбогдох шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон. Мөн Гэр бүлийн тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.3-т тэтгүүлэгч хүүхэд 18 насанд хүрсэн-ээр тэжээн тэтгэх үүрэг дуусгавар болгохоор хуульчилсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 90.6-д Шийдвэр гүйцэтгэгч шүүхийн шийдвэрээр тогтоосон тэтгэлгийн төлөгдөөгүй хэсгийг хугацаа харгалзахгүйгээр төлбөр төлөгчөөс нөхөн гаргуулна гэж заасан нь тэтгэлэг авагч тухайн тэтгүүлэгч хүүхдийг Гэр бүлийн тухай хуулийн 53.1.3-т заасан тэтгүүлэгч хүүхэд 18 насанд хүрэхээс өмнөх хугацааны туршид хүүхдийн тэтгэлгийг нөхөн гаргуулахаар шийдвэр гүйцэтгэх байгууллагад хандах боломжтой хугацаа гэж ойлгоно. Нэхэмжлэгч ******* нь Гэр бүлийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1-д Тэтгэлэг төлөгч тэтгэлэг төлөхөөс санаатай зайлсхийсэн, цалин хөлс, бусад орлогоо нуун дарагдуулсан нь тогтоогдсон бол шүүх тэжээн тэтгүүлэгч, бусад иргэн, холбогдох байгууллагын нэхэмжлэлийг үндэслэн төлөгдөөгүй тэтгэлгийг нөхөн төлүүлж болно" гэж заасны дагуу тэтгэлгээ нөхөн гаргуулахаар нэхэмжлэх эрхтэй. Төлбөр төлөгч Г.Батгэрэл нь тэжээн тэтгэх үүргээ биелүүлээгүй, оршин суух хаягаа өөрчилсөн тухайгаа шийдвэр гүйцэтгэгчид мэдэгдээгүй, шүүхийн шийдвэр биелүүлэхээс санаатай зайлсхийснээр тэтгэлэг төлөгдөөгүй хуримтлагдан тэтгүүлэгч насанд хүрсэн байна. Тэтгүүлэгч насанд хүрснээр төлөгдөөгүй хуримтлагдсан тэтгэлгийг шүүхэд хандан шийдвэрлүүлж, иргэний журмаар гүйцэтгэгдэж байгаа тохиолдлууд шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад байгааг дурдая. Гүйцэтгэх баримт бичигт заасан тэжээн тэтгэх үүрэг дуусгавар болсноор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үргэлжлүүлэн явуулах үндэслэлгүй, анхан шатны шийдвэр болон давж заалдах шатны шүүхийн магадлал нь дээр дурдсан хуулийн зохицуулалтад нийцэхгүй байх тул Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн 2020.01.28-ны өдрийн 54 дүгээр шийдвэр, Сэлэнгэ аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.04.29-ний өдрийн 35 дугаар магадлалыг хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч ******* нь Сэлэнгэ аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүхийн 2004 оны 02 дугаар сарын 23-ны №50 дугаартай Г.Батгэрэлээс нэг хүүхдийн тэтгэлэг гаргуулж *******д олгохоор шийдвэрлэсэн шийдвэртэй, гүйцэтгэх баримт бичгийг хааж дуусгавар болгосон шийдвэр гүйцэтгэгчийн 2019.12.16-ны тогтоолыг хүчингүй болгож, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үргэлжлүүлэн явуулахыг хариуцагч Сэлэнгэ аймгийн Мандал сумын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэст даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан.

Хариуцагч нь дээрх шаардлагыг эс зөвшөөрч ... тэтгүүлэгч хүүхэд М.Төгөлдөр нь 18 насанд хүрсэн тул гүйцэтгэх баримт бичигт заасан тэжээн тэтгэх үүрэг дуусгавар болсон..., Г.Батгэрэл тэтгэлэг төлөхөөс санаатай зайлсхийсэн учир ******* нь Г.Батгэрэлээс тэтгэлэг нөхөн гаргуулах гомдлоо харъяалах шүүхэд гарган шийдвэрлүүлэх эрхтэй... гэж маргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх энэ шийдвэрт улсын тэмдэгтийн хураамжтай холбоотой өөрчлөлт оруулж, бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүхийн 2004 оны 02 дугаар сарын 23-ны №50 дугаартай шийдвэрээр хариуцагч Г.Батгэрэлээс нэг хүүхдийн тэтгэлэг гаргуулахаар шийдвэрлэсэн, төлбөр авагч *******гийн хүсэлтийг Сэлэнгэ аймаг Мандал сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэс хүлээн авч, төлбөр төлөгч Г.Батгэрэлд холбогдуулан хувийн хэрэг нээн, шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг нээсэн боловч 2019.12.16-ны өдөр гүйцэтгэх баримт бичгийг дуусгавар болгосон болох нь зохигчийн тайлбар болон хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон байна.

Хариуцагч нь шүүхийн шийдвэрийг биелүүлэх талаар хуульд заасан журмын дагуу ямар ажиллагаа явуулсан тухай баримтыг шүүхэд ирүүлээгүй байх ба төлбөр авагч *******гийн гомдолд тэтгэлэг авагч хүүхэд 18 насанд хүрч тэжээн тэтгэх үүрэг дуусгавар болсон гэсэн үндэслэлээр шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг дуусгавар болгосон гэсэн хариу өгчээ.

Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болох үндэслэлийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлээр зохицуулсан бөгөөд хуулийн 29.1.6-д гүйцэтгэх бичиг баримтад заасан тэжээн тэтгэх үүрэг дуусгавар болсон гэснийг хариуцагч байгууллага тэжээн тэтгүүлэх хүүхэд 18 насанд хүрмэгц шүүхийн шийдвэр биелэгдсэн эсэхээс үл хамааран гүйцэтгэлийн ажиллагаа шууд дуусгавар болгоно гэж ойлгож, тайлбар гаргаж байгаа нь буруу, мөн хуулийн 90 дүгээр зүйлийн 90.6-д Шийдвэр гүйцэтгэгч шүүхийн шийдвэрээр тогтоосон тэтгэлгийн төлөгдөөгүй хэсгийг хугацаа харгалзахгүйгээр төлбөр төлөгчөөс нөхөн гаргуулна гэснийг зөрчсөн байна.

Анхан шатны шүүх маргааны үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн, давж заалдах шатны шүүх Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлд заасныг үндэслэл бүхий тайлбарлан шийдвэрт өөрчлөлт оруулсан байна.

Дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох тухай гомдлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйл, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 90 дүгээр зүйлийн 90.6-д нийцээгүй гэж үзнэ.

Иймээс анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалын тогтоох хэсэгт найруулга зүйн өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ: 

1. Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 35 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1, Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 54 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.5 дахь хэсэгт зааснаар шийдвэр гүйцэтгэгчийн 2019 оны 12 дугаар сарын 16-ны тогтоолыг хүчингүй болгож, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үргэлжлүүлэн явуулахыг хариуцагч Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Ерөнхий газар, Сэлэнгэ аймгийн Мандал сумын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэст даалгасугай гэж өөрчилж, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Хариуцагч нь хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЦАГААНЦООЖ

 

ШҮҮГЧИД П.ЗОЛЗАЯА

 

С.СОЁМБО-ЭРДЭНЭ

 

Д.ЦОЛМОН

 

Х.ЭРДЭНЭСУВД