Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2020 оны 01 сарын 28 өдөр

Дугаар 00054

 

Монгол улсын нэрийн өмнөөс

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгч Ж.Эрдэнэбат даргалж явуулсан иргэний шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: 1977 онд төрсөн, 43 настай, эмэгтэй, *тоотод оршин суух, /*, утас:*/ Бүргээ овогт Жамцын Мгийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Ерөнхий газар, Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэст холбогдох

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүхийн 2004 оны 02 дугаар сарын 23-ны №50 дугаартай “Г.Батгэрэлээс нэг хүүхдийн тэтгэлэг гаргуулж Ж.Мд олгохоор шийдвэрлэсэн” шийдвэртэй, гүйцэтгэх баримт бичгийг хааж дуусгавар болгосон шийдвэр гүйцэтгэгчийн 2019 оны 12 дугаар сарын 16-ны тогтоолыг хүчингүй болгож, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үргэлжлүүлэн явуулахыг хариуцагч Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэст даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ж.М, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Эрдэнэбат, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Дондмаа, П.Мөнхтуслах, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Соёлзул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

         Нэхэмжлэгч Ж.М шүүхэд болон шүүх хуралдаан дээр гаргасан нэхэмжлэлдээ: ... Миний бие 2004 онд эцэг тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулахаар шүүхэд хандаж улмаар Сэлэнгэ аймаг дахь сум дундын шүүх /тухайн үеийн нэршил/-ийн 2004 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн №50 дугаартай шийдвэрээр гэрлэлт цуцлуулж, хүүхдийн тэтгэлэг гаргуулахаар шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэр гарсан даруйд шүүхээс албадан гүйцэтгэх хуудас гаргуулан шийдвэрийн хамт Мандал сум дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт өгч байсан. Ингээд хүүхдийн тэтгэлэг гаргуулахаар шийдвэр гүйцэтгэгчтэй цуг Г.Батгэрэлийн гэрт нь цуг 2-3 удаа очиж байсан боловч хүүхдийн тэтгэлэг авч чадалгүй өнгөрсөн. Удалгүй миний бие Улаанбаатар хотод шилжин суурьшсан бөгөөд хүүхдийн тэтгэлэг гаргуулах талаар хөөцөлдөж байсан боловч авч чадаагүй. Мандал сум орох боломжгүй болж хэсэг хугацаанд цаг алдсан ба 2013 он, 2015 он, 2017 он, хамгийн сүүлд 2018 онд 2 удаа Мандал сум дахь шийдвэр гүйцэтгэх байгууллагад очиж уулзаж байсан. Уулзах болгонд таны шийдвэр гүйцэтгэх материал манайд байхгүй байна, архиваас шалгана хүлээж бай гэсэн тайлбар өгсөөр өнөөдрийг хүрсэн. Би шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хандсанаас хойш нэг ч удаа хүүхдийн тэтгэлэг авч үзээгүй. Анх 2004-2006 онуудад л шийдвэр гүйцэтгэх байгууллагаас ганц нэг ярьж байсан сүүлдээ ярихаа ч больсон. Ингээд өмгөөлөгчөөс зөвлөгөө авсаны хүчинд Сэлэнгэ аймгийн Мандал сумын шийдвэр гүйцэтгэх байгууллагаас анх удаа надад хариу өгсөн. Энэхүү хариу нь Сэлэнгэ аймаг Мандал сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэс-413 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн 2019 оны 11 сарын 11-ний өдрийн 01/2040 дугаартай “Өргөдлийн хариу” албан бичигт “...Төлбөр төлөгч Г.Батгэрэлд холбогдох гүйцэтгэх баримт бичгийг архиваас шүүж үзэхэд 2013 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр төлбөр авагч Ж.Мд гүйцэтгэх баримт бичгийг буцаасан байна ...” гэсэн байсан. Гүйцэтгэх баримт бичгийг буцаасан үндэслэлийг нь тодруулахад /ахлах шийдвэр гүйцэтгэгч 89086367 дугаартай/ төлбөр авагч шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулах хүсэлт гаргаагүй үндэслэлээр дуусгавар болгож, гүйцэтгэх баримт бичгийг буцаасан талаар мэдэгдсэн болно. Миний хувьд 2004 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 50 дугаартай шүүхийн шийдвэрийг гарсан даруйд шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуудсын хамт шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүлээлгэн өгч улмаар шийдвэр гүйцэтгэгчтэй цуг төлбөр төлөгчийн гэрийн хаягаар нь удаа дараа очиж байсан. Түүнчлэн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас гүйцэтгэх баримт бичгийг буцаасан талаар ямар нэгэн баримт хүлээн аваагүй. Мөн 2018 оныг хүртэл надад энэ талаар шийдвэр гүйцэтгэх байгууллага нэг ч удаа мэдэгдээгүйгээр барахгүй, архиваас хайж байна, байхгүй байна гэх мэтээр маш олон удаа чирэгдэл үүсгэж байсан байна. Энэхүү шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29-д заасан шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгох аль ч заалтад хамаарахгүй нь тодорхой байхад ийм үйлдэл гаргасан нь алба хаагчийн буруутай үйл ажиллагаа гэж үзэж маш их гомдолтой байна. Өнөөдрийн байдлаар дээрх шүүхийн шийдвэрийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулах бүрэн боломжтой бөгөөд төлбөр төлөгч тодорхой хаягт оршин суудаг болно. Миний хүү М.Төгөлдөрийн хувьд 1999 оны 06 дугаар сарын 07-ны өдөр төрсөн бөгөөд 2017 оны 06 дугаар сарын 07-нд 18 нас хүрсэн. Гэхдээ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 18.4-т “...Тэжээн тэтгэх үүрэгтэй холбоотой, эсхүл хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг үүрэг хүлээлгэсэн бүхий л хугацааны туршид албадан гүйцэтгэж болно”. Мөн хуулийн 18.5-д “...Төлбөр төлөгч энэ хуулийн 18.4-т заасан үүргээ гүйцэтгэвэл зохих сүүлийн хугацаанаас хойш 3 жилийн хугацаа өнгөрсөн бол шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэхгүй гэж заасан байх бөгөөд миний хувьд хуулийн дээрх хугацаанд хамааруулан шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулж өгч, миний болоод хүүхдийн минь эрх ашгийг хангаж өгнө үү. Энэхүү гомдлыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.5-д заасан үндэслэлээр гаргаж байгаа болно гэжээ.

           Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Дондмаа, П.Мөнхтуслах нар шүүхэд болон шүүх хуралдаан дээр гаргасан хариу тайлбартаа: ... Гомдлын шаардлага болох шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хууль бусаар дуусгавар болгосныг тогтоож, сэргээн явуулах тухай нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Сэлэнгэ аймаг дахь сум дундын 2 дугаар шүүхийн 2004 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн 50 дугаар шийдвэрээр Г.Батгэрэлээс 1 хүүхдийн тэтгэлэг гаргуулж Ж.Мд олгохоор шийдвэрлэсэн. Тэтгэлэг авагч  Ж.Мд холбогдох гүйцэтгэх баримт бичгийг тэтгүүлэгч хүүхэд болох М.Төгөлдөр нь 2017 оны 06 дугаар сарын 07-ны өдөр 18 насанд хүрсэн тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.6 “гүйцэтгэх баримт бичигт заасан тэжээн тэтгэх үүрэг дуусгавар болсон” Гэр бүлийн тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.3 “тэтгүүлэгч хүүхэд 18 насанд хүрсэн” гэсэн хуульд заасан үндэслэлээр дуусгавар болгосон. Шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 33 дүгэр зүйлийн 33.2-т заасны дагуу тэтгэлэг төлөгч Г.Батгэрэл нь оршин суугаа хаягыг өөрчилсөн бол шийдвэр гүйцэтгэгчид даруй мэдэгдэх үүрэгтэй. Гэвч тэтгэлэг төлөгч нь оршин суугаа хаяг өөрчилсөнөө шийдвэр гүйцэтгэгчид мэдэгдээгүй тэжээн тэтгэх үүргээ хэрэгжүүлээгүй тэтгэлэг төлөхөөс санаатай зайлсхийсэн гэж үзэж байна. Гэр бүлийн тухай хуулийн 49 дугаар зүйлийн 49.1-д “тэтгэлэг төлөгч тэтгэлэг төлөхөөс санаатай зайлсхийсэн, цалин хөлс бусад орлогоо нуун дарагдуулсан нь тогтоогдсон бол шүүх тэжээн тэтгүүлэгч, бусад иргэн, холбогдох байгууллагын нэхэмжлэлийг төлөгдөөгүй тэтгэлэгийг нөхөн төлүүлж болно” гэж заасны дагуу Ж.М нь Г.Батгэрэлээс тэтгэлэг нөхөн гаргуулах гомдлоо шүүхэд гарган шийдвэрлүүлэх эрх нь нээлттэй ба тэтгэлэгийн тооцоог гаргахад 13863700 төгрөг төлөгдөөгүй байна гэжээ.

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ж.М нь Сэлэнгэ аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүхийн 2004 оны 02 дугаар сарын 23-ны №50 дугаартай Г.Батгэрэлээс нэг хүүхдийн тэтгэлэг гаргуулж Ж.Мд олгохоор шийдвэрлэсэн шийдвэртэй, гүйцэтгэх баримт бичгийг хааж дуусгавар болгосон шийдвэр гүйцэтгэгчийн 2019 оны 12 дугаар сарын 16-ны тогтоолыг хүчингүй болгож, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үргэлжлүүлэн явуулахыг хариуцагч Сэлэнгэ аймгийн Мандал сумын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэст даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

 

Хариуцагч “... тэтгүүлэгч хүүхэд болох М.Төгөлдөр нь 18 насанд хүрсэн тул гүйцэтгэх баримт бичигт заасан тэжээн тэтгэх үүрэг дуусгавар болсон..., мөн тэтгэлэг төлөгч Г.Батгэрэл нь тэтгэлэг төлөхөөс санаатай зайлсхийсэн учир Ж.М нь Г.Батгэрэлээс тэтгэлэг нөхөн гаргуулах гомдлоо харьяалах шүүхэд гарган шийдвэрлүүлэх эрхтэй...” гэж тайлбарлан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзлээ.

Нэхэмжлэгч Ж.М нь Сэлэнгэ аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүхэд 2003 оны 11 дүгээр сарын 19-нд Г.Батгэрэлд холбогдуулан хүүхдийн эцэг мөн болохыг тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага  гаргасанг тус шүүх хүлээн авч хянаад 2004 оны 02 дугаар сарын 23-ны өдөр 50 дугаартай “Шийдвэр”-ээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэжээ.

Уг шийдвэрийн тогтоох хэсэгт “1. Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д заасныг баримтлан 1999 оны 06 дугаар сарын 7-нд төрсөн М.Төгөлдөрийн төрсөн эцэг Ганбатын Батгэрэл мөн болохыг тогтоосугай. 2. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасныг баримтлан 1999 оны 06 дугаар сарын 07-нд төрсөн М.Төгөлдөрийг 11 насанд хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих түвшингийн 50 хувиар 11-16 нас, суралцаж байгаа бол 18 насанд хүртэл амьжиргааны баталгаажих түвшингийн хэмжээгээр төрсөн эцэг Г.Батгэрэлээс тэтгэлэг гаргуулж, тэжээн тэтгүүлсүгэй. 3.Тэтгэлэгийг сар бүр олгож байхыг ажил олгогч болон тэтгэвэр төлөгчид, мөн үйл ажиллагаанд хяналт тавихыг харъяалах шийдвэр гүйцэтгэлийн байгууллагад даалгасугай...” гэж шийдвэрлэсэн байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд “Шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх үндэслэл нь хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр, хуульд заасан тохиолдолд бусад байгууллага, албан тушаалтны шүүхээр баталгаажуулсан шийдвэр байна”, гэж зааснаар Сэлэнгэ аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүхийн 2004 оны 02 дугаар сарын 23-ны өдөр 50 дугаартай хуулийн хүчин төгөлдөр “Шийдвэр”-ийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага гүйцэтгэх үндэслэлтэй байна.

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэс нь Сэлэнгэ аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүхийн 2004 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 50 дугаар шийдвэрээр Г.Батгэрэлээс 1 хүүхдийн тэтгэлэг гаргуулж Ж.Мд олгохоор шийдвэрлэгдсэн гүйцэтгэх баримт бичгийг 2004 оны 03 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч 200424000033 хувийн хэргийн дугаартай “Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа” үүсгэсэн байх бөгөөд энэ нь хэрэгт нотлох баримтаар авагдсан зохигчийн тайлбар, Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Ерөнхий газар, Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэс-413 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн дарга, дэд хурандаа А.Буянбаатарын 2019 оны 11 дүгээр сарын 11-ны өдрийн №01/2040 дугаартай “Өргөдлийн хариу” албан бичиг зэргээр тогтоогдож байна.

Хариуцагч Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэс нь гүйцэтгэх баримт бичгийг 2004 оны 03 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэсэн мөртлөө шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хэрхэн явуулсан нь тодорхойгүй буюу төлбөр төлөгч, төлбөр авагч нар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хэвийн явуулахад саад учруулсан, зайлсхийсэн эсхүл хууль тогтоомжид заасан буруутай үйлдэл эс үйлдэхүй байгаа эсэх, ямар шалтгааны улмаас шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулах боломжгүй болсон нь тодорхойгүйгээр уг шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулаагүйгээс тэтгэлэг төлөгч Г.Батгэрэл нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр хүлээсэн үүргээ огт биелүүлээгүй, тэтгэлэг авагч Ж.М төлбөр авч чадаагүй, 1999 оны 06 дугаар сарын 7-нд төрсөн /шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох үед 05 настай байсан/ хүү М.Төгөлдөрийн тэжээн тэтгүүлэх эрх ноцтой зөрчигдсөн байна гэж дүгнэлээ.

Хариуцагч 2019 оны 11 дүгээр сарын 11-ны өдрийн 01/2040 тоот албан бичгээр нэхэмжилэгч Ж.Мд “...төлбөр төлөгч Г.Батгэрэлд холбогдох гүйцэтгэх баримт бичгийг архиваас шүүж үзэхэд 2013 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр төлбөр авагч Ж.Мд гүйцэтгэх баримт бичгийг буцаасан байна...” гэсэн хариуг өгчээ. Гэтэл уг гүйцэтгэх баримт бичгийг үнэхээр буцаасан эсэх, гүйцэтгэх баримт бичгийг төлбөр авагч эсхүл гүйцэтгэх баримт бичиг олгосон шүүхэд хүргүүлсэн эсэх, хүлээн авсан эсэх нь нотлох баримтаар тогтоогдохгүй байна.

Мөн хариуцагчийн шүүхэд гаргасан тайлбар болон Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Ерөнхий газар, Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэс-413 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн дарга, дэд хурандаа А.Буянбаатарын 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн №01/2317 дугаартай “Өргөдлийн хариу хүргүүлэх тухай” албан бичиг зэрэгт: ”...тэтгэлэг авагч Ж.Мд холбогдох гүйцэтгэх баримт бичгийг тэтгүүлэгч хүүхэд болох М.Төгөлдөр нь 2017 оны 06 дугаар сарын 07-ны өдөр 18 нас хүрсэн тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.6 “гүйцэтгэх баримт бичигт заасан тэжээн тэтгэх үүрэг дуусгавар болсон”, Гэр бүлийн тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.3-д “тэтгүүлэгч хүүхэд 18 насанд хүрсэн” гэсэн хуульд заасан үндэслэлээр 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдөр гүйцэтгэх баримт бичгийг хааж дуусгавар болгосон... гэж тус тус дурьджээ.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлд “Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгох”, 29.1-д “Ахлах шийдвэр гүйцэтгэгч дараахь үндэслэлээр иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн дуусгавар болсонд тооцож, иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хувийн хэргийг хаана”, 29.1.2-д “төлбөр авагч төлбөр авахаас татгалзаж, иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгох тухай хүсэлт гаргасан” бол гэж заасан зэргээс дүгнэхэд төлбөр авагч, нэхэмжлэгч Ж.М нь төлбөр авахаас татгалзаж, иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгох тухай хүсэлт гаргаагүй байна.

Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29.1.6-д “гүйцэтгэх баримт бичигт заасан тэжээн тэтгэх үүрэг дуусгавар болсон”, Гэр бүлийн тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.3-д “тэтгүүлэгч хүүхэд 18 насанд хүрсэн” тохиолдолд тэжээн тэтгэх үүрэг дуусгавар болохоор хуульчилсан байх боловч тэжээн тэтгэх үүргээс чөлөөлөгдөөгүй, тэжээн тэтгэх үүргээ огт биелүүлээгүй төлбөр төлөгчийн хувьд дээрхи хуулийг баримтлан  иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгох үндэслэлгүй юм.

Харин Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 90 дүгээр зүйлийн 90.6-д “Шийдвэр гүйцэтгэгч шүүхийн шийдвэрээр тогтоосон тэтгэлгийн төлөгдөөгүй хэсгийг хугацаа харгалзахгүйгээр төлбөр төлөгчөөс нөхөн гаргуулна” гэж заасан байх тул  Сэлэнгэ аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүхийн 2004 оны 02 дугаар сарын 23-ны №50 дугаартай Г.Батгэрэлээс 1 хүүхдийн тэтгэлэг гаргуулж Ж.Мд олгохоор шийдвэрлэсэн шийдвэртэй, гүйцэтгэх баримт бичгийг хааж дуусгавар болгосон шийдвэр гүйцэтгэгчийн 2019 оны 12 дугаар сарын 16-ны тогтоолыг хүчингүй болгож, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үргэлжлүүлэн явуулахыг хариуцагч Сэлэнгэ аймгийн Мандал сумын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэсд даалгах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, мөн хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Ж.М нь Улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнг дурьдах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.5 дахь хэсэгт зааснаар Сэлэнгэ аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүхийн 2004 оны 02 дугаар сарын 23-ны №50 дугаартай Г.Батгэрэлээс 1 хүүхдийн тэтгэлэг гаргуулж Ж.Мд олгохоор шийдвэрлэсэн шийдвэртэй, гүйцэтгэх баримт бичгийг хааж дуусгавар болгосон шийдвэр гүйцэтгэгчийн 2019 оны 12 дугаар сарын 16-ны тогтоолыг хүчингүй болгож, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үргэлжлүүлэн явуулахыг хариуцагч Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Ерөнхий газар, Сэлэнгэ аймгийн Мандал сумын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэсд даалгасугай.

2. Нэхэмжлэгч Ж.М нь Улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурьдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шүүх хуралдаанд оролцсон тал энэ хуулийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.              

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Ж.ЭРДЭНЭБАТ.