Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 07 сарын 18 өдөр

Дугаар 733

 

 

 

 

 

 

 

 

 

 

 С.О-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалж, шүүгч Д.Очмандах, Д.Мягмаржав нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

            прокурор Д.Агар,

            шүүгдэгч С.О, түүний өмгөөлөгч М.Хувцагаан,

            хохирогч Ч.Магнайгийн өмгөөлөгч О.Цэвэлмаа,

            нарийн бичгийн дарга Г.Алтанзул нарыг оролцуулан,

            Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Отгонбаяр даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 428 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч С.О-ын өмгөөлөгч М.Хувцагааны гаргасан давж заалдах гомдлоор С.О-д холбогдох эрүүгийн 1903001760158 дугаартай хэргийг 2019 оны 7 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Мягмаржавын илтгэснээр хянан хэлэлцэв.

            Б овгийн С-ийн О, 19... оны ... дугаар сарын ...-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 38 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ..., нөхөр, хүүхдүүдийн хамт ............ дүүргийн ... дугаар хороо, ............... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:ЗБ................/;

            С.О нь 2019 оны 2 дугаар сарын 18-ны өдөр 17 цаг 10 минутын үед Баянгол дүүргийн 13 дугаар хороо, “Өргөө” кино театрын зүүн замд Тоёота Приус-20 маркийн 5234 УБП улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Замын хөдөлгөөний дүрмийн 10.1-д заасан “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх нөхцөлийг хангана”, 8.18-д заасан “Гэрэл буюу зохицуулагчийн хориглосон дохиогоор жолооч Зогс-шугам /1.11 тэмдэглэл буюу 5.32 тэмдэг/-ийн өмнө ...зогсоно” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас явган зорчигч Ч.Магнайг мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

            Тээврийн прокурорын газраас: С.О-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

            Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Б овгийн С-ийн О-ыг “автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар С.О-ыг 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2, 3-т зааснаар С.О-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 02 жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ял оногдуулж, уг нэмэгдэл ялыг тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар С.О нь шүүхээс оногдуулсан 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдэж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, 1.023.000 төгрөгийн хохирол төлсөн болохыг тус тус дурдаж, хохирогч Ч.Магнайгийн нэхэмжлэлээс 491.396 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, 6.500.000 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч Ч.Магнай нь хохирол, хор уршгийн талаарх нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг сидийг хэрэгт хавсаргаж, шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол С.О-д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

            Шүүгдэгч С.О-ын өмгөөлөгч М.Хувцагаан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шүүгдэгч С.О-ын үйлдэлд зүйлчилсэн хуулийн зүйл анги, гэм буруугийн талаар маргах хууль зүйн үндэслэл байхгүй. С.О-ын холбогдсон хэргийн хувьд хохирогч, холбогдогч хоёр хоёулаа замын хөдөлгөөний зохих заалтуудыг зөрчсөн нь нотлогдсон. Анхан шатны шүүх С.О-ын үйлдсэн хэргийн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршиг, хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэх ёстой байтал С.О-д ял төлөвлөн ирсэн зүйл ангиар гэм буруутайд тооцон 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар, мөн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ял оногдуулсныг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Учир нь, хэрэгт авагдсан баримтаас үзэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа болгоомжгүй хэрэг үйлдсэн. Хохирогчид шууд эмнэлгийн туслалцаа үзүүлж, учирсан хохирлоо сайн дураараа бүрэн төлсөн. Уг хэрэг үйлдэгдэхэд хохирогчийн буруутай үйл ажиллагаа нөлөөлсөн. Гэм буруугаа бүрэн хүлээн зөвшөөрсөн. 3-16 насны 3 хүүхдээ асарч сувилдаг болох нь биеийн байцаалт, хорооны засаг даргын тодорхойлолт зэргээр нотлогдож байгаа учраас шүүгдэгчийн хувийн байдал болох 3-16 насны 3 хүүхдийг эхийн эзгүйд нийтэд тустай ажил хийхээр явах, ирэх ажил хийх хугацаа дунджаар 5-6 цаг гэж үзвэл бага насны хүүхдүүд асран хамгаалагч, харгалзан дэмжигчгүй үлдээснээс эрсдэл үүсэхийг үгүйсгэх аргагүй. С.О-ын хувийн байдлыг харгалзан улсын яллагч торгуулийн санал тавьсан, өмгөөлөгчийн хувьд ч дүгнэлтэндээ торгуулийн ялын санал тавьсан билээ. Иймд шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, торгуулийн ял болгон хөнгөрүүлж өгнө үү. Нэмэгдэл ялыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

            Шүүгдэгч С.О тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч, ойлгодог. Манай нөхөр хөдөө ажил хийдэг. Хүүхдүүдийг минь харах хүнгүй учраас торгуулийн ял оногдуулж өгнө үү.” гэв.

            Хохирогч Ч.Магнайгийн өмгөөлөгч О.Цэвэлмаа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 428 дугаар шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй гарсан. Шүүгдэгч С.О нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутай болох нь дараах нотлох баримтаар хангалттай нотлогдож байна гэж шүүх дүгнэж ял шийтгэлийг оногдуулсан. Тухайлбал, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл /хх3-4/, хохирогч Ч.Магнайгийн мөрдөн байцаалтын явцад удаа дараа өгсөн мэдүүлгүүд /хх24-29/, насанд хүрээгүй гэрч А.Билэгжаргалын мэдүүлэг /хх48/, шинжээч эмч С.Чулуунсүхийн 2019 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн 2530 дугаартай шинжээчийн дүгнэлтээр хохирогч Ч.Магнайд хүндэвтэр гэмтэл тогтоогдсон /хх56/, мөрдөгчийн магадлагаа /хх72-73, яллагдагч С.О-ын мэдүүлэг /хх82-84/ гэх мэт. Хохирогч Ч.Магнайгийн биед зүүн өвдөгний үений дотор жийргэвчийн урагдал, зөөлөн эдийн няцрал, баруун өвдөгний үений дотор жийргэвчийн урагдал, өвдөгний үенд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун тахилзуур яс далд хугарч эрүүл мэнддээ хүндэвтэр гэмтэл авсаны улмаас 2019 оны 2 дугаар сарын 18-ны өдрөөс эхлэн ажил хөдөлмөр эрхлэхгүй, хүнд мэс засалд орж одоо хүртэл эрүүл мэндийн байдал сайжрахгүй эмнэлэг, сувилалд хэвтэн, амбулаторийн эмчийн хяналтад байнгын эмчилгээ хийлгэж, 2 суга таягтай бусдын асрамжинд байна. Цаашид хохирогчийн хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ, эдгэрэлтийн байдлаас хамаарна гэж шинжээчийн дүгнэлтийн 4 дэх заалтад шинжээч эмч дүгнэсэн. Амбулаторийн хяналтны эмч үзлэгийн тэмдэглэлдээ 3 cap эмчийн хяналтад эмчилгээ хийлгэх шаардлагатай гэж үзсэн байдлаас харахад хохирогчийн эрүүл мэнд нь сайжрах эсэх нь эргэлзээтэй байгаа учраас хохирол, хор уршиг арилаагүй гэж үзэж байна. Шүүх шүүгдэгчид ял шийтгэлийг оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-д заасан хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзсэн. Шүүгдэгч нь бага насны хүүхэдтэй гэх боловч үүнийг нотолсон нотлох баримтыг хэрэгт болон шүүхэд гаргаж өгөөгүй. Шүүгдэгч эрхэлсэн тодорхой ажилгүй зэрэг нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг торгуулийн ял болгон хөнгөрүүлж, шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах хуулийн үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.” гэжээ.

            Прокурор Д.Агар тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 428 дугаар шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан. Шүүх хэрхэн ял оногдуулах нь шүүхийн бүрэн эрх хэмжээний асуудал.” гэв.

                       

ТОДОРХОЙЛОХ нь:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх гомдлыг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг давж заалдсан гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

Хэргийг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхийн шатанд хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.

С.О нь 2019 оны 2 дугаар сарын 18-ны өдөр 17 цаг 10 минутын үед Баянгол дүүргийн 13 дугаар хороо, “Өргөө” кино театрын зүүн замд Тоёота Приус-20 маркийн 5234 УБП улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Замын хөдөлгөөний дүрмийн 10.1-д заасан “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх нөхцөлийг хангана”, 8.18-д заасан “Гэрэл буюу зохицуулагчийн хориглосон дохиогоор жолооч Зогс-шугам /1.11 тэмдэглэл буюу 5.32 тэмдэг/-ийн өмнө ...зогсоно” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас явган зорчигч Ч.Магнайг мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан болох нь:

хохирогч Ч.Магнайгийн “...2019 оны 2 дугаар сарын 18-ны өдөр 17 цагийн орчим Баянгол дүүргийн 13 дугаар хороо, Өргөө кино театрын зүүн урд талын явган хүний гарцаар ертөнцийн зүгээр баруунаас зүүн зүгт гарахаар явган хүний гарцны гэрэл дохио ногоон асчихсан байсан ба би гарцаар гарахаар уулзвар руу 3 алхам алхсан санагдаж байна. Тэгтэл 1 дүгээр эгнээнд хойноосоо урагшаа чиглэлд явахаар зогсож байсан улаан өнгийн Тоёота Приус 20 загварын автомашин явган хүний гарц өнгөрөөд зогсож байсан бараан өнгийн суудлын автомашиныг араас нь мөргөхдөө намайг 2 машины дунд хавчуулан зүүн хөлийн өвдөг, шилбэ, шагай хэсэг рүү мөргөөд, баруун хөлний өвдөг, гуя, шилбэ рүү давхар мөргөсөн. Улаан өнгийн Тоёота Приус 20 загварын автомашины жолооч сандарсандаа хаазаа гишгээд 2 дахин мөргөсөн. ...” /хх 26-28/ гэх мэдүүлэг,

зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 3-4/, гэрэл зургийн үзүүлэлт /хх 8-10/, камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх 21-22/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2530 дугаартай дүгнэлт /хх 56/, мөрдөгчийн 115 дугаартай магадлагаа /хх 72-73/, хохирлын баримтууд /хх 112-118, 141-151, 195-198, 202-205/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогджээ.

             Анхан шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасантай нийцсэн байна.

             Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэсний дагуу анхан шатны шүүхийн шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, мэдүүлэг, дүгнэлт, шинжлэн судалсан бусад нотлох баримтад тулгуурлаж, шүүгдэгч С.О-ыг Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

            Шүүгдэгч С.О-ыг Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас явган зорчигч Ч.Магнайг мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүхээс С.О-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх тул “...шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, торгуулийн ял болгон хөнгөрүүлж өгнө үү.” гэсэн шүүгдэгч С.О-ын өмгөөлөгч М.Хувцагааны давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.

Иймд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 428 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч С.О-ын өмгөөлөгч М.Хувцагааны гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 428 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч С.О-ын өмгөөлөгч М.Хувцагааны гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

 ДАРГАЛАГЧ,

                         ШҮҮГЧ                                                        Н.БАТСАЙХАН

 

 ШҮҮГЧ                                                        Д.ОЧМАНДАХ

 

 ШҮҮГЧ                                                        Д.МЯГМАРЖАВ