Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Намжилын Долгорсүрэн |
Хэргийн индекс | 128/2022/0877/З |
Дугаар | 221/МА2024/0409 |
Огноо | 2024-06-25 |
Маргааны төрөл | Ашигт малтмал, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 06 сарын 25 өдөр
Дугаар 221/МА2024/0409
“Г у” ХХК, “Э” ХХК нарын
нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:
Даргалагч: Шүүгч Э.Лхагвасүрэн
Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч З.Ганзориг
Илтгэгч: Шүүгч Н.Долгорсүрэн,
Давж заалдах гомдол гаргасан: хариуцагч, гуравдагч этгээд “Т ” ХХК
Нэхэмжлэгч: “Г у” ХХК, “Э” ХХК
Хариуцагч: Ашигт малтмал, газрын тосны газар, Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтэс
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 277 дугаар шийдвэртэй,
Шүүх хуралдаанд оролцогчид: нэхэмжлэгч “Г у” ХХК-ийн өмгөөлөгч Т.Ц, нэхэмжлэгч “Э” ХХК-ийн төлөөлөгч А.Б, өмгөөлөгч А.Т, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э, гуравдагч этгээд “Т” ХХК-ийн төлөөлөгч А.О, өмгөөлөгч Ө.С нар,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Эрдэнэбаяр
Хэргийн индекс: 128/2022/0877/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 277 дугаар шийдвэрийн 1 дэх заалтаар: Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.3, 14 дүгээр зүйлийн 14.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Г у” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 8/4571 тоот “Дүгнэлт хүргүүлэх тухай” албан бичгийг хүчингүй болгож, нэхэмжлэгч “Э” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2021 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 8/4329 тоот “дүгнэлт хүргүүлэх тухай” албан бичгийг хүчингүй болгож, тус компанийн нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг болох “Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Дайргат нэртэй газрын 189 га талбайд түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг “Э” ХХК-д олгох боломжтой гэсэн дүгнэлт гаргаж, Сэлэнгэ аймгийн Засаг даргад хүргүүлэхийг даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
2. Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагчаас дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. Үүнд:
2.1. ...Төрийн захиргааны байгууллагаас "Г у" ХХК-ийн ХА-43000227 бүртгэлийн дугаар бүхий өргөдлийг хянаж "Э" ХХК-ийн өмнө нь бүртгэгдсэн өргөдөлтэй давхцалтай гэж үзээгүй болно. Учир нь хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөлд тусгагдсан талбайд зураг зүйн шүүлт хийсэн тодорхойлолтын "шалтгаанууд" хэсэгт “өмнө нь бүртгэгдсэн өргөдөлтэй давхцалтай..." гэдэг нь "Б" ХХК-ийн тусгай зөвшөөрөл бүхий талбайтай 0,24 гектар талбайгаар давхацсан гэснээс "Э" ХХК-ийн өргөдөл хүссэн талбайтай давхцалтай гэж зураг зүйн шүүлт хийгээгүй болно. Үүнийг анхан шатны шүүхээс "Э" ХХК-ийн өмнө нь бүртгэгдсэн өргөдлийн талбайтай давхцалтай гэж дүгнэж байгаа нь үндэслэлгүй юм.
2.2. Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.4-д " энэ хуулийн 14.1.3-т заасны дагуу анхан шатны шүүлт хийсний дараа өргөдөлд дурдсан талбай нь ашигт малтмал хайх, ашиглахыг хязгаарласан буюу хориглосон, тусгай хэрэгцээ, нөөцөд авсан, түүнчлэн хайгуулын тусгай зөвшөөрлөөр олгогдсон, түрүүлж ирүүлсэн өргөдөлд дурдсан талбайтай давхцаж байгаа эсэхийг тогтоолгох өргөдлийг холбогдох материалын хамт төрийн захиргааны байгууллагад цахим хэлбэрээр хүргүүлэх”, 14.2-д "Төрийн захиргааны байгууллага аймаг, нийслэлийн Засаг даргын хүсэлтийг хүлээн авснаас хойш ажлын таван өдөрт багтаан энэ хуулийн 14.1.4-т заасан ажиллагааг гүйцэтгэсний үндсэн дээр хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой, эсхүл боломжгүй талаар мэдэгдэнэ" гэж заасан.
2.3. Гэтэл "Г у" ХХК-ийн "Цахир уул" нэртэй 168.92 гектар талбайд түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийн талбай нь "Б" ХХК-ийн түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн ХА-43000156 бүртгэлийн дугаартай талбайтай 0,24 гектар талбайгаар давхцалтай тул Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 8/4571 тоот "дүгнэлт хүргүүлэх тухай" албан бичгээр түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжгүй талаар албан бичгийг Сэлэнгэ аймгийн Засаг даргад хүргүүлсэн.Тодруулбал түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.4-д ".....түрүүлж ирүүлсэн өргөдөлд дурдсан талбайтай давхцаж байгаа...." тул "Г у" ХХК-ийн түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөлд боломжгүй гэсэн дүгнэлтийг хүргүүлсэн.
2.4. Гэтэл шүүхээс "2021 оны 10 дугаар сарын 13-ны өдөр нэхэмжлэгчийн гаргасан өргөдлийн талбайд шүүлт хийх үед "Б" ХХК-д тусгай зөвшөөрөл олгогдоогүй байсан буюу тус компанид Сэлэнгэ аймгийн засаг даргын 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн А/15 дугаар захирамжаар Сэлэнгэ аймгийн Сайхан сумын нутаг "Цахиурт-1" нэртэй 83,49 га газарт түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгогдсон тул "хүсэлт гаргасан хайгуулын тусгай зөвшөөрөлтэй давхацсан" гэж үзэхгүй" гэж дүгнэж байгаа нь үндэслэлгүй юм.
2.5. Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д "түгээмэл тархацтай ашигт малтмал" гэж зам, барилгын материалын зориулалтаар ашиглах боломжтой, элбэг тархалт бүхий элс, хайрга, тоосгоны шавар, хүрмэн, боржин, дайрганы зориулалттай барилгын чулууны хуримтлалыг", Ашигт малтмалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-д "Барилгын материалын зориулалтаар ашиглах боломжтой, элбэг тархалт бүхий хурдас, чулуулгийн хуримтлалыг түгээмэл тархацтай ашигт малтмалын ордод хамааруулна" гэж заасан. Гэтэл шохойн чулуу нь түгээмэл тархацтай ашигт малтмалын төрөлд орохгүй, харин ашигт малтмалын төрлийн хувьд метал бус ашигт малтмал тул түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулиар тусгай зөвшөөрөл олгох боломжгүй юм. Үүнийг анхан шатны шүүхээс зураг зүйн шүүлтээр түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзах үндэслэл тогтоогдоогүй байхад Кадастрын хэлтсийн даргын 2021 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 8/4329 дүгээр "дүгнэлт хүргүүлэх тухай" албан бичгээр түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгох боломжгүй гэж дүгнэлт гаргасан нь хууль зүйн хувьд үндэслэлгүй гэж дүгнэж байгаа нь үндэслэлгүй юм.
2.6. Тодруулбал "Э" ХХК-ийн түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийн талбай нь шохойн чулуутай давхцалтай байсан тул тусгай зөвшөөрөл олгох боломжгүй гэсэн дүгнэлтийг Сэлэнгэ аймгийн Засаг даргад хүргүүлсэн болно. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.1 дэх заалтад заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
3. Гуравдагч этгээд “Т” ХХК-аас дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. Үүнд:
3.1. ... Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2021 оны 10 сарын 14-ний өдрийн 8/4571 дүгээр "Дүгнэлт хүргүүлэх тухай" албан бичгийг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагын тухайд: Анхан шатны шүүхийн шийдвэрийн 1.6-д "Эндээс "Г у "ХХК нь 2019 оны 11 дүгээр сарын 21-нд анх өргөдөл гаргасан гэх болон 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн "Дархан-Уул аймгийн Дархан суманд орших 226,22 га талбайд "талбайг андуурч бичсэн" гэх, өргөдлийг, "дахин өргөдлөө нөхөж гаргасан" гэх, "12 ширхэг солбилцлоор дүгнэлт гаргуулахаар ирүүлсэн" гэх үйл баримтууд нь нэхэмжлэгч "Г у" ХХК-ийн Сэлэнгэ аймаг дахь захиргааны хэргийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд дүгнэгдэх асуудал тул энэ талаар Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүх дүгнэлт өгөхгүй, өөрөөр хэлбэл нэхэмжлэгч компани анх хэдийд хүсэлтээ Сэлэнгэ аймгийн Засаг даргад гаргасан гэх үйл баримт энэ маргааны тухайд хамааралгүй, харин Сэлэнгэ аймгийн засаг даргаас цахимаар ирүүлсэн хүсэлтийн дагуу тус компанийн 2020 оны 03 дугаар сарын 11-ний өдөр гаргасан ХА-43000227-001-NE өргөдлийн дагуу гаргасан хариуцагч байгууллагын дүгнэлтийн хүрээнд энэхүү шийдвэрийг гаргасныг тэмдэглэх нь зүйтэй" гэж дүгнэн хэргийг хянан шийдвэрлэжээ. Энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хэн хэзээ ямар өргөдөл гаргасан эсэх нь маш чухал юм. Хэргийн баримтаас үзэхэд "Г у "ХХК нь 2019.10.15-ны өдөр Цахир уул гэх 226,22 га талбайд өргөдөл гаргасан байх боломжгүй юм. Учир нь Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2014.10.28-ны өдрийн А/396 дугаар захирамжаар тус Цахиурт хэмээх 226.21 га газар "Ворлддейнти" ХХК-д тусгай зөвшөөрөл олгосон байсан.
3.2. Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн А/531 дугаар захирамжаар "Ворлддейнти" ХХК-ийн тусгай тусгай зөвшөөрлийг 2 жилээр сунгасан. Үүнээс үзэхэд 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүртэл тухайн талбайд "Ворлддейнти" ХХК хүчин төгөлдөр тусгай зөвшөөрөлтэй байсан. Тиймээс хүчин төгөлдөр тусгай зөвшөөрөлтэй газар "Г у" ХХК нь 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдөр өргөдөл гаргах боломжгүй. Хэргийн баримтаас үзэхэд тухайн Цахиурт хэмээх талбайд "Г у" ХХК нь 2019 оны 11 дүгээр сарын 21-нд анх өргөдөл гаргасан гэх нотлох баримт байхгүй. Үүнийг аймгийн Засаг даргын архивын ирсэн баримт бичгийн бүртгэл хийгээд Өргөдлийн сангийн үзлэгээр тодорхой болсон. Харин "Г у" ХХК аймгийн Засаг даргад Цахир согтуу толгойн урд "Элс" хайхаар хүсэлтийг 2019 оны 11 дүгээр сарын 21-нд гаргасан байдаг. Хэрэв үнэхээр "Г у" ХХК хоёр газар тусгай зөвшөөрөл авахаар хүсэлт гаргасан юм бол Улсын тэмдэгтийн хураамж 250,000 төгрөг төлсөн баримт хоёр ширхэг байх ёстой. Гэтэл Цахир согтуу толгой гэх газарт л хүсэлт гаргахдаа Улсын тэмдэгтийн хураамж 250,000 төгрөг толсон баримт байдаг.
3.3. ...Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.4-т "энэ хуулийн 14.1.3-т заасны дагуу анхан шатны шүүлт хийсний дараа өргөдөлд дурдсан талбай нь ашигт малтмал хайх, ашиглахыг хязгаарласан буюу хориглосон, тусгай хэрэгцээ, нөөцөд авсан, түүнчлэн хайгуулын тусгай зөвшөөрлөөр олгогдсон, түрүүлж ирүүлсэн өргөдөлд дурдсан талбайтай давхцаж байгаа эсэхийг тогтоолгох өргөдлийг холбогдох материалын хамт төрийн захиргааны байгууллагад цахим хэлбэрээр хүргүүлэх" гэж, 14.3.-т Өргөдөлд дурдсан талбай нь ашигт малтмал хайх, ашиглахыг хязгаарласан буюу хориглосон, тусгай хэрэгцээ, нөөцөд авсан, түүнчлэн хайгуулын тусгай зөвшөөрлөөр нэгэнт олгогдсон талбайтай бүхэлдээ буюу хэсэгчлэн давхацсан бол хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжгүй тухай өргөдөл гаргасан этгээдэд аймаг, нийслэлийн Засаг дарга бичгээр мэдэгдэж, өргөдөл бүртгэх дэвтэрт энэ тухай тэмдэглэнэ." гэж тус тус заасан. Үүнээс үзэхэд "Б" ХХК-ийн тусгай зөвшөөрөл хүссэн талбайтай 0,24 га-гаар давхацсан нь өргөдлийг хүлээн авахаас татгалзах үндэслэл болно. Учир нь "Б" ХХК 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдөр аймгийн Засаг даргад хүсэлт гаргаж байсан бөгөөд АМГТГ-ын 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 8/1007 өргөдлийг давхцалгүй тул зөвшөөрсөн байдаг.
3.4. Түүнчлэн "Г у" ХХК 2020 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 43000227 дугаар бүхий өргөдлийг мөн ямар байдлаар Сэлэнгэ аймгийн Засаг даргад гаргасан нь ч бас тодорхойгүй байдаг. "Г у" ХХК-д хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжгүй талаар Сэлэнгэ аймгийн Засаг даргын тамгын газраас 2021 оны 08 дугаар сарын 20-ны өдөр 01/1085 дугаар албан бичгээр мэдэгдсэн байдаг. Энэ нь явуулсан баримт бичгийн бүртгэлээс болон Монгол шуудангийн 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 22/39 дүгээр албан бичиг, Шуудангийн байгууллагын Тэмдэглэлээс 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдөр захирал Г.Лхагвасүрэн мэдэгдлийг гардан авсан нь тодорхой харагддаг. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д "Хуульд өөрөөр заагаагүй, захиргааны үйл ажиллагаанд гомдол гаргах ажиллагаа Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу явагдсан бол дараахь тохиолдолд шийдвэрийг мэдэгдсэнээс хойш захиргааны хэргийн шүүхэд 30 хоногийн дотор нэхэмжлэл гаргана", гэж 14.1.1-д "дээд шатны захиргааны байгууллага, эсхүл гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагаас гаргасан шийдвэрийг эс зөвшөөрсөн бол" гэж, Захиргааны ерөнхий хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1-д "Захиргааны актыг энэ хуульд заасан журмын дагуу мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор гомдлыг хянан шийдвэрлэх захиргааны байгууллагад гаргана." гэж заасан.
3.5. Гэтэл "Г у" ХХК-д тусгай зөвшөөрөл олгох боломжгүй талаарх Сэлэнгэ аймгийн Засаг дарга 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдөр 01/1085 дугаар албан бичгээр хариу хүргүүлснийг хуулийн хугацаанд буюу 30 хоногийн дотор дээд шатны захиргааны байгууллагад гомдол гаргаагүй буюу 10 сарын дараа 2022 оны 08 дугаар сарын 09-ний өдөр гомдол гаргасан байдаг. Мөн түүнчлэн АМГТГ-ын 2022 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 10/4241 дүгээр албан бичгийг 2022 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр гардан аваад 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр нэхэмжлэл гаргасан гэх бол албан бичгийг 2022 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр гардан авсан хийгээд хуулийн хугацаанд нэхэмжлэл гаргаснаа нотлоогүй байдаг. Тиймээс анхан шатны шүүхийн "Б" ХХК тусгай зөвшөөрөл аваагүй байсан тул талбай давхацсан үндэслэлээр "Г у" ХХК-ийн өргөдлөөс татгалзсан нь үндэслэлгүй гэж үзсэн нь, захиргааны актад гомдол гаргах, нэхэмжлэл гаргах хугацааг дүгнэн үзээгүй нь хуульд нийцэхгүй байна. Тиймээс "Г у" ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
3.6. Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2021 оны 09 сарын 29-ний өдрийн 8/4329 дүгээр дүгнэлтийг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагын тухайд: Анхан шатны шүүхэд хариуцагч болон гуравдагч этгээдийн зүгээс "Э" ХХК гомдол, нэхэмжлэл гаргах хуулийн хугацааг хэтрүүлсэн гэх тайлбарыг өгч байсан. Гэтэл анхан шатны шүүхээс тухайн нэхэмжлэлийн татгалзлын үндэслэлд дүгнэлт хийгээгүй хэргийг хянан шийдвэрлэсэн. Ашигт малтмал Газрын тосны газрын 2021 оны 09 дүгээр сарын 29-ний 8/4329 дүгээр албан бичгээр "Э" ХХК-д өргөдөл гаргасан талбайд тусгай зөвшөөрөл олгох боломжгүй шохойн чулуутай давхцалтай хэмээн татгалзсан. "Э" ХХК-д АМГТГ-ын бичгийн дагуу Сэлэнгэ аймгийн Засаг дарга 2021 оны 10 дугаар сарын 08-нд 01/1034 дугаар албан бичгээр хариу хүргүүлсэн тухай тэмдэглэл нь явсан бичгийн бүртгэлд бүртгэгдсэн байдаг.
3.7. Мөн түүнчлэн анхан шатны шүүхийн шийдвэрийн 2.7-д "Хэрэгт цугларсан нотлох баримт болох Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2021 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 8/4329 дүгээр "Дүгнэлт хүргүүлэх тухай" албан бичгийг үндэслэн гаргасан Сэлэнгэ аймгийн засаг даргын 2021 оны
10 дугаар сарын 08-ны өдрийн 01/1034 дүгээр албан бичгээр "Э" ХХК-д "уг талбайд түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжгүй"-г мэдэгдсэний дараа..." гэж дүгнэсэн. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д "Хуульд өөрөөр заагаагүй, захиргааны үйл ажиллагаанд гомдол гаргах ажиллагаа Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу явагдсан бол дараахь тохиолдолд шийдвэрийг мэдэгдсэнээс хойш захиргааны хэргийн шүүхэд 30 хоногийн дотор нэхэмжлэл гаргана", гэж 14.1.1-д "дээд шатны захиргааны байгууллага, эсхүл гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагаас гаргасан шийдвэрийг эс зөвшөөрсөн бол" гэж заасан. Захиргааны ерөнхий хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1-д "Захиргааны актыг энэ хуульд заасан журмын дагуу мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор гомдлыг хянан шийдвэрлэх захиргааны байгууллагад гаргана." гэж заасан.
3.8. Гэтэл "Э" ХХК-д тусгай зөвшөөрөл олгох боломжгүй талаарх Сэлэнгэ аймгийн Засаг дарга 2021 оны 10 дугаар сарын 08-нд 01/1034 дугаар албан бичгээр хариу хүргүүлсэн бөгөөд хуулийн хугацаанд буюу 30 хоногийн дотор дээд шатны захиргааны байгууллагад гомдол гаргаагүй буюу 1 жил 1 сарын дараа 2022 оны 11 сарын 21-ний өдөр гомдол гаргасан байдаг. Тиймээс "Э" ХХК нь Захиргааны ерөнхий хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасныг зөрчиж дээд шатны захиргааны байгууллагад гомдол, захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах хугацааг хэтрүүлэн нэхэмжлэл гаргасан байдаг тул "Э" ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэл болно.
Иймд Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 сарын 27-ны өдрийн 128/ШШ2024/0277 дугаар шийдвэрийн нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэснийг хүчингүй болгон, нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохоор өөрчилж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд холбогдох баримтыг дутуу цуглуулж, талуудын маргаж буй асуудлаар болон бодит нөхцөл байдалд эрх зүйн дүгнэлт хийлгүйгээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмын зөрчил гаргаж хэргийг шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.
2. Нэхэмжлэгч “Г у” ХХК-иас Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдуулан гаргасан “Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 8/4571 тоот “Дүгнэлт хүргүүлэх тухай” албан бичгийг хүчингүй болгох”, харин нэхэмжлэгч “Э” ХХК-иас Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2021 оны 09 сарын 29-ний өдрийн 8/4329 тоот “Дүгнэлт хүргүүлэх тухай” албан бичгийг хүчингүй болгож, Сэлэнгэ аймгийн Сайхан сумын “Дайргат” нэртэй газрын 189 га талбайд түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг “Э” ХХК-д олгох боломжтой гэсэн дүгнэлт гаргаж, Сэлэнгэ аймгийн Засаг даргад хүргүүлэхийг даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг тус тус гаргажээ.
2.1. Нэхэмжлэгч “Г у” ХХК-иас нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...манай компани анх 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Сэлэнгэ аймгийн Засаг даргад Сэлэнгэ аймгийн Сайхан сумын нутаг, Цахир уул нэртэй газарт 226.22 га талбай бүхий газарт түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл авахаар хүсэлт гаргасан, ...түрүүлж ирүүлсэн “Э” ХХК-ийн ХА-43000224 тоот өргөдөлтэй 166.90 гектар, "Б" ХХК-ийн ΧΑ-43000156 тоот өргөдөлтэй 0.24 гектар талбайгаар тус тус хэсэгчлэн давхцалтай, сонгон шалгаруулалтын талбайтай давхцалтай гэснийг хүлээн зөвшөөрөхгүй” гэж, хариуцагчаас “...манай газраас Сэлэнгэ аймгийн Засаг даргад хүргүүлсэн албан бичиг нь захиргааны актын шинжийг агуулахгүй тул нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах ёстой, мөн шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн” гэж, гуравдагч этгээд “Т” ХХК-иас “...нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан, маргаан бүхий акт нь хуульд заасан захиргааны актын шинжийг агуулаагүй” гэж, “Б” ХХК-ийн төлөөлөгчөөс ” ...тусгай зөвшөөрлийг холбогдох хууль журамд заасны дагуу авсан, “Г у” ХХК-ийн нэхэмжлэлд дурдаж буй талбай нь манай компанид олгосон тусгай зөвшөөрлийн хувьд хамааралгүй гэж үзэж байна” гэж,
2.2. Нэхэмжлэгч “Э” ХХК-иас нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...шохойн чулуутай гэж татгалзсан нь захиргааны байгууллага сонгох боломжоо хэтрүүлсэн, хэрвээ манай компанийн тухайд энэ үндэслэлээр татгалзаж байгаа бол “Т” ХХК-д ч олгогдох боломжгүй” гэж, хариуцагчаас “... уг дүгнэлт нь захиргааны акт биш, шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн, шохойн чулуутай давхцалтай нь тогтоогдсон, шохойн чулуу нь түгээмэл тархацтай ашигт малтмалд хамаардаггүй...” гэж, гуравдагч этгээд “Т” ХХК-иас “... “Г у” ХХК-иас Сэлэнгэ аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхэд, нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд удаа дараа үндэслэлгүй нэхэмжлэл гаргаж байгаа, ... 8/4329 тоот “Дүгнэлт хүргүүлэх тухай” албан бичгийг хүчингүй болгох нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан...” гэж тус тус тайлбарлан маргажээ.
3. Нэхэмжлэгч “Г у” ХХК-ийн хүчингүй болгохоор маргаж буй Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 8/4571 тоот “Дүгнэлт хүргүүлэх тухай” албан бичиг, мөн нэхэмжлэгч “Э” ХХК-ийн хүчингүй болгохоор маргаж буй Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2021 оны 09 сарын 29-ний өдрийн 8/4329 тоот “Дүгнэлт хүргүүлэх тухай” албан бичгийг “...нэхэмжлэгч нарт үр дагавар үүсгэсэн, захирамжилсан шинж бүхий захиргааны актын шинжийг агуулсан...”, мөн “ ... Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 0119 дүгээр тогтоолоор “... дүгнэлт нь захиргааны актын шинжийг агуулаагүй гэж дүгнэсэн шүүгчийн захирамжийн холбогдох хэсгийг хүчингүй болгосон, уг тогтоол хуулийн хүчин төгөлдөр байгаа...” талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт зөв байна.
4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д "Хуульд өөрөөр заагаагүй, захиргааны үйл ажиллагаанд гомдол гаргах ажиллагаа Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу явагдсан бол дараахь тохиолдолд шийдвэрийг мэдэгдсэнээс хойш захиргааны хэргийн шүүхэд 30 хоногийн дотор нэхэмжлэл гаргана" гэж, 14.1.1-д "дээд шатны захиргааны байгууллага, эсхүл гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагаас гаргасан шийдвэрийг эс зөвшөөрсөн бол" гэж, Захиргааны ерөнхий хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1-д "Захиргааны актыг энэ хуульд заасан журмын дагуу мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор гомдлыг хянан шийдвэрлэх захиргааны байгууллагад гаргана." гэж заасан.
4.1. Нэхэмжлэгч “Г у” ХХК-иас Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 8/4571 тоот “Дүгнэлт хүргүүлэх тухай” албан бичгийг хүчингүй болгуулахаар 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан, харин нэхэмжлэгч “Э” ХХК-иас Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2021 оны 09 сарын 29-ний өдрийн 8/4329 тоот “Дүгнэлт хүргүүлэх тухай” албан бичгийг хүчингүй болгохоор 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.
4.2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлд нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тохиолдлуудыг нэрлэн заасан бөгөөд мөн хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д зааснаар эдгээр үндэслэл байхгүй гэж үзвэл захиргааны хэрэг үүсгэх хуулийн зохицуулалттай.
4.3. “Г у” ХХК-ийн хувьд шүүхэд нэхэмжлэл гаргах хугацааг хэзээнээс эхлэн тооцох, маргаан бүхий 8/4571 тоот албан бичгийг хэрхэн хэзээ мэдсэн, чухам ямар шалтгаанаар 11 сарын дараа уг актыг хүчингүй болгуулахаар шүүхэд хандаж байгаа нь нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн эсэхэд шүүх холбогдох баримтад үндэслэн дүгнэлт хийх шаардлагатай.
4.4. Мөн “Г у” ХХК-иас хэзээ анх, ямар талбайд өргөдөл гаргасан талаар талууд маргаж буй энэ тохилдолд тус компаниас 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Цахир уул гэх 226,22 га талбайд өргөдөл гаргах боломжтой байсан эсэх, Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2014 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн А/396 дугаар захирамжаар тус газарт 226.21 га газрыг "Ворлддейнти" ХХК-д тусгай зөвшөөрөл олгосон байсан эсэх, уг тусгай зөвшөөрлийн хүчинтэй хугацаа хэзээ дуусгавар болсон зэргийг тодруулж, холбогдох нотлох баримтыг цуглуулсны үндсэн дээр дүгнэлт хийж хэргийг нэг мөр шийдвэрлэх нь зүйтэй байна.
4.5. “Э" ХХК-ийн хувьд тусгай зөвшөөрөл олгох боломжгүй талаарх Сэлэнгэ аймгийн Засаг дарга 2021 оны 10 дугаар сарын 08-нд 01/1034 дугаар албан бичгээр хариу хүргүүлсэн байх бөгөөд хуулийн хугацаанд гомдол гаргаагүй буюу 1 жил 1 сарын дараа 2022 оны 11 сарын 21-ний өдөр гомдол гаргасан нь Захиргааны ерөнхий хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасныг зөрчиж дээд шатны захиргааны байгууллагад гомдол, захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах хугацааг хэтрүүлэн нэхэмжлэл гаргасанд хариуцагч болон гуравдагч этгээд нараас маргаж буй энэ тохиолдолд анхан шатны шүүхээс энэ талаар дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэх шаардлагатай байна.
5. Түүнчлэн нэхэмжлэгч “Э" ХХК-ийн түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөлд шүүлт хийхэд шохойн чулуутай давхцалтай үндэслэлээр түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан атлаа гуравдагч этгээд “Т” ХХК-нд шохойн чулууны илрэлтэй гэх дүгнэлтийг гаргаж тусгай зөвшөөрлийг олгосон нь ойлгомжгүй бөгөөд ямар учраас 23 хоногийн зайтай нэг талбайд өөр агуулга бүхий дүгнэлт гарсан талаар бодит нөхцөл байдлыг тодруулж, холбогдох баримтыг цуглуулсны үндсэн дээр хэргийг нэг мөр шийдвэрлэх нь зүйтэй.
5.1. Тухайлбал, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан “...аливаа судалгаа, геологийн шинжилгээг Монгол Улсын нутаг дэвсгэрийн хэмжээнд явуулах цаг тухайд мэдээлэл нь шинэчлэгдэж байдаг, 09 дүгээр сарын 20-ны өдөр шохойн чулуутай гэсэн хариуг өгөөд, 23 хоногийн дараа “Т” ХХК-ийн хувьд орд илрэл давхцалгүй гэдэг нь шохойн чулууг ордын хэмжээнд ашиглахгүй, эдийн засгийн үр ашиг гарахгүй гэдгээр өгсөн..., н.Мөнгөнтуяа гэх мэргэжилтэн хоёуланд нь шүүлт хийсэн...” гэх тайлбарыг хийсэн бөгөөд анхан шатны шүүх маргаан бүхий талбайн мэдээлэл бодит байдалд өөрчлөгдсөн эсэх, хэрэв өөрчлөгдсөн бол ямар цаг хугацаанд, хэрхэн өөрчлөгдөх боломжтой талаар тодруулсны үндсэн дээр талуудын маргаж буй үндэслэлд дүгнэлт хийж шийдвэрлэх шаардлагатай байна.
5.2. Анхан шатны шүүх “Э" ХХК-ийн гаргасан тухайн өргөдлийн солбилцолд дурдсан талбайд түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг гуравдагч этгээд “Т” ХХК-д олгосон Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2022 оны А/214 дүгээр шийдвэртэй хэргийн оролцогчид маргаагүй тул нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хальж талуудын маргаагүй асуудлаар дүгнэлт хийхгүй гэж дүгнэн маргаан бүхий 8/4329 дүгээр “Дүгнэлт хүргүүлэх тухай” албан бичгийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгосон нь бодит байдалд шүүхийн шийдвэр хэрхэн биелэгдэх, нэхэмжлэгчийн зөрчигдсөн гэх эрх хэрхэн сэргэх нь ойлгомжгүй байна.
6. Ийнхүү анхан шатны шүүх шаардлагатай нотлох баримтыг бүрэн цуглуулаагүй, хэргийн үйл баримтыг бүх талаас нь, эргэлзээгүйгээр бүрэн тогтоогоогүй, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг тодруулалгүй орхигдуулсан байхад давж заалдах гомдолд дурдсанаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох боломжгүй юм.
Иймд анхан шатны шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн алдааг давж заалдах шатны шүүх зөвтгөж, эдгээр нөхцөл байдлуудыг тодруулах хууль зүйн боломжгүй тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.3, 121.3.4 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 277 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасныг баримтлан гуравдагч этгээдээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70.200 төгрөгийг Улсын орлогод хэвээр үлдээж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д заасны дагуу хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Э.ЛХАГВАСҮРЭН
ШҮҮГЧ З.ГАНЗОРИГ
ШҮҮГЧ Н.ДОЛГОРСҮРЭН