Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 01 сарын 03 өдөр

Дугаар 00089

 

Г.Д-ын нэхэмжлэлтэй,

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч М.Наранцэцэг, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 181/ШШ2017/02619 дүгээр шийдвэртэй, нэхэмжлэгч Г.Д-ын нэхэмжлэлтэй, хариуцагч Б.Ү-д холбогдох

23 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй,

11 250 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг зохигчдын  гомдлыг үндэслэн, шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Г, хариуцагч Б.Ү, хариуцагчийн өмгөөлөгч С.П, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Г.Д 2015 оны 4 дүгээр сард Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, Залуус хороолол, 48Б байрны 557 тоот орон сууцыг хариуцагч Б.Ү-аас 70 000 000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож, урьдчилгаа төлбөрт 21 000 000 төгрөг шилжүүлэн, үлдэгдэл 49 000 000 төгрөгийг 8 хувийн зээлэнд хамруулж өгөхөөр тохиролцоод дахин 2 000 000 төгрөг бэлнээр, нийт 23 000 000 төгрөг өгсөн болно.

Гэтэл 2016 оны 8 дугаар сард “Хэт оргил” ББСБ-аас “Энэ байр барьцаанд тавигдсан суллаж өг” гэсэн мэдэгдэл ирэхэд давхар барьцаалагдсаныг мэдсэн. Харин “Х” ББСБ нь хариуцагч Б.Ү, түүний нөхөр М.Б нарт холбогдуулан нэхэмжлэл гаргаад 30 000 000 төгрөг гаргуулахаар шүүхийн шийдвэр гарсан. Манай орон сууцыг албадан дуудлага худалдаанд оруулж “Х” ББСБ-ын өмчлөлд шилжүүлсэн бөгөөд Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд орон сууцыг хураалгасан. Иймд хариуцагч Б.Ү-аас 23 000 000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Г.Д 70 000 000 төгрөгөөр орон сууц худалдаж авахаар 21 000 000 төгрөг урьдчилгаанд өгсөн, үлдэгдэл 49 000 000 төгрөгийг банкны зээлээр төлөхөөр тохиролцсон. боловч зээл бүтэхгүй байсан тул 2 000 000 төгрөг зуучлалын компанид өгч нийт 23 000 000 төгрөг авсан. 2015 оны 4 дүгээр сараас миний орон сууцанд амьдарсан ч төлбөр төлөөгүй. Хотын төвийн шинэ 2 өрөө орон сууцыг Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, Залуус хорооллын 3 өрөө орон сууцаар солиулан орон сууцыг ашигласан ч үлдэгдэл мөнгөө өгөөгүй. Уг орон сууцыг зарахаар зуучлалын компанитай хамтарч ажилласан боловч Г.Д заруулахгүй хэл ам таталж, хөөж тууж гаргаад байсан. “Х” ББСБ-аас авсан 20 000 000 төгрөг өссөөр 30 000 000 төгрөг болсон. Хамгийн гол нь 70 000 000 төгрөгийн хотын төвийн байр ч үгүй, өртэй, өрөө дарж чадахгүй, байнгын хэл ам, дарамттай байсан. Шүүхийн шийдвэрээр 70 000 000 төгрөгийн байр 35 000 000 төгрөгөөр банк бус санхүүгийн байгууллагад хураагдсан. Иймд Г.Д 2 жилийн хугацаанд орон сууцанд амьдарсан бөгөөд 1 сар ашигласны төлбөрт 300 000 төгрөгөөр тооцон нийт 7 200 000 төгрөг төлөхөөр байна. Үлдэгдэл 15 800 000 төгрөгийг буцаан олгоно гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2015 оны 4 дүгээр сард Г.Д-д Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, Залуус хороолол 48Б байрны 557 тоот 3 өрөө орон сууцыг худалдахаар тохиролцож, урьдчилгаа 21 000 000 төгрөг, орон сууцны ипотекийн 8 хувийн зээлд хамрагдах зорилготой хүн байвал холбоод өг гэж 2 000 000 төгрөг нийт 23 000 000 төгрөг надад өгсөн. Тухайн үед 8 хувийн ипотекийн зээлийг хурдан бүтээхийг шаардахад зээлийн материал бүрдүүлж байгаа гэсэн бөгөөд сүүлд зээл бүтэхээ больсон талаар хэлсэн. Ингээд би орон сууцыг зарж 23 000 000 төгрөгийг өгөхөөр хэд хэдэн үл хөдлөх хөрөнгө зуучлалын компанид хандсан боловч Г.Д бид нар авна түр хүлээ, заруулахгүй гэх зэргээр 25 сар орон сууцанд амьдарсан. Иймд Г.Д-аас орон сууцанд амьдарсан хугацааны төлбөрийг сарын 450 000 төгрөгөөр тооцож 11 250 000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Сөрөг нэхэмжлэлийн шаардлага болох 11 250 000 төгрөгийг төлөх үндэслэлгүй гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 263 дугаар зүйлийн 263.4, 264 дүгээр зүйлийн 264 дүгээр зүйлийн 264.1, 264.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.Ү-аас 23 000 000  төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.Д-д олгож, нэхэмжлэгч Г.Д-аас 4 212 663 төгрөгийг гаргуулан хариуцагч Б.Ү-д олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас үлдсэн 7 037 337 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалтад зааснаар нэхэмжлэгч Г.Д-ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 272 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Ү-аас улсын тэмдэгтийн хураамжид 272 950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.Д-д олгож, хариуцагч Б.Ү-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 194 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч Г.Д-аас улсын тэмдэгтийн хураамжид 82 352 төгрөгийг гаргуулан хариуцагч Б.Ү-д олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Хариуцагч Б.Ү нь сөрөг нэхэмжлэл гаргасан үндэслэл тодорхой бус байхад шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт "...орон сууцанд үндэслэлгүйгээр оршин сууж байсан" гэж үзсэн нь буруу. Хариуцагч Иргэний хуулийн 264 дүгээр зүйлийн 264.1 дэх хэсэгт зааснаар гэрээнээс татгалзах эрхтэй боловч "...Талууд гэрээгээр авсан бүх зүйлээ буцаан өгөх үүрэгтэй" буюу хариуцагч нь урьдчилгаанд авсан 23 000 000 төгрөгөө буцаан өгөх үүргээ биелүүлээгүй. Анх 2015 оны 4 дүгээр сард тус байрыг худалдан авахаар тохиролцохдоо урьдчилгаа 30 хувийг бэлнээр төлөөд үлдэх мөнгийг 8 хувийн ипотекийн зээлэнд хариуцагч Б.Ү нь хамруулж өгөхөөр, уг зээлэнд хамруулахад хэрэгцээтэй бүх бичиг баримт байрны ордерийг өөртөө авсан ба зээлэнд хамрагдах хүртэл хугацаанд урьдчилгаанд өгсөн 23 000 000 төгрөгийн хүү тооцолгүйгээр өгч тус байранд ямар нэгэн түрээсийн төлбөр төлөхгүйгээр аман хэлцлээр тохиролцож амьдрахаар болсон. Шүүх сөрөг нэхэмжлэлээс 4 212 663 төгрөгийг хангаж шийдвэрлэсэн нь хэлцэлд оролцогчийн тэгш байдлыг хангах хуулийн шаардлагад нийцээгүй. Б.Ү болон түүний нөхөр н.Б нарын эрүүгийн хэрэгт өгсөн мэдүүлэг нь энэ хэрэгт өгсөн тайлбар болон сөрөг нэхэмжлэлийн агуулгатай авцалдахгүй байна. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас хангаж шийдвэрлэсэн 4 212 663 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч давж заалдах гомдолдоо: Шүүхийн шийдвэрт талуудын хооронд Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1 дэх хэсэгт зааснаар зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан, 2016 оны 9 дүгээр сарын 19-ний өдрөөс хойш дээрх гэрээ дуусгавар болсон гэж үзсэн. Гэхдээ Иргэний хуулийн 264 дүгээр зүйлийн 264.1, 264.2 дахь хэсэгт заасныг шийдвэрт дурдсан боловч хуулийг агуулгын хувьд буруу хэрэглэсэн байна. Энэ нь Иргэний хуулийн 264 дүгээр зүйлийн 264.2 дахь хэсэгт заасныг онолын хувьд авч үзвэл "талууд гэрээнээс татгалзснаас гарсан зардал, ашиглалтаас шалтгаалсан элэгдэл, гэрээнээс татгалзах хүртэлх хугацаанд эд хөрөнгөө ашиглах байсан боломжоо үнэлж шаардах эрхтэй" гэж ойлгож байна. Мөн хуулийн 112 дугаар зүйлийн 112.2 дахь хэсэгт зааснаар өөрт учирсан бодит хохирол алдагдлаа нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй баина. Алдагдал гэдэг нь худалдагч тал ямар нэгэн байдлаар орлого олох боломжтой байсан бол түүнийг оруулан тооцох нь зүйтэй. Хэрвээ зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсанаас хойш буюу 2015 оны 4 дүгээр сараас 2016 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр хүртэлх хугацаанд орон сууцанд Г.Д амьдарсан тул дээрх үндэслэлээр тухайн үеийн жишиг түрээсийн үнэлгээгээр тооцон төлбөр ногдуулах, гэрээ дуусгавар болсон гэж үзсэнээс хойш буюу 2016 оны 9 дүгээр сарын 19-ний өдрөөс хойш хугацаанд Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1 дэх хэсэгт зааснаар үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэн түрээсийн жишиг үнэлгээгээр төлбөр олгохоор шийдвэрлэх нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлд зааснаар нотлох баримтыг үнэлээгүй. Нэхэмжлэгч нь орон сууцыг худалдан авах хүсэл зоригийн илэрхийлэл байсан эсэх, гэрээний үүргээ биелүүлэхээр ямар нэгэн үйлдэл хийсэн талаар баримт гаргаж өгөөгүй, нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүх хуралдаанд "...манай үйлчлүүлэгч анх шинэ байранд орлоо гэж бодож байсан боловч яваандаа м.кв жижиг, байрны үнэ унаад дэмий санагдсан" гэснээс дүгнэхэд тус орон сууцыг авах бодолгүй, үнэ хөлсгүй амьдрах сонирхолтой байсныг харуулж байна. Иймд 7 0370 337 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч Г.Д нь хариуцагч Б.Ү-д холбогдуулан 23 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч 11 250 000 төгрөгийг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч Б.Ү Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, “Залуус” хороолол, 48б дугаар байрны 557 тоот орон сууцны 70 000 000 төгрөгөөр зээлээр худалдах, худалдан авах гэрээний дагуу урьдчилгаа 21 000 000 төгрөгийг бэлнээр шилжүүлэн өгч, үлдэгдэл 49 000 000 төгрөгийг 8 хувийн ипотекийн зээлэнд хамруулж өгөхөөр нэхэмжлэгч Г.Д-тай харилцан тохиролцсоны дагуу уг орон сууцыг нэхэмжлэгчийн эзэмшилд шилжүүлсэн үйл баримт тогтоогдсон талууд энэ талаар маргаагүй.

Дээрх хэлцлийн дагуу хариуцагч нь нэхэмжлэгчийн орон сууцны үнийг төлөхөөс өмнө уг орон сууцыг түүнд шилжүүлэх, нэхэмжлэгч нь орон сууцны үнийг хэсэгчлэн төлөх үүргийг хүлээсэн тул талуудын хооронд Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1 дэх хэсэгт заасан зээлээр худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж үзнэ. 

Харин зээлээр худалдах, худалдан авах гэрээ хэрэгжих буюу 8 хувийн зээлд хамруулах боломжгүй болсон гэх нөхцөл байдлын улмаас талууд гэрээнээс татгалзсан гэж үзнэ. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч Г.Д нь 2016 оны 9 дүгээр сарын 19-ний өдрөөс гэрээнээс татгалзсан тул хариуцагч Б.Ү-ийн орон сууцыг ашигласан үнийг төлөх үүрэгтэй гэх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

Хариуцагч нь орон сууцны урьдчилгаа төлбөрийг авснаар орон сууцандаа нэхэмжлэгчийг оруулсан бөгөөд нэхэмжлэгчийг худалдах худалдан авах гэрээнээс татгалзах хүртэл буюу 2016 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийг хүртэл хугацаанд орон сууцыг үндэслэлгүйгээр эзэмшилдээ байлгасан гэж үзэхгүй, харин гэрээний үндсэн дээр эзэмшилдээ байлгаж байсан гэж үзнэ. 

Иймд дээрх хугацаанд буюу 2015 оны 4 дүгээр сараас 2016 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр хүртэлх хугацааны оршин суусантай холбоотой түрээсийн төлбөрийг нэхэмжлэгч Г.Д-аас нэхэмжлэх эрх хариуцагч Б.Ү-д үүсэхгүй тул энэ талаарх хариуцагчийн гомдлыг хангах үндэслэлгүй.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь зээлээр худалдах худалдан авах гэрээний дагуу тус орон сууцанд түрээсийн төлбөр төлөхгүй амьдрахаар тохиролцсон байхад шүүх түрээсийн төлбөр гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэж гомдол гаргасан бөгөөд энэ талаар тохиролцсон гэх тайлбар татгалзлаа баримтаар нотлоогүй тул давж заалдах гомдол үндэслэлгүй гэж үзэв.

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, зохигчдын давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 181/ШШ2017/02619 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, зохигчдын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс төлсөн 82 360 төгрөг, хариуцагчаас төлсөн 127 597 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

           

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                                  ШҮҮГЧИД                                      М.НАРАНЦЭЦЭГ

                                                                                                        Д.БАЙГАЛМАА