Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 10 сарын 09 өдөр

Дугаар 102/ШШ2018/02985

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Гандиймаа даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Э.Б

Хариуцагч: Д.Ба

Ажил гүйцэтгэх гэрээний үүргийн гүйцэтгэлд 2500000 төгрөг гаргуулах тухай  иргэний хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Э.Б

                                хариуцагч Д.Ба

                                нарийн бичгийн дарга Ц.Жавзанпагма нар оролцов.

Нэхэмжлэлийг 2018 оны 8 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авав.

 

 ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Э.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Э.Б нь 2016 оны 9 сарын 2-ны өдрөөс барилгын заслын ажил гүйцэтгэхээр Д.Батай ажил гүйцэтгэх гэрээ байгуулан 3500000 төгрөгийн ажлын хөлстэйгөөр тохиролцон ажиллаж эхлэсэн. Нийт ажил гүйцэтгэх гэрээнд тусгагдсан ажлын 70-80 хувь хийж гүйцэтгэсний дараа буюу эмульснээс бусад бүх ажлыг хийж гүйцэтгэсний дараа тухайн барилгаас эмульсны ажлыг тодорхойгүй хугацаагаар хойшлуулж, ажил түр зогссон. Учир нь эмульсны талбайгаа бүх давхрууд бэлэн болгосон үед эмульс хийлгэнэ гэсэн. Энэ үед хариуцагч Д.Ба нь гүйцэтгэл орохоор эхний ээлжинд 2000000 төгрөгийг өгөөд эмульсээ хийлгүүлж, ажлаа дуусгая гэж хэлсэн. Гүйцэтгэл орохгүй байна гэж 2 сар орчим болсон боловч Д.Ба нь мөнгө өгөөгүй тул ажил дээрээ очтол эмульс хийгдсэн байсан. Тэгээд өөрийн багаж, хувцасаа авах гэтэл юу ч байгаагүй. Хариуцагч Д.Батай утсаар нь холбогдон асуутал надад Цэцгээ гэдэг хүнээр эмульсны ажлыг дуусгуулсан. Удахгүй гүйцэтгэл орохоор хийсэн ажлын чинь хөлс 2500000 төгрөгийг чамд өгнө гэж хэлсэн. Үүнээс хойш удаа дараа Д.Батай утсаар холбогдон ажлын хөлсөө нэхсэн боловч өгөөгүй. Надад удахгүй өгнө, гүйцэтгэл ороогүй байна. Би итгэл алдах хүн биш, нутгийн дүүгээ юу гэж хулхидах вэ гэсэн тайлбаруудыг өгч байсан. Мөн миний нагац эгч Б.Дэлгэрмаа нь Д.Батай 2 удаа утсаар ярьсан. Эхэлж ярихдаа Э.Бгийн мөнгийг удахгүй гүйцэтгэл орохоор өгнө. Та санаа зоволтгүй, би худлаа ярьдаггүй найдвартай хүн гэж хэлсэн. Дараагийн удаа ярихдаа эгч Б.Дэлгэрмааг хэл амаар доромжлон, шүүхдээ өгөөд, шүүхдээд аваарай гэсэн. Сүүлдээ миний утсыг авахаа больсон. Өөр дугаараас залгахаар утсаа аван удахгүй өгнөө гэх мэт худлаа яриагаа яриад тасладаг, дахин тэр дугаараа авдаггүй. Иймд хариуцагч Д.Бааас ажлын хөлс болох 2500000 төгрөгийг гаргуулан өгч туслана уу.

Хариуцагч Д.Ба шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Д.Ба би Э.Бтэй 2016 оны 9 сарын 2-нд ажлын гэрээ хийсэн. Гэхдээ гэрээ хийхээс өмнө Ц нь ажлаа үзэж, үнэ хөлсөө тохирсон байсан. Ц би хийж байгаа ажлаа дуусгаад ирье, гэрээг Бааскатай хийчих, бид хамт ажилладаг юм. Би утсаар яриад хэлчихнэ гэсэн. Гэрээ хийдэг өдөр Бааска ганцаараа ирсэн учир 4-5 хүн байх шаардлагатай, тэгэхгүй бол хугацаандаа амжихгүй гэхэд Ц эгч бид 2 дээр бас 2 хүн ирнэ гэж хэлсэн. 2016.09.03-нд Б, Ц 2 ажлын хувцас, багажаа авчирч тавиад, бэлтгэх ажил хийж байгаад явсан. Нэг хоногийн дараа 2 охин ирж ажиллаад, 2 хоногийн дараа явсан. 2016.09.05-ны өдөр хоолны мөнгө 400000 төгрөг Цгийн дансаар авсан. Цаашаа ажлаа хоёулаа хийж байсан тул хүн хүчээ нэмээрэй, ажлаа хугацаанд нь өгч чадахаа болих нь гэхэд хагас, бүтэн сайн өдрөөр хүүхдүүд ирж туслана гэж явсаар байгаад ажлын явц хоцорч эхлэсэн. Бүр чадахгүй бол та 2 боль, би өөр хүн оролцуулъя гэхэд бид ямар ч байсан хийж дуусгана, санаа зоволтгүй гэж хэлсэн. Тэгээд унааны мөнгө авъя гэж 100000 төгрөг 2016.09.14-нд Цгийн дансаар авцгаасан. Э.Б ажил хийж байх үедээ өглөө 11 цагт ирээд, жоохон юм хийж байгаад л 3-4 цагийн хооронд яваад өгнө. Э.Бгийн ажлын хувьд гэвэл 2 үеийн замаска дөрвүүлээ татсан боловч дутуу орхисон. Хоёр ширхэг шатны хонгилын замаска бас л дутуу орхисон. Урсдаг шатны дээд хэсгийн таазны замаска татах гэж шат угсарч бэлтгэх ажил хийж 2 хонож байж ажил эхлэсэн боловч бас л дутуу орхисон. Ямар нэгэн ажил эхлээд ер дуусгадаггүй. Гүйцэтгэх гүйцэтгэл маш муу байдаг. Цонхны тавцангийн ажил дүүтэйгээ хийсэн. Энэ нь бас л захиалагчийн шаардлага хангаагүй тул дараа нь Ц хийж надаас 100000 төгрөг нэмж авахаар тохирсон. Цонхны тавцангийн засвар хийж байхдаа Э.Б надаас 50000 төгрөг аваад, нэмж дүүдээ мөнгө хэрэгтэй гэж 20000 төгрөг, нэгжний мөнгө 4000 төгрөг, нийт 74000 төгрөг бэлнээр авсан. Ер нь 2018 оны 9 сарын 25-ны өдрөөс хойш бие өвдлөө ханиад хүрээд гэх шалтгаанаар ажилдаа ирэх нь ховордсон. 7 хоногт 3-4 удаа ирдэг болсон. Зүлгүүрийн ажил эхлээд явж байтал захиалагч компани зүлгүүр дуусгаад хүлээлгээд өг, эмүльс хийх болоогүй гэсэн учир энэ байдлыг хэлтэл хийсэн ажлынхаа мөнгийг авъя гэсэн. Тэгэхэд нь би дутуу хийсэн ажил болон зүлгүүрийн ажлаа дуусгаад, хийсэн ажлынхаа мөнгийг ав гэж хэлсэн. Тэгээд эмүльс хийх үед та 2-ыг дуудъя гэж хэлтэл 2-3 хоног зүлгүүрийн ажил дутуу, хагас хийж байгаад хаяад явсан. Цааш нь зүлгүүрийн ажил, дутуу орхисон ажил захиалагч компани шалгаад шаардлага хангаагүй ажлын засварыг Ц, нөхөр, 2 хүүхдийн хамт хийж дуусгасан. Зүлгүүрийн ажил дуусангуут би Цд 1 сая төгрөг дансаар өгсөн. Ажил хийх явцдаа хэрэгцээний мөнгө нэхэхэд нь би Цд боломжоороо өгч байсан. Э.Б хэдий гэрээ хийсэн ч гэрээний үүрэг хариуцлага хүлээлгүй ажлаа дуусгалгүй орхиж явсан учир нэхэмжлэлийг хүлээн авч чадахгүй болохоо мэдэгдэж байна. Иймд тохирсон ажлыг Ц хийж дуусгасан учир гэрээнд заасны дагуу мөнгийг өгч тооцоог дуусгасан.

Нэхэмжлэгч Э.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2016 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр Д.Батай 3500000 төгрөгийн ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, гэрээг бичгээр хийсэн. Уг ажлын дийлэнх 80 хувийг нь би гүйцэтгэсэн, замаска дуусгаад эмульсэндээ орно гэж байсан боловч нөгөө талаас шалтгаалж ажил түр хугацаанд зогссон. Өөр ажил хийх үү гэхээр нь өмнөх мөнгөө өгөөгүй болохоор хийхгүй гээд очоогүй. Гүйцэтгэл орж ирэхээр ажил цааш үргэлжилнэ гээд явж байсан. Би ажиллаж байсан газраасаа өөрийн барилгын багаж, хэрэгслээ ч авч чадаагүй. Ингээд 2, 3 сар болоход гүйцэтгэл ороогүй ажил зогссон байгаа гэсэн боловч ажил дээр очиж үзэхэд ажил хэдийнээ дууссан байсан. Миний багаж хэрэгсэл байгаагүй. Ингээд Д.Батай холбогдож асуутал н.Цэцгээ ирж ажлыг дуусгаж өгсөн, гүйцэтгэл ороогүй байгаа өмнөх гүйцэтгэлийн мөнгөө ороогүй болохоор би чам руу яриагүй, ажил гүйцэтгэсэн мөнгийг чинь өгнө гэж хэлсэн. Багажны талаар асуухад нөгөө хүн чинь авсан байх гэсэн. 2017 оны 4 дүгээр сарын сүүлээр хариуцагчтай холбогдоход удахгүй бүх гүйцэтгэл орж ирнэ гэсэн тэгэхээр мөнгийг чинь өгнө гэсэн. Энэ бүх хугацаанд олон удаа утасдаж, мессеж бичсэн. Хариуцагч руу залгахад удахгүй 2500000 төгрөгийг чинь өгнө гэсэн болохоор итгээд хүлээсэн. Иймд хийсэн ажлын хөлс 2500000 төгрөг нэхэмжилж байна.

Хариуцагч Д.Ба шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2016 оны  9 дүгээр сарын 02-ны өдөр гэрээ хийсэн. Уг нь дөрөвүүлээ ирж ажиллана гэж байсан боловч нөгөөдөр нь Э.Б, н.Цэцгээ хоёр ирж ажиллаад, хоёр хоногийн дараа хоёр охин ирж ажилласан. Эдгээр хүмүүс ажил эхлээд хоол, унааны мөнгө хэрэгтэй байна гэхээр нь би 2016 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр н.Цгийн данс руу 500000 төгрөг шилжүүлсэн. Энэ данс руу өгөөрэй гээд Цэцгээгийн дансыг өгсөн учраас тэр данс руу нь шилжүүлсэн. 1 дүгээр үеийн замаска нь орсон ажлыг эд нар үргэлжлүүлсэн. Хоёрдугаар ээлжийн замаска, хоёр шатны хонгил, цахилгаан гүйдэг шатны дээд талын таазны замаска, зүлгүүр, цонхны тавцангийн амалгаа хийх ёстой байхад ажлуудаа дутуу хийсэн. Яг бүрэн хийж дуусгаад хүлээлгэж өгсөн ажил байхгүй. Ажлуудаа дуусгачихаад мөнгөө ав гээд би өгөөгүй. 2016 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр гэхэд зүлгүүрийн ажил дуусгаад захиалсан компанидаа зүлгүүрийн ажлаа хүлээлгэж өгсөн. Үүний дараа би н.Ц рүү 1000000 төгрөг шилжүүлсэн. Э.Б багаж хэрэгслээ авах гэж ирэх үедээ би цаашдаа ажиллахгүй, миний хийсэн ажил хэдэн төгрөгийн үнэ ханштай болох вэ гэдэг талаараа ярилцаж, тохиролцоогүй, ирчихээд надтай уулзаагүй явсан байсан. Одоо болохоор би гэрээ хийсэн болохоор төлбөрийг авах ёстой гэж байна. Би цаад компанидаа торгууль төлөхгүйн тулд байгаа хүнээр нь ажлаа хийлгэж, мөнгийг нь өгсөн. Багаж, хэрэгсэл алга болсон өөрийнх нь хариуцлагагүй байдал байх. Багаж, хэрэгслийг нь би хариуцахгүй. Надад хүнийг залилж, мэхлэх бодол байхгүй, би энэ хүнийг бодож хийсэн ажилд нь 500000 төгрөг өгье гэж бодож байна. Нэхэмжлэгч надтай ажлын хөлсний талаар тохиролцоо хийгээгүй. Нэхэмжлэгч гэрээнд заасан ажлаа бүрэн хийгээгүй байж ямар үндэслэлээр 2500000 төгрөг нэхэмжилж байна вэ. Ямар ажил хийсэн билээ, ажлын хэдэн хувийн гүйцэтгэл 2500000 төгрөг болох билээ гэдгээ барилгын ажил хийдэг хүн бодох хэрэгтэй. Э.Б надтай ирж нэг ч удаа уулзаагүй хэрнээ яагаад удаа дараа утсаар ярьж, мессеж бичсэн гэж тайлбарлаж байгааг ойлгохгүй байна. Надаас мөнгө авна гэж бодож байсан юм бол яагаад надтай ирж уулзаагүй юм бэ.

 

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, заримыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ. Учир нь:

1. Нэхэмжлэгч Э.Б хариуцагч Д.Бат холбогдуулан ажлын хөлс 2500000 төгрөг гаргуулах шаардлага гаргажээ.

Талуудын хооронд 2016 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр “ажил гүйцэтгэх гэрээ”-г бичгээр хийж, уг гэрээгээр 3 дугаар давхарын үйлчилгээний заалны 2 дугаар үеийн замаска /замазка/, 2 талын шатны хонгилын 1, 2 дугаар үеийн замаска, цахилгаан гүйдэг шатны дээд талын таазны замаска, хана, таазны зүлгүүр болон эмульс, 6 ширхэг цонхны амалгаа буюу тавцан суулгах ажлыг 3500000 төгрөгийн хөлстэйгээр 2016 оны 9 дүгээр сарын 02-ны өдрөөс 2016 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр хүртэл хугацаанд гүйцэтгэхээр тохиролцжээ. Дээрх гэрээгээр талууд хийж гүйцэтгэх ажил, уг ажлыг хүлээлгэж өгөх хугацаа, ажлын хөлс, түүнийг төлөх журмыг тохирсон байгаагаас үзвэл тэдний хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан байна.  

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээх бөгөөд мөн хуулийн 343 дугаар зүйлийн 343.2 дахь хэсэгт зааснаар ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байна.

Дээрх гэрээний дагуу эмульс болон нэг цонхны амалгаанаас бусад ажлыг бүрэн гүйцэтгэсэн үндэслэлээр нэхэмжлэгч хөлс шаардаж байх ба харин хариуцагч гэрээнд заасан ажлыг бүрэн хийгээгүй, зарим ажлын гүйцэтгэл муу байсан үндэслэлээр 2000000 төгрөгийн хөлс төлөхөөс татгалзаж, хийсэн ажилд нь 500000 төгрөг төлөхийг зөвшөөрч байна. Ажил гүйцэтгэгч хөлс шаардахын тулд Иргэний хуулийн 346 дугаар зүйлийн 346.1, 350 дугаар зүйлийн 350.1.6 дахь хэсэгт зааснаар захиалагчийн өмчлөлд ямар нэгэн доголдолгүй үр дүн шилжүүлэх үүрэгтэй. Өөрөөр хэлбэл ажлын үр дүнг хүлээлгэн өгсөн буюу захиалагчийн өмчлөлд шилжүүлсэн байх, тухайн ажлын үр дүн ямар нэг доголдолгүй байх шаардлагатай. Харин нэхэмжлэгч нь гэрээнд заасан эмульс болон нэг цонхны амалгаанаас бусад бүх ажлыг бүрэн гүйцэд хийсэн болохоо баримтаар нотлоогүй, эдгээр ажлын хөлс 2500000 төгрөг болохыг нотлоогүй буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 дахь хэсэгт “шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл, түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх” гэж заасан үүргээ биелүүлээгүй болно. Иймд талуудын тайлбараар Э.Б тодорхой хэмжээний ажил хийсэн нь тогтоогдож байх боловч хэдий хэмжээний ажил хийснийг болон тухайн ажлын үнэлгээг тогтоох боломжгүй байх тул хариуцагчийн зөвшөөрсөн хэмжээгээр ажлын хөлсөнд 500000 төгрөг гаргуулж, үлдсэн 2000000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.    

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 54950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 500000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамжид 15650 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Д.Бааас 500000 /таван зуун мянга/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Э.Бд олгож, нэхэмжлэлээс 2000000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 54950 төгрөгийг улсын төсөвт үлдээж, хариуцагч Д.Бааас улсын тэмдэгтийн хураамжид 15650 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Э.Бд олгосугай.  

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах  эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           Т.ГАНДИЙМАА