Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 12 сарын 25 өдөр

Дугаар 210/МА2020/00009

 

2019 оны 12 сарын 25 өдөр

Дугаар 210/МА2020/00009

 

Н.А-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 102/ШШ2019/02609 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Н.А-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: А.Ё-д холбогдох,

Гуравдагч этгээд: Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар

 

Худалдах-худалдан авах гэрээнээс татгалзаж, гэрээгээр шилжүүлсэн 34 000 000 төгрөгийг буцаан гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлоор шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Билгүүн, хариуцагч А.Ё, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Одонтуяа нар оролцов.

 

Нэхэмжлэгч Н.А шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: А.Ё-тай 4 дүгээр сарын 02-ны өдөр 01-14 УБД улсын дугаартай Норд Бенз маркын тээврийн хэрэгслийг худалдаж авахаар тохиролцож, урьдчилгаа 5 000 000 төгрөгийг нөхрийнхөө данснаас шилжүүлсэн. Улмаар 2018.04.02-ны өдөр үлдэгдэл 21 000 000 төгрөгийг шилжүүлж, мөн өөрийн өмчлөлийн 60-02 УБВ улсын дугаартай Тоёота Витз маркын автомашиныг 8 000 000 төгрөгт тооцож, нийт 34 000 000 төгрөгийг төлж тээврийн хэрэгслийн бичиг баримтыг өөрийн нэр дээр шилжүүлж авсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас машиныг хурааж авсан. Анх А.Ё-ыг залилсан гэж ойлгоод цагдаад өгсөн. А.Ё-аас ямар нэгэн хохирлын хэмжээ нэхэмжлээгүй. Ажил гүйцэтгэх ёстой байсан гэрээ, машинд хийсэн засвар үйлчилгээний мөнгийг нэхэмжлээгүй. Зөвхөн машины төлбөрт өгсөн мөнгөө л нэхэмжилж байгаа. Төлбөрт тооцож өгсөн 8 000 000 төгрөгийн үнэтэй машиныг зарсан байгаа тул нийт 34 000 000 төгрөгийн хариуцагч А.Ё-аас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч А.Ё шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Батсүх Жанчив гэх фэйсбүүк хаяг дээр 2018.03 дугаар сард Норд Бенз маркын автомашиныг чиргүүлтэй нь хамт зарна гэсэн зар байсан. Зарын дагуу холбогдоход Таван толгойд байгаа машинаа чиргүүлтэй нь 55 000 000 төгрөгөөр зарна гэсэн. Би тухайн үед Таван толгой дээр нүүрс тээвэрлүүлэх гэж байсан болохоор машиныг чиргүүлээс нь салгаж авсан. Худалдаж авахдаа найз нөхөд болон бусад хүмүүсээс мөнгө зээлсэн. Машинаа буцааж зарж хүмүүсийнхээ мөнгийг өгөх шаардлагатай болсон машинаа зарна гэж зар тавиад, түүний дагуу Н.А нөхөртэйгөө ирж машиныг худалдаж авсан. Анх энэ машиныг Хөвсгөл Ирээдүйн зам ХХК-иас шилжүүлж авахад ямар нэгэн хориг саад, хаалт байгаагүй. Ганц 28 000 төгрөгийн торгууль байсан. Ямар нэгэн асуудал байна уу гэхэд байхгүй гэсэн. Тэгээд өөрийнхөө нэр дээр шилжүүлж авсан. Зарснаас хойш сарын дараа Н.Амарбаясгалан над руу залгаад энэ машиныг чинь Шүүхийн шийдвэрээс ирээд хураагаад авчихлаа. Чи намайг залилаа гэж ярьсан. Ингээд би Н.А-тай уулзсан. Шийдвэр гүйцэтгэлийн бичгийг нь үзээд энэ машин 2017 онд шүүхийн шийдвэрт хураагдсан машин болохыг мэдсэн. Би эрхийн доголдолгүй машин худалдсан. Төлбөрт авсан 8 000 000 төгрөгийн үнэтэй машиныг зарсан. Одоо надад байхгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэжээ.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мөнхбаяр шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016.12.01-ний өдрийн 5930 дугаар захирамжаар н.Гантөгсөөс Норд Бенз маркын 19-28 УБЛ улсын дугаартай тээврийн хэрэгслийг гаргуулж, н.Бат-Эрдэнээс 12 300 000 төгрөгийг гаргуулж банк бус санхүүгийн байгууллагад олгохоор шийдвэр гарсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар төлбөр төлөгч н.Гантөгсөөс Норд бенз маркын 19-28 УБЛ дугаартай тээврийн хэрэгслийг 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 17/143 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжилж, н.Гантөгст шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх хугацаатай мэдэгдлийг тухайн үед өгч байсан. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас Авто тээврийн Үндэсний төвийн 2018.04.30-ны өдрийн 4/7301 тоот албан бичгээр тухайн Норд бенз маркын 19-28 УБЛ дугаартай тээврийн хэрэгсэл улсын дугаараа сольсон, шинээр улсын дугаар авсан талаар түүхчилсэн лавлагааг гаргуулан авахад уг тээврийн хэрэгсэл нь 2008.01.24-ний өдрөөс 2014.4.15-ны өдөр хүртэл 61-25 УБЗ улсын дугаартай, 2014.4.15-ны өдрөөс 2015.5.18-ны өдөр хүртэл 24-18 СЭҮ улсын дугаартай, 2015.5.18-ны өдрөөс 2018.01.25-ны өдөр хүртэл 19-28 УБЛ улсын дугаартай, 2018.01.25-ны өдрөөс 2018.3.22-ны өдөр хүртэл 87-66 ХӨҮ, 2018.3.22-ны өдрөөс хойш 01-14 УБД улсын дугаартай болсон талаар дэлгэрэнгүй лавлагааг тус газарт ирүүлсэн.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1 дэх хэсэгт заасны дагуу тээврийн хэрэгслийг 2018.04.30-ны өдөр хураах тухай тогтоолоор Н.А-аас хурааж, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын гараажид шилжүүлсэн. Төлбөр авагч Х.Бат-Эрдэнэ шүүхийн шийдвэрийн дагуу төлөх төлбөр болох 12 511 350 төгрөгийг тус газрын дансанд төлж барагдуулж, дээрх тээврийн хэрэгслийг 2018.05.29-ны өдрийн 17250366/01 төлбөр төлөгчөөс хураан авсан эд зүйлсийг төлбөр авагчид шилжүүлэх тухай тогтоолоор н.Бат-Эрдэнэд шилжүүлэн өгч, Гүйцэтгэх баримт бичгээр 2018.5.29-ны өдрийн 6/15 тоот тогтоолоор дуусгавар болгосон. Эд хөрөнгө хураах 2018.4.30-ны өдрийн тогтоолын дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахад хамгийн сүүлийн байдлаар машины эзэмшил Н.А-ийн нэр дээр байсан. Тэр хүртэл хаана байсныг мэдэх боломж байгаагүй. Манайхаас албан ёсоор хориг тавьсан юм байхгүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1, 225 дугаар зүйлийн 225.1, 205 дугаар зүйлийн 205.1, 205.2-т заасны дагуу хариуцагч А.Ё-аас 34 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Н.А-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасны дагуу нэхэмжлэгч Н.А-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 327,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч Н.А давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүх нэхэмжлэгчид худалдсан автомашиныг эрхийн доголдолгүй гэж дүгнэж Иргэний хуулийн 252 дугаар зүйлийн 252.1 дэх заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Мөн талууд бүртгэлийн үнэн зөв эсэхтэй маргаагүй байхад маргааны үйл баримтын талаар хамааралгүй асуудлаар дүгнэж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч Н.А нь хариуцагч А.Ё-д холбогдуулан худалдах-худалдан авах гэрээнээс татгалзаж, 34 000 000 төгрөг буцаан гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч гэрээнээс татгалзах үндэслэлгүй, гэрээний зүйл болох худалдсан тээврийн хэрэгслийг эрхийн доголдолгүй шилжүүлсэн гэж маргажээ.

 

Хариуцагч нь нэхэмжлэгчид 2018 оны 3 дугаар сарын 28-ны өдөр 01-14 УБД улсын дугаартай, Норд бенз маркийн тээврийн хэрэгслийг худалдаж нэхэмжлэгч нь машины үнэд 26 000 000 төгрөг, Тоёота Витз маркийн автомашиныг 8 000 000 төгрөгт тооцож төлбөрт оролцуулан худалдагчийн өмчлөлд шилжүүлсэн үйл баримт тогтоогдсон. /хх-ийн 1-2, 5, 7, 22-23, 27 /

 

Талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн. Энэ талаар дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй. Зохигч энэ талаар маргаагүй байна.

 

Харин гэрээгээр шилжүүлсэн эд хөрөнгө эрхийн доголдолтой байсан эсэх талаар маргаж байна.

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 102/ШШ2016/05930 дугаар захирамжаар Ч.Гантөгс нь Норд бенз маркийн 1928 УБЛ улсын дугаартай автомашиныг Х.Бат-Эрдэнийн өмчлөлд шилжүүлэх,тээврийн хэрэгслийн эзэмшигчийн нэрийг шилжүүлэхээр тохиролцсоныг баталгаажуулсан, тус шүүхийн шүүгчийн 2017 оны 2 дугаар сарын 16-ны өдрийн 00350 дугаар гүйцэтгэх хуудсаар шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж 2017 оны 3 дугаар сарын 17-ны өдөр Норд бенз маркийн 1928 УБЛ улсын дугаартай автомашиныг битүүмжилж, уг битүүмжилсэн автомашиныг Ч.Гантөгсөд хадгалуулсан үйл баримт тогтоогдсон. Түүнчлэн маргаан бүхий автомашиныг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр нэхэмжлэгч Н.А-гаас хураан авсан үйл баримт тогтоогдсон. /хх-8-14, 191-213 /

 

Автотээврийн үндэсний төвийн тээврийн хэрэгсэлийн бүртгэлийн лавлагаагаар автомашины өмчлөгчөөр Ч.Гантөгс 2015 оны 05 дугаар сарын 18-ны өдөр, Б.Бат 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр, Хөвсгөл Ирээдүйн зам ХХК 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр, А.Ё 2018 оны 03 дугаар сарын 22-ны өдөр бүртгэгдсэн байна. /хх-26, 59/

 

Хариуцагч А.Ё-ын нэр дээр автомашин бүртгэлтэй байх үед шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байсан, А.Ё энэ талаар мэдсэн, мэдэх боломжтой байсан гэх нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй. А.Ё нь Шийдвэр гүйцэтгэх албанаас тухайн машинтай холбоотойгоор үүрэг хүлээгээгүй болох нь бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн тайлбар, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны баримтаар тогтоогдож байх тул хариуцагчийг эрхийн доголдолтой эд хөрөнгө шилжүүлсэн гэж үзэх боломжгүй юм. Энэ талаар дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй байна. /хх-191-213 /

 

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нь худалдах, худалдан авах гэрээний зүйл болох автомашиныг нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлсэн, өмчлөлд шилжүүлэх үед тухайн эд хөрөнгөтэй холбоотой гуравдагч этгээд өөрийн эдлэх эрхийн талаар худалдагчид гомдлын шаардлага гаргахааргүй буюу гаргах эрхтэй байсан гэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.1-т зааснаар үүргээ зохих ёсоор гүйцэтгэсэн. Дээрх гэрээнээс үүдэлтэй хариуцагчийн үүрэг дуусгавар болсон гэж үзнэ. Иймд хариуцагч А.Ё-аас 34 000 000 төгрөг буцаан гаргуулах тухай нэхэмжлэгч Н.А-гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй юм.

 

Харин нэхэмжлэгч нь өөрт учирсан хохирлыг арилгуулахаар гэм буруутай этгээдээс шаардах эрхийг энэхүү шийдвэр хөндөхгүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 102/ШШ2019/02609 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдлах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 327 950 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ИЧИНХОРЛОО

 

ШҮҮГЧИД Д.ЦОГТСАЙХАН

 

Ш.ОЮУНХАНД