Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 08 сарын 01 өдөр

Дугаар 786

 

 

 

 

 

 

 

 

 

 

Д.Ч, Б.М, Т.М нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Пүрэвсүрэн даргалж, шүүгч Д.Оюунчулуун, Д.Мягмаржав нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

шүүгдэгч Д.Ч-ын өмгөөлөгч Д.Сувд-Эрдэнэ,

шүүгдэгч Б.М-ын өмгөөлөгч С.Энх-Эрдэнэ,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Р.Нямхүү, түүний өмгөөлөгч Ч.Баднайнямбуу,

нарийн бичгийн дарга Г.Жамбалдорж нарыг оролцуулан,

            Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Дуламсүрэн даргалж, шүүгч С.Оюунчимэг, Д.Ренченхорол нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 908 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Р.Нямхүү, түүний өмгөөлөгч Д.Тунгалаг нарын гаргасан давж заалдах гомдлоор Д.Ч, Б.М, Т.М нарт холбогдох эрүүгийн 201725020639 дугаартай хэргийг Улсын Дээд шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 285 дугаартай тогтоолын дагуу 2019 оны 7 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Мягмаржавын илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Б овгийн Д-ын Ч, 19... оны ... дугаар сарын ...-ны өдөр ......... аймгийн ............... суманд төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл .., эгч нарын хамт ............. аймгийн .............. сумын .. дугаар баг, ............ дугаар хэсгийн ... тоотод оршин суух бүртгэлтэй, /РД:МЮ.............../;

2. Э овгийн Б-ийн М, 19... оны ... дүгээр сарын ...-ний өдөр ......... аймгийн ........ суманд төрсөн, ...... настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ..., эх, дүү нарын хамт .......... дүүргийн .... дугаар хороо, ............ тоотод оршин суух бүртгэлтэй, /РД:ТК.................../;

3. Д овгийн Т-ийн М, 19... оны .. дугаар сарын ..-ний өдөр ........... аймагт төрсөн, ... настай, эрэгтэй, дээд боловсролтой, хүний их эмч мэргэжилтэй, Нийслэлийн түргэн тусламжийн эмнэлэгт дуудлагын эмч ажилтай, ам бүл ..., эхнэр, хүүхдүүдийн хамт ................ дүүргийн .... дугаар хороо, ............. хороолол .......... тоотод оршин суух бүртгэлтэй, /РД:ВЮ............../;

Д.Ч нь 2017 оны 3 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Бадруун” нэртэй бааранд үйлчлүүлж байсан Г.Батхүүтэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар түүний толгойн тус газарт ширээний тавцан модоор цохиж алсан,

Б.М нь 2017 оны 3 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Бадруун” нэртэй бааранд үйлчлүүлж байсан Г.Батхүүтэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газарт гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,

Т.М нь Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт ажиллагаа явуулдаг “Бадруун” нэртэй баарны Б-1 давхарт 2017 оны 3 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө тус баараар үйлчлүүлж байсан Д.Ч нь Г.Батхүүгийн толгойн тус газарт ширээний тавцан модоор цохиж гэмтэл учруулсан гэх хэргийн дуудлагаар очоод анхан шатны тусламж, үйлчилгээ үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс Г.Батхүү нь 2017 оны 3 дугаар сарын 19-ний 09 цагт нас барсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: Д.Ч-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, Б.М-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, Т.М-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: “Прокуророос Т.Мад 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар хэрэгсэхгүй болгон цагаатгаж, Б овгийн Д-ын Чыг хүнийг алсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, Э овгийн Б-ийн М-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, прокуророос Б.М-т 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.2, мөн хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт зааснаар “гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар Б.М-ыг тус хэргийн эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, Шинэчилэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ч-ыг 11 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Д.Ч-д оногдуулсан 11 жилийн хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Ч-ын цагдан хоригдсон 161 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжилсэн хөрөнгөгүй, Б.М, Т.М нар цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг сидиг хэрэгт хавсаргаж, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн урт нь 76 см, өргөн нь 20 см хэмжээтэй ширээний тавцан модыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар тус шүүхийн Тамгийн газарт шилжүүлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар Д.Ч-аас 24.571.956 төгрөгийг гаргуулан, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Р.Нямхүүд олгож, Т.Мад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг
хүчингүй болгож, шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Д.Ч-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолж, шийтгэх тогтоолд гомдол гаргаж, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Д.Ч-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг, Б.М-т хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлж, Т.Мад хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэжээ.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Р.Нямхүүгийн өмгөөлөгч Д.Тунгалаг давж заалдах гомдолдоо: “Анхан шатны шүүхийн шийдвэрт Б.М-ыг бусдын биед санаатай хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэргийг хэрэгт авагдсан ямар баримтуудаар нотлогдсон гэж дүгнэсэн нь тодорхойгүй, ойлгомжгүй байна. Д.Ч, Б.М нарт ял шийтгэсэн хэргийн зүйлчлэл үндэслэлгүй байна. Хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулинд заасан арга хэлбэрээр бэхжүүлэн, цуглуулж, эх сурвалж, үндэслэлийг нь шалгаж авагдсан бичгийн баримтууд гэрч нарын мэдүүлэг, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, эд мөрийн баримтаар хэрэгт тооцогдсон камерын бичлэг зэрэг баримтуудаар амь хохирогчийг Б.М, Д.Ч нар нь бүлэглэн зодож, улмаар “хүнийг алсан” гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан бичгийн баримтуудаар тогтоогдож байна гэж үзэж байна. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Р.Нямхүү нь Эрүүгийн хэргийн материалаар хийгдсэн Шүүх эмнэлгийн шинжээчдийн 1003 дугаартай дүгнэлттэй танилцаад дүгнэлтийн 2.1 дэх хэсэгт “...амь хохирогч дагз ясны шугаман хугарал, тархины баруун тал бөмбөлгийн чамархай хэсгийн хатуу хальсан доорх цусан хураа, 2 тал бөмбөлгийн дух, зулай, чамархай хэсгийн аалзан хальсан доорх цус харвалт, 2 талын чамархайн суурийн дэлбэнгийн тархины эдийн няцрал, дух, чамархай, дагзны зүүн хэсгийн хуйханд цус хуралт, дагзанд шарх, зүүн зовхи, зүүн хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл” учирчээ гээд 2.3 дахь хэсэгт зааснаар “талийгаач нь дээрх гавал тархины битүү гэмтэл, дагз ясны шугаман хугарал, хатуу хальс доорх цусан хураа, тархины эдийн няцрал, аалзан хальсан доорх цус харвалтын улмаас тархины комд орж нас баржээ” гээд дүгнэлтийн 2.4, 2.7 дахь заалтанд дээрх “...цус харвалт нь” 1 удаагийн мохоо зүйлийн үйлчлэл буюу арагш савж унах тохиолдолд үүсдэг. Иймд дээрх гэмтэл нь нүүр хэсэгт цохигдон арагш савж унах үед үүссэн байна.” гэснийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүх хуралдааны явцад удаа дараа гомдол гаргасан. Учир нь “1 удаагийн мохоо зүйлийн үйлчлэл буюу нүүр хэсэгт цохих үйлдлийн улмаас арагш савж унах үед үүссэн” гэж хөдөлбөргүй байдлаар тухайн цаг хугацааны үйлдлийг шинжээч нар харсан мэтээр дүгнэсэн байхаас гадна талийгаачийн биед хүнд, хөнгөн олон төрлийн гэмтлүүд үүссэн байгаа нөхцөл байдлуудыг дүгнэлтийн 2.2, 2.3 дахь хэсгүүдэд заасан, бүгдийг 1 үйлдлээр үүсгэсэн мэт ойлгогдож байгаа нь хэргийг шийдвэрлэхэд эргэлзээтэй байдлыг үүсгэсэн байна. Мөн дүгнэлтийн 2.6 дахь заалтанд “Тархины баруун тал бөмбөлгийн чамархай хэсгийн хатуу хальсан доорх цусан хураа нь аажмаар нэмэгдэж тархи дарагдах, шахагдах, тархи хавагнах хүртэл хохирогч хугацаанд идэвхитэй үйлдэл хөдөлгөөн хийж болно” гэсэн нь хохирогчийг яг хэдийд, хэний ямар үйлдлийн улмаас дээрх үхэлд хүргэх гэмтлийг авсан гэдэгт үнэлэлт өгөх боломжгүй байдлыг үүсгэсэн байна. Хэрэгт авагдсан баримтуудаар дүгнэхэд талийгаачийг М, Ч нар бүлэглэн толгойн хэсэгт тал талаас нь хэд хэдэн удаа цохиж байгаад салсан. Талийгаач өөрийн ширээнд ирж суугаад хэдэн минутын дараа явахаар босоход нь Ч, М нар нь дахин очиж бүлэглэн зодож байгаа үйлдэл нь камерт бичигдсэн байгаа. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Р.Нямхүү нь өөрийн гал голомтыг сахин үлдсэн хүүгээ бусдын гарт харамсалтайгаар алдсандаа маш их гомдолтой байгаа бөгөөд хууль эрх зүйн мэдлэггүйгээс талийгаачийн ажил явдлын үеэр гарсан оршуулгын зарим зардлыг баримтжуулаагүй байна. Нэгэнт хүний амь нас хохирсон байдал нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4.1 дэх хэсэгт заасан “их хэмжээний хохирол” буюу хүнд хор уршиг учирсан гэж үзэж болохоор байх тул гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг 50.000.000 төгрөгөөр тогтоох боломжтой байна. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.3 дахь хэсэгт зааснаар Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 908 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү.” гэжээ.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Р.Нямхүү давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тогтоол нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д “хоёр ба түүнээс олон хүн гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцох” гэж тусгасан заалтыг зөрчиж байна. Прокурор Мөнгөнсүх тухайн хэргийн зүйлчлэлийг үнэн бодитоор буюу Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцүүлэхгүйгээр яллах дүгнэлт үйлдсэн байхад энэ тухай хохирогч болон өмгөөлөгчийн зүгээс гаргасан гомдлыг үл харгалзан Сүхбаатар дүүргийн шүүгч нар Эрүүгийн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д заасныг зөрчиж шүүхийн тогтоолоо үйлдсэнд гомдолтой байна. Нотлох баримт болох камерийн бичлэгт миний хүү Чаас хамгаалан түүнтэй зууралдаж байхад М нүүрний зүүн хэсэгт нь 3-4 удаа цохисноос гадна дагзны ар талаас нь гараа зангидан үсэрч очоод цохиж байгаа бичлэг байсныг яагаад үгүйсгээд байгаа юм бэ. Энэ бол 2 хүний хийсэн хэргийг нуун далдалж ял завшуулах санааны нэг илрэл. М миний хүүгийн толгой руу 7-8 удаа цохисноос яагаад зөвхөн хөнгөн гэмтэл үүссэн гэж үзээд байгааг эсэргүүцэж байна. Мын 7-8 удаагын хүчтэй цохисоноос үүссэн гэмтэл дээр Ч модоор цохиж унагааснаас болж миний хүү үхлийн гэмтэл авч шоконд орж нас барсан гэж бодож байна. Ч, М хоёрын хэн хэнийх нь үйлдлээс болж миний хүү нас барсан. Ер нь миний хүү энэ хоёрын нэгтэй нь зодолдоход зодуулаад байхааргүй. 173 см өндөртэй, махтай, биерхүү залуу байсан. 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хурлын 316 тоот тогтоолоор яагаад дахин шинжээч эмч нарын дүгнэлт гаргах болж хурал хойшлуулсан бэ гэвэл тухайн үед Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч байсан Алдар камерийн бичлэгт М миний хүүгийн толгойн ар талаас цохиж байгаа бичлэг байгааг харуулаад, мэдүүлэгтээ зөвхөн зүүн хацар руу нь 2-3 удаа цохисон гэсэн байсан. Ар талаас нь цохисноо бичээгүй тул зөрүүтэй байна. Иймд энэ цохилтоос үүсч болох гэмтлийг тогтоох хэрэгтэй гэж хурал хойшлогдож байсан. 2018 оны 1 дүгээр сарын 31-нд шинжээч эмч нарын 156 тоот дүгнэлт гарсан. Дүгнэлтээр “гавал тархины битүү гэмтэл бусад ...гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой” гэсэн нь арагш савж унах үед үүссэн гэсэн нотолгоо болж чадахгүй. Хүмүүс ухаан алдаад хүртэл арагш савж унаж л байдаг. Зүгээр босоод ирэхэд нь тийм шугаман хугарал, тархины гэмтэл үүсдэггүй шүү дээ. Иймд энэ гэмтлүүд М, Ч хоёрын хэн хэнийх нь цохилтоос үүссэн гэж би бодож байна. Энэ хоёр алуурчныг прокурор, шүүгч, шинжээч эмч нар бүгд хуйвалдаж байгаа нь хэн ч харсан илт байна. Мын гарын цохилт болон Чын модоор цохисон цохилт аль аль нь мохоо зүйлээр цохисон цохилт болно шүү дээ. 2018 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн шүүх хурлын 14 тоот тогтоолоор хэргийг дахин нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр Сүхбаатар дүүргийн прокурорт буцаасан. Энэ хэргийг мөрдөн шалгах ажиллагаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйл буюу мөрдөн шалгах ажиллагаа явуулах журмыг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Гол сэжигтэн Мын зөвхөн нүүрэн тус газарт нь 2-3 удаа цохисон гэх мэдүүлгийг үндэслээд камерийн бичлэгт байгаа ар дагз руу 3-4 удаа хүчтэй цохиж байгаа баримтыг үгүйсгэж байгаа болон шинжээчийн дүгнэлтийг зөвхөн нэг талаас нь авч үзээд байгаа нь хэргийн бодит үнэнийг гуйвуулж байна. Ч, М нарын миний хүүг нас барахад нөлөөлсөн буюу зодсон үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнийг санаатай алсан гэмт хэрэг бөгөөд 2.11 дүгээр заалтад заасан хүнийг бүлэглэн санаатай алсан гэмт хэрэг гэж би бодож байна. Мөн тэр үед дуудлагаар очсон Нийслэлийн яаралтай түргэн тусламжийн эмч М тангараг өргөсөн эмч хүн байж хүн амь насаа авруулах гэж дуудаж байхад мэдлэг чадвар муутай, ажлын хариуцлага султайгаасаа болж эмч хүнийхээ үүргийг биелүүлж, миний хүүг амь нас нь дээсэн дөрөөн дээр байхад дараах шатлалын эмнэлэгт хүргэж өгөлгүй толгойн өнгөн хэсэгт нь оёдол тавиад “зүгээр байна” гэж орхиж явчихаад сүүлд нь нас барсан хойно нь “өөрөө эмнэлэг явахгүй гэсэн” гэж үхсэн хүнийг гүтгэж байгаа нь ёс зүйгүй асуудал. Өөрт нь ямар ч татгалзсан тухай баримт хийлгэж авсан юм байхгүй байгаа бөгөөд гэрчүүд бүгд л “эмч зүгээр гээд орхиод явсан” гэж байгаа. Энэ талаар Цагдаагийн ахмад Пүрэвдоржийн мэдүүлэгт “гүн согтолттой юм байна, зүгээр” гэж хэлсэн тухай ч байгаа. Миний хүү тэгж гүн согтчихсон ч байгаагүй. Задлангийн дүгнэлтээр 0.6 хувийн хөнгөн зэрэг гэж гарсан. Гэтэл ийм согтуу хүн, гэмтсэн хүн хоёрыг ялгахгүй эмч энэ тэнэг үйлдэлээсээ болж миний хүүг эмнэлгийн тусламж авах боломжийг нь алдагдуулснаас болж үхэлд хүргэчихээд байхад яагаад ийм мэдлэг чадвар муутай эмч хүн хариуцлага хүлээдэггүй юм бэ. Шинжээч эмч нарын 156, 1003 тоот дүгнэлтэд энэ эмчийн талаар зарим хэлсэн үг нь салаа утга агуулж байгаагаас үзэхэд “2017 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 01:40 минутын үед эмнэлгийн яаралтай тусламж үйлчилгээ авч цаашид зохих эмчилгээ хийлгэсэн бол амьдрах боломжтой байсан эсэхийг үгүйсгэхгүй” гэсэн болон эмчтэй холбоотой гаргасан дүгнэлтэд эргэлзээтэй зүйл их байхад энэ эмчийг ажлын хариуцлага алдаагүй гэж үзэж цагаатгасан нь үнэнд нийцэхгүй байна. Мөн хохирлын 25.371.956 төгрөгнөөс гадна гэм хорын хохирлын 50.000.000 төгрөг гаргуулахыг хүсч байна. Миний хүүг бүлэглэн зодож алсан хүмүүст үнэн зөв ялыг нь өгч, ажлын хариуцлага алдаж хүний амь нас авраагүй эмчид хариуцлага хүлээлгэж өгнө үү.” гэв.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Р.Нямхүүгийн өмгөөлөгч Ч.Баднайнямбуу тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Энэхүү хэрэг нь Улсын Дээд шүүхээр ороод буцаасан байдаг. Миний үйлчлүүлэгч нь шүүгдэгч Мын үйлдэлд маш их гомдолтой байдаг. Удаа дараа цохиж зодоод байхад энэ хүний үйлдэл хүнийг санаатай алах гэмт хэрэгт татагдаж орж ирдэггүй талаар хэлдэг. Энэ талаараа ч анхнаасаа хэлсээр ирсэн. Нэгэнт шүүх ингээд шийдсэн байгаа учир давж заалдах шатны шүүх өөрсдийн бүрэн эрхийнхээ хүрээнд хянан шийдвэрлэх байх. Магадгүй анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн тохиолдолд хохирогчийн яриад байгаа, энэ хавтас хэрэгт авагдаагүй бусад хохирлоо иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж өгнө үү. Гэмтлийн зэргүүд болон шинжээчийн дүгнэлтүүдээс харахад М-ын үйлдлийг зайлшгүй шалгах хэд хэдэн зүйлс харагддаг. Нотлох баримтын хувьд камерийн бичлэг болон гэрчүүдийн мэдүүлэг байдаг. Хохирогчийг үхэлд хүргэх болсон шалтгаан нь битүү гэмтэл, шугаман хугарал, тархиний цус хураа зэрэг хэд хэдэн хавсарсан гэмтлүүд байдаг. Тухайн хавсарсан олон тооны гэмтлүүдийг ганцхан Ч-ын нэг удаагийн үйлдлээс авах боломжгүй юм. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.3 дахь хэсэгт зааснаар Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 908 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү.” гэв.

Шүүгдэгч Д.Ч-ын өмгөөлөгч Д.Сувд-Эрдэнэ тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хавтас хэргийг шинжлэн судлахад дөрвөн удаа шинжээчийн дүгнэлт гарсан байдаг. Үүнд 1003 тоот шинжээчийн дүгнэлтэд амь нас аврах боломж муутай, 693 тоот шинжээчийн дүгнэлтэд амь нас аврагдах боломжтой байсан эсэхийг үгүйсгэхгүй гэх зэрэг дүгнэлтүүд гарсан. Мөн шинжээчийг байцаасан тэмдэглэл дээр энэ гэмтэл нь гэмтлийн хүнд зэрэгт хамаарна гэдэг. Шүүхийн хэлэлцүүлгийн үед энэ гэмтэл нь амь нас аврагдахгүй байх магадлал 95 хувь гэж хэлсэн. Мөн анхан шатны шүүх шийтгэх тогтоолынхоо тогтоох хэсэгт амь нас аврагдах боломжгүй нөхцөл байдал үүссэн болох нь шинжлэн судалсан нотлох баримтаар тогтоогдсон гэдэг. Гэтэл шинжээчийн дүгнэлтээр эмнэлгийн тусламж үйлчилгээ цаг алдалгүй үзүүлсэн бол аврагдах боломжтой байсан гэж үзэж байна. Тийм учраас үүнээс хамаарч хэргийн зүйлчлэл өөрчлөгдөх боломжтой гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Хэрвээ давж заалдах шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэх бол Д.Ч-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж өгнө үү.” гэв.

Шүүгдэгч Б.М-ын өмгөөлөгч С.Энх-Эрдэнэ тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүхийн шийдвэр хуульд нийцсэн үндэслэл бүхий гэж үзэж байна. М-ын хувьд бусдын амь насыг хохироох үйлдэлд хамтарсан нь хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдоогүй. Учир нь камерийн бичлэг байдаг. Тухайн зодоон дууссаны дараа Д.Ч нь бие даан үйлдэл хийж хохирогчийн толгой руу ширээний тавцан модоор цохиж буй нь бичигдсэн байдаг. Үүний дараа хохирогч хойшоо савж унасан байдаг. Хохирогч нь тухайн цохилтын улмаас нас барсан гэдгийг камерийн бичлэг болон шинжээчийн дүгнэлт нотолдог. Тиймээс М-т бүлэглэсэн оролцоо байхгүй нь нотлогддог. Хохирогчийн жич нэхэмжлэх асуудлыг нээлттэй үлдээх нь зөв гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар давж заалдах шатны шүүх гомдлыг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг давж заалдсан гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Хавтаст хэрэгт цугларсан, анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад:

Д.Ч нь 2017 оны 3 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Бадруун” нэртэй бааранд үйлчлүүлж байсан Г.Батхүүтэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар түүний толгойн тус газарт ширээний тавцан модоор цохиж алсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

гэрч Б.Амаржаргалын “...цаашаа хараад зогсож байсан залуугийн араас нь эвдэрсэн ширээний буланг нэг залуу нь аваад шидсэн. Тэгтэл цаашаа хараад зогсож байсан залуугийн толгойд оносон. Нөгөө оногдсон залуу газарт шууд унасан. ...” /1хх 48-49/,

гэрч И.Гэнэнмаагийн “...хар цамцтай залуу ширээний хугарсан тавцанг аваад шидсэн чинь нөгөө залуугийнхаа толгой руу оносон. Ямар ч байсан тэр залуу шууд ухаан алдаад хойшоогоо уначихсан. Ухаан алдаад 5 минут орчим болсон. ...” /1хх 50-51/,

гэрч Д.Мөнхтамирын “...миний хориглож байсан залуу нэг ширээний хугарсан хэсгийг газраас аваад нөгөө залуу руу шидсэн. Тэгтэл оногдсон залуу нь хойшоогоо ар талаараа тас гэдэргээ хараад унасан. ...” /1хх 55/,

гэрч Н.Аюурзанын “...саарал өнгийн цамцтай, ногоон өнгийн канттай биеийн тамирын өмдтэй залуу хүрч ирээд ширээний тавцан шиг хар өнгийн зүйлээр Батхүүгийн толгойн ар дагз хэсэг рүү 1 удаа цохьсон чинь Батхүү нь салганаад арагшаагаа саваад бид нарын сууж байсан ширээний хажууд унасан. Тэгээд Батхүүгийн толгойны ар дагз хэсгээс их хэмжээний цус гараад байсан. ...” /1хх 59-61/,

гэрч Б.Золзаяагийн “...намайг ширээний хажууд зогсож байтал талийгаачийг ширээ рүүгээ явж байхад араас нь нөгөө залуу болох гадаа тамхи татаж байсан залуу ширээний тавцан барьж ирээд толгой руу нь цохисон. Талийгаач тэр дороо газарт унаж ухаан алдсан. ...” /1хх 69-70/,

гэрч Ч.Энх-Амарын “...намайг саарал цамцтай эрэгтэй /нас барсан залуу/ баруун шанаа руу цохиод унагаасан. Тэгтэл Ч намайг өмөөрөөд нас барсан залууг нэг цохиж байсан. Нөгөө залуу арагшаа саваад унасан. ...” /1хх 74-76/,

Шинжээч эмч Б.Ундармаагийн “...Талийгаачийн тархинд учирсан хүнд гэмтлүүд зэрэг учирсан хавсарсан хүнд гэмтлүүд байгаа учраас амь насыг нь аврах боломжгүй. Савж унах үед яс хугарч тархины гэмтлүүд үүссэн байх боломжтой. ...” /4хх 135-137/ гэх мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 620 дугаартай “...Талийгаачийн цогцост гавал тархины битүү гэмтэл: дагз ясны шугаман хугарал, баруун тал бөмбөлгийн чамархай хэсгийн хатуу хальсан доорх цусан хураа, хоёр тал бөмбөлгийн дух, зулай, чамархай хэсгийн аалзан бүрхүүл доорх цус харвалт, хоёр талын чамархайн суурийн дэлбэнгийн тархины эдийн няцрал, дух, чамархай, дагзны зүүн хэсгийн хуйханд цус хуралт, дагзанд шарх, зүүн зовхи, зүүн хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. ...Талийгаач нь дээрх гавал тархины битүү гэмтлийн улмаас нас баржээ.” /1хх 136-137/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 156 дугаартай “...Талийгаач нь гавал тархины битүү гэмтэл, дагз ясны шугаман хугарал, хатуу хальс доорх цусан хураа, тархины эдийн няцрал, аалзан хальсан доорх цус харвалтын улмаас тархины комд орж нас баржээ. ...Талийгаачийн үхэлд хүргэсэн гавал тархины битүү гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.” /3хх 89-92/ гэх дүгнэлтүүд,

хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 13-14, 17-19/, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 20-22/, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 24-26/, камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 29-34/, хохирлын баримтууд /2хх 131-188, 4хх 224-250/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогджээ.

 

Б.М нь 2017 оны 3 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Бадруун” нэртэй бааранд үйлчлүүлж байсан Г.Батхүүтэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газарт гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

камерийн бичлэгт үзлэг хийсэн “...гараараа нэг удаа савж цохих үед М Г.Батхүүгийн толгойн зүүн хэсэг рүү гараараа 2-3 удаа цохиж байгаа. ...Аюурзаныг Г.Батхүү өмөөрсөн байдалтай Энх-Амарыг гараараа цохин газар унагахад Батхүүгийн зүүн хажуу талаас М толгойн хэсэг рүү 1 удаа гараараа цохисны дараа Батхүү Аюурзаныг ширээ рүү нь түлхэн хамт очиход Золзаяа Анхбаярыг зуурч хориглож байгаад тавьж байгаа. ...Батхүүгийн ширээний ойролцоо зууралдах үед М нь 01:05 минут 6 секундэнд Батхүүгийн толгойн ар хэсэг рүү 3-4 удаа цохиход хамгаалагч голоор нь орж салгаж байгаа.” гэх тэмдэглэл /1хх 29-34/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 1003 дугаартай “...дух, чамархай, дагзны зүүн хэсгийн хуйханд цус хуралт, дагзанд шарх, зүүн зовхи, зүүн хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтлүүд нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт /4хх 108-111/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогджээ.

 

Анхан шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасантай нийцжээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэсний дагуу анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтад үндэслэн шүүхээс шүүгдэгч Д.Ч-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцсэн, хэргийн зүйлчлэл тохирсон, шүүхээс түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршиг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, түүний хувийн байдал зэргийг харгалзан үзэж, тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын төрөл, хэмжээний дотор оногдуулсан ял нь, хорих ялыг эдлүүлэхээр заасан дэглэм нь тус тус хуульд нийцсэн гэж үзэв.

 

Мөн шүүгдэгч Б.М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.2, мөн хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт зааснаар “гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийвэрлэсэн нь хууль үндэслэлтэй болжээ.

 

Эмч Т.М нь дуудлагаар очиж Г.Батхүүгийн толгойд оёдол тавих эмчилгээ хийсэн байх ба харин хохирогч Г.Батхүүгээс эмнэлэг рүү явах эсэх талаар саналыг нь авч тэр тухай тэмдэглэл үйлдээгүй нь буруу болсныг шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтэнд тодорхой дурджээ. Хэдийгээр эмч Т.М нь эмчилгээний дээрх алдааг гаргасан байх боловч амь хохирогч Г.Батхүүд дагз ясны шугаман хугарал, хатуу хальс доорх цусан хураа, тархины эдийн няцрал, аалзан хальс доорх цус хурвалт зэрэг тархины хүнд гэмтлүүд үүссэн тул амь нас аврагдах, амьдрах боломжгүй байжээ. Өөрөөр хэлбэл, эмч Т.М-ын эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс Г.Батхүү нь нас бараагүй, харин өөрт нь учирсан амь насанд нь аюултай хүнд гэмтлийн улмаас нас барсан нь тогтоогдож байх тул хохирогчийг эмнэлэг рүү авч яваагүй, түүний саналыг аваагүй хайхрамжгүй үйлдлийг гэмт хэргийн шинжгүй гэж үзэх хуулийн үндэслэлтэй.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Р.Нямхүү, түүний өмгөөлөгч Д.Тунгалаг нар нь “...Ч, М нар миний хүүг нас барахад нөлөөлсөн буюу зодсон үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11 дэх заалтад заасан хүнийг бүлэглэн санаатай алсан гэмт хэрэг. ...эмчтэй холбоотой гаргасан дүгнэлтэд эргэлзээтэй зүйл их байхад энэ эмчийг ажлын хариуцлага алдаагүй гэж үзэн цагаатгасан нь үнэнд нийцэхгүй байна. Мөн хохирлын 25.371.956 төгрөгнөөс гадна гэм хорын хохирлын 50.000.000 төгрөг гаргуулахыг хүсч байна...” гэсэн давж заалдах гомдол гаргажээ.

 

Гэрч Б.Амаржаргал, И.Гэнэнмаа, Д.Мөнхтамир, Н.Аюурзана, Б.Золзаяа, Ч.Энх-Амар нараас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу гэрчээр байцааж авсан мэдүүлгүүд нь шинжээчийн дүгнэлтүүд, камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтаар давхар нотлогдсон, уг нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх тул шүүгдэгч Б.М-ыг амь хохирогч Г.Батхүүг алсан гэж үзэж байгаа давж заалдсан гомдлыг хүлээн авч хангах хууль зүйн үндэслэлгүй гэж дүгнэв.

 

Дээрх гэрчүүдийн мэдүүлэгт хохирогч Г.Батхүүг Б.М зодож, цохиж байсан талаар тодорхой тусгагджээ.

 

Хэрэгт авагдсан, хуульд заасан шаардлага хангасан нотлох баримтад үндэслэн шүүгдэгчээс 24.571.956 төгрөг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид олгосон байх ба энэ гэмт хэргийн улмаас цаашид эд хөрөнгийн бодитой хохирол учирсан гэж үзвэл учирсан хохирлоо иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй.

 

Иймд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 908 дугаар шийтгэх тогтоолд хохирогчийн хохирлоо нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсэн нэмэлт заалтыг оруулж, бусад заалтыг хэвээр үлдээн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Р.Нямхүү, түүний өмгөөлөгч Д.Тунгалаг нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.5 дахь заалтуудыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 908 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Р.Нямхүү нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.” гэсэн нэмэлт заалт оруулсугай.

 

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалт, хэсгийг хэвээр үлдээж, хууль ёсны төлөөлөгч Р.Нямхүү, түүний өмгөөлөгч Д.Тунгалаг нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

                                 ДАРГАЛАГЧ,

                                 ШҮҮГЧ                                                   М.ПҮРЭВСҮРЭН

 

                                 ШҮҮГЧ                                                   Д.ОЮУНЧУЛУУН

 

                                 ШҮҮГЧ                                                  Д.МЯГМАРЖАВ