Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 08 сарын 01 өдөр

Дугаар 785

 

 

 

 

 

 

 

 

 

 

Б.Г-д холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Пүрэвсүрэн даргалж, шүүгч Д.Оюунчулуун, Д.Мягмаржав нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор А.Баясгалан,

шүүгдэгч Б.Г, түүний өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн,

нарийн бичгийн дарга Г.Жамбалдорж нарыг оролцуулан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 495 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Г-ийн өмгөөлөгч Ш.Мягмарцэрэнгийн гаргасан давж заалдах гомдлоор Б.Г-д холбогдох эрүүгийн 1905013280400 дугаартай хэргийг 2019 оны 7 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Мягмаржавын илтгэснээр хянан хэлэлцэв.

З овгийн Б-ийн Г, 19... оны ... дугаар сарын ...-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, ... настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, цэргийн тэтгэвэрт, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт ....... дүүргийн ... дугаар хороо, ......... дугаар гудамжны ... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:ЧД77121977/;

Б.Г нь 2019 оны 3 дугаар сарын 02-ны өдөр Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Г.Гансүхийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянгол дүүргийн прокурорын газраас: Б.Г-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: З......... овгийн Б-ийн Г-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Г-ийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар Б.Г-ийг торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш хуульд заасан хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, энэ хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдаж, энэ хэрэгт битүүмжпэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Г-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Б.Г-ийн өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шүүгдэгч Б.Г нь гэм буруугийн талаар маргаагүй, өөрийн үйлдсэн хэргийг сайн дураараа хүлээж, гэм буруугаа бүрэн хүлээн зөвшөөрсөн, хохирогч Г.Гансүх нь байнга архидан согтуурч, гэр бүл, үр хүүхдээ дарамталж, агсан согтуу тавьж байгаа хууль бус үйлдлийг таслан зогсоохдоо хэрэглэсэн аргын хувьд буруу боловч цаашид хохирогчийг сурган хүмүүжүүлэх, сануулах, хашраах зорилгоор ах хүний хувьд хийсэн үйлдэл гэж үзэх боломжтой байх ба хохирогч нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй, өөрийн буруугаа ойлгож ухамсарласан талаараа мөрдөн байцаалтад мэдүүлсэн байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2, мөн хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг журамлан анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулан, ялаас чөлөөлөн шийдвэрлэх бүрэн боломжтой гэж үзэж байна. Хувийн байдлын хувьд цагдаагийн тусгай хүчинд 20 жил ажилласан хүн байгаа. Төрд ажилласан байдлыг нь харгалзаж үзнэ үү.” гэв.

 Шүүгдэгч Б.Г тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний хийсэн үйлдэл буруутай боловч тухайн хүнд ахын үүднээс удаа дараа хэлж байсан. Миний үгийг үл ойшоож буруу үйлдэл гаргасан учраас ахын үүднээс сургасан. Хийсэн үйлдэлдээ гэмшиж байна. Ялыг минь хөнгөрүүлж өгнө үү.” гэв.

Прокурор А.Баясгалан тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгч Б.Г-д оногдуулсан торгох ял нь үндэслэлтэй. Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн хамгийн доод ялыг анхан шатны шүүх оногдуулсан байна. Иймд шүүгдэгч Б.Г-ийн өмгөөлөгч Ш.Мягмарцэцэнгийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх гомдлыг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг давж заалдсан гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

 

Хэргийг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхийн шатанд хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.

 

Б.Г нь 2019 оны 3 дугаар сарын 02-ны өдөр Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Г.Гансүхийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь:

 

хохирогч Г.Гансүхийн “...хүргэн ах Г “гадаа гараад ир” гэхээр нь гараад очтол “чи яагаад архи уугаад байгаа юм” гээд баруун гартаа 80 см урттай барьсан сураараа нуруу руу нилээд хэдэн удаа ороолгосон. Тэгээд одоо болно шүү дээ гэж хэлээд гэртээ орсон. Тэгээд гэртээ байж байхад Г ах орж ирээд намайг “гараад ир” гэхээр нь би гарахгүй зуухны урд сууж байхад дахиад нуруу руу сураараа 5-аас 6 удаа ороолгож байгаад “дахиад уувал хохино шүү” гэж хэлээд гараад явсан. ...” /хх 18-19/ гэх мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 3016 дугаартай “...Г.Гансүхийн биед цээж, нуруу, зүүн бугалга, баруун гуянд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ...” гэх дүгнэлт /хх 23/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогджээ.

 

            Анхан шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасантай нийцсэн байна.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэсний дагуу анхан шатны шүүхийн шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, мэдүүлэг, дүгнэлт, шинжлэн судалсан бусад нотлох баримтад тулгуурлаж, шүүгдэгч Б.Г-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

 

            Шүүгдэгч Б.Г-ийн иргэн Г.Гансүхийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүхээс Б.Г-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулсан нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх тул “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2, мөн хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг журамлан анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү.” гэсэн шүүгдэгчийн өмгөөлөгч Ш.Мягмарцэрэнгийн давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна. Учир нь Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн шүүгдэгчид оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх үндэслэлийг тогтоосон байх тул Б.Г-д холбогдох эрүүгийн хэрэгт энэ заалт хамаарахгүй юм.

 

Иймд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 495 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Г-ийн өмгөөлөгч Ш.Мягмарцэрэнгийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 495 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Г-ийн өмгөөлөгч Ш.Мягмарцэрэнгийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

 

 ДАРГАЛАГЧ,

                         ШҮҮГЧ                                                        М.ПҮРЭВСҮРЭН

 

 ШҮҮГЧ                                                        Д.ОЮУНЧУЛУУН

 

 ШҮҮГЧ                                                        Д.МЯГМАРЖАВ