Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 05 сарын 25 өдөр

Дугаар 001/ХТ2021/00538

 

 

 

 

 

 

 

 

 

 

2021 05 25

001/ХТ2021/00538

 

 

Б.Очийн нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Г.Цагаанцоож даргалж, Танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Г.Банзрагч, П.Золзаяа, Б.Мөнхтуяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 4-ний өдрийн 102/ШШ2020/01410 дугаар шийдвэртэй,

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 1570 дугаар магадлалтай,

 

Б.Очийн нэхэмжлэлтэй,

Трансвест монголиа ХХК-д холбогдох

 

Ажилд эгүүлэн тогтоолгох, урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 2,912,000 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Б.Мөнхтуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Оч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Уранцэцэг, хариуцагчийн төлөөлөгч Б.Чулуунбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Амарбаясгалан нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Очийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон тайлбартаа: ...Б.Оч миний бие 2018.08.24-ний өдөр Трансвест монголиа ХХК-тай хөдөлмөрийн гэрээ байгуулж, худалдан авалт хариуцсан ахлагч албан тушаалд ажилд орсон. Жил хагасын хугацаанд ажил үүргээ маш сайн гүйцэтгэж ажилласан. Хамт олонтойгоо эвтэй, ажлын ур чадварын хувьд алдаа дутагдал гаргаж байгаагүй. 2019 оны 10 дугаар сард Трансвест монголиа ХХК-ийн гүйцэтгэх захирлын мэдэгдлийн дагуу Хүний нөөц, бизнес үйлчилгээний хэлтсийн захирлаар Т.Алтанзул томилогдсон. 2019.12.16-ны өдөр Т.Алтанзул захирлаас надад хандаж мэдэгдэл хүргүүлсэн. Тус мэдэгдэлд ямар нэгэн үндэслэл дурдахгүйгээр миний албан тушаалын зэргийг бууруулсан гэж дурдсан байсан. Хүний нөөц, бизнес үйлчилгээ хариуцсан хэлтсийн дарга Т.Алтанзултай удаа дараа уулзах хүсэлт гаргаж тохиролцохыг хичээсэн. 2019.12.20-ны өдөр үндэслэлгүйгээр, урьдчилж мэдэгдэлгүй орон тооны цомхтгол гэх мэдэгдлийг надад дахин өгсөн. Уг 2 мэдэгдлийг бичгээр өгөхөөс өмнө 2019.12.10-ны өдөр Т.Алтанзул захирал надтай уулзаж, худалдан авалт хариуцсан ахлагч албан тушаалаа өгнө үү гэж албан шаардлага маягаар хэлж байсан. Тухайн үед уг аман шаардлагыг хүлээж авах боломжгүй, компанийн дотоод дүрэм, журамд заасан үндэслэл байхгүй талаар хэлсэн. Уг үйл явдал болсны дараа Т.Алтанзул захирал надад хандаж эгчийн хувиар хэлж байхад хүлээж авахгүй байвал албан байдлаар албан тушаал бууруулж чадна гэж хэлж байсан. 2019.12.20-ны өдрийн хөдөлмөрийн гэрээг цуцлах тушаалын дагуу 2020.01.17-ны өдөр ажлаа хүлээлгэж өгсөн. Иймд 200117/19 тоот тушаалыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан үеийн цалин хөлс 2,912,000 төгрөгийг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд гаргасан тайлбарт: ...Трансвест Монголиа ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2019.12.12-ны өдрийн 178 тоот тушаалын дагуу Трансвест монголиа ХХК-ийн Хүний нөөц, бизнесийн үйлчилгээний газрын бүтэц зохион байгуулалтад өөрчлөлт орсон. Уг 178 тоот тушаалын хавсралтад заасны дагуу газар, хэлтсийн дарга нар өөрийн хариуцдаг газрын ажилтнуудад танилцуулсан. Гүйцэтгэх захирлын дээрх тушаал гарснаар Хүний нөөц, бизнесийн үйлчилгээний газарт ажиллаж байсан нэхэмжлэгч Б.Очийн худалдан авалт хариуцсан ахлагч орон тоо хасагдсан. Б.Очид Хүний нөөц, бизнесийн үйлчилгээний газрын захирал Т.Алтанзул 2019.12.16-ны өдөр мэдэгдсэн. Уг мэдэгдэлд Трансвест Монголиа ХХК-ийн гүйцэтгэх захирлын 178 тоот тушаалын хэрэгжилтийг хангах зорилгоор нэхэмжлэгч Б.Очид шинээр бий болсон худалдан авалтын мэргэжилтний ажлын байранд ажиллахыг санал болгосон. Түүний өмнө ажиллаж байгаад гүйцэтгэх захирлын тушаалын дагуу бүтцийн шинэчлэлтээр хасагдсан худалдан авалт хариуцсан ахлагчийн ажлын байр хасагдаж байгаа тул худалдан авалтын мэргэжилтний ажлын байранд ажиллахыг санал болгосон нь хөдөлмөрийн нөхцөл нь дордоогүй. Б.Оч нь шинээр бий болсон худалдан авалтын мэргэжилтэн ажлын байранд ажилласан тохиолдолд түүний урд авч байсан цалин хөлсөнд өөрчлөлт орохгүй бөгөөд 2018.08.21-ний өдрийн Трансвест монголиа ХХК-ийн Б.Очтой байгуулсан Хөдөлмөрийн гэрээнд тодорхой нэмэлт өөрчлөлт оруулах байсан. Б.Оч дээрх мэдэгдэлтэй танилцаад өөрийн ажиллаж байсан худалдан авалт хариуцсан ахлагчийн ажлын байр хасагдсаныг хүлээн зөвшөөрөөгүй. 2019.12.19-ний өдөр шинээр бий болсон худалдан авалтын мэргэжилтний ажлын байранд ажиллахгүй тухайгаа мэдэгдсэн. Трансвест Монголиа ХХК-ийн зүгээс Б.Очид ажлын байр нь хасагдаж байгаа талаар мэдэгдэж, Хөдөлмөрийн нөхцөл, цалин хөлсийг нь дордуулахгүйгээр ажиллах ажлыг санал болгосон боловч татгалзсан. Ажил олгогчийн зүгээс Б.Очийг гомдоосон, хөдөлмөрийн нөхцөлийг дордуулсан зүйл байхгүй. Б.Очийг Трансвест Монголиа ХХК-д үргэлжлүүлэн ажиллах талаар санал болгож мэдэгдэл өгсөн. Трансвест Монголиа ХХК-ийн гүйцэтгэх захирлын тушаалаар худалдан авалт хариуцсан ахлагчийн ажлын байр хасагдсан тул Б.Очтой байгуулсан Хөдөлмөрийн гэрээг цуцлах болж, энэ талаар Хүний нөөц, бизнес үйлчилгээний газрын дарга Т.Алтанзул 2019.12.20-ны өдөр түүнд мэдэгдсэн. Улмаар 2020.01.17-ны өдрийн Трансвест Монголиа ХХК-ийн гүйцэтгэх захирлын 19 тоот тушаалын дагуу Б.Очтой байгуулсан Хөдөлмөрийн гэрээг 2020.01.20-ны өдөр цуцалж, ажлаас чөлөөлсөн. Трансвест Монголиа ХХК-ийн зүгээс Б.Очийн холбогдох бичиг баримтуудыг хүлээлгэн өгч, ажиллаж байсан хугацааны цалин, тус хугацаанд ногдох ээлжийн амралтын олговор, 1 сарын цалинтай тэнцэх хэмжээний олговрыг тус тус олгосон. Трансвест Монголиа ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2020.01.17-ны өдрийн 19 тоот тушаал Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт нийцсэн гэж үзэж байгаа тул нэхэмжлэгч Б.Очийн Трансвест Монголиа ХХК-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 4-ний өдрийн 102/ШШ2020/01410 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 46 дугаар зүйлийн 46.1, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул Трансвест монголиа ХХК-д холбогдох, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэгч Б.Очийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Б.Оч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 1570 дугаар магадлалаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 4-ний өдрийн 102/ШШ2020/01410 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж шийдвэрлэсэн байна.

 

Нэхэмжлэгч Б.Очийн хяналтын журмаар гаргасан гомдолд: ...1. Анхан шатны шүүхийн 102/ШШ2020/01410 тоот шийдвэрийн үндэслэх хэсэгт: Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-т аж ахуйн нэгж байгууллага болон түүний салбар, нэгж татан буугдсан, орон тоо хасагдсан, эсхүл ажилтны тоо цөөрүүлсэн бол хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачлагаар цуцалж болно гэж зохицуулсан. Хуулийн уг зуйлд заасан үндэслэлээс тухайн хуулийн этгээд, байгууллагын зохион байгуулалтын бүтцээс тодорхой ажил, албан тушаалын ажлын байр үгүй болсон бол орон тоо хасагдсан гэж үзнэ. Энэ тохиолдолд ажил олгогч хасагдсан орон тооны ажлын байранд ажиллаж байгаа ажилтны хөдөлмөрийн гэрээг цуцлах эрхтэй гэж тайлбарлажээ. Шүүх ийнхүү ажил олгогчоос бүтцийн өөрчлөлт хийж Худалдан авалт хариуцсан ахлагч мэргэжилтэн гэсэн ажпын байрыг хассан явдлыг Хөдөлмөрийн түхай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх үндэслэлийн дагуу хийгдсэн гэж үзэхдээ уг ажлын байрны тодорхойлолтыг компанийн бүтцэд хэвээр үлдсэн Худалдан авалтын мэргэжилтэн гэсэн ажлын байрны тодорхойлолттой харьцуулж эдгээр нь хоёр өөр үйл ажиллагаа эрхлэх өөр өөр ажлын байр байна, Худалдан авалт хариуцсан ахлах мэргэжилтний ажлын байр үнэхээр хасагдсан нь нотлогдсон гэсэн утгаар шийдвэрээ гаргасан. Тэгвэл хөдөлмөрийн харилцааны хувьд ажил олгогч тал бодит хэрэгтээ ямагт давуу тал байдаг, үүнээсээ үүдэн бүтцээ тогтоох эрх мэдлээ хэрэгжүүлэхдээ өөрөөсөө хамааралтай тал болох ажилтны эрхэлж байсан ажил үүргүүдийг бүтцээсээ хасах, тоог цөөрүүлэх бодит боломж тэр талд байдгийг шүүх төдийлэн анхаараагүй, Худалдан авалт хариуцсан ахлагч гэсэн ажпын байр хариуцагч компанид үнэхээр хэрэгцээгүй болж бүтцээс хасагдсан уу, эсхүл уг ажлын байранд ажиллаж байсан Б.Оч гэдэг ажилтныг удирдлагын зүгээс хэрэггүй гэж үзээд орон тоо хасалт гэсэн үндэслэлийг түүнээс салах арга болгож хийсэн үү гэдгийг ялгаж салгаж чадаагүй гэж үзэж байна. 2. Давж заалдах шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 1570 дугаар магадлалын Хянах хэсэгт: Байгууллагын бүтэц, зохион байгуулалтад өөрчлөлт оруулах, орон тоо хасах эсэх нь тухайн байгууллага, хуулийн этгээдийн эрх хэмжээний асуудал бөгөөд энэ талаар ажилтантай санал солилцох шаардлагагүй тул нэхэмжлэгч талын ямар нөхцөл байдлын улмаас бүтэц орон тоог хассан, орон тоо хассан үндэслэлээ тушаалдаа заагаагүй гэх нэхэмжлэгчийн тайлбар, гомдол үндэслэлгүй гэж дурьдсан. Нэхэмжлэгчийн хувьд хуулийн этгээд бүтцээ өөрчлөх эсэхээ ажилтантайгаа ярьж, санал солилцоогүй гэсэн утгаар бус, харин Худалдан авалт хариуцсан ахлагч гэсэн ажлын байрыг хасах болсон бодит, зайлшгүй нөхцөл байдал тухайн тохиолдолд үнэхээр бий болсон эсэх талаар л асууж тодруулах, ярилцах санаатай байсан юм. Учир нь хөдөлмөрийн харилцаанд ажил олгогч давуу эрх мэдэлтэй, энэ асуудал түүний эрх хэмжээний асуудал мөн хэдий ч эрх мэдэл, эрх хэмжээ гэдэг хязгааргүй, дур зоргын зүйл биш. Хууль тогтоомжийн хүрээнд эдэлж хэрэгжих ёстой гэж үзэж байна. Ажил олгогч тал уг эрх хэмжээ, эрх мэдлээ хууль тогтоомжийн хүрээнд эдлэх үүргийг Хөдөлмөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлээр тогтоосон. Харин хариуцагч компани бүтцээ өөрчилж, ажлын байр, орон тоо хассан бодит шалтгаан буюу санхүү, эдийн засгийн зайлшгүй шаардлага шүүхэд огт нотлоогүй, шүүхүүд ч үүнийг эс хайхарч хуулийн этгээд эрх мэдлээ л эдэлж байгаа мэт тайлбарласан. Энэ нь Хөдөлмөрийн тухай хуулийн 1 дүгээр зүйлд уг хуулийн үйлчилгээний зорилт болгож тодорхойлсон: талуудын эрх тэгш байдлыг хангах явдлыг төрийн нэрийн өмнөөс шийдвэр гаргадаг шүүх нь орхигдуулж хөдөлмөрийн харилцааны онцлог, мөн чанарыг харгалзаагүйгээр хэргээ шийдсэн гэж үзэхэд хүргэж байна. 3. Шүүхүүд асуудлыг шийдэхдээ ахлах мэргэжилтэн ба мэргэжилтэн гэсэн ажлын байрны тодорхойлолтыг харьцуулж эдгээрийг гол нотлох баримт болгосон. Гэтэл Эс Эм Эс компанийн үйл ажиллагааг тодорхойлж байгаа бодлогын бичиг баримтуудын агуулга, эдгээрт тусгагдсан бодлого, чиглэлийг огт авч шинжлээгүйгээр шийдвэрээ гаргасан. Хариуцагч тал хэдийгээр Худалдан авалт хариуцсан ахлах мэргэжилтэн гэсэн ажлын байрыг бүтцээсээ гаргаж хассан боловч уг ажлын байран дээр хийгддэг ажил үүргүүд нь бодлогын бичиг баримтуудад тодорхойлогдон, тусгагдсан хэвээрээ байгаа билээ. Тухайлбал 2014.06.01-ний өдөр батлагдаад 2019 онд нэг удаа өөрчлөлт орсон ОРS 6.01 дугаартай бодлогын баримт бичгийн Худалдан авалт хэсгийн үйл ажиллагаа гэсэн бүлгийн 3.3.1-д байгаа: Компанийн хэмжээнд шаардлагатай тохиолдолд материал, флотын тоног төхөөрөмж, үйлчилгээ, үйлчилгээ эрхлэгчдийг стандартчилах гэсэн, 3.4-д байгаа: Компани нь хамтарч ажиллах ханган нийлүүлэгч компани сонгохдоо чанар, үнэ цэнийг дээшлүүлж, эрсдлийг бууруулж, цаг тухайд нь шаардлагатай газарт нь хамгийн тохиромжтой үнээр нь хүргэлт хийж, үнийн хөнгөлөлт авч худалдан авалтын стратегийн зорилгоо биелүүлэх гэсэн, 3.5-д байгаа: Компани нь худалдан авах ажиллагааны үйл ажиллагааны талаарх бодлого, журмыг баримтлах ба төрөл бүрийн бараа, үйлчилгээг үр дүнтэй, хяналттай олж авах зорилгоор боловсруулсан худалдан авалтын үйл ажиллагаа, тогтолцоог тодорхойлсон бодлого, журмыг баримтална гэсэн, 3.6-д байгаа: Компанийн худалдан авалтын бодлого, журамд батлагдсан зөвшөөрөл, үүрэг хуваарилалт, бичиг хэргийн стандартын бодит байдлыг хангасан хяналт, бүрэн бүтэн болон үр дүнтэй байдлыг хангасан байна гэсэн бодлогын чиглэлүүдийн практик хэрэгжилтэд Худалдан авалт хариуцсан ахлагч-ийн ажлын байрны тодорхойлолтод байгаа нилээд үйл ажиллагаа нь шууд чиглэгдсэн байгаа юм. Тухайлбал, уг тодорхойлолтын үүрэг хариуцлага ба үйл ажиллагаа гэсэн хэсгийн 2-т нэрлэж дурьдагдсан үйл ажиллагаанууд нь бодлогын баримт бичгийн дурьдсан хэсгүүд дэх үйл ажиллагаатай шууд уялдаатай байна. Өөрөөр хэлбэл, ахлах мэргэжилтний ажлын байранд хийгддэг үндсэн ажил үүргүүд нь компанийн бодлогын баримт бичгүүдэд тусгагдсан үйл ажиллагааны үндсэн чиглэл бодлогуудыг хэрэгжүүлэхэд зайлшгүй шаардлагатайг нотлох юм. Иймд ажлын байрыг хассан нь бодит нөхцөлтэй үл нийцсэн, цэвэр субьектив хандлагатай гэж үзэж байна. Иймд анхан ба давах шатны шүүхийн шийдвэрүүдийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч Б.Оч нь Трансвест монголиа ХХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг, хариуцагч эс зөвшөөрч тайлбар гаргажээ.  

Анхан болон давж шатны шүүх тухайн хөдөлмөрийн эрх зүйн маргаанд Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг зөв тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь хуульд нийцсэн гэж дүгнэв.

Нэхэмжлэгч Б.Оч нь Трансвест монголиа ХХК-д 2018.8.24-ний өдрөөс худалдан авалт хариуцсан ахлагчийн ажилд томилогдон, ажил олгогчтой 45/035/18 тоот хөдөлмөрийн гэрээ байгуулж ажилласан байх бөгөөд тус компанийн гүйцэтгэх захирлын 2020.01.17-ны өдрийн 200117/19 дугаартай тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн. Уг тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх заалт, гүйцэтгэх захирлын 2019.12.19-ний өдрийн 191219/186 дугаар тушаалыг үндэслэжээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д аж ахуйн нэгж, байгууллага болон түүний салбар, нэгж татан буугдсан, орон тоо хасагдсан, эсхүл ажилтны тоог цөөрүүлсэн бол хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалж болохоор заасан. Хуулийн энэхүү зохицуулалтын орон тоо хасагдсан гэдэгт тухайн хуулийн этгээд, байгууллагын зохион байгуулалтын бүтцээс тодорхой ажил, албан тушаалын ажлын байр үгүй болсныг ойлгох бөгөөд энэ тохиолдолд ажил олгогч нь хасагдсан орон тооны ажлын байранд ажиллаж байгаа ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг өөрийн санаачилгаар цуцалж болохыг хуульчилсан байна. Мөн, энэ хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д Ажил олгогч энэ хуулийн 40.1.1, 40.1.2-т заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлах тухайгаа ажилтанд нэг сарын өмнө мэдэгдэх ... гэж заасан.

Хэрэгт авагдсан нотлох баримтууд болох Трансвест монголиа ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2019.12.12-ны өдрийн 191212/178 дугаар тушаалаар, компанийн Хүний нөөц, бизнес үйлчилгээний газрын бүтэц зохион байгуулалтыг хавсралтаар баталсан, мөн гүйцэтгэх захирлын 2019.12.19-ний өдрийн 191219/186 дугаар тушаалаар Хүний нөөц, бизнес үйлчилгээний газрын бүтцэд өөрчлөлт орсны дагуу худалдан авалт хариуцсан ахлагч-ийн орон тоог хасаж шийдвэрлэжээ. Өөрөөр хэлбэл, тус компанийн Хүний нөөц, бизнес үйлчилгээний газрын бүтцэд өөрчлөлт орсноор худалдан авалт хариуцсан ахлагч-ийн орон тоог хасаж, худалдан авалтын мэргэжилтэн-ий орон тоог 3 болгон өөрчилж шийдвэрлэжээ.

Үүнтэй уялдуулан хариуцагчаас, бүтэц зохион байгуулалтын өөрчлөлтөөр хасагдсан орон тоо болох Худалдан авалт хариуцсан ахлагчийн орон тоонд ажиллаж байсан Б.Очид уг өөрчлөлтийн талаар 2019.12.16-ны өдөр мэдэгдсэн, нэхэмжлэгч худалдан авалтын мэргэжилтнээр ажиллахыг зөвшөөрөөгүй учир тус компанийн гүйцэтгэх захирлын 2020.01.17-ны өдрийн 200117/19 дугаартай тушаалаар түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас чөлөөлснийг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.5-д заасныг зөрчсөн гэж үзэхгүй, энэ талаар 2 шатны шүүхийн хийсэн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй байна.

Иймд шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 102/ШШ2020/01410 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 1570 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч хяналтын журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЦАГААНЦООЖ

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ

 

ШҮҮГЧИД Г.БАНЗРАГЧ

 

П.ЗОЛЗАЯА

 

Б.МӨНХТУЯА