Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 05 сарын 04 өдөр

Дугаар 1410

 



 

2020 оны 05 сарын 04 өдөр

Дугаар 102/ШШ2020/01410

Улаанбаатар хот

 

        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС           

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Азбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар, 

Нэхэмжлэгч: Б.О-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Т М ХХК-д холбогдох,  

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, Нийгмийн болон Эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.  

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.О, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Аг, С.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ч, хариуцагчийн өмгөөлөгч С.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ану нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгч Б.О шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.О миний бие 2018 оны 08 дугаар сарын 24-ний өдөр Т М ХХК-тай хөдөлмөрийн гэрээ байгуулж, худалдан авалт хариуцсан ахлагч албан тушаалд ажилд орсон. Жил хагасын хугацаанд ажил үүргээ маш сайн гүйцэтгэж ажилласан. Хамт олонтойгоо эвтэй, ажлын ур чадварын хувьд алдаа дутагдал гаргаж байгаагүй. 2019 оны 10 дугаар сард Т М ХХК-ийн гүйцэтгэх захирлын мэдэгдлийн дагуу Хүний нөөц, бизнес үйлчилгээний хэлтсийн захирлаар н.А томилогдсон. 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдөр н.А захирлаас надад хандаж мэдэгдэл хүргүүлсэн. Тус мэдэгдэлд ямар нэгэн үндэслэл дурдахгүйгээр миний албан тушаалын зэргийг бууруулсан гэж дурдсан байсан. Хүний нөөц, бизнес үйлчилгээ хариуцсан хэлтсийн дарга н.А-тай удаа дараа уулзах хүсэлт гаргаж тохиролцохыг хичээсэн. 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр үндэслэлгүйгээр, урьдчилж мэдэгдэлгүй орон тооны цомхтгол гэх мэдэгдлийг надад дахин өгсөн. Уг 2 мэдэгдлийг бичгээр өгөхөөс өмнө 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдөр н.А захирал надтай уулзаж, худалдан авалт хариуцсан ахлагч албан тушаалаа өгнө үү гэж албан шаардлага маягаар хэлж байсан. Тухайн үед уг аман шаардлагыг хүлээж авах боломжгүй, компанийн дотоод дүрэм, журамд заасан үндэслэл байхгүй талаар хэлсэн. Уг үйл явдал болсны дараа н.А захирал надад хандаж эгчийн хувиар хэлж байхад хүлээж авахгүй байвал албан байдлаар албан тушаал бууруулж чадна гэж хэлж байсан. 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн хөдөлмөрийн гэрээг цуцлах тушаалын дагуу 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр ажлаа хүлээлгэж өгсөн. Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, Нийгмийн болон Эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэжээ.  

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Б.Ойн Т М ХХК-д холбогдуулан гаргасан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, Нийгмийн болон Эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлд дараах тайлбарыг гаргаж байна. Т М ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 178 тоот тушаалын дагуу Т М ХХК-ийн Хүний нөөц, бизнесийн үйлчилгээний газрын бүтэц зохион байгуулалтад өөрчлөлт орсон. Уг 178 тоот тушаалын хавсралтад заасны дагуу газар, хэлтсийн дарга нар өөрийн хариуцдаг газрын ажилтнуудад танилцуулсан. Гүйцэтгэх захирлын дээрх тушаал гарснаар Хүний нөөц, бизнесийн үйлчилгээний газарт ажиллаж байсан нэхэмжлэгч Б.О-ийн худалдан авалт хариуцсан ахлагч орон тоо хасагдсан. Б.О-ид Хүний нөөц, бизнесийн үйлчилгээний газрын захирал н.А 2019 оны 12 сарын 16-ны өдөр мэдэгдсэн. Уг мэдэгдэлд Т М ХХК-ийн гүйцэтгэх захирлын 178 тоот тушаалын хэрэгжилтийг хангах зорилгоор нэхэмжлэгч Б.О-д шинээр бий болсон худалдан авалтын мэргэжилтний ажлын байранд ажиллахыг санал болгосон. Түүний өмнө ажиллаж байгаад гүйцэтгэх захирлын тушаалын дагуу бүтцийн шинэчлэлтээр хасагдсан худалдан авалт хариуцсан ахлагчийн ажлын байр хасагдаж байгаа тул худалдан авалтын мэргэжилтний ажлын байранд ажиллахыг санал болгосон нь хөдөлмөрийн нөхцөл нь дордоогүй. Б.О нь шинээр бий болсон худалдан авалтын мэргэжилтэн ажлын байранд ажилласан тохиолдолд түүний урд авч байсан цалин хөлсөнд өөрчлөлт орохгүй бөгөөд 2018 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн Т М ХХК-ийн Б.О-той байгуулсан Хөдөлмөрийн гэрээнд тодорхой нэмэлт өөрчлөлт оруулах байсан. Б.О дээрх мэдэгдэлтэй танилцаад өөрийн ажиллаж байсан худалдан авалт хариуцсан ахлагчийн ажлын байр хасагдсаныг хүлээн зөвшөөрөөгүй. 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдөр шинээр бий болсон худалдан авалтын мэргэжилтний ажлын байранд ажиллахгүй тухайгаа мэдэгдсэн. Т М ХХК-ийн зүгээс Б.Оид ажлын байр нь хасагдаж байгаа талаар мэдэгдэж, Хөдөлмөрийн нөхцөл, цалин хөлсийг нь дордуулахгүйгээр ажиллах ажлыг санал болгосон боловч татгалзсан. Ажил олгогчийн зүгээс Б.О-ийг гомдоосон, хөдөлмөрийн нөхцөлийг дордуулсан зүйл байхгүй. Б.О-ийг Т М ХХК-д үргэлжлүүлэн ажиллах талаар санал болгож мэдэгдэл өгсөн. Т М ХХК-ийн гүйцэтгэх захирлын тушаалаар худалдан авалт хариуцсан ахлагчийн ажлын байр хасагдсан тул Б.О-той байгуулсан Хөдөлмөрийн гэрээг цуцлах болж, энэ талаар Хүний нөөц, бизнес үйлчилгээний газрын дарга н.Алтанзул 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр түүнд мэдэгдсэн. Улмаар 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн Т М ХХК-ийн гүйцэтгэх захирлын 19 тоот тушаалын дагуу Б.О-той байгуулсан Хөдөлмөрийн гэрээг 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр цуцалж, ажлаас чөлөөлсөн. Т М ХХК-ийн зүгээс Б.О-ийн холбогдох бичиг баримтуудыг хүлээлгэн өгч, ажиллаж байсан хугацааны цалин, тус хугацаанд ногдох ээлжийн амралтын олговор, 1 сарын цалинтай тэнцэх хэмжээний олговрыг тус тус олгосон. Т М ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 19 тоот тушаал Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт нийцсэн гэж үзэж байгаа тул нэхэмжлэгч Б.О-ийн Т М ХХК-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.   

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч Б.О нь хариуцагч Т М ХХК-д холбогдуулан орон тоо хасагдаж, ажилтны тоог цөөрүүлээгүй байхад ажлаас үндэслэлгүй халсан тул Худалдан авалт хариуцсан ахлагчийн ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулаж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, худалдан авалт хариуцсан ахлагчийн ажлын байр хасагдсан, худалдан авалтын мэргэжилтний орон тоонд ажиллахыг санал болгосон ч зөвшөөрөөгүй тул хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь хууль зөрчөөгүй гэх тайлбар гарган маргажээ. 

Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна гэж үзэв.

 Б.О нь Т М ХХК-тай 2018 оны 08 дугаар сарын 24-ний өдөр Хөдөлмөрийн гэрээ байгуулсан байх бөгөөд гэрээгээр Б.Оийг компанийн Бизнес үйлчилгээний газрын даргын шууд удирдлага дор Худалдан авалт хариуцсан ахлагч-ийн албан тушаалд нэг сарын үндсэн цалин 2,800,00 төгрөгөөр ажиллуулахаар тусгасан байна. Талууд хөдөлмөрийн гэрээнд 2018 оны 08 дугаар сарын 24-ний өдөр өөрчлөлт оруулж, нэг сарын үндсэн цалинг 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2,912,000 төгрөг болгохоор тохиролцсон байна. /хх-ийн 3-7/ 

Хариуцагч Т М ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2017 оны 12 сарын 25-ны өдрийн 171225/196 дугаар Бүтцэд өөрчлөлт оруулах тухай тушаалаар баталсан бүтцийг /хх-ийн 40-42/ 2019 оны 12 сарын 12-ны өдрийн 191212/176 дугаар Бүтцэд өөрчлөлт оруулах тухай тушаалаар компанийн бүтэц, зохион байгуулалтад өөрчлөлт оруулж, /хх-ийн 35-37/ 2019 оны 12 сарын 19-ний өдрийн 191219/186 дугаар Бүтэц, орон тоо хасах тухай тушаалаар компанийн бүтцийн хэсэг болох Хүний нөөц, бизнес үйлчилгээ хариуцсан захирлын харъяалах бүтцийг баталсан байна. /хх-ийн 21-25/  

Үүнтэй холбоотойгоор Т М ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 200117/19 дугаар, Хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх заалт, гүйцэтгэх захирлын 2019 оны 12 сарын 19-ний өдрийн 191219/186 дугаар тушаалыг үндэслэн Б.Отой байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2020 оны 01 сарын 20-ны өдрөөр тасалбар болгон цуцалжээ. /хх-ийн 9/ 

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-т аж ахуйн нэгж, байгууллага болон түүний салбар, нэгж татан буугдсан, орон тоо хасагдсан, эсхүл ажилтны тоог цөөрүүлсэн бол хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалж болно гэж зохицуулсан. Хуулийн уг зүйлд заасан үндэслэлээс тухайн хуулийн этгээд, байгууллагын зохион байгуулалтын бүтцээс тодорхой ажил, албан тушаалын ажлын байр үгүй болсон бол орон тоо хасагдсан гэж үзнэ. Энэ тохиолдолд ажил олгогч хасагдсан орон тооны ажлын байранд ажиллаж байгаа ажилтны хөдөлмөрийн гэрээг цуцах эрхтэй.

 Нэхэмжлэгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөгч нар шүүхэд Хадалдан авалт хариуцсан ахлагч-ийн орон тоо хасагдсантай холбоотойгоор хариуцагчаас нэхэмжлэгчид Худалдан авалтын мэргэжилтэн-ээр ажиллахыг санал болгсон ч зөвшөөрөөгүй, тиймээс 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хөдөлмөрийн гэрээ цуцлах мэдэгдэл өгсөн тухайд маргаагүй.  

Хэрэгт нотлох баримтаар авагдсан Худалдан авалт хариуцсан ахлагчийн ажлын байрны тодорхойлолтын товч хураангуйд тодорхойлсоноор Худалдан авахтай холбоотой өдөр тутмын үйл ажиллагааг аюулгүй, үр бүтээлтэй гүйцэтгэх үүрэгтэй худалдан авалтын багт хяналт тавьдаг бөгөөд Бизнесийн үйлчилгээний хэлтсийн даргад ажлаа тайлагнана гэж, Худалдан авалтын мэргэжилтэнгийн ажлын байрны тодорхойлолтын товч хураангуйд тодорхойлсоноор Худалдан авалт хариуцсан ахлагчийн ерөнхий удирдлага дор төсвийн удирдамжийн хүрээнд Трансвест монголиа компанийн худалдан авах өдөр тутмын шаардлагыг хариуцна. Худалдан авалтын мэргэжилтэн нь бүх эд анги, дагалдах хэрэгслийн худалдан авалт, түргэвчлэхтэй холбоотой үйл ажиллагаанд хяналт тавих үүрэгтэй гэжээ. /хх-ийн 89-94/ 

Зохигч шүүх хуралдаанд гаргасан тайлбараараа худалдан авалт хариуцсан ахлагч нь худалдан авалт хариуцсан мэргэжилтнийг ахалж, худалдан авалтын мэргэжилтний ажил үүргийг удирдан зохион байгуулах, хяналт тавих чиг үүргтэй. Худалдан авалттай холбоотой чиг үүргийн хувьд ижил гэж тайлбарласан. Дээрхээс дүгнэвэл ажлын байрны тодорхойлолтоор Худалдан авалт хариуцсан ахлагч, Худалдан авалтын мэргэжилтэнийн ажил үүргийн хувиар өөр байна.  

Кампанийн бүтцийн дээрх өөрчлөлтөөр 2017 оны 171225/196 дугаар тушаалаар баталсан бүтцэд Бизнес үйлчилгээний газарт худалдан авалт хариуцсан ахлагч-1, худалдан авалтын мэргэжилтэн-1 нийт 2 орон тоотой байсан бол 2019 оны 191219/186 дугаар тушаалаар Худалдан авалтын мэргэжилтэн-3 болж нэмэгдэж, ахлах мэргэжилтний орон тоо хасагдсан, Худалдан авалт хариуцсан ахлагч, Худалдан авалтын мэргэжилтэн-ийн ажил үүргийн хувиар өөр байгаа зэргээр Худалдан авалт хариуцсан ахлагч орон тоо хасагдсан болох нь нотлогдож байна.

 

Ажил олгогчоос компанийн удирдлагын шийдвэрээр баталсан бүтэц шинэчлэн батлах тухай гүйцэтгэх захирлын 2019 оны 12 сарын 16-ны өдрөөс мөрдөхөөр баталсан бүтэцийн тушаалыг танилцуулж /хх-ийн 126/, 2019 оны 12 сарын 19-ний өдөр гүйцэтгэх захирлын 2019 оны 12 сарын 12-ны өдрийн 191212/178 дугаар тушаалын хэрэгжилтийг хангах зорилгоор Хадалдан авалт хариуцсан ахлагч-ийн албан тушаалаас Худалдан авалтын мэргэжилтэн болж өөрчлөх талаар мэдэгдэсэн байна. Нэхэмжлэгч Б.О дээрх мэдэгдэлийг хүлээн авч, Худалдан авалтын мэргэжилтэн-ээр ажиллахыг зөвшөөрөөгүй тул 2019 оны 12 сарын 20-ны өдөр хөдөлмөрийн гэрээ цуцлах мэдэгдэл өгсөн байна.  

Хөдөлмөлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д Ажил олгогч энэ хуулийн 40.1.1, 40.1.2 -т заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлах тухайгаа ажилтанд нэг сарын өмнө мэдэгдэх бөгөөд аж ахуйн нэгж, байгууллага, түүний салбар, нэгж татан буугдсаны улмаас ажилтнуудыг бөөнөөр халах тохиолдолд ажилтны төлөөлөгчдөд 45 хоногийн өмнө мэдэгдэж, энэ хуульд заасны дагуу хэлэлцээ хийнэ гэж заасан. Хариуцагч нь хөдөлмөрийн гэрээг цуцлах тухайгаа нэхэмжлэгчид 2019 оны 12 сарын 20-ны өдөр мэдэгдэж, Хөдөрмөрийн гэрээ цуцлах тухай 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн тушаалд хөдөлмөрийн гэрээг 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөр тасалбар болгохоор шийдвэрлэсэн байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д заасныг зөрчөөгүй гэж үзэв.  

Нэхэмжлэгч Б.Отой байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай хариуцагч Т М ХХК-ийн гүйцэтгэх захирлын тушаал үндэслэлгүй, хууль бус гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай шаардлагыг хангах үндэслэлгүй.  

Иймд хариуцагч Т М ХХК-д холбогдох ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэгч Б.Оийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Хөдөлмөрийн тухай хуулийн Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 46 дугаар зүйлийн 46.1, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул Т М ХХК-д холбогдох, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэгч Б.Оийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Б.О нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Б.АЗБАЯР