Улсын дээд шүүхийн Тогтоол

2017 оны 11 сарын 08 өдөр

Дугаар 260

 

М.О, Б.А, О.Б, Л.Б,

Ч.Б, Г.Б, Г.Б  нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг

Танхимын тэргүүн Т.Уранцэцэг даргалж,

шүүгч С.Батдэлгэр, Б.Батцэрэн, Д.Ганзориг, Б.Цогт нарын бүрэлдэхүүнтэй,

прокурор М.Буяннэмэх,

шүүгдэгч М.О-гийн өмгөөлөгч Ц.Алтанцол,

шүүгдэгч Г.Б-гийн өмгөөлөгч Л.Даваасүрэн,

хохирогч Капитал банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Бямбацэцэг,

хохирогч Монгол банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Нинжбадгар,

иргэний нэхэмжлэгч Бэст кредит ББСБ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Дагиймаа,

нарийн бичгийн дарга Б.Бадмарага нарыг оролцуулан,

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн 53 дугаар шийтгэх тогтоол,

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 8-ны өдрийн 405 дугаар магадлалтай, 20835541 дугаар эрүүгийн хэргийг шүүгдэгч М.О-гийн гаргасан гомдлоор хянан хэлэлцэв.

1.Монгол Улсын иргэн, 1958 оны 3 дугаар сарын 8-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эмэгтэй, ял шийтгэлгүй, Малчин овогт М.О нь 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.3, 35.5 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар олж авсны улмаас онц их хэмжээний хохирол учруулах” гэмт хэрэгт,

2.Монгол Улсын иргэн, 1967 оны 8 дугаар сарын 13-ны өдөр Увс аймагт төрсөн, эмэгтэй, ял шийтгэлгүй, Авжийнхан овогт Б.А нь 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.6 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар олж авсны улмаас онц их хэмжээний хохирол учруулах” гэмт хэрэгт,

3.Монгол Улсын иргэн, 1973 оны 7 дугаар сарын 25-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй, Бүрэн овогт О.Б нь 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.6 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар олж авсны улмаас онц их хэмжээний хохирол учруулах” гэмт хэрэгт,

   4.Монгол Улсын иргэн, 1963 оны 11 дүгээр сарын 9-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, эмэгтэй, ял шийтгэлгүй, Онжуул овогт Л.Б нь 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.6 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар олж авсны улмаас онц их хэмжээний хохирол учруулах” гэмт хэрэгт,

   5.Монгол Улсын иргэн, 1974 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр Ховд аймагт төрсөн, эмэгтэй, ял шийтгэлгүй, Авгуус овогт Ч.Э нь 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.6 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар олж авсны улмаас онц их хэмжээний хохирол учруулах” гэмт хэрэгт,

   6.Монгол Улсын иргэн, 1968 оны 6 дугаар сарын 5-ны өдөр Говь-Алтай аймагт төрсөн, эмэгтэй, 2008 оны 9 дүгээр сарын 3-ны өдөр Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 5 cap хорих ял шийтгүүлж, тогтоол биелүүлэхийг 1 жил 6 сарын хугацаагаар хойшлуулсан, Олхонууд овогт Г.Б нь 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.6 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар олж авсны улмаас онц их хэмжээний хохирол учруулах” гэмт хэрэгт,

   7.Монгол Улсын иргэн, 1973 оны 3 дугаар сарын 3-ны өдөр Говь-Алтай аймагт төрсөн, эмэгтэй, ял шийтгэлгүй, Мухар овогт Г.Б нь 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.6 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар олж авсны улмаас онц их хэмжээний хохирол учруулах” гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Прокуророос шүүгдэгч Ч.Б, О.Б, Л.Б, Г.Б, Г.Б нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.6 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн 233 дугаар зүйлийн 233.2 дахь хэсэг болгон өөрчилж,

шүүгдэгч Б.А-т прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.6 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг 2002 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.3 дахь хэсэг болгон тус тус өөрчилж,

шүүгдэгч М.О-г бүлэглэн бусдын эд хөрөнгийг залилан мэхлэж онц их хэмжээний хохирол учруулсан, Б.А-ийг бүлэглэн бусдын эд хөрөнгийг залилан мэхлэж онц их хэмжээний хохирол учруулсан, шүүгдэгч О.Б, Ч.Б, Л.Б нарыг хуурамч бичиг баримтыг ашиглах буюу бусдад ашиглуулах зорилгоор хуурамчаар үйлдсэн, Г.Б, Г.Б нарыг хуурамч бичиг баримтыг бусдад ашиглуулах зорилгоор байнга үйлдсэн, борлуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

шүүгдэгч О.Б, Ч.Б, Л.Б, Г.Б, Г.Б нарт холбогдох хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2 дахь заалтад зааснаар хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.2 дахь хэсэгт зааснаар тэднийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж,

шүүгдэгч Б.А-т холбогдох 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.6 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3 дахь хэсэгт зааснаар зүйлчилсэн хэргийг 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож,

2008 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.3, 35.5 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.О-г 1.000.000 төгрөгийн эд хөрөнгийг хурааж, 10 жил 01 сар хорих ялаар шийтгэж, уг ялыг чанга дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэхээр тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар М.О-гийн цагдан хоригдсон 1136 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, Б.А нь 11 хоног, шүүгдэгч О.Б, Ч.Б, Л.Б, Г.Б, Г.Б нар нь 4 хоног цагдан хоригдсон болохыг дурьдаж,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 497 дугаар зүйлийн 497.3, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан шийтгэх тогтоолын хавсралт 1-д зааснаар шүүгдэгч М.О, О.Б, Г.Б, Г.Б, мөн Өршөөл үзүүлэх тухай хууль болон бусад үндэслэлээр холбогдох хэрэг нь хэрэгсэхгүй болсон Б.Ханд, А.Бямбацог, М.Баатархуяг, М.Ганхуяг, Ч.Б, Л.Б, Ж.Пүрэвсүрэн, Б.Уранбилэг, Б.Цэрэнбат, Х.Бямбасүх нараас нийт 784.844.598 төгрөгийг гаргуулж, нэр бүхий хохирогч нарт олгуулж,

Эрхийн бүртгэлийн Ү-2203000793 дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, 7 дугаар хорооллын 46 дугаар байрны 13 тоот, эрхийн бүртгэлийн Ү-2203005609 дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, 7 дугаар хорооллын 46 дугаар байрны 14 тоот, эрхийн бүртгэлийн Ү-2201009505 дугаарт бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо, 1 дүгээр хорооллын 9 дүгээр байрны 104 тоот орон сууцуудыг хохирогч О.Оюунбатынх мөн болохыг тогтоож, үүнээс үүсэх үр дагаврыг арилгах үүргийг шүүгдэгч М.О, А.Бямбацог, Ч.Б, Г.Б, Г.Б нарт хариуцуулж, энэ талаар эрх зөрчигдсөн хохирогч, иргэний нэхэмжлэгч нар нь иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмын дагуу жич нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдаж,

Төрийн сан банкны 900005401 дугаартай, Нийслэлийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн дансанд хадгалагдаж буй эд хөрөнгө барьцаалах таслан сэргийлэх арга хэмжээнд авагдсан шүүгдэгч нарын 4.000.000 төгрөг болон М.О-гийн эд хөрөнгө хураах нэмэгдэл ялд тооцуулахаар хураалгасан 500.000 төгрөгийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлж, 500.000 төгрөгийг Б.А-т буцаан олгож,

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт Л.Б-ын "Шарп" маркийн 14 инчийн өнгөт зурагт, 2 хаалгатай хятад улсад үйлдвэрлэсэн хөргөгч, Нокиа 6700 маркийн гар утас /хх-ийн 1332/, Б.Хандын "Монел маркийн 21 инчийн өнгөт зурагт, "Минск" маркийн хөргөгч, Моторолла маркийн гар утас /хх-ийн 1335/, Б.А-ийн "Шарп" маркийн 21 инчийн өнгөт зурагт, "Хитачи" маркийн 2 хаалгатай хөргөгч, 2 сандалтай буйдан ор, Нокиа-7610 маркийн гар утас /хх-ийн 1338/, О.Баттулгын "Шарп" маркийн 21 инчийн өнгөт зурагт, мебель диван, хувцасны шкаф, 2x3 хэмжээтэй хивс, Самсунг-250 маркийн гар утас /хх-ийн 1341/, А.Бямбацогийн "ЛЖ" маркийн 29 инчийн өнгөт зурагт, "Самсунг" маркийн 2 хаалгатай хөргөгч, унтлагын буйдан ор, ханын стенк /хх-ийн 1344/, Ч.Б-ийн "Монел" маркийн 21 инчийн өнгөт зурагт, "Монел" маркийн хөргөгч, "Монел" маркийн тоос сорогч, "Моторолла" маркийн гар утас /хх-ийн 1347/ зэрэг эд хөрөнгө битүүмжилсэн тогтоолыг тус тус хүчингүй болгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны 6 дугаар сарын 8-ны өдрийн 405 дугаар магадлалаар Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн 53 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт:

“2007 онд иргэн О.Оюунбатын өмчлөлийн Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, 7 дугаар хорооллын 46 дугаар байрны 13 тоот, мөн дүүргийн 9 дүгээр хороо, 7 дугаар хорооллын 46 дүгээр байрны 14 тоот, Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо, 1 дүгээр хорооллын 9 дүгээр байрны 104 тоот орон сууцнуудын бичиг баримтыг хуурамчаар үйлдэн, өөрийн өмчлөлд болон бусдын өмчлөлд шилжүүлэн өмчлөх эрхийг болон 165.000.000 төгрөгийн буюу онц их хэмжээний хохирол учруулан залилан мэхлэж авсан гэх үйлдэл холбогдлыг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгосугай” гэсэн нэмэлт заалт оруулж,

шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 7 дахь заалтад “...М.О-гийн урьд цагдан хоригдсон 1136 хоногийг ...” гэснийг “...М.О-гийн урьд цагдан хоригдсон 1168 хоногийг ...” гэж, мөн тогтоолын тогтоох хэсгийн 8 дахь заалтад “... 784.844.598 төгрөгийг ...” гэснийг “... 510.334.622 төгрөгийг ...” гэж өөрчилж,

магадлалын хавсралтаар шийтгэх тогтоолын 1 дүгээр хавсралтад өөрчлөлт оруулж, энэхүү хавсралт нь магадлалын салшгүй хэсэг болохыг дурдаж,

шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, ялтан М.О-гийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Шүүгдэгч М.О хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “...Миний цагдан хоригдсон хоногийг хянаж өгнө үү. Өөрт оногдсон өр төлбөрөө хүлээн зөвшөөрч байгаа, харин бусдад учруулсан хохирлыг үнэн зөвөөр тогтоож өгөхийг хүсч байна. Би Х.Уранчимэгт өргүй. Харин түүнээс 8 сая төгрөг авах ёстойгоос 4 сая төгрөгийг авсан, үлдэгдэл 4 сая төгрөг аваагүй байна.

Анод банкнаас авсан бүх зээлийг Алтанцэцэг хариуцаж хийсэн бөгөөд эдийн засагч, дарга нарыг нь таньдаг. Үүнд би огт оролцоогүй, бүх зээлүүд нь хуурамч бичиг баримтаар авсан болох нь тогтоогдсон. Одоо Анод банкин дээр Бямбабаярын 45 сая, Бямбасүхийн 20 сая, Цэрэнбатын 20 сая, Пүрэвсүрэнгийн 20 сая төгрөгийн өр төлбөрүүд үлдсэн болно.

Алтанцэцэг удаа дараагийн шүүх хурлууд дээр өр төлбөрөө барагдуулж дууссан гэж ярьдаг боловч бүрэн төлөгдөж дуусаагүй. Үүнийг Монгол банкны өр барагдуулах ажилтан давж заалдах шатны хурал дээр ярьсан байдаг. Гэтэл магадлалын хавсралтад төлсөн мэтээр бичсэн байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Алтанцэцэг авсан зээлээ ХУД-ийн ардчилсан холбооны сонгуульд өгч оронд нь албан тушаал авна гэж хүн болгонд ярьж явсан. Тэгээд ч ХУД-ийн хөдөлмөрийн хэлтсийн даргаар 9 жил ажилласан.

Болормаа түүний нөхөр Батбаяр нар анх 2005 оноос эхэлж өөрсдийн Говь-Алтай аймагт тавьсан өр төлбөрөө янз бүрийн аргаар надаар төлүүлж эхэлсэн. Энэ хоёроос өр төлбөрөө авах гэж явж байж Бадамцоо болон бусад хүмүүстэй танилцсан. Болормаа, Батбаяр хоёрын авсан зээлүүд нь багадаа 120 сая төгрөг байгаа. Тэд Хаан банкаар дамжуулж Говь-Алтай аймаг руу мөнгөө шилжүүлж байсныг тогтоолгох гэж удаа дараа шаардсан боловч ямар нэгэн ажиллагаа хийгдээгүй.

Дээрх асуудлуудад золиос болсон Бямбабаяр, Баттулга, Ханд, Баатархуяг, Ганхуяг, Бямбацог, Эрдэнэчимэг, Бямбасүх, Пүрэвсүрэн нарт төлбөрийг хариуцуулж тогтоож байгааг үнэхээр эсэргүүцэж байна.

Хас банкнаас Оюунбатын нэр дээр Бямбацогийн зээлийн үлдэгдэл 8.333.333 төгрөг байх ёстой. Гэтэл энэ үлдэгдлийг давхардуулж Бадамцоо, Бямбацог нарт оногдуулсныг хянан шалгаж төлбөрийг Бадамцоод ноогдуулж өгөхийг хүсч байна.

Хууль бусаар өмч хөрөнгө, орон байр бусдын өмчлөлд шилжсэн бол буруутай этгээдэд төлбөрийг нь ноогдуулж уг байр нь өмчлөгч эзэндээ буцаж очно гэсэн заалтын дагуу давж заалдах шатны шүүх хурлаас Магван нь нас барсан ч хохирогчийг тогтоох гэсэн заалт хэрэгжээгүй. Иймд хохирогчоор нь амьд сэрүүн байхдаа хамт өмчлөлд нь байсан зээ охин Уянга, хүү Ганхуяг нарын өмчлөх эрхийг сэргээж өгнө үү.

Би гэмт хэрэг үйлдсэндээ туйлын их харамсан гэмшиж байна. Давж заалдах шатны шүүхээс удаа дараа зөв шийдвэрүүд гарч байсан боловч буцаад ямар байсан яг тэр чигтээ шийдэгдсээр ирсэн. Би хохирол барагдуулах тал дээр 2 жил орчим ажил хөдөлмөр эрхэлж ажиллаж байсан. Иймд хорихоос өөр төрлийн ял шийтгэл оногдуулбал хуулийг чанд сахин дахиж гэмт хэрэгт холбогдохгүй гэдгээ илэрхийлж байна” гэжээ.                                                                  

Шүүгдэгч М.О-гийн өмгөөлөгч Ц.Алтанцол хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: “Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг удаа дараа ноцтой зөрчсөн. Шүүгдэгч М.О-гийн гаргасан гомдлыг дэмжиж байна. Шүүгдэгч М.О-гийн үйлдлийг 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 2.1 дэх хэсгээр зүйлчлэх саналтай байна. 17.3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн заалт 7 дугаар сараас хойш Эрүүгийн хуулинд нэмэлтээр бүрэлдэхүүн болж орсныг харгалзаж үзнэ үү. Шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй ажиллагаанууд байгаа тул анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн дахин хэлэлцүүлэгт буцааж өгнө үү” гэв.

Шүүгдэгч Г.Б-гийн өмгөөлөгч Л.Даваасүрэн хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: “Шүүгдэгч М.О нь өөрийн үйлдсэн залилангийн  хэрэгт шүүгдэгч Г.Б-г оролцсон гэж мэдүүлсэн. Гэвч шүүгдэгч Г.Б нь залилангийн хэрэгт оролцсон нь мөрдөн байцаалтын шат болон шүүхийн шатанд нотлох баримтаар тогтоогдоогүй. Шүүгдэгч Г.Б-гийн үйлдсэн хэрэгт хохирогч болон гэрч байхгүй. Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг зөв шийдвэрлэсэн гэж үзэж байна. Шүүгдэгч Г.Б-д бусдад учруулсан шууд хохирол байхгүй боловч анхан шатны шүүх шийтгэх тогтоолдоо 60 гаруй сая төгрөгийн хохирол төлүүлэхээр заасан нь үндэслэлгүй. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй тул анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээж өгнө үү гэсэн саналтай байна” гэв.

Прокурор М.Буяннэмэх хяналтын шатны шүүх хуралдаанд гаргасан хууль зүйн дүгнэлтдээ: Шүүгдэгч М.О нарт холбогдох хэргийн нотлох баримтыг үнэлж дүгнэсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, түүнд өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн магадлал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй байна. Шүүгдэгч М.О-гийн үйлдэлд 2015 оны Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэх боломжтой. Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.О-гийн үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хувийн байдлыг харгалзан ял шийтгэл оногдуулж өгнө үү гэсэн хууль зүйн дүгнэлт гаргаж байна гэв.

Шүүгч Б.Батцэрэнгийн хэргийн талаарх танилцуулга, шүүх хуралдаанд оролцсон прокурор М.Буяннэмэхийн хууль зүйн дүгнэлт, өмгөөлөгч Ц.Алтанцол, Л.Даваасүрэн нарын саналыг сонсоод

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч М.О-гийн гаргасан гомдлыг үндэслэн М.О, Б.А, О.Б, Л.Б, Ч.Б, Г.Б, Г.Б  нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Шүүгдэгч М.О нь 2006 оны 5 дугаар сараас 2008 оны 8 дугаар сар хүртэлх хугацаанд хуурамч бичиг баримт ашиглан нийт 34 удаагийн үйлдлээр ганцаараа болон бусадтай бүлэглэн банк, банк бус санхүүгийн байгууллага, иргэд, аж ахуйн нэгжид итгэл үнэмшил төрүүлэн төөрөгдөлд оруулж тэднийг залилан мэхлэж 626.177.939 төгрөгийн онц их хэмжээний хохирол учруулсан,

-шүүгдэгч Б.А нь 2007 оны 5 дугаар сараас 2007 оны 10 дугаар сар хүртэлх хугацаанд нийт 6 удаагийн үйлдлээр ганцаараа болон бусадтай бүлэглэн Монгол шуудан банк, Анод банк, иргэн Б.Ариунболд, Л.Хишигдорж нарт итгэл үнэмшил төрүүлэн төөрөгдөлд оруулж тэднийг залилан мэхлэж 87.000.000 төгрөгийн онц их хэмжээний хохирол учруулсан,

-шүүгдэгч О.Б, Л.Б, Ч.Б, Г.Б, Г.Б нар нь 2007-2008 оны хооронд М.О-гийн бусдыг хуурч залилан мэхлэх үйлдэлд хуурамч бичиг баримтуудыг ашиглуулах зорилгоор бичиг баримтыг хуурамчаар үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн талаар анхан болон давж заалдах шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

Харин давж заалдах шатны шүүх М.О-гийн “2007 онд иргэн О.Оюунбатын өмчлөлийн 3 орон сууцны бичиг баримтыг хуурамчаар үйлдэн, өөрийн өмчлөлд болон бусдын өмчлөлд шилжүүлж 165.000.000 төгрөгийн буюу онц их хэмжээний хохирол учруулсан” үйлдэл холбогдлыг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хэргийн жинхэнэ байдалтай нийцээгүй байна.

Хохирогч О.Оюунбатын “М.О нь миний өмчлөлийн 3 орон сууцыг намайг Польш улсад амьдарч байх хооронд 2017 онд хууль бусаар өөрийн өмчлөлд болон бусдын өмчлөлд шилжүүлэн авч, гэрчилгээг хуурамчаар үйлдэн банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж зээлийн хоршоо, иргэнд барьцаалж залилан мэхэлсэн” гэх мэдүүлэг /6-р хх-78/, М.О-гийн яллагдагчаар өгсөн “Оюунбат нь амралтаараа Монгол Улсад ирчихээд буцаад Польш улс руу явсных нь дараа О.Оюунбатын эзэмшлийн 3 ширхэг байрны ордерийг барьцаанд тавьж зээл авах зорилгоор Баясаа гэдэг залуугаас гуйж байгаад, О.Оюунбатаас Польш улсаас надад итгэмжлэл өгсөн баримт хийлгүүлэн уг баримтаа нотариатаар батлуулсан. 2006 оны 4 дүгээр сард О.Оюунбат утсаар яриад 3 ширхэг байрны ордер үлдээчихсэн байна. Тэдгээрийг нааш нь явуулаадхаач гэсэн. Гэтэл 3 ордерийг би аль хэдийн өөрийн болон өөр хүмүүсийн нэр дээр шилжүүлээд барьцаанд тавьчихсан байсан.” гэх мэдүүлэг /9-р хх-113/ зэргээр эрхийн бүртгэлийн Ү-2203000793 дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, 7 дугаар хороолол, 46 дугаар байрны 13 тоот, эрхийн бүртгэлийн Ү-2203005609 дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, 7 дугаар хороолол, 46 дугаар байрны 14 тоот, эрхийн бүртгэлийн Ү-2201009505 дугаарт бүртгэлтэй Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо, 1 дүгээр хороолол, 9 дүгээр байрны 104 тоот орон сууцнуудын хууль ёсны эзэмшигчийг О.Оюунбат гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шүүгдэгч М.О нь бусдаар хуурамч баримт бичиг үйлдүүлэн О.Оюунбатын өмчлөх эрхийг залилан мэхэлсэн болох нь тогтоогдсон талаар анхан шатны шүүхийн хийсэн дүгнэлтийг үндэслэлтэй гэж дүгнэв.

Анхан шатны шүүх хохирогч О.Оюунбатын өмчлөх эрх зөрчигдсөн талаар үндэслэл бүхий дүгнэлт хийсэн атлаа түүний өмчлөх эрхийг сэргээх асуудлыг шийдвэрлээгүй орхигдуулсан байх тул дээрх орон сууцнуудын өмчлөгчөөр О.Оюунбатыг тогтоож, энэ талаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзэв.

Шүүгдэгч М.О, Б.А, О.Б, Л.Б, Ч.Б, Г.Б, Г.Б нарын үйлдсэн гэмт хэргийн талаар мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэсэн зарчмын дагуу шүүгдэгч нарын гэм бурууг хэлэлцэж, тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтад үндэслэн хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлд заасан хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Анхан шатны шүүх Прокуророос шүүгдэгч Ч.Б, О.Б, Л.Б, Г.Б, Г.Б нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.6 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн 233 дугаар зүйлийн 233.2 дахь хэсэг болгон,

шүүгдэгч Б.А-т прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.6 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг 2002 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.3 дахь хэсэг болгон тус тус өөрчилж,

шүүгдэгч О.Б, Ч.Б, Л.Б, Г.Б, Г.Б нарт холбогдох хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.2 дахь хэсэгт зааснаар тэднийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж,

шүүгдэгч Б.А-т холбогдох 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.6 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3 дахь хэсэгт зааснаар зүйлчилсэн хэргийг 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож, 

шүүгдэгч М.О-д 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.3, 35.5 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар ял оногдуулж шийдвэрлэхдээ Эрүүгийн хууль болон Өршөөл үзүүлэх тухай хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзэв.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Ч.Б, О.Б, Л.Б, Г.Б, Г.Б нарын үйлдлийг 2002 оны Эрүүгийн хуулийн 233 дугаар зүйийн 233.2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж, тэдэнд холбогдох хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлж,

-шүүгдэгч Б.А-т холбогдуулан 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.6 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3 дахь хэсэгт зааснаар зүйлчилсэн хэргийг Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай 2015 оны хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул шүүгдэгч Ч.Б, О.Б, Л.Б, Г.Б, Г.Б, Б.А нарт 2015 оны Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэх шаардлагагүй гэж үзэв.

2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс мөрдөгдөж эхэлсэн 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ.” гэж заажээ.

Шүүгдэгч М.О-гийн үйлдэл нь 2015 оны Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт заасан “Хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, ... урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлсний улмаас бусдад онц их хэмжээний хохирол учруулж залилах” гэмт хэргийн шинжийг хангасан бөгөөд 2015 оны Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт “арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих” ял оногдуулахаар хуульчилсан нь 2002 оны Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг залилан мэхлэж авсны улмаас онц их хэмжээний хохирол учруулах” гэмт хэрэгт оногдуулах “арваас дээш арван таван жил хорих” ялын хэмжээнээс бага буюу хорих ялын доод, дээд хэмжээ багассан байх тул шүүгдэгч М.О-д 2015 оны Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэх хууль зүйн үндэслэл тогтоогдсон гэж үзэв.

Иймд шүүгдэгч М.О-д холбогдох хэргийг түүний эрх зүйн байдлыг дээрдүүлсэн 2015 оны Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж, уг зүйл хэсэгт заасан хорих ялыг оногдуулах үндэслэлтэй бөгөөд гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршгийн хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан дээрх зүйл хэсэгт заасан хорих ялыг оногдуулах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх шийдвэрлэв.

Хяналтын шатны шүүх нь хяналтын журмаар хэрэг хянан шийдвэрлэхдээ анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрээр тогтоогдоогүй, эсхүл үгүйсгэгдсэн нөхцөл байдлыг тогтоох, түүнийг нотлогдсон гэж үзэх, ямар нэг нотлох баримтыг нөгөөгөөс нь ач холбогдолтойд тооцох эрхгүй тул шүүгдэгч М.О-гийн гаргасан “...Би Х.Уранчимэгт өргүй. Харин түүнээс 8 сая төгрөг авах ёстойгоос 4 сая төгрөгийг авсан, үлдэгдэл 4 сая төгрөг аваагүй. Анод банкнаас авсан бүх зээлийг Алтанцэцэг хариуцаж хийсэн бөгөөд эдийн засагч, дарга нарыг нь таньдаг. Үүнд би огт оролцоогүй. Төрсөн эцэг Магваны байрны өмчлөлд нь хамт байсан зээ охин Уянга, хүү Ганхуяг нарын өмчлөх эрхийг сэргээж өгнө үү.” гэсэн гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй гэж дүгнэв.

Шүүгдэгч М.О-д холбогдох 2007 онд хохирогч О.Оюунбатын өмчлөлийн Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, 7 дугаар хороолол, 46 дугаар байрны 13 тоот, Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, 7 дугаар хороолол, 46 дугаар байрны 14 тоот, Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо, 1 дүгээр хороолол, 9 дүгээр байрны 104 тоот орон сууцнуудын бичиг баримтыг хуурамчаар үйлдэн, өөрийн өмчлөлд болон бусдын өмчлөлд шилжүүлэн 165.000.000 төгрөгийн хохирол учруулсан” хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 405 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалтыг хүчингүй болгож,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 53 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 8 дахь заалт болон уг шийтгэх тогтоолын хавсралтаар гэм хорын хохирлыг шийдвэрлэсэн хэсэгт өөрчлөлт оруулахдаа нийлбэр үнийн дүнд тооцооллын алдаа гаргасан Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 405 дугаар магадлалын тогтоох хэсгийн 2 дахь заалтад зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.7 дахь хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн 53 дугаар шийтгэх тогтоолын 10 дахь заалтад

“Эрхийн бүртгэлийн Ү-2203000793 дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, 7 дугаар хороолол, 46 дугаар байрны 13 тоот, эрхийн бүртгэлийн Ү-2203005609 дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, 7 дугаар хороолол, 46 дугаар байрны 14 тоот, эрхийн бүртгэлийн Ү-2201009505 дугаарт бүртгэлтэй Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо, 1 дүгээр хороолол, 9 дүгээр байрны 104 тоот орон сууцнуудыг хохирогч О.Оюунбатынх мөн болохыг улсын бүртгэлд бүртгэхийг Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгасугай” гэсэн нэмэлт оруулж,

-Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 8-ны өдрийн 405 дугаар магадлалын 1 дэх заалтыг хүчингүй болгож,

-шийтгэх тогтоолын 2 дахь заалтын “Малчин овогт М.О-г бүлэглэн бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай” гэснийг “Малчин овогт М.О-г “Хуурч, баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, ... урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлсний улмаас бусдад их хэмжээний хохирол учруулж залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай” гэж өөрчилж,

-шийтгэх тогтоолын 5 дахь заалтыг “М.О-г 2015 оны Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар 8 /найм/ жилийн хорих ялаар шийтгэсүгэй.”,

шийтгэх тогтоолын 6 дахь заалтыг “2015 оны Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.О-д оногдуулсан 8 /найм/ жилийн хорих ялыг хаалттай дэглэмд эдлүүлсүгэй.” гэж тус тус өөрчилсүгэй.

2.Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 8-ны өдрийн 405 дугаар магадлалын 2 дахь заалт болон уг магадлалын хавсралтад “ нийт 510.334.622” гэснийг “нийт 506.334.622” гэж тус тус өөрчилсүгэй.

3.Шийтгэх тогтоол, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч М.О-гийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

            ДАРГАЛАГЧ,

            ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                          Т.УРАНЦЭЦЭГ

            ШҮҮГЧ                                                                    С.БАТДЭЛГЭР

                                                                                            Б.БАТЦЭРЭН                                        

                                                                                            Д.ГАНЗОРИГ

                                                                                            Б.ЦОГТ