Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Пүрэвдоржийн Соёл-Эрдэнэ |
Хэргийн индекс | 128/2016/0240/з |
Дугаар | 166 |
Огноо | 2017-05-08 |
Маргааны төрөл | Ашигт малтмал, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2017 оны 05 сарын 08 өдөр
Дугаар 166
“Бакунатур” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимын хяналтын шатны шүүх хуралдааныг шүүгч Л.Атарцэцэг даргалж, шүүгч Г.Банзрагч, Б.Мөнхтуяа, Д.Мөнхтуяа, П.Соёл-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга С.Баяртуяа, нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.Баярсайхан, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Шажинбат, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Дашдаржаа, гуравдагч этгээд “Их монголын орд” ХХК-ийн өмгөөлөгч Ж.Эрхэсхулан, гуравдагч этгээд “Геомандал солюшн” ХХК-ийн өмгөөлөгч А.Мөнх-Өлзий нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 1032 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн 221/МА2017/0165 дугаар магадлалыг эс зөвшөөрч нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор, “Бакунатур” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдох захиргааны хэргийг шүүгч П.Соёл-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 1032 дугаар шийдвэрээр: Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1, Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.2, 19.1.3, 19.1.4, 19.5, мөн хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2, 49.3-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Бакунатур” ХХК-ийн “Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн дарга Н.Чинбаатарын 2016 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 6/757 дугаар “Бакунатур” ХХК-д ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан шийдвэрийг хүчингүй болгох, Говь-Алтай аймгийн Дэлгэр, Тайшир сумдын нутагт байрлах Тайшир нэртэй газарт 25729.22 гектор талбайд хайгуулын үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хамгийн түрүүнд гаргаж бүртгүүлсэн этгээд нь “Бакунатур” ХХК болохыг тогтоолгож хүлээн зөвшөөрүүлэх, Ашигт малтмалын хэрэг эрхлэх газрын Кадастрын хэлтэст “Бакунатур” ХХК-ийн NE-025139 дугаар бүртгэлтэй өргөдлийн дагуу Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3 дахь хэсэгт заасан ажиллагааг дахин хийж, зохих журмын дагуу шийдвэрлэхийг даалгах, Ашигт малтмалын хэрэг эрхлэх газрын Кадастрын хэлтсийн дарга Н.Чинбаатарын 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 1187 дугаар Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох тухай Шийдвэрийн “Универсалнобле машинери” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Ашигт малтмалын хэрэг эрхлэх газрын Кадастрын хэлтсийн дарга Н.Чинбаатарын 2016 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 33 дугаар “Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох тухай” шийдвэрийн "Их монголын орд" ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцээд 2017 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн 221/МА2017/0165 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 1032 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч “Бакунатур” ХХК-ийн захирал Г.Баярсайхан, итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Шажинбат нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “Бакунатур” ХХК нь хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч Ашигт малтмалын газраас тавьсан шаардлагын дагуу VPN төхөөрөмж, цахим шалгаруулалтын системд нэвтрэх эрхийг тус тус худалдан авч, 2015 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн цахим шалгаруулалтад бусад аж ахуй нэгжүүдтэй шударгаар өрсөлдөн оролцож Говь-Алтай аймгийн Дэлгэр, Тайшир сумдын нутагт байрлах Тайшир нэртэй газарт 25729.22 гектор талбайд хамгийн түрүүнд мэдээллээ баталгаажуулж оруулсан тул тус талбарт өргөдөл гаргах эрхийг олж авсан.
Ингээд Ашигт малтмалын газраас тогтоосон хугацаа болох 2015 оны 2 дугаар сарын 13-ны өдөр хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг гаргаж NE-025139 дугаарт бүртгэгдсэн.
Ашигт малтмалын газраас манай ирүүлсэн өргөдлийг тус талбарт хамгийн түрүүнд ирүүлсэн, Ашигт малтмалын тухай хуулийн 7.1, 17.2 дахь хэсэгт заасан шаардлагыг бүрэн хангасан өргөдөл гэж үзээд Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3 дахь хэсэгт заасны дагуу Говь-Алтай аймгийн Засаг даргаас санал авахаар хүргүүлсэн байсан.
Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 349 дүгээр шийдвэрээр “Засаг даргын “дэмжихгүй” санал ирсэн тул тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсугай” хэмээн “Бакунатур” ХХК-ийн хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан.
“Бакунатур” ХХК нь Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын шийдвэрийн үндэслэл болж буй Говь-Алтай аймгийн Засаг даргын саналыг эс зөвшөөрч асуудлыг дахин хянан үзэх тухай хүсэлтийг Засаг даргад гаргасан бөгөөд Говь-Алтай аймгийн Засаг дарга нь тухайн асуудлыг дахин авч үзэж санал өгөх боломжтой талаар мэдэгдсэн тул “Бакунатур” ХХК нь 2015 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст “Говь-Алтай Засаг дарга асуудлыг дахин авч үзэж санал өгөхөөр болсон тул зохих журмын дагуу санал авах мэдэгдлийг хүргүүлж өгнө үү" гэх утгатай албан хүсэлтийг гаргасан юм.
Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн дарга уг хүсэлтэд хариу өгөөгүй, Говь-Алтай аймгийн Засаг дарга нь манай компанийн хүсэлтийн дагуу асуудлыг дахин авч үзээд 2016 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн 291 дүгээр өргөдөлд өгөх саналаар “Бакунатур” ХХК-д “тусгай зөвшөөрөл олгохыг дэмжиж байна” гэх саналыг манай компанид ирүүлсэн.
“Бакунатур” ХХК нь Говь-Алтай аймгийн Засаг даргын уг саналыг үндэслэн Ашигт малтмалын газрын даргад 2015 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн 09 дүгээр албан бичгээр асуудлыг дахин шийдвэрлэх хүсэлтийг гаргасан боловч “өргөдөл нь бүртгэлээс хасагдсан байх тул Засаг даргын саналыг үндэслэн тусгай зөвшөөрөл олгох боломжгүй" гэх хариуг бидэнд өгсөн.
Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн дарга нь гаргасан шийдвэрийнх нь үндэслэл болж буй үйл баримт өөрчлөгдөөд байхад дахин шийдвэрлэхгүй хэмээн хариу өгч буй нь Ашигт малтмалын тухай хуульд заасныг зөрчсөн хууль бус шийдвэр гэж үзэж байна.
Анхан шатны шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсэгт "тухайн өдөр хамгийн түрүүнд бүртгүүлснийхээ эрхийг нэхэмжлэгч эдэлсэн байна" хэмээн Ашигт малтмалын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д заасныг буруугаар тайлбарлан хэрэглэсэн бөгөөд хуулийн уг заалтын дагуу тухайн талбарт хамгийн түрүүнд өргөдөл гаргасан этгээд нь хууль журмын дагуу өргөдлөө шийдвэрлүүлэх, тухайн талбарт хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоор болбол өөр хэнд ч биш зөвхөн хамгийн түрүүнд гаргасан этгээдэд олгох агуулгатай зохицуулалт байхад төрийн захиргааны байгууллагын ямарваа нэг шийдвэр гарсан л бол тухайн талбарт хамгийн түрүүнд бүртгүүлснийхээ эрхийг эдэлсэн гэж үзнэ хэмээн тайлбарлаж хэрэглэсэн нь хуульд нийцэхгүй, хамгийн түрүүнд өргөдөл гаргаж бүртгүүлсэн этгээдийн эрх ашгийг зөрчиж байна.
Нөгөө талаас Говь-Алтай аймгийн Засаг дарга О.Амгаланбаатарын 2015 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 31 дүгээр Говь-Алтай Дэлгэр, Тайшир сумдын нутагт байрлах Тайшир нэртэй газарт 25729.22 гектор талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг “дэмжихгүй” гэх саналын татгалзах үндэслэл болсон үйл баримтууд хэрхэн өөрчлөгдсөн. “Бакунатур” ХХК-ийн дараа өргөдөл гаргасан этгээдүүдийн хувьд дээрх үйл баримтууд хамаарахгүй, зөвшөөрөл олгох боломжтой болсон байсан үйл баримт тогтоогдоогүй байхад энэхүү байдлыг анхан, давж заалдах шатны шүүх анхаарч үзэлгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх зарчмыг зөрчихөд хүргэсэн.
Тухайлбал, Засаг даргын 31 дүгээр саналд үндэслэсэн Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 31 дүгээр хурлын тэмдэглэлээс үзвэл "түүхийн болон одоо үеийн өвөг дээдсийн булш, бунхан бүхий газрууд, хадлангийн талбай, отрын бүс нутаг, мөн орон нутгийн тусгай хамгаалалттай байгаа учраас хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжгүй юм" хэмээн татгалзсан үндэслэл нь Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5 дахь хэсэгт заасан тусгай зөвшөөрөл олгохоос татгалзах үндэслэлд хамаарахгүй байхад уг татгалзлыг үндэслэлтэй гэж хууль эрх зүйн мэргэжилтэн эрх зүйн шүүлт хийж тэмдэглэсэн байх бөгөөд аймгийн засаг даргын татгалзсан саналыг хууль зүйн үндэслэлтэй, орон нутгийн тусгай хэрэгцээний газар, өвөг дээдсийн булш бунхан байрлаж байгаа нь хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзах үндэслэл болно гэж үзсэн мөртлөө дахин уг талбарт бусад этгээдээс өргөдөл хүлээн авч татгалзал болж буй үндэслэл хэрхэн арилсан нь тодорхойгүй байхад аймгийн засаг даргын санал хуульд заасан хугацаанд ирээгүй гэх үндэслэлээр олгохоор шийдвэрлэж буй нь Үндсэн хуулийн 1 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан төрийн үйл ажиллагаанд "шударга ёс", "тэгш байдлыг баримтлах" зарчмыг зөрчсөн байна.
Ашигт малтмалын газар нь Говь-Алтай аймгийн Засаг даргын 31 дүгээр саналд дурдсан татгалзсан үндэслэлүүд нь тухайн талбарт хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзах үндэслэл болохгүй гэдгийг мэдсэн, мэдсэн ч учраас дахин өөр этгээдүүдээс өргөдөл хүлээн авч олгохоор шийдвэрлэсэн байх бөгөөд Ашигт малтмалын газрын даргын 2015 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн тушаалаар баталсан Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох үйл ажиллагааны дотоод зааврын 4.5 дахь хэсэгт "Аймаг, Нийслэлийн Засаг даргаас хууль зүйн үндэслэлгүй дэмжээгүй санал ирүүлсэн тохиолдолд хайгуулын тусгай зөвшөөрлийн асуудал хариуцсан мэргэжилтэн нь ажлын 3 өдөрт багтаан хайгуулын тусгай зөвшөөрөл олгох шийдвэр гаргана, дээрх шийдвэрийн талаар аймаг, Нийслэлийн Засаг даргад бичгээр мэдэгдэнэ" хэмээн тодорхой заасан дотоод журмын заалт, Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5 дахь хэсэгт заасныг мөрдөхгүй, тусгай зөвшөөрөл хүсэж буй хуулийн этгээдүүдэд ялгавартайгаар хандаж буй нь нэхэмжлэгчийн эрх ашгийг зөрчиж байна.
Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан болон давж заалдах шатны шүүхээс хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэл муутай байх тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч “Бакунатур” ХХК нь Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдуулан 2016 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн 6/756 дугаар албан бичиг, 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 1187 дугаар шийдвэрийн “Универсалнобле машинери” ХХК-д холбогдох хэсэг, 2016 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн 33 дугаар шийдвэрийн "Их монголын орд" ХХК-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах, хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хамгийн түрүүнд гаргаж бүртгүүлсэн этгээд нь “Бакунатур” ХХК мөн болохыг тогтоолгож хүлээн зөвшөөрүүлэх, NE-025139 дугаарт бүртгэлтэй өргөдлийг дахин хянаж, зохих журмын дагуу шийдвэрлэхийг даалгах нэхэмжлэл гаргажээ.
Нэхэмжлэгч хуулийн этгээд нь Говь-Алтай аймгийн Дэлгэр, Тайшир сумдын нутаг дэвсгэрт байрлах Тайшир нэртэй газарт, 25729.22 гектор талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг 2015 оны 2 дугаар сарын 13-ны өдөр цахимаар гаргаж, өргөдлийн дугаарт хамгийн түрүүнд бүртгэгдсэн болох нь хэрэгт авагдсан шүүлт хийсэн тодорхойлолт, өргөдөл хүлээн авсан хугацаа зэрэг баримтаар тогтоогдсон байна. Улмаар Ашигт малтмалын газраас тусгай зөвшөөрөл олгох боломжтой гэж үзэж, аймгийн Засаг даргаас санал авахаар албан бичиг хүргүүлсэн бөгөөд Говь-Алтай аймгийн Засаг даргын 2015 оны 3 дугаар сарын 18-нд “түүхийн болон өвгөд дээдсийн булш бунхан байгаа, мөн хадлангийн талбай, отрын бүс нутаг, орон нутгийн тусгай хамгаалалтад байгаа” гэсэн үндэслэлээр тусгай зөвшөөрөл олгохыг зөвшөөрөөгүй, энэ дагуу Ашигт малтмалын газраас 2015 оны 5 дугаар сарын 8-ны өдрийн 349 дүгээр шийдвэрээр тусгай зөвшөөрөл олгохоос татгалзаж, 2016 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн 6/756 дугаар албан бичгээр мэдэгджээ.
Ашигт малтмалын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсэгт зааснаар хуулийн шаардлага хангасан бөгөөд хамгийн түрүүнд өргөдөл гаргаж бүртгүүлсэн этгээдэд хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоор зохицуулсан байна. Өөрөөр хэлбэл хуулийн агуулга, зарчим нь хамгийн түрүүнд өргөдөл гаргасан этгээдэд давуу эрх олгосон байх бөгөөд нэхэмжлэгчийн өргөдөл нь хуулийн шаардлагыг хангасан, холбогдох баримтыг бүрдүүлсэн байсан, тийм ч учраас хариуцагчаас “тусгай зөвшөөрөл олгох боломжтой” өргөдөл гэж үзэж, аймгийн Засаг даргын саналыг авахаар албан бичиг хүргүүлж байжээ.
Гэтэл нэхэмжлэгчид татгалзсан аймгийн Засаг даргын үндэслэл арилсан эсэх нь тодорхойгүй, тухайн солбицол бүхий талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг орон нутгийн байгууллага зөвшөөрөөгүй болохыг Ашигт малтмалын газар мэдсэн атлаа гуравдагч этгээдэд тухайн талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгосон нь буруу байна. Учир нь маргаан бүхий талбайд хайгуулын зөвшөөрөл олгох боломжгүй бол энэ нь бүх этгээдэд адилхан боломжгүй байх, адилхан шалгуур тавигдах зарчимтай бөгөөд нэхэмжлэгчид татгалзсан үндэслэл гуравдагч этгээдэд ч мөн адил үйлчлэх нь хүн бүр хуулийн өмнө эрх, тэгш байх зарчимд нийцнэ.
Иймээс маргаан бүхий актууд болох 2016 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн 6/756 дугаар албан бичиг, 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 1187 дугаар шийдвэрийн “Универсалнобле машинери” ХХК-д холбогдох хэсэг, 2016 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн 33 дугаар шийдвэрийн "Их монголын орд" ХХК-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгох нь зөв юм.
“Бакунатур” ХХК-ийн Говь-Алтай аймгийн Дэлгэр, Тайшир сумдын нутаг дэвсгэрт байрлах Тайшир нэртэй газарт, 25729.22 гектор талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл нь Ашигт малтмалын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 17 дугаар зүйлийн 17.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан, тус талбайд нэхэмжлэгч хамгийн түрүүнд өргөдөл гаргасан болох нь тогтоогдсон, Ашигт малтмалын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д заасан хууль ёсны эрх, ашиг сонирхол үүсэх тул тогтоох нэхэмжлэлийн шаардлагыг хангах, мөн хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хүлээн авч, зохих журмын дагуу шийдвэрлэхийг даалгах нь хуульд нийцнэ.
Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5 дахь хэсэгт “аймгийн Засаг дарга зөвхөн хуульд заасан үндэслэлээр хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан хариу өгч болно” гэж заажээ. Тодруулбал хууль тогтоогчоос аймгийн Засаг даргад татгалзах эрхийг олгохдоо тодорхой хязгаарлалт заасан, зөвхөн хуульд заасан үндэслэлээр татгалзахыг зөвшөөрсөн байна. Эндээс Ашигт малтмалын газар нь хайгуулын тусгай зөвшөөрлийг олгох эцсийн шийдвэр гаргах эрхийн хүрээнд аймгийн Засаг даргын татгалзлын хууль зүйн үндэслэлийг хянах үүрэгтэй гэж үзнэ.
Мөн хуулийн 17 дугаар зүйлийн 17.2.2 дахь хэсэгт зааснаар хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн талбай нь тусгай хэрэгцээний газар, ашигт малтмал хайх, ашиглахыг хориглосон газар, нөөцөд авсан талбайтай ямар нэг байдлаар давхцаагүй байхыг шаардсан байх бөгөөд энэ тохиолдолд дээрх үндэслэл тогтоогдоогүй, орон нутгийн тусгай хэрэгцээний газартай давхцаагүй, нөгөө талаар үнэхээр тусгай хэрэгцээнд авсан газар байсан бол гуравдагч этгээдэд ч мөн адил татгалзсан хариу өгөх үүрэгтэй байсан.
Анхан болон давж заалдах шатны шүүхээс “...анх гаргасан өргөдлийг шийдээд дууссан, өөрийн санаачилгаар аймгийн Засаг даргаас дахин зөвшөөрөл авсан нь үндэслэлгүй, өөр этгээд өргөдөл гаргах боломжтой болсон” гэсэн дүгнэлт хийж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь буруу бөгөөд хуулийн дээрх зарчимд нийцэхгүй байна.
Маргаан бүхий талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч анх өргөдөл гаргасан этгээд нь нэхэмжлэгч хуулийн этгээд мөн байсан, хэрэв захиргааны байгууллагаас уг талбайд өөр нэгэн этгээдэд хайгуулын тусгай зөвшөөрөл олгоогүй байсан бол шүүхийн дээрх дүгнэлт зөв байх боловч энэ хэргийн нөхцөл өөр байгааг, захиргааны байгууллага адил тохиолдолд өөр өөр шийдвэр гаргасан байгааг анхан болон давж заалдах шатны шүүхүүд анхаараагүй байна.
Хариуцагчийн “тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан 349 дүгээр шийдвэртэй нэхэмжлэгч маргаагүй тул хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн” гэх тайлбар үндэслэлгүй байна. Учир нь, 2015 оны 5 дугаар сарын 8-ны өдрийн 349 дүгээр шийдвэрээр “Засаг даргын дэмжихгүй санал ирсэн тул тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсугай” гэсэн байх бөгөөд нэхэмжлэгч энэхүү шийдвэрийн үндэслэл болсон үйл баримттай холбогдуулан эрх бүхий байгууллагад хандаж, 2016 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр аймгийн Засаг даргаас дэмжсэн санал авснаар өргөдөл шийдүүлэх эрх нь нээгдсэн, захиргааны байгууллагын эрх зүйн ач холбогдол бүхий дараагийн шийдвэр гарснаар нөхцөл байдал өөрчлөгдсөн тул хөөн хэлэлцэх хугацаа хэтрээгүй болно.
Гуравдагч этгээдийн “нэхэмжлэгчийн өргөдөл, өргөдлийн бүртгэлээс хасагдсан үйл баримтаас 6 сарын дараа гуравдагч этгээдэд хайгуулын зөвшөөрөл олгосон нь хууль зөрчөөгүй, анх өргөдөл гаргасан гэдэг нь хязгааргүй эрх биш” гэх тайлбарын тухайд:
Уг маргааны хувьд нэхэмжлэгчийн өргөдөл гаргасан талбай дээр Засаг дарга татгалзсан санал өгсөн бөгөөд тухайн саналын үндэслэл /түүхийн болон булш бунхан байрлаж байгаа, орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан гэх/ нь гуравдагч этгээдийн хувьд ч өөрчлөгдөхөөргүй байхад /иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас тусгай хэрэгцээнээс чөлөөлсөн шийдвэр гаргаагүй, тусгай хамгаалалтаас гарах хуульд заасан хугацаа болоогүй/ захиргааны байгууллагаас тусгай зөвшөөрөл олгох шийдвэр гаргасан нь мөн хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д заасан зорилгод нь үл нийцсэн, захиргааны үйл ажиллагаа шударга, тэгш байх зарчмыг зөрчжээ.
Иймээс нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангаж, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүнээс үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.4-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 1032 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн 165 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, Ашигт малтмалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2.2, 18 дугаар зүйлийн 18.1, 19 дүгээр зүйлийн 19.5-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Бакунатур” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн 2016 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн 6/756 дугаар албан бичиг, 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 1187 дугаар шийдвэрийн “Универсалнобле машинери” ХХК-д холбогдох хэсэг, 2016 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн 33 дугаар шийдвэрийн "Их монголын орд" ХХК-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгож, хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хамгийн түрүүнд гаргаж бүртгүүлсэн этгээд нь “Бакунатур” ХХК мөн болохыг тогтоож, NE-025139 дугаарт бүртгэлтэй өргөдлийг дахин хянаж, зохих журмын дагуу шийдвэрлэхийг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг буцаан олгосугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.АТАРЦЭЦЭГ
ШҮҮГЧ П.СОЁЛ-ЭРДЭНЭ