Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 08 сарын 02 өдөр

Дугаар 181/ШШ2018/01672

 

 

 

2018 оны 08 сарын 02 өдөр

Дугаар 181/ШШ2018/01672

Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 4-р хороо, 15-р хороолол, 33-р байр, 27 тоот хаягт оршин суух, Черуш овогт Рамзаны  /рд:МЗ63020461/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 3-р хороо, 13-р байр, 52 тоот хаягт оршин суух, Үмитханы  /рд:БЭ87111317/-д холбогдох,

3,487,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Р., түүний өмгөөлөгч Б.Дамба, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Билгүүн нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие 2016.07.04-ний өдөр Ү.тэй харилцан тохиролцсоны үндсэн дээр түүний ажиллуулж байсан “Мажист фитнесс” төвд сарын 450,000 төгрөгийн цалин авах нөхцлөөр үйлчлэгчээр ажилд орсон юм.

Р. би уг бие бялдаржуулах төвд 2017.06.05-ны өдрийг хүртэл 11 сар үйлчлэгчээр ажиллаж байгаад 06 сарын 05-ны өдөр ажилдаа ирэхэд Ү. нь ажлын байраа орхиод явчихсан байсан.

Ингээд би түүний гэрийг хааяа цэвэрлэж өгдөг байсан болохоор гэрт нь очиж уулзахад тэрээр “Үйл ажиллагааны орлого муу байна. Цалинг чинь одоо өгч чадахгүй. Орлого сайтай өөр газар байр түрээслэн ажиллуулахдаа өгнө. Өөрийг тань тэнд ажиллуулж цалинг чинь өгнө. Гэхдээ дараа ирэхэд чинь 1,000,000 төгрөг өгье. Үлдэх цалинг чинь шинээр байр түрээслэн ажиллуулахдаа өгнө. Гэхдээ хөдөлмөрийн гэрээ бичгээр байгуулна” гэсэн.

Түүнийг ингэж хэлснээс хойш хэд хоногийн дараа 1,000,000 төгрөгөө авахаар гэрт нь очиход Ү. нь уг байрнаасаа нүүгээд явчихсан байсан.

Ү. нь цалин хөлсний үлдэгдэл мөнгийг өгнө гэдэг боловч сүүлдээ надад олдохгүй байсан тул эрэн сурвалжлуулж, түүний оршин суугаа хаягийг олж тогтоолгосон.

Ажиллаж байх хугацаандаа Ү.ээс нийт 2,273,000 төгрөгийг авсан.

Иймд Р. би “Мажист фитнесс” төвд үйлчлэгчээр ажилласан 11 сарын хугацааны цалин хөлсний үлдэгдэл 2,677,000 төгрөг, сул зогсолтын мөнгө 810,000 төгрөг, нийт 3,487,000 төгрөгийг хариуцагч Ү.Төлөпбергэнээс гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна гэжээ.

 

Хариуцагч нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Миний бие нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна.

Р. гэдэг хүн манай “Мажести” фитнесс төвд 2016.07.04-ний өдөр үйлчлэгчээр ажилд орсон. Цалин хөлс дээр сарын 350,000 төгрөг, үйлчлүүлэгч бага үед сарын 300,000 төгрөг байхаар тохиролцож бичиг үйлдэж гарын үсэг зурсан. Р.ы гарын үсэг зурсан баримт нь миний хар дэвтэрт бичигдсэн байгаа. Тэгэхээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдсан сарын 450,000 төгрөгийн цалин өгнө гэж тохиролцсон гэдэг нь худлаа юм.

Р. нь нэхэмжлэлдээ 11 сарын цалин хөлс өгөөгүй гэдэг боловч яг үнэндээ тухай бүр надаас цалин хөлсөө авсаар байсан гэдэг нь миний хар дэвтэрт өөрийнх нь гарын үсэгтэй байгаа. Харин Р. гэдэг хүн ажлаа хааяа тасалдаг, манайхаар үйлчлүүлж буй хүмүүстэй харилцааны соёлгүй харьцдаг мөн хэд хэдэн үйлчлүүлэгчийг хөөж байсан. Үүнээс болж үйлчлүүлэгч багассан асуудал ч байгаа.

Ү. миний бие нэхэмжлэгч Р.д нэг сарын цалин хөлсний үлдэгдэл өгөх асуудал бол байгаа.

Нэхэмжлэгч Р. нь мөн шүүхэд гаргаж өгсөн нотлох баримт хуурамчаар үйлдсэн болох нь тогтоогдсон. Р. өмнө нь манай фитнессийг өмнө нь ажиллуулж байсан М.Жанибекд “та намайг өмнө үйлчлэгчээр 450,000 төгрөгийг цалинтай ажиллуулж байсан” гэдэг талаар тодорхойлолт гаргаж өгөөч гэж гуйсан байдаг. М.Жанибек нь “би Монгол бичиг үсэг мэдэхгүй би бичээд ир би гарын үсэг зураад өгье” гэж хэлсэн. Гэтэл Р. нь утга санааг өөрчлөн Ү. намайг Р.ыг цаашид 450,000 төгрөгөөр ажиллуулах болсон утгатай тодорхойлолт бичиж М.Жанибекийг Монгол бичиг үсэг мэдэхгүйгээр нь далимдуулж гарын үсэг зуруулсан байсан.

Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Р. нь хариуцагч Ү.д холбогдуулан фитнессс салонд ажилласны ажлын хөлсний үлдэгдэл төлбөр 2,677,000 төгрөг, сул зогсолтын мөнгө 810,000 төгрөг, нийт 3,487,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан.

Хариуцагч Ү. нь нэхэмжлэлийн шаардлагаас 350,000 төгрөгийг зөвшөөрч, үлдэх 3,137,000 төгрөгийг эс зөвшөөрсөн агуулгатай тайлбарыг шүүхэд өгдөг.

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

Ү.ий ажиллуулдаг байсан “Мажести” фитнесс төвд Р. нь 11 сарын хугацаанд үйлчлэгчээр ажиллаж байсан үйл баримт зохигч талуудын тайлбараар тогтоогдож байна.

Талуудын хооронд үүссэн харилцаа нь Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д заасан Хөлсөөр ажиллах гэрээний харилцаанд хамаарч байна.

Иймд ажиллагч Р. нь ажилласан хугацааны хөлсийг ажиллуулагч Ү.ээс нэхэмжлэх эрхтэй.

Нэхэмжлэгч Р. нь нэг сарын 450,000 төгрөгийн хөлстэй байсан, ажилласан хугацаанд нийт 2,273,000 төгрөг авсан гэж, хариуцагч Ү. нь нэг сарын 300,000 - 350,000 төгрөгийн хөлстэй байсан, нэг сарын хөлснөөс бусдыг нь өгсөн, энэ талаар хар дэвтэртээ бичиж тэмдэглэсэн хэмээн тус тус харилцан адилгүй тайлбарладаг.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар зохигч талууд өөрийн шаардлага болон татгалзлын үндэслэлийг өөрөө нотлох, түүнтэй холбоотой баримтыг өөрөө цуглуулах, шүүхэд гаргаж өгөх үүргийг хүлээдэг.

Хариуцагч Ү. нь өөрийн татгалзлын үндэслэлийг нотлох баримт өөрт нь байгаа гэж тайлбарласан боловч үүнийгээ шүүхэд гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй, нэг сарын 450,000 төгрөгийн хөлстэй байсан, үүнээс 2,273,000 төгрөгийг авсан гэсэн Р.ы тайлбарыг баримтаар няцааж чадаагүй болно.

Нэхэмжлэгч О. нь өөрийн шаардлагын үндэслэлийг нотлох зорилгоор М.Жанибек, Б.Майцэцэг нарын хийсэн гэх “Тодорхойлолт”-ыг шүүхэд гаргаж өгсөн боловч шүүх эдгээр баримтыг шийдвэрийнхээ үндэслэл болгоогүйг дурдах нь зүйтэй.

Учир нь эдгээр нотлох баримт нь М.Жанибек, Б.Майцэцэг нар өөрсдийн гаргасан гэх “тодорхойлолт”-оо дэмжсэн гэрчийн мэдүүлгийг шүүхэд өгсөн тохиолдолд нотлох баримтын хэмжээнд үнэлэх боломжтой юм.

Хариуцагч Ү. нь шүүхэд бичгээр хариу тайлбар гаргасан боловч түүнд гарын үсгээ зураагүй байдаг.

Нэхэмжлэлийн хувийг гардуулан өгч, хариу тайлбар гаргаж өгөх тогтоосон хугацааны дотор ирүүлсэн, мөн хэргийн үйл баримтын талаар дурдсан байх тул Ү.ийг тайлбар гаргасан боловч гарын үсгээ зурахаа мартсан байна гэж шүүх үзэв.

Иймд нэг сарын ажлын хөлс 450,000 х 11 сар = 4,950,000 төгрөг – Р.ы авсан гэх 2,273,000 төгрөг = 2,677,000 төгрөгийг хариуцагч Ү.Төлөпбергэнээс гаргуулан нэхэмжлэгч Р.д олгох нь зүйтэй.

Хөлсөөр ажиллах гэрээний хувьд сул зогсолтын цалин хөлс тооцогдохгүй учир 810,000 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

Хариуцагч Ү. нь шүүх хуралдааны товыг мэдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй учир Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх үндэслэлтэй.

Хариуцагч Ү. хэргийн материалтай танилцсан 2018 оны 06 сарын 14-ний өдрөөс хойшхи хугацаанд зохигч талуудаас шинээр нотлох баримт шүүхэд гаргаж өгөөгүй болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус үндэслэн

ТОГТООХ нь:

 

  1. Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д зааснаар хариуцагч Ү.ээс 2,677,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Р.д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 810,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

  1. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,750 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Ү.Төлөпбергэнээс улсын тэмдэгтийн хураамжид 57,782 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Р.д буцаан олгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5-д зааснаар хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан журмын дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад зөвшөөрсүгэй.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурьдсугай.