Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 09 сарын 21 өдөр

Дугаар 2043

 

 

 

 

 

 

 

 

 

 

Р.О-ы нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ц.Ичинхорлоо, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 181/ШШ2018/01672 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Р.О-ы нэхэмжлэлтэй,

Хариуцагч Ү.Т-д холбогдох

 

3 487 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

 

Хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2018 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Р.О-,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Д,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Золзаяа нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдөр Ү.Т-тэй харилцан тохиролцсоны үндсэн дээр түүний ажиллуулж байсан “Мажист фитнесс” төвд сарын 450 000 төгрөгийн цалин авах нөхцөлөөр үйлчлэгчээр ажилд орсон. Би уг бялдаржуулах төвд 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл 11 сар үйлчлэгчээр ажиллаж байгаад 06 дугаар сарын 05-ны өдөр ажидаа ирэхэд Ү.Т- нь ажлын байраа орхиод явчихсан байсан.

Ингээд би гэрт нь очиж уулзахад тэрээр “Үйл ажиллагааны орлого муу байна. Цалинг чинь одоо өгч чадахгүй. Орлого сайтай өөр газар байр түрээслэн ажиллуулахдаа өгнө. Гэхдээ дараа ирэхэд чинь 1 000 000 төгрөг өгье. Үлдэх цалинг чинь шинээр байр түрээслэн ажиллуулахдаа өгнө. Гэхдээ хөдөлмөрийн гэрээ бичгээр байгуулна” гэж хэлснээс хойш хэд хоногийн дараа 1 000 000 төгрөгөө авахаар гэрт нь очиход Ү.Т- нь уг байрнаасаа нүүгээд явчихсан байсан.

Ү.Т- нь цалин хөлсний үлдэгдэл мөнгийг өгнө гэдэг боловч сүүлдээ надад олдохгүй байсан тул эрэн сурвалжлуулж, түүний оршин суугаа хаягийг олж тогтоолгосон. Ажиллаж байх хугацаандаа Ү.Т-ээс нийт 2 273 000 төгрөгийг авсан. Иймд “Мажист Фитнесс” төвд үйлчлэгчээр ажилласан 11 сарын цалин хөлсний үлдэгдэл 2 677 000 төгрөг, сул зогсолтын мөнгө 810 000 төгрөг, нийт 3 487 000 төгрөгийг хариуцагч Ү.Төлөнбергенээс гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр бүхэлд нь зөвшөөрөхгүй. Р.О- нь манай “Мажестик” фитнесс төвд 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдөр үйлчлэгчээр ажилд орсон. Цалин сарын 350 000 төгрөг, үйлчлүүлэгч бага үед сарын 300 000 төгрөг байхаар тохиролцож, бичиг үйлдэж гарын үсэг зурсан. Р.О-ы гарын үсэг зурсан баримт нь миний хар дэвтэрт бичигдсэн байгаа. Тэгэхээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдсан сарын 450 000 төгрөгийн цалин өгнө гэж тохиролцсон гэдэг нь худлаа. Р.О- нь нэхэмжлэлдээ 11 сарын цалин хөлс өгөөгүй гэдэг боловч тухай бүр надаас цалин хөлсөө авсаар байсан гэдэг нь миний хар дэвтэрт өөрийнх нь гарын үсэгтэй байгаа. Харин Р.О- гэдэг хүн ажлаа хааяа тасалдаг, манайхаар үйлчлүүлж буй хүмүүстэй харилцааны соёлгүй харьцдаг, мөн хэд хэдэн үйлчлүүлэгчийг хөөж байсан. Үүнээс болж үйлчлүүлэгч багассан асуудал ч байгаа. Нэхэмжлэгч Р.О-д нэг сарын цалин хөлсний үлдэгдэл өгөх асуудал бол байгаа.

Нэхэмжлэгч Р.О- нь мөн шүүхэд гаргаж өгсөн нотлох баримт хуурамчаар үйлдсэн болох нь тогтоогдсон. Р.О- өмнө нь манай фитнессийг ажиллуулж байсан М.Жанибекд “та намайг өмнө үйлчлэгчээр 450 000 төгрөгийн цалинтай ажиллуулж байсан.” гэдэг талаар тодорхойлолт гаргаж өгөөч гэж гуйсан байдаг. М.Жанибек нь “Би Монгол бичиг үсэг мэдэхгүй. Чи бичээд ир. Би гарын үсэг зураад өгье” гэж хэлсэн. Гэтэл Р.О- утга санааг өөрчлөн Ү.Т- намайг Р.О-ыг цаашид 450 000 төгрөгөөр ажиллуулах болсон тухай тодорхойлолт бичиж, М.Жанибекийг монгол бичиг үсэг мэдэхгүйгээр нь далимдуулж гарын үсэг зуруулсанг. Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д зааснаар хариуцагч Ү.Т-ээс 2 677 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Р.О-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 810 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 750 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Ү.Т-ээс улсын тэмдэгтийн хураамжид 57 782 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Р.О-д буцаан олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5-д зааснаар хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан журмын дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулахыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад зөвшөөрч шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн өмгөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Ү.Т- 2018 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 15 цаг 30 минутанд Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн шүүх хуралд эрүүл мэндийн байдлаас болоод оролцох боломжгүй болсон тул өмгөөлөгч миний бие уг хүсэлтийг хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ болон холбогдох баримтын хамт шүүгчийн туслах Н.Азжаргалд өгөхөөр 2018 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 15 цаг 28 минутад түүний өрөөнд ортол өрөөндөө байгаагүй бөгөөд ирэхийг нь хүлээсэн боловч 4-5 минутын дараа ирсэн. Энэ хооронд шүүх хурал аль танхимд болох талаар хайсан боловч олдоогүй бөгөөд Ү.Т-тэй утсаар холбогдож “шүүгчийн туслах Н.Азжаргал чам руу яриагүй юу, аль танхимд шүүх хурал болох талаар” гэхэд “над руу яриагүй, би залгаад утсаа авахгүй байна” гэсэн. Туслах Н.Азжаргал өрөөндөө орж ирэхэд нь шүүх хурал хойшлуулах хүсэлтээ өгмөөр байна. Та яагаад Ү.Т-д шүүх хурал аль танхимд болох талаар хэлсэнгүй вэ гэж асуусан ч хариу хэлээгүй. Шүүх хурал аль танхимд болж байгаа талаар асуугаад шүүх хурал болж байсан 101 танхимд очиход шүүх хурал эхэлсэн тул оролцуулах боломжгүй гэсэн. Тухайн үед цаг 15 цаг 34 минут болж байсан. Өмгөөлөгч миний бие шүүх хуралд амжиж ирсэн тул уг үйл явдлыг тогтоох зорилгоор тус шүүхийн Тамгын газрын камерын бичлэг шүүлгүүлэх хүсэлт гаргасны дагуу дүрс бичлэгийг шүүж үзэхэд 15 цаг 28 минутад шүүхийн танхимд орж ирж буй дүрс бичлэг байсан. Би тухайн үед шүүх хурал болохоос өмнө амжиж ирсэн байтал шүүхийн зохион байгуулалтын алдаанаас болж шүүх хуралд оролцуулах боломжоор хангаж өгөөгүй, мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн тул 2018 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн дугаар 181/ШШ2018/01672 шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч Р.О- хариуцагч Ү.Т-д холбогдуулан ажлын хөлсний үлдэгдэл 2 677 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. Хариуцагч нь нэхэмжлэгчийг “Мажести” фитнесс төвд 2016 оны 07 дугаар сарын 07 дугаар сарын 04-ний өдрөөс үйлчлэгчээр ажиллуулж байсан үйл баримтын талаар маргаагүй бөгөөд харин цалин хөлсний хэмжээ дээр маргаж байна.

 

Нэхэмжлэгч нь сарын цалин 450 000 төгрөг гэснийг хариуцагч эс зөвшөөрч 350 000 төгрөг, үйлчлүүлэгч бага үед 300 000 төгрөг байхаар тохиролцсон гэж тус тус тайлбарлажээ. Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар цалингийн хэмжээг хөдөлмөрийн гэрээнд зааснаар тогтоодог бөгөөд талуудын хооронд хөдөлмөрийн гэрээ бичгээр байгуулагдаагүй байна.

 

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа нотлохоор М.Жанибекийн “нэхэмжлэгчийг сарын цалин 450 000 төгрөгөөр ажиллуулж байсан” гэх тодорхойлолт өгснийг анхан шатны шүүх нотлох баримтын хэмжээнд үнэлэх боломжтой гэж дүгнэсэн нь үндэслэлгүй болжээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсэгт “хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий байдлыг мэдэж байгаа хэн ч гэрч байж болно.” гэж заажээ. Өөрөөр хэлбэл, дээрх тодорхойлолтыг бичсэн этгээд нь талуудын маргаж буй үйл баримт, түүний цаг хугацааны талаар мэдэж буй эсэх нь ач холбогдолтой бөгөөд нотлох баримтыг шүүхэд бүрдүүлүүлэх хүсэлтэй байгаа эсэхэд шүүх анхаараагүй байна.

 

Мөн хэргийн 22-23 дугаар талд авагдсан хариуцагчийн хариу тайлбар гэх бичгийн баримт авагдсан боловч уг тайлбарт гарын үсэг зурагдаагүй байх тул хариуцагч Ү.Т-ийг тайлбар гаргасан гэж үзэх боломжгүй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь зааснаар үнэлэх боломжгүй буюу эргэлзээтэй байна.

 

Давж заалдах шатны шүүх дээрх нөхцөл байдлыг нөхөн гүйцэтгэж, хэрэгт авагдсан баримтын хүрээнд маргааны үйл баримтын талаар эрх зүйн дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэх боломжгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.7-д зааснаар шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 181/ШШ2018/01672 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 57 872 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                                                       

                                 ШҮҮГЧИД                             Ц.ИЧИНХОРЛОО

 

                                                                           

                                                                              С.ЭНХТӨР